Оросын их эрдэмтэн Лев Гумилевын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан МОНЦАМЭ агентлагийн тусгай сурвалжлагчаар Бээжинд олон жил ажилласан, ахмад орчуулагч, сэтгүүлч Ц.Сүрэнжавтай ярилцлаа.
-Энэ 2012 он бол Оросын их эрдэмтэн Лев Николаевич Гумилевын мэндэлсний 100 жилийн ойн жил болж байна. Энэ хүний мэндэлсэн ой нэг л дүнсгэр өнгөрч байна. Тиймээс их эрдэмтний бүтээлийг орчуулж монголчуудадаа хүргэж байгаа хүний хувьд энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Тийм ээ. Энэ он бол их эрдэмтний мэндэлсэн 100 жилийн ойн жил байв. Харамсалтай нь энэ их ойг манай эрдэм судлалын байгууллагагууд болон ганц нэг сонин сэтгүүлийн газрыг эс тооцвол Монголын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд бараг авч үзэлгүй, анхаарч сурталчлалгүй өнгөрсөн гэхэд бараг болно.
Би хувьдаа үүнийг ихэд гайхаж байна. Л.Н. Гумилев бол агуу их эрдэмтэн, түүхч, газар зүйч, угсаатны зүйч, байгаль судлалтан, түүхэн цаг уурч, гарамгай онолч мөн. Энэ их эрдэмтэн насан элтлээн шинжлэх ухаанд асар их хувь хандив өргөж өдий төдий гайхалтай бүтээл туурвилаан үлдээсэн байдаг. Нөгөө талаар энэ хүн манай монгол угсаатныг судлах, түүний гарамгай түүхийг шинжлэх, дэлхий дахинд үнэн мөнөөр нь хэлж өгсөн хүн мөн гэж хэлж бүрэн болно.
Нэг үгээр хэлбэл, энэ их эрдэмт хүн монголчуудын нэр төр алдар сууг шоронд суутлаа, шороонд орштолоон өмөөрөн хамгаалсан, манай монголчууд эгнэгт хайрлан хүндэтгэж явах ёстой нэгэн юм. Лев.Николаевич бол Монголын түүхийг монголчуудын тухай ойлголтыг шинээр авч үзэх, жинхэнэ үнэнээр нь тайлбарлах шинэ чиглэл урсгалыг бий болгосон эрдэмтэн юм.
-Л.Н.Гумилевын ямар ямар бүтээлүүд байдаг вэ. Та заримаас нь дурдана уу?
За, зах зухаас нь хэлэхээс бүгдийг нэрлэнэ гэвэл бараг цаг, цаас хүрэхгүй биз. Энэ хүн хуучин цагт түүх, хууч судлалын ухааны хавсрага байж ирсэн угсаатны зүй гэдэг шинжлэх ухааныг өнгөрсөн зууны жараад оны эхээр бие даасан шинжлэх ухааны шинэ салбар болгон тунхаглаж, энэ салбарын шинжилгээ судалгаанд асар их хүчин зүтгэл гаргаж өнөд эс балрах гавьяа байгуулсан юм. Зарим цөөн бүтээл туурвилаас нь дурдвал, “Русиас Орос болтол” угсаатны түүхийн найруулалууд, “Эртний Орос ба агуу их хээр тал”, “Газар дэлхийн удам угшил хийгээд шим мандал”, ”Хазарыг нээсэн нь”, “Төгсгөл, дахиад эхлэл”, “Каспийн эргэнд мянган жил”, “Хятад дахь хүннү нар”, “XIII зууны монголчууд хийгээд мэргэдүүд” гээд тоочоод байвал бараг барагдахгүй л дээ. Хамгийн сүүлд их эрдэмтнийг тэнгэрт хальсаны сүүлээр “Евразийн хэмнэлүүд” гэдэг гайхалтай сайхан бүтээл хэвлэгдсэн байна. Гагцхүү эдгээр бүтээл туурвилуудыг монголчуудад төрөлх хэлээр нь орчуулж хүргэх асуудал ихээхэн чухал зүйл болж байна. Харин сүүлийн үед энэ талаар олон хүн хүч чармайлт гаргаж байгаад би ихэд баярлаж сууна.
-Таныг их эрдэмтний хоёр ч номыг орчуулж хэвлэлд шилжүүлээд байгаа гэж сонссон. Ямар хоёр бүтээлийг нь орчуулсан бэ. Бүтээлүүдээ товч танилцуулаач?
-Би энэ онд Лев.Николаевичийн “Каспийн эргэнд мянган жил”, “Хятад дахь хүннү нар” гэдэг хоёр бүтээлийг нь орчуулж хэвлэлд шилжүүллээ. Удахгүй өргөн олон уншигчдын гар дээр очих байх. Хэвлэлээс гараад ирвэл эрх биш уншигчид үзэж унших тул энэ талаар олон зүйл нуршаад яах ва. Ямар ч гэсэн эдгээр бүтээлээс монголчуудын дээдсийн өнө холын түүхийг үзэж эргэцүүлвэл олон зүйл тодрох болно гэх үү дээ.
