-Фердинанд Оссендовскийг манайхантаны орчуулсан "Хүн, араатан, бурхад"хэмээх романаар нь илүүтэй мэдэхболсон. Тэгэхээр Польшийн зохиолч энэхүн Лениний тухай хэр ихийг мэдэхболоод "Ленин" хэмээх энэ номыг бичихболов гэдэг нь хүмүүст сонин байгаабайх?
-Ф.Оссендовскийн тухай эхлээд ярихад, түүний үндсэн мэргэжил нь байгаль судлаач. Хэдий өөр салбарын хүн ч гэлээ октябрийн хувсгалаас өмнө Польшийн нэг сэтгүүлийг орос хэл дээр эрхлэн гаргадаг байсан юм билээ. Мөн залуу насандаа утга, уран зохиол сонирхон оролдож, хувьсгалаас өмнө зарлаж байсан уралдаануудын тэргүүн шагналыг удаа дараа хүртсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ф.Оссендовски бага залуугаасаа уран зохиолч болон төлөвшсөн хэрэг. Үүний зэрэгцээ тухайн үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй жинхэнэ утгаараа хөгжиж эхлэхэд орос, польш хэл дээр сэтгүүл эрхлэн гаргаж, тухайн цаг үеийнхээ сайн муу, болох болохгүйг эрэн сурвалжилж бичдэг байж. Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байх хугацаандаа олж авсан мэдлэг туршлага нь уг зохиолыг бичихэд түлхэц болсон юм шиг санагдсан. Тэр ч бүү хэл октябрийн хувсгалын дараанхан "Челсоны документууд" буюу Челсоны баримтуудыг гаргаж ирсэн байдаг. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр, Оросын хувьсгалчид, еврей хувьсгалчид нь октябрийн зэвсэгт бослогод шаардагдах хөрөнгийг барууны орнуудаас хэрхэн босгосон талаар нотолсон баримт байдаг байхгүй юу. Тэр баримтууд нь 1920-иод оны үед маш том шуугиан дэгдээж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл Оросын хувьсгалыг гаднаас экспортолж оруулж ирсэн гэсэн шуугиан. Үүний үнэн худал нь одоо хэр бүрэн шийдэгдээгүй байна. Гэхдээ маш олон баримтаар батлагдсан байдаг юм. Тухайлбал, "Ленин" номонд ч хэнээс хэрхэн мөнгө салгаж байсан тухай нь жирийн жишээгээр өгүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Оссендовскийн эрэн сурвалжлах сэтгүүлчийн авьяас нь яах аргагүй "Ленин" номын цөм болж байх шиг санагддаг юм. Тэр ч утгаараа өнөөдрийн манай сэтгүүлчдийн унших шаардлагатай номын нэг болж байж болох юм.
-Тэгэхээр та "Ленин" номыг хэзээ уншаад орчуулахаар шийдсэн бэ?
-Ф.Оссендовскийн дэлхий даяар түгсэн гол намтарт ердөө хоёрхон номыг нь дурдсан байдаг юм. Нэг нь "Хүн, араатан, бурхад", нөгөө нь энэ "Ленин". "Ленин"-ий өөр нэг нэр нь Европт түгснээр "Бурхангүйчүүдийн бурхан Ленин" юм билээ. Үүнийг би "Хүн, араатан, бурхад" номыг орчуулж байх үедээ, аль 2000 оноос өмнө олж мэдээд, за нэг ийм айхтар ном байдаг юм байна даа, олоод үзчих юмсан гэж хорхойссон. Гэтэл ер олддоггүй. Хайж яваад аль 1930 онд анх хэвлэгдээд Европын олон оронд хураагдсан, шатаагдсан гэж сонссоноос цаашгүй. Тэгтэл 2011 оны эхээр интернэт рүү ороод үзсэн чинь "Ленин" хэвлэгдчихжээ. Уг нь 2006 онд Беларуст бүртгэлтэй ОХУ-д үйл ажиллагаагаа явуулдаг "Партизан" гэдэг хэвлэлийн газраас эрхлэн гаргасан байв. Гэвч интернэтэд танилцуулга нь байгаа боловч эх зохиолыг нь бас олж үзэж чадахгүй яваад байлаа. Тэгж 2011 онд багтаан Орост худалдаалагдаж байсан дэлгүүрээс нь ганц ном хүнээр захиулж авчруулсан юм. "Ленин"-ийг уншиж үзэхээсээ ч өмнө би Оссендовки болоод Лениний тухай роман гэхээр сонирхолтой л байж таарна гэж бүр зүүдлэх шахуу юм болж байлаа. "Ленин" номыг Европын орнуудад оросынх шиг зэвсэгт бослого гарахаас сэрэмжлүүлсэн гэж судлаачид үздэг байхгүй юу. Анх 1930 онд хэвлэгдэхэд Европын коммунистууд, социалистууд нь октябрийн хувьсгалын тухай хирдхийм баримтуудыг олж үзээд өөрсдийнхөө явж буй замыг дахин нягталж үзсэний үндсэн дээр үйл ажиллагааныхаа эрчийг сулруулсан гэдэг юм. Товчхондоо бол олж үзэхээсээ өмнө орчуулахаар шийдчихсэн байсан.
