Wednesday, 10 October 2012

Д.Ганхуяг: ОУ-ын стандартад нийцсэн гадаад паспорттой болно

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Ажиллаж байсан салбарынхаа дэд сайдаар томилогдлоо. Тиймээс цаашид таны хийх ажил хялбар бас тодорхой байгаа болов уу?
-Би Гадаад харилцааны салбарт 30-аад жил ажиллаж байна. Тиймээс энэ салбар хэрхэн, ямар байдлаар үйл ажиллагаагаа явуулдагийг сайн мэднэ. Манай салбар бусад салбараас нэлээд онцлогтой. Тухайлбал, бид өмнөх Засгийн газар бүрийнхээ үйл ажиллагааг залгамж чанараар хадгалан, үргэлжлүүлдэг.
  Харин энэ удаагийн Засгийн газрын үед шинэчилж хийх зүйл бол Монгол Улсын аюулгүй   байдлыг улс төр, дипломатын аргаар хангахын төлөө илүү түлхүү үйл ажиллагаа зохион байгуулна.
   Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршдог. Гадагшаа гарах боломж хомс, далайд гарцгүй орны хувьд энэ байдлаа өөртөө ашигтай болгох ямар арга зам байгаа талаар мөн судалгаа хийнэ. Дараагийн нэг зүйл бол Монгол Улсыг олон улсын байгууллага, Азийн янз бүрийн яриа хэлэлцээрийн байгууллагуудад гишүүнээр элсэхэд тусгайлан анхаарлаа хандуулахаар төлөвлөөд байна.
   Зүүн хойд Азийн орны хувьд манай улс ямар нэг бүс нутгийн бүтцэд хамаардаггүй. Тиймээс АПЕК, Зүүн хойд Азийн чуулга уулзалт, АСЕАН зэрэг байгууллагад Монголын төлөөллийг бий болгох, гишүүнээр элсүүлэх асуудалд идэвхитэй ажиллана. Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн улсын хувьд бүс нутагтаа тодорхой хэмжээний үүрэгтэй байх чиглэлд ч анхаарлаа хандуулна. Өмнө нь манай улс үргэлж гаднаас зээл тусламж авдаг орон байсан бол өдгөө бидэнтэй адилхан зах зээлийн эдийн засаг, ардчиллыг хөгжүүлж байгаа Киргиз, Мьянмар зэрэг улсуудтай өөрсдийн туршлагыг солилцох асуудалд нэлээд анхаарлаа хандуулж ажиллахаар болоод байгаа.

-Засгийн газар шинэ удирдлага, бүтцээр ажиллаж эхэлж байна. Тиймээс юун түрүүнд монголчууд олноор очдог улсын визний талаар асуумаар байна. Тухайлбал, Солонгос, Япон зэрэг улсуудад манай иргэд визгүй зорчих өдөр хэзээ ирэх бол...
-Иргэд харилцан зорчих нөхцөлийн хувьд бид Солонгостой хэлэлцээр хийж, саяхан манай УИХ-аас баталсан. Энэ хэлэлцээрийн ач холбогдол нь виз бүрдүүлж байгаа иргэд нэг, гурав, таван жилийн хугацаатай виз авна. Ингэхдээ визний хураамжаас чөлөөлөгдөхөөр болсон.
    Өөр нэг ярьж тохирсон зүйл бол тус улсын визийг маш богино хугацаанд олгох, бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөрүүлэх тухай. Үүнийг Солонгосын тал энэ сарын  1-нээс эхлэн судалж, эцсийн хэлэлцээр энэ сарын 28-нд хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр Монгол иргэд Солонгос улсад 90 хоногийн хугацаанд ямар нэг бүртгэлтгүйгээр, жилд олон удаа зорчих боломж бүрдэнэ. Цаашдаа жилд олон удаа явсан иргэн виз гурав, тав гэх мэт шатлалтайгаар виз авах боломжтой болох юм. Ер нь цаашид иргэд Солонгос улсад огт визгүй зорчдог байх чиглэлд бид ажиллана.
   Япон улсын тухайд японы иргэдийг Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих нэг талын шийдвэрийг манай улс гаргасан. Үүний хариуд монгол иргэдийг Японд зорчуулах асуудлыг ярьж байгаа. Үүний эхлэл болгож Японы виз авахад нөгөө талын урилга хэрэггүй байх, маш богино хугацаанд олгох асуудлыг яриад тохирчихсон. Эхнээсээ хэрэгжиж байна. Цаашид мөн л ямар нэг визгүй зорчих асуудлыг ярина. Түүнчлэн Европын орнуудаас Герман, Испани, Швейцарь зэрэг улсуудтай визгүй зорчих асуудлыг яриад эхэлчихсэн байгаа. 

