Sunday, 18 November 2012

И.Одончимэг: Бархүүтэй анх нийлэхэд болж бүтэхгүй юм шиг л санагдаж байлаа


Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгтэй ярилцлаа.                                                                                 

-"Одноогийн ток шоуүзэгч­дийн хүртээл болоод эхэллээЭнэ шоуны талаар хүмүүс олон янзаар ярьжбайнаТа өөрөө шоуныхаа талаар яриач?                             
-Найруулагч Б.Чингүүн надад ийм ток шоу хөтлөх санал тавьсан. Юутай ч гурав, дөрвөн сар хөтлөгч хийж үзье гээд хамтран ажиллаж байна. Би өөрөө сэтгүүлч хүн биш болохоор жаахан эмээгээд байна л даа. Шоуны хөтлөгч хийж чадах, чадахгүйгээ сайн мэдэхгүй байгаа учир урт хугацааны гэрээ хийгээд яах вэ гэж бодсон. Ямар ч байсан ес, аравдугаар сард гарах шоуны­хаа зочидтой ярилцсан. Эхний дугаарууд нь үзэгчдийн хүртээл боллоо. Хүмүүсийн ам гайгүй л байх шиг байна шүү. Мэдээж мэр­гэжлийн хүний нүдээр харвал алдаа дутагдалтай зүйлүүд байгаа байх. Гэхдээ миний гол зорьж байгаа зүйл, саналыг яах гэж зөвшөөрсөн бэ гэвэл хүмүүс их хуурамч багтай явах болжээ. Тиймээс энэ шоугаар тухайн ярил­цаж буй хүнийхээ үнэн нүүр царайг харъя, чин сэтгэлийн үгийг нь үзэгчдэд үзүүлье, харуулъя гэсэн бодлын үүднээс энэ шоуг хийж байна. Би өөрөө тиймэрхүү чин сэтгэлийн халуун дотно ярианд дуртай хүн.                                                       

-Та тэгээд хошин урлагаа яах гэж байна вэ?                                                                        
-"Х-ТҮЦ" хамтлагтаа тоглоно ш дээ. Уран бүтээлийнхээ хажуугаар нэвтрүүлгээ бэлдэнэ дээ.                                          

-Тэгэхээр ажил чинь цалгар­дах юм биш үү                                                            
-Уг нь тийм ээ. Яг бүх анхаарлаа шоундаа хандуулаад бүхий л цаг заваа энэ ажилдаа зориулбал  үнэхээр гоё, чин сэтгэлийн ярилц­лага хийж болохоор юм билээ. Гэхдээ надад амжуулах ажил их байгаа учир одоохондоо богино хугацааны гэрээ хийчихээд байгаа юм. Хэрвээ би өмнөх ажлаа барах­гүй, энэ шоу миний хүссэн шиг болж чадахгүй, миний санаанд хүрэхгүй бол болино. Түүнээс биш хоёрын хооронд, гурвын дунд гэдэг шиг яваад байхыг хүсэхгүй.                         

-Опрагийн шоуг дуурайх бас нэг оролдлого гэж харах хүмүүс мэр сэр байна. "Монгол туур­гатны зуунэрхэм", "Нандиагийн ток шоузэргээс таны шоу юугаа­­раа өөр байж чадах бол?                                                                                   
-Хүмүүс харин Опраг дуурай­лаа гээд байх юм. Би тэр эмэгтэйг дуурайсан зүйл байхгүй шүү дээ. Би өөрийнхөөрөө л асууж, өөрийн­хөө мэдрэмжээр л хөтөлж байгаа. Опра гэдэг эмэгтэй тэр шоугаа яаж хөтөлдөг, асуултаа хэрхэн тавьд­гийг нь би мэдэхгүй юм. Харин ток шоуны санаа бол телевизийн урлагтайгаа хамт явах байх. Ер нь манай телевизийн урлаг хожуу хөгж­сөн болохоор гадаадын нэвт­рүүл­­гийн санаа сэдэл давтагдах, хуул­барлах зүйл гардаг юм байна. Опрагийн, Нандиагийн, Одноогийн ток шоунууд өөр өөрийн өвөрмөц онцлогтой байх. Манай найруулаг­чийн дүгнэж байгаагаар "Одноо­гийн шоу"  бусад шоу нэвтрүүлгээс илүү амьд, хуурамч баггүй байхаа­раа онцлог болно гэсэн.                 

