Monday, 5 November 2012

У.Хүрэлсүх: Нөхөрлөлгүй эр хүний амьдрал өм цөм хоосон шүү дээ

МАН-ын 90 жилийн ойн бая­рыг тохиолдуулан тус на­мын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг дугаарын зочноороо урилаа. Ухнаа­гийн Хү­рэлсүх бол улс төр дэх жа­раад оныхон доторхи  хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг. Ший­дэм­гий, хурц тод зан чанар, даргил­сан их эрч хүч, басхүү нөхөрлөлийн хам­гийн халуун хана… өөрөөр түү­нийг тайлбар­лалтгүй… Ингээд бидний ярианд анхаарлаа хандуулна уу. 

-МАН-ын Ерөнхий на­рийн бичгийн даргатай анх удаа уулзаж байгаа юм бай­на. Асуух зүйл ч их байна шүү ?
-Яагаад анх удаа гэж. Өм­нө нь та бид хоёр ярилцаж л байсан шүү дээ. 

-Урд нь УИХ-ын гишүүн, сайд Хүрэлсүхтэй ярилцаж бай­сан. Өө, тийм МАХН-ын за­луучуудын бай­гууллагын тол­гойлогч  Хүрэл­сүх­тэй бас уулзаж байсан шүү дээ?
-Тэр утгаар хэлснийг мэд­сэнгүй. 

-Улс төрд бас л нэг шинэ уур амьсгал үүссэн сонин үед та бидний яриа болж бай­на. Суд­лаачид улс тө­рийн дахин хуваа­рилалт яваг­дах нь ээ… гэж дууга­раад эхэллээ. Харин та юу гэж харж байх юм?

-Уг нь  та бид хоёрын яриаг эн­гийн сайхан хөөрөлдөөн байх болов уу гэж би бодож бай­сан юмсан. Албан ёсны үг хэл­лэг хэрэглэхээ болиод, энгийн  ярилцъя . Тэгэх үү. 

-Улс төрөөс зугатъя гэж бай­гаа юм уу?
-Тийм ээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол хариуцлагатай алба. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үг, хийсэн зүйл бодлого болж олон түмэнд харагддаг талтай.  Би МАН буюу хуучнаар МАХН-ын яг арав дахь Ерөнхий на­рийн бичгийн  дарга юм билээ. Өнөөдрийн улс төрийн нөхцөл бай­далд ажиглагчид янз бүрийн л үнэлэлт дүгнэлт өгч байгаа. Мэдээж  эрх барьж байгаа на­мын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд надад ч гэсэн өө­рийн гэсэн үнэлэлт дүгнэлт  байж л таарна. Гэвч энэ сэд­вээр яг өнөөдөр би байр сууриа илэрхийлэх бодолгүй байна. Намын маань 90 жилийн ойн баяр болж байна шүү дээ.

-Тийм бол генсекийн биш улстөрчийн тань дүг­нэл­тийг сонирхъё ? 
-Тийм бол би нэг л өгүүл­бэ­рээр хариулъя. Энэ бол намаас өгч байгаа дүгнэлт биш миний хувийн  дүгнэлт гэдгийг  ахин хэлмээр байна. Мон­голын улс төрд  өнөөдөр өрнөж буй про­цессийг улс төрийн хүчнүү­дийн дахин хуваарилалт яваг­даж байна гэж зарим хүмүүс томъёолж байгаа. Би бол үүнийг улс төрийн дахин хуваа­рилалт гэж бодохгүй байна. 

-Тэгвэл задрал юм уу? 
-Ардчилсан нийгэмд болж л байдаг зүйлүүд явагдаж байна шүү дээ. Зүй тогтлоороо ч гэж хэлж болно. Онцгой юм юу ч алга. МАН-аас бууриа сахиад үлдэ­нэ гээд хэсэг хүн гарсан л даа. Энэ бол манай намд анх удаа то­хиол­дож байгаа зүйл огт биш. 1990 онд Зардыхан гуай тэр­гүүтэй хүмүүс Сэргэн ман­дал­тын нам гэж байгуулаад гарч л бай­сан. Гэвч өнөөдөр харам­салтай нь тэр Сэргэн мандал­тын нам байх­гүй л байна. Бүр улсын бүрт­гэлээс хасагдсан байна билээ.

-Тэр процесс намыг ху­ваах хэмжээнд очиж байгаа­гүй л дээ. Одоо бол та яаж ч мэл­зээд, би яаж ч итгэх гээд МАХН (хуучин нэрээр нь) бо­ди­тойгоор хоёр хуваагд­чих­лаа?
-Хоёр хуваагдсан гэж би огт бодохгүй байна. Хэзээ ч хоёр хуваагдахгүй. 

-Яагаад?
-Яагаад гэвэл олон түмэн үүнийг баталж байна шүү дээ. МАХН гэсэн нэрийг зарим нэг хүн буцааж авна гээд, МАХН-ын дарга, Ерөнхий нарийн бич­гийн дарга гэх мэтээр байхгүй намын албан тушаалуудад өөрсдийгөө өргөм­жилчихөөд явж байна л даа. Шулуухан хэлэхэд энэ бол залилан. Би өөр илүү юм яри­мааргүй байна. МАХН-ын түүхт XXVI их хурал сая болж өнгөрсөн. Энэ хурал намын­хаа дүрмийн да­гуу ху­ралдсан. Намынхаа үзэл ба­­римтлалд тодотгол хийгээд, намынхаа уугуул нэрийг сэр­гээгээд, улс орныхоо өнгөрсөн ажил байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйнхээ хөгжлийн асууд­луудыг ярилцсан ийм түүхт хурал болсон. Энэ хуралд оролц­сон 801 төлөөлөгчийн 99,4 хувиар МАН гэсэн нэрээ сэр­гээж авсан. 99,4 хувь гэдэг бол олонхийн шийд­вэр мөн биз дээ. Эсвэл биш юм уу. 

