Профессор
хэмээх нэрийг тэрбээр дээрх цолыг аваа ч үгүй байхдаа ард олноосоо сонссон. Бүр
тэгээд нэршчихсэн. Сонин хэвлэл телевизэд огтхон ч ярилцлага өгдөггүй. Чимээгүйхэн
л эрдмийн ажлаа цэгцэлж суух. Их ойн босгон дээр Хөдөлмөрийн баатар болсон түүнтэй
цөөн хором хөөрөлдлөө.
-Монгол улсын
хөдөлмөрийн баатар болсон танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Эрхэм нэр хүндтэй
шагналыг хүртэх хүртэл боловсролын салбарт хэдэн жил ажиллав?
-Баярлалаа. Багшийн сургуулийг 1941 онд төгсч Завхан
аймагт томилогдсоноос хойш боловсролын салбарт 65 жил тасралтгүй ажилласан.
Мэргэжил маань монгол хэл уран зохиолын багш. МУИС-д 1958 оноос хойш салбарын
декан, сургалт хариуцсан орлогч дарга, Боловсролын хороонд нэгдүгээр орлогч
дарга хийж байгаад Германд томилогдож 10 гаруй жил ажилласан. 1969 оноос МУИС-д
ажиллаж байна. Монголын соёл, бичиг үсгийг сургах, дэлгэрүүлэх талаар эрдэм
шинжилгээний ажил хийж байлаа. Берлиний Гумбольдийн их сургуульд ажиллаж
байхдаа 1973 онд Варшавын их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж хүмүүнлэгийн
ухааны доктор болсон. 1982 онд Монголдоо профессор болсон. Ийм л бяцхан намтартай хүн
дээ.
-“Монголын
нууц товчоо”-ны сонгомол эхийг хөрвүүлэх ажлын бүрэлдэхүүнд та оролцсон. Энэ
тухай тодруулбал?
-“Монголын нууц товчоо”-ны сонгомол эхийг хэвлүүлэх тухай
ерөнхийлөгчийн зарлиг гарч, ШУА-ийн академич Д.Цэрэнсодном ахлагчтай МУИС-ийн
эрдэмтэн багш нар ажиллаж сонгомол эхийг 2005 онд хэвлүүлсэн. Хэвлүүлэхдээ зүгээр
ч үгүй шинэ үсгээр, сонгодог монгол бичгээр бүр Чингис хааны үеийн эртний
монгол бичгээр тус тус хэвлүүлсэн. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигаар “Монголын
нууц товчоо” гэдэг алдарт бүтээлийг өргөн дэлгэрүүлж, өрх гэр бүхэн хоймортоо
залъя, төрийн ордондоо эрдэнэсээр бүтээсэн хосгүй нэгэн эхийг залъя” гэсэн
шийдвэрийг эрдэмтэд дэмжиж, уран бүтээлчид жил гаруй ажиллаж саяхан заллаа.
“Монголын нууц товчоо”-ны нээлтэд очиж зарим хэсгээс нь уншин сонордуулж, үг
хэлсэндээ их баяртай байдаг. “Монголын нууц товчоо” дэлхий нийтэд өндрөөр үнэлэгддэг
хосгүй бүтээл
-МУИС-ийн
эрдэмтэн багш нар “Монголын нууц товчоо”-г англи хэлнээ орчуулсан нь таны санаа
байх нь ээ?
-“Монголын нууц товчоо” бүтээгдэж ард түмний хүртээл
болсноос хойш 150 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд олон орны эрдэмтэн
судлаач өөр өөрийн хэлээр орчуулсан. Тэр дундаа англи хэлээр гурав дөрвөн удаа
орчуулагдсан байх юм. Гэвч монгол хүн “Монголын нууц товчоо”-гоо яагаад өөрсдөө
орчуулж болдоггүй юм бэ. Эсвэл чаддаггүй юм уу гэдэг санаа надад төрсөн. Тэгээд
МУИС-ийн ректорт “Монголын нууц товчоо”-оо монголч эрдэмтдийн хүчээр англи хэлээр
орчуулах санал тавьсан. Тэндээс БСШУ-ны сайдын тушаал гарч ажлын хэсэг байгуулагдаад
ахалж ажилласан юм. Би өөрөө англи хэлээр орчуулдаг хүн биш. Орчуулах ажлыг
зохион байгуулж, МУИС-ийн багш Ш.Чоймаа, Б.Төмөртогоо нарын хамт орчуулагчдад
зөвлөхөөр ажилласан. Бид “Монголын нууц товчоо”-ныхоо гүн утга санааг англи хэл
дээр зөв орчуулж, дэлхий дахинд хүргэх юмсан гэдэг гол санааг баримталж
ажиллалаа. Тэгээд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн өмнө Монголд анх
удаа монгол орчуулагчдын англиар орчуулсан бүтээл хэвлэгдэн гарсанд их баяртай
байна.
