Wednesday, 1 May 2013

Хэвлэлийн эрх чөлөөг тэмцэж олох ёстой

Монголын сэтгүүл зүйн салбарын алдаа, оноог дүгнэн ярилцахаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов гуайнхыг зорилоо. Сэтгүүл зүйн ном, толь бичиг зэрэг дээр тодоос тод дурайсан түүний нэрийг олонтаа харж байснаас бус чухам ямар хүн болохыг нь төдийлөн мэдэхгүй. Ямартай ч бага наснаасаа амьдралын хатуу хөтүүг туулсан тэрбээр нэгэн цагт орос хэл сурах гэж өдөрт 16 хуудас уншиж, хоёр хуудас материал хуулж бичихгүй бол унтахгүй байх тушаалыг өөртөө өгч байсан гэдэг. Ингэж “бяцхан профессор” хэмээх аман цол хүртсэн түүнийг өдгөө танихгүй хүн­гүй болжээ. Жирийн сэтгүүлчээс аж­лын гараагаа эхэлсэн Ц.Дашдондов Монголын нийг­мийн шилжилтийн үед хэсэг нөхдийн хамт Монголын чөлөөт ардчилсан сэт­гүүлчдийн эвлэлийг үүсгэн байгуулж, эх орондоо чөлөөт хэвлэлийг төлөвшүүлэн хөг­жүүлэхийн төлөө тэмцэж явсан. Өдгөө бидний 20 дахь жил­дээ тэмдэглэх гэж буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монголд хэвшүүлэхэд түүний гүй­цэт­гэсэн үүрэг хэм­жээлшгүй. Харин иргэн Ц.Дашдондовын тухайд маш олон талтай, тэр бүхэн нь монгол дархны цоож мэт дав­хар давхар өргөстэй, өөр юутай ч зүйрлэж бичихийн аргагүй “цор ганц хувь хүн” гэсэн тодорхойлолт юу юунаас илүү зохино.

-Маргааш Дэлхийн хэв­лэлийн эрх чөлөөний өдөр. Монголчууд энэ өдрийг тэмдэглэх болсноор 20 дахь жилтэйгээ золгож байна. Үүнтэй холбоотойгоор та­ны ярих зүйл ч “ундарч” байгаа биз дээ?
-Сүүлийн 20-иод жи­лийн турш тавдугаар сарын 3-н болох тоолонд хэв­­лэл мэдээллийнхнээс на­дад хандаж яг иймэрхүү асуулт тавьж байна. Бараг уламжлал болоо шив дээ. Ингэдэг нь цаанаа зохих учир шалтгаантай л даа. Өмнө нь сураггүй шахам байсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэгчийг тэр үеийн Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эв­лэлийн санаачилгаар 1993 онд анх жинхэнэ утгаар нь тэмдэглэж эхэлсэн. Тэгэхэд би МЧАСЭ-ийн ерөн­хий­лөгчөөр ажиллаж байсан юм. Энэ өдрийг тухай, тухайн онцлогоос хамаарч он, онд өөр уриа дуудлагатайгаар тэм­дэглэсээр ирсэн. Тод­руул­бал, өнгөрсөн жил “New voices: Media freedom helping to transform societs” гэсэн уриатайгаар тэмдэглэсэн бол энэ жил “Safe to speak: Securing Freedom of expression in аll media” гэж байгаа.

-Чухам ямар утга учир, зорилгоор энэ өдрийг дэл­хий даяар тэмдэглэх бол­сон юм бол?

