Монголын
орчин үеийн дипломат албаны 100 жилийн ой тохиож байна. Энэ үед 1995-2003 онд
АНУ-д Монгол Улсын Онц бөгөөд Бурэн Эрхт Элчин сайдын албыг хашсан ахмад
дипломатч, доктор Ж. Чойнхорын яриа сонирхолтой байж таарна. Тэрбээр өдгөө
Нью-Йорк, Женев хотод НҮБ-ын дэргэдэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газарт
ажиллаж байсан юм.
-Таны
дипломат албанд хөл тавьсан үеэс яриагаа эхэлбэл ямар байна?
-1960-аад
онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд байлаа. Манай ангийн
Жамсран (одоо ойн гавьяат инженер), Машбат, Сонинбаяр нар маань Москва,
Ленинград руу явлаа. Би ч явмаар л байсан. Тэгсэн бол гурилын үйлдвэрийн
инженер болох байж.
Гэтэл
манай багш Гомбосүрэн, Буйдан нар ” МУИС-ийн англи хэлний ангид ганц хуваарь
ирсэн. Чи л яв” гэлээ. Ингээд би МУИС-ийн англи хэлний ангид нэг жил сурч, овоо
дүнтэй төгслөө. Нэг өдөр Гадаад яамны Баттулга гэдэг дарга бидний хэдэн
оюутнаас анкет авсан. Тэгж судлаад Агваандамдин, Даваагив, Чанцал, Төмөрхүлэг
бид тав тэр намраа Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцахаар
явж билээ. Сургуулийнхаа сүүлийн хоёр жилд нь Нью-Йорк хотноо НҮБ-ын Байнгын
төлөөлөгчийн газарт дадлага хийж, жижүүр орчуулагчаар ажилласан. Тэр үеэс
НҮБ-ын Ерөнхий ассамблейн хоёр ч чуулганд оролцож юм юмны зах зухтай болсон
хэрэг. Дипломатч болсон түүх маань ингэж л эхэлсэн дээ. Сургуулиа төгсөж ирээд
Гадаад явдлын яамны НҮБ, олон улсын байгууллагын хэлтэст референтээр
томилогдсоны дараа атташе, нарийн бичгийн дарга зэрэг бүх л шатны албыг дамжиж
Элчин сайд, тэргүүн дэд сайд болтлоо ажилласан даа. Миний гадаад харилцааны
салбарт 33 жил ажилласан ажил амьдралын товч түүх ердөө л энэ.
-Та Монгол
Улсаа төлөөлж АНУ-д Элчин сайдаар олон жил суусан. Дипломатчийн тань хувьд хэр
их өгөөжтэй байсан газар вэ?
-АНУ-д
оюутан цагаасаа анх хөл тавьж, тэр орны аж амьдрал, хэл, соёлыг сонирхох
болсон. Тэр үеэс хойш 25 жилийн дараа улс орноо төлөөлж Элчин сайдаар
томилогдон очиж, 1995-2003 онд ажиллах завшаан тохиосон. Энэ хугацаанд АНУ-ын
мэргэжлийн чадварлаг дипломатчдаас маш их зүйл сурсан. Америкчуудын дипломат
албаны онцлог нь маш их бэлтгэл сургуультай, хүнтэй харилцах эвтэй, найрсаг
байх бүх эрдмийг эзэмшүүлдэг. Гэхдээ америкчууд тавьсан зорилгодоо хүрэхийн
тулд надаас мэдье гэсэн юмаа мэдэж, мэдүүлье гэсэн зүйлийнхээ төлөө эрчимтэй
ажилладаг хүмүүс. Энэ улс дипломат албанд ажиллах хүмүүсийг эртнээс бодлоготой
бэлтгэдэг. Жишээ нь, манайд ирж, Төрийн департаментад хэлтсийн орлогч дарга
хийж, хурал, зөвлөлгөөнд оролцож, манай дипломатчидтай уулзан санал солилцож,
сонирхсон зүйлээ тодруулж, ирэн очин яваад байсан дипломатч олон жилийн дараа
Монголд
