Thursday, 1 November 2012

“Женко” Х.Баттулга: Би том амбийцтай, жижиг наймаа сонин биш

УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай ярилцлаа.

-Танай яамныхан сая I гурилын үнийг 550 төгрөгт барихаар гурил үйлвэрлэгчидтэй тохирлоо. Гэтэл зах зээлд үнийг далд гар, бодлогыг төр зохиуцуулдаг л гэдэг. Үнэн дээр ингэж төрийн зохицуулалт орох нь хэр зөв бэ?

-Заавал төр оролцож зохицуулах ёстой юм гэж бас байнаа. Зах зээлд үнийг далд гар зохицуулдаг гэж явсаар байгаад өнөөдөр дэлхийн эдийн засаг, Европ ямар үр дүнд хүрснийг бид мэднэ. Америкийг хар. Моргайжийн зээл нь дампуурсан гээд олон жишээ бий.Тариаланг, тариаланчдыг дэмжсэн бодлогыг илүү бодитой болгож үргэлжлүүлэхийн тулд бид үнэ рүү орж байгаа юм. С.Баярын хамтарсан Засгийн газрын үеэс Атрын III  аян гэж явсан даа. Одоо дөрөвдэх жил рүүгээ орлоо. Тариалан бол газар, байгаль цаг уураас 80-аас дээшхувь хамаарах эрсэдэлтэй салбар. Төрийн дэмжлэг заавал хэрэгтэй. Өнөөдөр хүнсний салбарын 30-аас илүү хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүн байна. Тийм учраас бид  сая тариаланчдад өгөх тотацийг нэмлээ.  Нэг тонн үр тариа тутамд 100 мянган төгрөг өгнө.  Нэгэнт гурил хийдэг гол түүхий эд болох стандартын шаардлага хангасан улаан буудайн нэг тонныг 280 мянган төгрөгөөр тогтоочихсон юм чинь гурил үйлдвэрлэгчидтэй тохирч гурилын үнийн дээд хязгаарыг барих гэж оролдоод байгаа юм л даа.

-Хэрвээ төр үнэ рүү орж байгаа л бол хязгаар тогтоох хамгийн гол хүнсний бүтээгдэхүүн бол мах л даа?
-Мах руу бид орно. Мах Цагаан сарын дараагаас, хавар угаасаа нэмэгддэг. Одоо учиртай нэмэгдэнэ. Үүний тулд бодлого гаргана. Малчны хотод байгаа мал мах болоод лангуун дээр ирдэг шат дамжлагын тоог цөөрүүлнэ. Одоо 8-9 дамжлага байна. Үүнийг 3-4 болгож цөөрүүлнэ. Монголбанк санхүүгийн схем талаасаа оролцоод явж байгаа, Засгийн газраас үүрэг өгсөн, түүнийг  нь манай яам хэрэгжүүлнэ.

-Танайх малчдын эрх ашгийг хамгаалах ёстой яам. Махны үнэ буулгах бодлогыг чинь малчид яаж хүлээж авах бол?
-Наадахь чинь л зовлон болоод байна. Манай яам нэрнээсээ зорилго, агуулга нь тодорхой.Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн яам. Хөдөө аж ахуйнхнаа, тэр дундаа малчдын эрх ашгийг хамгаална, тэдний төлөө ажиллана.Тэр утгаараа малчдын амьдрал, орлогын гол эх үүсвэр болсон малын үнийг бууруулахгүй, зах зээлийнх нь эрэлтэд тохирсон үнэтэй байх бодлогыг бид барьж ажиллах ёстой.Энэ нь малчдаа хамгаалж байгаа хэрэг.Хөдөө аж ахуйн яам нь малчдынхаа эсрэг төрийн бодлого хэрэгжүүлж болохгүй гэдэг үнэн.Гэтэл нөгөө талдаа махны үнийг хямдруулах нийгмийн захиалга байгаа нь ч үнэн. Манай яамны нэг үүргийн доторхи  эсрэг, тэсрэг хоёр энэ хоёр зөрчлийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм. Тийм учраас манай яамны барьж байгаа бодлого бол малчны хотноос гарч байгаа мах эцсийн хэрэглэгчдэд зарах лангуу хоёрыг холбосон дамжлагуудыг малчин талаас нь биш, харин лангуу талаас нь цөөрүүлнэ.Энд хотын захиргаа их үүрэгтэй оролцоно.Махны үнийн өсөлтөд хамгийн их өртдөг, үнэтэй байна гэж хамгийн их бухимддаг хэсэг бол хотынхон.Хотынхноо хямд махаар хангах хотын захиргааны үүрэг нь манай яамныхаас илүү.Манайхан “Мах импекс”-ийг махаар хангадаг газар гэж ойлгодог.Гэтэл энэ чинь экспортод үхэр, адуу, сарлагийн жаахан мах гаргавал гаргана, хиам хийвэл хийнэ, тийм л газар.Би өөрөө махны үйлдвэрийн захирал байсан. Махны үйлдвэрийн зорилго бол лангуун дээрхямд мах зарж аль болох олон хэрэглэгч  татах замаар их мах авч байж ашигтай ажилладаг газар.

-Тэгвэл ирэх хавар мах үнэд орохгүй нь гэж итгэж болох нь ээ?
-Махны үнэ ямарч гэсэн буудаггүй юмаа гэхэд тогтвортой байна. Нийлүүлэлтийг ихэсгэх замаар махны үнийг тогтвортой байлгана. Жишээ ньОтгоо, чи махаа хаанаас авдаг вэ. Аягүй бол мэдэхгүй дээ.

-Арай хямдаар нь Хүчит шонхороос?
-Олон хүн үнэ хямдыг нь, бас шинийг нь харж бүгд Хүчит шонхор руу явдаг. Тийм учраас захуудад байгаа махны үнийн ялгааг арилгах замаар үнийг барина.Чи заавал Хүчит шонхор явахгүйгээр тэр үнээрээ гэрийнхээ хамгийн ойр захаас махаа хямд авах тийм боломжийг бий болгоно.

-Энэ жил нөөцийн мах гэж бэлтгэх үү?
-Бага хэмжээгээр бэлтгэнэ. Нөөцийн мах бол үр дүнтэй бөгөөд оновчтой шийдвэр биш.Арга ядсан л арга юм билээ.Нөөцийн маханд ченжүүдийг л буруутгадаг.Бизнес хийж яваа нийгмийн арай идэвхтэй хэсгээ тэгж адалж бас болохгүй.Шат дамжлагыг лангуу талаас нь цөөлөх бодлогодоо ченж гээд байгаа тэр хэсгийг илүү идэвхтэй оролцуулна гэж бодож байгаа.Махан дээр саяын бид хоёрын ярьсан бодлого ерөнхийдөө Хөдөө аж ахуйн биржээр дамжиж явна.Одоо бол Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхлээгүйбайгаа.Хууль нь бол аль хэдийнэ гарчихсан. Энийг босгоноо. Ажилсаг, хөдөлмөрч, сэтгэлтэй хүн тавьчихад энэ бирж дороо босоод ирнэ.

