Monday, 20 May 2013

Х.Тэмүүжин: Бүсийн хэмжээнд хууль сахиулагч бэлтгэх амбиц бидэнд бий

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн баасан гаригт эхэлсэн "Хуулийн засаглал ба шударга ёс" үндэсний чуулганы үеэр хуулийн салбарын шинэчлэлийн талаар илтгэл тавьсан. Мөн тэрбээр баасан гаригт twitter хэрэглэгчидтэй уулзах үеэр салбарынхаа шинэчлэлипн талаар тайлбарласан юм. Хууль зүйн сайд хуулийн салбарын шинэтгэлийн талаар ингэж ярилаа.
temuujin 
-Илтгэлээ "Эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгаа..." гэж нэрлэсний учир юу вэ. Хуулийн салбарын шинэтгэлийн талаарх хоёр дахь том өөрчлөлт хийгдэж байна гэж ойлгож болох уу?
-2002 онд хуулийн салбарт том шинэтгэл хийгдсэн. Эрүүгийн хууль, Иргэний хуулиа шинэчилсэн. Захиргааны шүүх байгуулж төр иргэний хоорондох маргааныг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлсэн. Мөн Хуульчийг сонгон шалгаруулах журмын тухайн хууль баталснаар хуульчид нэгдсэн байдлаар шалгалт өгдөг тогтолцоо руу шилжсэн. Гэхдээ шинэтгэл хангалтгай хийгдээгүй. Арав алхах юм байна гэж төсөөлж байхад гурав л алхсан гэсэн үг. Тухайн үед үүнийг "Өнөөгийн хуульчид тэр түвшинд очоогүй. Нийгэм огцом шинэтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж тайлбарлаж байлаа. Үүнд байгууллагуудын амбиц, эрх ашиг ч нөлөөлж байсан. УИХ-д хэлэлцүүлэхээр орсон маш олон дэвшилттэй санаачилга унаж байгааг тухайн үед харж байлаа. Санаанд хүрэхээр байгаагүй ч эрх зүйн эхний шинэтгэл хийгдсэнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Түүнээс хойш улстөрчид хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь "Энэ шинэтгэл хангалттай" гэж байсан бол нөгөө хэсэг нь дараагийн шинэтгэлийг хүлээж байлаа.

-Өөрөөр хэлбэл, тухайн үед хийгдсэн шинэтгэл үргэлжилж байна гэсэн үг үү?
-Бидний санал болгож байгаа шинэтгэлийн ихэнх нь тухайн үед яригдаж байсан. Шинээр бодоод олчихсон зүйл бараг байхгүй. Гэхдээ цогцоор нь харах, системчлэх, асуудлыг ул суурьтай шийдэхийн тулд нэлээд олон жил судалгаа хийлээ. 2006 онд МУИС-ийн залуу багш нар нийлээд "Нээлттэй академи" төрийн бус байгууллага байгуулаад шинэ санаачилга гаргаж нэлээд судалгаа хийчихсэн байлаа. Бидний ажил хүмүүсийн анхааралд өртсөн байх. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа МУИС-д ирж надтай уулзаж байсан. Тэгэхдээ "Чи өөрчлөлт хийе гэж байгаа бол дотор нь ороод ажиллаад үз. Нөгөө талаар АН-д хуулийн чиглэлийн лидер алга. Бидний сул тал энэ байна. Хуулиар хамгаалж, бэхжүүлээгүй ардчилал хоосон зүйл шүү дээ" гэсэн утгаар ярьсан. Ингээд 2006-2008 онд "Эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгаа" гэдэг нэртэйгээр хуулийн салбарыр цогцоор нь судалсан. Үүндээ үндэслээд шинэтгэлийн хувилбарууд гаргаж байлаа. 2008 оны сонгуулийн дараа үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдсон ч бүтээгүй. Харин 2012 онд эрх зүйн шинэтгэлийг цогцоор хийх боломж олдлоо.