Элчин сайд болсон хэд хэдэн тохиолдлыг би ажигласан. Тэдэнтэй удаан хугацаанд
ажиллахад энэ байдал мэдрэгдэж байсан. Америкууд гадаад оронтой харилцахдаа тэр
орны дотоод хэрэг явдалтай хутгалдахыг хүсдэггүй. АНУ-ын улс төрийн хоёр гол
нам болох Ардчилсан нам, БН намын аль аль нь манай аль нэг намыг илүү дэмждэггүй,
ижилхэн хандлагатай байдаг. Тэгэхээр Америкт улс төрийн албан тушаалын
томилгоог ихэнх орнуудад хийдэггүй, мэргэжлийн дипломатчдыг Элчин сайдаар
томилдог туршлагатай орон. Америк энэ зарчмаа баримталж мэргэжлийн дипломатчаа
манайд томилдог нь надад таашаалтай санагддаг. Гэвч хоёр орны харилцаанд янз
бүрийн асуудал гарна. Сүүлийн үед харилцаа өргөжсөн. Америкууд визгүй зорчих
уу, визтэй зорчих уу зэрэг асуудал яригдсаар байгаад шийдэгдсэн. Монголчуудад
Америкт зорчих 10 жилийн хугацаатай виз олгодог систем ч бий болсон. Тэгэхээр
дипломатчийн ур чадвар гэдэг хоёр орны харилцааны нарийн төвөгтэй асуудлаар
яриа хэлэлцээ явуулна гэсэн үг шүү дээ. Тухайлбал, АНУ-ын эрх ашигт яаж ашигтай
байх вэ гэдгийг дипломатчид нь их бодолцдог. Тиймээс аль алиндаа ашигтай байхаар
шийдэх хувилбарыг сонгож хичээж харилцдаг юм.
-Нью-Йорк,
Женевт Байнгын төлөөлөгчийн газарт ажиллаж байхад таныг ямар хүмүүс дэмжиж
ажилладаг байсан бэ. Ер нь та ямар байр суурьтай ажилладаг байв?
-Би
1968-1970 онд Нью-Йоркт, 1972-1975 онд Женевт ажилласан. Тэгээд Гадаад яамандаа
1995 он хүртэл 20 жил ажилласан. Монголын дипломатын түүхэнд од болсон сайд
Дүгэрсүрэн, Банзар, Хосбаяр, Эрдэмбилэг, Дашцэрэн нартай хамт ажиллаж байсан.
Төв аппаратдаа бол сайд Шагдарсүрэн, Тойв, Жаргалсайхан, Ринчин, Гомбосүрэн,
Ёндон, Чимэддорж, Дамбадаржаа, Элчин сайд Лувсанринчин, Дэмиддагва, Готов,
Очирбал, Хашбат, Буд нартай хамтран ажиллаж байлаа. Тэд бол өндөр мэдлэгтэй,
маш их туршлагатай, хүмүүс. Сураар зүйрлэвэл биднийг ёстой нэг элдүүрийг нь
хангаж өгдөг байсан ахмадууд. Элчин сайд Дашдаваа, Нямдоо, Нархүү, Олзвой,
Эрдэнэчулуун, Бэхбат, Должцэрэн, Идэр, Итгэл, Навчаа, Чулуундорж, Дашням,
Эрдэнээ, Нанзад, Үржинлхүндэв, Агваандамдин, Даваагив, Төмөрхулэг, Чимэдцорж,
Юмжав гээд бид бүгдээрээ л, бидний дараа үеийн олон залуу дипломатч нар ч тэр л
ахмадуудын гараар орж хүмүүжиж, мэргэжиж, өсөж өндийсөн улс аа. Тэднийхээ ач
гавъяаг мартах аргагүй.
-Монгол
Улс АНУ-тай дипломат харилцаа тогтооход бэрхшээлтэй зүйл гарч байв уу?
-АНУ-тай
манай улс дипломат харилцаа тогтооход нэлээд саад учирсан. Гадна талын ч дарамт
байсан. Энэ саад нь тухайн үеийн олон улсын нөхдөл байдалтай холбоотой байсан
хэрэг. Түүнчлэн манай хоёр том хөрш өөр хоорондоо үзэл суртлын том зөрчилтэй
байлаа. Энэ үед Монгол Улс өөрийгөө яаж авч гарах вэ, ямар байр суурьтай байх
вэ гэдэг асуудал чухал байсан.