-Энд эрүүл ахуйн тал нь хаягдаад байна уу, үгүй юү. Мах хэчнээн хямд ч гэсэн хамгийн гол нь эрүүл ахуйн хувьд баталгаатай байх ёстой шүү дээ?
-Наадахь чинь тун бэрхшээлтэй асуудал. Бид зөндөө ярьсан, бэрхшээл их байна.Манай нийт хүн амын 85-90 хувь нь хөлдүү, хуучин мах авдаггүй.Аль болох шинэ, малчны хотноос дөнгөж ирсэн, монгол уламжлалт аргаар “гаргасан” мах авахыг хичээдэг.Уламжлалт арга гэж нэрлээд байгаа гар нядалгаа хийж байгаа хүмүүсийг тодорхой хэмжээнд эрүүл мэндийн хяналт шинжилгээнд оруулна гэдэг л дээ.Гэхдээ тэр нь хэрэгжихэд тун бэрхшээлтэй.Хянадаг газруудад нь тийм боломж ч алга. Одоо бол  захтай ойрхон айлын хашаанд “гаргаад” л шууд лангуу руу ачаад байгаа. Хашааны ариун цэвэр ямар байх уу, нядалж байгаа хүн нь эрүүл үү, халдварт өвчнөөр өвдсөн үү, шарласан уу,  В, С вирустэй юү, үгүй юү, мал нядалж байгаад санаандгүй гараа эсгэчихлээ гэхэд цусаар, хутгаар дамжаад маханд ямар нэгэн халдвар өгөх үү, үгүй юү гээд өчнөөн бэрхшээл энд байна. Тийм учраас ариун цэвэр, эрүүл ахуйн тал дээр махаа сонгох, авсан хойноо угаах, ариутгах гээд  иргэд маань өөрсдөө л хичээхээс өөр замгүй юмшиг байна. Бас хэрэглэгчид маань ариун цэвэр эрүүл ахуйг маш сайн шаардмаар, голж шилмээр байна.Гэтэл  манайхантэгдэггүй. 

-Иргэд гэхээсээ төрийн, танай яамны хариуцах ажил биш үү?
-Яг хариуцах эзэн гэвэл манай яамных биш. Мэргэжлийн хяналт энэ тэр гээд л явах байх.

-Одоо Мэргэжлийн хяналтын газар гэж байхгүй болгочихсон юм биш үү?

-Байгаа байлгүй дээ. Байхгүй ч гэсэн энэ чиглэлийн хяналтын нэг бүтэц байгаа л байлгүй.

-Нэг талаас малчдаа дэмжих, нөгөө талаас махны үнийг бууруулах хоёр үүрэг чинь хоорондоо зөрчилтэй ч гэсэн энэ бүгд нэг их сүр болгоод байх бодлогын асуудал биш биз дээ?
-Энэ бол том бодлого юмуу, том ажил ерөөсөө биш. Зохицуулалт шаардсан өдөр тумын л жижиг ажил. Жаахан сэтгэл гаргахад л болчих ажил гэдгийг  сая гурил дээр харлаа шүү дээ. Тариаланчдад  нийт дүнгээрээ 15 тэрбум төгрөгийн дотацыг Засгийн газрын төвшинд шийдүүлж, тэр дагуугаа жаахан зохион байгуулалт хийхэд л болчихож байгаа юм. 15 тэрбум төгрөг гэдэг их мөнгө үү.

-Төрд бол бараг л задгай мөнгө шүү дээ?
- Тийм ш дээ, бүхэл бүтэн улсын хэмжээд үзвэл бага мөнгө.  15 тэрбум төгрөгийг долларт шилжүүлбэл 11 сая л доллар. Нэг дурак очоод л төрийн банкны14 тэрбумаар казино тоглочихдог биз дээ.  Ингээд бодвол тариаланчдын дотацын нэмэгдэл бол цагаа ч, салбараа ч олсон, байх ёстой дэмжлэг.Цаашид ч дэмжинэ.Угаасаа хүнсэн дээр төрийн иймэрхүү дэмжлэг, квот улс орон бүрт байдаг юм билээ.Жишээ нь, Япон Солонгос Вьетнам хүнсний гол хэрэглээ болсон цагаан будаан дээрээ төрөөс онцгой дэмжлэгтэй, экспорт дээрээ тодорхой квоттой.Эдгээр улсад будаа хомсдох юмуу, үнэ хэт өндөр болбол бараг иргэний дайн гарах хэмжээнд хүнсний салбар нь будаанаасаа хамааралтай. Хэрвээ манай газар тариалнгийн салбар босоод ирвэл энэ их өргөн уудам нутагтай,  хөрс нь янз бүрийн химийн бодис, хаягдалд өртөөгүй манай улс 5-10 жилийн дараа үр тарианы том экспортлогч болох бүрэн боломжтой. 

-Атрын III  аяны хүрээнд угаасаа л гурил,төмсний асуудлыг шийдчихсэн. Шийдчихсэн юман дээр Женко улстөр хийж байна гэх шүүмжлэл гарна даа. Ялангуяа, өрсөлдөгч МАН-аас чинь?

-Магадгүй.Гэхдээ хэн шийдсэн нь чухал биш.Хамгийн гол нь энэ бодлого тууштай үргэлжилж, сайжирч, ард түмэнд үр дүнгээ бодитой өгч байх л ёстой. Хэрвээ автор тодруулах гээд байгаа бол Атрын III аяныг С.Баярыг Ерөнхий сайд байхад хамтарсан  Засгийн газар шийдэж хэрэгжүүлж эхэлсэн.   Тэнд нь манай нам байж, миний бие сайд энэ тэр гээд явж л байсан.Угаасаа л эд нар ял, гавьяаагаа хуваалцана, хамтдаа үүрнэ гэдэг биз дээ. Атрын III аянаар шийдчихсэн гээд энэ салбарыг зөнд нь орхиж, эсвэл 10, 20 жилийн дараахь ч бодлогыг  Атрын аянаар шийдчихсэн байсан юм гэж үгүйсгээд яваад  байж болохгүй биз дээ. Хөдөө аж ахуй бол байгалаас хамааралтай эрсэдэлтэй салбар.Тийм учраас жил бүр бодлогоо шинэчилж сайжруулж явах учиртай.Бид тэгж л яваа.Бид хамтарч шийдсэн Атрын аянаа бодлогын төвшинд сайжруулах, илүү өгөөжтэй хүртээмжтэй болгохын төлөө л ажиллаж байна.Жишээ нь, С.Баярын Засгийн газарт бид тухайн үедээ Атрын аянаар зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангах тухай ярьж байсан.Одоо тэгвэл энэ аяны шууд үр дүнгээр үр тарианы экспортлогч орон болох том зорилгын төлөө явж байна.Цаашид  бид хүнсний ногоо руу орно. Лангуун дээр өдөр тутам байдаг, түргэн мууддаг, тэгсэн хэрнээ Эрээнээс импортооравдаг  хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энд төмснөөс бусад бараг бүх ногоо орно.Төмсийг бол одоохондоо дотооддоо шийдсэн.Одоо эрхбиш Эрээнээс төмс импортоор авахгүй байх боломжтой болсон.

-Та Зам тээврийн сайд байхдаа төмөр замыг нэлээд барьж явсан. Бодлогыг нь гаргасан, бас олны анхаарлын төвд  ч аваачсан. Одоо энэ салбартаа юуг нэн тэргүүнд тавих вэ?