-Лениний тухай хувийн үзэл бодол тань "Ленин" номыг уншсанаар шинэчлэгдэн өөрчлөгдсөн үү?
Үгүй ээ. Надад тийм юм байхгүй. "Ленин" номноос оочин цоочин, хэсэг бусаг шинэ мэдээллийг л олохоос биш ерөнхий дүр зураг нь надад тэртээ тэргүй ойлгомжтой байсан. Яагаад гэвэл би нэлээн юм үзэж харсан, уншиж мэдсэн хүн шүү дээ. Тийм учираас надад айхтар нөлөөлсөн юм байхгүй. Гэхдээ л би бодсон. Өнөө болтол коммунист үзлийг тахин шүтээд байгаа хүмүүст үзүүлэхсэн, мөн коммунистуудыг дагаж гүйгээд байгаа залууст зөв ойлголт өгөх юмсан, Лениний сургаал зөв зүйтэй зүйл байсан боловч залгамжлагч нар нь буруу тийш нь аваад явчихсан юм гэж эндүү бодож явдаг зарим хүмүүст уншуулахсан гэж бодож явдаг байсан юм. Тэрэндээ хүрээд л орчууллаа. Түүнээс биш одоогийн уншигчдын хүлээж аваад байгаа шиг, тодруулбал Лениний хөшөөг буулгах зорилготой гэх ч юм уу, тийм санаа агуулсан юм ердөө байхгүй.
-"Ленин" номын арван тавдугаар бүлгээс харж байхад Ленин, Кинг гэдэг америк эртэй ярилцаж буйхэсгээс л бүх юмны гол сэжүүр гарах юм шиг анзаарагдсан?
-Тэр чинь ёстой жинхэнэ хорвоог, хүн төрөлхтнийг, хүний нийгмийг ямар замаар, хааш нь хөтлөх вэ гэсэн хүн хүний үзэл санааны болоод сонголтын туйл гарч ирж байгаа юм шүү дээ. Кинг гэдэг америк эр бол уран сайхны зохиомол дүр. Чөлөөт нийгмийн төлөөлөл болсон том безнесмен хүн. Улс орондоо өрнөж буй шинжлэх ухаан техник технологийн хувьсал өөрчлөлтийг хүний нийгмийн хөдөлгөгч хүч болно гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэл мань Ленин "Үгүй эхлээд хүний оюун санаа итгэл бишрэлийг өөртөө татах ёстой тэгээд дараа нь бүгдэд нь зааж өгөөд нэг төвтэй удирдлагын систем зохиох ёстой" гэж үздэг. Тэр хэсэгт хүний нийгмийн хоёр туйл байтугай хүний сэтгэлгээний хоёр туйл гарч байгаа юм шүү дээ. Кинг бол гайхалтай төгс төгөлдөр дүр.
-Ленин америк эр Кингтэй ярилцсаныхаа дараа Утокульм уулын оргилоос шал өөр хүн болчихоод буужирдэг. Өөрөөр хэлбэл үзэн ядалтаа үзэл санааныхаа амин сүнс болгож байна. Тийм үү?
-Яах аргагүй л тэгж байгаа юм. Тухайлбал Лениний хайрт Лена бүсгүй хэлэхдээ дарангуйлагч хаант засагтай тэмцэх ёстой. Яг л Лениний ах эгч нар шиг хааны удмынхныг нэг хоёроор нь алж устгаад байхад зорьсон зорилгодоо хүрчихнэ гэж боддог. Харин Ленин, Ленагаас илүү цаагуур бодож байгаа юм. Хадан хясааг тэр чигээр нь нураах ёстой болохоос биш жижигхэн мужааны алхаар нэг талаас нь хэлтэлж болохгүй юм аа гэж. Тэгээд ирэхээрээ мань эрийн толгой маш том харгис үзэл, тухайлбал хүн төрөлхтний хөгжлийн хуулийг, тэр ч бүү хэл байгалийн зүй тогтлын, хувьслын хуулийг тэр аяар нь өөрчлөх гэсэн харгис санаа олж байгаа байхгүй юу. Тэр үзэл санаандаа хөтлөгдөн хар зоригоороо тэнэгэртлээ зүтгэж байгаа юм шүү дээ, хөөрхий минь.
