"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Sunday, 21 October 2012
Д.Өлзийсайхан: Сүүлийн 20 жилд манай нийгэмд эргэлзээ төрүүлэм сэхээтэн олширсон
Цэнд комиссар овогт Д.Өлзийсайхан нийгэм, хүний ажил, амьдралтай холбоотой бас сэхээтний сэдвээр хэд хэдэн өгүүлэл бичиж уншигчдадаа хүргэсэн билээ. Харин энэ удаад амьдралын дурсамж, бодол эргэцүүлэл, дүгнэлтээрээ “Амьдралын тайлан" ном бичжээ. Түүнтэй номын талаар хөөрөлдлөө.
-Таны “Амьдралын тайлан ном” бусдад сургамжтай ном болжээ. Иймд бидний яриа номын талаар эхлэх ёстой байх?
-Аливаа хүн ажил, амьдралынхаа тайланг тавьдаг нь жам. Тиймээс би өөрийнхөө хүүхэд ахуй, сурагч нас, оюутан цаг мөн ажиллаж ирсэн салбаруудынхаа тайланг тухайн нийгмийн байгуулал, цаг үетэй нь холбож дүгнэж бичсэн юм. Үүнийгээ “Амьдралын тайлан” хэмээн нэрлэж удам, хойч үедээ үлдээж байна. Ер нь өрхийн тэргүүн удамдаа ийм зүйл үлдээх нь илүүц биш байх.
-Сурлага сайтай хүүхэд байсан нь гадаадын том сургуульд суралцах алхам болсон биз?
- Би аймгийнхаа зургаан сургуулийг дамжин суралцаж, 1960 онд аравдугаар ангиа “Онц” дүнтэй төгссөн. Зуны амралтаараа үхэр тугал, хурга ишиг хариулах, алтан харганаар тогооны угаалтуур, дэрсээр шүүр хийх, мужаан аавдаа туслах, өөрийнхөө болон ээжийнхээ тоот даалгаврын зурам агнаж, арьс бэлтгэх, туйпуу цохих, хадланд гарах, сургуулийнхаа гуулин хөгжмийн дугуйланд явах, дуу дуулж, кавказ танц хийх, туршлагын талбайд залуу байгальчдын бүлэг удирдан ажиллуулах зэргээр сурагч насны он жилүүд хөдөлмөр бүтээл өрнүүн өнгөрсөн.
Үүний үр дүнд сахилга бат, ариун цэвэр, хөдөлмөр, урлаг уран сайхнаар сургуульдаа тэргүүний сурагчаар шалгарч аав минь надад “Победа” бугуйн цагаа бэлэглэж билээ. Аравдугаар ангиа төгсөөд ЗХУ- д өнгөтийн инженерийн мэргэжлээр суралцах хуваарь авлаа. Гэвч би мөрөөдөл болсон нийслэлдээ ирээд соёлыг гайхаж, алмайрч явахдаа аттестатаа “Дөлгөөн Дон” номтойгоо гээгээд балрах дөхөв. Гэтэл аз болж манай хөрш Должин ажаагийнд түүний хүү Банзрагч Мосвад суугаа ЭСЯ-нд ажилладаг хүнтэй байна гэж ээж хэлсэн. Баярласандаа нойр хүрэлгүй хоноод өглөө ордны гадаа очтол Намсрайдорж гуай намайг дагуулан шил, толь болсон, цэвэрхэн, дэгжин, үлгэрийн мэт, сүрлэг, сайхан ордны хоёр давхрын өрөөнд нөгөө миний уулзах хүслэн болоод байсан Жадамбаа гуайтай танилцуулав.