-1991 онд Африкийн нэ­гэн жижиг улс Намибид тус тивд оршдог орнуудын сэтгүүлчдийн өргөн төлөөлөл хуран чуулж хэвлэл мэ­дээл­лийн эрх чөлөө хий­гээд олон ургалч үзлийг дээдэлдэг хараат бус бие даасан хэвлэлийн тухай хэлэлцээд, улмаар тусгай тунхаг бичиг гаргасан. Хо­жим Виндхукийн тунхаг хэмээн алдаршсан тэрхүү бичиг батлагдсан өдөр болох тавдугаар сарын 3-ныг хэв­­­лэлийн эрх чөлөөний өдөр болгон дэлхий даяар тэм­­дэглэж байхаар шийд­вэрлэсэн. Анхандаа Олон улсын хэв­лэлийн эрх чөлөөний өдөр гэж байснаа төдөлгүй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэх болсон. На­рийн ажвал үүнд бага зэр­гийн зарчимын ялгаа бий. Энэ өдрийг тохиолдуулж НҮБ-аас орон, орны төр засаг, олон нийтэд хан­даж илгээлт явуулахдаа ард­чилал, хүний эрхийн тул­гуур зарчим, гол шал­гуур, үндсэн үзүүлэлт болох хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлж, үзэл бод­лоо илэр­хийлэх эрх ямар бай­далтай байгаа болон цаашид яах ёстойг тодор­хойлж томъёолдог. Энэхүү илгээлт эхэндээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүний эрхийн дээд комиссор, ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн гурван эрхмийн нэрээр гар­даг байсан. Хожим дан ганц ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн даргынх болж хувирсан нь тухайн асуудалд энэ байгууллагын хамаарал, үүрэг, оролцоо үлэмж нэмэгдсэнтэй хол­боотой. Харин энэ жилийн илгээлт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-гийн ерөнхий за­хирлын нэрээр гарсан. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жинхэнэ утгаар нь 1993 оноос эхлэн жил бүр тэмдэглэхдээ ч бид ЮНЕСКО-гийн үндэсний комисстой хамтарсаар ирсэн. 1994 онд ЮНЕСКО-гийн үндэсний комисс сэт­гүүлчдэд олгох тусгай шаг­нал хүртэл бий болгож, түү­ний хамгийн анхныхыг надад, хоёр дахийг нь С.Цогтсайханд хүртээж бай­­лаа. Мөнөөх шагналыг дараагийн жилүүдэд ч олон сэтгүүлчид олгосон.