-Тэгвэл эрх зүйн шинэтгэлийг юунаас эхэлж, ямар байдлаар хийх вэ?
-Дөрвөн жилийн хугацаанд хийх ажлын нэлээд том төлөвлөлт хийчихсэн байгаа. Манай салбарын хамгийн гол бодлого Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэтгэл байна. Үүний гурван том системийн нэгийнх нь зарим хуулийн төсөл УИХ-д өргөн баригдчихсан байна. Нэр томъёоноос эхэлсэн буруу хандлагыг өөрчлөхөөс эхлээд маш олон зүйл байгаа. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд зохион байгуулалтын шинэтгэл хийгдэнэ. Үүнд одоо байгаа маш олон уламжлал өөрчлөгдөнө. Нэг үгээр, хуулийн байгууллагуудын эрх мэдлийг дахин хуваарилах юм.

-Хуулийн төслүүдээс харахад хуульч, хууль сахиулагч гээд ялгаатай байгаа. Чухам ямар үүргээр нь ялгаж, яаж хэрэглэх вэ?
-Хуульч гэдэг уламжлалт ойлголт. Уламжлалт ойлголтоор хуулийн чиглэлийн сургууль төгссөн хүн бүрийг хуульч гэж нэрлэдэг байсан. Эмнэлгийн байгууллагатай зүйрлэвэл, асрагчийг ч эмч, эх баригчийг ч эмч гэж нэрлэж байгаатай адил. 2002 оны Хуульч сонгон шалгаруулах журмын тухай хуулиар хуульч гэдэгт шүүгч, нотариатич, өмгөөлөгч, прокурор, захиргааны хуульчдыг оруулдаг байсан. Тэр үед албан ёсны гэрчилгээ авдаг байсан бол одоо тусгай зөвшөөрөл авдаг болно. Тодруулбал, хуулийн сургууль төгсөөд шүүн таслах үйл ажиллагаанд оролцож маргаан шийдвэрлэх явцад мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хуульч гэж байгаа.
Хууль сахиулагчийн тухайд шүүн таслах ажиллагаанд оролцохгүй. Харин шүүхэд нотлох баримтыг бүрдүүлж өгдөг, олонхи нь гудамжинд хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хэлнэ.

-Тэгвэл хууль сахиулагчдад ямар байгууллагынхан хамаарагдах юм бэ?
-Шууд иргэнд үйлчилдэг захиргааны байгууллага бий. Мөн иргэнд шууд үйлчилдэггүй цэргийн байгууллага бас байдаг. Энэ хоёрын завсар цэрэгжсэн байгууллага бий. Цагдаагийн байгууллагынхан өөрсдийгөө цэрэгжсэн гэж нэрлэдэг байсан. Сүүлдээ цэрэгжсэн, цэргийн байгууллага хоёр нэр томъёог нэгтгээд хүчний байгууллага гээд нэрлэчихсэн байлаа. Хүчний байгууллага гэдэг нэртэй учраас хүчирхийлж болно, бидний үйл ажиллагаа нууц, далд ажиллах ёстой, зөвхөн даргадаа илтгэх ёстой гэх жишгээр ажилладаг болж хувирсан. "Долдугаар сарын 1"-ний хэргийн дараа цагдаагийн нэр бүхий дарга нарыг цэргийн гэмт хэргээр зүйлчилчихсэн. Гэтэл тэд "Бид цэргийн байгууллага биш" гэж ярьж эхэлсэн. Энэ нь зөв. Цагдаагийн байгууллага цэргийн байгууллага биш. Өөрөөр хэлбэл, хууль сахиулах чиг үүргийн байгууллага. Хууль сахиулах байгууллага нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллана. Хийж байгаа үйл ажиллагаа нь нотлох баримт болж шүүхэд бүтээгдэхүүн болж нийл үүлэгддэг, түүн дээр хуульчид ажиллаж гэмт хэрэг мөн эсэхийг нотлох шинэ систем рүү орно.
Хууль сахиулах байгууллагад дээрх ярьснаар хамгийн түрүүнд цагдаагийн байгууллага орно. Тус байгууллага хууль сахиулах үйл ажиллагааны 70-80 хувийг дангаараа хариуцаж ажиллана гэсэн үг. Цагдаагийн байгууллага хууль сахиулах чиг үүргээс гадна иргэнд үйлчлэх үйл ажиллагаа явуулна.

-УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг харахад Мөрдөх алба, Маршалын алба гэх мэтээр хууль сахиулах олон байгууллага шинээр байгуулах юм билээ. Үүнийг тайлбарлаач?
-Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй шинээр байгуулагдах Мөрдөх албаныхан тэмцэнэ. Хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодис зарах, мөнгө угаах, цахим гэмт хэрэг, тагнуул хийх, албан тушаалтан, цагаан захтнуудын хэрэг гэх мэт илүү их мөнгө, эрх ашигтай холилдсон байдлаар гардаг, үйлдэл нь улс дамнасан, зохион байгуулалттайгаар хийгддэг хэрэгтэй тэмцэнэ гэсэн үг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхийн тулд Мөрдөх алба тагнана, чагнана, урт хугацаанд ажиллана, олон улсад сүлжээгээр ажиллах болно. Өөрөөр хэлбэл, дээр ярьсан цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх аргаас огт өөр байна гэсэн үг. Арга барилын маш том зааг байгаа учраас ялгаж байгаа юм.

-Мөрдөх албаныхан илүү мэргэшсэн, өргөн хүрээнд ажиллана гэсэн үг үү?
-Мөрдөх албаны мэргэжилтнүүд өндөр түвшинд бэлтгэгдсэн байх шаардлагатай. Олон улсын жишгээр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад хоёр дахь карьераа хөөсөн хүмүүс Мөрдөх албанд ордог. Мөрдөгчдөөс гадна бусад салбарын мэргэшсэн шинжээчид шаардлагатай. Тэднийг мөрдөгчөөр жилийн дотор бэлтгээд мөрдөгч, шинжээчээр ажиллуулна гэсэн үг.

-Тэгвэл Мөрдөх албанд хэдэн насны хүмүүс ажиллах эрхтэй вэ. Нөгөө талаар Мөрдөх албанд зөвхөн Хууль сахиулах их сургууль төгссөн боловсон хүчин ажиллана гэдгийг тайлбарлаач?
-Мөрдөх албанд 35 нас хүрээгүй хүн томилогдоно гэж тооцож байгаа. Хувийн сургуулиуд хуульч бэлтгэдэг. Харин хууль сахиулагчдийг тухайн улс өөрөө бэлтгэдэг. Өртөгч өндөртэй.

-Маршалын алба ямар үүрэгтэй ажиллах вэ?
-Ерөөсөө л шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Үүний тулд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ёстой. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах үүрэгтэй. Одоо шүүхийн аюулгүй байдлыг үүдэнд нь зогсч байгаа жижүүр, танхим ажиллаж байгаа цагдаа л хамгаалж байгаа. Гэтэл цагдаа гудамжинд аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээс хаа нэг газар хамгаалалт хийх ёсгүй. Тиймээс тэр үүргийг Маршалын албанд өгч байгаа.
Гэрч, хохирогчийг хамгаалахтай холбогдсон шинэ хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Гэрчид заналхийлэх, нөлөөлөх, худалдан авах байдлаар шүүхийн шийдвэрийг өөрчлүүлж байгаа улсад шударга ёс байдаггүй. Хохирогчийг дарамтлаад, айлган сүрдүүлээд гэмт хэргийг хэрэг биш болгох тохиолдол бий. Үүнийг таслан зогсоох ёстой. Цагдаагийн байгууллага алдаа гаргаж хохирогчид нөлөөлөхөд л Маршалын алба очиж ажиллах жишээтэй. Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогчтой холбоотой асуудлыг шалгадаг, нягталдаг байгууллага бий болно. Шүүгч рүү утасдах, мессеж бичих, уулзах байдлаар нөлөөлөхөд одоо хэнч бүртгэхгүй. Харин Маршалын алба бий болсноор шүүгчдээр нөлөөллийн мэдүүлэг бүрдүүлж, шалгадаг болно.