Хэрэг явдлаа хэлтэл баахан хувийн хэрэг гаргаж ширээн дээр тавьснаа минийхийг эргүүлэн үзсэнээ, сайн сурлагатай хүүхэд байна. Ямар сургуульд явах хүсэлтэй вэ гээд намайг Аж үйлдвэрийн яамны мэдэлд томилолт өгч билээ. Элсэлтийн шалгалтаа ч сайн өгсөн. Аав намайг ЗХУ-д дээд сургуульд явах болсонд баярлан миний хүү Зөвлөлтөд дээд сургуульд явах гэж байгаа гээд л нутгийн болон таньдаг хүмүүстээ сайрхан ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Бидний долоон залуус гадаадын олон орны оюутнуудтай танилцаж ах дүү шиг явж инженерүүд болцгоосон юм.
-Дуртай ажлаа хийх нь амжилтад хүргэдэг жамтай. Та ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв?
-Би Налайхын уурхайн ашиглалтын IV хэсгийн мастераар хоригдлуудтай ажиллаж ажлынхаа анхны гарааг эхэлж байлаа. Дараа нь диспансерийн байнгын хяналтанд орж яамныхаа ЭШ-ний институтэд лабораторийн дарга, уул уурхайн секторын эрхлэгч болж, 1976 оны социалист уралдаанд ЭШ-ний ажилтнуудын дотроос улирал, хагас жил, жилийн дүнгээр дараалан тэргүүн байр эзэлсэн нь миний хувьд томоохон бахархал байлаа.
Удалгүй намайг Ю.Цэдэнбал дарга удирдсан ТХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр оруулж СнЗ-ийн Хөдөлмөр Цалин Хөлсний Улсын Хорооны гадаад харилцааны хэлтсийн даргаар томилсноор ТХ-ны мэдлийн ажилтан болсон юм. Энэ үедээ Цаг үеэсээ хоцрохгүйн тулд өөрийгөө ч хөгжүүлдэг байсан. Удалгүй Уул уурхай төвтэй Эрдэнэт хотын МАХН-ын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга болов.
Хожим “Монголд сэхээтэн төлөвшсөн социолог, философийн асуудал’’ сэдвээр философийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг 1995 онд хамгаалсан. Миний бүтээлд ОХУ-ын философийн шинжлэх ухааны доктор, профессор, олон улсын академийн гишүүн И.И.Осинский, академич, философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Норовсамбуу, философийн ухааны доктор, доцент, МАХН- ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон, академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, философийн ухааны доктор, профессор С.Төмөр-Очир, Социологийн шинжлэх ухааны доктор, Х.Гүндсамбуу, ОХУ-ын философийн ухааны доктор, доцент Ю.А.Серебрякова, философийн ухааны доктор, дипломатч Ч.Даваадаш, ОХУ- ын философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.А.Кислов, ОХУ-ын философийн шинжлэх ухааны доктор, профессор Ю.Б.Рандалов, ОХУ-ын философийн ухааны доктор, доцент В.С.Ханташкеев нарын арван эрдэмтэн санал үнэлгээ өгсөн юм. Тэдний тав нь миний ном, бүтээлийг шүүн тунгаасанд баяртай явдаг юм.
-Таны аав, ээж ямар ажил эрхэлдэг хүмүүс байв?
-Миний аав Луузан овогтой Цэнд ардын хувьсгалын партизан, Цэнд комиссар хэмээн алдаршсан түмтийн дарга, цэргийн ахмад сэхээтэн хүн. Анх ардын Хатанбаатар Магсаржавын цэрэгт орж баруун хязгаарыг тохинуулах хэрэгт 28 дугаар морьт хороогоо удирдан явсан. Мөн Хөвсгөл, Архангай, Өмнөговь зэрэгт гарсан цаг үеийн самуун үймээнийг дарахад оролцож, Халх голын дайнд жанжин Ж.Лхагвасүрэнгийн орлогчоор явсан.
Миний аав комиссар Цэндийн ах Луузангийн Раднаабазар комиссар Сүхбаатар жанжны цэрэгт алба хааж, монголын үндэсний ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан цэргийн эрхтэн байлаа. Намайг дөрвөн настай байхад аав минь хүнд өвчний улмаас нас барсан. Хожим 1924 онд ардын багшийн анхны сургуулийг төгсөөд Увсын Төгсбуянтын хошууны анхны сургууль байгуулагдахад 1932 оноос Бөхмөрөн сумын бага сургуулийн анхны захирлаар Даржаа гэж ахмад багш ажиллаж байсан юм.
