Thursday, 23 May 2013

Ч.Содномцэрэн: Гадаадын 500 ажиглагч ажиллана

Сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулах, нээлттэй, ил тод болгоход ажиглагчийн үүрэг улам нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж  ажиглагчийн эрх үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн орчны талаар ярилцав.

- Зөвхөн нэг байгууллагаас  300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гадаадын ажиглагчид  богино болон урт хугацаагаар ирж байгаа мөн гадаадын ажиглагчид Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдааны явцыг анх удаа ажиглав гэсэн сонин, содон мэдээлэл  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Гадаадын ажиглагчид олноор ирэх болсныг юу гэж тайлбарлах вэ?
- Монгол Улсад сонгуулийн ардчилал бодитой хэрэгжиж буйг түүний дотор  гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах болон иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг  хүндэтгэж түүнийг хангах талаар авч буй арга хэмжээ,  сонгуулийн эрх зүйн орчинг шинэчилж буй байдал, сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлсэн зэрэг  нь гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Манай улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орсон. Энэ байгууллагын эрх үүрэгт гишүүн улсуудын сонгуулийг ажиглах, ардчилал, хүний эрхийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх асуудал ордог. Тэд Монгол Улсад анхны удаа сонгууль ажиглаж байна.   Хөндлөнгийн ажиглагчдын  мэргэжлийн үнэлгээ  шударга, чөлөөтэй, ил тод сонгуулийг явуулахад маш чухал.  Үүний зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлтэй сонгуулийн судалгаа-шинжэлгээний ажил түүнээс дутахааргүй ач холбогдолтой гэдгийг энд хэлэх нь зүйтэй.

Олон жилийн сонгуулийн туршлагатай  Европын орнуудын улс төрчид, судлаач эрдэмтэд, хэвлэл, мэдээллийн ажилтнуудаас бүрдсэн 24 орны 26 урт хугацааны ажиглагч өнөөдрийн байдлаар ажлаа эхлээд байна. Богино хугацааны 300 хүний бүрэлдэхүүнтэй том баг сонгууль дөхүүлээд ирнэ. Энэ бүгдийг  монголын ардчилал, сонгуулийн үнэлэмж гадаадад өсч байгаатай холбон үзэж байна. Эгнээндээ нийт 57 орныг нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг гишүүнээр элсүүлсэн  нь үүний бас нэг баталгаа гэж ойлгож болно.
    
- Өмнө нь ажиглагчийн үүргийг дутуу үнэлэх тэрбайтугай  тээршээх ч тохиолдол, хандлага гаргадаг байсныг нуугаад яах вэ.  Энэ хандлага өөрчлөгдсөн үү? 
-  Сонгуулийг нээлттэй, ил тод болгох, шударга явуулахад гадаад, дотоодын ажиглагчдын оролцоо, үүрэг  үнэлж баршгүй  их билээ. Түүнийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй. Тийм ч учраас тэдний  эрх, үүргийг хуулиар нарийн тодорхойлж, журмаар үйл ажиллагааг нь зохицуулж өгсөн. Ажиглагч гэж хэнийг хэлэх вэ, ажиглагчийг хэн томилон ажиллуулах эрхтэй, ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ хаана гаргах гэх мэт олон асуудлыг хуульчилж өгсөн байгаа.

- Гадаадын ажиглагчид олноороо ирээд ажиглаад явдаг юм байна. Танай хороонд сонгууль ажигласан тухай тайлан мэдээгээ өгдөг үү. 
- Гадаадын ажиглагчид сонгууль ажигласан тайлангаа СЕХ-д ирүүлдэг. Ер нь гадаадын ажиглагчид сонгууль ажигласан тухай материалаа боловсруулж тайлан бичихэд нилээд хугацаа зарцуулж хариуцлагатай ханддаг юм билээ. Ажиглалтын тайландаа дүгнэлт, сургамж, зөвлөмж бичиж ирүүлдэг. Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, дараагийн сонгуулийг зохион байгуулахад хэрэг болохоор сургамж, зөвлөмжийг тайландаа тусгасан байдаг. Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалтын талаар ч дүгнэлт хийсэн байдаг.

