Thursday, 18 October 2012

А.Ганчимэг: Би дөнгөж л “соёолж” байгаа уран бүтээлч



Өчигдөр УДЭТ-т зочилсон юм. Энэ үеэр удахгүй тавигдах гэж байгаа алдарт Уиляам Шекспирийн “Гамлет” жүжгийн бэлтгэлтэй таарлаа. Найруулагч Н.Наранбаатар болоод гол дүрийн жүжигчид их л завгүй ажиллаж байсан. Ингээд уг сонгодог жүжгийн гол дүр УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэгтэй ярилцлаа.
-УДЭТ-ын өвөл цагийн нээлтэд тавих гэж байгаа “Гамлет” жүжгийн гол дүрд тоглохоор шалгарсанд баяр хүргэе.Офелиягийн дүр таны мөрөөдлийн дүр байсан байх. Энэ дүрд хэзээнээс бэлтгэж эхэлсэн бэ?
-Баярлалаа. Энэ бол мэдээж бүх эмэгтэй жүжигчдийн хүсч байсан дүр. “Гамлет” жүжиг манай театрт тавигдах болсон нь мөн аз завшаантай хэрэг. Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилуудын нэг шүү дээ. Энэ жүжгийн багт ороод ямар нэгэн дүрд тоглоно гэдэг аз завшаантай хэрэг байсан. Н.Наранбаатар найруулагч маань бүх уран бүтээлчдэд нээлттэй хандаж, боломж олгосон. “Би өөрөө энэ дүрд тоглох хүнийг сонгохгүй. Та нар өөрсдийгөө үзүүл, тэгээд аль нэгийг нь сонгоно” гэсэн. Шалгаруулалтад орсон арван эмэгтэйгээс азаар юмуу, юугаар ч юм би сонгогдсон. Миний хоёр дахь дүрд МУСТА Д.Ганцэцэг эгч сонгогдсон. Ерөнхийдөө бол би наймдугаар сарын 10-даас эхлээд бэлдсэн.
-Өөрийн тань шалгаруулалт дээр үзүүлсэн хэсгүүд их содон байсан. Яагаад заавал энэ хэсгийг сонгож авсан бэ?
-Офелиягийн дүр дээр хамгийн чухал хэсэг нь солиорчихсон байгаа хэсэг нь байдаг. Ер нь бол галзуурчихсан охины дүр гэж яригддаг. Харин “галзуу” гэж яг тийм мэргэжлийн нэр томъёо байдаггүй юм байна л даа. Солио өвчин гэж байдаг юм байна лээ. Өөрийн гэсэн хамаг юмаа алдчихсан эмэгтэй хүнийг галзуу гэхээсээ илүү өөрийнхөө эрүүл ухааныг алдчихсан, солио тусчихсан хүн гэж би төсөөлсөн. Тэгээд хүүхэлдэй авчраад, түүнийгээ мөчилдөг хэсэг хүмүүст их содон санагдсан юм шиг байна лээ. Тэр хүүхэлдэйг Офелия гэж төсөөлсөн.  Тэр бол гоо үзэсгэлэнгийн тууль болсон сайхан охин. Хүүхэлдэй мөчлөөд алж байгаа шиг дотоод эд эс, сэтгэл мэдрэлээс нь урж тасдаж байгаа гэж би төсөөлсөн. Тэр нь жаахан бусдаас өвөрмөц байсан байх.
-Офелиягийн дүр эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр. Та хэзээнээс Офелиягаар “өвчлөв”?
