Tuesday, 28 May 2013

"Төрийн тамгыг орхиод явж байгаадаа л харамсаж байна"

Ш.Солонго: Толгойдоо итгэл үнэмшилгүй, сэтгэлдээ бурхан шүтээнгүй хүнд төрийн тамгыг орхиод явж байгаадаа л харамсаж байна

-Сайн байна уу. Ярилцах хүсэлтийг минь хүлээн авсанд талархал илэрхийлье. Засгийн газрын ХЭГ-т насаараа ажилласан хүн халагдсан нь “Яагаад” гэсэн асуултыг эрхгүй төрүүлж байна л даа. ХЭГ-аас ганц та биш, нэлээд хэдэн хүн халагдсан сураг дуулдлаа. Ер нь юу болоод байна аа?
-Төрийн ажил, албыг хүн өгдөг ч, авдаг ч. Өгөхдөө ч, авахдаа ч хүндэтгэлтэй хандах учиртай. Энэ бүхний гортиг, хэмжүүр нь хууль ёс байх ёстой. Мэдлэг боловсролгүй хэрнээ эрх мэдэлд шунаж, ёс зүйг умартсан хүмүүс тусгай сэдлээр хууль зөрчиж, хууль зөрчих үйлдэлдээ саад болсон хүнийг хулгайч, мөнгө төгрөг идэгч, завшигч мэтээр гутаан доромжлох замаар ажлаас халахыг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Ингэх хэрэггүй л байхгүй юу. Хэрэг эрхлэх газраас найман хүн халагджээ. Олон жил ажилласан туршлагатай хууччуул, мэдлэг чадвар сайтай, ирээдүйтэй залуус тэдний дунд байна. Тэд гадаадад гарч боловсролоо дээшлүүлэх, санал болгосон нэр хүндтэй албанд зүтгэх, хувийн секторт өөрийгөө сорих гээд олон замаар явах байх. Тэд алзахг үй ээ. Гэхдээ Засгийн газар уураг тархиныхаа судас, шим тэжээлийг л үгүй хийж байна гэсэн үг. Энэ алба итгэл зүтгэл, ёс зүй дээр тогтдог юм. Өөрөөр хэлбэл хүн болгон өөрийн үүрэг функцийг маш сайн мэддэг багийн тоглолт. Бие биенээ харддаг, итгэл эвддэг, хууль бус үйлдэл рүү түлхдэг байж таарахгүй. Туршлагагүй, мэдлэг чадварг үй, сэтгэлгүй хүмүүс юу ч хийж магадгүй шүү дээ. Тэдний буруу шийдвэрийн золиос болохыг хэн хүсэх юм бэ?

-Ер нь бол ХЭГ-ын мэргэшсэн төрийн албан хаагчид, Засгийн газрын тэргүүн, түүнийг тойрсон бүлэглэлийн хоорондох зөрчл өөс бүх юм үүджээ гэж ойлгож болох уу?
-Тэгж томруулж яриад яах вэ. Нэг жижигхэн “хүүхдийн” л тоглоом. Тийм “хүүхдээр” тоглуулж байгаа төрийн алба л хөөрхий байна. Албан тушаалын хэнээрхэл, дур зоргоороо авирлахын дон шүглэсэн Г.Дэнзэн гэдэг залуугийн замд би, Монголын хууль саад болсон. Эрх мэдлээр далайлган намайг зайлуулж болно. Хуулийг бол замаас нь гаргаж, мөргөж унагаж чадахг үй л дээ. Хуулийн замаас гадуур явахаар нэг л жим рүү сайварладаг гэдгийг тэд мэддэг л баймаар юм. Эрх мэдэлд тэмүүлж болно. Гэхдээ чаддаг, мэддэг байх хэрэгтэй. Эрх мэдэл бол ямба биш ажил, хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас эхлээд л Г.Дэнзэн гэдэг залуу “Би Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга болно” гээд зарлаад явсан. Тэгээд миний орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Залуу хүн, математикч юм чинь арай өөрөөр сэтгэх байх, ажилдаа хурдан дадлагажих байх гэтэл маргаашнаас нь эхлээд л ангийн хүүхдээ, найзаа, нутгийн хүнээ ажилд авахыг санал болгож эхэлсэн. Эндээс л бид хоёрын зөрчил эхэлсэн дээ. Төсөв тооцоог нь хийгээгүй байж элдэв төсөл хэрэгжүүлнэ, тийшээ төчнөөн төгрөг шилжүүлнэ гэнэ. Хууль дүрэмд заасан шаардлага тавихаар шинэчлэлийг эсэргүүцлээ, садаа боллоо гэж Тэргүүндээ “алтан хошуу” хүргэнэ. Сүүлдээ бараг сар бүр над дээр орж ирж, “Чи муу зайлаарай. Чамайг халуулна даа” гэдэг болсон. ХЭГ-ын ажилтнуудыг цуглуулж хурал хийгээд “Би Тэргүүн дэд болохдоо л болно, Засгийн газрын тамгыг авч, нэгдүгээр гарын үсгийг зурахыг минь та нар хараарай” гэдэг байлаа.