-   Өмнөх сонгуулиудын талаар юу гэж дүгнэсэн байна вэ?
-   НҮБ-ын бие даасан зөвлөх Пол Гуэрины тайланд 2012 оны сонгуулиуд нь шинэ хуулийн орчин, автоматжуулалт гээд сонгуулийн байгууллагын чадавхийг сорьсон сонгууль болж өнгөрсөн. Эдгээр сорилт болон хугацаа бага байсан ч СЕХ сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан гэж дүгнэсэн байдаг.

-   Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хичнээн ажиглагч ажиглах бол?

-  Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг оролцуулаад нийт 500 орчим гадаадын ажиглагч ажиллах байх гэсэн төсөөлөлтэй байна.  Ажиглагчдын  туслах, орчуулагчид оролцоод энэ тоо бараг 2  дахин нэмэгдэх байх. 1900 гаруй санал авах байранд ажиллах дотоодын ажиглагчдыг оролцуулбал нилээд их тоо гарна.
    
- Ажиглагч гэж хэнийг хэлэх вэ. Ажиглагчаар ажиллах хүнд  ямар нэг шалгуур тавьдаг уу?
- Арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн ажиглагчаар ажиллах эрхтэй. Ажиглагчийг томилон ажиллуулах эрх нь намын сонгууль эрхэлсэн байгууллага,  мөн төрийн бус байгууллагад бий. Нэр дэвшигч өөрөө, мөн төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглосон байгаа.
    
- Ажиглагч юуг ажиглах эрхтэй вэ?
- Ажиглагчид  иргэн хүн сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдэлж чадаж байгаа, сонгуулийн хороодын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж  байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавих эрх, үүрэгтэй. Тэд санал авах, тоолох ажлыг ажиглахаас гадна сонгогчдын  нэрийн жагсаалттай, саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарь, явцтай танилцах эрхтэй.

Түүнээс  гадна санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах эрхийг эдэлнэ.

- Ажиглагчийн тоонд хязгаарлалт бий юу. Өмнө  нь хэсгийн хорооны  байр багтаамж муутай зэргээс шалтгаалан ажиглагчийн хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлээгүй гэсэн шүүмжлэл гардаг байсан.
- Тооны хувьд хязгаарлалт бий. Намын сонгууль эрхэлсэн байгууллагаас нэг хэсэгт дөрөв хүртэл, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг ажиглагч томилох эрх бүхий этгээд томилж ажиллуулж болно.
    
-Зөрчил илэрсэн тохиолдолд  ажиглагч хэнд хандах вэ?    
- Санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх эрхтэй. Түүнээс гадна зөрчлийн талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулах, гэрчээр гарын үсэг зуруулах, дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах  бүрэн эрхтэй. Сонгуулийн үйл явцыг төдийгүй сонгуулийн хорооны хуралдааныг ажиглах, хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах эрх нь нээлттэй.

Түүнчлэн хуульд зааснаар саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг дотоодын ажиглагчид цахим хэлбэрээр хуулбарлан авах  эрхийг нь хуульчилж өгсөн байгаа. Эцэст нь хэлэхэд, ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх эрх бий

- Ажиглагчид юуг хориглосон байдаг вэ?
-  Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэргээр хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцохыг хориглосон байгаа. Мөн нэр дэвшигчийн шадар туслагч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглсоныг анхаарах нь зүйтэй.
    
- Харин ажиглагчийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан тохиолдолд яах вэ?
- Хуульд заасан хугацаанд хэсгийн хороонд ажиглагч бүртгүүлэх, ажиглагчийг үнэмлэх авахад болон эрхээ эдлэхэд нь хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглосон хуулийн заалттай. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулна.

- Төрийн бус байгууллага нь сонгууль ажиглахаас өөр  эрхтэй юу?
Өөр эрх эдэлнэ. Сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад ажиглалт хийхээс гадна хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, сонгогчид эрхээ эдлэхэд нь аргачилсан туслалцаа үзүүлэх зэргээр сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй.

Ер нь намын сонгууль эрхэлсэн байгууллага, төрийн бус байгууллага төдийгүй манай хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан  сонгуулийг ажиглах эрхтэй гэдгийг энд цохон хэлмээр байна.
А.АМАР

No comments:

Post a Comment