-Манайх хөдөө аж ахуйгаас гадна аж үйлдвэрийн яам. Өмнө нь Үйлдвэр, худалдааны яам гэж байж байгаад дампуурчихсан.Тэрний дараагийн хувилбар буюу тодорхой сэдэв, зорилготой яам.Тэр нь хамгийн түрүүнд Сайншандын цогцолбор. Хамгийн гол нь бие даасан, хөгжих ёстой, цаашдаа  бусдаас хараат бус явах зорилготой улс орон мөн л юмбол байгалийн баялагаа түүхийгээр нь гадагш зөөхөө болъёо, ядаж хагас боловсруулж гаргах ёстой. Тэр зорилгын төлөө бодлого гаргаж хэрэгжүүлэх нь манай яамны бөгөөд энэ салбарт сайдаар томилогдсонминий  гол зорилго. Айлаар аваад үзье л дээ.Тариа тарьдаг айл үрийн будаагаа хажуугийн хөршдөө үргэлж өгөөд байвал яах уу, нэг өдөр л намар хураасан будаа нь дуусна.Олсон ашиг нь ч зөвхөн үрийн будааны үнээр хэмжигдэнэ.Өөрсдөө хөдөлмөр хийж нэмүү өртөг бий болгохгүй, зүгээр л зоориноосоо будаагаа килограммлаад л өгөөд байна.Үүний оронд үрийн будаагаараа гурил үйлдвэрлэж, гурилаараа боов, талх хийгээд зарвал эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай.Эдийн засгийн ашгаас гадна тэр айлын хүн бүр ажилтай болно, үрийн будааны ганц зоорьтой байсан бол гурилын жижигхэн үйлдвэртэй болно, талхны цехтэй болно, тэгээд талхаа зардаг дэлгүүртэй болно, бүр нарийн яривал талхаа айлуудад шууд хүргэж өгдөг хүргэлтийн машинтай болно.Энэ бүгдэд шинэ шинэ ажлын байр бий болно.Харин ганцхан үрийн будаагаа л зарж байтал хажуу айл нь өөр айлаас бэлэн талх авчихдаг болчихвол үрийн будаа зардаг айл худалдан авагчгүй, орлогын эх үүсвэргүй болж шууд дампуурна.Тэгж үрийн будаа авдаг ганц айлаас хараат явах уу, өөрөө харин тариагаа тарьж, гурилаа үйлдвэрлэж, талхаа ч барьж бусдыг өөрийнхөө хараат болгох уу гэдэг л сонголтын өмнө бид зогсч байна.Энгийн төвшинд тайлбарлахад Сайншандын цогцолбор ийм л юм.

-Одоо тэгээд Сайншандын цогцолборын ажил хэрэг урагштай  явна даа?

-Сайншандын цогцолборын ажлаа барьж авсан л даа. Засгийн газраас есөн сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан, би ахалж байгаа.Сая анхныхаа хурлыг хийсэн.Харамсалтай нь ойлгох талаасаа жаахан тиймхэн байна.Хөрөнгө оруулагч, ус гээд шийдэх асуудал зөндөө байна.Хамгийн нь асуудал бол боловсон хүчний асуудал. Сүүлийн 30 жил энэ салбар үндсэндээ хаягдсан шүү дээ. 

-Танай яам хуучнаар Хүнс хөдөө аж ахуйн яам байсан. Яагаад заавал энэ бүтцэд аж үйлдвэрийн салбарыг хавсаргасан юм бол. Та заавал Сайншандын цогцолборооөөрөө авч явна гэсэн үү?
-Нэгд, аж үйлдвэрийн асуудал манай яамны хавсарга бишээ. Гол бодлогын тэргүүнд байгааг түрүүн хоёулаа ярьсан.Дэлхийд өнөөдөр байгалийн баялгаа түүхийгээр гадагш зөөдөг улс манайхаас өөр алга.Яахав, Түвд байна.Гэхдээ Түвд бол тусгаар улс биш. Хоёрт,Сайншанд бол төмөр замтай холбоотой. Манай хуучин яамныхан асар их эсэргүүцэлтэй тулгарч байж төмөр замын бодлогыг боловсруулж Их хурлаар батлуулсан, давж гарсан.Төмөр замтайгаа холбогдуулж Сайншандын цогцолбор байгуулна.Бид төмөр замын бодлогын ч, Сайншандын цогцолборын ч автор болчихсон юм байна, суурийг нь тавиад голомтыг нь асаачихая гэсэн утгатай л яваад байгаа юм л даа.

-Тэгэхээр сонголтын хувьд таныг дагаж аж үйлдвэрийн асуудал хүнс хөдөө аж ахуйн салбарт ирчихэв үү, та Сайншандын цогцолбороо дагаад энэ яаманд ирчихэв үү?
- АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч байгаа. Хилээр түүхийгээр нь ачаад гаргадаг баялгаа дотооддоо боловсруулдаг болноо гэж.Тэр дагуу л явж байгаа.Засгийн газар дээрээ ч ярьсан.Хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэсэн хоёр том салбараа нийлүүлээд явбал улс орны маань хөгжлийн бас нэгэн хүчирхэг хөдөлгүүр болох юм болов уу гэдэг зорилгоор нэгтгэсэн.Дээр нь социализмын үеийн, архиныхаас бусад том үйлдвэрүүдэд бүгд хүнд байдалд орсон.Ихэнх нь дампуурсан.Үлдэж чадсан цөөхөн хэдэн үйлдвэрүүдийн нэг болох “Мах импекс”, “Талх чихэр” зэрэгт би өөрөө ажиллаж нухлуулж явсны хувьд зовлонг нь сайн мэднэ.Тэр утгаараа энэ салбарынхантайгаа ойлголцоход амар л юм билээ дээ. Энэ бас миний  давуу тал юм уу даа. 

-Автор, давуу талаа бодоод энэ салбарт иртэлХ.Тэмүүжин сайдаас эхлээд Х.Баттулга ашиг сонирхлын зөрчлийн манежны голд зогслоо гэж байгаа. Бодвол таныг “Мах импекс”, “Милл хаус” гурилын үйлдвэрийн эзэн байж хөдөө аж ахуйн салбарын сайд боллоо гэж байгаа байх?
-Тэмүүжин өөрөө хуульч,багш байсан болохоор бизнес яаж явдаг, удирдлага нь ямар дараалалтайг сайн мэддэггүй шиг байгаа юм. Хувьцаат компани, хувийн компанийн ялгаа юунд байдаг, компанийн эздийн ашиг сонирхлын зөрчил гэж юу юм гэдгийг нарийн мэдэхгүйгээр тэгж ярьсан юмшиг санагдсан.Дараа нь ч би өөрт нь хэлсэн.Ганцхан Х.Тэмүүжин гэлтгүй, олон хүн намайг биенесмэн, бизнес хийдэг хүн, “Женко” компани гэж хараад байгаа юм.Чи ч гэсэн “Балдорж” шагнал авсны дараахь ярилцлагадаа “Женко MCS хоёр гэдэг нийтлэлээ Солонгосын Самсунг, Хьюандай группийн өрсөлдөөнөөс санаа авч бичсэн” гэж ярьсан байсан.Гэтэл би чинь 2004 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хуулиараа ч тэр, цаг зав боломжоороо ч тэр, бизнес гэдэг юмнаас нэлээд хөндийрчихсөн.Одоо есөн жил болж байна гэхээр бүр тэс хөндийрсөн ч гэж болохоор цаг хугацаа өнгөрсөн байна.Одоо би эргэж очоод бизнес хийнэ гэж бараг байхгүй болов уу.Чадах ч үгүй байх.

-Гэхдээ л та саяын миний нэрлэдэг компаниудын хувьцаа эзэмшигч шүү дээ?
-Тийм л дээ. Хувийн компани ХХК гэж, хувьцаат компани ХК гэж байна.Хувьцаат компанийн хувьцааг Хөрөнгийн бирж дээрээс хэн ч очоод худалдаж авч болно, нээлттэй.Би “Мах импекс”-ийн хувьцаа эзэмшигчдийн л нэг.“Милл хаус” бол сүүлд байгуулагдсан гурилын шинэ үйлдвэр.Энд надад нэг ширхэг ч хувьцаа байхгүй.“Талх чихэр” дээр нь надад хувьцаа байдаг.Энийгээ би бүгдийг нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байгаа.Хэрвээ тэнд худлаа бичсэн бол хуулийн хариуцлагатай шүү дээ.Ашиг сонирхлын зөрчлийн хуульд “ удирдах ажил хийх, Төлөөлөн удирдах зөвлөлд байж болохгүй” л гэж байгаа. Хэрвээ би хувьцаат компанийн 51 хувиас илүүг эзэмшиж шийдвэр гаргах эрх бүхий багцтай бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Харин 51-ээс бага хувь эзэмшдэг, шийдвэр гаргах эрхгүй байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Тэмүүжин үүнийг л ялгаж салгаагүй байна лээ.   Хувьцаа эзэмшснийтөлөө, тэр нь эрх мэдлийн  багц буюу 51 хувиас бага байхад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж явцуурвал олон хүн хэлмэгдэнэ биз дээ.  

