Monday, 8 October 2012

С.Хэрлэн: Миний туршлагаар хичээл хүртэл зааж байлаа


-Яриагаа таны барилгачин болсон үеэс эхэлье гэж бодож байна.
-Би чинь хөдөөнөөс гуравдугаар анги төгсөөд орж ирсэн. Тавдугаар ангиасаа зуныхаа амралтаар барилга дээр ажилладаг байсан. Харин оройгоор 7-р ангиа төгсөөд л барилгачин болсон доо. Манайх чинь наймуулаа, би айлын том хүүхэд. Дөнгөж хотод орж ирээд ар гэрийн амьдрал хүндхэн л байсан. Тэгээд л барилга дээр ажиллаж байгаад тэр үеийн “Гурван сарын курс” гэж байдаг байсан, одоогоор дамжаа юм даа, тийм дамжаа төгсөж сантехникийн мэргэжилтэй болоод одоо энэ “Хүрд” гэдэг компанид ажиллаж байсан. Дараа нь Хэнтий аймаг руу томилолтоор явсан. Тэр үед ЗХУ-д ТМС-д явуулдаг байсан шүү дээ. Би байгууллагадаа, аймгийн эвлэлийн хороонд явъя гэж саналаа өгөөд ТМС-д явж байсан юм. Тэнд хоёр жил сураад сургуулиа төгсөхөд үнэхээр сайхан байсан даа. Тэр үед чинь ЗХУ-ын ард түмэн биднийг их сайхан хүлээн авч тусалдаг, бүх юм үнэ төлбөргүй, орон байр сайхан, сургалт гэж жигтэйхэн сайн. Тэндээс ирээд хотод хуваарилагдсан. Хойно би мужааны мэргэжил эзэмшсэн болохоор мужаанаар ажилласан. Ирээд хоёр сар ажиллаж байтал бригадын дарга болсон. Эхлээд яахав мужааны бригадын дарга гэж хийж байгаад бас хоёр жилийн дараа бригад нь томроод зөвхөн мужаан биш бусад бригадууд нэмэгдээд л. Дараа нь 1971 онд “Аж ахуйн тооцоотой бригад”-ыг байгуулсан. Энэ бол ЗХУ-ын социалист хөдөлмөрийн хошой баатар Николай Злобиний туршлага бөгөөд би туршлагыг олж, түүнийг Монголд анх удаа нэвтрүүлсэн юм. Үүнийг миний цорын ганц гавьяа гэж хэлж болно. Дээр үед барилга чинь огт ашиггүй ажилладаг байсан юм шүү дээ. Замбараагүй, материалд их үрэлгэн, ажилчдын цаг нар нь бүртгэлгүй. 1500 тоосго авчруулахад 1200 нь л ирдэг жишээний. Тэгээд би анх аж ахуйн тооцоонд ороод, ерөөсөө тэднийг чинь л бариад авчихаж байсан. Тэгж байж л Монголд анх удаа барилгын үр ашигтай ажиллагаа эхэлсэн юм. Үүний тод жишээ бол одоо байгаа Хайлаастын 49-р сургууль. Түүнийг яг газраас нь эхэлж бариад, бүх тооцоог би өөрөө хийж босгож байсан. Тэр үед нэг гараараа эргүүлдэг төмөр машин, сампин хоёртой л байсан. Орой 9 цагийн үед гэртээ ирээд тэр өдрийнхөө тооцоог шөнөдөө гаргана. Шөнийн хоёр цагийн орчим л тооцоо дуусна даа. Тэгээд л маргааш нь ажил дээр аваачаад самбар дээр бичихэд бэлэн болгодог байсан. Өглөө 5 цагт гэрээсээ гараад Хайлаастын барилга хүртлээ яг хоёр цаг алхдаг байсан гэхээр гурван цаг унтдаг байсан юм шиг байгаа юм. Угаасаа нойр ч хүрэхгүй, маргаашийн юм бодогдоод л. Бушуухан л очиж нөгөө ажлаа ингэнэ, тэгнэ гээд л толгой дотор эргэлдээд. Хүүхдүүд жаахан ч, цөөхөн ч байсан. Хөгшин маань хоол хийж тавьчихаад унтчихдаг. Тэр хойгуур нь чимээгүй орчинд ажлаа хийгээд л сууна даа. Бүх юмаа л тэгж гаргадаг байсан. Ер нь тэгдэг бригадын дарга ч гэж байгаагүй, инженер техникийн хүн ч байгаагүй дээ. Тэр үед чинь барилга хугацаандаа ашиглалтанд ордоггүй, төсөвт өртөгтөө багтдаггүй байсан бол анх удаа тухайн үеийн мөнгөөр 180,000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Тэгтэл МАХН-ын Төв Хороо тогтоол гаргаад миний тухай кино хийж, Монголын бүх барилгын ажилд энэ туршлагыг нэвтрүүл гэсэн Улс Төрийн Товчооны тогтоол гарч байсан юм. Тэр нь ч их үр дүнгээ өгсөн. Олон ч аймаг, хотод миний энэ туршлагаар ажиллаж, “Хэрлэнгийн туршлага” гэж хичээл хүртэл заадаг байсан даа. Би өөрөө ч хичээл заадаг байсан.
-Тэр маягаар та хэдэн жил ажиллаж байж Хөдөлмөрийн баатар болов оо? Таны барьсан барилгуудаас дурдвал?
