Sunday, 4 November 2012

Н.Бат-Эрдэнэ: Ямартай ч энэ удаад Монгол гэдэг үгийг 24 янзаар бичлээ. Харин цаашид...

Уран бичлэг сонирхогч уншигчдадаа зураач, уран бичээч Н.Бат-Эрдэнэ "Монгол хэмээх нэгэн нэр..." нэртэй дөрөв дэх бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр 15 цагт Дүрслэх урлагийн музейд нээх гэж буйг дуулгая. Тэрбээр үзэсгэлэндээ 24 бүтээл дэлгэн тавьж буй бөгөөд энэ бүх бүтээл нь бүгд монгол гэсэн үгийг бүтээж буй гэнэ. Өөрөөр хэлбэл монгол гэдэг үгийг монгол бичгийн дүрслэл тэгийн аргыг ашиглан бичсэн юм билээ. Зураач Н.Бат-Эрдэнэ нь энэхүү үзэсгэлэнгийнхээ санааг 2007 онд олсон бөгөөд уг санаагаа баяжуулан улам боловсруулж 2012 он гэхэд 108 иж бүрдэл бүхий бүтээлээр цуврал үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Яагаад уран бичлэг таны сонирхлыг татсан талаар эхлээд сонирхуулаач? 
-1993 онд анх уран бичлэгийн улсын уралдаан гэж болсон юм. Аким гуай анх санаачилж зохион байгуулсан юм билээ. Тэр тэмцээнд оролцсоноос хойш өнөөг хүртэл 20 гаруй жил уран бичлэг хэмээх энэ гайхалтай урлагтай амьдралаа холбож байна. Энэ үзэсгэлэн маань ч гэсэн уран бичлэг бичдэг болсонтой минь холбоотой. Сонирхуулахад энэ үзэсгэлэн уран бичлэг, монгол урлаг үсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Угаасаа уран бичлэгийн үндсэн хоёр зүйл нь энэ хоёр. Уран бичлэг нь бийрийн ур чадварыг үзүүлдэг бол урлаг үсэг нь бичгийн хэлбэрээр өргөн утга агуулгатай гоёмсог хээ угалз мэтийг зурдаг. Зэрвэсхэн харахад хээ угалз юм шиг хэрнээ цаана нь ямар нэгэн үг бүтээгдсэн байна гэсэн үг. Би өөрийн улс орны каллиграфаас гадна гадаадын 10 гаруй орны каллиграфыг сонирхсон.

-Таны энэ үзэсгэлэнд зөвхөн монгол гэсэн үгийг 24 янзаар бичсэн гэж тодотгосон байсан. Ганц үг ийм олон янзаар хувирна гэдэг сонирхолтой байна шүү? 
-Энэ удаад бол 24 янзаар бүтээл болгосон юм. Цаашид бол 108 янзын дүрс бүтээнэ. Би энэ үгээс бүтсэн дөрвөн цуврал үзэсгэлэн гаргахаар бэлдэж байгаа. Энэ удаагийн уран бичлэг урлаг бичгээс бүрдэж байгаа бол дараагийнх нь металл, сийлбэр, зээгт наамлаар хийгдэнэ. Нэг уран бүтээлч л монгол гэсэн үгэн дээр ажиллаж 108 бүтээл гаргана гэдэг сонирхолтой биз дээ. Манай бичгийн соёл яндашгүй гэдгийн баталгаа л энэ. Гэхдээ нэг хүн нэг үгийг ийм олон янзаар бүтээж чадаж байхад 10 залуу ямар ихийг бүтээх бол оо. Тэгэхээр уул уурхайгаа түшиглэж хөгжиж байгаа монголчууд одоо оюун санааныхаа, соёл урлагийнхаа уурхайг ухаад үзэж яагаад болохгүй гэж. Хүний оюун санааны уурхай шавхагдашгүй шүү дээ.

-Ер нь монгол гэдэг энэ үгийг хэдэн янзаар бичив? 
-Нэг зүйлийг тал талаас нь олон өнцгөөс харах боломжтой байдаг гэдгийг харуулах гээд байгаа юм, би. Яг одоогоор дүрсэнд оруулсан 36 ажил гаргачихаад байгаа. Урлаг үсгээр бол 108-ыг гаргана. Бясалгал хийгээд сууж байгаа хүн, нугарч байгаа охин, монгол хүүхэд, монгол хатад, харваач гээд л явж өгнө дөө.