Манайхаар орж, гардаг байсан энэ хүнийг нэг өдөр ээж маань үүнээс хойш энэ хүнийг аав гэж дуудаж байгаарай гэснээр бид аавтай болж билээ. Аав 1937 онд улс төрийн хэлмэгдлээр арван жил шоронд сууж 1992 онд цагаатгагдсан юм. Миний ээж М.Хашсүрэн БНМАУ-ын Бага хурлын нэрэмжит “Эмэгтэйчүүдийг дэвшүүлэх сургууль”-ийг нэгдүгээр зэрэгтэй төгсгөж 1929 оноос Ховд аймгийн банкны орлогч дарга, Бөхмөрөн сумын МХЗЭ-ийн 166-р үүрийн дарга, Увс аймгийн шүүхийн нарийн бичгийн дарга, мөн аймгийн МАХН-ын хорооны ухуулан боловсруулах хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж Хөвсгөл, Архангайд болсон самууныг дарах хэрэгт комиссар Сүгжинтэйн морьт хороонд ухуулан сурталчлах ажлыг хариуцаж, Халх голын дайнд Матадын наймдугаар дивизэд Валенцов эмчийн сувилагчаар ажиллаж явсан.
Миний аав, ээж улс орныхоо тусгаар тогтнол, тухайн нийгмийнхээ сайн сайхны төлөө өөрийгөө зориулж, цаг үеийн хүнд, хэцүү, нарийн төвөгтэй оюуны хөдөлмөрийг давамгайлан эрхэлж явсан монголын ахмад сэхээтнүүд байсан учраас би өөдрөг үзэлтнүүдийн удам.
-Сэхээтнийг сонирхох болсны учир юу вэ?
-Нийгмийг оюун ухаан удирддаг хэмээн шинжлэх ухаан номлодог. Тэр оюун ухаан хэмээх нь нийгмийн бүтцэд онцгой, чухал байр суурийг эзэлдэг сэхээтний давхарга юм. Тиймээс сэхээтэн хүн нийгмийн оюун ухаан, соёл, ёс суртахууныг тээгч нь. Энэ ч утгаараа тэд ард түмнийхээ өмнө маш өндөр үүрэг, хариуцлага хүлээдэг төдийгүй нийгэм, хамт олондоо бүх талаараа үлгэр загвар нь болж байх ёстой.
Монголын үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа нийгэм, түүний олон салбарыг практик сэхээтэн удирдаж байв. Харин 1940 оноос өнөөг хүртэл нийгмийг дээд мэргэжлийн өндөр боловсролтой сэхээтэн удирдаж байгаа юм. Нийгэм, хүнтэй холбогдсон аливаа ажил, асуудлын хувь заяа сэхээтэн, тэр дундаа удирдлагын сэхээтнээс шууд шалтгаалдаг учраас сэхээтний нийгмийн үүрэг хариуцлага улам өсөн нэмэгдэж байх учиртай.
Энэ нь манайд асуултын тэмдэгтэй л байдаг. Сүүлийн 20 жилд манай нийгмийн амьдралд эргэлзээ төрүүлэм “сэхээтэн” олширсон нь нууц биш. Ёс зүйгүй тэд нийгэм түүний олон салбарыг хувийн явцуу эрх ашигт тохируулан буухиагаар удирдаж, хээл, хахуулийн нүсэр сүлжээг бий болгон нийгмийн хөгжлийг урагшлуулах биш, харин дэвшил, хөгжлийн хормойноос чангааж, түүнд ихээхэн саад учруулж байна.