Богдхаант
Монгол улс байгуулагдан Монголын орчин цагийн дипломат алба үүссэн 1911 оноос
гадаад орнуудтай дипломат харилцаа тогтоох гэсэн хүсэл зорилгоор дэлхийн
том орнуудад хандан нот бичиг илгээсэн байдаг. Нот бичгээ янз бүрийн шугамаар
дамжуулж байсан ч Хаант Орос улс тухайн үед төдийлөн ойшоохгүй, тус дэм
болохгүй байсан санагддаг юм. Манай улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан
Намнансурэн Санкт-Петербургт очоод ямар их ажил үйлс явуулж байсан нь их
сонирхолтой байдаг юм.. Гэхдээ нэлээд ажлыг бүтээж чадсан. Монголынхоо дипломат
албаны түүхээс харахад гадаадын том орнууд манай орныг том хоёр хөршийн дунд
оршдог юм байна гэж үзээд тухайн үедээ манай орны хүсэлтийг төдийлөн анхаарч
үзээгүй, орхигдуулсан талтай байсан. Харин 1970-аад онд Америкийн тал дипломат
харилцаа тогтоохыг санаачилж, хоёр талын хооронд идэвхтэй яриа хэлэлцээ явагдаж
байж. Монгол Улс, АНУ-ын хооронд 1987 оны 1 дүгээр сарын 27-нд дипломат
харилцаа тогтсон. Дипломат харилцаа тогтоосны дараа 1989 онд АНУ-д Монгол улсын
анхны элчин сайдаар томилогдсон Г.Нямдоо хоёр орны хооронд харилцаа тогтооход
их үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүнчлэн орлогч сайд Д.Ёндон, Гадаад явдлын яамны
сайд Л.Ринчен, элчин сайд Ц.Пунцагноров, И.Очирбал нар их хувь нэмэр оруулсан
юм.
-Дипломат
албанд ажиллаж байх үеийнхээ сонирхолтой тохиолдол, дурсамжаасаа хуваалцах уу?
-Монгол
Улсад АНУ-аас Элчин сайдаар Дональд Жонсон ажиллаж байсан. Монголоор сайн
ярьдаг, монгол орноор нэлээн аялсан хүн. Би түүнтэй цаатангууд дээр хүртэл очиж
үзсэн. Тэр дипломатчтай миний ажил, амьдралын зам хэрхэн холбогдож байсныг
санахад сонин байдаг юм. Жонсон бол манай Гадаэд явдлын яаманд анх хөл тавьсан
Америкийн дипломатч юм. Би тэр хүнийг албан ёсоор хүлээн авч ярилцах үүрэг
авсан юм. Бид хэн хэн нь залуу ажилтнууд байсан хэрэг. Тэрээр Монгол Улс,
АНУ-тай харилцаа тогтоох сонирхолтой байдаг эсэх, үүнд хэн нэгэн саад болж
байгаа эсэхийг тандаж байсан юм билээ. Хожим нь Жонсон АНУ-аас Монгол улсад
суух гурав дахь Элчин сайд болсон. Миний бие Монгол Улсаас АНУ-д суух гурав
дахь элчин сайд болж байлаа. Бид нэгэн үед Элчин сайдаар ажиллаж байхдаа ойр
дотно танилцаж, хоёр орны харилцаанд тус нэмэр болохыг хичээдэг байсан. Энэ үе
бол миний хувьд гадаадын дипломатчидтай харилцаж байсан хамгийн сонирхолтой,
хамгийн үр бүтээлтэй хамтын ажиллагаа байлаа. Одоо ч гэсэн бид хоёр байнга
харилцаатай байдаг.
Бас нэг
дурсамж ярья. 1990-ээд оны эхээр ОХУ-д очиж янз бүрийн шатны хүмүүстэй уулзаж,
яриа хэлэлцээ явуулдаг байсан. Монгол улсын шадар сайд Ч.Пүрэвдорж, Ерөнхий
сайд П. Жасрай, Д.Бямбасүрэн нарыг дагалдан олон удаа явсан. Тэдгээр айлчлалын
үеэр их өрийн тухай асуудлыг их ярьж хэлэлцдэг байсан. Их өрийн асуудал 2000
оноос хойш л яригдаад шийдэгдсэн мэт ойлголт байдаг бол ташаарал байх. Бүр эрт
1970-80-аад оноос Ю.Цэдэнбал даргын үед яригдаж л байсан асуудал.