-Г.Дэнзэн гэдэг чинь нөгөө 17 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон, Ерөнхий сайдын хүргэн мөн үү? Энэ залуу ямар мэргэжил, туршлагатай хүн юм бэ?
-Улсын Их Хурлын чуулган дээр тэгж яригдаад л байсан, би мэдэхгүй. Харин өөрийгөө Хэрэг эрхлэх газрын дарга гэж хуурамч бичиг явуулсан нь үнэн шүү. Алтанхуягийг Тэргүүн шадар сайд байхад туслах нь байсан юм билээ. Өөрөөр төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаагүй, 25 настай “хүүхэд”. “Хүүхэд” гэхээр намайг томорч байна гэж магадгүй, гэхдээ энэ газар ийм замын бацаан ажиллаж болдоггүй юм аа. Хэрэг эрхлэх газрын дэд дарга бол наад зах нь асуудал боловсруулж Засгийн газарт оруулах, хуулийн төсөл боловсруулах чадвартай байх ёстой. Гэтэл хоёр үг холбож, албан тоот зөв бичиж чадахг үй хүнийг томилж байна шүү дээ. Ганц жишээ дурдахад, Хэрэг эрхлэх газрын дарга өнгөрсөн оны арваннэгдүгээр сард яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналтшинжилгээ хийх журмыг шинэчлэх үүрэг өгсөн. Хагас жил боллоо, одоог хүртэл хийж чадахгүй л байгаа.

-Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга яг ямар ажил хийдэг юм бэ?
-Тэргүүн дэд даргын ажлын байрны тодорхойлолтод хийх ажлыг нь таван хуудаст багтаагаад заачихсан байдаг юм. Товчхон дурдахад, мэргэжлийн хувьд хуульч байх, Засгийн газраас гарах шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх, хуулийн төсөл боловсруулах, УИХ, ЕТГ-т хандах асуудлыг хянах, яам болон Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж асуудлыг нь Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын шууд захирагчийн үүргийг гүйцэтгэх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах иргэдийн асуудлыг хянаж Ерөнхий сайдад танилцуулах гэх мэт олон үүрэгтэй. Би олон жил энэ үүргийг гүйцэтгэхдээ хууль зөрчсөн нэг ч зүйл хийж байгаагүй. Намайг энэ ажлыг эрхэлж байхад миний хариуцсан төсвийг Аудитын газраас шалгаад дандаа зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан. Ажил алба, эрх үүргийн хувьд хууль зөрчих үйлдэл гарвал хаана ч, хэнд ч хэлдэг байсан. Засгийн газрын хуралдаан дээр ч зөвлөж, анхааруулдаг. Гарцыг нь хэлж өгдөг. Энэ бол миний үүрэг. Үүргээ сайн биелүүлж байсныг үе үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд батлах байх. Миний зөвлөгөөг тэд авдаг, зөвшилцдөг байсан. Би өөрийгөө Гавьяат хуульч, энэ тэр гэж цоллохоо больё, гэхдээ 1992 оноос хойш гарсан бүх тогтоол шийдвэр, Үндсэн хуулиас авахуулаад бүх хуульд миний гар хүрч, хөдөлмөр шингэжээ. Улс орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн томоохон хөтөлбөр, төслийн баримт бичгүүдэд бүгдэд нь би оролцсон. Монголын урдаа барьдаг хуульч, улстөрчидтэй гар сэтгэл нийлэн ажиллаж, тэднээс сурч байсандаа би баярладаг. Гадаадын олон зөвлөхтэй хамт ажиллаж, олон оронд зочилж, туршлагаас нь суралцаж байлаа.

