Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Туулайхүүтэй ярилцлаа. Монголын шилдэг удирдаач, "Гоо марал"-ын эзэн тэрээр бүхий л амьдралаа сонгодог урлагт зориулж яваа нэгэн. Тиймдээ ч тэрээр Дж.Пуччиний "Богема", "Чио чио сан" дуурь зэрэг олон дуурь, балетыг мэргэжлийн өндөр түвшинд удирдсан юм.
-Уран бүтээлчид дандаа л шинийг эрэлхийлж байдаг хүмүүс. Та сүүлийн үед ямар томоохон бүтээл дээр ажиллав?
-Хэд хоногийн өмнө Эзэн Чингэсийн 850 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод оролцлоо. Морин хуурт зориулсан үндэсний хөгжимтэй симфони найрал, сонгодог хөгжимтэй хамтарсан таван концертыг нэгэн дор тоглосноороо өвөрмөц онцлогтой боллоо. Мөн таван бүжиг, таван уртын дууч дээр нь гол агуулгыг нь МУГЖ, Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам хийсэн. Үүнд найруулгын өвөрмөц бодлого, шийдэл маш их орсон. Тийм учраас энэ тоглолт хүмүүст янз бүрээр ойлгогдох байх гэж бодож байна. Манай симфони оркестр ингэж тоглоход нь сайхан санагдлаа. Миний хувьд төрийн шагналт Н.Жанцанноровын концертыг Батсайхан гэж залуутай тоглосон. Энэ концертыг олон жилийн өмнө тоглож байсан. Түүнээс хойш дахин тоглогдоогүй байсан юм. Гэтэл Батсайхан маань яг л анх тоглож байсан шигээ чадварлаг тоглолоо.
Түүнчлэн надад дөрвөн том зохиол оногдож тэр бүгдийг удирдахдаа баяртай байлаа. Шинэлэг шинэ концерт гэдгээрээ хүмүүсийн таашаалд хүрсэн тоглолт болсон гэж би бодож байна. Бас амралтын өдрүүдэд дэлхийд нэр нь түгсэн Америкийн балетын гоцлооч "Жизель" балетыг удирдлаа. Ер нь бидэнд шинэ уран бүтээл өвлийн улиралд тасардаггүй. Үүний дараа симфони найрал хөгжим, балеттайгаа нийлээд Хятад улсын Тьянжинд очиж бүрэн бүрэлдэхүүнээрээ Чайковскийн "Шелькунчик" бүжгэн жүжгийн балетыг тоглохоор бэлтгэж байгаа. Симфони найрал хөгжим, балеттайгаа гадаадад гарч тоглоно гэдэг тоглолтоо дэлхийн хэмжээнд өндөр түвшинд бэлтгэсэн байх ёстой. Үүний тулд симфони найрал хөгжим нарийвчилсан сургалтуудыг хийж байна. Балет бас тусдаа бэлтгэж байна. Энэ тоглолтыг арванхоёрдугаар сарын 16-нд өөрийн эх орондоо тоглож бэлтгэлээ базаагаад арванхоёрдугаар сарын 19-нд Тьянжин хотноо тоглохоор төлөвлөсөн байгаа. Гадаадад бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоход уран бүтээлчдэд өндөр шаардлага тавьдаг. Энэ бэлтгэлдээ орчихсон явна.
-Ирэх онд ДБЭТ-ын 50 жилийн ой тохионо. Ойдоо зориулж шинэ бүтээл тавих уу?