1990-ээд
онд эл асуудлаар бид ажлын түвшинд, тухайлбал орлогч сайдын зиндаанд холбогдох
яамдуудтай илэн далангүй яриа хэлэлцээ, маргаан мэтгэлцээн их л
хийдэг
байлаа'. Халуухан яриа хөөрөө өрнүүлж, бидний түвшинд хоёр тал сайдаж мууддаг л
байсан. Эдгээр яриа хэлэлцээний үр дүнд Монголын хоёр сайд, Зөвлөлтийн хоёр
сайдын гарын үсэг зурсан өртэй холбоотой баримт бичгийн заалтыг боловсруулсан
явдлыг би хамгийн их олзуурхаж явдаг. Тэр баримт бичгийн төсөлд миний хувьд
ганц өгүүлбэр оруулах гэж маш их хичээсэн. Найрамдалт орны нөхөдтэй арай дэндүү
маргаж, зөрүүдэлж, асуудлыг хүндрүүлж байгаа юм биш биз гээд Пүрэвдорж шадар,
Бямбасүрэн ерөнхий сайд нар намайг зэмлэж, бангадаж байсан ч дотроо баяртай
байгаа ч юм шиг л санагдаж байж билээ. Тэр тээг болоод байсан өгүүлбэр нь юу вэ
гэвэл “Монголын их өрийн асуудлыг шийдвэрлэхэд тухайн өр үүссэн тэр үеийн
түүхэн нөхцөл байдлыг хоёр тал харгалзан үзэх ёстой” гэсэн заалт байсан юм.
Энэхүү ганц өгүүлбэрээ арай гэж нэг оруулж амарсан юм. Эл зарчмын заалт дээрх
нарийн төвөгтэй асуудлаарх хоёр орны цааш цаашдын гэрээ хэлэлцээрийн үндэс болж
өгсөн байх гэж боддог. 1991 оны дөрвөн сайдын тохиролцоонд Монгол улсын
Үндэсний Хөгжлийн сайд Ж.Батсуурь, Худалдаа, үйлдвэрийн сайд С.Баярбаатар,
Зөвлөлтийн талаас К.Катушев, Н.Дурасов сайд нар гарын үсэг зурсан юмдаг. Хэрэв
надаас 33 жил гадаад харилцааны салбарт ажиллахдаа та ард түмэндээ, төр улсдаа
хэрэгтэй ямар нэг тоймтой, чухал юм юу хийв дээ гэж асуувал ердөө л ганд энэ
өгүүлбэр дээ гээд үзүүлнэ гэж бодож явдаг юм даа.
-Ганц
өгүүлбэрийн санаа ч бас чухал нөлөө үзүүлдэг байх шүү. Тэгэхээр дипломатч
мэргэжлийн гол онцлог юу вэ. Сайн болон сонин, хэцүү талыг нь сонирхуулаач?
-Дипломатчын
мэргэжил тийм ч амар ажил биш ээ. Гэхдээ нэр хүндтэй, олон улсын тавцанд улс
орноо төлөөлж явдаг бахархалтай, сайхан мэргэжил гэж боддог. Дипломатч хүн
ажлын шугамаар гадаадын олон оронд очиж, дэлхийгээр нэг ёсондоо тэнэж,
ажилладаг онцлогтой. Энэ бол хувь тавилантай, сонирхолтой ажил. Миний хувьд ажлын
онцлогоор дэлхийн 80 гаруй оронд очиж үзэх аз завшаан тохиосон. Дипломатч хүн
дайн самуунтай хэцүүхэн газар томилогдон явах ч үүрэг авна шүү дээ. Бүр ойрын
жишээ гэвэл манай хадам эцэг Санжмятав Солонгосын дайны үед Элчин сайдын яаманд
ажиллаж байснаа их дурсан ярьдаг байсан. Миний гэргий Майжаргал бяцхан охин
Элчингийн хашаанд нэг туулайтай тоглодог байж л дээ. “Нэг өдөр гэнэт
ойролцоохон бөмбөгдөлт болоод охины маань хөөж явсан туулайг бөмбөгний
хэлтэрхий тас хяргасан юм. Хүүхдийн заяа мөн ч их шүү” гээд ярьдагсан. Мөн маш
их халуун орон, өвчин томуутай оронд ч очно.
