Friday, 30 November 2012

М.Ичинноров: "Алдаа минь оноо болсон"

Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын дуу хоолой болсон Хуульч, нийгмийн зүтгэлтэн хатагтай М.Ичинноровыг шинэ 7 хоногийн зочны буландаа урьж оролцууллаа. Туунтэй энэ удаа хувь хүн тапаас нь ярилцахыг хүссэн юм.

“Монгол иргэн бүрийн амийг үнэлэх ёстой” гэсэн санал олны дэмжлэгийг авсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
Өнөөдрийн нийгэмд Монгол хүний амь шиг үнэ цэнэгүй зүйл байхгүй болжээ. Хатуухан хэлэхэд баячуудын эдэлж хэрэглэж байгаа цүнхний үнэ хүний аминаас н илүү үнэтэй болсон. Гэтэл эрдэнэт хүний амь гэдэг үнэлэх аргагуй зүйл. Тэр тусам мөнгөөр үнэлнэ гэдэг байж болшгүй хэрэг. Тиймээс хууль батлах дээд шатныхан Монгол улсын иргэн бүрийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлсэн хариуцлагатай тогтолцоог бий болгосон цагт л бидний үр хүүхдүүд ирээдүйд айх айдасгүй ажиллаж амьдрах бололцоо бүрдэнэ гэж үзэж болно.
Энэ удаад улстөржихийг хүсэхгүй байгаа ч та МАН-аас гарахдаа “Үзэл санааны шоронгоос өөрийгөө гаргаж байгаадаа баяртай байна” гэсэн тань анхаарал татсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
Саяхан нэгэн сэтгүүлчтэй ярилцаж байхад “Ер нь ийм үгийг эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн хүртэл хэлэхгүй, Таны хэлсэн энэ үг орчин цагийн афоризм болохоор юм” гэсэн. Анх МАН-д өөрийн үзэл санааг тусгаж, иргэдийн эрхийг хамгаалах, мэдлэг боловсролоо ашиглан ихийг хийж бүтээх зорилготой орж байлаа. Би эрх чөлөөг эрхэмлэгч хүний хувьд өөрийн хүсэлтээр МАН-ыг орхисон. МАН улс төрийн ууган хүчний хувьд миний гэлтгүй, бусад улс төрийн хүчин ард иргэдийнхээ санал хүсэлтийг тусган авч байж цааш хөгжих болно гэж боддог.
Хүний эрхийн хуульч М. Ичинноровыг бардам, өөртөө итгэлтэй гэдэг талаас нь хүлээж авдаг. Харин та өөрийнхөө дотоод мөн чанарыг юу гэж тодорхойлох бол?
Мэргэжилтэй минь холбоотой болоод ч тэр үү, өөртөө итгэлтэй бардам зан чанар миний нэг имиж болж өгсөн болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ маш зөөлөн хүн шүү дээ би чинь. Тэр тусмаа хайр бялхсан, зөөлөн сэтгэлтэй, эмэгтэйлэг эмэгтэй хүн. Би төрийг удирдах хэмжээнд бэлтгэгдэж байсан эмэгтэйчүүдийн нэг гэж өөрийгөө бодцог ч сонгуулийн өмнө том уналт болсон. Энэ улс төрийн уналт надад хүнд байсан ч маш их зүйлийг эргэцүүлж, өөртөө дүгнэлт хийсэн цаг хугацаа байлаа. Нэг тапаас маш хүнд процесс, нөгөө талаас өөрчлөлтөнд орох нэг үндэс болж өгсөн. Магадгүй хүмүүс намайг уналтанд орсон гэж дүгнэж байгаа байх. Харин би энэ үйл явдал намайг хувь хүнийхээ хувьд эмэгтэй хүн, аз жаргалтай амьдрах гэдэг зүйлүүдэд суралцах боломжийг олгож, намайг илүү дотогшоо минь хандуулсан, өөрөө өөрийгөө шинээр олж нээсэн ололтын цаг хугацаа болсон гэж үзэж байгаа.