-Би өөрөөс чинь таны каллиграфаар хамгийн их бичих дуртай үг ямар үг вэ гэж асуухаар бэлдэж байсан юм. Гэтэл таны ярианаас монгол гэсэн зургаан үсэгнээс бүтсэн энэ үг юм байна гэж таалаа. Зөв үү? 
-Миний хувьд монгол гэдэг үг бол тарни л гэсэн үг. Яруу найрагч Ш.Гүрбазар Монгол гэдэг зургаан үсэгтэй гайхалтай нэртэй үндэстэн азийн цээжинд байдаг гэж шүлэглэсэн байдаг. Яг л тийм.

-Уран бичлэг буюу каллиграфыг монгол бичгийг урлаг талаас, тэр дундаа дүрслэх урлаг талаас харуулсан урлагийн бүтээл гэж би ойлгодог. Тиймдээ ч монгол бичиг нэлээд сайн мэддэг хүн каллиграфаар бичдэг байх гэж санадаг? 
-Мэдээж уран бичлэгтэй холбогдсон хүн монгол бичгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ монгол бичгийн хэдэн зуун мянган үг байдаг. Бас тодорхой дүрэмтэй. Тэр бүгдийг бүрэн төгс мэдэж байж каллиграф бичнэ гэж юу байхав. Багш нар маань ч гэсэн тэгж хэлдэг.

Гэхдээ мэдээж үгсийн уурхайг хайж олохын тулд байнга боловсорч байх хэрэгтэй. Тэгж боловсрох явцдаа бүтээлүүдээ сайжруулах хэрэгтэй. Ер нь монгол бичиг бичгийн түүхийг гол судалгаагаа болгож байж л чанартай бүтээл гарна л даа. Уран бичлэг, урлаг үсэг хоёр хоёулаа бичиг үсгийн урлаг мөртлөө дотроо зарчмын ялгаатай. Уран бичлэгт бол дотроо хичээнгүй, таталган, гүйлгэн, судрын, эртний тэг гэсэн үндсэн таван тэгтэй. Хичээнгүй бичиг гэдэг нь хүүхдийн бичиг шиг маш гоё хичээнгүй бичихийг хэлээд байгаа юм. Ингэж бичиж сурсны дараа л бусад төрлөөр нь бичих боломжтой. Үндсэн зарчмаа сайн ойлгоогүй тохиолдолд яаж ч сайн бүтээл төрүүлэх гээд чадахгүй шүү дээ.

-Урлаг үсгийн талаар сонирхуулаач? 
-Хадны зургаас эхлээд байшин барилга, хээ угалз, судар номон дээр байгаа зүйлсийг сийлбэр, зээгт наамал зэрэг янз янзын хэлбэрээр уран гоё хийхийг урлаг үсэг гээд байгаа юм. Гэхдээ үүнийг хийдэг тусгай хүмүүс байдаг. Уран дархчууд одоогийнхоор бол дизайнерууд хийдэг. Урлаг үсэг уран бичлэг хоёр хоёулаа адилхан юм шиг хэрнээ өөр. Зур ах хийцийн хувьд нарийн учраас урлаг үсэг цаг хугацаа их шаарддаг. Харин уран бичлэг бийрээр бичдэг учраас нэлээд хурдтай хийгддэг. Тэгээд дээрээс нь эрч хүч сэтгэлийн хөдөлгөөн тусгагддаг. Каллиграфыг хүн бүр хийж чаддаггүй. Харин урлаг үсгийг бол настай хүн ч хийх боломжтой.

-Монгол бичиг бол авианы бичиг гэтэл зарим хүмүүс дүрсэнд оруулж ханз шиг болгоод байна гэсэн шүүмж байдаг. Энэ талаар таны бодол? 
-Би эхэндээ нээрээ тийм юм биш байгаа гэж бодож байсан юм. Харин дараа нь нэг дүгнэлтэд хүрсэн. Юу гэхээр нэгд, хүмүүс монгол бичгийг маш сайн судлах хэрэгтэй юм байна. Хоёрт, тухайн уран бүтээлч яг юу хийгээд байна вэ гэдгийг ойлгохын тулд цаг зарах хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн. Ер нь зарчмын хувьд монгол бичиг бол нэлээд өндөр түвшинд боловсорсон авианы бичиг. Хятадын дүрс үсгээс огт өөр. Монгол бичиг дотор байгаа гоо сайхны илэрхийллийг нь гаргаж байгаа юм. Тэгэхээс үндсэн сонгодог босоо бичиг хэвээрээ л байгаа.
Тиймдээ ч би энэ үзэсгэлэндээ монгол үндэстний түүх, зан заншил, соёлын гол илэрхийлэл болсон морь, гэр, соёмбо тэмдэг, бөх, харваач, чоно зэрэг шүтээн дүрсүүдийг монгол бичгийнхээ хэв, жаягт тохируулан монгол үгээр гаргасан. Энэ бол эрт дээр үед байсан урлагийн нэг хэлбэр
байхгүй юу. Монголын нэгэн нэртэй тагнуулч өөрийнхөө нэрийг туулайн дүрсэнд оруулаад биччихсэн байсан гэсэн яриа хүртэл байдаг. Ерөөсөө монгол бичгийг гоо сайхны хэлбэрт оруулаад задлах боломж их. Бас эвэр, сүүл, нум, орхиц гээд л монгол бичгийн элементүүд нь яаж хувиралд орж байна вэ гэдэг хүн бүрт сонирхолтой харагддаг. Миний түрүүний үзэсгэлэнг үзсэн нэгэн настан хэлж байсан юм. Эхлээд би зүгээр л зураг байна гэж харж байлаа. Тэгснээ уг болохыг нь олж мэдээд эхнээс нь дуустал бүгдийг нь уншсан гэж. Бүтээлд нь ингэж анхаарал тавих нь уран бүтээлч бидэнд маш том урам өгч байгаа хэрэг юм даа.