-Өмнө нь мэдээж энэ зохиолыг уншиж байсан. Уран бүтээлч хүн мэргэжлийнхээ үүднээс нэг дүрд “шунах” ёстой байдаг. Энэ зохиолыг уншихдаа би “ямар гоё дүр вэ, гэхдээ жаахан хэцүү байхаа” гэж бодож байлаа. Харин найруулагч маань: “Гамлет” жүжгийг хийхээр боллоо. Манай театрын том уран бүтээлүүдийн нэг болно гэсэн. Тэгэхэд надад “за тоглогдох нь дээ. Энэ жүжигт тоглочих юмсан” гэсэн хүсэл байсан. Тэр цагаас хойш шалгаруулалтад бэлдсэн. Сайн тоглох юмсан гэж хичээсэн. Д.Ганцэцэг эгч бид хоёр хамтдаа бэлдсэн шүү. Нэг дүр дээр өрсөлдөж байгаа ч гэсэн бие биедээ тусалсан.  Би ингэж хийж байгаа, тэрэн дээр нь тэгэх хэрэгтэй, энэ дээр ингэх хэрэгтэй гээд л хоорондоо ярилцсан. Бас Г.Уранчимэг эгч маань бид хоёрт маш их тусалсан. Зөвлөгөө өгч, хамтарч ажилласан. Бид хоёрыг энэ дүрд сонгогдоход нөлөө үзүүлсэн хүн бол Урнаа эгч. Маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Офелиягийн дүрийн судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
-Өмнө нь энэ дүр дээр МУАЖ, төрийн соёрхолт Н.Сувд эгч тоглож байсан. Өөр хэн ч тоглож байгаагүй дүр юм байна лээ. Ийм мундаг хүний тоглож байсан дүрд тоглоно гэдэг аз завшаантай хэрэг. Гэсэн ч нэг талаараа жаахан айдас төрж байна. Шалгаруулалтын үеэр “ямар ч байсан муу юм хийж болохгүй, гаргая гэсэн юмаа гаргах ёстой” гэж хичээж байлаа. Харин шалгаруулалт өнгөөрөөд, бэлтгэлдээ ороод, тайзан дээр хөдлөөд ирэхээр бүр их сандраад яах учраа олохгүй л байгаа. (инээв). Өмнө нь Н.Сувд эгчийн хэрхэн тоглож байсныг хүмүүсээс асуусан. Өөрөөс нь ч асуусан. Энэ мэтээр их судалгаа хийлээ. Наад зах нь л “галзуурсан” гэж яригдаад байгааг “галзуу” хүн гэж яг ямар хүнийг хэлдгийг судалсан. Энэ өвчинямар байдаг, юунаас болж солиорсон гээд л олон янз байдаг юм байна лээ. Миний гаргаж байгаа дүр дээр тийм юмнаас болсон юм чинь иймэрхүү үйлдэл давамгайлах юм байна. Сэтгэл санаа нь ийм, чихэнд нь тийм юм сонсогддог гээд олон зүйлийг судалж байгаа. Одоогоор бүрэн бэлэн болоогүй байна. Мөн галзуугийн эмнэлэгээр явж хүмүүсийг харсан. Маш сайн судалгаа хийж байж тоглох хэрэгтэй. Нэгдүгээрт сонгодог жүжиг. Хоёрдугаарт маш их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа. Олон уран бүтээлчдээс сонгогдож гарсан юм чинь муу хийх эрх байхгүй. Тийм болохоор хичээж ажиллаж байгаа.
-Та зөвхөн драмын тайзан дээр ч бус кино дэлгэцнээ олон найруулагчийн анхааралд өртөж байгаа жүжигчин?
-Найруулагчийн хараанд өртөж чадна гэдэг жүжигчин хүний хувьд аз завшаан байдаг. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог юм. Сургуулиа төгсч, дипломоо аваагүй байхдаа энэ театрт тоглодог байлаа. Сургуулиа төгсчихсөн найзынхаа мэргэжлийн шалгалт өгөх ажилд нь оролцсон юм. Тэгэхэд энэ театрт орох үүд хаалга нээгдсэн. Бас хэд хэдэн кинонд тоглосон. Басхүү чамлахааргүй олон гоё дүрүүдийг авч тоглосон. Тиймээс өөрийгөө азтайд тооцож байгаа.
-Өөрийн тань хувьд “Тэнгэрийн хүү” дээр маш сайхан дүр бүтээсэн. Дүрээ их чадарлаг, “хөөрхөн” бүтээсэн. Энэ дүрээрээ Н.Наранбаатар найруулагчийн анхаарлыг тасан юм болов уу гэж бодогддог?
-Миний хувьд тэр дүр маань, энэ дүр маань гэж ярихаас их эмээдэг л дээ. Залуу уран бүтээлч байж тэр дүрийг ийм, тийм бүтээлээ гэж ярихаас жаахан зайлхийдэг юм. УДЭТ-т үе үеийн шилдэг уран бүтээлчид байдаг. Эдгээр мундаг уран бүтээлчдийн дотор би бол дөнгөж “соёолж” байгаа л уран бүтээлч. Хүннү гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойд зориулаад “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тавьсан. Аливаа жүжигт эрэгтэй дүрүүд голчлон олон байдаг. Эмэгтэй дүр цөөхөн. Энэ сайхан жүжгийн Модун Шаньюгийн хатан болж тоглоно гэдэг том аз завшаан. Н.Наранбаатар найруулагч энэ дүр дээр намайг сонгосонд их баярлаж хүлээж авсан. Бас нэг сонин зүйл нь энэ жүжигт Д.Ганцэцэг эгч бид хоёр эгч дүү хоёрын дүрд тоглосон. Модуны хоёр хатан болж тоглодог. Би энэ дүрдээ их хайртай. Харин хүмүүс надад “чи ганц хоёрхон л гардаг юм байна ш дээ” гэдэг. Олон гарах нь чухал биш. Түүхэн дүр бүтээнэ гэдэг бол бас л сайхан хэрэг. УДЭТ-т ороод хоёр жил гаруй болох гэж байна. Тийм ч урт, бас тийм ч богино хугацаа биш. Юм сураад, ажиллаад явж байгаа залуу хүний хувьд бол байдаг л хугацаа.
