-Ирэх оны төсвийг парламентаар хэлэлцэж байна. Та хэр сайн төсөв болсон гэж үзэж байна вэ?
-Зарчмын хувьд төсвийн гол үзэл санааг дэмжиж байгаа. Ялангуяа, гадаад эдийн засгийн орчин нөхцөл таатай биш болсон, хямрал нүүрлэнэ гэж байгаа өнөө үед бүсээ чангалж, татвараа нэмэх бодлого баримтлах нь тийм ч оновчтой биш байх. Харин татварын ачааллыг аль болох өсгөхгүй байж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар хямралыг сөрж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлого барих нь үр дүнтэй болов уу. Энэ ч утгаараа төсвийн ерөнхий бодлогыг дэмжиж байгаа юм. Гэхдээ санаа зовоож байгаа зүйл ч бий.
-Тухайлбал юу?
-Төсвийн төсөөллийг хэт өөдрөг хийсэн юм шиг санагдаж байна. Ирэх онд эдийн засаг 18,5 хувиар өснө. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт хоёр дахин нэмэгднэ гэж тооцож. Яг ямар үндэслэлүүдээр ийм өндөр, өөдрөг тооцоо гаргав гэдгийг сонирхсон. Сангийн яамныхан ирэх оны олон улсын зах зээл дээрх ашигт малтмалын үнэ, ханшийн урьдчилсан судалгааг баримжаа болгосон гэж байгаа. Гэтэл дэлгүүрт байгаа барааны үнэ яаж тогтоогдох нэг хэрэг. Харин худалдан авагч байна уу, байлаа ч тэр үнийг төлөх үү гэдэг бол өөр асуудал. Манай эдийн засаг үндсэндээ экспортоос хамаарсан бүтэцтэй байна. Тэр экспорт нь ганц зах зээлээс хэт өндөр хамааралтай байна. 2011 оны 17,6 хувийн эдийн засгийн өсөлт үндсэндээ экспортоос хамааралтай л өсөлт байсан. Экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байж, тэр нь бараг бүхэлдээ өмнөд хөрш рүү чиглэсэн байлаа. Тэгэхээр өмнөд хөршийн нөхцөл хэр байх, тус улсын худалдан авалт ямар байхаас бүх зүйл хамаарах юм. Иймээс БНХАУ-ын эдийн засаг ирэх онд ямар байх вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр олон улсын байгууллагууд ч, тус улсын эдийн засагчид ч Хятадын эдийн засаг 2013 онд ямар байх вэ гэдэгт маш их болгоомжтой хандаж байна. Оны эхэнд таамаглаж байсан өсөлтийн хувь хэмжээгээ байнга бууруулан хэлж байна. Үүнийг л би хэлээд байгаа юм.
-Улсын төсөв маань жил ирэх тусам өсч, тэлсээр байгаа. Гэтэл ирэх онд дэлхий нийтийг хамарсан хоёр дахь хямрал нүүрлэнэ гэж зарласан. Ийм үед тэлэх бодлого баримталж, зарлагаа нэмэх нь хэр оновчтой вэ?
-Төсвийн тогтворжуулалтын сангийн тухай хуультай болсон. Энэ хуулиа дагаж мөрдөн, төсвийн сахилга бат, хариуцлагаа ухамсарлан ажиллах ёстой. Манай эдийн засаг өсч байгаа болохоор цаашдаа төсөв дагаж томрох нь зүйн хэрэг. Харин анхаарах зүйл бол ДНБ-д эзлэх төсвийн хувь хэмжээг л хэт нэмэхгүй, эсрэгээр нь боломжтой хэмжээгээр хязгаарлах бодлого барих ёстой. АН сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө энэ хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй гэж тусгасан. Энэ удаагийн төсөвт зардлаа ДНБ-ий 42 хувь орчимд байхаар оруулж ирсэн байна билээ. Цаашид үүнийг бууруулах чиглэлээр ажиллах ёстой. Би 30-35 хувь хүртэл бууруулах бодлого баривал сайн гэж боддог. Эдийн засаг дахь төрийн оролцоог зохистой төвшинд хязгаарлаж, хувийн хэвшлээ дэмжих, томруулах ёстой гэсэн үг.
-Төсөвтэй холбоотойгоор мөнгөний бодлого, инфляцын асуудал яригддаг. Хазаарлаж, чөдөрлөж болдоггүй инфляцыг ирэх онд найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн амлалтыг Монголбанкны ерөнхийлөгч өглөө?