Хүний эрхийг дээдэлж, тэмцэж яваа бусгүйд тэмцээд нэмэр алга гээд шантрах үе гарч байв уу?
Бүтээсэн хийсэн зүйл гэвэл их бий. Хүний эрхийн төлөө тэмцэж гарч ирж байсан эхэн үед би улс төр рүү орж хуггалдсанаараа маш их цаг хугацаа алдсан. Энерги эрч хүчээ алдаж, алдаатай алхмууд хүртэл нэлээд гаргалаа. Ер нь хүн алдах бүртээ ухаажиж байдаг. Би алдаа гаргаснаа өмөөрч байгаа юм биш, гэхдээ л улс төрд гаргасан алдаан дээрээ суралцаад өөрийнхөө мөн чанарыг нээж чадсан учраас сэтгэл хангалуун байна.
Таныг дэлхийн нөлөө бүхий 20 эмэгтэйн тоонд багтсан гэсэн мэдээлэл багагүй шуугиад өнгөрч байсан?
Энэ сэдвийг хөндөхөд заримдаа Монголынхоо төр засагт гомдох үе байдаг юм. Хийсэн зүйлийн минь үр дүн гээд үзүүлэх олон ажлууд байхад төр засагтаа нэг ч удаа үнэлүүлж байсангүй. Олон улсын хэмжээнд 20 хуульч эмэгтэйн нэгээр тодруулсан. Тэгэхэд яагаад улс орон нь хийсэн бүтээсэн үйл хэргийг минь үнэлж болохгүй байгаа юм бэ гэдгийг хааяа гайхдаг. Ингээд бодохоор манай улсын бусдыг үнэлэх үнэлгээ буруу гэж үздэг.
Сэтгүүлч хүнийхээ хувьд таныг алдарт сэтгүүлч Лари Кингтэй ярилцаад ирлээ гэхэд их олзуурхаж байлаа?
Тэр хүнтэй ярилцлага хийнэ гэдэг хүн болгонд тохиогоод байдаг завшаан биш гэж боддог юм. Ярилцлага хийхэд би чамд 15 минут л зориулна гэсэн хэрнээ 30 минут ярилцсан. Европт төдийгүй дэлхийд алдартай чадварлаг сэтгүүлч учраас ярилцахад хүртэл чөлөөтэй сайхан байдаг юм билээ.
Ярианы сэдвээ бага зэрэг өөрчлөе. Таныг дотны хүмүүс тань Нора гэж дууддаг шүү дээ. Нэрний хувьд ямар нэг утга бий юу?
Ховд аймагт бүрэн дунд боловсрол эзэмшээд төгссөн даруйдаа ОХУ-д хуулийн мэргэжил эзэмшихээр явсан. Ер нь Орос найзуудын маань л өгсөн нэр юм. Энэ нэрэндээ их хайртай. Барууны орнуудад бүтэн нэрээр дуудахад хэцүү байдаг учраас ихэвчлэн Нора гэж дуудуулдаг.
Нэр гэснээс та “Нора” нэртэй кафе ажиллуулж байсан одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
Тэр кафегаа зарсан. Гэхдээ удахгүй энэ нэрээрээ өөр хувийн бизнес эхлүүлэх бодол байгаа шүү.
Таны хобби юу вэ?
Эмэгтэй хүн янз бүрийн гутал цүнх ч гэдэг юм уу, чамин зүйл цуглуулах дуртай байдаг бол надад тийм сонирхол байдаггүй юм. Харин яагаад ч юм төрөл бүрийн загварын хүрэм авч өмсөх дуртай байсан. Яг хобби гэвэл ууланд авирч агаар салхинд зугаалах үнэхээр дуртай. Сүүлийн үед зураг зурах хоббитой болоод байгаа.
Зурсан зургаар нь хүний дотоод сэтгэлийн толийг мэдэрч болно гэдэг. Таны зурсан зураг юуг илтгэх бол?
Мэргэжлийн түвшинд хөгжүүлсэн зүйл бол байхгүй ч зурсан зурганд маань ихэвчлэн тод өнгө ажиглагдаад байдаг юм. Ямар нэгэн баригдмал хайрцагт бус тод өнгийг голчилж, баяр жаргалтай зүйлийг зурахыг хүсч байгаа учраас дотоод ертөнцтэй минь уялдаатай гэж хэлж болно.