-Тэгвэл заавал ашиг сонирхлын зөрчил гэж хууль ярихаа болъёо л доо …
-Зориуд юмуу зорилготой мушгивал болно л доо

-Мушигхаа ч болъёо, амьдрал дээр энгийн ойголтоор та салбарын сайдын хувьд “Мах импекс”, “Талх чихэр”-тээ давуу эрх олгож магадгүй ш дээ?
-Хуулиараа болохгүй дээ. Хэрвээ давуу эрх олговол жинхэнэ ашиг сонирхлын зөрчил болно.Би тэгэхгүй ээ.

-Хэлэх нэг хэрэг, таныг хувьцаатай компаниуддаа давуу эрх олгож байгаа, үгүйг хэн хянах уу
-Би өөрөө өөрийгөө хяначихна аа. Тэгээд ч хэвлэл мэдээлэл, твитер файсбүүк гээд мэдээллийн цахим орчин хүчээ авч ил явж байгаа энэ үед нуугдах ямарч боломжгүй.Хоёрт гэвэл, надад тийм сэтгэл байхгүй.Би Монгол Улсынхаа төмөр замыг тавьчих юмсан, Сайншандын цогцолборыг босгочихюмсан гэсэн их том амбийц, том мөрөөдөлтэй хүн ш дээ.Энэ улсын эдийн засаг нь олон тулгууртай, олон тэрбумын борлуулалттай хүчирхэг болчихоосой гэсэн том зорилгын төлөө явж байгаа надад хэдэн тонн мах, хэдэн тонн гурил миний сонирхлыг татахгүй.Том зорилгоо ийм жижиг наймаагаар татаж унагачих хүн биш л гэж өөрийгөө тоодог юм ш дээ.

-Жишээ нь Д.Ганхуяг сайд би тэгж хэлээгүй л гээд байгаа юм. Гэхдээ л Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол би огцорноо гэсэн гэдэг. Тэрэнтэй адилхан та ашиг сонирхлын зөрчил талруу жаахан хазгай гишгэчихсэн л байвал өөрийнхөө саналаар огцрох уу?
-Гишгэхгүй учраас огцорно гэхгүй ээ. Харин том зорилгодоо хүрэхийн тулд ажлаа дуустал үзнэ гэдгээ хэлнэ. Манай улс XIX зуунд ямар хоцрогдсон орон байлаа яг тэр инерцээрээ XXI зуунд яваад байж болохгүй биз дээ.

-Та  С.Баяр, С.Батболд гээд  өмнөх хоёр ч  хамтарсан Засгийн газарт сайд байсан. Гэтэл та нар одоо үнэхээр болохоо байчихсан, сүйрчихсэн улс орон хүлээж аваад л дайны дараахь байдлаас нь сэргээн босгох гэж байгаа юмшиг л загнах хандлага, тэр талын PR нь арай л ихдээд байгаа юм биш үү?
-PR нь юмуу, жаахан хэтрүүлэг байгаа байх аа. Гэхдээ л манайх чинь том дайн, дотоодын зэвсэгт мөргөлдөөн, ойрын хэдэн жилдээ өлсгөлөн зовлон үзээгүй улс орон.Тэгсэн мөртлөө л хөгжихгүй, нэг л байрандаа, сонгуулиас сонгуулийн хооронд амь аргацаагаад яваад байна.Жишээ нь чи одоо улсад хэд дэх жил ажиллаж байна. Өөрөөр чинь жишээ авъя л даа.

-Хорь гаруй жил болж байна.
-За, 20 жил. Тэгвэл улсад 20 жил ажилласан хүн өнөөдөр өөрийн гэсэн хоёр давхар байшинтай, бензиндээ санаа зовохгүйгээр уначихдаг өөрийн гэсэнсайн  машинтай, элдэв зээлгүй, өвдөж хавдлаа гэхэд гадагшаа яваад эмчлүүлчих хуримтлалтай байх ёстой шүү дээ. Гэтэл 20 битгий хэл, 30 жил улсад ажиллачихаад түрээсийн байртай, ажил гэрийнхээ хооронд явган алхдаг хүн зөндөө байна. Яах вэ, явган алхах эрүүл мэндэд сайн л даа. биз дээ. Одоо сургуулиа төгсөөд амьдралд дөнгөж орж байгаа өнөөдрийн залуус 20, 30 жилийн дараа өнөөгийнх шиг л байж болохгүй. Өнөөдрийнхөөс илүү сайхан амьдрах тийм нийгмийн төлөө л бид бүгдээрээ зүтгэх ёстой гэж хэлээд байгаа юм.Харин ч би зөөлөн хэлж байж магадгүй.Бид С.Батболдын Засгийн газарт байхдаа маш их юм хийх гэж оролдсон.Бүгдийг нь маш ил тодоор эсэргүүцэн зогсоосон.Одоо ч зогсоох сонирхолтой байгаа.Аравдугаар ангиа төгсөөд л улсын тэтгэмжээр сурсан, өндөр боловсрол олж авсан улс.Амьдрал ахуйн нь сайжирч баян боллоо.Сайд дарга байж үзлээ.Тэгэхээр эргээд улсдаа маш их өртэй.Энэ өрөө улс орондоо буцааж төлье гэж яагаад боддоггүй юм бол.Одоо бүгд 50 шахлаа, зарим нь 60 хүрлээ.Одоо өрөө төлье гэж яагаад боддоггүй юм.Чи бид хоёроос доогуур төвшинд амьдралтай маш олон хүн байна.Гэр хорооллынхон, ажилгүй хүмүүсийг хар л даа.Тэднийг харахаар энэ улс оронд бараг л дайн болчихсон юмшиг санагдах юм. Өөрөөр хэлбэл, өөр нийгэмд ороод 20 гаруй жил болоход өнгөрсөн цаг хугацаатай нь харьцуулбал олигтой өөрчлөлт гарсангүй ээ л гээд байгаа юм.Юм хийсэнгүй, бүтээсэнгүй, зөвхөн “Эрдэнэт”-ийг хувааж идсэн улс л засаглаж байлаа.

-Танайхан ч бас идэлцсэн тийм үү. 

-Идсэн идсэн. Би ганцхан тэд нар гээгүй ш дээ.Манай намынхан ч оролцсон.Гэхдээ тамга хэнд байсан нь илүү идсэн.

-Танайд намд бас тамга байсан үе бий. 
-Тамга байсан цөөхөн жил бий бий

-Яг ярьснаараа явбал бол гоё л доо. Гэтэл та бүхний өмнө нь ярьдаг байсан юмс яг засаглахаараа жаахан өөр болоод байна уу, үгүй юү. Жишээ нь барилга байшин нураах нэрээр хувийн хэвшил рүүгээ хэт дайрах, шүүхийн маргаан нь дуусаагүй байхад Өвөрхангайн хоёрыг хүч түрэн тангарагыг нь өргүүлэх гээд л.

-Хэрвээ хууль бусаар газар аваад, хууль бусаар барьсан бол нураах л ёстой ш дээ. 

