УИХ, Засгийн газрын гишүүн, Иргэний зориг-Ногоон намын дарга С.Оюунтай ярилцлаа.
-Иргэний зориг-Ногоон нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцох шийдвэр гаргасан. Засгийн газарт АН-тай хамтран ажиллаж байгаа учраас ийм шийдвэрт хүрсэн үү. МАХН бол тусдаа нэр дэвшигч гаргалаа шүү дээ?
-ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж, энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжин оролцох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Дөрвөн жилийн өмнөх сонгуульд түүнийг дэмжсэнээрээ огт алдаагүй гэдэгт итгэлтэй байгаа учраас ИЗНН өнөөдөр энэ сонголтыг давтан хийлээ. 2009 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч шударга ёсыг амласан. Үүнийг төрийн бодлого, итгэл үнэмшил болгохын тулд санаачилсан, хийсэн болгоныг тоочилгүйгээр үүн дээр тогтож хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэчлэлийг эхлүүлж багц хууль санаачлан батлуулсныг монголчууд мэдэж байгаа. Хууль зүйн салбарын шинэчлэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртлын эсрэг хийж байгаа “өөрчлөн байгуулалт” багагүй хугацаа шаардах, зарим талаар эсэргүүцэл дагуулах үйл явц юм. Хүмүүсийн сэтгэлгээ, ёс суртахуун өөрчлөгдөж, шударга ёс бидний амьдралын хэвшил, итгэл үнэмшил болж төлөвшихөд мэдээж хугацаа хэрэгтэй. Гэхдээ үүнийг нийгмийн оюун санаанд программчлахын тулд юуны өмнө хууль, эрх зүйн орчныг нь тэр чиг хандлагаар шинэчлэн өөрчлөх ёстой юм. Одоо энэ ажил дөнгөж эхэлж байна. Үүнийг үргэлжлүүлэх, тэр тусмаа үзэл санааны бат бэх хамгаалалт дор үргэлжлүүлэх шаардлагатай учраас бид улс орон, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож ийм шийдвэр гаргасан юм. Нөгөө талаас УИХ-д АН хамгийн олон суудал авч, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж бодлогоо хэрэгжүүлж байгаа энэ үед нэгдмэл бодлого, байр суурьт, тогтвортой байдал тун чухал гэдгийг ИЗНН онцолж байгаа юм.
-Эмэгтэй улстөрчид анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр яригдаж байгааг та юу гэж харж байна вэ?
-Монголын ардчилал өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд хэр хөгжиж, ямар ололт, амжилтаар баяжиж байгаагийн нэг тод илрэл нь энэ юм. Төрийн бодлого, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бий болгох, үүнийг хуулиар баталгаажуулахын төлөө багагүй тэмцэл туулж байлаа. Өнөөдөр УИХ-ын танхимд ч, гүйцэтгэх засаглалын төвшинд ч эмэгтэйчүүдийн тоо, байр суурь өссөнд баяртай байгаа. МАХН-аас Засгийн газарт хамтран ажиллаж байгаа С.Удвал сайд нэр дэвшлээ. Түүний хувьд ялалт энэ удаад ирэхгүй гэдгийг олон хүн, тэр дундаа өөрөө ч мэдэж байгаа. Ийм нөхцөлд эр зориг гарган эмэгтэйчүүдээ төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаад нь түүнд баяр хүргэх ёстой. Дараа, дараагийн удаад нэр дэвших бүсгүйчүүдийг маань нийгэм хүлээж авах, дэмжих хөрс суурийг бэлтгэж байгаа гэдгээрээ их чухал юм.
-Иргэний зориг намын хувьд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, шударга ёсыг тогтоохын төлөө Монголын нийгэмд хандан анхлан уриалж байсан улс төрийн хүчин. Одоо хүрсэн үр дүнд та бүхэн ямар дүн тавих бол?
-Бид ирээдүй хойч үедээ авлига, хээл хахуульгүй, аюулгүй, айдасгүй, шударга нийгмийг бүтээж өгөх ёстой. Өнөөдөр энэ нь монголчуудын маань бүгдийнх нь хүсэл эрмэлзэл болж чадсан. Олны сэтгэлд шударга ёс ялна гэсэн итгэл, урам байгаа цагт үр дүнд хүрнэ.
-Шударга ёсыг эсэргүүцдэг хүч ил далдаас нөлөөлөх гээд байдаг аюул бий шүү дээ?
-Эрх мэдэл, эд баялгийн хуваарилалтад ойр байсан, одоо түүнийгээ алдаж байгаа хүмүүст бас эсэргүүцэх, тэмцэх шаардлага байдаг. Ялангуяа Ардчилсан нам эрх барьж байх үед хоёр талын ийм зөрчлөөс үүдэж улс төр нь тогтворгүй болдог гашуун туршлага бий. Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 онд Ерөнхий сайд болж, авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийг оролдсон боловч төдөлгүй түүнийг огцруулсныг хүмүүс санаж байгаа. Харин түүнийг 2009 онд Ерөнхийлөгч болсноос хойш авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцэл эрчимжсэн. Гэмт хэргийн бүлэглэл, тэдгээрийн улс төрийн хамгаалалтаас айж халгаж байсан хуулийнханд ардчилсан Ерөнхийлөгчийн амлалт, итгэл үнэмшил ихээхэн зориг, дэм өгсөн гэж болно. Тийм учраас өнөөдөр албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, тогтоохын төлөө эрүүгийн цагдаагийнхан болон Авлигатай тэмцэх газар нэг нэгтэйгээ уралдаад ажиллаад эхэллээ шүү дээ.
-Таны ах ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг байсан. Өнөөдөр түүний хамтран зүтгэгчид төр барих хэмжээнд хүрч төлөвшсөн байна. Та ахынхаа найз нөхдийн талаар юу хэлэх бол?
-С.Зориг ах маань 1990 онд нөхдийн хамт нийгмийн дэвшил, ардчилсан өөрчлөлтийг зорьсон ард түмний их хөдөлгөөнийг удирдсан юм. Тэдний маань залуу насандаа зорьж эхлүүлсэн ардчиллын төлөөх, шударга ёсны төлөөх тэмцэл хорь гаруй жил үргэлжилж өнөөдрийн сайн сайханд монголчуудыг хөтлөн авчирсанд нь би баярлаж, талархаж явдаг. Энэ хугацаанд тэд хал үзэж, хатуужиж, жинхэнэ удирдагчид болж чадсан. Тийм улстөрч, удирдагчдын нэг нь Ц.Элбэгдорж. Цаг үе өөрөө удирдагчаа, лидерээ төрүүлдэг, захиалдаг гэдэгт би итгэж явдаг юм.
З.БОРГИЛМАА
No comments:
Post a Comment