-Оюутнуудынхаа бүрэлдэхүүнээр эртний сонгодог дуурь тайзнаа тавьж үзэгчдэд хүргэсэн танд талархлаа илэрхийлье. Шинэ бүтээлийнхээ талаар манай уншигчидтай бодлоо хуваалцана уу?
-Энэ жил манай сургуулийн тайлан их өвөрмөц боллоо. Өмнө нь бид янз бүрийн мэргэжлийн чиглэлээрээ түүвэрлээд нэгдсэн тоглолт, сонгодог үндэсний гээд хоёр гурван тоглолтоор тайлангаа хийж ирсэн. Ер нь манай сургууль нэг талаараа боловсролын байгууллага боловч нөгөөтэйгүүр дандаа уран бүтээлчид байдаг. Тийм учраас бид энэ жил тайлангаа нэг шат ахисан түвшинд хийлээ. Зөвхөн оюутнуудынхаа хүчээр нэг дуурь, нэг балет тавилаа. Симфони найрал хөгжмийн маань бүрэлдэхүүнд дунд сургуулийн сурагчид ч байна, дээд боловсролын бакалаврын оюутнууд ч байна. Манайх арван жил, коллеж, бакалавр гэсэн гурван шатлалтай сургууль шүү дээ. Зургаан наснаас хорин таван нас хүртэл урлагийн мэргэжилтнүүд бэлтгэж байна. Сурагчаасаа авахуулаад оюутнаа хүртэл ийм хэмжээнд бид дуурь, балетаа хийлээ л дээ. Симфони оркестр, найрал дуучид, гол дүрийн дуучид яг л театрын жүжигчид шиг тэр л хэмжээнд тоглоно. Сонгодог гэдэг бол ерөөсөө чи бага байна, чи хөгшин байна, энийг хөгшин хүнд зориулсан гэж хуваарилдаггүй. Аль л сайн мэргэжлийн уран бүтээлчид л гүйцэтгэх ёстой гэж ойлгодог. Тэр ойлголтоороо энэ жил манай хүүхдүүдийн сургалтын чанар, багш нарын сурган хүмүүжүүлж байгаа арга барилын орчин үетэй холбож өгсөн сургалтын чанар, сургах арга барил дээшилсэн энэ бүх чанараараа бид сая нэг дор шалгалт өглөө гэж бодож байна. Бидний бэлтгэсэн уран бүтээлчдийг хүлээж авдаг урлагийн байгууллагуудын менежэрүүд, удирдлагууд энэ хоёр жүжгийг үзсэн гэж бодож байна. Зарим уран бүтээлчид нь ч явж байхыг би харсан. Дуурийн, бүжгийн төгсгөлд хүмүүс үнэхээр сэтгэл ханамжийн баталгаагаа үзүүлж байна лээ. Тийм болохоор манай хүүхдүүд энэ хоёр бүтээлийг амжилттай бүтээсэн юм байна гэж би бодож байгаа юм. Харин энэ жүжгийг яагаад сонгосон гэдэг нь энэ ярианаас ойлгомжтой гэж бодож байна. Хүүхдүүдийнхээ болон багш нарынхаа чанар чансааг шалгуулахын тул энийг авсан. Энэ ч утгаараа манай сургууль үндэсний хөгжмийн дээд сургууль болох болзлыг хангажээ гэдгээ харьяалсан яам болон хамгийн гол нь мэргэжлийн нөхдөдөө үнэлүүллээ гэж бид үзэж байгаа. Энэ бол бидний зорилго байлаа. Зорилгоо сайн биелүүллээ.
-"Дидона Эней хоёр"-ыг дэлхий даяар голдуу мэргэжлийн сургуулиудын оюутан залуучууд тоглох юм байна лээ. Хоолойд нь тохирсон байдаг юм уу, өөр учир бий юу?