-Таныг халах нэг гол шалтгаан нь үг дуугүй захирагдаж, үгэнд нь ороод яваагүйд байх нь ээ дээ?
-Би төрийн жинхэнэ албан хаагч тул зөвхөн хуульд л захирагдах ёстой. Төрийн албаны тухай хуульд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомжид нийцсэн байвал биелүүлэх ёстой гэж заасан. Хэрэв хууль зөрчсөн байвал дараа нь надад хариуцлага ирнэ шүү дээ.

-Халагдах гол шалтгаан чинь Төрийн банкнаас авсан 15 сая төгрөгийн асуудал юм биш үү?
-“Зоос” банк дампуурсантай холбогдуулан хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлээс хамгаалах, банк санхүүгийн салбарыг тогтворжуулах зорилгоор Засгийн газар 2009 онд 348 дугаар тогтоол гаргаж Төрийн банкийг шинээр эмхлэн байгуулсан. Энэ төсөлд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийг ашигласан. Тухайн үед бодлогын баримт бичиг дээр хэдэн хүн ажилласныг Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ТУЗ-д оруулсан. Би хувьдаа оръё гэж гуйгаагүй, тэр ч байтугай цааргалсан ч Сангийн сайд С.Баярцогт “Маш олон баримт бичиг боловсруулах тул та орох хэрэгтэй” л гэсэн. Төрийн банк тэр үед гадаадын удирдлагын багтай байсан, бид бүх зүйлийг анхнаас нь хийсэн. Би тэнд зарчимч ажилласаан. Хурлынх нь протоколуудыг аваад үзэж болно шүү дээ. Намайг “идсэн, уусан” гээд байгаа 15 сая төгрөгийн тухай асуудлыг та хөндлөө. Би тайлбарлая. Төрийн банк хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүдэд сарын 250 мянган төгрөгийн цалин тогтоож өгсөн. Компанийн тухай хуулийн 14.3.4, 81.6-д, Банкны тухай хуулийн 29.2.9-д ТУЗ-ийн гишүүн цалин, урамшуулал авна гээд заачихсан байдаг, тэрнийгээ л баримталсан хэрэг. Удирдлагын баг нэлээд хүч чармайлт гаргаж ажилласны үр дүнд эхний жилдээ ашиг, алдагдлыг баланслуулж чадсан. Хоёр дахь жилдээ 1.1 тэрбумын ашигтай ажилласан. Дараагийн жилүүдэд 4.3 тэрбум төгрөгийн ашиг олсон. Таван жил шахуу ажилласан үр дүн маань л 15.0 сая төгрөг болж байгаа юм. ТУЗ-д байсан зарим хүн хүсэлт гаргаад зээл, тусламж энэ тэр авсан л юм гэсэн. Тэр бол банкны өөрийнх нь дүрэм журмын дагуу шийдэгдсэн асуудал гэж ойлгож байгаа. Ашиг тооцох, Нийгмийн хөгжлийн сан байгуулах журам гээд бүх зүйл хууль тогтоомж, дүрэм журмын дагуу, эрх бүхий байгууллагын зөвш өөр өлтэйгээр л явж байсан. Одоо миний оронд Төрийн банкны ТУЗ-д Г.Дэнзэн орсон байгаа. Очингуутаа сарын цалингаа 950 мянга болгочихож л байгаа юм. Ялгаа харагдаж байгаа биз.

-Ер нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хэтэрхий олон байгууллагын ТУЗ, удирдлагын багт ордог юм биш үү?
-Би ТӨХ, СЕХ, ТАЗ-ийн гишүүн. Хууль тогтоомжид зааснаар албан тушаалаараа ордог юм. Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалыг хашиж байгаа хүн, хэн ч байсан гишүүн байна л гэсэн үг. Тэрнээс Солонго байна гэж заадаггүй.

-Та намд харьяалалтай юу?
-Би тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Нам бус.