-Хурал бол алга ташилт, уухай, лоозон, илтгэл гээд л пижигнээд өнгөрчихдөг л дөө. Дараа нь хүмүүс амс­хий­гээд боддог шүү дээ. Танай намын гишүүдийн сэтгэл зүйн одоо­гийн байдал яг ийм байх шиг. Шинэ батлахыг авах эсэхээ бодож их олон хүн тээнэгэлзэж байгаа юм байна лээ. Бидний зүтгэж ирсэн нам ер нь юу гээч болчихов.  Бид чинь  одоо ямар үеийг нь үзэх нь энэ вэ гэж алмайран харж байгаа хувь их өндөр байна. Та нар болохоор 160 гаруй мянган гишүүн бүг­дээрээ шинэ үнэмлэ­хээ авчих­лаа гэж сурталчилсан. Харин ч манай МАН-д хүмүүс сүрэг сүргээрээ нэмээд орж бай­на гээд л С.Батболд дарга телеви­зийн сувгуудаар ярьж байна лээ. Би сэтгүүлч хүн болохоор итгэх нэг их дуртай биш. Та бүхэн нэг л дэгс сурталчилгаа хийгээд байх шиг. Ингэх хэрэг байна уу?
-Би үнэнийг л хэлье гэж бодож байна. Зөвхөн үнэнийг. Би хэд хэдэн зүйл дээр ярья. Нэг­дүгээрт, МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл мөн гээд дүрмэндээ тусгачихсан байгаа. Тусгачихсан шүү. Энийг чинь  Улсын дээд шүүх хүлээж аваад хянадаг юм. Энэ МАН-ын дүрэм Үндсэн хуульд нийцэж үү, үгүй юү. Улс төрийн намуудын тухай хуульд нийцэж үү, үгүй юү. Хүмүүсийн тархи толгой эргүүл­сэн зүйл байна уу, үгүй юү гэд­гийг Улсын дээд шүүх  бүртгэж авахаасаа өмнө хянадаг юм шүү дээ. Ингэж хянаж шалгаж үзээд МАХН уугуул нэрээ авсан юм байна. МАХН гэдэг хуулийн этгээд бол МАН болсон юм байна. Тийм учраас энд хууль зөрчсөн юм байхгүй. Үндсэн хууль болон Улс төрийн намуудын тухай хууль тогтоомжид бүрнээ нийцэж байна гээд Улсын дээд шүүх  бүртгэсэн. МАН бол Монголын улс төрийн анхны нам. Тийм учраас дугаар номер нэгт бүртгэж авсан. Хоёр­ду­гаарт, дэлхийн Социнтерн МАН-ыг хүлээн зөвшөөрөөд МАХН өөрийн уугуул нэрээ сэр­гээсэн байна. Энэ нь бол МАН-ын цаашдын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэлээ гээд сая Францад болсон дэлхийн Социн­тернийхээ хурлын үеэр манайхыг бүртээд авчихсан. Энэ нь бол дотооддоо болон гадаад­даа хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Мэдээж ямар нэгэн маргаан­тай асуудал байгаа бол тэрийг хууль шийднэ. Монгол Улс хуультай цаазтай, дүрэмтэй журамтай байдаг бол энэ нь амьдрал дээр хэрэгжих ёстой. Тийм учраас энэ асуудлыг Улсын дээд шүүх шийдэж дуусгана гэдэгт би итгэл төгс байгаа. Улсын дээд шүүх  ганцхан л юманд захирагддаг юм ш дээ. Тэр нь хууль. 

-Батлах шинэчлэгдэх үетэй давхцуулж намаас гарсан гишүүдийн тоо хэд хүрсэн бэ ?
-МАН-аас намынхаа бат илэр­хийлэхийг шинэчлэх үед намаас 269 хүн гарсан. Мөн энэ нэг сарын хугацаанд 14035 хүн ши­нээр манай намд элссэн. Өнөө­дөр МАН яг эцсийнхээ дансаар 163805 хүнтэй байна. Түүн дээр нь намаас түдгэлзсэн 20750 хүнээ нэмж тооцвол 180 мянга гаруй гишүүнтэй болсон байна. Өнөөдөр МАН-аас тасдаад ямар нэг намыг аваад явчихсан зүйл огт байхгүй. Тэгж ч чадахгүй. Үүнийг би Ерөнхий нарийн бич­гийн даргын хувьд албан ёсоор хэлчихье. Олон түмний уур амьс­галыг  та бүхэн судалж танддаг л байх. Хөдөө орон нутгаар бид явлаа. Намын бат илэрхийлэх шинэчлэх зүйлүүдийг ярилаа. Мэдээж нам дотор элдэв хагарал гарчих вий гэж санаа сэтгэл зовж байгаа хүмүүс байлгүй яахав.  Яг үнэн баримтаар намаасаа гарлаа гэж хэлсэн 269 хүн л байгаа. Тийм учраас МАХН гэсэн нэрийг авна, манай намыг дотор нь хагална, талыг нь аваад явна гэсэн ойлголт  байхгүй. Ийм зүйл гарахгүй. МАН гэдэг чинь үүхтэй түүхтэй нам. Энэ мянга мянган гишүүдийнхээ  гэр орон нь шүү дээ. Манай намын гишүүд түүхээ мэддэг. Түүхээ хүндэлдэг. Бас хаа­шаа ямар үзэгдэл яваад байна гэдгийг олж харж, ажиглаж дүгнэлтээ өгч чаддаг хэмжээний гишүүдтэй улс төрийн хүчин шүү. 

-Нэгэн цагт МАХН-ын дарга байсан, Монгол Улсын Ерөнхий­лөгч байсан Н.Энхбаяртай холбоотой асуудал нэлээн том үзэгдлийн хэмжээнд гарч ирж  улс төрийнхний анхаарлыг татаж байна. Энэ хүний хийсэн алхмыг тойрч шагших нэг хэрэг. Илүү тод харагдсан нь бол  одоогийн МАН мань хүнийг буланд шахсан явдал. Жишээ нь Ц.Шинэбаяр тэргүүтэй хэсэг гишүүдийг та нар намаас хөө­сөн. Одоо цагт намаас хөөнө гэдэг ойлголт өөрөө их хошин харагдах юм. Ингэхэд яагаад МАН-д элсээгүй хүмүүсийг МАН хөөсөн бэ. Ёстой ойлгоогүй?
-Ц.Шинэбаяр гишүүн Н.Энх­баяр гишүүн хоёр хоёулаа МАН-ын гишүүн байсан юм ш дээ. МАН энэ хүмүүсийг хөөгөөгүй. Энэ хүмүүс өөрсдөө өргөдлөө өгсөн юм. Намаасаа гаръя гэж. Бид энэ намын гишүүн биш гэж өөрсдий­гөө бодож байна аа гэж.

-Тийм үү. Тэгээд яагаад хөө­лөө туулаа гэсэн тогтоол шийд­вэр гараад явчихсан юм бэ?
-Хүн намаас гаръя гэж байхад чи заавал байх ёстой гэж нөгөө дургүй ламд дарж байж сахил хүр­тээнэ гэдэг шиг бариад хо­риод байж болох уу. Хүн өөрийнхөө үзэл бодлоор, итгэл үнэмшлээр намаас гарч ч болно, намд элсч ч болно. Бүх юм чөлөөтэй. Бид ийм л ардчилсан нийгэмд амь­дарч байгаа биз дээ. Ц.Шинэбаяр гишүүн маань бидэнтэй  хэд хэдэн удаа уулзсан юм ш дээ. Бид санал бодлыг нь сонссон. Өөрийнх нь баримталж буй байр суурь зөв үү, буруу юу гэдгийг та дахиж нэг эргэж нягталж үзээч гэсэн. Тэгээд өөрөө хэлсэн л дээ. Би өөрийн­хөө  жам ёсны эрхийг эдэлнэ ээ гэж. Би МАН-ын гишүүн биш гэж өөрийгөө үздэг гэж. Тийм учраас Ц.Шинэбаяр гишүүнийг намаас гарсанд тооцсон. Н.Энхбаяр гишүүн бол бүр МАН-ын Бага хурлын гишүүн байсан хүн. Мөн л өөрөө өргөдлөө өгсөн. Би МАН-ын гишүүн биш гэж өөрийгөө үзэж байна гэж л хэлсэн. Тэгээд гар­сан. Одоо энэ хоёр хүн бол аль ч намд харьяалалгүй явж байгаа. 

-Юу, нэг нь МАХН-ын дарга, нөгөө нь Ерөнхий нарийн бичгийн дарга биз дээ?

-МАХН гэсэн нам Улсын дээд шүү­хийн бүртгэлд байхгүй шүү дээ.

-Биш ээ, Монголын алдарт хувьсгалчдын нам буюу МАХН-ыг хэлж байна?
-Монголын алдарт хувьсгалч­дын намын дарга гэж явж байгаа юм уу. Би одоо тэрнийг нь сайн мэдэхгүй юм. Тийм нам ч Улсын дээд шүүхэд бүртгэл байхгүй байх шиг байсан. 