-Ерөөсөө сонгодог хөгжимд боловсорч байгаа оюутнууд заавал эртний ч гэж ярьдаг, сонгодгийн өмнөх ч гэж ярьдаг, бароккийн үеийн дуурь ч гэдэг тэр үеийн бүтээлүүдээр онолынхоо сургалтыг суурилж явах ёстой байдаг. Дэлхийн том том дуулаачийн тэмцээнүүдэд сонгодгийн өмнөх арван зургаа, арван долдугаар зууны бүтээлүүдийг заавал дуулах ёстой байдаг. Тийм учраас бид анх авч байгаа дууриа сонгодгийн өмнөх бүтээл дээр тулгуурлаж, зохиол нь болохоор арванзургадугаар зууны гэхээр голдуу сүмийн үйл явдал дээр сүмийн дууллын хэмжээнд зохиол бичигдсэн байдаг. Үүгээрээ ч манай хоорыг сонсоход тэр сүмийн найрал дуунд их ойрхон, маш сайхан дуурьсалтай найрал дуу байсан. Сэдэв бол яахав, мөнхийн сэдэв. Хайр сэтгэлийн сэдэвтэй дуурь. Болж байгаа үйл явдал нь Англид болж байгаа. Тэр үеийн Карфаген гэж улс байсан байна. Түүний хажуугаар Троян гэж улс байсан байна. Тэгээд Карфагений хатан хаан Дидона Троян улсын дайны том баатар Энейтэй хайр сэтгэлтэй. Ингэж байтал Троян нутгаас бурхны элч ирж энэ хайр дурлалаа орхи, Кахрфаген хотыг орхи гэсэн бурхны тааллаар баатар эр Эней хайртай хүнээ орхиж байгаа. Үүнээс болоод хоёулаа сүйрч байгаа. Баатар нь далайгаар явж байгаад сүйрч байгаа, хатан хаан хайр сэтгэлдээ үнэнчээр сүйрч байгаа ийм эмгэнэлт бэсрэг дуурь юм л даа. Бэсрэгдээ энэ чинь гурван үзэгдэлтэй, долоон бүлэгтэй юм. Энийг манай оркестр гайхалтай тоглолоо, Чинбат багш ч сайн удирдлаа. "Шопениана" балет ч их сайхан болсон. Үнэхээр сайхан байсаан.
-Дидонад оролцсон хүүхдүүд хэдээс хэдэн насныхан бэ. Их гоё сопрано хоолой хоёр гурав байх шиг байсан?
-Найрал дуучид ч, гоцлоочид ч бүгдээрээ нэгээс дөрөвдүгээр курсийнхэн. Гол дүрийн Дидонад Мягмарсүрэнгийн Бямба-Эрдэнэ гэж хоёрдугаар курсийн оюутан дууллаа. Миний шавь л даа. Ер нь хүчтэй сопрано болж магадгүй гэж бодож байгаа юм. Гэхдээ жаахан байна л даа. Дөнгөж хоёрдугаар курс, эхлэл гэхэд харин би ч өөрөө бас тоогоод байгаа юм. Мэргэжлийн бусад улсууд ч гэсэн цаашид аятайхан дуулчихаар хүүхэд байна гэж байгаа юм. Түүн дотор бас ордны нэгдүгээр шадар эмэгтэй гэдэг дүрд бас миний мэргэжлийн шавь дууллаа. Би энд мэргэжлээрээ багшилдаг боловч саяын дуурийг найрууллаа. Өмнө нь Дуурийн театрт зарим нэг дуурь найруулж байсан. Хообийтой гэх юм уу даа.
-Дуурийн театрын урын санд таны "Шидэт ваар", "Чио чио сан" зэрэг дуурь бий шүү дээ. Та найруулгаас тэгсгээд холдчихсон шиг. Энэ рүү нэг их хүч тавьсангүйн шалтгаан юу байсан бэ?
-Би нэлээн сүүл рүүгээ найруулга руу орсон шүү дээ. "Чио чио сан"-ыг найруулж тавихдаа би өөрийнхөө 50 насны босгон дээр "зодог тайлахдаа" зориулж шинэчилж найруулсан юм.
-Одоогийн "Чио чио сан" таны шинэчилсэн тавилтаар явж байгаа юу?
-Тийм. Дээр нь Лувсаншарав гуайн "Хар хорум" дуурийг тавьсан. Ардын хувьсгалын 84 жилийн ойн баярын концертыг найруулж байлаа. Ер нь хэд хэдэн хүний концертыг найруулсан. "Шидэт ваар" гэж хүүхдийн дуурийг би анхлан найруулж тавьсан юм. Тэр их хөөрхөн дуурь.