-Та өөрөө олон удаа телевизсонинд ярилцлага өгч байсан байхТэр бүхэнд чин сэт­гэлээ­сээ ярьжчадаж байв уу?                                                                         
-Ер нь асуусан асуултын дагуу нь чин сэтгэлээсээ ярихыг хичээдэг. Гэхдээ олонхи нь засч янзлаад гуйвуулаад биччихдэг юм билээ. Одоо харин сэтгүүлчийн хөдөл­мөр, хүнтэй ярилцлага хийнэ гэдэг үнэхээр амаргүй ажил гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна.                                                                                                                

-Та сүүлийн үед кинонд тог­ло­сонгүйЯагаад тоглохгүй бай­на вэ?                   
-Киноны зохиол алга байна шүү дээ. Ганц нэг кинонд тоглооч гэсэн санал ирдэг л юм. Гэхдээ би зохиол их голомтгой. Энэ их ажлын хажуугаар хоёрын хооронд муу юманд тогловол цагийн гарз биз дээ. Уг нь нэг сайхан кинонд тогло­чихмоор л санагдах юм. Эмэгтэй хүний мөн чанарыг харуулсан, амьдралд сөхөрч боссон тийм нэг зоримог эмэгтэйн дүрийг бүтээх юмсан гэж боддог. Гэвч зохиол таарахгүй байна. Нэг хоёр жилдээ харж байгаад  болохгүй бол өөрөө бичнэ дээ. Тэгэхгүй бол миний нас яваад дүрээсээ холдчих гээд бай­на. Хамгийн сүүлд "Болсон явдал" кинонд тоглосон юм байна шүү.                                                                                            

-Монголын кино урлагийн талаар та юу хэлэх вэ?                                                   
-Яахав дээ. Олон л кино хийг­дэж байна. Зарим нь мөнгө олох гэсэн, зарим нь үнэхээр сайн кино байна. Манайх нэг хэсэг киноны зураглаачгүй байсан. Харин одоо дэлгэцийн уран бүтээлийн олон сайн зураглаач гарч ирж байна шүү. Ер нь найруулагчдаасаа илүү зураглаачид нь мундаг болоод байгаа юм шиг санагддаг. Арил­жааны гэгддэг кинонуудыг зураг­лаачийн хөдөлмөр нь авч явж байх шиг. Дээр үеийн киноны үг бүр нь хүний сэтгэлд үлдчихсэн байдаг. Харин одоо хийгдэж бай­гаа кино­нуудын үг хэллэг нь хүртэл хүнд наалдахгүй байгаа юм л даа. Энэ нь манай зохиолч, найруу­лагчид болоогүй байна гэсэн үг байх. Одоо бидэнд цаг үеэ мэдэр­нэ гэж том асуудал байна. Цаг үеэ сайн мэд­рээд уламжлал­тай­гаа холбон сайн зо­хиол бичих залуу үе хэрэгтэй юм.                                                          

-"Х-ТҮЦпро­дакшн байгуу­лаг­даад олон сайхан уран бү­тээл хийсэнЭнэ бүхэнд танай хамтлагийн эвнэгдэл их нөлөөл­сөн байхЕр нь та бүхэн бие биенээ хэрхэн олж нөхөрлөцгөө­сөн юмбэ?                                                                    
-Хамгийн анх 1996 онд Н.Онон бид хоёр Ч.Найдандорж найруу­лаг­чид хандан хамтлаг байгуулах гэж байгаагаа хэлээд бид гурав үүсгэн байгуулж байлаа. Түүнээс хойш 16 жил өнгөрсөн байна. Энэ хуга­цаанд олон ч уран бүтээлчид орж гарч явсан байна. Мөн олон залуу уран бүтээлчдийг эрийн цээнд хүргэсэн. Алдар цуутай олон жүжиг­чидтэй хамтарч ажилласан. Ялангуяа хошин урлагийнхнаас манай хамтлагт тоглоогүй жүжигчин байхгүй. Манай хамтлагийнхны уран бүтээлд хандах хандлага нэгдэж чаддаг байсан болохоор олон сайхан уран бүтээл хийсэн юм. Х-ТҮЦ хамтлаг бол урлагт хайртай хүмүүсийн бөөгнөрөл. Хамгийн чадалтай жүжигчид манай хамтлагт байсан гэж би бардам хэлнэ.                                               

-Та амаржаад удаагүй байнаНялх биетэй байж энэ бүхнийг амжуулахад хүндрэлтэй байнауу?                                                                                                     
-Их ядарна. Хамтлагийнхаа ажилд оролцоно, шоугаа хөтөлнө гээд тун завгүй л явах юм. Гэрт хоёр хүүхэд хүлээж байна. Охин бид хоёр нэг сарын зайтай төрсөн шүү дээ. Охин маань оюутан боло­хоор хүүхдийг нь харж өгөх юмсан гэж бас бодох юм.                                                                                                                                       