-Танай намын түүхэнд юм юм л байсан. Бүр дээд үедээ бол бие биенээ хороож ч бай­сан. Улс орноо хэлмэгдүү­лэл­тийн давал­гаанд хяргаж ч бай­сан. Гэхдээ ийм үйл явдлууд аль ч улс орны түүхэнд зөндөө л байдаг. Сэхээтнүүдээ цөлж, нэг хүний эрхшээлд улсаараа орж ч явсан. Томчууд нь эе эвд­рэл­цэж нэг нэгнээ унагаж босгож, бүлэг фракцууд цэцэг­лэн хөгжиж улс төрийн намын амсдаг  болгоныг л үзэж туул­сан. Харин намын дарга байсан хүн нь ингээд хөөгдөж гараад шинэ нам байгуулж байсан түүх байгаа юу?
-МАН-ын түүхэнд бол анх удаа намын дарга байсан хүн намаасаа гарсан явдал боллоо. Энэ бол  харамсалтай явдал.

-Гэхдээ хөөгдөөд гарав уу, өөрөө гарав уу. Яг эцэслэсэн хариу авмаар байх юм?
-Өөрөө гарсан шүү дээ. Хүсэлтээ гаргаад гарсан. 

-Та яагаад ингэж инээм­сэглэх ч үгүй хэлж чадаж байна вэ. Танай намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүмүүс бүгд гарын үсэг зурсан анхааруулах бичиг өгсөн биз дээ. Тэгээд хариу бичихдээ Н.Энхбаяр “Та бүхний энэ ааш авир хэрээс хэтэрч байна шүү. Салах гэж салсангүй, салаа замын эрхээр салах нь байна шүү” гэж хэлсэн байсныг санаж байна. Арга буюу буланд шахуулаад, өрөвдөлтэйгөөр явлаа гэж ойлгосон?
-Би одоо хувь хүний бодлыг мэдэхгүй юм  даа. 

-Ингэхэд та Н.Энхбаяр даргатай уулзаж ярилцав уу?

-Нөгөө хормойд нь салхи орсон хүүхнийг тогтооход хэцүү байдаг гэдэг шиг хоёр сэтгэл өвөртөлж яваа эр хүн ч гэсэн хэцүү байдаг юм шиг байгаа юм. Тэр хүн хувийн сонголтоо л хий­сэн шүү дээ. Түүнээс биш МАН Н.Энхбаяр даргыг шахсан зүйл байхгүй. Намын дарга С.Батболд  Н.Энхбаяр даргатай гурван удаа уулзсан. Намын удирдах бүрэл­дэхүүнд ажиллаж байсан нөхдүүд нь өөрт нь сануулж, анхааруулж, бүр албан ёсны захидал хүртэл бичсэн. Энэ бол намын эв нэгдэлд харш явдал болж байна аа. Тэр тусмаа МАН-ын дарга байсан, тэр тусмаа удирдах өндөр албан тушаалд ажиллаж байсан ийм хүн. Намынхаа олонхийн гарга­сан бодлого шийдвэрийг үл ойшоож, ингэж бужигнуулах нь намын эв нэгдэлд харш байна. Олон түмэн ч гэсэн дургүйцэлтэй хандаж байна гэдгийг хэлсэн. Түүнээс биш Н.Энхбаяр даргыг шахна, дарамтлана гэсэн сэтгэл бидний хэнд нь ч байхгүй.  

-Та их эелдгээр хэлээд байгаа болохоос биш тэр захи­дал бол том л дайралт байсан. Дээрээс нь хүний өмч хөрөн­гөнд халдсан байсан. Хувьдаа хэвлэл мэдээллийн байгуул­лагуудтай хүн өөрийнхөө хэв­лэлээр хэнийг үнсч, хэнийг нулимах нь тэр хүний эрхийн асуудал юм биш үү?

-Ер нь телевизийн долгион бол ард түмний өмч шүү. Хувийн телевизтэй хүн зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг олон түмэнд шахаж, сэтгэл зүйн хувьд дарамтална гэдэг байж болшгүй явдал. 

-Та жишээ нь яг TV9 теле­визээр надад өгөөд сууж байгаа энэ ярилцлагаа өгч чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр хүний өмч. Тэр хүн хэнийг яриулах вэ гэдгээ өөрөө мэднэ. Та яагаад ард түмний өмч гэж яриад байгаа юм бэ?  

-Ард түмний өмч байх ёстой ш дээ телевизийн суваг. Би өмчийн хатуу ойлголт биш ёс сур­тахууны өмчлөл нь ард түмнийх гэдгийг л хэлээд байна. Ард түм­нийх л байх ёстой. Телеви­зийн сувгууд хэн дуртайг нь урь­даг, яриулдаг, нээлттэй байх ёстой. 

-Сонин ч гэсэн ялгаагүй юу?

-Ялгаагүй.

-Би таныг хувьдаа сонинтой гэж сонссон юм байна. Тэндээ ч гэсэн ийм байр суурь барим­талдаг уу?

-Надад хувийн сонин гэж байх­гүй л дээ. Надтай хамгийн ойр байдаг сонин бол “Монголын үнэн” сонин шүү дээ. 

-За яахав Н.Энхбаяр гэдэг хүн ингээд явлаа. Энэ сэдвийг ингээд хаая гэж бодож байна. Тэр бол намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн. Энэ улс орны төлөө тодорхой цаг үеэ зориул­сан, тодорхой цаг үеийг ч хаан­чилсан хүн. Хийсэн ч юмтай, хэлэх ч үгтэй. Тэр хүн явахдаа дөрөвхөн  үсэг халааслаад яв­на л биз дээ. Тэрнийг нь та нар юунд ингэтэл хааж боогоод байгаа юм бэ. Таны цэргүүдээс гүйж очоод МАХН гэдэг томъёол­лоор 80 шахам намын гэрчилгээ авчихсан байх юм. Энэ юу болж байгаа хэрэг вэ?
-Манай Н.Энхбаяр дарга гурав дахь хүчний орон зайд гэр дугуйлах гэж  байгаа юм байна л гэж би хувьдаа харж байгаа. Улс төрийн нам шинээр байгуулах асуудал тэр хүний өөрийнх нь эр­хийн асуудал. Тэр эрх рүү нь хал­даж элдэв үг шидэх бодол надад алга.  

-МАХН гэдэг дөрвөн үсэг чинь үнэндээ МАН-ын өмч биш биз дээ. Тэд одоо Монголын алдарт хувьсгалчдын нам гэ­сэн хачин нэр авч байх шиг байна. Харин та нар Монголын хөгжлийн нам ч юмуу арай соёлтой, энэ XXI зуунд нь тохир­сон нэр ганцыг үлдээчих байсан юм? 

-Би таны хэлснийг ерөөсөө ойлгосонгүй.

-Уучлаарай, би танаас яа­гаад 80 намын гэрчилгээ очоод авчихсан юм бэ гэж асуухаар та үлдээж хариулаад байна шүү дээ. Тэгэхээр ахиж лавхан асуу­маар санагдаад болохгүй бай­на?
-80 гэрчилгээ авсан юм байхгүй ш дээ.

-Тэр чинь баримтаар дэл­гэгд­чихсэн шүү дээ?
-Тийм үү. Би бол тэрийг мэдэх­гүй юм байна.

-Жишээ нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуу дээр л гэхэд хэд хэдэн МАХН томъёололтой намын гэрчилгээ байна лээ. Ийм маягаар танай хүүхдүүд бүгд гэрчилгээ авчихсан. Танд хэдэн нэр байгаа вэ?
-Хуульд хориглосон заалт байхгүй бол ганцхан Ц.Шинэбаяр гэдэг хүн нам байгуулж болдог бусад нь нам байгуулж болохгүй гэсэн заалт бас байхгүй л дээ. 