-Тэр дуурийг ойрын үед сэргээнэ гэж театрынхан ярьж байх шиг байсан. Мэдээж та оролцоно биз дээ?
-Театрын дарга дээр би санал хэлж орсон л доо. Яагаад гэвэл хүүхдүүд их дуртай үздэг, их сайхан хөгжимтэй. Буриадын хөгжмийн зохиолч Ямпиловын зохиол байгаа юм. Тэгээд би ч бас амьд байгаа дээрээ сэргээгээд тавих юм сан гэж Тухайн үедээ хот хөдөөгийн бүх хүүхдүүдийг ер нь хориод жил тэр дууриар хүмүүжүүлсэн дээ. Тэгээд амьд байгаа дээрээ сэргээгээд тавьчих юм сан гэж бодсон. Их сайхан жүжигчид дуулж байсаан, тэгэхэд.
-Сэргээхэд та өөрөө хэрхэн оролцох вэ?
-Яахав, эхлээд би тавьсан болохоор зохиогчийн эрхийн дагуу миний жүжиг л гэж би хэлнэ л дээ. Тийм болохоор би найруулагчийн хэмжээнд л дахин шинэчлэн найруулах саналтай. Тайзыг нь Тэнгисболд гэж зураач хийсэн юм. Одоо бол Ганбаатар зураачтай би яриад л байгаа. Ганбаатар Хятадад зураачаар төгссөн болохоор үлгэрийн сэдэвт ойрхон, их уран сэтгэмжтэй хүүхэд байгаа юм. Тэгээд Ганбаатарт санал тавьсан, одоохондоо саналын хэмжээнд ярилцаад л байгаа. Ажил хэрэг болгоход эдийн засаг хэрэгтэй л дээ.
-Та чухам яагаад тавин настайдаа тайзаа орхисон бэ. Арай эртэдсэн санагдах юм?
-Урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ерөөсөө ид гялалзаж байгаа, сайн байгаа, сайхан байгаа бүтээлчдийг л тайзан дээрээ тогтоож байдаг. За тэгээд жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсарсаар холддог. Тэгвэл миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр надад хүрээгүй юм. Миний багш ардын жүжигчин, зууны манлай эмэгтэй Цогзолмаа гуай намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. "За, жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцдаг юм шүү. Ээ дээ, тайзнаас бууна гэдэг хэцүү шүү" гэж. Тэгж байхад би хүүхэд байсан болохоор юу ч бодохгүй байсан.
Насны эрхээр ингээд яваад ирэхэд миний алтан портнёрууд яваад яваад өглөө. Хавлааш маань гэж ардын жүжигчин байлаа, ардчилал эхлээд тэр маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод явчихлаа. Ингээд ер нь миний портнёрууд цөөрөөд байнаа. Нэг харсан чинь, өө би гэдэг хүн гавьяат жүжигчин Ганхуяг эд нартай дуулж байна аа. Тэгээд бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь надаас бараг хорь дүү хүн биз дээ. Гэтэл нэг тийм хайр сэтгэлийн сэдэвтэй юманд, охин энэ тэрд дуулаад л. Нэгдүгээрт зүгээр моральный бодоход л тэгж бодогдож байгаа юм. Зүгээр өөрийнхөө дотроос бодоход, за би ч энэ үеийн хүн биш юм. Ер нь ч үе үеэрээ байх хэрэгтэй юм байна шүү. Сайхан удирдаач нар маань бурхан болоод өглөө. Чулуун багш маань бурхан боллоо, Жасранжав маань бурхан боллоо. За за, ер нь биш юм байна. Ер нь л больё гэж бодоод. Яг тавин настай байхдаа тайзаа орхисон. Харин би Чулуун багшийгаа амьд сэрүүн дээр багштайгаа Чио Чио сан-аа нэг дуулаад л буусан. "...Одоо би арван тавтай.." гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр " ..Одоо би яг тавьтай" гээд дуулсан чинь үзэгчид нирхийгээд явчихгүй юу. Тэгснээ чимээгүй болцгоочихсон. Тэгсэн дараа нь Чулуун багш "үгүй чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа" гэж билээ. Түүнээс хойш Чио чио сан-д гараагүй. Тэгэхийгээ ч мэдэж би хоёр гурван сайхан Чио чио сан бэлдсэн.