-Та “Өмнө нь огт сураггүй байсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” гэж ярилаа. Энэ өдрийг монголчуудад “танил” болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь та биз дээ?
-Энэ өдрийг улс орондоо тэмдэглэхийг уламжлал бол­гон хэвшүүлэхэд хамтын чармайлт гарган сэтгэл зүрх­ний гүнээс зүтгэн дэм­­жиж, туслаж байсан ЮНЕСКО-гийн үндэсний комиссын үе, үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Д.Цахилгаан, О.Очирзав, А.Баттөр, Чимэд­рэгзэн, Н.Уртнасан, Дулаанжаргал нарыгаа нэр­лэхэд нэн таатай байна. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан ч чөлөөт хэв­­лэлд элэгтэй эрхэм болох нь илт мэдрэгдэж байгаа. Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дэлгэр үйлс өрнүүлж гаршсан, энэ чиглэлийн буухиаг ихэд сайн үргэлжлүүлэн авч яваа Монголын сонины холбооны ерөнхийлөгч Р.Хадбаатар, гүйцэтгэх захирал Л.Нинжжамц нарын ажил хэ­рэгч, шаргуу тууштай ча­нарт талархах ёстой. Тэрчлэн хэвлэлийн эрх чөлөөний тулгар асуудлаар радио өргөн нэвтрүүлэг, хэ­лэл­цүүлэг зохиох, хэв­­лэ­лээр сурталчлах зэ­рэгт Д.Байгальмаа, Д.Наран­туяа, Н.Дуламсүрэн, М.Буян­дэлгэр зэрэг олон сэтгүүлч идэвх гар­ган оролцож байсан. Тэдэн дээр Х.Наран­жаргал, Ц.Энхбат, Ө.Рагчаа­сүрэн нарыг заавал ч үгүй нэмж нэрлэх ёстой. Энэ дашрамд хэлэхэд хатагтай Хашхүүгийн Наран­жаргалын ажил хэ­рэгч шаргуу чанарыг хүндэт­гэхгүй байх аргагүй. Ард­чилал, шинэчлэлийн ид эгзэгтэй эхний он жилүүдэд чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж хөгжүүлэхийн төлөө бид бүгдийн тавьсан чармайлт талаар болоогүйг улс орны дотоодод төдийгүй гадна талд ч хүлээн зөвшөөрч, хүндэт­гэлтэй ханддаг байс­ныг гэрчлэх олон баримт байгаагаас онцолж нэгийг дурдъя. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын бай­гууллага ЮНЕСКО-гоос 1999 оны тавдугаар сард ирсэн нэгэн илгээлт бичигт: “Mr.Ts.Dashdondov, President, MEDIA. Dear Mr.Dashdondov, We are very pleased to see that the MEDIA and its members are ardent supporters and advocates of freedom of expression and freedom of the press as well as standing for Liberalization of the mass media and ending of monopolies in this area. These are very important elements of any democratic society and we rejoice to see that they are being promoted in Mongolia. Alain Modoux, Director Unit for freedom of expression and Democracy, UNESCO, Paris, 28 April 1999” гэжээ. Үүнээс ямар нэг дүгнэлт гарах ёстой бус уу. Одоо л дөнгөж тэмдэглэж үзэж байгаа биш болохоор өмнө яадаг байсныг санаж байна. Аль болж бүтэхгүй байгаа зүйлд анхаарлыг нь хандуулах зорилгоор төрийн өндөрлөгийнхөнд хандаж өргөх бичиг ч өгч байлаа. Чөлөөт хэвлэлийг боо­­милох, сэтгүүлчдийг дарамт­лах, редакцийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, бие даасан хараат бус байдлыг нь алдагдуулахыг эсэр­гүүцэх, чөлөөт хэв­лэлийн талаарх ойлголт, үзэл баримтлалыг олонд түгээх зорилгоор телевиз, радио, сониноор зөндөө зүйл бичиж, дэлхийн өнцөг булан бүрийн хүнд бэрх нөхцөлд ажиллаж, тэм­­цэж, заримдаа шорон оронд хүртэл орж тарчлан зовж буй үзэг, үйлс, зорилго нэгт нөхдөө дэмжсэн дуу хоолойгоо чангаруулж, эв санааны нэгдлээ илэрхийлж байлаа. Ингэхийн сацуу эсэргүүцэж шүүмжлэх аяс­тай, эвгүй үгс дээшээгээ чулуудахад Н.Энхбаяр Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөн­хийлөгч байсан аль ч үедээ хаа очиж эмзэглэж бай­гаа­гүйгээр барахгүй нааштай сайхнаар хандаж сэт­гүүл­чидтэй ам хэлээ амархан олдог байсан. Н.Энхбаяр натур төрхөө­рөө найрсаг дөл­гөөнөөс гадна эх болсон түүхэнд ээлтэй, эрдэм соёлд элэгтэй хүн шүү дээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд бол яах аргагүй ясны сэтгүүлч. Тийм болохоор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж буйн ач холбогдол түүнд ойлгогдож цөхөх юун.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 20 жил тэмдэглэж, энэ талаар ярьсны хувьд Монголын сэтгүүл зүйд бодит өөрч­лөлт, ахиц дэвшилт гарсан баймаар. Гэтэл Монголын сэтгүүл зүй урагшлах бус ухраад байх шиг санагдах юм?
-Бараг л тийм дээ. “Freedom House” байгууллагын судалгаа, дүгнэлтээр Монгол Улс 2000 онд хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй оронд тооцогдож байсан бол одоо хойш ухраад хагас эрх чө­лөөтэй гэгдэх боллоо. “Reporters sans fronteriers” буюу “Хил хязгааргүй сэтгүүлч, сурвалжлагч” гэсэн байгууллагаас тогтоосон зэ­рэг­лэлээр Монгол Улс хэв­­лэлийн эрх чөлөөний түв­шнээрээ 2005 онд 50-д эрэмбэлэгдэж байсан бол 2013 оны байдлаар 98 болж байр суурь нь даруй 48-аар хойш ухарсныг төсөр­хөн мэдээлэв. Манай гаригийн сэт­гүүлчдийн маш том хамтын нийгэмлэг болох Брюссельд төвтэй Олон улсын сэт­гүүлчдийн байгууллагад Монгол удирдах бүрэл­дэхүүн-гүйцэтгэх хороонд нь төлөөлөлтэй байснаа ха­сагдчихсан. Тэр ч бүү хэл, сүүлчийн их хурлыг та­сал­чихлаа гэсэн. Тэгэхээр өнөө­гийн Монголын сэт­гүүлчдийн эвлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны үйл ажиллагаанд жинхэнэ ги­шүүний үүргээ төдий л сайн гүйцэтгэж чадахгүй байгаа бололтой. Ядаж л саяхан Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүйн сал­бар үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор тэндээс хүн урьж оролцуулах бит­гий хэл, баяр хүргэсэн ганц өгүүлбэр ч хэлүүлж чад­­сангүй шүү дээ. Ийм урагшгүй байж болох уу.