-Манай театрын 50 жилийн ой Монголд сонгодог ДБЭТ байгуулагдсантай холбоотой. Мөн Монголын сонгодог урлагийн хөгжилтэй холбоотой. Тийм учраас манай бүх уран бүтээлчдийн уран бүтээлийн тайлан болно. Мөн ойн өмнө Д.ж Вердийн шилдэг бүтээл "Аида" шинэ дууриа тоглоно. Энэ үүрэг надад оногдож байгаа. Энэ дуурийг дэлхийн бүх дуурийн театрын хүсэн хүлээдэг. "Аида"-г тоглосон шүү гэж бахархдаг бахархлын том дуурь юм. Энэ дуурь дээр маш олон уран бүтээлч оролцдог. Хөгжмийн зохиолч Вердий энэ дуурийг зохиохдоо нэг ч алдаа гаргаагүй учраас дэлхий нийтэд нэгч хэсгийг нь хасахгүй бүрэн эхээр нь тавьснаараа алдартай агаад гайхамшигтай. Энэ дуурьт бүргэд, могой зэрэг циркийн амьтад, Хөгжим бүжиг, СУИС, Цэргийн ассамблейн хоор нэмэгдэж ордог. Мөн энэ дуурийн гоцлол дуучид дэлхий том ариг дуулдаг. Ингэж хоор маш том хэмжээгээр оролцдогоороо ялгаатай. Бид 150 гаруй дуучидтай дуулж тоглоход хүнд үнэхээр таашаал өгч чаддаг юм билээ. Тийм учраас бид энэ жил энэ л бүрэлдэхүүнээрээ тоглох бодолтой байгаа.
-Тьянжид тоглогдох "Шелькунчика" дуурийн тоглолтын билет хэд байх вэ. Гадаадад тоглох зах зээл гэдгээрээ нэлээд өндрөөр үнэлэх болов уу?
-Дуурийн театрын гадаадад тоглох зах зээл гэж байдаг. Энэ зах зээлээ Хятадаас эхэлж байна гэсэн үг. Үүнийг зөвхөн Тьянжин гэлтгүй дараа нь Хөх хот, Ордос ч гэх юмуу үзвэр үздэг олон хүнтэй газар тоглох нь чухал. Тиймээс бидний гадаадад тоглох ажлын эхлэл болж байгаа юм. Бид өмнө нь Улаан-Үд ОХУ, Новосибирск, Ташкентэд тоотойхон явж байсан. Харин одоо үүнийгээ үргэлжлүүлж, байнга ийм хэмжээнд байлгая гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн тэнд байгуулагдсан шинэ дуурийн театрын нээлт өнгөрсөн аравдугааар сард болсон. Тэнд дэлхийн том том оркестр, удирдаач ирж тоглосон. Харин тэр дуурьт манай балетын том хамтлаг очиж тоглож байгаагаараа онцлог.
-Та манай дуурийн урдаа барьдаг удирдаач. Сайхан мэргэжлээрээ бахархахын сацуу өндөр хариуцлага цаг үргэлж ирдэг байх. Наад зах нь тэр олон уран бүтээлчдийг нэгэн зүгт нэгтгэж чиглүүлнэ гээд л?
-Тэгэлгүй яахав. Удирдаач нь дэлхийд хүнд мэргэжлийн тоонд ордог. Зөвхөн өөрөө биш хамт олныг нэгтгэж уран бүтээлд чиглүүлж, тэднийг уран бүтээлээ гаргахад бүх зүйлийг нь удирдан хийлгэдэг багш байдгаараа онцлогтой. Энэ ч үүднээс биеийн болоод оюуны их хүч гаргадаг. Ялангуяа "Аида" дуурийг удирдахад удирдаачаас их хүч гаргаж байж амилах жишээтэй. Тийм учраас театрыг авч явах амин сүнс нь удирдаач байдаг. Иймд ажлаа зөв хуваарилж, хамт олноо зөв удирдаж, өдөр болгон мэргэжлийнх нь чадварыг дээшлүүлэх тал дээр ажиллаж байдаг. Үүгээрээ үүрэг, хариуцлага өндөртэй.
-Сүүлийн үед танай театраар гаднынхан их зочилж байгаа. Тэдэнтэй хамт удирдах шаардлага гарна. Энэ үед ямар санагддаг вэ, эсвэл удаан хугацааны бэлтгэл сургуулилт хийдэг үү?
-Сүүлийн үед манай театрын Б.Сэргэлэн дарга гадаад харилцааг хөгжүүлэх тал дээр сайн ажиллаж байгаа. Франц, Америк, Герман, Австри, Япон зэрэг аль ч улсаас ирсэн удирдаачтай манай хамт олон шууд харьцдаг. Гэвч энэ тал дээр бидний дунд ямар ч хүндрэл учирдаггүй. Тэд ч манай дуурийн театрын үйл ажиллагааг үнэлээд буцдаг. Ингэхдээ дэлхийн дуурийн театрын ажил яаж явагддаг, тэр хэмжээнд явж байна гэж хэлдэг. Тийм учраас хамт олноо дэлхийн дуурийн театрын хэмжээнд авч явна гэж сэтгэлдээ бахархаж явдаг.