Би ГЯЯ-ны
Азийн хэлтсийн дарга байхдаа дайн самуунтай Афганистанд байгаа Элчин сайдын
яам, нөхдөө эргэхээр 1988 онд явлаа. Зөвлөлтийн цэргийн онгодоор Кабулын нисэх
онгоцны буудалд буутал манай элчингийн хүмүүс ирсэнгүй. Урдаас буу мөрлөсөн,
цэргийн цоохор хувцастай гурван хүн над руу чиглээд ирлээ.. Тэгтэл нэг сахалтай
афган цэрэг нь над руу хараад инээгээд байх юм. Тэгтэл манай ангийн ганц найз,
Агваандамдин зөвлөх байсан юмсанж. Элчин сайд Долмон, жолооч Цэдэндаржаа
нарыгаа таниад тэврэлдэж билээ. Тэгэхээр тэр үеийн нөхдөл байдалд
тааруулж дипломат нар ажиллаж амьдарч яваа нь тэр л дээ. Харахад инээдтэй
мэт боловч түгшүүртэй, маш өрөвдөм байсан шүү. Тэр үед Кабулд Монголын болон
Зөвлөлтийн Элчин Сайдын яам л ажиллаж байсан. Тэнд очоод байхад ЗХУ-аас
Афгинстан улсад суугаа элчин сайд Ю.М.Воронцов намайг найрсагаар хүлээн авч
уулзсан. Хүний учрал тавилан их сонин юм шүү. Хожим 1995 онд АНУ-д Элчин
сайдаар томилогдоод Вашингтонд очиход Юлий Воронцов мөн тэнд Элчин сайдаар сууж
байсан. Надад энэ бүхэн их сонин сайхан санагддаг. Ю.Воронцовыг Англиар ярихад
америк хүн ярьж байна уу, орос хүн ярьж байна уу гэдгийг хэн ч ялгахгүй. Дээр
нь маш их мэдлэгтэй, туршлагатай дипломатч.
-Дипломат
арга ажиллагаа гэдэг тань хэлэлцээ хийх урлаг гэж зарим дипломатч ярьдаг. Харин
та туршлагатай дипломтачийн хувьд энэ асуултанд ямар шинэ санаа, дүгнэлт хэлэх
вэ?
-Дипломат
яриа хэлэлцээ гэдэг бол дипломатчийн ажлын гол хэсэг дээ. Үүнийг маш нягт
нямбай хийж, үг хэлээ хянах ёстой. Тавьсан санал, хэлсэн үг нь дараа нь
урагшлуулах ч зайтай, ухрах ч буудалтай байх ёстой болдог. Бас л шаргүй ажил
даа. Хоёр орны харилцаа гэдэг нэг хэвийн үргэлж сайхан байгаад байдаггүй. Би
ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд байхдаа БНХАУ-ын Элчин сайдтай сайхан харьцаатай
байлаа. Гэтэл нэг удаа би ажлын хүрээнд онцгүй асуудлаар эсэргүүцлийн нот
Хятадын Элчин сайдын яаманд өгөх болж, нөгөө элчин сайд нөхрөө дуудлаа. Инээд
алдсаар миний өрөөнд орж ирэв. Миний царай барайчихсан сууж байсан биз. Гэтэл
нөгөө нөхөр “та яасан, танайхан зүгээр үү?” гэж асууж билээ.
-Хятад
улсын тэр Элчин сайд нь хэн байсан бэ?
-Нэрийг
нь хэлмээргүй байна. Дипломат хүн ярьж байгаа зүйлийн онццогоос хамаарч бусдын
нэрийг хамаагүй хэлж болдоггүй юм шүү. Би тэр нотыг дипломатчын хувьд янз
бүрийн аргаар ярьж байж Хятадын талд өгөх л хамгийн гол зорилго байсан. Авахгүй
миний ширээн дээр орхиод гарвал яанаа гэж би сэтгэл зовниж байсан. Дуугаа
өндөрсгөж, хааяа намсгаж, танай тал чаддаг юм бол няцаагаарай л даа гэсэн сэтгэгдлийг
тэр хүнд төрүүлсээр байв. Гэтэл Хятадын Элчин сайд судалж үзээд зохих няцаалтыг
даруй өгнө гээд нот бичгийг цүнхэлж аваад гарсан. Энд л дипломатчийн харилцааны
нэг ёсны урлаг, арга байсан болов уу гэж одоо л боддог юм. Тэр хүний намтар
түүхтэй нь эргэн танилцахад тэр элчин мэргэжлийн дипломатч байгаагүй юм билээ.
Хэрвээ мэргэжлийн дипломатч хүн байсан бол миний хажууд уншиж үзээд “үгүй ээ,
тийм биш “ гэж хэлээд нотыг ширээн дээр минь шууд шидээд гарч явах байсан байх.
Хэрэв тэгсэн бол миний ажил амжилтгүй болох байлаа. Тун удахгүй нөгөө элчин
сайдыг маань төвөөс нь татан дуудсан. Дипломатын алба их нарийн шүү.