-Тэр Л.Оюун-Эрдэнэ гэдэг за­луу маргааш “Монгол ардын хөгж­лийн нам” гээд байгуулаад га­раад явах нээлттэй гэсэн үг үү?
-Таны хэлээд байгаа үнэн эсэхийг би мэдэхгүй байна. Ер нь бол ямар нам байгуулах нь тэр хүний эрхийн асуудал.

-Танд ч гэсэн МАН гэдгээс өөр гэрчилгээ байгаа юу?

-Надад ямар ч гэрчилгээ байхгүй.  

-Одоо өөр сэдэв рүү оръё. Д.Сүх­баатарын нам­тартай холбоо­той асуудал дэгдэж байгаа. Энэ бол үнэн­дээ 20 жилийн туршид яригдаж бай­гаа асуудал. МАН-ын нарийн бич­гийн дарга  Ц.Сүх­баатар гэж хүн Д.Сүх­баатарын намтар түүхийг ши­­нээр авч үзэж байгаа түүхч­дийг хүч­тэй эсэр­гүүцэж байна лээ. Д.Сүх­баа­тар бол монгол хүн, ар­дын хувьс­галыг удирд­сан, МАН-ыг бай­гуулсан. Энэ бүхнийг гэрчлэх манай намын архив байгаа шүү гээд л.  Би хувьдаа 2008 оны долдугаар са­рын 1-ний үймээнээр танай намын архи­выг шат­чих­сан гэж ойлгож байгаа. Ма­най архив шатчихлаа гээд  та бү­хэн маань төрөөс маш олон тэрбум төг­­рөг нэхэмжилж аваад шинэ бай­раа босгож бай­гаа шүү дээ?
-Эхлээд жанжныхаа талаар ярья. Жан­жин Сүх­баатар бол МАН-ын өмч биш. Зөвхөн Сүхбаа­тар гэ­дэг айм­гийнх­ны алдартай хүү нь ч биш. Энэ хүн бол Мон­голын ард түмний хүү. Д.Сүх­баа­тар жанж­ны тухай асуудлыг яри­вал Монгол Улсын тусгаар тогт­но­лын тухай асуудлыг ярина. Бид нар одоо нэг зүйл дээр сайн анхаарах ёс­той. Олон зүйл дээр мар­гаж тэмцэлдэж бол­но л доо. Гэхдээ Монгол Ул­сын­хаа үүх түүхээр ингэж тоглож болохгүй. Д.Сүх­баатар жанжин ямар гавьяа бай­гуулсан бэ гэдгийг бидний өвөг дээдэс, ахмад үе түүх  номондоо бичээд тээ­гээд өнөөдөрт хүргэж ирсэн. Ардын хувьс­галын анхны партизанууд гээд сай­хан хөгшчүүл маань амьд сэрүүн бай­вал бүгдийг нь хэлээд өгнө. Харам­сал­тай нь одоо хорвоогийн мөнх бусыг үзэж л дээ. Гэхдээ тэр хүм­үүсийн хэл­сэн ярьсан түүх бидний өмнө дэлгээс­тэй л байж байгаа. 
Монгол Улсын бүх түү­хийн номыг аваад үзсэн жанжин Сүх­баатарын Монголын төлөө хийж гүй­цэтгэсэн үүрэг роль тодорхой бай­гаа. 112 ту­лал­дааныг өө­рөө толгойлон орж тулалдсан баатарлаг гавь­яа бай­гуулсан жанжин шүү дээ. Өнөө­дөр эх орны­хоо төлөө сэлэм эргүүлж ис­гэр­­сэн сумны өм­нөөс босох тийм эх орон­­чид ер нь энэ Монголд хэд бай­гаа бол. Би тэрнийг бол сайн тоолж мэдэхгүй л байна.

-Тийм тусмаа тэр хүний түүх бүх­лээ­рээ, яг бо­дитоороо гарвал юу нь бо­л­охгүй байгаа юм бэ. Гавь­­яа нь ч, удам сурвалж нь ч, хийж яв­сан үйл хэ­­рэг нь ч, эерэг хийгээд сө­рөг тал­тай­гаа бүтнээр нь шүү дээ. Заавал цав ца­гаан тагтаа шиг баатар бү­тээх хэрэг байна уу?
-Жишээ нь, Сүхбаатар жанжныг хя­тад хүн гэж ярьж байгаа юм. Жанжин хэ­­зээ ч хятад хүн бай­гаагүй. Бүр сүүл­дээ Д.Сүхбаатар бол Ардын хувьсга­лын тол­гойлогч байгаагүй газарчин бай­сан гэж бай­гаа юм. Энэ хүн бол Оро­соос цэрэг оруулж ирэх га­зарчны үүрэг гүйцэтгэж байс­наас цаашгүй гэж.  Ин­­гэж үүх түүхээ гуйвуулж эх орны­хоо төлөө алтан амь бү­лээн цусаа зо­риулж явсан өвөг дээд­сийн­хээ ариун сүнс, сүр сүлдээр нь орол­доод хэрэг­гүй байх. Энэ бол нүгэл шүү. Энэ Мон­гол Улс өөрийн гэсэн идеал­тай байх ёс­той шүү. Шүтэх шүтээнтэй байх ёс­­той шүү. Сүүлийн 20 жил бид төр рүү­гээ дайрсаар бай­гаад монгол төрийн хү­чин чадал суларсан. Уг нь Монголын ард түмэн чинь төрийнхөө сүлдэнд сүү­­гээ өр­гөж, төрийнхөө сүлдэнд зал­бир­даг ард тү­мэн юм шүү дээ. Монго­лын ард түмэн чинь өвөг дээ­дэстээ бө­хийж залбирдаг ард түмэн. Энэ мая­гаар эх орныхоо төлөө зүтгэсэн өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлж, муу муу­хайгаар нь дором­жилс­ноороо Мон­гол ардчилсан орон болдог, эсвэл илүү сайн сайхан улс болно гэж хэзээ ч байх­гүй. Харин ч үн­дэсний эв нэгдэлд аюул­тай бөгөөд цаашдаа тус­гаар тогт­нолд сэв суулгах магадлалтай асуу­дал. Бүр на­рийн яривал энийг чухам ямар хүмүүс өдөөн тур­хи­раад байгаа, ямар хүмүүс энийг хөхиүлэн дэм­жээд бай­на гэдгийг  хууль хяналтын бай­гуул­лага ан­хааралдаа авч шалгах ёс­той ч байж мэдэх юм шүү. 

-Турхирах юу байхав дээ. Түүх­чид бусдын гар оролцоотойгоор зо­хиогдсон өөрийн орны түү­хээ эр­гэж харах цаг болсон л гэж үзэж бай­на шүү дээ ?
-Гэхдээ тэрний чинь цаана ашиг со­нир­хол байна. Улс төрийн ашиг сонир­хол байгаа учраас ингэж ярьж бай­гаа юм. Өөрсдийгөө түүхчид гээд яриад бай­гаа хэдэн нөхдийг бол би сайн мэ­дэхгүй юм бай­на лээ. Цаанаа ямар нэг улс төрийн ашиг сонир­хол байгаа уч­раас бидний өвөг дээдсийн үүх түү­хийг гуйвуулж тоглож байгаа юм шүү дээ. Энэ дээр би харин эргэлзэхгүй бай­гаа шүү. Энэ байр байдал Мон­го­лын ард түмэнд сайн сайхан юм авч­рах­гүй шүү. Харин  хагарал авчирч ма­гад­гүй. Харин маш ноц­той аюулын ха­ран­гыг дэлдэж байж магадгүй шүү. Ухаан­тай хандах хэрэгтэй. 