-Офелия-г олон хүмүүс амилуулж тайзны ч дэлгэцийн ч бүтээл болгосон. Ганчимэгийн бүтээх гэж байгаа Офелия бусдаасаа юугаараа ялгаатай бол?
-Англи, Орос, Япон, Солонгос гээд олон газар энэ жүжгийг тавьсан. Кино нь ч жүжиг нь ч олон төрлөөрөө байдаг юм байна лээ. Гэхдээ би ерөнхийд нь судалгааны маягаар харсан. Дүр болгоныг хараад байхыг хүсээгүй. Хэрвээ тэгэх юм бол хүн чинь өөрийн эрхгүй дууриах хандлагатай болдог юм байна лээ. Олон юманд баригдвал өөрийн гэсэн зүйлээ алдана. Тэдгээр жүжигчдийн зарим нь бүр их галзууг, зарим нь эрүүл, галзууг хосолсон гээд л олон хувилбараар тоглосон байсан. Жишээ нь, “Титаник” киноны од Кейт Уинслет, Японы алдарт Мацу Такокогоос эхлээд олон жүжигчид тоглосон байсан. Жүжиг эхлэхэд Офелия гэж хэн байж байгаад төгсгөлд нь хэн болж хувирав аа гэдэг нь их чухал байдаг юм. Офелия гэр бүлийн хүмүүжил сайтай, ордны хүмүүжлээр хүмүүжсэн, боловсролтой охин байдаг. Сүүлд нь тэр бүх сайхан юмаа алдаад, хэл амны бай болоод төгсдөг. Энэ жүжгийн ганц золиос нь тэр бүсгүй болж байгаа юм. Сүүлдээ эрүүл ухаанаа алдаад юу ч хийхээ мэдэхээ больдог дүр. Дүрийнхээ талаар найруулагчтайгаа ярилцсан. Ямар шугамаар, хэрхэн явахаа ер нь мэдээд авчихсан.
-“Гамлет” -ийн уншлагандаа орчихсон байгаа юу?
-Дүрээ сонгож эхлээд уншлагандаа орсон. Уншлаганд, давхар тайзан дээрээ бэлтгэл нь эхэлчихсэн байгаа.
-Найруулагчдаа хэр зэмлүүлж байна?
-Өө зэмлүүлэлгүй яахав. Найруулагчийнхаа хүссэн дүрийг гаргах ёстой шүү дээ. Зарим үед ингэнэ, тэгнэ гээд л зөвлөлддөг. Заримдаа зэмлүүлэх үе гаралгүй яахав.
-Энэ жүжиг таван найруулагчийн санаагаар, өрсөлдөөнөөр гарч ирсэн. Чамд хэнийх нь “Гамлет” илүү таалагдсан бэ?
-Найруулагч болгон өөрсдийн гэсэн санаа, үзэл бодолтой байсан. Энэ дундаас найруулагч Б.Баатарын санаа их өвөрмөц байсан. Б.Баатар найруулагч “би “Гамлет”-ийг ингэж хийнэ” гээд сонингийн цаас базаж газар хаяад, энэ бол “Гамлет” гэсэн. Тэгэхэд нь бид их гайхаж байлаа. Тэр нь, энэ нь гэлтгүй өөрийн гэсэн өвөрмөц шийдэлтэй байсан. Н.Наранбаатар найруулагчийн “Гамлет” ч гэсэн өөрийн гэсэн онцлогтой. Тайзны тавилт, шийдэл, өнгө гэрэл гээд л их өвөрмөц.
-Н.Наранбаатиар найруулагч ярихдаа “Гамлет” –ийг “хүний таван мэдрэхүйд болж байгаа үйл явдал” гэж байсан. Харин А.Ганчимэгийн “Офелия” тэр таван мэдрэхүйг ямар байдлаас нь гаргаж байна?
-Офелиягийн дүр маань энэ жүжгийн ганц золиос гэж хэлсэн. Таван мэдрэхүйгээр нь ярих юм бол ам гэдэг эрхтэн дээр түүний бүхий л үйл явц,төгсгөлийн сценүүд  дүрслэгдэнэ гэж би хувьдаа төсөөлөөд байгаа. Найруулагч маань бас тэгж бодож байгаа байх. Хүний хэл ам гэдэг чинь их аймаар байдаг ш дээ. Олон хүний хэл ам, буруу зөв, үнэн худал нь мэдэгдэхгүй яриа явсаар байгаад тэр гоё охины хамаг сайн сайхныг нь байхгүй болгодог. Өөрөөр хэлбэл бүр “идчихэж” байгаа юм. дүрийнхээ талаар найруулагч нартайгаа зөвлөлдөнө. Тэгж байж эцсийн шийд маань гарна даа. Одоогоор яг тийм ийм гэж хэлж чадахгүй байна.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэе.
О.ЧАНЦАЛДУЛАМ
Эх сурвалж: “Нийгмийн толь”

No comments:

Post a Comment