-Хамгийн
сайн, чадварлаг дипломатч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Ямар ч
гэсэн улсынхаа эрх ашгийг үйл ажиллагаандаа дээдэлж чаддаг хүн хамгийн сайн
дипломатч. Энэ үйл ажиллагаанд хувийн эрх ашгийг оруулж ажиллавал улсад маш
хортой болно. Биднээс улс орны эрх ашгийг дээдэлж ажиллах зарчим баримтлахыг
шаарддаг. Чингэж ажиллана гэж тангараг өргөсөн улс шүү дээ бид чинь. Дипломатч
хүн тэгж л ажиллах үүрэгтэй.
-Таны
хувьд гадаадын ямар дипломатчдыг таашааж үнэлдэг вэ?
-Маш
гайхамшигтай дипломатчид их олон бий. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд
Жоу Эшгай маш гайхамшигтай дипломатч байсан. Олон улсын хэмжээнд хүлээн
зөвшөөрөгдсөн хүн. Хятадын Засгийн газрын тэргүүн, гадаад харилцаагаа хариуцаж
байсан. Тэр хүний тухай ном унших дуртай.
Харин
Орос улсад олон сайн дипломатчид бий. Намайг бага залуу Женевт ажиллаж байхад
Зэвсэгт хураах хороонд олон жил ажилласан АА Рощин гэдэг маш их эвсэг чадварлаг
элчин сайд ажилладаг байсан. Энэ хүн элчин сайдтай ч ярьсан, дагалдаж яваа
залуу дипломатчтай ярьсан ч нэг зан, янзаараа харилцдаг. Юмны учрыг сайхан
тайлбарлан ярьж, хэлдэг байсан нь их таалагддаг байлаа. Манай Дүгэрсүрэн сайд л
их тоодог, байнга Дүгэрсүрэн сайд л их тоодог, байнга улгэр дууриал болгон
ярьдаг байсан сан. Ер нь НҮБ бол яриа хэлэлцээний дэлхийн төв. Дэлхийн
хэмжээний бүх асуудал НҮБ-ын чуулганаар орно. 34 сарын турш хуралддаг. НҮБ-ын
тогоонд чанагдана гэдэг маш их юм сурч, өсөж хөгжиж гарч ирдэг гэж ярьдаг юм
шүү.
-Ингэхэд
Таныг олон улсын харилцааны чиглэлээр судалгаа хийдэг гэж дуулсан. Та хэзээ
ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсаи юм бэ?
-1985-1987
онд ОХУ-ын Дипломатын Академид суралцаж, диссертаци бичиж, Ази Номхон Далайн
чиглэлд явуулж байгаа Монгол улсын гадаад бодлогын сэдвээр олон улсын
харилцааны түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Гэвч би дипломат албанд
зүтгэсээр байгаад шинжлэх ухаанд багаахан юм бүтээжээ. Тэгэхдээ орчин цагийн
Монголын дипломат албаны 100 жилтэй холбогдуулж Монголын гадаад харилцааны
түүхийг бичихэд оролцлоо. Энэ номны 1966-1990 оны хоорондох бүлгийг бичсэн.
Удахгүй “Монголын дипломат бодлогын 100 жилийн түүхэн тойм” нэртэйгээр
хэвлэгдэн гарна. Би нэг хэсэг Стратеги судалгааны хүрээлэнд ажиллаж байсан. Одоо
хэдэн эрдэмтэн нөхдийн хамт Геополитикийн судалгааны хүрээлэнг санаачлан
байгуулаад Эрдмийн зөвлөлийн даргаар нь ажиллаж байна.
-Геополитикийн
судалгааны хүрээлэнгийн гол үйл ажиллагаа, зорилго нь юу вэ. Олон улсын
харилцааны чиглэлээр голлож анхаарч судалж байна уу?
-Энэ
хүрээлэн 2010 оны 10 сарын 10-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Манай хүрээлэн
Монгол улс олон улсын харилдааны нөхцөл байдал дунд яаж оршин тогтнож, аюулгүй
байдал, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогоо хэрэгжүүлж байх ёстой юм бэ гэдгийг
судалдаг. Геополитик гэдэг газар зүй, орон зайн хамааралтай улстөрийн бодлого
юм. Хоёр том хөрш Хятад, Оростой яаж харилдах вэ, гуравдагч хөрштэй яаж
харилдаж, тэдний ашиг сонирхолыг яаж тэнцвэржүүлэх вэ, яавал бид амар тайван аж
төрж, яавал үр ашигтай хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх вэ гэдгийг судалж
байна. Энэ судалгаагаа сонирхсон байгууллага, хүмүүст өгдөг.
Б.БАЯРМАА
Өдрийн сонин
No comments:
Post a Comment