-Охин тань жүжигчин болох гэж байгаагэлүү?                                                                                                                          
-Тийм. Соёл урлагийн их сургуу­лийн кино драмын анги. Энэ жил төгсөнө. Өөрөө хүсээд, зүтгэсээр байгаад шалгалт өгөөд орсон. Би дэмжээгүй. Уг нь битгий жүжигчин болоосой гэж бодож байсан юм.                                                                                  

-Та яагаад тэгж бодсон юм бэ?                                                                                                    
-Хэцүү л дээ. Жүжигчин гэдэг мэргэжил тийм ч амар юм биш шүү. Ялангуяа эмэгтэй хүнд хэцүү. Манай Г.Доржсүрэн багш хэлдэг байсан юм. "Жүжигчний мэргэжил хамгийн хар ажил" гэж. Тухайн үед яагаад ингэж хэлж байгаа юм бол доо гэж их гайхдаг байсан юм. Одоо бодоод байх нь ээ оргүй үг биш л байж. Оюун санааны  хувьд, бие эрхтний хувьд ч жүжигчний хөдөл­­мөр гэдэг хамгийн хар бор ажил юм. Олонхи хүмүүс өөрөө хийж үзээгүй болохоороо гоё гэж боддог юм шиг байгаа юм. Хамгийн наад зах нь биегүй болно. Ар гэрийн ажил орхигдоно. Хүүхдийн­хээ ирээдүйд ч анхаарах цаг зав олддоггүй. Гэрийн бараа хардаггүй гэргий байна гэдэг амаргүй шүү. Ажлыг нь их ойлгодог эр хүн байх­гүй л бол урлагийн эмэгтэй хүний амьдрал сэтгэлийн шаналгаа ихтэй байдаг юм. Охиноо ийм зүйл рүү зүтгэж байгаа болохоор нь би дургүй л байсан. Гэвч өөрийнх нь сонголт юм хойно, одоо яах билээ.                                                                                              

-Тэгэхээр таныг жүжигчин болно гэж байхад гэр бүлийнхэн тань юу гэж байвЖүжигчний мэргэжилсонгоход тань танд юу нөлөөлсөн бэ?                                             
-Аав ээж дургүй байсан. Одоо харин ээж минь "Тэр үед би жүжиг­чин болно гэхэд чинь яагаад  дур­гүй байсан юм бол" гэж гайхаад байдаг юм. Өөрийнхөө зөн совин­гоор шийд­сэн юм. Би жүжигчин болж чадна. Чадахгүй бол насаа­раа харамсаж явах юм байна гэдгээ мэдэрсэн тэгээд л нэг өдөр шийд­вэр гарга­сан. Түүнээс биш би жүжигчин болно гэж багаасаа бэлдэж төлөв­лөж байсангүй.                                                 

-Жүжигчин болж чадначадах­гүй бол насаараа харамсах  юм байна гэж мэдэрсэн гэлээТийммэдрэмж,төрүүлсэн тухайн агшин танд их нөлөөлсөн байнаТэр чухам ямар агшин байв?                                                                                        
-Тэр үед хавар болж байсныг ч хэлэх үү сэтгэл гэгэлзээд л байсан юм. "Таван буудал"-ын 17 дугаар сургуульд сурдаг байлаа. Хичээлээ тараад автобусаар бүтэн тойрчих­дог байсан юм. Автобусны цонхоор хараад, юм бодоод явах их гоё. Ер нь тэгж их явна. Харин тэр өдөр миний сууж явсан автобусны чиг­лэл өөрчлөгдөж "Ард кино теат­раар эргэх байснаа болиод Драмын театрын үүдэнд зогсчих­лоо. Тэгтэл Драмын театрын үүдэнд өлгөөтэй самбарыг очиж үзмээр санагдаад би буусан юм. Тэгээд "Гургалдайн дууч шөнө" нэртэй жүжгийн танилцуулга сам­барыг хараад зогсож байгаад араас хүн ирж яваа юм шиг санаг­дахаар нь эргээд хартал Л.Ган­төмөр гуай ирж байхгүй юу. "Пөөх Гантөмөр гуай гэдэг чинь ийм хүн байдаг юм байна" гэж баганын араар орж нуугдаад харж байлаа. Гантөмөр гуай өөрийнхөө зургийг хараад инээгээд л, хөхрөөд л байсан юм. Тэгтэл гэнэтхэн дотор давчдаад өөрийн эрхгүй уйлсан. Би жүжигчин болж чадна шүү дээ. Би өөрийнхөө юунд дуртайг олохгүй яваад байна гэсэн чинь би энэ мэргэжилд л сонир­холтой юм бай­на шүү дээ гэж бодоод тэр бууд­лаасаа шууд гэр рүүгээ суугаад харьсан. Гэртээ ороод цүнхээ орон дээр шидчихээд "Ээжээ би кино драмын ангид шалгалт өгнө" гэж хэлсэн гэсэн. "Харц нь их өөр болчихсон, цүнхээ шидээд л бүр шийдчихсэн байсан" гэж ээж одоо ярьдаг юм. Уг нь би нийгмийн ухааны чиглэлээр шалгалт өгөх гээд бэлдчихсэн байсан юм. Тэгээд ээж кино драмын ангид очоод уулзсан чинь элсэлт авах хамгийн сүүлийн өдөр нь таарсан байсан. Хүний хувь тави­лан заяа төөрөг гэдэг зурсан зур­гаараа л болдог гэдэгт би их итгэдэг шүү.                                                                      