Тэд энд тэнд ард түмний эрх ашиг, эрх чөлөө гэх олон зүйлийг сэтгэл зовнисон байдлаар дүр эсгэн чанга ярьдаг боловч хэлсэн зүйл нь амьдралаас хол хөндий, цаад бодол нь өөрийн эрх ашгийн төлөө санаархал болж хувирдгийг олон түмэн шүүмжилж байна. Дундуур мэдлэгтэй, ёс суртахуунгүй, худалч, хууль, дүрмийг уландаа гишгэсэн, ичих булчирхайгүй болсон ийм хүмүүсийг сэхээтэн судлалд “Хагас сэхээтэн”, “Сэхээтэнцэр”, “Багтай хүн”, "Гал тогооны сэхээтэнцэр", “Дугуйлангийн сэхээтэнцэр” гэдэг. Тэд санаатайгаар төр засгийг хяналтгүй болгов.
Хяналт, шалгалтгүй амьдралыг ямар амьдрал гэх вэ дээ хэмээх их сэтгэгч, мэргэдийн үг байдгийг хоёронтоо хэлмээр байна. Элдвийн сайхан үгээр сонгогчийн толгойг эргүүлж, мэхлэж гарч ирсэн тэдний амлалт хий хоосон үзэгдэл мэт болж, ард түмнийг 20 жил бухимдууллаа. Нэг голын усанд хоёр орж болдоггүй билээ. Боловсролын дипломтой ч ёс суртахуунгүй бол сэхээтэн биш.
Монголын үндэсний сэхээтэн сэхээтэн шиг сэхээтэн байгаасай гэж би шүтдэг, залбирдаг. Ийм учраас л би юуг ч үл хайрлан, юугаа ч үл харамлан сэхээтний тухай чадах ядахаараа бичээд сурталчлаад байгаа минь энэ. Миний хүслийн философи энэ буюу. “Сэхээтэн бид хоёр" 30 жил хамтдаа явна.
-Хүн бодож санаснаа чөлөөтэй илэрхийлж явах ёстой юм шиг. Тиймдээ ч та их нээлттэй байхыг хүсдэг байх?
-Залуу цагаасаа хэнтэй ч ямар ч асуудлаар ам, бичгээр санал бодлоо солилцож, хуваалцаж ирсэн минь миний гэм биш зан. Би ном бичих явцад гарсан санал бодлуудаа 2004 оноос үе үеийн ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, УИХ- д суудалтай нам, тухайн сэдэвтэй холбогдсон салбарын яам, газруудад бичгээр номуудтайгаа хамт хүргүүлж байлаа. Бусадтай санал бодлоо солилцож санаа амардаг. Хөндлөнг сонсох сайхан. Би нийтдээ 588 хэвлэлийн хуудас ном, товхимол бичсэн.
-Насныхаа тэтгэвэртээ суугаад ч ном зохиолоо туурвисаар байна. Ном бүр таны хобби болчихсон юм аа даа?
-Насандаа суугаад зүгээрийг хийхийг бодохгүй, бүр ч ихийг хиймээр санагдах юм. Тиймээс хойч үедээ сэхээтний тухай цэгцтэй ойлголт үлдээхийг эрмэлзэж, “Монголын үндэсний сэхээтний үүсэл, төлөвшил, хөгжлийн зүй тогтол, хувь тавилан”, “Ардчилал: Сэхээтний нийгмийн төлөв", “Багш” “Эрүүл мэндийн”, “Удирдлагын”, Инженер- техникийн", “Хөдөө аж ахуйн”, “Уран бүтээлийн", “Дипломат’’, “Цэргийн”, “Шинжлэх ухааны сэхээтэн” зэрэг 15 цувралыг анх удаа монголдоо гаргаж сэхээтэн судлалд бага боловч тус болохыг хичээлээ.
Мөн өөрийн хүмүүжилд зориулан “Удирдах ажилтны хувийн үлгэр дуурайлал ямар байх тухай зөвлөмж, “Өөртөө хяналт тавих систем”, “Өөрийгөө дүгнэхийн учир" хэдэн товхимол, уул уурхай, зарим улс орны харилцаа, хамтын ажиллагаа, гэр бүл, хүмүүжил зэрэг бусад сэдвээр ном бичсэн. Тэтгэвэртээ гарсан арван жил завгүй л өнгөрлөө шүү. Сэхээтний асуудлаар гадаад, дотоодын 12 удаагийн онол-практикийн бага хуралд илтгэлтэйгээ оролцлоо.