-Жишээлбэл хоёр сайдаа нух­чих­сан тухай баримт, протоколууд бүр ерэн оны эхэнд гарч ирж бай­сан. Иймэрхүү баримт, архивын маш сонирхолтой зүйлсийг ч Мон­гол Улс хадгалаад л ирсэн. Энэнтэй нь ч цуг, 112 тулаан удирдсантай нь ч цуг л хайрлаж шүтье гээд байгаа юм шүү дээ.  Дандаа уран сайхны дүр үр хойчдоо  уншуулаад яваад бай­даг улс орон гэж бас байхгүй шүү дээ?
-Зарим нэг хүн чинь Д.Сүхбаа­тар­тай хамт амь­дарч байсан ч юм шиг, ха­­жууд нь л яваад байсан ч юм шиг л түү­хийг зохиож ярих юм байна ш дээ. Би одоо түүхч биш болохоор сайн мэ­дэх­­­гүй юм. Миний мэдэх хэмжээний түүх ямар байсан бэ гэхээр жанжин Сүх­­­баатар эх орныхоо төлөө амь бие хайр­­гүй тэм­цэж явсан нь. Мэдээж тэр үед хүнд хатуу цаг үе бай­сан. Хэн нэг­ний­­гээ хэлмэгдүүлсэн, янз бүрийн юм бай­хыг үгүйсгэхгүй.  Харин хажуунаас нь нэмж чимж зохиогоод бужигнуулаад байх явдал байхгүй. Ер нь бол ард түм­ний зүрх сэтгэлд хоногшсон түүх гэдэг л жинхэнэ түүх л байдаг юм шүү. 

-Түүхээ бодитоор нь засч зал­руулж авах нь ч гэ­сэн энэ цаг үеийнх­ний үүрэг шүү дээ?
-Гэхдээ бодит байдал руу хийхгүйгээр бусармаг бай­дал руу нь хийгээд байж болохгүй. 

-Бидний өссөн нийгэмд Бодоо, Данзан нарыг ямар хүмүүс гэж ойлгуулж байв. Өнөөдрийн Бодоо, Дан­зан бол эсрэгээрээ. Одоо та бүхэн кино ур­лагаараа энэ бүхнийг засч залруулж тэдний идеалийг сэргээх үү?
-Тэр бол мэдээж. Монгол Улсад Шинжлэх ухааны ака­деми гэж байдаг биз дээ. Тэд хийх байх. Түүнээс биш аль нэг намын хийх ажил биш. Төрийн хийх асуу­дал. 

-Түрүүн нэг асуулт хариултгүй үлдчихсэн. Та­най намд архив байхгүй биз дээ. 2008 онд шат­чих­сан. Төрөөс бүх хохирлыг нь төлсөн. Жаахан эргэлзээтэй юмнууд байгаа болохоор та үүнд нэг  хариулж өгөөч?
-Монгол Улс чинь хуультай шүүхтэй орон шүү дээ. МАН-ын төв байр шатсан. Мэдээж өөрийнхөө өмч хөрөнгөө шатаалгачихсан байгууллага хо­хир­лоо нөхөн төлүүлэх асуудлаа тавьж таарна. Шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг. Шүүх судалж үзсэн. МАН-ын төв байр шатсан нь үнэн, МАН-д хохирол уч­руулсан байна гэдгийг тогтоосон. Хэрэг бүртгэлт мөр­дөн байцаалт явсан. Ингээд бусад аж ахуй нэгж, иргэдийн адил хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тэрний дагуу 11,4 тэрбум төгрөгийн төлбөрийг төлүүлж байгаа. 

-Байшингаа барьж хүрч байна уу?
-Намын байр маань нийтдээ 17,7 тэрбум төг­рөгөөр босч байна. Үлдсэнийг нь ард иргэд, гишүүд дэмжигчдийнхээ хандиваар цуглуулж байна. Намын ги­шүүд, дэмжигчид, аж ахуй нэгж, ер нь тусгаар тогт­нолын өргөөгөө барья гэсэн хүмүүсийн сэтгэл зүт­гэл, Социнтерний дэмжлэг туслалцаатайгаар энэ байр босч байгаа. МАН-ын байр буюу Тусгаар тогт­нолын өргөө  бол зөвхөн МАН-ын өмч биш. Энэ бол ард түмний өмч хөрөнгө. 

-Хуучин их хаалттай л ордон байдаг байсан. Одоо нээлттэй болох юм байна ?
-МАН гэдэг чинь ард түмний л нэг хэсэг. Тийм уч­раас энэ өргөө ард түмний өмч. ТББ-ын өмч гэдэг бол олон түмний л өмч байдаг. Мэдээж тусгаар тогтнолын ордон баригдана. Ард түмэн орж гардаг л ийм  өргөө байна гэдэг нь ойлгомжтой.

-МАН-н залуусын хийсэн жагсаалын ард та­ныг байна гэж шууд хардсан. Та бол үеийнхэн дот­роо байхгүй намтартай хүн. Өлсч ч байсан, жагсч ч байсан. Танай намд өлсч байсан хүн бол цөө­хөн байх шүү. Тэгэхээр Хүрэлсүхийн үед ий­мэр­хүү залуус бойжилгүй яахав гэх маягийн шүүмж­лэл өрнөснийг гайхаад байх юмгүй ч юм шиг?
-Залуучууд өөрсдийнхөө үзэл бодлыг илэр­хий­лээд л жагссан шүү дээ. Жагсах нэг нь жагсдаг л ний­гэм биз дээ. Ж.Батзандан, О.Магнай энэ тэр бо­ло­хоор жагсаад байдаг. Манай намын залуучууд жагсч болдоггүй.  Манай намын залуучууд жагса­хаар буруу юм харагдаад, нөгөө намын залуучууд жаг­сахаар зөв болж харагдаад байж болохгүй л дээ. Залуу хүний сэтгэл зүрхийг ингэж алагчилж ха­­рах өөрөө буруу жишиг. Залуу хүнд нэг л сайхан ча­нар байдаг. Тэдэнд алдах юм байдаггүй. Тэдэнд ал­бан тушаал байхгүй. Мөнгө төгрөг гээд байх юм байх­гүй. Айлын халаасны өрөөнд явах нь явж, аав ээж­тэйгээ амьдрах нь амьдарч ингэж л явдаг. Тэдэнд бай­даг хамгийн үнэт зүйл нь сэтгэлийнх нь дуудлага бай­даг. Тэр дуудлагыг нь хайрлаж байх хэрэгтэй гэж би боддог.  

