Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай улс орны эдийн засгийн байдал, цаг үеийн сэдвээр ярилцлаа. Монголын толгой банкир эдийн засгийн өнөөдрийн байдалд сэтгэл дундуурхан яваа нь ярианаас нь анзаарагдаж байсан юм. Түүний яриаг хүргэж байна.
-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал ямархуу байдалтай байгаа вэ?
-Ерөнхийдөө гадаад, дотоод хүчин зүйл баярлаад байхааргүй байдалтай л байгаа. Яах вэ өнгөрсөн онд Засгийн газрын бондыг богино хугацаанд их амжилттай босгоод ирсэн юм бол бий. Монгол банк Засгийн газрын бондоос зохих ажлууд хийж л байна л даа. Гэхдээ энэ нь олигтой тус болж чадахгүй байна. Зургаахан сар үргэлжилдэг дулааны улирал бараг талдаа орчихлоо. Гэтэл Улаанбаатар даяар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж эхлээгүй л байна. Ерөнхийдөө эдийн засаг, санхүүгийн байдал тааруухан байгааг шулуухан хэлчихье.
-Эдийн засаг тогтвортой байх, өсөлттэй байхад дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийн жин чухал нөлөөтэй гэх юм билээ. Дундаж орлоготой иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого, чиглэл баримтлах ёстой юм бэ дээ?
-Хуримтлалтай болохоосоо өмнө орлогыг нь хадгалах нь амин чухал асуудал юм. Энэ жилийн тухайд ажлын байрыг санасан хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй байна. Жишээ нь өнөөдөр Улаанбаатарын бүх кран эргэлдэн ажиллаж, баригдаж байгаа бүх л барилга дээр хүмүүс язганан ажиллаж байх учиртай шүү дээ. Бүх зам дээр хүмүүс ажиллаж байх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт бүх салбарт хүрч, өдийд бүх ажил жигдэрчихсэн байх ёстой юм. Энэ талд эрх баригчдын шийдвэр үнэхээр хожигдож байна. Улс орон даяар бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлчихсэн байх учиртай. Бүх уул уурхайн төслүүд ажиллаж байх ёстой. Тэгтэл хөрөнгө оруулалтын орчин маань тодорхойгүй, таагүй болчихсоныг дэлхий даяар мэдэрч, харилцан ярилцаад биднээс нүүр бууруулаад эхэллээ л дээ.
Энэ бол бидэнд тун тусгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид бүгд хүлээлтийн байдалд орчихлоо. Тэгэхээр дундаж орлоготой иргэдийнхээ орлогыг давын өмнө хадгалах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Дараа нь бага багаар нэмэгдүүлэх замаар хуримтлал үүсгэх ёстой юм.
-Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалтын орчноо таатай болгож чадаагүй гэдэг алдаагаа мэдрээд байгаа хэрнээ түүнийг засч залруулахын тулд дорвитойхон ажил хийхгүй яагаад хүлээзнээд байгаа юм бол?
-Хийхийн хувьд огтхон ч зүгээр суугаагүй, их ажил хийж байгаа. Хамгийн түрүүнд хууль эрхзүйн орчноо яаралтай өөрчлөх шаардлага тулгараад байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн орчин сүүлийн хэдэн жилийн турш хүндрэл бэрхшээлээ хуримтлуулсаар өнөөдөртэй золгосон.
Өнөөдөр уул уурхайн салбараас Монгол Улс гол орлогоо бүрдүүлж байгаа. Хамгийн наад захын жишээ хэлэхэд бид таван жилийн өмнө Ураны салбарт ямар хууль гаргасан билээ. Зөвхөн энэ салбарт ажиллаж байсан гадна, дотны 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоогоод хүлээлтийн байдалтай өнөөдөртэй золгоод байгаа.
Тэдгээр компанид ажиллаж байсан хэдэн мянган хүн ажилгүй болов. Хамтран ажиллаж, нийлүүлэлт хийж байсан дотоодын хэдэн компанийн үйл ажиллагаа доголдсон гээд бодохоор маш гунигтай дүр зураг ажиглагдаж байгаа юм. Урт нэртэй хуульд нарийн цэгцтэй, тодорхой журам батлаагүйгээс болоод маш олон компанийн үйл ажиллагааг зогсоочихоод байна. Манай улстөрчид ерөөсөө л бүх компанийг шатаая гэсэн харалган, амьдрал дээр хэрэгжих боломжгүй хууль батлан гаргаад байгаагаас өнөөдрийн эдийн засгийн тодорхойгүй байдал үүсчихээд байна. Үнэндээ маш олон компанид төр засгаас нөхөн олговор олгох ёстой юм.
Харин шинэчлэлийн Засгийн газраас шинэ хөрөнгө оруулалтын хуулийн төсөл хийгдээд дуусч байгаа. Хэрвээ энэ төсөл УИХ-аар хэлэлцэгдээд батлагдвал маш сайн хууль болно. Хууль эрхзүйн орчноо яаралтай өөрчилж чадвал ойрын 10 жилд иргэдийн маань сарын дундаж орлого 5000-6000 ам. доллар болох бүрэн боломжтой.
-Оюу толгой, Таван толгойн сайхан мөрөөдөл өнөөдөр ямархуу байдалтай байгаа вэ. Хүмүүсийн итгэл ихээхэн алдарсан шинжтэй байгаа юм л даа?