-Та номоо ямар нэг байгууллага, газрын захиалгаар бичээд байна уу даа?
-Үгүй дээ, үгүй, тийм юм байхгүй. Хойч ирээдүйн сэхээтнүүддээ өөрсдийгөө танин мэдэхэд нь зориулж шинжлэх ухааныг түшин, эмх цэгцтэй гарын авлага үлдээх гэж өөрөө өөртөө өгсөн захиалга. Өөрөөр хэлбэл хойч үеийн нийгэмд сэхээтний цагаан зам татуулах гэсэн хэрэг. Нэр хүнд ашиг бодсон ч хэрэг биш. Ном бичсэнээр хүн баяждаггүй.
Д.Гэрэлт
Улаанбаатар таймс сонин
Г.Алтаншагай: Амьдрахын эрхэнд л ажиллаж байна
Мөрөөдлийн театр”-ийн
жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайтай ярилцлаа.
-“Амьдрал өөрөө бэлэг” хошин шоугаа тоглоод нэлээд хэдэн хоног өнгөрчихлөө. Хүмүүс хэр хүлээж авч байна вэ?
-Амьдрал бол хүмүүст бурханаас өгсөн асар том бэлэг гэж би боддог. Хүн амьдралаас, аав ээж, хань ижил, үр хүүхэд, анд нөхөд, хамт олноо олж авдаг бөгөөд энэ бүхэн нь бэлэг болж ирдэг. Харин тэр бэлгийг хэрхэн яаж тогтоох вэ, хэр сэтгэл хангалуун байх вэ гэдэгт амьдралын утга учир оршдог юм болов уу.
Манай тоглолтыг үзсэн хүн бүр нэг орой ч гэсэн энэ амьдралдаа сэтгэл хангалуун болоод гарвал бидний үзэгчдэдээ бэлэг барьсны зорилго биелэх юм. Тиймээс хүн бүр сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун байгаасай гэдэг үүднээс тоглолтоо “Амьдрал өөрөө бэлэг” гэж нэрлэсэн. 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр сар хэртэй тоглолоо. Хошин урлагийн нэрт жүжигчин Ш.Алтанцэцэг, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар манай тоглолтонд урилгаар оролцож байгаа. Үзэгчид их сайхан хүлээж авч байна.
-Мөрөөдлийн театрынхан өмнө нь “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай” драмын жүжиг, “Ээжийн дайсан” кино хийж байсан. Энэ тоглолтын дараа юу хийхээ төлөвлөсөн үү?
-“Амьдрал өөрөө бэлэг” тоглолтоо хөдөө орон нутагт хийхээр төлөвлөж байна. Ажил төрлийн шалтгаанаас болоод эх орноо бүтэн тойрч бол чадахгүй байх. Тиймээс Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Зүүнхараад очиж тоглоно гэсэн маршрут гаргасан. Арваннэгдүгээр сарын нэгнээс аялалдаа гарна. Ирээд шинэ жилийн нэвтрүүлгүүд бэлтгэх ажилдаа орно. Бүр хэтийн зорилго бол уран сайхны кино хийх бодолтой байна.
-Танай театр их сайхан нэртэй. Чухам яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Мөрөөдөл гэдэг бол өгөгдөхүүн өндөртэй үг л дээ. “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” ч гэдэг. Мөнгө төлдөг болсон ч хүн төрөлхтөн мөрөөдсөөр л байх болов уу. Яагаад гэвэл, мөрөөдөл хүний амьдралыг гэрэл гэгээ, зорилготой болгодог. Хүн мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөдөг, хичээдэг, чармайдаг байх ёстой. Амьдралыг мөрөөдөлгүйгээр төсөөлөхөд бэрх. Тийм ч учраас “Мөрөөдлийн театр” гэж нэрлэсэн. Театраа байгуулж, хамт олноо бүрдүүлэх нь миний мөрөөдөл байсан. Мөн тайзан дээр тавигдаж байгаа тоглолтууд миний мөрөөдөл байсан. Бид бол мөрөөдлөө л биелүүлж яваа залуус.