-Санамсаргүй байдлаар заримдаа алдаа гаргах үе гардаг биз?
-Энэ тал дээр хувийн бэлтгэлийг маш сайн хангасан байх ёстой. Жишээ нь "Аида" дуурийг гэхэд л дэлхийн аль аль улсуудад тавьсан байна вэ гэдгийг өөрөө үзэж харж судалсан байх ёстой. Тэгж судалсныхаа үндсэн дээр хамт олондоо тэр улсын дуурийн театр ингэж дуулсан юм, энэ улсын дуурийн театр ингэж хөгжимдсөн юм, гэж бүгдийг хэлж чаддаг байх хэрэгтэй.
-Та дуурийн урлагийн гайхамшиг сайхныг хэдийнээс мэдэрсэн бэ?
-Дуурь хэмээх тансаг урлагийн гайхамшгийг 1974 оноос эхлэн мэдэрсэн. Учир нь би Хөгжим бүжгийн дунд сургуулийг удирдаач мэргэжлээр төгссөн. Энэ үед Москвагаас удирдаачийн багш ирж надад удирдаачийн мэргэжил олгосон. Тухайн үед Жамсранжав, Чулуун гээд удирдаачид байхад би хөгжимчин байсан. Гэхдээ мэргэжлээ бусдаас ичиж зовж нуудаг байлаа. Тэгээд 1974-1978 онд хөгжимчнөөр ажиллаад 1978 онд Уралын хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангид явсан. 1996 оноос ДБЭТ-ын ерөнхий удирдаачаар ажиллах хугацаандаа дуурийн театр ямар нүсэр, ямар хамт олонтой харьцаж, хамт ол-ныг удирдан чиглүүлэх үүрэгтэй байдгийг яс махаараа мэдрээд явж байна.
-"Алтан намар" жилээс жилд үнэ цэнээ алдаж чанаргүй болж байгаа гэж шүүмжлэгдэх боллоо. Энэ жил бүр үзэгчгүй болсон гэж дуулдсан. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-"Алтан намар" хөгжмийн наадам Монголын сонгодог хөгжимд их нөлөөтэй том наадам. Миний бие 1985 оноос "Алтан намар" хөгжмийн наадмыг 2004, 2005 он хүртэл удирдаж ирлээ. Энэ наадам Монголын хөгжмийн зохиолчид юу үзэж харж, юу бүтээв гэдгээ ард түмэндээ тайлагнадаг юм. Намайг 1985 онд Гончигсумлаа, Мөрдорж, Чойдог зэрэг алдартай хөгжмийн зохиолчид зохиол бүтээлээ "Алтан намар" наа-дамд дуугаргадаг байсан. Тэр үед хөгжмийн зохиолчоос нь уран бүтээлийг нь гардаж аваад анх удаагаа эгшиглүүлнэ гэдэг том хариуцлага байдаг байлаа. Ингэж би "Алтан намар" хөгжмийн наадамд маш олон жил удирдсан. Үүний хамгийн том гараа Шаравын хоёрдугаар симфони "Чингис хаан"гэж том хоортой симфони байдаг. Үүнийг би дөнгөж сургууль төгссөн залуухан удирдаач байхдаа удирдаж байлаа. Энэ сайхан мөч одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Мөрдорж гуайн "Шилийн богд" хөгжмийг удирдаж байсан.