-Таны нөхөр Ардчилсан намын гишүүн, тэр дундаа нэлээд нэртэй, идэвхтэй гиш үүн нь юм биш үү. Тийм байхад Ардчилсан нам засгийн эрх авангуутаа таныг халдаг, хажуугаар нь “Монгол кино” нэгтгэлийн дарга Ж.Солонгыг оролдож эхэлсэн нь сонин санагдахгүй байна уу?
-Миний нөхөр Монголын нийгэмд хүн болгон өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх, төрсөн нутагтаа эрх чөлөөтэй амьдрах, хууль шүүхээс гадуур буруутгагдаж яллуулдаггүй улс орныг бий болгохын төлөө ардчиллын үйл хэрэгт эхнээс нь зүтгэсэн болохоос дарга сайд болох гэж яваагүй. Ардчиллын анхны цуглаанд оролцож, “Хонхны дуу”-г дуулж, тэр түүхэн мөчийг баримтжуулаад явж байсан хүн. Миний нөхөр ардчиллыг дээдэлдэг. Түүнээс биш дарга даамлын өмнө, хойгуур гүйж албан тушаал горилдог хүн биш. Ер нь бол аливаа юмыг анх хийхэд хэцүү, хүнд байдаг. Давааг туулж, саад бэрхшээлийг арилгасны дараа шимийг нь хүртэгчид ялсан талынх болж, хамгийн их бархирдаг юм биш үү.

-Хорь гаруйхан настай жаахан охин ХЭГ-т мэргэжилтнээр орсноос хойш Тэргүүн дэд даргыг нь хүртэл нэг байгууллагад дандаа өгсөх замаар явсан нь бахархал мөн биз?
-Би 1984 онд Москвагийн Улсын Их Сургуулийг төгсөж ирээд л энд орсон. Миний өнөөг хүртэлх албан тушаалын зам мөр бол өнөөгийн яригдаад байгаа мерит зарчмаар л явсан хэрэг. Чи ажлаа сайн хийж байна, одоо ийм албан тушаал хаших цаг нь болсон гээд л дэвшүүлдэг байсан. Манай улстөрчид аман дээрээ сайхан юм ярьдаг ч ачир дээрээ үйлдэл нь тийм биш. Үгийг нь мэдэхгүй хэрнээ аяыг нь мэдээд байдаг дуу гэж байдаг даа. Тэрэн шиг бүгдээрээ мерит тогтолцоо гэж ярьдаг хэрнээ түүнийхээ мөн чанарыг хэрэгж үүлдэггүй. Мерит тогтолцоо гэдэг нь тоймлон хэлбэл, хамгийн бага албан тушаалаас эхэлж, туршлага, мэдлэг хуримтлуулах, төрийн албан хаагчийн ёс зүйг өөрт өө төлөвшүүлэх замаар сонгогдон шалгарах замаар ахиж дэвшинэ гэсэн үг шүү дээ. Нөгөө талаар Төрийн захиргааны хамгийн дээд албан тушаалд би хүрсэн. Тэргүүн түшмэлийн тэргүүн зэрэг гэсэн зэрэг дэвтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог, цэргийнхээр бол армийн генерал юм шүү дээ. Эмэгтэй хүн ийм өндөрлөгт хүрэхийн тулд эрэгтэй хүнээс гурав дахин их хүчин чармайлт гаргадаг байхгүй юу. Найрахгүй, бүлэглэхгүй, тал тохой татахгүй, чин шударга ажиллаж, хүлээн зөвшөөрөгдөж байж л тэнд хүрдэг юм. Энэ бол үр дүн, төрд хоёргүй сэтгэлээр 30 жил тууштай, шударга зүтгэсний үнэлгээ.

-Одоо бол эрх мэдэлтэнд үйлчилдэг хүмүүс, эсвэл найз нөхөд, ах дүү нь хэдэн ч шат алгасаж харайж болоод байгаа юм биш үү?
-Найз нөхөд, хамаатан садан нь орж болно шүү дээ. Хуульд заасан шалгалтаа өг, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгээ холбогдох байгууллагад нь өгч дүгнэлт гаргуул, шууд удирдлага дор нь ажиллахгүй бай. Ийм л эрх зүйн орчинд бид амьдарч байгаа. Төрийн албанд ажиллаж, туршлага хуримтлуулсан хүнийг бол Монгол төрийн үнэт капитал гэж үзэх ёстой. Байгууллагын ой санамж гэж байдаг. Өмнө нь ямар асуудлыг яаж шийдэж байсан, ямар хүч хөрөнгө зарцуулсан, бусад оролцогчдын байр суурь гэх мэт асуудал маш чухал байдаг.