-Лев Гумилев монгол удамтай хүн гэж бичсэн байхыг би олж үзсэн юм байна. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Тийм зүйл бий. Эхийн талаасаа ч эцгийн талаасаа ч ази гаралтай эрдэмтэн гэдэг. Эх нь Оросын алдарт яруу найрагч эмэгтэй Анна Ахматова юм. Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Л.Н.Гумилевын сангийн дэд ерөнхийлөгч С.Б.Лавров евразийн номлол нь Лев Николаевич Гумилевын бүхий л бүтээлч амьралыг нэвт гарсан юм гэж хэлсэн байдаг. “Намайг евразийн хүн гэж хэлцгээдэг, би ч бас үүнээс татгалзаад байдаггүй” гэж их эрдэмтэн өөрөө өчсөн байдаг. Энэ нь цаанаа бас нэг зүйлийг өгүүлж байгаа байх. Их эрдэмтний удам угшил магадгүй түүний судалгаа шинжилгээнд ямар нэг байдлаар тусч нөлөөлсөн байхыг үгүйсгэж болохгүй болов уу.
-Энэ их эрдэмт хүн асар их судалгаа шинжилгээ хийж, өдий төдий бүтээл туурвисны хажуугаар Гумилевын үг, нэр томъёо гэдэг бүхэл бүтэн шинэ үгсийн санг орос хэлэнд оруулсан гэж сонссон?
-Тийм ээ. Тэрбээр угсаатны зүйн шинжлэх ухааны бүхэл бүтэн үгсийн санг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, угсаатны зүйн шинжлэх ухааны шинэ нэр томъёог тусгайлан бий болгосон байдаг. Ямар ч толь бичигт байхгүй эдгээр үгс, нэр томъёог зөвхөн интернэт дэх орос хэлний тайлбар толиос л олж үзэж болох бөгөөд гэхдээн ямагт Гумилевын үг гэсэн тайлбартай байдаг юм. Энэ байдал Л.Гумилевын бүтээл туурвилыг гадаад хэлэнд орчуулан буулгахад нэлээд бэрхшээл учруулдаг. Одоо их эрдэмтний эдгээр үгсийг манай орчуулагч, судлаачид бараг цөм өөр өөрийн үгээр буулгаж байна. Нэг ёсондоон түүнд тааруулж шинэ нэр томъёо, үг үүсгэж, үг зохиож байна л даа. Цаашид явцын дунд эрх биш нэг мөр болж хэвших байх даа. Тэр бүхнийг энд хэлэх бололцоо нэгэнт байхгүй. Хамгийн сайн арга нь түүний бүтээлийг уншиж сонирхох явдал гэж болно.
-Л.Гумилев насан туршдаа монголчуудын түүх, түүний дээдсүүд болох хүннү нар, сяньбичууд болон түрэг, уйгур, кидан, тавгачууд гээд нийт нүүдэлчдийн аж төрөл, ахуй түүхийг өмгөөлсөн эрдэмтэн гэдэг.
-Энэ их эрдэмтэн өмнө нь өөр өөр тусдаан салангид юм шиг сэтгэгддэг асан Европ Ази хоёр тивийг Еврази гэдэг нэг цогц бүрдэл юм гэдгийг тунхаглаад, харин энэ өргөн уудам дэвсгэр газар дээр өрлөг түүхийг бүтээгчид нь бас өөр өөр үндэстэн угсаатан байсан хэдий ч өөр хоорондоон өнө холын их хэлхээ холбоотой байсныг бүхий л судалгаа шинжилгээгээрээ нотолсон байдаг. Ялангуяа их хээр талыг эзэрхэж эзэн нь болж байсан нүүдэлчдийн түүх соёл, түүний хувьсал өөрчлөлт, тэдгээр нүүдэлчид ялангуяа манай монголчуудын дээдсийн мандал мөхөл, гавьяа зүтгэл, хувь заяаг үнэн мөнөөр нь тайлж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, нийт нүүдэлчид ялангуяа монголчуудын дээдэс бол европынхон болон хятадуудын нотолдог шиг тийм яадгаа алдсан “зэрлэг бүдүүлэгчүүд” огтхон ч биш байсан гэдгийг шинжлэх ухаанчаар гарган тавьж, тиймэрхүү худал хуурмаг цуу яриаг зоримог няцаасан юм. Энэ бүхнийг уншиж ухаарах гэвэл түүний бүтээл туурвилуудыг шимтэн үзэхэд тодорхой болно.
-Монголчуудыг 500 жил оршин тогтнох юм байна гэж их эрдэмтэн Гумилев бичсэн гэдэг тэнэмэл яриа бас байдаг гэлцдэг. Энэ ер нь үнэн үү. Үнэн бол тэр юу гэсэн санаатай юм бол?