-Та нэлээд бухимдуу бай­гаа юм аа даа?
-Сэтгүүлчдийн мэргэж­лийн байгууллага гэхэд хийх ёстой юмаа хийж чадах­гүй байж, хийхгүй ч байсан болох аар саар зүй­лээр хөөцөлдөж, нэр хүнд, нийгэмд эзлэх нөлөө нь буурч, байр сууриа бусдад алд­чихсан, нэгдсэн эвлэл гэсэн umbrella /шүхэр/ бай­­­гууллага байж чадахаа аль хэдийнэ больчихож. Энэ бүхний бурууг ганцхан Б.Галааридад тохож бо­лох­­гүй л дээ. Хаа очиж Б.Галаарид бол хэрээрээ хи­чээж, тараараа зүтгэж л байх шиг байна. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдах бүрэл­дэхүүнд нь цэвэр бус бохир, шинэ бус хуучин сэтгэлгээтэй ганц, хоёр хүн хувалз мэт шигдэж, элдэвчлээд дэг эвдэж буй тухай үг яриа газар авч байх шиг байна. Оргүй ч үг биш болов уу. Хуучин гэрийн буйран дээр шинэ гэр барьдаггүй, хуучин дээлийн хуулгаар шинэ дээл гадарладаггүй шүү дээ. Тэгэхээр үеэ өнгө­рөө­сөн үхшмэл арга барил­тай үхэн хатан зууралдах хэрэг­гүй л юм даа. Өөр бусдаас өөрчлөлт шинэчлэлт, шударга ёс шаарддаг сэт­гүүлчид өөрсдөө ийм арчаагүй, “өтлийн бүүвэйд” автаад сууж таа­рамгүй. Сэтгүүлчийн хөдөл­мөрийн далд мөлжлөг гаарч, эрх ашиг нь илт зөр­чигдөж буйг анзаарч харж хамгаалдаг хүчирхэг бай­гууллага хэзээ бий болох бол оо гэсэн их хүлээлт энд тэндгүй үүсчихээд байна шүү дээ. Дахин хэлэхэд хэвлэл мэдээллийн хүрээний нөх­­цөл байдал хүнд бай­на. Хэвлэл мэдээллийн тухай хууль гарахгүй гацаж, телевиз хаагдаж, сай­тууд боогдож, МУСГЗ, сэтгүүлч До.Чулуун­баатар яасан нь мэдэгдэхгүй шахам шалт­гаанаар шоронд сууж байна. Хэвлэл мэдээллийн ме­нежмент хөгжихгүй бай­гаа­гаас боолын сэтгэлгээтэй, зарцын байдалтай сэтгүүлчид захаас аван эрх мэдлийг дэндүү дэвэргэж байна. Ин­гэж боолын сэтгэлгээгээр амь­дарч болохгүй тухай Монголд төдийгүй дэлхийн байгууллагад данстай сэт­гүүлч, орчуулагч хатагтай Д.Сүхжаргалмаагийн теле­визээр ярьсантай би санал нэг байгаа. Сэтгүүлчдэд мэргэжлийн эв санааны нэгдэл /Professional solidarity/ гэж бараг байхгүй. Нэг нь үг хэлэхэд нөгөө нь тас зөрнө. Ямар нөхцөл байдалд дэлхийн хэвлэлийн эрх чө­лөөний өдрийг тэмдэглэж байгааг асуусны тань хариуд хэлэхэд нэг иймэрхүү. Болж байна уу, үгүй юу. Дутуу санагдвал дахиад нэг, хоёр зүйл нэмж хэлье.

-Сонсоё?
-Асуудлаар дүүрэн ний­гэм, асуудлаар дүүрэн сэт­гүүл зүй. Нийгэм бүхэлдээ бухимдал. Хүн амынх нь гуравны хоёр нь ядуу. Ажил­гүйдлийн түвшингээр дэлхийн дунджаас хоёр дахин их ийм улс орны иргэд яаж бухимдахгүй байх вэ дээ. Аливаа улсын төр засаг сайн, муу ажиллаж буйн гол индикатор нь ажилгүй­дэл, ядуурал аль хэр буур­санд оршино. Гэтэл энэ үзүү­лэлтийг харуулах баро­метрийн зүү нойлыг заа­чихаад байна. Бодит бай­дал ийм байхад болж бүтэж буй мэтээр яаж ярьж чадаж байна аа. Ерөнхий сайдаасаа эх­лээд далан худалчийн дүр эсгээд хээв нэг худал залаад байхаар хүмүүс бухимдахгүй яах билээ. Нийгэм бүхэлдээ бухим­даж, эгээ л амиа хор­лочих­гүй шиг өдөр, хоногийг өнгө­рөөж байгаа бус уу. Нэг мэдэхэд байдал бишдэж, Мон­голын ард түмний ил­жигэн тэвчээр барагдах цаг ирэхийг хэн байг гэх вэ. Эрх баригчид дотоодоосоо олигтой дэмжлэг хүлээхгүй болохтой зэрэг гаднаас хэн нэгнийг авч ирж өөрсдийгөө магтуулдаг мода дэлгэрэх нь. Нэртэйгээр нь гаднаас ерөнхий сайдтай болчихгүй дээ. Улаанбаатар, Монгол, Чингис... гэхээс цаашгүй монхор хамар, цэнхэр нүд­тэй нэг нөхөр өчигдөрхөн онгоцноос бууж, манай газар нутагт хөл тавингуутаа өнөө­дөр дүгнэлт хийж маг­таад унадгаа болимоор юм.