-Бид
“Монголын нууц товчоо”-г академич Ц.Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлэнд
буулгаснаар мэддэг. Гэхдээ анхны эрдэм шинжилгээний галигт та буулгасан байх
аа?
-1940-өөд оны эцсээр манай алдартай зохиолч эрдэмтэн,
академич Ц.Дамдинсүрэн гуай орчин цагийн монгол хэлэнд маш сайхан яруу тодоор буулгасан.
Монголын ард түмэн, ялангуяа манай залуу үе дээрх бүтээлээр алдартай бүтээлээ
мэдэж авсан. Би 1960-аад оноос эхлэн “Монголын
нууц товчоо”-г судлах ажилд орсон. Энэ номын
хятад үсгийн галигийг дэлхийн олон эрдэмтэн латин үсэгт
буулгасан байдаг. Энэ олон эрдэмтний судалгааг хятад ханз үсгийн
эхтэй нь тулгаж нарийвчлан судалсны үндсэн дээр
би 1959 онд эрдэм шинжилгээний галигийг Монголд анх удаа хэвлүүлсэн.
“Монголын нууц товчоо”
судлаад судлаад барагдашгүй гайхамшигт бүтээл дээ.
-Монгол
бичгийн боловсролд та багагүй анхаарч байсныг санаж байна. Хэдэн жил энэ
чиглэлээр ажиллаж байна вэ?
-Одоогоос 50 жилийн өмнө Ц.Доржсүрэн гэдэг хүн монгол
бичгийн сурах бичиг зохиогоод академич П.Хорлоо гуай хянаж, тэр дээр монгол
бичгийн зурлагыг гараар бичих ажлыг би хийсэн. Түүнээс хойш монгол бичгийн хэд
хэдэн ном, зургаа долоон сурах бичиг гаргасан. Мөн үлдсэн юм ч их бий. Цаашид
хэвлүүлэх талаар бодож байгаа. Монгол бичиг гайхамшигтай. Түүн шиг бичиг дэлхий
дээр байна уу, үгүй юү гэхэд эргэлзэхээр. Монгол бичгээр монгол хэлнийхээ үгийг
тэмдэглэх нь байтугай герман, орос бусад хэл дээр ч бичиж болно. Үсгийн сайн бүтэцтэй.
Тийм учраас монголын ард түмэн өвөг дээдсийнхээ үлдээсэн эрхэм өв соёлыг
хэрхэвч орхиж болохгүй. Харин залуус маань одоо бүгд монгол бичигтэй болж
байгаа нь анзаарагдаж байна. Өөрөөр хэлбэл, 800 мянган хүн буюу Монгол улсын хүн
амын гурваны нэг нь монгол бичгээ мэддэг болсон. Энэ нь дунд сургуулийн
программд монгол бичгийн сургалтыг оруулсны үр дүн юм. Чингис хаанаас монгол
бичгээ үүрд хадгалж яваарай гэж сургасан байдаг. “Монголын нууц товчоо”-ны 203
дугаар зүйлд “Шихихутагийн над дур сайтар зөвлөж цагаан цаасан дээр хөх бичиг
бичиж үлдээснийг ургийн урагт хүртлээ бүү егүүтгэтүгэй” гэсэн байдаг. Энэ
зарлигийг бид өнөөдөр мэддэг бил үү. Олонхи нь мэддэггүй юм шиг байгаа юм.
Тэгэхээр бид их хаан, их хаан гээд шуугиад байхынхаа оронд үлдээсэн
гэрээслэлийг нь эргэн санаж биелүүлэх цаг болсон юм биш үү гэж би дотроо
боддог.
-МУИС-ийн
багш нар монгол бичгийн компьютерийн программ зохиосон тухай сонсож байсан юм.