-Тийм тал бий. “XIII зууны монголчууд болон мэргэдүүд” гэдэг бүтээлдээ тэгж бичсэн байдаг шиг санаж байна. Гэхдээ үүнийг ганцхан тэр өгүүлбэрийг тасалж аваад ташаа бодож эмзэглэх хэрэггүй. Юу гэвэл монголчуудыг тэгж мөхөөсэй гэсэн санаа огтхон ч биш, харин ч манай энэ супер угсаатныг өнө үүрд оршин байгаасай гэсэндээ тэгсэн байх гэж боддог юм. Учир нь саяхан болтол байсан шигээ ийм дорой хүлцэнгүй битгий байгаа ч, та нар чинь агуу их супер угсаатан юм шүү гэж сануулсан, сэтгэл зовнисон хэрэг гэж ойлгох ёстой байх. Хэрэв унхиагүй, уруу дорой байвал тийм юм болж мэднэ л гэсэн үг шүү дээ.
-Энэ их эрдэмтний дурсгалыг хүндэтгэх, нийт олонд сурталчлах талаар юу хийвэл зүйтэй гэж Та бодож байна?
-Энэ талаар санаа тавьсан, сэтгэл гаргасан бодитой тодорхой ажил хийсэн юм манай улсад одоо хир тун ч ховорхон байх шиг байна. Аль ч талыг нь бодсон ч бид дув дуугүй, дүлий дүмбэ суугаад байж арай болмооргүй гэж бодох юм. Дашрамд хэлэхэд өнөөдөр даян дэлхийд нэрд гарсан гурван их түүхч байгаа нь даян дэлхийн түгээмэл түүхийг туурвисан Америкийн их түүхч эрдэмтэн Ставрианос, Хятадын эртний их түүхч Сы Мачян болон Оросын алдарт түүхч Л.Н.Гумилев гурав л байгаа шүү дээ. Арваад жилийн өмнө манай хойд хөршийн ерөнхийлөгч В.В.Путин Оросын түүхчид дотроос миний хамгийн хүндэтгэж явдаг их түүхч бол Лев.Николаевич гэж хэлсэн билээ. Сүүлийн жилүүдэд манай эрдэмтэд, судлаачид их эрдэмтний талаар судалж сонирхдог явдал мэр сэр гарч, хэл усанд цагааширсан орчуулагч нөхөд бүтээл туурвилыг нь орчуулж түмэн олонд хүргэх гэж бас ч хичээл зүтгэл гаргаж байгаа нь нэн сайшаалтай хэрэг юм. Тэхээр юуны өмнө их эрдэмтний дурсгалыг хүндэтгэх хамгийн чухал арга бол түүний бүтээлийг уншиж судалж суралцах явдал гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ухаарч ойлгосоныхоо дараа дурсгалыг нь мөнхжүүлэх олон зүйл байж болно л доо.
-Яг тодорхой ямар арга хэмжээ, бодитой ажил хийж болно гэсэн үг вэ?
-Би өөрийн бодож явдаг ганц хоёр зүйлийг хэлье л дээ. Юуны өмнө их эрдэмтэн Лев.Николаевичийн бүтээл туурвилуудыг эхлээд орчуулж эх хэлээрээ танилцъя. Дараа нь энэ хүний дурсгалыг мөнхжүүлье. Өнөөдөр бид хэдэн мөнгө өгөхөөр нь Солонгосын хэн ч юм нэг хүний нэрэмжит гудамж хүртэл гаргачихаад чулуун самбарынх нь хажуугаар алхаж хөлхөж байна. Үнэндээ тэр хүнийг бид бараг хэн ч мэдэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, хэн мөнгө өгнө түүний санаагаар таваргаж байна. Утга учир нь ердөө л мөнгө. Би жаахан тодруулъя. Манай нийслэл хотод яагаад их эрдэмтний нэрэмжит нэг гудамж байж болохгүй гэж. Манай хүмүүст, манай хүүхдүүдэд учир начиртай байх биш үү. Биднийг өмөөрсөн хүн юм гэнэ билээ гэж ядахдаа бодож яваг л даа. Түүнээс гадна Л.Н.Гумилевын бүтээлийг хэний ч шаардлага шахалтаар биш орчуулж хэвлүүлж байгаа хэд гурван хүн бид хэлэлцээд Л.Н.Гумилевын “Монгол дахь өвийн сан” гэсэн төрийн бус байгууллага байгуулж болохгүй юу гэж ярьж хөөрч байна. Одоо хараахан бий болоогүй байна л даа. Гэхдээ өнөөдөр юу ч юм, ямар утга агуулгатай ч юм эс мэдэгдэх өдий төдий төрийн бус байгууллага байгаа шиг тийм юм биш л дээ. Тийм байгууллага бий болвол элдэв эсийн илүү дутуу юм хэнээс ч шаардахгүй гэж хэлмээр санагдана. Үгүй, энэ монголчууд чинь учир ойлгож өнөөх Л.Н.Гумилевыг одоо л нэг юм ухаарч дээ гэцгээг л дээ. Бид чинь тийм яадгаа алдсан улс биш биз дээ. Бид чингэснээрээн тэр их эрдэмтнийг хүндэтгэхээсээ илүүтэй өөрсдийгөө хүндэтгэж байгаа хэрэг гэмээр байна.
Сонирхолтой ярилцлага өгсөн Танд их баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Ярилцсан Б.Даариймаа
Эх сурвалж: “ТВ7 хоног” сэтгүүл
No comments:
Post a Comment