-Тэгж байгаад л төлөвшдөг юм аа гэж үү?
-Тэгж байгаад л зогсдог шүү дээ. Тэр за­луу­чуудыг  гарч ирж байр суу­риа илэрхийлснийг  буруу гэж огт үзэх­гүй байгаа. Харин ч улс төрийн идэвх­тэй байгаа юм байна. Яахав за­луу хүний хэлж бай­гаа, ярьж байгаа юманд алдах онох юм зөндөө л бай­­даг. Тэр залуу хүнд буруу өгөөд байх юм огт байх­гүй. Харин төрийн толгой дээр сууж байгаа бид алдаатай юм хий­вэл буруутан болох хэрэгтэй. Тэр­­нээс биш гудамжинд үзэл бодлоо илэрхийлээд зогсч байгаа хөөрхий нэг сольж өмсөх хувцаснаас өөр юм байхгүй уранхай жинстэй залуучуу­дад нэг их буруу өгөөд байх юм байх­гүй. Алдаж онож байгаа бол тэдэнд зөв­лөх хэрэгтэй. Харин манай нам амьд бай­гаа юм байна гэж би ойлгож бай­гаа шүү. МАН анх удаа өөрийнхөө до­тоод асуудлыг ярьж жагссан. Энэ шан­таажилж байгаа улстөрчдөө зог­сооё. Энэ албан тушаалын най­маа­гаа зогсоо. Энэ нам дотор шу­дар­га ёсыг бий болгоё гэж жагссан. Энэ залуу­чуу­дад буруу өгөх хэрэггүй. Би харин зөв гэж харж бай­гаа. Тэр тавьсан шаардлагыг нь ч гэсэн МАН ан­хааралдаа авч шийдэх ёстой юмыг нь шийдэх ёс­той. Бүхэл бүтэн шинэ үе энэ нам руу түрж орж ирж байна шүү дээ. Цус сэлбэж байна. Яагаад бо­лох­гүй гэж. Орчин үеийн мэдлэг бо­ловсролтой, шинэ со­нин мэдээ мэ­дээл­лээр тархиа цэнэглэчихсэн, улс орны­­хоо амьдралыг бусад орны амьд­ралтай харь­цуулж үзэх чад­вар­тай болчихсон бүхэл бүтэн залуу үе гарч ирсэн байна. Би тэдэнд бол нэг их буруу өгөх­гүй байгаа юм. Үзэл бод­лоо чөлөөтэй илэр­хийлж байг гэж бо­дож байгаа. Манай намд чинь бас нэг дутагдал байсан юм. Залуу хүн юм дуугара­хаар дээрээс нь дар­чих­даг. Одоо бид шинэ үеийн за­луу­чуу­даа тэгж айлгаж ичээгээд байж болох­гүй. Тэд нар хэлэх ёстой юмаа хэлж, жаг­сах ёстой үедээ жагсч, өргөх ёс­той бичгээ өргөж л байг. Зөв бол зө­­вөөр нь дэмжээд явъя. Буруу бол ха­рин ойлгуулж, хэлж яриад зааж зөв­лөөд явах тийм ахмад үе манай намд бас байгаа шүү дээ. 

-Таны яриа сэтгэл догдлуулж бай­на. Хуучин та­ цэрэг, цагдаа­гийн­хан дунд хаа сайгүй байдаг хий­тэй, салхитай байдаг л нэг “ху­ран­даа” ха­рагддаг байлаа. Одоо бол та Монголын хамгийн том улс төрийн хүчний генсек.  Улс төрд хувь хү­нийхээ зан чанарыг үзүүлэх цаг­таа үзүүлчих­дэг. Тэгсэн хэрнээ ард нь далд орж нуугддаггүй таны нэг ил чанар байдаг. Энэнээсээ болж улс төрд байн байн шуугиан тарь­сан энтертаймент үзүүлж явдаг цөөхөн хүний нэг болчих­сон.  Хү­рэлсүх хүн цохиод унага­чих­жээ гэвэл бүгд шууд үнэмшдэг. Та бол гал асааж, дунд нь дүрэлзэн зог­сох танил дүр л дээ?
-Би эр хүн шиг байя л гэж боддог. Хэл­сэн ярь­сан­даа эзэн нь байхыг л хичээдэг. Монголчуудын хэлд­гээр хэл­сэн үгэндээ эзэн нь, идсэн хоо­лондоо сав нь болж явъя гэж л бодож яв­даг. Тэгээд нэг до­лигонуур, зусарч, бял­дууч, юмны ардуур сугарч үлд­дэг, бусдыг турхирчихаад өөрөө ард нь үлддэг, бус­дын гараар могой бариул­даг иймэрхүү зан ча­нартай хүмүүст дур­гүй. Улс төр гэдэг бол ил тод ойл­­голт. Удирдагч хүн гэдэг урд нь л байх ёстой. Би цэргийн сургууль төгссөн, офицер байсан хүн. Миний эзэмшсэн мэргэжил, өссөн орчин намайг ийм болгосон байхыг үгүйсгэхгүй. Гэвч би өө­рийнхөө зан чанарыг тийм ч дутаг­дал­тай чанар гэж бод­дог­гүй. Улстөрч хүн харин ч бусдаас илүү ойлгомжтой байх ёстой гэж би боддог. Хэрэгтэй үед сэлмээ ч эр­гүүлж чаддаг, хэрэг­тэй үед хэлье гэсэн үгээ ч хэлж чад­даг байх ёстой гэж үздэг. Хүн ямар олон дахин амьдрах биш дээ. Байгаа энэ амьдралдаа эр хүн шиг байж бай­гаад, нэг их олон баг зүүгээд хуви­раад, нэг их ухаантай царайлаад нүд­ний шил зүү­гээд, нэг их шанаагаа тулж бодож яриад байх нь энэ Хүрэл­сү­хэд зохихгүй шүү дээ. Одоо бай­гаа­гаа­раа л байж байгаад энэ хор­воо­гийн мөнх бусыг үз­вэл харин ч хож­мын үед  Хүрэлсүх гэж хүн бодит байдлаараа үлдэнэ биз дээ. Аягүй бол бас нэг өдөр шинэ түүх зохиогдоод Хү­рэл­сүх эрдэмтэн байсан ч гээд ярих юм билүү. Тийм арчаагүй бай­далд өө­рийгөө хийгээд хэрэггүй гэж бо­дож байна даа. Тийм учраас жүжиг­лэж амьдраад хэрэггүй. Өөрийнхөө байгаагаар л амьдаръя. Хүрэлсүх гэ­дэг энэ хүнийг Монголын ард түмэн ба­раг бүгдээрээ танина даа. Би 22 нас­тайгаасаа эхлээд улс төрд явлаа. Одоо 21 жил улс төр хийж байна. Сай­наар нь ч зөндөө хэ­лүүллээ, саараар нь ч зөндөө хэлүүллээ. Муу сайн бүх юмыг үзсэн. Бараг үхэхээс бусдыг үз­лээ. Шүү­хийн хаалга татаж үзлээ, аа­вын хаалга ч татаад яв­­чих л дөх­лөө. Алдар хүндээр шагнуулж, Ард­чил­сан хувьсгалын ойн жил Ц.Элбэг­дорж Ерөн­хий­лөг­чөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон ч хүртэж үз­лээ гээд түүхээ яривал миний түүх тэр чигээрээ эрээн мяраан юм даа. 

-Өөрчлөгдөж хувирахыг хүсэх­гүй гэвч Хүрэлсүх өөрчлөгдсөөр байгаа юм шиг ээ?
-Цагийн аяс гэдэг өөрөө хүчтэй ойлголт шүү дээ. Тэрний хажууд өө­рийгөө 100 хувь хадгална гэдэг амар­гүй биз. 

-Та олон найзтай юу?

-Найз нөхдүүд байлгүй яахав. Сайн эрчүүл ч бай­на, сайн эрдэмтэн, сай­­хан залуучууд ч байна. Ер нь би их олон найзтай. Хүүхэд байхаасаа, 10 жилд байхаасаа авахуулаад хамт яв­сан хэдэн бож­гор найзууд маань одоо хүртэл хамт явдаг юм. Хэр­вээ би эр хүний хувьд олиггүй амьтан бай­сан бол найз нар маань намайг аль эрт гээгээд явчихсан байх бай­сан биз. Ер нь бол нөхөрлөлгүй эр хү­ний амьдрал өм цөм хоосон ха­рагд­даг. 