-Ингэхэд та хэвлэлийн эрх чөлөө гэдгийг хэрхэн ойлгож, ухаарч явдаг вэ. Энэ салбарыг сайн мэддэг хүний хувьд бусдын тө­сөөлдгөөс огт өөрөөр ойл­годог бололтой?
-Та ярилцах сэдвийнхээ яг гол амин судсыг нь олж хатгаж, онож асуулаа. Ер нь ухаантай хариулт сон­соё гэвэл ухаантай асуух хэрэгтэй. Тэгэхдээ би энд “миний бодоход” гэхчилэн мэдэм­хийрмээргүй байна. Баттай эх сурвалжуудаас танд та­нилцуулъя. Бидний ярьдаг мөнөөх Виндхукийн алдарт тунхагт хэвлэлийн эрх чө­лөөг хэрхэн томъёолсныг авч үзье. Үүнд өгүүлэхдээ “Press freedom shoul be understood as necessitating pluralism and independence for the mass media at large” гэжээ. Утгачилбаас “Хэвлэлийн эрх чөлөө гэдгийг нийтийн мэдээллийн хэрэгсэлд зайлш­­гүй чухалчлагдах олон ишт үзэл бодол, хараат бус бие даасан байдал” хэмээн бүхэлд нь авч үзэж ойлговоос зохилтой гэсэн санаа л даа. Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолд “Freedom of information is a fundamental human right” гэсэн заалт бий. Тэгвэл Чөлөөт хэвлэлийн Харти “A free press means a free people” буюу “Чөлөөт хэвлэл гэдэг нь чөлөөт хүн зон гэсэн үг” гэж эхэлдэг. Даян дэлхийн сэт­гүүлч­дийн ажил мэргэжлийн асар том байгууллага болох Олон улсын сэтгүүлчдийн холбооны гол баримт бичигт “There can be no press freedom if journalists exist in conditions of corruption, poverty or fear” буюу “Хэрэв зээ сэтгүүлчид авлига, ядуу зүдүү байдал, айдас хүйдсийн нөхцөлд байвал тэнд хэвлэлийн эрх чөлөө байхгүй” гэсэн байгаа. Чөлөөт хэвлэлийн Харти болон Герман мэтийн орны үндсэн хуульд “Censorship, direct or indirect, is unacceptable” буюу “Цензур /хянан цагдах/ нь шууд хийгээд дам ямарваа байдлаар байж таарахгүй” гэж өгүүлдэг. Уншигчид энэ бүхнээс чөлөөт хэвлэл, хэв­лэлийн эрх чөлөөний талаар тоймтой, тодорхой ойлголт төсөөлөл олж авсан байх.

-Эрх чөлөө гэдэг асар их үнээр олддог. Тэгвэл бид ямар замаар хэвлэлийн эрх чөлөөг олж авч, түүнийг хэрхэн хамгаалах вэ?
-Хэвлэлийн эрх чөлөөг хэзээ, хэн өгөхийг хүлээж, хишиг горьдох мэт бусдыг царайчилж гуйж гувшаад байвал хэзээ ч бүтэхгүй. Тэр эрх чөлөөг тэмцэж байж л олж авна. Тэмцэнэ гэдэг түүний эсрэг үйлдэл үйлчилж байдгаас үүдэлтэй. Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг хутгатай зүйрлэж болно. Уг хутгыг байнга хурцалж байхгүй бол ир нь дорхноо мохож, юу ч даахаа болино. Чөлөөт хэвлэл ч өөрцгүй. Энэ бол аймхай хүний хийдэг ажил биш. Зүрх зориг муутай бол тийшээ зүглэх ч хэрэггүй. Чөлөөт хэвлэл гэдэг хүнд бэрх агаад хүний чанар шалгах зам тул энэ замд ганцаархнаа бус олуулаа гар гараасаа барилцан хамтдаа явах учиртай. Үүнд сэт­гүүлчдийн ажил, мэр­гэж­лийн эв санааны нэгдэл тун чухал. Нэгнийхээ хэлснийг нөгөө нь эсэргүүцэж, шуу­дайд хийсэн үхрийн эвэр шиг байвал шууд л намнуулчихна. Нэг нэгээрээ намнуулах­гүйн тулд халдлага дай­ралтаас хам­гаалах тэн­хээтэй бай­гууллага хэрэгтэй. Итгэж най­даж, эвлэлдэн нэгдсэн бай­гууллага нь ишгүй сүх, иргүй тонгорог, эрчгүй дээс, сум­гүй буу, шүдгүй буйл шиг арчаагүй байвал амбан явах­гүй. “Мунхагийн санах нь хойноо” гэгчээр хүндэт ерөн­хийлөгч хэмээх нэр зүүсэн миний бие сэтгүүлчдийн сүүлчийн их хурлыг нээсэн хэрнээ хаалгүйгээр бусдад даатгаж найдаад орхиод яв­сан нь одоо бодоход буруу байжээ. Хорхойд хоргүй дүр­тэй атлаа хормой дороо агуйтай хүн бидний дунд байх юм гэж яаж мэдэх вэ дээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр үүнийг өгүүлэхийн учир гэвэл сэт­гүүлчдийн эв санааны нэгдэл сайн биш байгаад санаа зовох болсонтой минь холбоотой.