-Оргон зайлсан ялтан, шүүгдэгчийг Маршалын алба эрэн сурвалжлах юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба юу хийх юм бэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба оргон зайлсан этгээдийг авчирч ялыг нь эдлүүлэх зорилготой эрэн хайдаг. Харин Маршалын алба оргон зайлсан ялтан шүүгч, гэрчийн аюулгүй байдалд нөлөөлөхөөс хамгаалж эрэн сурвалжилна. Шорон үймээн гарахад ч Маршалын алба гэрч, хохирогч, шүүгчийг хамгаалахын тулд ажиллаж байх ёстой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх чиг үүргийг гүйцэтгэдэг. Гэмт хэргийн тухай хуулиар хорихоос өөр төрлийн ял нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой дэд бүтэц, техник хэрэгсэл, хүн хүч шаардагдана. Гэрийн хормонд байх хүнийг хянахаас эхлээд ажил их гарна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба одоо байгаа бүтцээрээ дээрх гурван чиг үүргийг дангаар нь биелүүлж чадахгүй. Бусад улсад бол тусад нь хууль гаргаж гэрээлээд өөр байгууллагуудаар үүргийг хэрэгжүүлдэг. Ийм шинэчлэлийг Ял эдлүүлэх тухай хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хийнэ. Цаашид дээрх гурван чиг үүргээр нь тус, тусдаа байгууллага болгож салгах байх.

-Хууль сахиулах их сургууль боловсролын байгууллага байлтай. Гэтэл хууль сахиулах байгууллагад оруулсан нь ямар учиртай вэ?
- Хууль сахиулах их сургуулийг бусад улсад хууль сахиулах байгууллага гэж үздэг. Учир нь сонсогчид нийгмийн шаардлага үүсэхэд хэв журам сахиулах хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн шилдэг мөрдөгч, хууль сахиулагч тэнд багшилдаг. Харин манайд бол алдаа гаргаж шийтгүүлсэн нөхдүүд тэнд багшилдаг болсон. Тийм нөхдүүд ирээдүйн боловсон хүчинг яаж бэлтгэх билээ. Үүнийг цогцоор нь өөрчилнө. Цаашид энэ сургууль дээр түшиглээд бүсийн хэмжээнд хууль сахиулагч бэлтгэдэг болох амбици бидэнд байна. Мөнгө олдог сургууль ч байж болно.

-Хууль сахиулах байгууллагад өөр ямар байгууллага хамаарах бол?
-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын нэрийг өөрчилж Иргэний гадаад шилжилт, харьяаллын алба болгоно. Одоогоор цэвэр захиргааны байгууллага байгаа бол шинэтгэлээр хууль сахиулах, иргэний байгууллага болох юм. Улмаар Хил хамгаалах ерөнхий газарт байгаа шилжих хөдөлгөөн энэ байгууллагад ирнэ. Мөн хилийн шалган, виз олголт, иргэний харьяаллын асуудал тус байгууллагад хамаарна. Үүнээс гадна гадаад иргэдийг хянан шалгах, баривчлах, албадан гаргах чиг үүргийг гүйцэтгэнэ.
Онцгой байдлын алба бас хууль сахиулах, иргэний чиг үүрэгтэй ажиллах юм.

-Дээрх байгууллагууд хууль сахиулах байгууллага болох бол Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдах уу?
-Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар бүгд нэг дүрэм, нэг статуст орно. Ингэснээр Дотоод хэргийн яам байгуулагдахад ч аюулгүй болно.

-Таны ярьсан дээрх хууль, эрх зүйн бүтцийн шинэтгэл хэдэн хуулиар зохицуулагдах вэ?
-Зөвхөн энэ шинэтгэл есөн хуулиар зохицуулагдана. Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд одоо боловсруулалтын шатанд байгаа. Харин Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай, Маршалын албаны тухай, Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд байгаа.
Мэдээж энэ хуулиудыг батлахад байгууллагуудын амбиц, зөрчил гарах нь дамжиггүй. Гэхдээ дээрх хуулиудыг баталчихвал эрх зүйн салбарт маш сайн дэд бүтцийн шинэтгэл хийгдэнэ.

-Энэ удаад зөвхөн дэд бүтэцтэй холбоотой шинэтгэлийн тухай ярилаа. Тэгвэл хууль, эрх зүйн салбарыг бүхлээр нь шинэчлэхэд маш олон хууль өөрчлөгдөх нь ээ. Шинэтгэлийн хуулиудад Үндсэн хуулийн өөрчлөлт бий юү?
-Нийтдээ 32, нэмэлтээр гурван хуулийн төсөл байгаа. Гэхдээ одоогоор Үндсэн хуулийн шинэчлэл байхгүй. Тэдгээр хуулийг баталчихвал хууль, эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгаа хангалттай сайн болно гэж төсөөлж байгаа.
Ц.Өрнөх

No comments:

Post a Comment