-Тэр мэдээж,түүнийг хүн бүр дэмжинэ. Харин зөвшөөрөлгүй барьсан барилга, үйлдвэрлэлийн талбай дээрххөдөлмөр хамгааллаас үүдэлтэй осол хоёроо салгаж ярихгүйгээр  хэт туйлшруулаад байгаа юм биш үү л гэж асуугаад байна.
-Хөдөлмөр хамгааллын асуудал бол тусдаа. Туйлширч байж магадгүй.Гэхдээ л зөвшөөрөлгүй барилгыг нураах нь зөв.Зөвшөөрөлгүй барилга бол маш аюултай.Би  барилын сайд байсны хувьд зөвшөөрөлгүй барилга тойрсон маш их асуудал байдгийг мэднэ. Тэр бүгдийг цэгцлэх гэж байгаа нь сайн.Барилгад стандарт маш чухал.Ер нь дуртай бүхэн нь барилга барьдаггүй.Яагаад гэвэл тэнд хүн амьдардаг.Өнөөдөр Өмнөд Солонгостгэхэд  30 гаруйхан компани л барилга барих тусгай зөвшөөрөлтэй байдаг юм билээ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газрынхныг та нар тул барьсангүй, жараахай барилаа гэж шүүмжилж байсан даа. Хотын даргыг тэрэн шиг томчууд руу нь орохгүй байна гэсэн шүүмжлэл байна.Жишээ нь, аялал жуулчлалын зориулалтаар гэж газар авчихаад орон сууц барьчихсан Зайсангийнхан, Хүүхдийн паркын газар руу яагаад орохгүй байна гэсэн шүүмжлэл байх юм.
-Хотын дарга ажлаа аваад удаагүй байна л даа.Шударга байхын тулд бүгдэд нь ижил тэгш хандаж цаашдаа Зайсан, Хүүхдийн паркын газрыг цэгцэлж хуульд нийцүүлэх байх гэж би ч хувьдаа харж, найдаж байгаа.Судалгааны ажлууд хийж байгаа байх л даа.Одоо хотын төвийн нэг га газар хоёр сая доллараас дээш үнэтэй байгаа.За хоёр сая доллар гэж үзье. Тэгвэл Хүүхдийн паркын 50 га газрын үнэлгээ хэд байх уу. Хамгийн багаар бодоход 100 сая доллар. 100 сая долларын газрыг үнэгүй авчихаад оруулж ирсэн тоглоомыг нь хар. Эрээнд ч ийм хямд, баталгаагүй тоглоом байхгүй.Энэ хэний үед шийдэгдлээ, бүгд мэднэ. Хэрвээ би хотын дарга байсан бол одоо байгаа газрыг нь дуудлага худалдаагаар зараад хотын захад 100 сая доллараар нь тоглоом шиг тоглоомтой, парк шиг парк байгуулна. 100 сая доллараар диснейлэнд шиг парк байгуулах бүрэн боломжтой. Одоо тэр Богд уулын энгэрийг хар даа.Орон сууцны барилга бариад эхэлчихсэн.Гэтэл газрыг нь эко сургууль гэж дэлхийд байхгүй нэршлээр аваад орон сууц барьж байна.Уулынхаа орой дээр дахиад нэг барилга эхлүүлсэн байна лээ.Дэлхийд хамгийн анхны дархан цаазтай Богд уулаа Нүхтийн ам шиг, Зайсан шиг болгохгүйн тулд нэн тэргүүнд энэ бүгдийг даруй зогсоох хэрэгтэй.Жишээ нь, Казахстанд авлига өгч хууль бусаар барьсан хэд хэдэн барилгыг нураасан.Ингэснээр тэнд хууль бусаар барилга барих явдал зогссон.Ер нь хүчтэй төр бол зарим юман дээр хүчээ харуулах л хэрэгтэй.

-Та нар бас цөөнхөө хүндлээч л гэдэг байсан. өнөөдөр та нар тэгж чадаж байгаа юу?
-Хүндэлж л байгаа ш дээ. Яах вэ, ямарч тохиолдолд цөөнх буюу ялагдаж байгаа талд нь ордог монгол хүний уламжлалт сэтгэхүй байдаг.Хэвлэл мэдээлийнхэн ч тэр талыг нь дөвийлгөж бичиж байж борлуулалт явдаг.Энэ бол худлаа биш.Тийм л хүч үйлчилж байгаа.Жишээ нь саяын асуусан, Өвөрхангайн асуудал дээр гэхэд хөндлөнгөөс баримтуудыг нь харахад сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашиглаж хууль зөрчөөд тэр нь шүүхийн шатанд нотлогдчихсон л юм билээ ш дээ.

-Иргэдээс авсан саналын хувьд МАН-ын хоёр нь илүү юм билээ?-Саналаар илүү боловч хууль зөрчихсөн л юм билээ. Биднийг ч гэсэн цөөнх байхад эд нар иймэрхүү  хүч хэрэглэлийг ашигладаг л байсан. Одоо цаг эргэж байна, цөөнх болж үз л дээ.Дарлуулж үз л дээ.Даарч үз л дээ.Жагсаж үз л дээ.Өлсч үз л дээ.Бургуй тавиулж үз л дээ.

-Та нар тэгж их дарлуулдаг байсан юм уу?

-Чи архив үзээрэй.Гүндалайг ганцаараа байхад яадаг байлаа.С.Зоригийн аллагыг улстөржүүлж, сонгууль болгож 300, 400-гаар нь аваачиж хорьсон, дарамталсан, зодсон, гүжирдсэн баримтууд байдаг. Казиногийн хэрэг гээчээр манай гурван гишүүнийг шоронд хийж түүнээсээ болж Хуулзүйн сайд байсан хүн амьнасааалдсан. Хүний аминаас үнэтэй улстөр, сандал суудал, хөрөнгө мөнгө гэж байдаг юм уу.Тэр бүгд нь зүгээр л сонгуульд ялах гэсэн шоунууд байсан.Энэ мэтээр яривал зөндөө юм бий.Бид нар ажил хийх л гэж байгаа.Түүнэс биш, хонзон авах гээгүй.Жишээ нь, биднийг Их хуралд цөөнх байхад хувь заяаны шоглоомоор МАН-ын Занданшатар, Бадамжунай, Хүрэлсүх гурав казиногийн хэрэгт холбогдож эрхийг нь түдгэлзүүлэх асуудал орж ирсэн.Бүр хоёр удаа орж ирсэн.Хэрвээ хонзон авдаг байсан бол бид түлхээд явуулах л байсан.Одоо хүмүүс мартсан байх.Гэтэл бид орж ирэх бүрт нь  бүлэг, Байнгын хороон дээр яриадаваад л гарч байсан. Жишээ нь, Жаргал гишүүн бид хоёр нутгийн нэр хүндээ бодоод Занданшатарыг дундаа суулгаж байгаад хамгаалаад аваад л гарч байсан.Энийг тэр үеийн УИХ-ын гишүүд, МАН-ынхан, ялангуяа Занданшатар, Бадамжунай, Хүрэлсүх гурав сайн мэднэ дээ.Чамайг асуусан учраас ярьж байна шүү.Түүнээс биш, одоо бол манай намынханд ярьдаг биш, хийдэг цаг.Тийм учраас бид нэг их ярихгүй байгаа. Бидний хувьд  ажил хийдэг дөрвөн жил эхэлсэн.

-Сүүлийн хоёрч  сонгуулиар та нар харин ч засагт багтаж сонгууль дөхүүлээд л гардаг байсан шүү дээ?
-2004 онд бол хуулиараа эвсэхээс өөр хувилбар байгаагүй ш дээ.Санаж байна уу, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байж авлигыг бульдозордоно гэж мэдэгдсэн.Энэ тэмцлээ гаалийн Баатараар дөнгөж эхлүүлж байтал одоогийн МАН-ынхан гарын үсэг зураад л засгаас хөөгөөд гаргасан.Бид өөрсдөө гараагүй, хөөгдөж гарсан.

-2008 онд МАН 45 суудалтай байхдаа л та нарыг засагтаа авч байсан?