-Өнөөгийн сэтгүүл зүй дэх сайн хийгээд саар зүйлсийн талаар ч бас бага­гүй зүйл эргэцүүлж, санаа сэтгэлээ чилээж суудаг биз?
-Сүүлийн үед иргэний болон онлайн сэтгүүл зүй гэж их ярих боллоо. Мон­голд өчигдөр мэдээллийн 600 шахам сайт байсан гэж бодвол өнөөдөр тоо өс­чихсөн байх жишээтэй. Цахим сэтгүүл зүйн цараа тэлж, тоо нь түргэн өсч, ид эрчээ авч байгаа нь жирийн сэтгүүл зүйд үүссэн жинхэнэ феномен, содон үзэгдэл, сонин сюрприз. Сэтгүүл зүй дэх хамгийн хүчтэй цоо шинэ хандлагад хаалт хийж, тээг учруулах гэсэн оролдлогыг тэнэг үйлдэл, харанхуй засгийн харалган бодлого гэхээс өөр юу гэх вэ. Өөрөөр нэрлэх олигтой үг олдохгүй нь. Нөгөөтэйгүүр сэтгүүлчид төрөл, төрлөөр салбарлаж мэр­гэшихгүй бол нэг хүн өнөөдөр улстөр, маргааш урлаг, нөгөөдөр нийгэм, д­а­раа нь анагаахын тухай бичих гэвэл амжилт олохгүй. Одоо чинь Арис­тотелийн үетэй адилгүй шүү дээ. Нөх­цөл байдал огт ондоо. Орчин цагийн сэтгүүл зүй хөгжсөн оронд ямар байдаг вэ. Зөвхөн биеийн тамир, спортоор гэхэд л Chief Football commentator, Motor Racing Correspondent, Chief Sports Reporter, Tennis Correspondent, Criket Correspondent... гэхчилэн төрөлжжээ. Тэр ч бүү хэл Цагаан ордон, хөрөнгийн бирж, эрүүгийн гэмт хэргийн чиглэлээр бич­дэг сурвалжлагч гэх нь ч энүүхэнд. Үүнээс ч на­рийссан гээд бод доо. Хүний мэдлэг хэм­жээлш­гүй, танин мэдэхүйд хяз­­гааргүй, аливаа юм харьцангуй байдаг тул сэтгүүлч хүн өөртөө өндөр шаардлага тавьж цаг үргэлж суралцаж, чамбайрч боловсорч хөгжиж байхгүй бол дорхноо хоц­рогдохоор байна. Цаашилбал social media гэсэн ойлголтод дуртай ч, дургүй ч дасан зохицолгүй болохгүй нь.

-Та сэтгүүл зүйн сал­барын хар бараан талыг илүүтэй хөндлөө. Гэхдээ Монголын сэтгүүл зүйд өнгөтэй өөдтэй зүйл ч бас багагүй гарч ирж байгааг үгүйсгэхгүй биз дээ?