-Каллиграфыг хээ хуар шиг харагдуулахын тулд тодорхой хугацаанд бясалгах шаардлагатай байх. Өөрөөр хэлбэл урлагийн бүтээл болгоход тодорхой цаг хугацаа шаардагдана биз? 
-Бүх л уран бүтээлчид нэг санаа олоод түүнийгээ бүтээл болгохын тулд дотроо бясалгадаг байх. Тэгж байж л бүтээл гаргадаг. Ер нь үргэлж ямар нэгэн юм хайж явдаг гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Тухайлбал энэ үзэсгэлэнд тавьсан нэг бүтээлээ гэхэд би хадагны хээнээс олж авсан. Хайсан юмаа олж аваад ингэж хийвэл зүгээр юм гэж эксиз гарган түүгээрээ бүтээл хийхэд сая санаанд хүрсэн сайхан бүтээл төрдөг.

Мэдээж зарим нь хурдан бүтээл болчихож байхад зарим нь удаан хугацаагаар санаа чилээх нь бий. Би цаашид торгоны хээгээр цуврал бүтээл хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ монгол уран бүтээлчид өөрсдийнхөө бүтээлийг бүрэн гүйцэд өв болгон авч үлдэх талдаа жаахан тааруухан байдаг юм байна. Тэгэхээр би үүнийгээ бүр дагнан бүтээгээд цаашид хэрэглээнд оруулна гэж бодож байгаа. Айл болгоны хойморт байсан ч яадаг юм бэ, хэрэглээ болоод. Энэ чинь зөвхөн Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй холбоотой асуудал биш бидний үндэсний баялаг. Энүүхэндээ гэхэд надад хийх ажил мат их байна.
Үүний дараа "Нэр ба дүрс" гэсэн нэртэй цуврал үзэсгэлэн гаргана. Өөрөөр хэлбэл дэлхийн 600 гаруй хүний нэр бүхий 14 цуврал үзэсгэлэн гаргахаар бэлдэж байна.

-Та түрүүнд ярьсан. Гадаадын 10-аад орны каллиграфтай танилцсан гэж. Тэднээс хамгийн сонирхолтой нь аль улсын каллиграф байв? 
-Ер нь бол бүхий л улс орны каллиграф гоё л доо. Гэхдээ надад Арабын каллиграф хамгийн гоё санагдсан. Сайн ажиглавал монгол бичгийн зарим нэг хэлбэр хийц яваад ч байх шиг. Хамгийн гол нь исламынхаа сүм хийдийн хана туургыг карон судраараа хийсэн нь их гоё санагдсан. Бас хятад, японы каллиграф сонирхолтой байсан. Орос болгарын каллиграф бас их гайхалтай. Кирилл үсгийг үнэхээр гайхалтай болгосон байдаг юм билээ. 

-Ингэхэд яагаад энэ удаагийнхаа үзэсгэлэнг "Монгол гэдэг нэгэн нэр..." гэж нэрлэсэн юм бэ? 
-Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай Монголын төлөө хэмээх нэгэн сэтгэл бидний зүрхэнд цохилоостой гэсэн Д.Нацагдоржийн шүлэгнээс үүдэлтэй. Ер нь би Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын шүлэгт дуртай. Тэгээд ч даяаршиж байгаа энэ үед монгол бичиг маань бэлгэдлийн шинжтэй болчихоод байна шүү дээ. Тиймээс цөөхөн хэдэн хүмүүс нь ч гэсэн бэлгэдлийн чанартайгаар байсан ч хамаагүй гайхалтай бичиг соёлоо хэрэглэж байя л даа. Нарийндаа бол энэ нь соёлын дархлаа юм.

Х.Алтанцэцэ
Улаанбаатар таймс

No comments:

Post a Comment