-Тэгэхэд  бид нар 27-уулаа их том сөрөг хүчин байсан. Хамтарсан Засгийн газарт байхдаа манай яамнаас л гэхэд өмнө нь байгаагүй том төслүүдийг санаачилж Их хурлаар батлуулсан.Алтанбулаг-Замын-Үүдийн 1100 км хурдны зам, шинэ сум төв, төмөр замын бодлого, Сайншандын цогцолбор гэх мэт.Харамсалтай энэ бодлогуудыг цаасан дээрээс амьдрал дээр буулгаж, бодит бүтээн байгуулалт болгох тал дээр ямарч санаачилга гаргаагүй.Сонгууль ч дөхсөн.Аргагүйн эрхэнд бид засгаас гарсан.

-МАН-ынхан одоо 25-уулаа байгаа, бас л том сөрөг хүчин биш үү?

- 2008 онд бол Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх том зорилго байсан, үүний тулд засагт хамтарсан. Оюутолгойг хөдөлгөсөн. Зөвхөн Оюутолгойгоор зогсохгүй, бас том том болдлогууд гаргасан.Энэ бол хамтарсан Засгийн газарт хоёр нам хамтарсан учраас хүрсэн үр дүн.МАН-ынхан одоо 25-уулаа байгаа, тооны хувьд хүчтэй, том сөрөг хүчин мөн мөн.Харин хэр ажил хэрэгч байхыг мэдэхгүй.

-Та бүхний хамтарч хөдөлгөсөн Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой, роялти авна гэж УИХ, Засгийн газрын төвшинд ярьж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Оюутолгойн гэрээнд сайн муу аль аль нь бий. Бид 1990-оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж их хичээсэн. Эдийн засгийн том сонирхлыг Монголдоо татах гэж манай дарга болгон гадаадад айлчлахаараа ярьж гуйж байсан.Ороод ирэхэд нь олигтой гэрээ хийж чадаагүй.Яагаад гэвэл бидэнд тийм туршлага байгаагүй.Анхных нь Оюутолгойн гэрээ болсон.Одоо энэ гэрээг эргэж харж засч болно, харин түлхэж болохгүй.Хэрвээ түлхвэл хоёр хөршийн янз бүрийн бодлого тоглолт орж ирнэ.Роялти авна гэдэг ч зөв.Харин хэлэлцээрийн замаар шийдэлд хүрч явах ёстой.Улстөр хийж болохгүй.Ер нь улстөрийг жаахан баримжаатай л хиймээр байна.Мөнхийн эрх ашгийнхаа төлөө бодлогоо өрсөлдүүлж байгаа бол өөр хэрэг.Гэтэл улстөр нэрийн дор огт өөр юмыг хэт шүтээд байна.

-Хөрөнгөжихийг үү?
-Харин тийм. Уг нь нүүдлийн соёл монголчууд биднийг нэг том зүйлд сургасан.Бид хөрөнжихийг тэгтлээ шүтдэггүй байсан.Тэр үедээ дотооддоо эвтэй, хүчтэй байлаа.Одоо жаахан хөрөнгө, мөнгөтэй болох тусмаа л хөрөнгөжих донулам их тусдаг болж.Гэтэл гаднынхан тэр дон дээр нь тоглоод байна.Жишээ нь, Хонг-Конгийг Хятадад нийлүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн “Керри групп” гэж компани өнөөдөр Монголд орж ирээд Улаанбаатарын төвд Шангриллагаа барьчихлаа.Хонг-Конгийг нийлүүлэхэд гүйцэтгэсэн үүргийнхээ шагналд Хятадад 37 газарт Шангрилла барих зөвшөөрөл авсан компани ш дээ. Тэр групп өнөөдөр монголчууд бидний  хөрөнгөжих дон дээр тоглож Монголд хүчтэйгээ харуулсаар явна. Гэтэл бид нар нүдэн балай чихэн дүлий, нөгөө л махныхаа үнийг ярьж явган улстөрийн хэрүүлээ хийж явна.

-Үнэхээр л том улс төр хийж, том бодлого яримаар байгаа юм. Гэтэл улстөрчид та нар өөрсдөө жижиг хэрүүлийг чуулганы танхимд хийгээд сууж байдаг. Болж байгаа үйл явдал учраас тэрийг нь хэвлэлийнхэн тэрийг нь дамжуулдаг. Зарчим ярих юмуу бичихээр заавал захиалагч хайдаг. Зөвхөн саарал ордонд л амьдрал байдаг, тэндэхийн үйл явдал л мэдээ байх ёстой гэж үздэг улстөрчид хүртэл байна ш дээ?
-Ганц улстөрчдийг онцолж буруутгаад яах вэ, Отгоо минь. Хэвлэлийнхэн та нар ч гэсэн хэнийх нь улстөр улс орны төлөө байна, алиных нь үг хувийн эрх ашгийн төлөөх жижиг хэрүүл байна гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.Хэрвээ та нар тэгж ялгаж сураад том бодлогыг нь дамжуулдаг, гоцолж бичдэг болчихвол сэтгүүлчид та нарын нийгэмд үзүүлэх нөлөөлөл улстөрдийнхөөс хамаагүй их.Хэдэн Их хуралд дамжиж суугаад ч томордоггүй, “жижиг”-гээрээ үлдсэн улстөрч олон байна ш дээ. Тэд жижиг байсан учраас л 20 жил болоход улс орон маань хөгжөөгүй, иргэдийн амьдрал сайжраагүй хэрэг. 

-Байгуулагдаад 100 хоноогүй л байна л даа. Тэгэхдээ л өнгөрсөн хугцаанд танай Засгийн газарт улс орны хэтийн хөгжлийн том бодлого бараг байсангүй.Эсвэл байгаад харагдсангүй юү. Хотын дарга шударга ёс тогтоох гэж ажиллаж байгаа ньүнэхээр  сайн ч, хотыг хөгжүүлэх том бодлого, том зорилго нь юу юм гэдгээ олон нийтэд зарлаагүй л явна.Гэр хорооллыг дэд бүтцэд холбох нь хотын даргын дөрвөн жилийн ганц зорилго биш байлгүй дээ.Харин Төрийн ордныг иргэдэд нээлттэй болголоо, сайд нар өдөрт 12 цаг ажиллана, хагас бүтэн сайнд амтархгүй, гадаадад явахгүй гэх мэтээр өдөр тутмын хэлбэр хөөсөн PR  нь арай л их байх шиг санагдсан. Жишээ нь, Төрийн ордныг нээлттэй болгосон нь зөв. Гэхдээ 50 мянга дахь үзэгч-азтанг тодруулж шагнал гардуулах нь Ерөнхий сайдын хийх ёстой том ажил уу, эсвэл PR уу. Лениний хөшөөг буулгалаа, энэ бас зөв л байх. Хотын дарга хэдэн арван жил болсон уг хөшөө буулгахаар зориглож томоо харуулсан хэрнээ нээлтийн тууз хайлчлах гэж байгаа юм шиг буулгахад нь очиж үг хэлж байгаа нь бас тийм оновчтой PR санагдаагүй.
-Асуулт гэхээсээ шүүмжлэл байна гэж хүлээж авлаа. Гэхдээ хөгжлийн том бодлого байлгүй яах вэ. Сая ярьсан том төслүүдээ ажил болгох урам зоригоор л ажиллаж байна.Тэднийгээ биш, хэлбэр хөөсөн PR-аа хэт сурталчилж байгаа тал бий бий.Энэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хэвлэлийн албаны ажил даа.Харин хотын даргатай холбоотой асуултаа өөрөөс нь асуусан нь дээр байх.

-Шангриллатай холбож асуухад та Худалдаа хөгжлийн банкинд хувьтай юу?
-Байхгүй. 