Танайх их сайхан цэмцгэр айл юм. Та өөрийгөө хэр сайн эзэгтэй гэж дүгнэх вэ?
Би сайн эзэгтэй. Хүмүүс намайг тийм биш байх гэж боддог байх. Харин эсрэгээрээ гэр орноо цэвэрлэнэ, хоол ундаа хийнэ гэхчлэн ер нь гэр бүлдээ халамжтай шүү.
Ярилцаж буй хүнийхээ дотоод ертөнцөд нэвтэрнэ гэдэг амаргүй. Харин тантай ямар сэдвийг хөндөж ярилцвал тохиромжтой бол?
Би хайрын тухай яримаар байна. Энэ талаар олон зүйлийг хүргэмээр санагдсан учраас удахгүй номоо гаргахаар ажилдаа ороод байгаа. Хайр гэдэг зөвхөн романтик мэдрэмж, дурлал төдий зүйл биш юм. Гэр бүл, анд нөхөд, эх орон гээд хайрыг дотор нь олон янзаар ангилж болно. Өөрийгөө хайрлаж чадахгүй, ойр дотны хүмүүсээ хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй шүү дээ.
Та гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
Гоо сайхандаа бараг анхаардаггүй нь миний нэг дутагдал юм уу даа. Зарим нэг шаардлагатай үед л гэхээс өөр шалтгаар гоо сайханд орох дуртай биш. Би өөрийгөө залуу хэвээрээ байгаа гэж бодцог. Нас нэмэх тусам би харин ч залуужиж байна гэж боддог. Энэ нь миний сэтгэлгээтэй холбоотой байх. Миний эргэн тойронд гялалзаж яваа залуус олон байдаг, би өөрөөсөө олон дүү охид, залуучуудтай найзлан нөхөрлөж тэдэнтэйгээ цагийг өнгөрөөдөг учраас гоо сайхнаа тэдний эрч хүчтэй өөдрөг энергээр нөхөж авч чадцаг байхаа.
Таныг хандивын үйлсэд нэгдсэн талаар сонссон юм байна.
Хууль бус хүний наймааны эсрэг зоригтой тэмцэн гарч ирж буй Ганжавхлан дүүгийнхээ ажилд нь нэмэр болж байна. Хүний наймааны золиос болсон хөөрхий охиныхоо төлөө тэмцэж байгаад өөд болсон Ганзориг ахын буяны ажлыг “Буян ХХК”-аар 100 хувь үнэ төлбөргүй гүйцэтгүүлэх ажпыг өөрийн биеэр очиж шийдүүлж өгсөн нь тэдэнд багагүй тус болж чадсан болов уу. Мөн талийгаачийн гэр бүлд зориулж хандивын ажил эхлүүлсэн. Шинэ жилийн баярыг угтаж амьдралын бололцоо муутай өрх айлын хүүхдүүдэд бэлэг барих үүднээс “тоглоом цуглуулах” ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ дашрамд хүүхдэд инээд бэлэглэх бидний ажлыг дэмжээрэй гэж уриалмаар байна.
Нийгмийн байдалд сэтгэл дундуур байгаа учраас л бусдыг уриалан дууддаг. Харин энэ бүгдээс гарах гарцыг тодорхойлж чадав уу?
Тодорхойлж чадсан. Ядуурлаас гарах, Иргэний боловсролыг дэмжих гэсэн хоёр асуудлыг хөндөж төсөл боловсруулаад МУ- ын ерөнхий сайдад өргөн барьсан. Ерөнхий сайд төслийг маань дэмжиж маш сайхан хүлээж авсан. Удахгүй ажил хэрэг болно. Хөгжлийн түлхүүр болохуйц санаа дэвшүүлсэн хэмээн үнэлсэн шүү.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Ярилцсан сэтгүүлч М. Цацрал
Инфо ТВ сэтгүүл

No comments:

Post a Comment