-Ф.Оссендовскийн хоёр зохиолыг та орчуулчихлаа. "Хүн, араатан, бурхад" романаасаа "Ленин" номтуурвилзүйн хувьд ямар онцлогтой байна вэ. Баримтат зохиол болохынх нь хувьд?
-Би уншигчдыг төөрүүлээд яахав. "Ленин" бол "Хүн, араатан, бурхад" шиг гайхамшигтай уран тансаг үг найруулгатай, сонирхол татахуйц гойд сонин адал явдалтай ном биш. Энэ ном нэг талаар дэлхийн хэмжээний хувьсгалч В.И.Ленинийг улс төрийн талаас нь харсан "Фамьплет роман" юм. Тухайн нийгмийн өнгө төрхийг олон талаас нь, эсрэг тэсрэг байдлаар гаргаж ирсэн маш хурц бичлэгтэй. Нөгөөтэйгүүр Лениний хөрөг роман юм. Ленин бол хэн ч хүлээн зөвшөөрхүйц гоц оюунтай хүн. Харгислалыг бодож олсоноороо ч, хамтын нийгмийг цогцлоосноороо тэр. Тэгхэрээр энэ түүхэн хүний тухай хөрөг роман гэж би дүгнэж байгаа. Тухайлбал, Ленин уурлахаараа яадаг вэ, баярласан үедээ ямар үйлдэл хийдэг вэ, сэтгэл зүй нь ямар юм бэ гээд л хувь хүний дахин давтагдашгүй шинж чанар, үзэл санааг илэрхийлсэн байгаа. Үүнийг бичсэн Ф.Оссендовски ч бас өөрөө гайхалтай сэтгэл зүйч хүн гэдэг нь илт. Манай шүүмжлэгч судлаачид юу гэж дүгнэхийг нь мэдэхгүй юм. Гадаадын судлаачид лав энэ романыг яг уран зохиолын талаас нь судласан нь ховор байдаг юм билээ. Хэтэрхий хар юм гээд байдаг юм уу, эсвэл зүрхшээгээд байдаг чюм уу бүү мэд. Ямар ч байсан "Ленин" бол дэлхийг донсолгосон ном гэдгийг сонссон дуулсан хүн мэдэх байх.
-Номонд орсон зургуудыг "Ленин" номын анхны хэвлэлтээс авч оруулсан гэсэн тайлбар хийжээ. Таанхны эхийг нь яаж олсон юм бэ?
-1930 онд Польшд хэвлэгдсэн хоёр дахь хэвлэлтийн нь ном одоо надад бий. Тухайн жил хоёр удаа хэвлэсэн юм билээ. Одоо Польшд элчин сайдаар суугаа Ганбаатар надад олж өгсөн юм. Тэр номонд миний орчуулганд орсон "Посткриптум" буюу төгсгөлийн оронд бичсэн Ф.Оссендовскийн өөрийнх нь бичилт байсан байхгүй юу. Харин миний орчуулгын эх болох 2006 онд орост хэвлэсэн номонд байгаагүй. Би польш хэл мэдэхгүй болохоор Ганбаатарыгаа орчуулж өгөөч гэж гуйсан. Тэгтэл харин өөрөө амжихгүй, манай охиноор орчуулга хийлгэчих гэсэн юм. Польш хэл сайн мэддэг охин байна билээ. Утасны дугаарыг нь мартчихсан тул танай сониноор дамжуулан Ганбаатарын Учрал дүүдээ баярлаж талархсанаа илэрхийлье.
-"Ленин" номын нээлт энэ сарын 7-нд, Октябрийн хувьсгалын ойн өдөр болсон. Энэ номыг хүмүүс ер ньхэрхэн хүлээн авч байна вэ?