-Улс төрд ч танд найз байдаг уу?
-Байлгүй яахав. Зөндөө найз нар байна. Улстөрч хүн гэдэг бол хүний  уураг тархитай ажиллах ин­же­нер л дээ. Хүний уураг тархитай, хүний сэт­гэлтэй ажил­­лаж байдаг. Ийм хүмүүст хү­ний сэтгэлийг ойл­гож,  хүнтэй нө­хөр­лөж, задарч байх үед нь хазаарыг нь татаж, жаргаж байх  үед нь хатуу­хан үг хэлдэг, зовж явах үед нь ту­салж чаддаг нөхдүүд нь л хань болдог. 

-Та айлын дунд хүүхэд юм бай­на лээ. Дунд хүүх­дүүд анхнаасаа л гэр бүлдээ дээшээ ч доошоо ч гул­гаж харилцаанд ордог. Тэрнээсээ үүдэж  хамгийн сайн хэлэлцээр хийгч болж тө­лөвш­дөг гэнэ. Танд эв­лэрүүлэгч, эвцэлдүүлэгч, хэ­лэл­цээр хийгч чанар хэр байдаг вэ? 
-Бас дунд хүүхдийг шоовдор гэдэг. (инээв)  Ми­ний аав ээж хоёр жо­лооч хүмүүс байлаа. Хоёулаа тээв­­рийн жолооч байсан. Миний хамгийн том ах бас тээврийн жолооч, миний дүү бас тээврийн жо­лооч. Аавыгаа хо­лын аянд яваад ирэхэд  хэдэн хүү­хэд нь л гарч ачаа барааг нь янзалдаг, дугуйг нь нөх­дөг, хөдөө гадаа хамт явдаг. Тээврийн жолоо­чийн хүүхдүүд ямар байдаг вэ тэр маягаар л өсч өн­дийсөн. Мэдээж айлын дунд хүү учраас зохих ачааг үүрсэн. Ах маань 18 нас хүрээд цэрэгт яваад өг­сөн. Да­раагийн маань эгч тэгээд л би гурав дахь нь юм чинь. Эрэгтэй дүү нартай. Мэ­дээж гэр орноо авч явах, мод тү­лээ­гээ бэлтгэхээс авахуулаад айлын дунд хүүгийн хийх ёстой бүх л ажлыг хийж гүйцэтгэж өс­сөн. Ах эгч нар­тай­гаа аятайхан харилцана, дүү нар­тай­гаа аятайхан харилцана. Дунд нь бай­гаа хүнд илүү үүрэг оногдоно. Сайхан ч зан гаргана, за­рим үед  хатуухан ч зан гаргана. Ер нь тэгээд амьдрал гэ­дэг чинь өөрөө хатуу зөөлөн аргыг хавс­ран хэрэглэх л урлаг ш дээ. 

-Та хүмүүсийг эвлэрүүлэх дур­тай юу?

-Амьдралд зөндөө л тохиолдож бай­сан. Найз нөхөд, намын журмын нөх­дүүд гээд олон л хүмүүстэй эв зүй­гээ ололцох, хооронд нь ойлгол­цуу­лах асуу­дал тулгарч байлаа. 

-Намын толгойд ажиллаж бай­гаа хүн бол гал асаадаг хүн биш, галыг унтраадаг, эвлэрүүлэгч хүн байх ёстой байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав. 

-Ер нь бол Хүрэлсүх гэдэг хүн сайн таниг­даа­гүй л байгаа. Тэгээд л олон төрлийн асуулт тавиад бай­­гаа хэрэг ? 

-Яагаад таниагүй гэж.

-Улстөрчдийг ихэнхдээ худлаа “таньчихсан” бай­даг болохоор ?

-Тийм үү. 

-Та өглөө яг ямар дасгал хий­дэг вэ?

-Өглөө жаахан туухай өргөнө шүү. 10 минут тогт­мол дасгал хийдэг.

-Та интернэт болон электрон шуудан ашигладаг уу?

-Интернэтэд орно. Электрон шуу­дан ашиг­ла­даггүй. 

-Яагаад ?

-Зав гарахгүй юм байна ш дээ.

-Та өөрийн блогтой юу?
-Миний блог бий. 

-Хаягийг нь хэлж болох уу. За­луучууд орог л дээ?

-Тодорхой байгаа шүү дээ. 

-Хэзээ ч ямар ч ажилтай байсан үзэх дуртай кино байдаг даа. Амьд­­ралын турш байгаад л бай­даг. Дахин дахин үзсэн ч дахиад л үз­мээр байдаг. Тэр кино тань юу вэ?

-”Тунгалаг Тамир”. Оросын “Тэд эх орныхоо тө­лөө тулалдсан юм” гээд нэг кино байдаг юм. Энэ хоёр.

-Тэгвэл дуртай хөгжим тань?

-Н.Жанцанноровын “Цагаан су­варга”, “Мандухай цэцэн хатан “кино­ны хөгжим.   

-Хамгийн сүүлд хэзээ жолоо барьсан бэ?

-Өнгөрсөн зун хөдөө явахдаа.

-Хамгийн сүүлд уншсан ном?
-”Дэлхийн улс төр” гэдэг ном уншлаа.

-Таны хамгийн том дутагдал юу вэ?

-Жаахан хатуу хахир зан маань

-Бусдад байхгүй ганцхан Хү­рэл­сүхэд байгаа давуу тал юу вэ?

-Тэрийг ёстой хэлж мэдэхгүй юм даа. 

-Хүмүүсийг үнэлдэг гол хүчин зүй­лээ хэлж болох уу?

-Өндөр мэдлэг боловсролтой, соёл­той, хэлтэй устай гээд л сүүлийн үед хүмүүсийг их тодорхойлдог бол­­сон байна. Ер нь л харж байхад  ажил төрөл албан тушаалд тавихад ч гэсэн эд­гээр хэмжүүрүүд л түл­хүү яригдаж байх жишээтэй. Тэр бол бас нэг шал­­гуур мөн үү гэвэл мөн. Түүний цаана хам­гийн чухал шалгуур бол сэтгэ­лийн шалгуур шүү дээ. Сэтгэлийн шал­гуур гэдэг юмыг их бодож байх ёс­той. Миний нэгдүгээрт хардаг хэм­жүүр энэ л юм даа. 

-Та гуниг гутралыг яаж давдаг вэ?

-Сайхан алхаж. Алхаад л байхад нэг мэдэхэд сайхан болчихдог юм.  

 -Хамгийн том мухардал юу вэ?
-Найз нөхөдгүй болох.

-Монгол орон цаазын ялыг бүр мөсөн халсан орон хэзээ болох бол?  

-Энэ бол цаг хугацааны асуудал. Ер нь бол Монгол орон цаазгүй орон болох ёстой. 

-Та өөрийнхөө улс төрийн итгэл үнэмшлийг хэрхэн тодор­хойл­сон бэ. Нам тань нэрээ соль­сон. Бас үзэл баримтлалаа. Тэгээд л…?
-Би социал демократ. 

-Та ямар хүнд дургүй вэ?
-Би олон нам сольсон, олон авгай соль­сон хүнд дургүй. 

 -Сөрөг хүчин гэж одоо алга байна. Гэхдээ идеа­лийг нь бодоод тэ­дэнд юу хэлэхийг хүсч байна вэ?