-Төрийн жинхэнэ албан хаагчдыг гайтуулах, оронд нь хэн ч мэдэхгүй, юу ч чадахгүй хүмүүс ирж, төрийн албыг завхруулж байгаа жишээ захаас аван байна шүү дээ. Ингэж болохгүй гэж хэлсэн үү? Хэлээд дайсан болов уу?
-Засгийн газрын ХЭГ гэдэг бол тогтож төлөвшсөн, маш том байгууллага. Тосолгоо, үйлчилгээ нь цагтаа хийгдэж, торох гацах юмгүй болчихсон их том механизм. Засгийн эрхийг ямар улс төрийн хүчин авах нь хамаагүй, хийх ёстой ажлаа тасралтгүй хийж л байдаг байгууллага. Ажил албаа олон жил хашиж, туршлагажсан жинхэнэ шилдэг мэргэжилтнүүд тэнд байсан. Манайх 120 хүнтэй. Дэнзэн өөрийн хариуцдаг албаддаа 80-аад хүн шинээр авсан. Болохгүй юм байхгүй, гэхдээ батлагдсан орон тоондоо багтааж, хуульд заасан ажлын байрны тодорхойлолтыг нь батлуулан, төрийн албаны шалгалт өгүүлэх ёстой шүү дээ. Энэ бол хууль. Ямар газар ирснээ мэдэхгүй, юу хийхээ ойлгоогүй, байгууллагынхаа үүрэг, функцийг ч мэдрэх чадваргүй баахан хүмүүс сэлгүүцээд байж болохгүй биз дээ. “Чи юу хийж байна” гэхээр “Хяналт шалгалт хийж байна” гэнэ. Намайг жишээ нь, есөн сарын турш мөр тоолон, мөч мөшгин шалгалаа. Юм олдохоо болихоор манай байрны талбайн хэмжээг хүртэл шалгалаа шүү дээ. 2008 онд ХЭГ-ынхан “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ажилтнууддаа зориулсан орон сууцыг өөрсдийнх нь хөрөнгөөр барьсан юм. Тэндээс манайхыг илүү ам метр авчихсан байж магадгүй гэж хардаж байгаа юм байна л даа. Ажлаа өгөөд, гарах боллоо. Гучин жил байсан болохоор ном гэхэд л хэдэн авдраараа байна. Гавьяат хуульч боллоо гээд найз нөхдийн өгсөн бэлэг дурсгалын шил шаазан юмнууд ч байх юм. Миний хоёр дахь гэр шүү дээ. Гэтэл юмаа цэгцэлж байхад, дараа нь хайрцагт хийж байхад шалгалаа. Сүүлд нь үүдээр гарах гэсэн чинь шалгалаа. Юу авч гарч байна гэдгийг үзэж байгаа юм байх аа. Бичиг цаас аваад гарчихаж магадгүй гээд бүхэл бүтэн Ажлын хэсэг гаргаж бичиг хэрэг, архив, лавлагааны фондод хүртэл шалгалт оруулсан байна лээ. Тэнд хууль, тогтоолын хэдэн карт л байдаг юм. Би тийм юм авч гараад яах юм. Тэр бүх шийдвэр, дээд газарт явсан албан бичгийн эхийг зохиосон, хянан боловсруулсан хүн нь би. Миний толгойд бүгдээрээ байгаа шүү дээ. Миний явуулсан бүх бичгийг татаж авч үзнэ. Санхүүгийн баримт, төлбөрийн даалгавар, шилжүүлэг болгоныг хянана. Хүн өрөөлийг өөртэйгээ адил үздэг бололтой. Дэнзэн хуурамч бичиг хийсэн нь би тэгнэ гэсэн үг биш биз дээ.

-Та гучин жил тэнд ажиллажээ. Үнэхээр сэтгэл зүтгэл гаргаж ажилладгийг чинь мэдэх хүний нэг нь би. Хэзээ гэртээ харьдаг юм бол гэж гайхдаг байлаа. Гэр орны чинь нэг хэсэг болсон газраасаа, олон жил хамт ажиллаж дассан хамт олноосоо явах хэцүү байв уу? Үндсэндээ хавчигдаж, хөөгдөж гарахад гомдох сэтгэл төрсөн үү?
-Нэг л үг сэрхийтэл орж ирж байна лээ. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж. Би сая ажлаа өгчихөөд гэртээ байж байтал цонхоор нар тусдаг юм байна. “Энэ чинь юу билээ” гэж бодогдсон шүү. Нартай байхад гэртээ байж үзээгүй юм билээ. Үзсэн байх л даа. Гэхдээ цөөхөн, тэр нь их дээр үед болохоор мартсан байх. Дандаа л ажил дээрээ байдаг байж. Намайг халагдсаны дараа “Үнэн юм уу”, “Арай ч дээ” гэж нэг хэсэг нь ярьж байна. Нөгөө нэг хэсэг нь ажлын санал тавьж байна.