Мөн Гончигсумлаа гуайн дөрөвдүгээр симфони, Чойдог гуайн "Хүлгийн хурдаар" удиртгал, төгөлдөр хуурын концертыг удирдаж байлаа. Энэ бүгдийг удирдаж байсан минь сайхан санагддаг юм. Нэг ёсондоо Монголд байдаг хоёрхон оркестр хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуугаргадаг юм шүү дээ. Тийм учраас "Алтан намар" наадмаар хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг дуугаргаж улс орондоо сурталчлах ажлыг хийдэг байлаа. Тэр үед сайхан хөгжмүүдээ радио, телевизэд бичүүлэх том үүрэгтэй ч байсан. Мөн хөгжмийн зохиолчдын бичсэн кино, жүжиг, симфони найрал хөгжим бичлэг хийж, ард түмэндээ сурталчилсан том наадам байдаг байлаа. "Алтан намар" наадам тэр үед маш их нэр хүндтэй том наадамд тооцогддог байсан. Харин сүүлийн үеийн хөгжмийн зохиолчид залуухан байна. Тэд юмаа дугаргаж үзэж байна. Тэдний дундаас том том бүтээлүүд гарах эх үүсвэрүүд нь явагдаж байна уу даа гэсэн бодолтой байдаг. Яахав дунд зэргийн зохиол бүтээл гарч байгааг үгүйсгэхгүй. Нөгөө талаас дуурийн театрт дуурь, балет тавих нь зогсонги байдалд орчихлоо.
Гэхдээ л энэ наадам хөгжимчдөд сайхан сэтгэгдэл үлдээдэг. Яагаад гэвэл Монголын сонгодог хөгжим дэлхийд тэр болгон сонсогдоогүй, тэгсэн мөртлөө шинэлэг байдгаараа онцлог. Дээр нь манай хөгжмийн зохиолчид аялгуу их сайтай. Дэлхий дахинд аялгууг их эргэн дурсдаг. Гэтэл орчин үеийн зохиолууд ая багатай хэрнээ моод хөөх явдал их болж. Энэ нь надад учир дутагдалтай санагддаг юм.
-Удирдаачийн ажил зарим үед нервитэй санагддаг юм. Танд хэр мэдрэгддэг вэ?
-Энэ нь ямар удирдаач, оркестр ажиллаж байна гэдэгтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн түвшний асуудал. Мэргэжлийн өндөр түвшинд бол ямар ч удирдаач ажлаа хэвийн хийж байх ёстой. Яаж дуугарч байх ёстой юм, тэр хэмжээнд нь байлгах шаардлага удирдаач хүнд заавал байх ёстой. Энэ үүднээс удирдаачид эзэмшсэн мэргэжилдээ аль хэр дадаж заншсанаас хамаарч оркестр янз бүр дуугардаг тал бий. Гэхдээ оркестрын хөгжимчид байнга солигдож байдаг. Тиймээс оркестрт туршлагатай гэхээсээ туршлагагүй хөгжимчдөө авч явах тэднийгээ сайн хөгжимчин болгох асуудал чухал байдаг. Симфони оркестр дээр шинэ залуу боловсон хүчнүүд их орж ирдэг. Тэднийгээ сайн хөгжимчин болгохын тулд зарим үед алдаа дутагдал гарах үе байдаг.
-Ингэхэд манайд удирдаачийн мэргэжил эзэмшсэн хүн хэр олон байдаг бол. Ховор мэргэжил санагддаг юм?
-Сүүлийн үед манайд удирдаачийн мэргэжил ховордоод байгаа. Дуурьт гэхэд л УГЗ Бүрэнбэх гуай бид хоёр л байна. Уг нь дуурийн театрын ажилд гурваас дөрвөн удирдаач хэрэгтэй байдаг. Гэхдээ дотроо ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг авахгүй бол өөр газраас ирэхээр ажлаа сайн мэдэхгүй байх жишээтэй. Тэгэхээр энэ яах аргагүй ховордсон мэргэжил. Орост нэг хэсэг удирдаачдын анги нээж удирдаач бэлтгэж байсан. Гэтэл тэд ажлын байр цөөхөн учраас ажилгүй болсон.
-Тантай уулзсаных нэрний тань талаар сонирхож асуух гэсэн юм?
-Би хотод тэр тусмаа Туул голын эрэг дээр төрсөн. Тэгээд аав маань Туулын эрэг дээр төрсөн болохоор Туулаа гэж нэр өгсөн юм. Удалгүй сургуульд ортол хүүхдүүд туулай гэдэг юм байна гэж ойлгоод туулай гэж дууддаг болсон. Гэтэл ангийн багш эрэгтэй хүүхдийг туулай байхдаа яахав дээ гээд Туулайхүү гэдэг нэрийг өгсөн учиртай юм билээ.
Д.НЭРГҮЙ
Нийслэл таймс
No comments:
Post a Comment