-Яалаа гэж. Дэлхийд цуутай “Bloomberg” Мон­голд салбараа нээж, сув­гаараа дамжуулан санхүү, бизнес, хөрөнгийн зах зээл, мөнгөний ханшийн тухай хамгийн сүүлийн үеийн сонин содон, шинэ сэр­гэг мэдээ, мэдээллийг цаг тухайд нь мэргэжлийн маш өндөр түвшинд манайханд өгч байна. Алдар хүнд, арвин турш­лага, асар өргөн мэд­лэг, мэдээлэлтэй гадны аль шилдэг эдийн засагч, сан­хүүгийн мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийг эфир­тээ урьж яриулдаг нь Блум­бергийн онцлог гэлтэй. Бусдаас ялгарах давуу тал ч гэж болно. Тухайлбал, энэ оны хоёр­дугаар сарын 23-нд Жорж Соростой хийсэн ярилцлага янзын гоё болсон. Мөн дөрөвдүгээр сарын 17-нд Улс хоорондын хамтын ажил­лагааны нийгэмлэгийн зөвлөх Альберт Канунтай эрчим хүчний зохистой хэрэглээний талаар сон­сууштай сонирхолтой яриа өрнүүлсэн. Блумбергтэй монголчуу­дыг холбоход англи хэ­лэнд гаргуун Э.Долгион нарын хүмүүс чухал үүрэг гүйцэтгэж байна. Блум­бергийн нэвтрүүлгийг үе, үе үзэхийн сацуу бас “Bloomberg Businessweek”-ийг хааяадаа олж авч уншиж байгаадаа би хувьдаа баяртай байгаа. Блумберг болбоос Монголын сэтгүүл зүйд нэвтэрсэн нэн шинэ үзэгдэл, нэг ёсны феномен. Мөн “UBS” телевизээр Н.Ганхуягийн хөтлөн явуул­даг “Wonderful world” буюу “Гайхамшигт ер­­төнц” нэвтрүүлэг олон хү­ний нүдийг нээсэн байх. С.Батбаатар, Б.Золбаяр, Б.Галаарид, Д.Оюунтуяа, Э.Энэрэл, Л.Мөнхбаясгалан нарын сэтгүүлчдийн шинэ, шилдэг корпус нэгэнт үүссэн. Энэ бол бидний жинхэнэ бахархал. Дунд үеийнхнээс Баабар /Б.Батбаяр/ их уншсаны ид шидийг мөн ч их үзүүлж байна даа. Мөн сэтгүүлч хатагтай Ц.Сарантуяа АНУ-д “Монгол телевиз” ажиллуулж байна. Энэ мэт­чилэн яриад байвал сайн зүйл зөндөө. Гагцхүү энэ бүхнийг анхааралтай ажиглаж үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч чаддаг сэтгүүл зүйн мэргэж­лийн шинэлэг байгууллага, хүн байна уу, үгүй юу. Сэвсээ хивдэг адгуус шиг хуучнаа санагалзаж, алдрын тогоо долоохоос хэтрэхгүй, Монголын сэтгүүл зүй өнөө­дөр хаана байна, хаашаа явж байна, юу нь болж, юу нь болохгүй байгааг хэмждэг байгууллага, шударга хэлдэг хүн бараг алга. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн шүүмж хөгжихгүй байна.

-Шүүмж гэснээс таны үргэлж ярьж, шүүмжлэлтэй ханддаг бас нэгэн зүйл бол менежментийн асуудал. Мон­голын сэтгүүл зүйд өнөө­дөр зөв менежмент ду­тагдаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Чөлөөт хэвлэл, хэв­лэ­лийн эрх чөлөө гэдэг чинь уг нь хэлэхийн төдийд байх бус зүй нь хийх ёстой ажил, хэрэгжих учиртай үйлс юм шүү дээ. Бид алийн болгон хий хоосон номлож, хэнхдэг дэлдэн цэцэрхэх вэ. Тийм болохоор амьдралд ойр ярья. Арай илүү хэрсүүжье. Үнэнийг хэлэхэд “Мөнгө дагаж сэтгэл ханьсана” гэдэг бичигдээгүй хууль бич­­сэнээсээ хамаагүй хүч­тэй үйлчилдэг боллоо. Ху­далдагдсан сэтгүүлч, за­хиал­гат сэтгүүл зүй, тэр бүү хэл “янхан” телевиз хүр­тэл байгаа нь ч үүнтэй хол­боотой. Бохироос цэвэрт шилжих ганц найдвартай гарц бол хэвлэл мэдээллийн зөв ме­нежменттэй байх яв­дал. Үүнгүйгээр хэвлэл мэдээлэл хараат бусаар бие даан хөгжинө гэдэг дэмий үг, де­ма­гоги. Хэтэвчний хэв­лэл, халаасны сэтгүүл зүй ноёлсон нөхцөлд хараат бусын тухай ярих нь үл биелэх үлгэр. Мөнгө санхүүгийн хувьд биеэ даахтай болж чадаагүй нөхцөлд үйл аижллагаа нь бие даана гэж байхгүй гэдэг нь амьдралаас үүдэлтэй аксиом. Тиймээс ч “Talloires”-ын тунхагт “Without financial independence the press cannot independent” буюу “Хэвлэл нь санхүүгийн хувьд биеэ даахгүйгээр үйл ажиллагааны хувьд бие дааж, хараат бус байж чадах­гүй” гэж заажээ. Чөлөөт, хараат бус, бие даасан хэвлэл мэдээлэл, жинхэнэ утгаар, зөв гол­диролоор хөгжих гол нөх­цөл, бодит бололцоо нь юу вэ гэвэл боловсронгуй сайн менежменттэй байхад оршино. Гэтэл манайд энэ талын менежмент их сул хөгжиж байна. Үүнээс болоод хэвлэл мэдээлэл санхүүгийн бэрх­шээлтэй байн байн тулгарч, сэтгүүлчид сав л хийвэл ажилгүй болж, амьдрахын тулд бусдын нөлөөнд автах магадлал манайд маш өндөр байх тул гадныхнаас суралцах шаардлага гар­цаагүй.