-Таныг Худалдаа хөгжлийн банкны нэрээр Сүхбаатарын талбайн урд хэсгийг, бас тэр хавийн садыг авчихсан гэдэг. Та ийм яриа сонссон уу?-Сонссон, тэр хэсгийг Худалдаа хөгжлийн банк нь авсан юм уу, хувь хүн авсан юмуу мэдэхгүй. Тэрийг сэтгүүлчид та нар л тодруулах хэрэгтэй. Талбайн урд хэсгийн газрыг надтай хардаж ярихад нь би инээгээд л өнгөрдөг.

-Нийгэмд АН-ын Засгийн газрууд ойр ойрхон солигддог, бас аливаа эвсэл задардаг гэсэн ойлголт бий.Одооч гэсэн “Шударга ёс” эвсэл задарах гээд байгаа ч юм шиг улстөрийн нөхцөд байдал үүссэн.Таны ажлын хэсгийг нь ахалжнамуудтай байгуулсан Засгийн газрын энэ эвсэл хэр урт “нас”-тай бол?

-Мэдэхгүй, байдлыг л харж байна. Хамтарсан засагт багтсан хүмүүснь  энэ улс орныхоо эрх ашгийг түрүүнд тавиад зүтгэвэл огцрох тухай ярих нь битгий хэл, бодох ч зав гарахгүйгээр хийх  их ажил бидний өмнө байна. Эвсэл урт наслах нь засгаас илүүтэй хөндлөнгөөс  их шалтгаална л даа. Сөрөг хүчин байна, хөршүүдийн бодлого байна.Бид дотроо муудалцаж л байвал их гүрнүүдэд ашигтай.Энэ тоглоомонд хэн, яаж оролцох вэ гэдгээс шалтгаална л даа.

-Гэрээгээр засагт багтсан намууд орон нутгийн сонгуульд эвсч оролцох ёстой. Гэтэл тус тусдаа орж байна.Энэ  ньгэрээний зөрчил мөн үү?
-Хуулиар сонгуульд яаж оролцохоо орон нутгийн намын байгууллагууд бие дааж шийдэх эрхтэй. Тэр дагуу нэлээд хэдэн газар эвслийн намууд тус тусдаа сонгуульд оролцохоор болсон.Хуулиас давсан, хуулиас илүү үйлчлэлтэй гэрээ гэж байж болохгүй шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд бол төв нам нь мэдэх учраас эвсч орох уу?
-Ерөнхийлөгчийн сонгууль болох болоогүй байна. Гэрээгээр бол засагт багтсан намууд эвсч орох ёстой.

-Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдээд нүүрсний экспорт зогслоо. Хэрвээ дотооддоо хэрэлдэхгүйгээр төмөр замаа тавьчихсан бол өнөөдөр нүүрсээрээ арай их мөнгө олчих байсан юм, “Женко”-гоос боллоо гэж зарим хүн хэлдэг.Та үүнтэй санал нийлэх үү?
-Экспортын гол бүтээгдэхүүн нэг улсаас хэт хараат байна гэдэг бол аюул. Хөөрөгдөж байгаад унахаараа өөрийнхөө жингээр  их хүчтэй унадаг гэж би их ярьсан даа. Тийм учраас зүүн тийшээ төмөр зам тавьж Зүүн Азитай холбгдоё гэж зөндөө ярьсан. Харамсалтай нь, С.Батболдын Засгийн газар нөгөө  MCS-ийнхэнтэйгээ нийлж байгаад унагаасан. Сая С.Батболдын Засгийн газар явахдаа,  урагшаа төмөр зам тавих эрхийг дахиад “MCS”-д 19 жилээр өгчихсөн. Ухаахудагийн нөөц 20 жил.Энэ нөөцөө дуусахаараа одоо дампуурчихсан байгаа том Тавантолгойн нүүрсийг нь зөөх юм байна л даа.Ингэж болох уу.Би С.Батболдын Засгийн газарт байхдаа ч, гарахдаа ч хэлж байсан.Том Тавантолгой дампуурсан шүү, дампууруулахыг нь “МCS”-ийнхэн улстөрчидтэй нийлж хийсэн шүү гэж.Сая гишүүн байсан Я.Батсуурь Эрдэнэс-Тавантолгойн захирлаар томилогдсон.Ажлаа аваад Тавантолгойд очиж үзчихээд толгой сэгсэрч байна лээ.

-Асуулт бол төмөр замын бүтээн байгуулалтын шийдвэр нь  удааширснаас болж нүүрсээ санасан хэмжээндээ гаргаж чадалгүй явсаар хямралтай золгосон тухай шүү дээ?
-Хэний нүүрс юм гэж асуумаар байна. Ухаахудаг гэдэг чинь “MCS”-ийнхний  л нүүрс. Том Тавантолгой бараг нүүрс гаргаагүй. Эдний гаргасан нүүрсний хаялга нь зөөсөн хэмжээ, тэндээс олсон орлоготой нь харьцуулбал ард түмэнд өчүүхэн бага мэдрэгдсэн.Эдний нүүрсний экспорт зогссоноос болж ард түмэн нэг их хохирохгүй ээ.Харин бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газрыг худалдаж аваад гаргуулсан төмөр замын шийдвэрээс нь монголчууд хамгийн их хохирох болчихоод байна.

-“MCS”-ийнхэн төмөр замаа концессийн гэрээний дагуу өөрсдийн хөрөнгөөрөө барьж байгаа. Төрд мөнгө байхгүй учраас хувийн хэвшлийнхнийг Засгийн газар дэмжсэн гэдэг.Угаасаа төмөр замын бодлогод  “MCS”-ийг урагшаа төмөр зам тавихыг нь зөвшөөрсөн юм биш үү. Нөгөөтэйгүүр төмөр замтайгаа адилхан бодитой бүтээн байгуулалт хийж, монголчуудаа ажиллуулж  байгаа нь ганц Ухаахудаг шүү дээ?

-Бүтээн байгуулалт хийж байгаа л байх. Гэхдээ эхлээд том Тавантолгой, тэгээд Ухаахудаг гэдэг дарааллаар бүтээн байгуулалт явах байсан.Гэтэл  байр нь солигдсон. Очерийн эхэнд 2.7 сая ард түмэн байх ёстой байтал 4-5-хан гэр бүлийн хууль бусаар, хулгайлж авсан ордыг Засгийн газар дэмжсэн, түүнийхээ төлөө хууль зөрчсөн. Үүний нотолгоо нь урагшаа төмөр зам барих эрхийг олгосон явдал.Энд ёстой нөгөө ашиг сонирхлын зөрчил харагддаг.Өөрөө уурхайтай хүнд төмөр замыг нь тавих эрх өгчихөөр жинэхэнэ эрх ашгийн зөрчил үүснэ.С.Батболд гэж Ерөнхий сайд Ухаахудагийн хувьцаагаа зарсан юмуу, үгүй юмуу.Их хурал дээр Н.Батбаяр гишүүн асуухад зарсан гэж байсан.Хэрвээ зарсан юмбол хэдээр зарсан юм гэдгээ ард түмэнд нээлттэй хэлэх ёстой. Сая “Петровис”-ийн Оюунгэрэл нь хоёр хувиа 80 сая доллараар зарж байхад С.Батболдод хэдэн хувь байсан юм, түүнийгээ хэдээр зарсангэдгээ нээлттэй хэлэх ёстой. Зарсан бол тэр мөнгө нь хаана байгаа юм, татвараа төлсөн юмуу гэдгээ тайлагнах ёстой.Ухаахудаг бол 1976 онд бидний аав ээжийн татварын мөнгөөр хайгаад олж нээчихсэн орд.УИХ-ын тогтоолоор төрийн мэдэлд байх ёстой стратегийн орд.Түүнээс биш,  “MCS”, “Шунхлай” тэргүүтэй хэдхэн гэр бүлийн мөнгөөр олоод тэдэнд өвлөгдөж ирсэн хувийн өмч биш шүү дээ.Хууль зөрчиж хулгай хийж авсан орд.Тэгж авчихаад дахиад 2.7 сая хүнийхээ урдуур орж, нөгөө том Тавантолгойгоо үнэгүйдүүлсэн.Тэдэнд ийм эрх байхгүй.2.7 сая хүний өмчийг үнэгүйдүүлчихээд бид нар бүтээн байгуулалт хийж байна, төр төмөр замаа тавьж чадахгүй бол бид өөрсдийнхөө төмөр замыг тавьж нүүрсээ зөөнө гэх ёс суртахууны эрх тэдэнд байхгүй.