Ардын жүжигчин Жавзандулам байна. Гайхалтай сайхан дуучин. Дараа үеийнхэн дотроосоо мэргэжлийн дуулаачийн хувьд миний хачин их хүндэтгэж хүлээж авдаг хүн бол Жавзандулам байгаа юм. Бас Дорноговьд Нарантуяа гэж жүжигчин бий. Ёстой л нутагтаа үнэнч нэг тийм сайхан сэтгэлтэй дуучин байдаг юм. Дуучны хувьд бол мундаг. Жавзандуламын л хавьд очиж тусах дуучин. Ингээд Нарантуяаг урьж авчраад Чио чио сан-д гаргалаа. Ингээд нэг шинэ үеийг гаргасан. Тэр үед Билигжаргал надад хэлж байсан юм, "Та ер нь тэнэг хүн үү, цэцэн хүн үү? Өөрийнхөө коронный дүрийг хүнд даатгаад, заагаад өгчихдөг" гээд их инээж билээ. Тийм үед би хүлээлгэж өгч байсан юм даа. Тэр маань зөв болж гэж боддог юм. Жавзандулам маань олон жил авч явсан, араас нь Мөнгөнцэцэг гэхчилэн олон залуу хүүхдүүд гарлаа даа. Тэд ч сайхан дуулж байна.
-Сэтгэл дотроо байсан байж болох чамгүй зөрчлөөс үүдэж гаргасан шийдэл байж уу дээ?
-Хувьсгалыг хийхэд тохироо бүрдсэн байх ёстой гэдэг шүү дээ. Түүнтэй адил миний тэр үе бол тохироо бүрдсэн л үе байхгүй юу. Хамт ажиллаж байсан сайхан сайхан улсууд өөр ажилд, өөр улс руу шилжээд явчихсан, зарим нь бурхны оронд явчихсан. Тэгээд л харсан чинь яг нэг үеийнхэн дотроос би үлдчихсэн байсан. Тиймээс дотоод шийдэл юм даа.
-Театраасаа явсны дараахан байх аа, Жавзандулам гуайг дуулж байхад нэг удаа таныг нүдэндээ нулимстай сонсч, дуу алдаж байсан гэдэг. Тэр сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Тийм тийм. Тэр үед чинь би ерөөсөө юм сонсч чаддаггүй байлаа.
-Сэтгэл зүйн хувьд хэцүү л байсан байх?
-Сэтгэл зүйн их бэлтгэлтэй байх ёстой л доо. Би аминдаа их бэлдсэн юм, уг нь. Яг тэр үедээ "Трубадур" дуурьт бэлдэж байсан үе. Ерөөсөө хүнд хэлэлгүй дуурьтаа бэлдээд яваад байсан. Гэхдээ би явна гэдгээ мэдэж л байсан. Хувцасныхаа хэмжээг өмсөж үзчихээд, тэр өдрийн сургуулилтдаа орчихоод, өдөр нэг цагт завсарладгаараа завсарлалаа. Нэг цагт би гэр рүүгээ утасдаад өвгөнийгөө юмаа аваад вокзал дээр хүрээд ир гэж хэлсэн. Гэртээ ч оролгүй тэндээсээ шууд Герман руу яваад өгсөн дөө. Тэгж би театраасаа явсан юм.
-Германд очоод ямархуу байв?