-Жүжигчин Т.Бархүү та хоёрыг хурим хийсэн гээд үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад байнаҮнэхээрхуримаа хийсэн юм уу?                                                                         
-Үгүй ээ. Хүмүүс тэгээд биччих­сэн л байна билээ. Хурим хийсэн, хийгээгүй амьдарч болоод л байгаа юм чинь. Ямар сайндаа манай нэг настай жүжигчин Бараа бид хоёрт уурлаад гар барьдаггүй. "Та хоёр намайг өгөх бэлэггүй гэж санаа юу" гэж гомдоллоод. Бид хоёр бүр шоконд орсон. Гэтэл хурим хийхдээ урьсангүй гэж уур­лаад байсан юм билээ.                                                                                                             

-Та хоёр хэрхэн нийлж байвЭнэ талаар яриач?                                                                     
-Бид хоёр нийлээд зургаа, долоон жил болжээ. Бараатайгаа сууя л гэж суусан даа. Бид хоёрын тухай ч сонин хэвлэлээр янз бүрээр л бичдэг. Тэгээд цаг хугацаа харуу­лах биз дээ. Одоо бол сайхан л амьдарч байна. Анхандаа ч болох­гүй бүтэхгүй гэж боддог бай­сан. Манай хүн чинь нэг зорьсон юман­даа тууштай зүтгэдэг. Зүтгэсээр байгаад л намайг аваад суусан ш дээ. Тэгээд ч Бараагийн олон зан чанар нь надад таалагд­сан юм. Архи уухгүй, тамхи татахгүй байна гэдэг эрэгтэй хүний чухал үзүүлэлт гэж боддог. Түүнээс гадна их өлөн нүдтэй эрчүүд байдаг ш дээ. Ийш тийш савчиж хүүхэн шуухан ярьсан. Бараа тийм биш. Их тогтсон сайхан зан чанартай хүн л дээ. Тэр нь надад их таалагддаг байсан. Мөн гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг ухаарсан залуу байсан л даа. Нэг хамтлагийн жүжигчид гэдэг утгаараа суухаасаа өмнө би тэр бүхнийг нь анзаарч харсан байсан юм. Тэгээд яахав дээ хорвоо бөөрөнхий гэдэг шиг нэг мэдэхэд л суух болсон байсан. Одоо аав ээж болоод сайхан л байна.                                                                          

-Тууштай зан гэснээс та өрөө их тууштай хүн байх ааБага наснаас чинь дамжин хад­галаг­даж ирсэнямар зан чанар байдаг вэ?                                                                                                                                
-Би улааныг үзээд урваж, шарыг үзээд шарваж явдаг хүнд угаасаа дургүй. Ер нь аливаа нэг хүний ямарваа нэг зан чанар гэж бай­галиас заяагдмал байдаг юм билээ. Амьдрал ахуйгаас үүдэлтэй олд­мол зан чанар гэж байхгүй. Гэхдээ заяагдмал зан чанарынхаа  дутаг­далтай талыг мэдэрсэн хүн бага багаар засч залруулж болдог юм шиг ээ. Тухайлбал би хүнтэй мэн­дэлж, хүнээс уучлалт гуйж чаддаг­гүй хүүхэд байлаа. Хүнтэй мэн­дэлнэ гэхээр л долигонох гэж байгаа юм шиг санагддаг. Хүнээс уучлалт гуйна гэхээр хоолой дээр юм тээг­лэ­чихээд болдоггүй байсан юм. Одоо бол хааяа мартчихдаг л болохоос хүнтэй мэндэлчихнэ. Мөн уучлалт гуйж сураад байна. Хүнд үнэнч байх юмсан гэж бодог. Ямар сайндаа би хөгшрөөд ажлаа хийж чадахгүй болбол хүний нэг үнэнч туслах болох юмсан гэж хүсдэг. Магадгүй нэг сайн кино найруу­лагчийн туслах хийгээд явбал гэртээ сууснаас илүү аз жаргалтай байна байх гэж боддог шүү.

Г.ЛХАГВАДОРЖ
www.dailynews.mn

No comments:

Post a Comment