-Зарим хүмүүс энэ номыг уншиж үзээгүй байж цэцэрхэж байгаа сурагтай байна. Ялангуяа онлайн санал сэтгэгдэл үлдээх талбарт сумаа тавиад нумаа нуудаг хүмүүс олон байдаг. Тэнд янз янзаар л бичиж байгаа юм шиг билээ. Тэр хүмүүст хандаж хэлэхэд эхлээд уншиж үзэхийг зөвлөе. "Ленин" номын нээлтээ хийх гээд номын яармаг худалдаа руу хайрцагтай номоо аваад явж байхад 40 орчим насны хоёр хүн үзчихээд "За энэ ч ёстой Орос, Монгол хоёр орны хооронд дайсагнал тарих ном байна даа" гэж солиорч байна билээ. Тэгдэггүй юм аа, Монголын ард түмэн ч ухаантай, оросын ард түмэн ч ухаантай. Бас нэг худалдан авагч "Бат-Үүл Лениний хөшөөг буулгаснаас болоод оросууд шатахууныхаа үнийг нэмж байгаа юм" гэж байна билээ. "Битгий дэмийр" гэж хэлмээр байна. Битгий тийм тулга тойрсон өчүүхэн бодолтой байгаач гэж зарим хүнд хэлчихье. Арай өөр, илүү нарийн учир шалтгаантай байх. Оросуудын зарим нь Лениний онолоор улайртлаа зүтгэж байсан. Зарим нь дөрлүүлсэн шар шиг хүчээр даган дуурайж, зарим нь бүр хүчтэй эсэргүүцэж байсан байдаг. Түүний нэг жишээ хэлэхэд 1924 онд Ленинийг өөд болсны дараа модон бунханд байлгах болсон. 1934 оноос эхлээд 2012 он хүртэлх энэ хугацаанд нийт 11 удаа Лениний бунхан халдлагад өртсөн байна. Тухайлбал, чулуу шидэх, шилэн хорго руу нь алх шидэх, гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлэх, бэх цацах зэрэг янз янзын аргаар халдсан байна. Коммунист засаг өөрсдийнхөө буруу удирдлагын эсрэг боссон хүмүүсийг сайтар нууж байсан гэдгийн л баталгаа болохоос биш ямар ч эсэргүүцэлгүй биш байсан нь одоо ил болж буй юм. Эсэргүүцэгчид гэдэг бол тэрс үзэлтнүүд. Тэрс үзэлтнүүд гэдэг нь ямар учиртай вэ гэхээр оюун ухаан бусдаасаа, хүн сүргээсээ түрүүлээд илүү давуу хөгжчихсөн байдаг. Тэднийг харин хувьсгалын эсэргүүчүүд гээд дор нь буудаж байсан. Би ойлгож байна. 1937 онд лам нарыг хоморголон устгахгүй бол пролетарын дектатурт асар их саад тотгор учрах байсан. Энэ чинь ус төрийн хэлмэгдүүлэлт биш юм. Цаагуураа маш нарийн арга ажиллагаатай Лениний бодож ирсэн онолын харгислалийн нэг хэлбэр байсан. Тиймээс одоо манай сэтгүүлч, зохиолчид улс төрийн харгислалд өртсөн гэж ярьж байх ёстой гэж боддог.
-Ирээдүй ирэх тусам, өнгөрсөн улам илүү тод харагддаг ч юм шиг санагдлаа. Та Ф.Оссендонскийнолж харан бүхнийг дахин шинээр харсан байх. Тэгэхээр та өөрийн "Посткриптум"-аа хэлэхгүй юу?
"Ленин" номноос "Хүн, араатан, бурхад" номонд гардаг шиг нөгөө сайхан уран дүрслэл, гоо сайхныг хайгаад хэрэггүй. Гэхдээ маш том зохиолчийн эр зоригийг олж мэдрэх болно. Манай зохиолчид ер нь их мөлгөр, зориггүй байгаад байх шиг байна. Бүх цаг үеийн түүхэн зохиолчид л хамгийн их тэрс үзэлтнүүд болсон байдаг. Өнгөрсөнөө эргэн харахад шүү дээ. Тэнэг зохиолчид л үзэл суртал хийдэг. "Ленин" номоос дүгнэхэд Ф.Оссендовски бол дэлхийн хэмжээний эр зоригтой цорын ганц зохиолч байжээ гэж үзэж болохоор байна. ХХ зууны хамгийн нэр хүндтэй улс төрч хэн байсан. Ленин байсан. Тэгвэл Ленинийг олон талаас нь дүгнээд хар барааныг нь гаргаж тавиад, түүний хийсэн харгислалын замаас хүн төрөлхтнийг холдуулж чадсан зохиолч байхгүй. Намайг цэцэрхэж байна гэж бодвол дэлхийн баримтуудыг шүү. Тэгээд өөрсдөө бас энэ зохиолыг уншиж үзнэ байх гэдэгт итгэж байна.
Г.ЛХАГВАДОРЖ
www.dailynews.mn
No comments:
Post a Comment