-АНУ руу зорчих хүсэлтэй хүмүүс олон байдаг. Тэдэнд мөн визгүй зорчих боломж бүрдэх үү?

-Хоёр талын тохиролцооны дүнд америк иргэд манайд визгүй зорчиж байгаа. Манай иргэд ч мөн зорчиж байна, гэхдээ визтэйгээр. АНУ-ын талаас нэг удаа олгохдоо 10 жилийн хугацаатайгаар виз олгохоор болсон ч тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаалан заавал 10 жил гэлгүйгээр Элчин сайдын шийдвэрээр визний хугацааг гурав, таван жил гэх мэтээр өгч байгаа.
     АНУ нь иргэдийг визгүй зорчуулах асуудлыг тавихдаа визнээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдсан байх шаардлагыг тавьдаг. Ингэхийн тулд хэд хэдэн нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хамгийн түрүүнд тухайн иргэний гадаад паспорт нь олон улсын иргэний агаарын тээврийн стандартад нийцсэн буюу хурууны хээ, нүдний хээ гэх мэт давтагдашгүй өгөгдөл чипэнд нь хадгалагдсан бичиг баримттай байна гэж заасан байдаг. Тиймээс манай улс энэ жилдээ багтаан чиптэй албан паспорттой болох бэлтгэл ажлаа хангаж, ирэх нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ. Улмаар ирэх 2014 оноос эхлэн энгийн иргэдээ ийм паспорттой болгох чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байгаа. Ийм чип бүхий паспорттой болсноор олон улсын стандартад нийцэж байгаа учир бусад улс орнуудтай ч гэсэн визгүй зорчих асуудлыг тавихад маш дөхөм болох юм.

-Тэгвэл визний хугацаа хэтрүүлсэн иргэдийг асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Гадаадад хууль бусаар визний хугацаа хэтрүүлсэн иргэд олон байдаг. Энэ иргэдээ Монгол Улсын иргэн гэдгийг нь мэдрүүлэхийн тулд бүртгэх, Засгийн газраас олгож байгаа янз бүрийн нийгмийн халамжид хамруулах арга хэмжээг   авахаар төлөвлөж байгаа. Ер нь иргэдийнхээ төлөө хийх ажил их байна. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой заасан. Үүнд манай Гадаад харилцааны яам онцгой үүрэгтэй оролцоно гэж тооцож байгаа.

-Та үгийнхээ эхэнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад түлхүү анхаарах тухай хэлсэн. Өнгөрсөн хугацаанд цөмийн хаягдлын талаар нэлээд шуугисан. Энэ мэт асуудлыг анхааралдаа авна гэсэн үг үү?

-Энэ асуудал нь үндсэндээ ашигт малтмалыг гадагшаа гаргах, эсвэл гаднын хөрөнгө оруулалтыг оруулахтай холбоотой юм. Гадаад харилцааны яам нь эдийн засгийн харилцаа, гадаад худалдааны асуудлаа шинэ бүтцийн дагуу Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлсэн. Бидний хувьд гадаад бодлогыг зохицуулах, хяналт тавих үүрэгтэй. Тиймээс цөмийн хаягдал гэдэг ч юм уу асуудал үүсвэл Эдийн засгийн хөгжлийн яамтайгаа хамтарч үйл ажиллагаагаа явуулна.