-Төвбанк маш том зорилго дэвшүүлчихлээ гэж бодсон. Зээлийн хүү, инфляц хоёрыг зэрэг буруулна гэж байгаа. Энэ бол зоригтой амлалт. Үнэхээр эдийн засаг өндөр өсөлттэй байж, дотоодын үйлдвэрлэл өсч, нийлүүлэлт нэмэгдээд ирвэл огт биелэхгүй, боломжгүй зүйл биш байх. Үгүйсгэх аргагүй гэсэн үг. Гэхдээ үүнд хүрэхийн тулд их ажил хийх шаардлагатай. Бодит эдийн засгаа бодитойгоор өсгөж байж л биелнэ гэж бодож байна. Монголбанкныхан сайн тооцож бодоод оруулж ирсэн байх л гэж найдъя. Гэхдээ энэ асуудлыг танилцуулах үед хэцүү л зүйл амлаж байна даа гэж санагдсан. Миний хувьд хоёр зүйлийг л онцолж хэлмээр байна. Нэгд, Монголбанк Засгийн газар л аятайхан байж, хамтарч ажиллавал инфляцыг барьж болно гэх аястай зүйл хэлээд байгаа. Тийм үндэс бий. Өмнөх Засгийн газар инфляцыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Халамж нэрээр маш их бэлэн мөнгө тараасан. Үүний өөдөөс Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон гэдэг.
Өнгөрсөн хугацаанд эдийн засаг өслөө гээд шоудаад байдаг. Бодит амьдралд Монголбанк бодлогын хүүгээ өсгөж, арилжааны зээл ховор, үнэ өндөр байгаагаас хувийн секторууд хүнд байдалд орж, бүсээ чангалуулсаар ирлээ. Тэгэхээр Засгийн газар одоо үнэхээр эдийн засгаа ингэж хорлохгүй байх хэрэгтэй. Хоёрт, Монголбанк инфляц зөвхөн Засгийн газраас хамаарч байгаа, Монголбанк чадах бүхнээ хийж ирсэн мэт ойлголт өгвөл энэ худлаа, буруу. Манай банк санхүүгийн салбарт маш их асуудал бий. Үнэхээр эдийн засгаа өсгөе, нийлүүлэлтийг дэмжих замаар инфляцтай тэмцье гэвэл банкны салбар өөрийнхөө тогоо руу өнгийж шинэчлэл хийх хэрэгтэй.
-Жишээ нь?
-Ойрхны зүйл хэлье. Манайд хадгаламжаас хүү авдаггүй. Үүнээс болоод мөнгөтэй хэсэгт нь банкинд мөнгө хадгалж хүүгээр нь сул чөлөөтэй амьдрах сонирхол бий болсон. Тэр битгий хэл, гадаадынхан мөнгө хүүлэх зорилгоор манайд хадгаламж их нээж байна. Ийм замаар орж ирж буй мөнгөний урсгал их эрсдэл дагуулдаг, хариуцлагагүй байдаг. Эдийн засаг хямарч эхлэхэд л хадгаламжаа нэг өдөр татчихна. Цаана нь банкны салбар хүнд байдалд орох жишээтэй. Иймд салбар дотроо мөнгө эргэлдүүлж ашиг олохыг эрмэлздэг биш, улс орны эдийн засгийг бодитой дэмжихэд чиглэсэн, мөнгө хүүлэхийг дэмждэг биш, үйлдвэрлэл явуулж баялаг бүтээхийг дэмждэг, эрсдэл даах чадвартай санхүүгийн салбар Монголд хэрэгтэй байна. Үүний тулд Монголбанк, бодлогын болон зохион байгуулалтын олон шинэ ажил хийх хэрэгтэй.
-Инфляцыг тогтоон барих чиглэлээр өөр тодорхой ямар санаачилга гарч байна вэ?
-Засгийн газар, Монголбанк инфляцад нөлөөлж байгаа нийлүүлэлттэй холбоотой хүчин зүйлүүдийг хязгаарлана гэж байгаа нь зөв бодлого гэж бодож байна. Засгийн газраас мах, гурил гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар тодорхой арга хэмжээ аваад эхэллээ. Нефтийн бүтээгдэхүүнд ч анхаарах байх. Энэ бүхэн тодорхой хэмжээнд асуудлыг шийдэх нь гарцаагүй. Дээр нь төгрөгийн ханшны асуудлыг зөнд нь орхиж болохгүй. Төвбанк үүнийг нухацтай авч үзэх хэрэгтэй болов уу.