-Чухам хаанахын хэнээс суралцаж болох вэ?
-Ка­надын Конрад Бласк, Их Британийн Феликс Деннис, Австралийн Руперт Мердок, “Форбес” сэтгүүлийг үүсгэн санаачлагч Стеве Форбес, Америкийн Тед Тернер, Опра Винфрем... гэх мэт олон хүнийг нэрлэж болно.

 -Та тэднээс хэнийх нь амжилтын замналыг онцлох бол?
-Тед Тернер. Америкийн хэвлэл мэдээллийн магнат Тед Тернер CNN-ийн үүсгэн байгуулагчаар барахгүй В.Гусинскийн “Медиа-Мост”-ын хувьцааг худалдан авс­­наар бизнесийн хүрээгээ ойроор зогсохгүй холын Орост хүртэл тэлсэн. CNN-ээс гадна “Ти-Би-Эс” буюу Тернер Бродкастинг систем ажиллуулсан. Телевизийн зар сурталчилгааных нь орлого ч огцом хурдтай өсч байлаа. Далбаат завь, бейсболын спорт, бизоны аж ахуй, газрын бизнес ... гээд цөөн гэхээргүй чиглэлд хөл тавьж, хүчээ сорьсныг нь үзэхэд Тедийн үйл ажиллагааны спектр үнэхээр өргөн. Зугаа цэнгээний хий­гээд супермаркетуудын үйлч­­­­лүүлэгчдэд зориулсан нэвтрүүлгийн суваг нээхээс өгсүүлээд “Спорт саус” сүлжээ үүсгэх гэх мэтчлэн эцэс төгсгөлгүй санаачилгын эзэн нь Тед Тернер болой. Тэрбээр телевизийн суваг нээж, станц санаачилж, тэгснээ ондоо бизнес рүү орж, болмооргүй шиг санагдвал өөрийг сонгох зэргээр маневр сайтай, мятрашгүй эрчтэй ажилласан. Гэрээ хэлцэл хийх эсвэл цуцлах, хувьцаа авах эсвэл худалдах, хөрөнгө цацах эсвэл татах гээд хэнд ч гүйцэгдэхээргүй гүйлгээтэй сэтгэнэ. Бизнесийн нэг төрлөөс нөгөөд шилжихдээ гаргуун. Тэрбумтан Жорж Сорос, Владимир Гусинский мэтийн гарамгай бизнесменүүдтэй гар нийлж, ганзага хоршиж явсан ч удаатай. Давших тактиктай, ухрах ухаантай, эх­лэхээс цааргалдаггүй, эрсдэлээс айдаггүй нь Тед Тернерийн төрөлх араншин. Тэрбээр “Удирд, дага, үгүй бол зам тавьж өг” гэсэн ганцхан кредотой. Ердийн зураглаачаас ер бусын магнат болтлоо мандсан эрхэм Тедийн замнал нэг иймэрхүү. Түү­ний энэ түүх манай хэв­лэлийн бизнес эрхлэгчдэд хэрэг болж юуны магад. Ер нь менежментгүй байж телевизтэй болох гэх, мэдэхгүй байж сонин, сэт­гүүл гаргах гэх нь зүйрлэвээс бороотой өдөр гадаа давс зарах, салхитай өдөр гу­дамжинд гурил савлах лугаа аз туршсан алмай үйлдэл. Өөрөөр хэлбэл, хар таамгаар хэвлэлийн бизнес эрхлэнэ гэдэг харанхуй нүх рүү буу шагайхтай адил.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Монголын сэт­гүүл зүйд Тед Тернер шиг магнатууд олон төрөх бол­тугай.
Ц.БАТТУЯА
ӨГЛӨӨНИЙ СОНИН

No comments:

Post a Comment