Одоо хэрэглэгдэж байгаа юу?
-Сонгодог монгол бичиг буюу одоогоос хэдэн зуун жилийн
өмнө хэрэглэж байсан монгол бичиг, Чингис хааны үед хэрэглэж байсан гээд гурван
үеийн бичгийн хөтөлбөрийг компьютерт оруулсан. Одоо МУИС-ийн Монгол Хэл Соёлын
Сургуулийн тэнхмүүдэд хэрэглэгдэж байгаа.
-Боловсролын
салбар боловсронгуй болж байна гэлцдэг. Энэ тухай таны бодол?
-Манай орон дэлхийд хосгүй
соёл боловсролтой. Боловсролтой, соёлтой эрүүл
чийрэг залуус олон байна. Тэд дэлхийн хаана ч очсон боловсрол, соёлоороо,
биеийн байдлаараа, эрүүл чийргээрээ, гайхамшигтай дуу хоолойтойгоороо гайхуулж
байна шүү дээ. Үүгээр монгол хүн бүр
бахархахгүй байхын аргагүй.
-Монгол
хэлээ хамгаалах талаар та юу бодож байна вэ?
-Монголчууд хэл сурах гайхамшигтай авьяастай. Ямар ч орны
хэлийг сурсан тэр орны хүн шиг ярьж хөөрч чаддаг. Харин гадаадынхан монгол
хэлийг төгс сурсан нь үгүй. Тэгэхдээ үндэснийхээ хэл аялгууг сайн мэддэг
болсныхоо дараа сурсан нь дээр юм уу гэж би боддог. Бид монгол бичгээ орхиод
шинэ үсэгт орсон. Шинэ үсэгт ороод шинэ үсгийн дүрмийг ягштал боловсруулж
чадахгүй дэндүү олон жил боллоо. Өөрөөр хэлбэл, 1941 онд шинэ үсгийг аваад
тэрнээс хойш дүрмийг нь боловсруулах гэж оролдоод өнөө хүртэл боловсруулж чадаагүй.
Энэ нь үнэн хэрэг дээрээ балчирдсан дүрэмгүй ёс гэж би хувьдаа боддог. Үүний
нотолгоо бол намайг дээд боловсролын хороонд нэгдүгээр орлогч дарга байхад
боловсролын сайд Ишсүрэн гуай ШУА-ийн эрдэмтдийн оролцоотой шинэ үсгийн
шинэчилсэн төслийг хэлэлцэх гэж зарлаад дарагдсан. Тийм учраас шинэ үсэг төгс
боловсруулсан дүрэмгүй өдий хүрсэн. Сонин хэвлэл дээр өдий төдий алдаа мадагтай
зүйл гарах болсон. Яахав шинэ үсгийг хэрэглэснээр бидэнд сайн юм гарсан нь бүх
нийтээр бичиг үсэгтэй болсон явдал. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ монголчууд
захчин, дөрвөд, үзэмчин, торгууд, дархад гээд олон аялгуутай ард түмэн. Шинэ үсэг
хэрэглэснээр бага ястан, ард түмний маань хэл аялгуунд тааламжгүй нөлөө үзүүлсэн
гэж боддог. Энэ талаар С.Лувсанвандан гуай маш их ярьж бичиж байсан ч тухайн үедээ
хайхарч үзээгүй дарагдсан. Залуус маань үндэсний аялгуугаа мартаж байгаа нь үүнтэй
холбоотой. Үүнд л эмзэглэж явдаг даа.
-Монгол
хурдан бичлэгийн тухай хүмүүс их сонирхдог. Энэ тухай?
-Монгол цэвэр хурдан бичлэг гагцхүү
Чингисийн галыг сахиж үлдсэн монголчуудад л өвлөгдөж үлдсэн.
Дэлхийн хаана ч монгол бичиг шиг хурдан бичлэг байхгүй.
Олонхи оронд үндэснийхээ бичгээр хурдан бичих бус хурдан бичихийн тулд
тусгай тогтолцоотой үсэгт суралцаж байж бичиж сурдаг. Хурдан бичээч нарыг тэгж
бэлтгэдэг юм байна лээ.
(“Өнөөдрийн
монгол”, №135 (305), Уб., 2006-07-20)
No comments:
Post a Comment