-Та өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Консулын газрын дарга байсан. Энэ хугацаанд ямар ажил хийсэн бэ?
-Би 1979 онд Москва хотноо олон улсын харилцааны сургуульд орж, 1984 онд төгсч  ирсэн. Түүнээс хойш Гадаад харилцааны яамны системд ажиллаж байна. Энэ хугацаанд тус яамны бүх газар, хэлтэст ажилласан гэхэд болно. Хөрш орнуудын газар, Бодлого төлөвлөлтийн газар, Олон улсын байгууллага, консулын газар, Европын газар гээдбүхий л газарт ажиллалаа. Бээжин, Лондонд томилогдож ажиллаж байсан. Харин сүүлийн дөрвөн жил Консулын газрын даргаар ажиллаж байна.  Европын газарт ажиллаж байхдаа бид Европын түншлэлийн хэлэлцээрийн анхны төслийг боловсруулж байлаа. Энэ нь Европын холбоо болон Монголын хоорондын харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг юм. Манай тал тун удахгүй энэ баримт бичигт гарын үсэг зурахаар ажиллаж байна.
  Харин Консулын газарт ажиллаж байхдаа миний гол анхаарал хандуулсан ажил бол гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх,  улс орнуудад консулын газар байгуулах чиглэлд анхаарсан. Тухайлбал, Япон улсын Осака, АНУ-ын Сан Франциско, Хонконгт тус тус консулын газар нээж ажиллууллаа.

-Өнгөрсөн хугацаанд манай иргэдээс хар тамхины хэрэгт холбогдсон тохиолдол олонтаа гарсан. Энэ тохиолдол бүрт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадсан болов уу?

-Гадаад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд бид өмнө нь Консулын дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өнгөрсөн жил Гадаад бодлогын үзэл баримтлалын баримт бичиг батлагдсан. Үүнд гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай тусгай бүлэг орсон. Өнөөдөр хэрэгжээд явж байна. Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаална гэдэг нь хилийн чанадад байгаа иргэд ямар нэг хэрэгт холбогдох юм бол тухайн улсын хуулийн хүрээнд, олон улсын венийн конвенцийн дагуу эрх ашгийг нь хамгаална гэсэн үг.
    Тухайлбал, ямар нэг гэмт хэрэг хийгээд шоронд орсон бол иргэнтэйгээ байнгын холбоотой байж орчуулагч, өмгөөлөгчөөр хангагдаж байгаа эсэх, шоронгийн нөхцөл ямар байгаа, ар гэрийнхэнтэйгээ захидлаар холбогдож чадаж байна уу гэх мэт маш олон ажлыг хийх ёстой. Үүнийгээ Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан хийж байгаа. Энэ асуудал дээр бид цаашид ахиц гаргах болно
     Манай иргэдээс хар тамхины хэрэгт холбогдсон асуудал өнгөсөн онд хэд хэд гарсан. Үүнд манай Консулын газар идэвхтэй ажилласны дүнд 2012 онд ийм тохиолдол гараагүй. Мөн гадаадад ял эдэлж байгаа иргэдээ шилжүүлж авах талаар ажилласан. Тухайлбал, халуун нөхцөлд шоронд хоригдож байгаа монгол иргэдээ тухайн улс дотор нь сэрүүн газарт шилжүүлсэн тохиолдол бий. Тухайлбал, хятадын өмнөд хэсэгт хоригдож байсан иргэнээ цаг агаар ойролцоо гэдэг утгаар нь Өвөрмонголын хойд талын шоронд шилжүүлсэн байгаа.

-Хятад улсад хоригдож байсан дөрвөн монгол иргэнийг өөрийн улсдаа шилжүүлсэн авсан бил үү?

-Хятадын талтай ялтан солилцох гэрээг манай тал баталчихсан. Одоо Хятадын талыг батлахыг хүлээж байгаа. Өмнө нь энэ тохиолдлыг хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт гэх механизмаар зохицуулж байсан юм. Бид энэ уулзалтыг Солонгос, Орос, Хятад, Казахстантай хийж байгаа. Өөрөөр хэлбэл, монголчууд харьцангуй олон байдаг улсуудтай хийдэг юм. Консулын зөвлөлдөх уулзалтын механизмаар дамжуулан хэдийгээр гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй ч гэсэн асуудлыг нэг нэгээр тавьж шийдвэрлэж ирсэн. Үүний хүчинд бид өнгөрсөн хугацаанд дөрвөн иргэнээ Хятад улсаас эх оронд нь шилжүүлж авсан.

Т.ГЭРЭЛМАА
Эх сурвалж: “Өдрийн сонин”.

No comments:

Post a Comment