-“Амьдрал өөрөө бэлэг” хошин шоугаа тоглоод нэлээд хэдэн хоног өнгөрчихлөө. Хүмүүс хэр хүлээж авч байна вэ?
-Амьдрал бол хүмүүст бурханаас өгсөн асар том бэлэг гэж би боддог. Хүн амьдралаас, аав ээж, хань ижил, үр хүүхэд, анд нөхөд, хамт олноо олж авдаг бөгөөд энэ бүхэн нь бэлэг болж ирдэг. Харин тэр бэлгийг хэрхэн яаж тогтоох вэ, хэр сэтгэл хангалуун байх вэ гэдэгт амьдралын утга учир оршдог юм болов уу.
Манай тоглолтыг үзсэн хүн бүр нэг орой ч гэсэн энэ амьдралдаа сэтгэл хангалуун болоод гарвал бидний үзэгчдэдээ бэлэг барьсны зорилго биелэх юм. Тиймээс хүн бүр сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун байгаасай гэдэг үүднээс тоглолтоо “Амьдрал өөрөө бэлэг” гэж нэрлэсэн. 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр сар хэртэй тоглолоо. Хошин урлагийн нэрт жүжигчин Ш.Алтанцэцэг, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар манай тоглолтонд урилгаар оролцож байгаа. Үзэгчид их сайхан хүлээж авч байна.
-Мөрөөдлийн театрынхан өмнө нь “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай” драмын жүжиг, “Ээжийн дайсан” кино хийж байсан. Энэ тоглолтын дараа юу хийхээ төлөвлөсөн үү?
-“Амьдрал өөрөө бэлэг” тоглолтоо хөдөө орон нутагт хийхээр төлөвлөж байна. Ажил төрлийн шалтгаанаас болоод эх орноо бүтэн тойрч бол чадахгүй байх. Тиймээс Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Зүүнхараад очиж тоглоно гэсэн маршрут гаргасан. Арваннэгдүгээр сарын нэгнээс аялалдаа гарна. Ирээд шинэ жилийн нэвтрүүлгүүд бэлтгэх ажилдаа орно. Бүр хэтийн зорилго бол уран сайхны кино хийх бодолтой байна.
-Танай театр их сайхан нэртэй. Чухам яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Мөрөөдөл гэдэг бол өгөгдөхүүн өндөртэй үг л дээ. “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” ч гэдэг. Мөнгө төлдөг болсон ч хүн төрөлхтөн мөрөөдсөөр л байх болов уу. Яагаад гэвэл, мөрөөдөл хүний амьдралыг гэрэл гэгээ, зорилготой болгодог. Хүн мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөдөг, хичээдэг, чармайдаг байх ёстой. Амьдралыг мөрөөдөлгүйгээр төсөөлөхөд бэрх. Тийм ч учраас “Мөрөөдлийн театр” гэж нэрлэсэн. Театраа байгуулж, хамт олноо бүрдүүлэх нь миний мөрөөдөл байсан. Мөн тайзан дээр тавигдаж байгаа тоглолтууд миний мөрөөдөл байсан. Бид бол мөрөөдлөө л биелүүлж яваа залуус.
-Миний мөрөөдөл үргэлж биелдэг. Би бага байхдаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл маань биелсэн. Оюутан болоод Драмын театрт орохыг мөрөөддөг болсон. Бас л биелсэн. Дараа нь хамт олонтой болох юмсан гэж боддог болсон. Биелсэн. Надад одоо ч том мөрөөдөл байгаа. Гагцхүү тэр мөрөөдлийг бодит зүйл болгох ёстой. Бодит зүйл болгохын тулд хөдөлмөрлөж л явна даа.
-Та амьдралын энэ их хөдөлгөөнийг ямар өнгөөр төсөөлдөг вэ?