-Эмэгтэй хүнийхээ хувь заяагаар үр ачаа харсан. Тийм газар очсон юм чинь нэг хэсэг сатаараад. Би чинь гурван жил шахуу Германд байж байгаад ирсэн шүү дээ. Зээгээ өсгөлөө. Уран бүтээл гэдэг их сонин шүү. Тэнд байхдаа нэг хүнтэй таардаг юм. Сүмд нь нэг их гоё найрал дуу дуулна. Тэрийг нь сонсох гэж очлоо. Хэдийгээр би шашин шүтлэгтэй биш ч гэсэн найрал дуу нь гоё санагдаад очдог байлаа. Тэгсэн сүмийн органист эмэгтэй надтай танилцаад урьдаг юм байна. Нэг флейт, виоленчель, надтай нийлээд гурвуул ойр хавийн хотуудаар явж сүмд сонгодог юм тоглодог баг байдаг юм. Та бидэнтэй нэгдээч. Монгол хөгжим сонсмоор байна гэлээ. Миний үеийн эмэгтэй юм аа, филармонийн концертмейстр байсан гэнэ. Гурван жилийнхээ сүүлийн хоёр жилд нь тэдэнтэй хамт шенгений орнуудаар явж сүмүүдэд нь дууллаа. Жанцанноровын хэдэн дуу, сонгодог хэдэн дуунууд дууллаа. Сүмийн заал дотор нь дуулахад их сайхан шүү дээ. Цуурайтаад л. Гадаадынхан ч янзын сайхан хүлээж авна. Тэгж хоёр жил тэнд өөрийгөө саатуулж явсан шүү. Нөгөө л хийж байсан ажлаа санаад яваад байсных шүү дээ.
-Ирээд яав?
-Тэндээс эд нарыгаа их саначихсан ирсээн. Ирээд Жавзаагаа сонсоод л уйлаад л байв шүү дээ.
-Та хэдүүлээ вэ?
-Бид нар эхээсээ олуулаа шүү дээ. Наймуулаа байхаас долуулаа үлдсэн. Ээж аав маань намайг ийм олон түшиж тулах сайхан дүү нартай үлдээгээд явсан даа.
-Хүүхдүүд тань хэр олуул болоод байгаа вэ?
-Манайх хоёр хүү нэг охинтой. Түрүүч нь тавь хүрч байна шүү дээ. Ач зээ олоон олон.
-Хүүхдүүдээс тань хүчтэй хоолойг тань өвлөсөн хүн алга уу?
-Байхгүй шүү. Их сонин.
-Нэг хувь зүйл давтагдахгүй байх л даа?
-Миний ижий бол саальчин хүн чинь мэргэжлийн дуучин энэ тэр гэх биш. Зүгээр хөөрхөн дуулчихдаг хүн байсан шүү. За, аав маань бол дуулахгүй ээ.
-Одоо таны залуу шавь нар дотор Жавзандулам шиг ч юм уу хүчтэй хүн хэр олон байна?
-Ер нь тийм хүн олон төрдөггүй шүү дээ. Ганцхан миний шавь байтугай улсад цөөхөн төрдөг юм шүү дээ. Би дуулж байх үеэсээ далан долоон оноос багшилж эхэлсэн. Тиймээс сайхан шавь нар бий. Одоогийн шавь нараас яах вэ, ирээдүй харагдаж байгаа хүүхдүүд бий. Гэхдэ дуурийн дууччин гэдэг бол сургууль төгсөөд л мундаг дуучин гардаггүй болчихдоггүй юм. Наад зах нь театр таван жил ажиллана, тэгж байж танигдана. Багш хүн их голомтгой байдаг юм байна шүү дээ. Тэр дундаа би их голомтой хүн. Заримдаа ч хүүхдүүдийнхээ урмыг хугалаад ч байх шиг байдаг юм. Гэхдээ зүгээр.
Хатуугийн цаана сайн юм үлддэг. Тийм болохоор би шаардлага өндөр тавьдаг. Барагтай бол болж байна гэдэггүй, болох гэж байна л гэдэг. Болох гэж байна гэсэн үнэлгээтэй л миний гар дээр төгсдөг юм.
-Та сонсогчдоо хэрхэн мэдэрдэг вэ?
-Би бол сонсогчдод асар хүндэтгэлтэй байдаг. Чио чио сан дээр гэхэд уйлна дуулна, уулга алдаж ингэж сонсдог юм. Ер нь сонгодог урлагийг сонсоно гэдэг чинь тэр урлагаасаа толгой өндөр хүн байж байж тэрийг мэдрээд сонсоод ойлгоод мэдрээд суудаг юм байна лээ. Толгой өндөр гэдэг маань боловсролтой гэсэн үг шүү дээ.
Н.ПАГМ
Өдрийн сонин
No comments:
Post a Comment