Sunday, 4 November 2012

Н.Наранбаатар: Ном муу найзаас дээр

Сүүлийн үед УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулан тавьж буй жүжгүүд үзэгчдийн сонирхлыг ихэд татах болсон. Ялангуяа "Цэцэрлэгт учирсан хоёр" жүжгийг нь залуучууд хичнээн үзсэн ч уйдахгүй хэмээж байсан. Найруулагч залуутай уран бүтээл ярьдаг байсан бол энэ удаад номын талаар хөөрөлдлөө.

-Найруулагч хүний хувьд байнга номын ертөнцөөр аялаж явдаг байх. Ер нь та номоос юуг олж авдаг вэ? 
-Би өөрийгөө номгүйгээр төсөөлж чаддаггүй. Ном бол өөрийгөө, дэргэд байгаа хүмүүсээ, цаашлаад нийгмээ, цэнхэр гаригаас даваад М.Горькийн хэлснээр гэрэлт цонх юм. Ном өөрөө үүссэн цагаасаа эхлээд хүний амьдралын зөрчилтэй бас гэрэлтэй харанхуй, өнгөгүй олон өнгүүдийг шингээж ирсэн байдаг. Тийм учраас зайлшгүй хүний гарын авлага болох ёстой. Номтой нөхөрлөснөөр зөв замаар явах, зөвөөр сэтгэхийн зэрэгцээ өөрийгөө бүрэн цэнэглэж чаддаг. Номоос үйл явдал, утгыг нь дэс дараалан цээжлэхгүй, хамгийн чухал хэрэгтэй зүйлээ олж авах хэрэгтэй. Тухайлбал амьдралыг үзэл үзэл, чиг хандлага гээд олон зүйлийг мэдэж авах боломжтой.

-Ажил хэрэгч хүмүүс цүнхний номтой явдаг. Та хэний ямар зохиолыг унших дуртай вэ? 
-Би анх "Зүрхний хилэн", "Амарсанаа" зэрэг номуудыг уншиж номын амтад орж байлаа. Ширээний номын тухайд "Бурхан багшийн сургаал" номыг дахин дахин уншмаар санагддаг. Түүн дотор ойлгогдохгүй зүйлүүд нэлээд байдаг л даа. Гэвч бид өөрт л хэрэгтэй бол ямар ч зохиолыг хүнд гэж халшрахгүй уншиж судалж байх ёстой. Энэтхэгийн философич Ошегийн номууд их сонирхолтой. Өнөөдөр манай уран зохиолын зарим номууд хүнд үлдэц багатай блогчийн чанартай бай­гаа. Зохиолч С.Пүрэв гуай, Соргодгийн Жаргалсайхан нар шиг уран сайхны дүрслэл сайтай бичихгүй байна. Түүхийг байсан ч юм шиг мэтээр бичдэг болж. 

Нөгөө талаас бестцеллер болсон номууд төгс боловсрогдоогүй авах юм багатай байна. С.Жаргалсайхан ахын "Чингис хааны нууц түүх" ном үнэхээр гайхалтай. "Монголын нууц товчоо"гэхэд л үйл явдал бүрийг тооччихсон байдаг. Гэтэл Жаргалсайханы бүтээлийг уншихад уран сайхан гэдэг тэнд л оршиж байдаг юм байна гэдэг сэтгэгдэл төрүүлж чаддагаараа гайхал­тай. Тиймээс тэр зохиолд төрийн соёрхол өгөх ёстой болов уу гэж боддог. Энэ мэтээр олон сайхан номууд уншиж харлаа даа. Би хувьдаа номыг чөлөөт цаг гарахаар уншаад байдаг хүн биш л дээ. Хэрэгцээгээрээ л уншдаг. Тухайлбал “Гамлет” жүж­гийг хийх болохоор түүнтэй холбоотой номнууд унших шаардлагатай болж байгаа юм. Өнгөрсөн жил “Тэнгэрийн хүү” жүжгийг хийхдээ хүннү үеийн тухай бүхий л номуудыг эргэж харж байлаа.

-Сүүлийн үед ямар ном уншиж байна вэ? 
-Гоо зүйн холбогдолтой ном их уншиж байна. Гоо зүй манай мэргэжилд хэрэгтэй учраас уншиж байгаа юм. Тэр дагуу уншиж ажил мэргэжил амьдралд хэрэгтэй зүйл юу байна гэдгийг нь хайж олж харж мэдэхийг хүсдэг. Заавал унших ёстой номууд гэж бий. Тухайл­бал, Лев Толстой, Достоевский, Анатон Павлович Чеховыг уншсан байх ёстой. Би "Инээмтгий хүн" номыг өглөөнөөс эхлээд амсхийхгүй уншаад орой 12 цагт дуусч байлаа. Тэгж шимтэн уншиж билээ. Гэх мэтчилэн уншвал зохих ном гэж байх ёстой. Хамгийн сүүлд "Ногоон дарь эх"-ийн тууж уншсан.

-Номоос өөрийгөө олж таних, "Би гэж хэн бэ"гээд л олон зүйл урган гарна шүү дээ? 
-Тэгэлгүй яахав. Гэхдээ номын үйл явдлыг тогтоогоод цээжилж уншдаг хүн байдаг. Ер нь бүх номыг цээжээр уншина гэж байхгүй шүү дээ. Тэндээс шүүгээд авсан зүйл нь өөрт нь үлдэж байх жишээтэй.

-Таны уншсан номуудаас хамгийн сайн ном нь гэвэл? 
-"Парисийн дарь эх"-ийн сүм их сайн ном. Энэ номыг байнга уншиж байхад илүүдэхгүй. Ер нь би Ехугогийн номуудад их дуртай. Тэдгээр номыг зав гарвал дахин дахин уншаад баймаар санагдаад байдаг юм.

-Гэртээ хэр олон но­мын цуглуулгатай вэ. Хүүхдүүддээ чөлөөт цагаар нь ном уншуулдаг биз? 
-Миний номын цуглуулга номтой хүний дэргэд юу ч биш ээ. Гэхдээ гэрийнхээ нэг ханаар дүүрэн номтой. Найз нөхөд эрдэмтэн хүмүүсийн дурсгасан гарын үсэгтэй номууд ч их бий. Тэднээс "Хатдын нууц түүх, "Чингис хаан" зэрэг номууд их сайхан санагддаг. Гадаадад тоглолтоор явж байхад дурсга­сан номууд ч байна. Ер нь ном муу найзаас дээр гэдэг хамгийн үнэн үг санагддаг юм. 

Д.НЭРГҮЙ 
Нийслэл таймс

No comments:

Post a Comment