-Амьдрал бол тэр чигээрээ сонголт. Хүн алхам тутамдаа янз бүрийн сонголттой нүүр тулгарч байдаг. Тиймээс сонголтоо мэргэн хийх хэрэгтэй. Хамгийн гол нь хүн сонгосон сонголтондоо үнэнч байх хэрэгтэй. Гэтэл амьдралыг өнгөөр төсөөлөх юм бол үүний эсрэг юм. Амьдралын энэ их хөдөлгөөнийг би алаг эрээн өнгөөр төсөөлдөг. Зарим үед хар, заримдаа цагаан, зарим үед улаан, заримдаа бүр ямар ч өнгөгүй болно. Амьдрал оршиж л байгаа бол тэр өнгө байнга өөрчлөгдөнө гэж би боддог. Амьдралаа ямар өнгөтэй байлгах нь тухайн хүнээс л шалтгаална. Тиймээс ганцхан олдож байгаа амьдралаа хар бараан өнгөтэй болгохгүй яваасай, болж л өгвөл цагаан цэнхэр, гэрэл гэгээлэг өнгөөр чимээсэй л гэж боддог. Хэн нэгний худал хуурмаг өнгөөр биш өөрийнхөө бодож сэтгэсэн өнгөөрөө л амьдралаа будаасай гэж хүсдэг.
-Яг одоогоор таны амьдралын үнэ цэнэ юун дээр тогтож байна вэ?
-Гэр бүл, мэргэжил, хамт олон маань байна. Энэ бол хамгийн эрхэм зүйл. Мэдээж төрүүлж өсгөсөн аав, ээж минь байлгүй л яах вэ. Энэ л миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл юм даа.
-Залуу хүний хувьд хайр сэтгэлийн талаарх бодлоо хуваалцаач.
-Хайр бол энэ амьдралыг утга учиртай болгож, зөв гольдролд нь оруулдаг зүйл. Манайхан нэг буруу ойлголттой байдаг л даа. Эхнэр, нөхөр болох гэр бүлийн хайрыг юун түрүүнд авч үздэг, тэрийг л хайр гэж ойлгодог. Би энэ амьдралыг хөдөлгөгч хүч бүхэн хайр дээр тогтдог гэж боддог. Тиймээс хатаахгүйн тулд байнга усалж тордож байх хэрэгтэй. Ингэж л байх юм бол бат бөх байж, хүрээгээ тэлж, цэцэглэх болно. Аав ээж, эхнэр хүүхэд, байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэж байж би болоод миний хойч үе оршин тогтнодог учир хайр гэдэг зүйлийг өдөр болгон усалж тордож байх хэрэгтэй. Хүнд сайхан үг хэлж, сайхан үгээр сэтгэл зүрхийг нь гэгээн болгож байвал хайр хүрч байгаагийн нэг илрэл юм болов уу.
-Та энэ цаг үеийн маргаашийг ямраар төсөөлж байна?
-Би маргаашийн өдрийг амжилт эсвэл хөгжил дэвшлээр төсөөлдөг. Хүн амьдралаа сайн сайхнаар харж байж урагшаа тэмүүлдэг. Хар бараанаар бодоод байвал урагшаа гишгэж чадахгүй шүү дээ. “Урагшаа арван удаа хүчтэй алхсанаас зуун удаа нэг хэмээр алх” гэдэг дээ. Байнгын жигд хөдөлгөөнөөр урагшилж байвал хөгжилд хүрэхийн гол үндэс болдог гэж би ойлгодог. Хүн бодит юмны төлөө маргаашаа харах хэрэгтэй. Би хувьдаа миний амьдралын нэг өдөр эх орны минь хувьд амжилт дагуулсан өдөр байгаасай, амжилт, амжилт л гэж бодож явдаг хүн.
-Монголын драмын урлагийг тийм л түвшинд хүргэчих юмсан гэсэн хүсэл төрдөг үү?