-Оюу толгой, Таван толгой бол яах аргагүй дэлхийн хэмжээний том төсөл л дөө. Коксжих нүүрс, зэс, алтны хувьд дэлхий дээрх хамгийн том төсөл шүү дээ. Гэтэл тэнд хөрөнгө оруулсан, ирээдүйд оруулах гадны хөрөнгө оруулагчидтай бидний зүгээс маш ухаалаг харилцах шаардлагатай байгаа юм.
Оюу толгой, Таван толгойн төсөл дээр бид хэрхэн хандаж, ямар авир гаргаж байгааг өнөөдөр дэлхий маш анхааралтай харж байгаа. Бид ганцхан Фрийдландтай харьцаагүй шүү дээ. Рио Тинтотой өнөөдрийнхөөрөө харьцаад байх юм бол “Аа энэ монголчууд чинь ийм том компанитай ингэж харьцаж байгаа юм чинь манийг бол дор нь нухчих юм байна” гэж л хүлээж авна шүү дээ. Би сая Лондон, Берлин, Гонгконгод болсон олон улсын хөрөнгө оруулалтын уулзалт, ярилцлагуудад оролцоод ирлээ л дээ.
Тэнд бүгдээрээ надаас асууж байна. “Яагаад танай зохицуулалт хууль дүрмээрээ явахгүй байна вэ. Гарын үсэг зурагдсан гэрээнүүд яагаад хүчингүй болох гээд байгаа юм бэ” гэж уулзсан бүх хүн асууж байна. Ингэхээр хамгийн эхлээд бид дотооддоо учраа олох шаардлагатай.
-Та тэр асуусан хүмүүст ямар тайлбар хийж явав?
-Манай хууль эрхзүйн орчин байнга өөрчлөгдөж байгаа нь үнэн. Тийм ч учраас бид үүнийгээ тогтворжуулахаар ажиллаж байгаа гэж л тайлбар хийж явсан. Хууль эрхзүйн орчин өөрчлөгдөж байдаг нь ганцхан монголын ч жишиг биш л дээ. Дэлхийн маш олон орон үүнээс болж хөгжлийн шатнаасаа ухарсан, тэр ч битгий хэл таг зогссон нь ч бий. Тэгэхээр бид өөр дээрээ туршилт хийх биш, хүний алдаан дээр суралцах ёстой юм. Ядахдаа зөв алхам хийдэггүй юм гэхэд чиглэл, хандлага нь зөв байх хэрэгтэй шүү дээ.
-Та Засгийн газрын бондыг нэлээн сайшааж байна. Харин монголчууд 10 жилийн дараах их өр гэдгээр нь харж байгаа. Энэ талаар таны бодол ямархуу байна?
-“Чингис бонд”-ын хувьд Монгол Улсын Засгийн газар дэлхийн зах зээл дээр анх удаа их амжилттай тоглолт хийсэн гэж үзэж байгаа. Ер нь Монгол Улс ямархуу үнэ цэнтэй, ямар байдлаар мөнгө босгож болохыг дэлхий нийтэд харууллаа шүү дээ. Тав, 10 жилд дунджаар 4.6 хувийн хүүг монголоос анх удаагаа тогтоосон нь том амжилт мөн. Одоо манай компани, банкууд дэлхийн зах зээл дээр гаръя гэхэд хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрыг экран дээр гаргаж хараад л “Аа Монголын Засгийн газрын өртөг 4.6 хувь байдаг юм байна. Тэгвэл банктай нь 5.6-6 хувиар ярьж болох юм байна” гээд л үнэлгээ тогтоочихно шүү дээ. Энэ бол маш чухал.
Харин энэ тогтоосон жишгээ хамгаалах нь маш чухал юм. Болж өгвөл бид 4.6 хувиа улам хямдруулах учиртай. Тэгж байж Монголын эдийн засаг, санхүүд гадны хөрөнгө оруулалт итгэл, найдвартай цутган орж ирэх хөшүүрэг болох ёстой. Бид энэ чиглэлд л бүх хүч чадлаа дайчлах хэрэгтэй.
-Орон сууцны эрэлт маш их байгаа. Харин нийлүүлэлт нь тун ч хангалтгүй байна. Эдийн засгийн хөгжлийн яам энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид өнөөдөр орчин үеийн эдийн засаг, санхүүгийн зарчмаар амьдарч байгаагаа байнга санаж явах ёстой. Ямар үед манай иргэд орон сууц ихээр авч чадах вэ гэвэл бүгдээрээ ажилтай, тогтмол орлоготой үед л орон сууцны борлуулалт хүссэн хэмжээнд байх юм. Өнгөрсөн жилүүдэд борлуулалт гайгүй сайн байсан. Нийлүүлэлт муу байснаас үнэ өссөн тал бий. Энэ жилийн тухайд арилжааны банкуудын шаардлага өндөрсөж байгаа нь ажиглагдаж байна.
Тэгэхээр хамгийн гол нь манай иргэд тогтмол ажилтай, орлоготой болох нь л хамгийн чухал байна. Ер нь тэгээд аль ч салбар, хувь иргэд зах зээлийнхээ журмын дагуу л амьдарна шүү дээ. Түүнээс бүхнийг төр засаг шийднэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
Өглөөний сонин
No comments:
Post a Comment