-Гучин жил төрийн дээд байгууллагад ажилласан, төрд, төрийн албан хаагчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн хүний чинь хувьд Ерөнхий сайд ямар нэгэн ажил санал болгоогүй юу?
-Үгүй дээ. Бушуухан зайлуулах хүсэл нь буцалсан хүн юун шинэ ажил санал болгох. Харамсалтай нь халах шийдвэрээ өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүй л байна. Хууль ёсны дагуу бол намайг халах үндэслэл байхгүй болохоор гарах тогтоол нь хууль бус байх болно. Гэхдээ энд нэг л эмзэглэмээр зүйл байгаа юм. Монгол төрийн түшиг, хаан төрийн долоон эрдэнийн нэг нь төрийн түшмэл гэдэг шүү дээ. Төрд 20-30 жил зүтгэсэн төрийн түшмэлүүдийг нэг этгээд өөрт нь таалагдаагүй, хүслээ биелүүлэхэд нь саад боллоо гээд халчихаж байгаа явдал бол завхрал. Энэ бол Солонго гэдэг хувь хүний асуудал биш. Төрд итгэгдэж,  төрийн шалгуур даасан хүмүүсийг зайлуулж байгаа нь төрийн дархлааг эвдэж байгаа хэрэг.

-Таныг халсан шалтгаан тэр 15 сая төгрөг гээд яриад байгаа зүйл арай биш бололтой. Цаана нь өөр юм байгаад байх шиг байна. Тийм үү?
-Сүүлийн үед бүх асуудлын шалтгаан юу байгаа билээ? Эрх мэдэл булаацалдах, мөнг өний баримт дээр гарын үсэг зурах хүсэл мөрөөдөл л болсон юм биш үү. Холч ухаантай, ноён нуруутай, юмны наад цаадахыг ойлгож ажилладаг хүмүүсийн оронд байгаа дээрээ амжуулж авах гэсэн хоноцын сэтгэлгээтэй, тулга тойрсон юмаар хөөц өлддөг хүмүүс эзэрхийлж байгаа нь харамсалтай.

-Таныг УИХ-ын сонгуулийн дараа өөр ажилд очих гэж байна гэсэн сураг дуулсан. Тийшээ очоогүйн шалтгаан юу вэ. Яагаад дарамтлуулан дарамтлуулан эндээ байгаад байсан юм?
-Өөр газраас надад ажил санал болгосон. Явбал ч явчихаар л байлаа. Гэвч нэг талаас Ч.Сайханбилэг сайд “Юу гэж байгаа юм бэ. Тэгж зангаа буруулахгүй шүү. Маш олон бодлогын баримт бичиг боловсруулна, таны л хийх ажил. Хамтран ажиллая” гэсэн. Нөгөө талаар Дэнзэн гэдэг залуугийн аашилж аагирхаж байгааг хараад ийм толгойдоо итгэл үнэмшилгүй, сэтгэлдээ бурхан шүтээнгүй хүнд төрийн тамгыг үлдээгээд явмааргуй санагдсан.

-Таны оронд тэгээд тэр Дэнзэн гэдэг залуу болох юм уу?
-Хуульд зааснаар бол томилогдох, орлон гүйцэтгэх ямар ч эрх зүйн үндэслэл байхг үй. Албан тушаалыг буруугаар ашиглах тун магадгүй хүн. Ерөнхийлөгч Элбэгдорж нэг үг хэлдгийг санаж байна уу. "Дурлаад байгаа хүнд тэр албан тушаалыг нь өгч болохгүй" гэж.

-Та тэгээд одоо яахав, Шүүхэд хандах уу?
-Холбогдох байгууллагад хандана аа. Нэр төрөө сэргээлгэнэ. Хууль зүйт нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ. Манай гэр бүл үр удмаараа төрд зүтгэсэн. Тэднийхээ нэр төрийг гутаагаагүйд, шударга, ёс зүйтэй, төрдөө үнэнч байж чадсаныгаа хууль зүйн дагуу нотлуулна. Юм нэгээр дуусахгүй... Маргааш нар гарна.

-Танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.
С.БАТБААТАР
"ӨНӨӨДӨР" сонин

No comments:

Post a Comment