-Би Улсын драмын эрдмийн театрт таван жил ажилласан. Хүмүүс надаас “Ямар дүрд тоглохыг хүсч байна вэ?” гэж их асуудаг байлаа. Би боддог л доо. Залуу хүн гэдэг хэн нэгний нэр хүнд, эсвэл алдар хүндийн халхавчин дор юмыг жижиг харж, жижиг сэтгэж болохгүй. Би театраас гарсан. Шинэ театраа байгуулсан. Энэ их урлагт орон зайгаа бий болгохын тулд залуудаа л хөдөлмөрлөх хэрэгтэй. Би зорилгынхоо төлөө л энэ алхмыг хийсэн. Тиймээс Монголын үзэгчид өнөөдөр бидэнтэй хөл нийлүүлэн алхаж явна. Энэ зуун бол мэдээллийн эрин учраас Монголын иргэд дэлхийд алдартай киноны нээлтийг зэрэг л үзэж байна. Тиймээс бид үзэгчдэдээ гологдохгүйн тулд шинийг эрэлхийлж, цоо шинэ юм гаргаж ирж байх ёстой. Тэрнээс биш залуу хүн гэдэг далбаан дор хөгшчүүдээ хараад зүгээр суух юм уу, юу ч хийгээгүй байж хөгширсөн хойноо цээжээ дэлдэлтэй нь биш. Бид шоу драм гэдэг жанраар тоглож байгаа. Энэ жанр бол өмнө нь Монголд байгаагүй цоо шинэ жанр. Энтертэйнментийг драмын урлагтай хэрхэн хослуулж болох вэ гэдгийг үзүүлэхийг л хичээж байна.
-Улс оршин тогтнож байж урлаг оршин тогтоно гэдэг. Улс хөгжиж байвал урлаг хөгждөг ч гэдэг. Та ямар ч цаг үед урлагтаа л үнэнч байж чадах уу?
-Монгол хөгжиж байна. Хүн оршин тогтнож л байвал хөгжил явагддаг. Түүнтэй адилхан бид ч өнөөдөр хөгжиж л яваа. Хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж л явна. Гагцхүү энэ хөгжлийн төлөө хүн бүр өөр өөрсдийнхөө ажлыг л сайн хийх хэрэгтэй. Хүн бүр 76-гийн нэг болох албагүй. Цэвэрлэгч нь цэвэрлэгчээ, жүжигчин нь жүжигчнээ сайн хийх хэрэгтэй. Хүн болгон дор бүрнээ ажлаа хийгээд явж байвал улс хөгжинө. Тиймээс би ч бас жүжигчнийхээ ажлыг сайн хийх хэрэгтэй. Түүнээс бид нэр хүндийн хойноос хөөцөлдөөд байвал намагт л унана шүү дээ. Сонгосон мэргэжил маань миний амь амьдрал, гэр бүл юм. Ний нуугүй хэлэхэд амьдрахын эрхэнд л ажиллаж байна шүү дээ. Тэрийг дагаад нэр хүнд явж байдаг. Нэр хүндийг баруун гартаа бат найдвартай барьж, цэвэрхэн авч явах хэрэгтэй. Миний нэр хүндийн баталгаа бол урлаг учир би урлагтаа үнэнч л зүтгэх ёстой. Урлаг бол миний сонгосон зам. Тиймээс би энэ сонголтондоо үнэнчээр зүтгэсээр л нөгөө ертөнцийг зорино.
-Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?
-Миний хувьд шүүмжлэл гэдэг хамгийн сайхан зүйл. Юугаараа сайхан вэ гэхээр жүжигчний мэргэжлийг хүн судлаач мэргэжил гэдэг. Яагаад гэвэл олон дүрд хувирч, олон дүрийг судалдаг. Энэ ч утгаараа шүүмжлэлийг ямар хүн хэлж байна, би түүнийг хэрхэн хүлээж авах вэ гэж боддог. Үнэн шүүмжилж байна уу, доош нь хийх гээд байна уу, эсвэл цаасан малгай өмсгөөд байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.
Б.Хадбаатар
Өдрийн шуудан сонин
Subscribe to:
Posts (Atom)