-Засгийн газрын бондны асуудал нь төсвөөс гадуур олох мөнгө. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол Улс эдийн засгийн өсөлтийн гараанд байгаа. Нөгөө талаар гадна талаас эдийн засгийн хямрал нүүрлэж эхэлж байна. Ийм үед бүсээ чангалах биш, шаардлагатай хөрөнгө төвлөрүүлж, дотоод зах зээлээ тэлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж хямралыг сөрж давах бодлого явуулах нь буруу биш гэж бодож байна. Олон улсын ийм туршлага ч бий. Манай өмнөд хөрш Хятад улс гэхэд 2008, 2009 оны хямралыг ийм л замаар хохирол багатай даван туулсан. Гэхдээ л бонд гаргах асуудалд туйлын хянуур хандах хэрэгтэй байх. Энэ чинь эцэстээ төсвөө барьцаалж авч байгаа зээл шүү дээ. Хэрвээ бонд борлуулж хийх хөрөнгө оруулалт нь үр ашиггүй байвал эдийн засагт дахиад л сөрөг нөлөө үзүүлнэ. Төсөвт ихээхэн дарамт, алдагдал болж хувирна. Хариуцлагагүй мөнгөний нийлүүлэлт ихэснэ. Гадаад өр зузаарна. Энэ бүхнээс сэргийлэх арга замаа тодорхой болгож байж зээл авах ёстой. Таван тэрбум бага мөнгө биш шүү. Бодлого нь тодорхой, бонд гаргах, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, хяналт тавих арга механизм нь оновчтой, хариуцлагын тогтолцоо нь их тодорхой байх хэрэгтэй. Өөрсдөөс хамаарсан ажлаа хийхгүй бол алдаанаас үүдэлтэй аюул нүүрлэж болзошгүй гэдгийг хэлмээр байна. Ер нь, Монгол Улс боломж, эрсдэл хоёрын зааг дээр л байна даа. Сайн ажиллавал өсч дэвжинэ, муу бол уналт бэлэн байгаа гэдгийг мэдэрч ажиллах л хэрэгтэй байх шиг. Өнөөдрийн гаргасан төсөөллийг нь хараад 18,5 хувиар өсөх нь хэмээн баярлаж суух цаг биш.
-Импортоор орж ирэх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл эдийн засгаа хамгаалж, гадагш урсах мөнгөний урсгалыг бага боловч хааж чадна гэдэг. Тэгвэл энэ чиглэлд хэр анхаарч ажиллах ёстой юм бол?
-Тийм л дээ. Чухал асуудлын нэг. Наад захын жишээ нь барилгын материал. Монголчуудад орон сууцны хэрэгцээ, эрэлт маш их байна. Үнэ ханш нь ч тасралтгүй өсч байгаа. Өнөөдөр барилгын салбарынхан бид сайндаа үнэ, ханшаа өсгөөд байгаа хэрэг биш гэж бодитой зовлон тоочдог. Тэдний хувьд ихэнх материалаа импортоор авч байгаа нь үнэд нөлөөлсөөр байгаа. Тиймээс дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлыг их чухалчилж байна. Бондоор хийх санхүүжилтээс барилгын салбарыг дэмжвэл эдийн засагт олон давхар үр ашгаа өгнө гэж салбарын сайд нь үзэж байгаа юм билээ. Мөн олон жил ярьсан дотооддоо нефтийн үйлдвэртэй болох асуудлыг ч ажил хэрэг болгох шаардлагатай. Жишээ нь, эдгээрийг хэрэгжүүлж чадвал импортоос хамааралтай инфляц, ханшийн хэлбэлзлийг хязгаарлахад бодитой үр дүн гарна.
-МАН-ын гишүүд төсөвт хариуцлагагүй хандсан гэж шүүмжилж байгаа. Та ч бас болгоомжтой, шүүмжлэлтэй хандаж байх шиг?
Шүүмжлэхэд учир бий. Улстөржсөн шүүмжлэлүүдийн ихэнх нь үнэ цэнэгүй. Хоёр л зүйл хэлмээр байна. Нэгд, хүн шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө төрийн өмч хөрөнгө, төсөвт ямар хүйтэн сэтгэлээр хандаж ирсэн нь өдөр ирэх тусам ил болж байна. Өнөөдөр нотлох баримттайгаар хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлж байгаа албан тушаалтнуудын хэрэг “мөсөн уулын орой” төдий зүйлийн багахан хэсэг нь ч байж магадгүй. Хоёрт, Ардчилсан нам, эвслийн Засгийн газарт алдаа оноо байж л таарна. Гэхдээ хувааж идэх биш, бүтээж босгох эрмэлзэл, бодлого хүчтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний магтаал, шүүмжлэл энэ л хүрээндээ байгаа.
Э.МӨНГӨН
Эх сурвалж: "АРДЧИЛАЛ" сонин
Эх сурвалж: "АРДЧИЛАЛ" сонин
No comments:
Post a Comment