-Сөрөг хүчин гэж байлгүй яахав дээ. МАН, АН хоёр нийлээд нэг Зас­гийн газар байгуулаад явж байгаа­гаа­раа сөрөг хүчингүй болчихсон зүйл байх­гүй. Өнөөдөр парламент бие бие­нээ хянаад л, бие биетэйгээ сөр­гөл­дөөд л, шүүмжлэлээ өрнүүлээд л, ярь­даг юм аа ярьж хэлээд  л явж бай­на.

-Сонгуулийн хуулийг намууд нэ­лээн нухацтай авч үзэж байгаа. Гэх­дээ эцсийн дүнд анх ярьж байс­наасаа өөрөөр явчих сэжиг төрөөд байна? 

-Сонгуулийн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах ёстой. Хаврын чуулга­наар энэ асуудлыг юуны түрүүнд ший­дэх ёстой. Манай нам ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Үндсэн хууль­тай холбоотой асууд­лыг бас дахиж хөн­дөж ярих ёстой. Одоо бид томхон асууд­лууд руу орж, зохих шийдвэ­рүү­дийг гаргах хэрэгтэй байна.  

-Сонгуулийн дараа боди­той­гоор танай намд хуваагдал яваг­дана. Нөгөө 180 мянгаас тань 76-д нь л УИХ-д нэр дэвших эрх ног­доно. Бусад нь бу­цална, гомдоно. Гомдогсод алдарт хувьс­галч­дын нам руу явна. Энэ бүхэнд та бэлэн үү?
-Би танд нэг юм хэлчихье. МАН за­дарна гэж хэзээ ч байхгүй. МАН-аас хүмүүс гарч болно. Бас хү­мүүс ор­дог нам. Мэдээж 76-хан суудалтай. Өр­сөл­дөөд хэн чадвартай нь гарна. Нам дотор ч сонголт явагдана. Ард түм­ний дунд ч сонголт яваг­дана. Хоёр том сонголт. Улстөрчид энийгээ яаж даах, яаж давахаа мэднэ дээ. 

-Ерөнхийдөө хоёр нам хамтарч за­саг барьж байхад хоёулангийнх нь рейтинг унадаг л даа. Засгийн газ­рын нэр хүнд нийгэмд тийм ч сайн биш байгаа. Намын дарга С.Бат­болд бол бизнесийн сайн бодлоготон байж магадгүй юм. Яг намын зүтгэлтэн хүн бол биш. Энэ хүнтэй гар нийлж ажиллахад хэр байна. Зан төлөвийн хувьд ч гэсэн та хоёр тэс өөр хүмүүс шүү дээ?
-Харин ч тэс өөр талдаа байдаг уч­раас арга би­­лиг холбоод ч байгаа юм уу. Би хатуухан зантай. Нээлт­­т­эй. Хэлье гэсэн юмаа  хэлдэг, тавья гэ­сэн шаард­­лагаа ч тавьдаг. Манай намын дарга бол дип­ломат талдаа хүн шүү дээ. Аливаа зүйлийг аядуу зөө­­лөн талаас нь шийдэх гэж оролддог. Бид хоёрын ажлын арга барил аль аль тал­даа бие биенийгээ нөхөөд болоод байгаа юм болов уу гэж надад бо­догд­дог. Зарим нэг хүн, ахмадууд маань бас тэгж хэл­дэг л юм. Бод­логын хувьд, үйл ажиллагааны хувьд бид хоёр нэгдмэл байр суурь дээр хамт зогсч ча­даж байгаа. 

-Засгийн газар тэгээд хэр ажил­лаж байна вэ. Удаан байх шиг. Хэ­тэ­рхий их мөрөөддөг Засгийн газар юм шиг. Одоо л өөрчлөгд­чи­хөөгүй бол та популист амлал­тын эсрэг байдаг хүн. Яагаад ирээ­дүй­гээс зээлэн байж архины мөн­гө иргэддээ тараагаад байгаа юм бэ?
-Би анхнаасаа бэлэн мөнгөний ам­лалтын  эсрэг бай­сан. 2012 оны сон­гууль одоо удахгүй болно. Улс тө­рийн намууд бэлэн мөнгө амалдаг амлалтыг хуулиар таслан зогсоох ёс­той. Өнөөдөр бол мэдээж улс төрийн намууд амласан юмаа биелүүлэхийн тулд ажиллаж байна л даа. Нэгэнт ард түмэнд ам­лаад гараад ирчихсэн юм чинь амлалтаа биелүү­лэ­хээс өөр арга байхгүй. 2012 оноос эхлээд улс тө­­рийн намууд мөнгө амалдаг явдлыг таслан зог­соох ёстой гэдэг дээр би ха­туу байр суурьтай байгаа. Хоёрду­гаарт, нийгмийн халамжийг  хэт хавт­гай­руулдгаа болих хэрэгтэй. Нийг­мийн эмзэг давхарга, хүүх­дүүд, өрх тол­гойлсон эмэгтэйчүүд, ажилгүй­чүүд, ахмадуудад халамжаа хүртээ­нэ үү гэхээс биш ажилтай, нас залуу, бүх бололцоогоор өөрийгөө аваад явах улсуудад халамжийг хавтгай­руулж өгөөд байвал Монгол Улс эдийн засгийн хувьд доройтно. Уул уур­хайгаас олж байгаа мөнгөө бид юунд зар­цуулах ёстой вэ гэвэл бү­тээн байгуулалтад зориулах ёстой, үйлд­вэр завод байгуулахад зориулах ёстой. Дээр нь хувийн хэвшлийг дэм­жих ёстой.  

-Засгийн газрын үйл ажилла­гаанд та сэтгэл хангалуун байгаа юм байна. Энэ ч гарцаагүй зүйл л дээ?
-Засгийн газар үйл ажиллагаагаа хий­гээд явж байгаа. Дутагдалтай зүй­лүүд байгаа. Тэрийг бол үгүйсэх арга­гүй. МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газар байгуулъя гэсэн шийд­вэр гарсан. Тэр шийдвэр одоо хэвээ­рээ байгаа. Засгийн газрын үйл ажил­ла­гааг МАН бүх талаар дэмжиж ажил­лана. 

-Хамтарч байгаа найзуудынхаа ирээ­дүйд та санаа зовдог уу. Танай намтай хамтарч засаг барьснаараа хамгийн их хохирч байгаа нам бол АН. Энэ намын үнэт зүйл бүх юм хо­лилдож, манай танай нь мэдэг­дэ­хээ больсон ?
-Бусдын дотоод асуудалд орол­цох нь соёлгүй үйлдэл. 

 -Та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Би 700 мянган төгрөгийн цалин­тай. 

-Танайд ажиллаж байгаа хү­мүүс бүгдээрээ цалин авах уу?

-Тэгнэ.

-Хаанаас авах вэ?

-Намаасаа авна. 

-Хур хөрөнгөтэй нам цаанаа л өөр юм даа?
-Энэ намд олон жил зүтгэсэн ах­ма­дуудын маань үлдээсэн хишиг буян гэж бас байна ш дээ. Намын маань баярын өдөр болж байгаа бо­лохоор буянтай үг дуулах гэж ийм асуулт асуулаа гэж би таныг ойлгож байна. 

-Цаг гаргасанд баярлалаа. Танд баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Монголынхоо нийт ард түмэнд, намынхаа бүх гишүүдэд, бүх дэмжигчдэд МАН-ын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
http://ganchimeg.niitlelch.mn

No comments:

Post a Comment