-Өөрсдийнхөө мөнгөөр гэдэг нь Концессийн гэрээнь угаасаа тийм юм биш үү …

Нэгдүгээрт, өөрсдийнх нь  мөнгө биш, Биржээс босгосон мөнгө. Нийт монголчуудын баялгаар хэдхэн гэр бүл хувьдаа бирж дээр мөнгө босгосон.Хоёрт, Концессийн гэрээгээр төмөр зам таих эрхээ авсан гээд байгаа чКонцессийн гэрээг УИХ-ын төвшинд шийддэг.Хэрвээ хуулийн дагуу Их хурлаас төмөр зам барих эрхийг нь өгсөн бол надад ярих юм алга, гараа өргөөд дэмжээд явъя. Гэтэл хууль зөрчөөд огцрох гэж байгаа Засгийн газар нь УИХ-ын эрх мэдэлд халдаж парламентаас шийдвэр гаргах ёстой асуудлыг Ерөнхий сайдынхаа лоббинд орж шийдсэн. Энэ бол ард түмнийг, Монголын төрийг илэрхий басамжилж доромжилсон хулгай.

-Одоо Засгийн газар солигдсон юм чинь Ухаахудагийн лицензийг буцааж, төмөр зам барих эрхийг нь цуцлах уу?

-2007 ондУхаахудагийг стратегийн орд гэдгийг УИХ тогтоол гаргаж зааж өгсөн байдаг.Энэ бол одоо “MCS”-ийн байранд амьдарч байгаа Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байх үеийн тогтоол.Энэ хуулиар бол буцааж авах ёстой.Хууль хамаагүй ээ гэвэл цаашаа явахаас өөр аргагүй.Харин төмөр замыг нь зогсоогоод улс мэдэлдээ авах ёстой. Яагаад гэвэл Ухаахудагийн нүүрсийг түрүүлж зөөх үү, эвсэл 2.7 сая ард түмний  томТавантолгойн нүүрсийг 20 жилийн дараагаас зөөх үү гэдэг бол зарчмын асуудал.Ухаахудагийн хувьцаа эзэмшигч 4-5-хан гэр бүлийг нийт ард түмнийхээ өмнө эрэмбэлдэг эмгэнэлийг шинэчлэлийн Засгийн газар битгий л давтаасай. Үүний тулд урагшаа төмөр зам тавих эрхийг нь цуцалж, улсад хурааж авах ёстой.Монгол Улсынхаа, Монгол Улсын шүү төмөр замыг түрүүлж бариад том Тавантолгойн нүүрсээ зөөх ёстой.Энэ бол ганцхан миний  бодол биш байх аа.

-Ухаахудагийн гол хувьцаа эзэмшигч “MCS”, “Шунхлай”, “Петровис”  бол улстөрд нөлөөтэй компаниуд. Танай намынхан дотор ч эдгээр компанийн талыг баримтлагчид бий.Бас Ухаахудагийн хувьцааг эзэмшигч нь танай намын Алтангадас фракцын нөлөөтэй улстөрч шүү дээ. Таны бодлоор шийдвэр гарч чадах болов уу?
-Харин тийм ээ, асуудлын гол нь наана чинь л байгаа юм. Харахад намууд байгаад байдаг.Гэтэл намуудын цаана санхүүг нь барьсан өөр хүмүүс байгаад байдаг.Хэтэвч нь жинхэнэ эзэндээ байгаад байдаг.

-Бас энэ маргааныг Д.Оджаргал, Х.Баттулга хоёрын бизнесийн өрсөлдөөн гэдэг?
- Харин тэгж харуулдаг, харуулахыг хичээдэг хэсэг бий. Би улс орны эрх ашиг ярьдаг.Тэр хүн хувийн компанийхаа эрх ашгийг ард түмнийхээс дээгүүрт тавьж ярьдаг.Надад Ухаахудагийнхантай өрсөлдөөд байх ижил төрлийн ямарч бизнес байхгүй.Би чинь архи тамхины бизнесээс татгалзчихсан хүн байгүй юү.Эд нар чинь арихнаас боссон улс.Би заримдаа гайхдаг юм.Эд нар шүгдэнг их шүтдэг юм болов уу, хэт их хөрөнөгжих гэж зүтгэх нь юутай холбоотой юм бол гэж.Жишээ нь, Чингис хааны зурагтай, нэртэй архи үйлдвэрлэдэг, их хаан гэж рекламддаг мөртлөө хөшөөг нь барих гэхэд ганц төгрөг ч хандивладаггүй л улс ш дээ.Гэтэл хувьдаа компанигүй жирийн иргэн хүртэл цалингаасаа хандивлаж байх жишээтэй.Энд ялгаа байгаа биз.Та нар нэг нутаг, усныхан ойлголц гэдэг юм.Ойлголцож болно, тэрэн шиг амархан юм байхгүй.Би Ухаахудагийн хувьцаа эзэмшигч л болно. Тэгэхээр нөгөө  том Тавантогойгоо яах вэ, нөгөө 2.7 сая хүн яах вэ. Энэ худалдаж болдог  эрх ашиг мөн үү.  Би хувиа бодож ойлголцох байсан бол аль хэдийнэ Ухаахудагийн хувьцаа эзэмшигч болчихсон яваа.Харин бид том Тавантолгойнхоо IPO-г түрүүлж хийгээд гаднын бирж дээрээс хөрөнгө босгочихсон бол дэлхийд хамгийн том ордоо түшиглээд Монгол Улсын хөгжлийн замд орон эхний коридор нээгдэх байсан юм.Араас нь улсынхаа эрх ашгийн дор хувь хувьсгалын бүх “юмаа” оруулчих байсан юм.Би үүнд л харамсаад байдаг юм даа.

-Та Ухаахудагаас хувьцаа эзэмших юмуу,  нөгөө талаас хувьцаа эзэмшээд дуугүй яваач гэж санал танд тавьж байсан уу?
-Тэртэй тэргүй зөвшөөрөхгүй учраас надад тийм санал тавьж чадахгүй л дээ.

-Таны зүгээс бол тавьж байгаагүй юу?
-Юу гэж дээ. Би том амбийцтай гэж хэлсэн дээ.Тийм хүмүүстэй нийлж явах хүн би бишээ.

-Та ярилцлагаар тэднийг шүүмжлэхээс гаднанүүр тулж уулзаж ойлголцож болдоггүй юм уу. Ер нь ийм алхам хийсэн үү?

Ухаахудагийнтай  юу

-Тийм?
-Оджаргалтай уулздаг юмаа. Уулзахаараа ойлголцоод л гардаг. Хамгийн сүүлд гэхэд саяхан Тавантолгойн ажлын хэсгийн дөрвөн сайд, бас Оджаргалыг оролцуулаад Ерөнхий сайд дээр уулзсан.Тэнд бид хэлсэн, одоо төрөө даган баясаа гэж.Оджаргал ч төрөө дагаж явнаа л гээд гарсан.Одоо харин хэлсэндээ яаж хүрэхийг нь л харъя.
Нийтлэлч Г.ОТГОНБАЯР
www.baabar.mn

No comments:

Post a Comment