-Би яахав ажиллах нь бол олон жил ажилласан. Гэхдээ аж ахуйн тооцоог 1971-1974 онд нэвтрүүлсэн болохоор миний ажлын оргил үе бол ерөөсөө тэр гурван жил. 1975 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. 1971 оны гуравдугаар сарын 8-нд би яг жинхэнэ гэрээ байгуулж, үүрэг аваад хугацаа, гарах ашиг зэргийг бүгдийг тохирч барилга хүлээн авч байсан. Барьсан барилгуудаас гэвэл нэгдүгээр хорооллын “Хархорин” захын гүүрийг солонгосуудтай хамтраад барьж байсан. Социализмын үед Улсын циркийн барилгыг румынчуудтай хамтарч барьсан. Тухайн үеийн Оёдлын үйлдвэр буюу Ялалтын урд байдаг одоо Мобиком байна уу даа тэрийг чинь унгарчуудтай хамтран барьсан юм. Толгойт руу гахайн завод гэж байсан одоо байна уу үгүй юу, тэрийг болгаруудтай барьж байсан юм. За тэгээд “ах” нартай бол ажиллаж байсан. Яахав гадны улсуудтай нийлээд ажиллахад сурах нь сурна л даа. Гэхдээ хамгийн гол нь хүн өөрийгөө дайчлах л байдаг юм. Хүнээс сураад, хүний хийж байгаа юмыг тэр болгон хуулж авна гэдэг байж болох ч ховор доо ховор.
-Шагнал авч байсан үеэ эргэн дурсвал...
-Тэр бас л сонин юм болсон. Манай том охин эмнэлэгт хэвтчихсэн, би охиноо сахиж байсан юм. Тэгтэл нэг өглөө намын дарга хүрч ирэхдээ манай нэг дүүг авчраад “Чи нэг гарах хэрэгтэй болоод байна. Хүүхдийг чинь энэ дүү чинь сахиж байг” гээд намайг аваад явсан. Тэгээд шууд хотын намын хорооны дарга Алтангэрэл дээр намайг дагуулж ордог юм. Би гайхаад яаж байгаа юм бол доо эмнэлэгт хүүхдээ сахиж байгаа хүнийг чинь гэж бодоод орсон. Алтангэрэл дарга их сайхан зантай л даа. За сайн уу энээ тэрээ гээд л, тэгэхэд нь би яахав дээ жирийн л барилгачин яваа шүү дээ. Тэндээс гараад яаман дээр хүрээд ирж байна. Тэгэхэд манай яам гэхэд л гурав, дөрвөн орлогч сайдтай цөмөөрөө сууж байсан. “За Хэрлэн чи хуралд сууна аа” гэж байна. Тэгэхэд Барилгын салбарын тэргүүний дарга, сайчуудын улсын зөвлөгөөн гэж болох гэж байсан санагдана. “Зөвлөгөөнд сууж үг хэлнэ. Тэгэхээр чамд хувцас хунарын асуудал байна, наад үс зүсээ засуул” гэж байна. Тэр үед яахав дээ барилгачны үс гэж арзайсан л юм байсан биз. Тэгээд манай нэг инженерт үүрэг өгөөд “Энэ Хэрлэнгийн хувцас хунарыг нь очоод үз, бэлд” гэсэн. Тэр үед би зангиа ч зүүж үзээгүй, надад тийм юм байх ч үгүй. Цамц гэж ямар ч юм байсан юм бүү мэд. Эрх биш Намын хуралд өмсдөг нэг костюм байсан юм байлгүй. Тэгээд л тэр инженер намайг дагуулаад зангиа энэ тэр авч өгч байсан санагддаг юм. Тэр өдрөө хоёр гурван цаг болсноо сайд дуудаж байна гээд дахиад л намайг аваад явсан. Би үсээ засуулаагүй л байгаа шүү дээ. Тэгээд сайд дээр ортол сайд Засгийн газрын ордны доод подвол руу намайг хөтөлж давхиад үсчин дээр орж байна аа. Манай сайд О.Тлейхан гэж казах хүн байсан юм. Нэг хүн үсээ засуулж байсныг нь “Нөөкөр чи бос. Энэ Цэдэнбал даргаас шагнал авах гэж байгаа хүний үсийг яаралтай засна” гээд л, нөгөө хүн нь ч бослоо. Үсчин засаад л би толинд хараад л сууж байсан “Кээдэн төгрөг байдым?” гээд сайд мөнгийг нь төлж байх шиг байна. Тэгээд дээшээ хоёр давхарт гартал шагнал гардуулж байна. Би учрыг нь олохоо байчихлаа. Юун шагнал магнал болоод явчихав, нэг одон өгөх л юм байна даа, одоо яадаг билээ гэж бодоод л. Тэгэхэд Их хурлын хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан Готов гэдэг хүн “Нааш ир” гэхээр нь очсон чинь гөрөөсний эвэр шиг соёогоор миний пиджакийг цоолж байна. Нэг л юм энгэр дээр хадах нь дээ л гэж бодож байлаа. Санаанд юм орсон ч үгүй байж байтал Бал дарга ч ороод ирлээ. Бусад нь номхон зогсоод л жигтэйхэн байж байтал зарлиг уншсан. Готов гуай уншиж байна аа “Хөдөлмөрийн баатар цол олгох тухай” л гэж байгаа бололтой. Надтай хамт барилгын хоёр хүн байсан. Бид гурав шагнуулах юм гэнэ. Тэгсэн л миний нэр гараад явчихлаа. Би ч бүр гайхчихгүй юу, арай ч дээ баатар болоод байхдаа яадаг юм гэж бодоод (инээв). Тэрхэн зуур манарчихаж байгаа юм. Тэгсэн араас нэг нь намайг түлхэж байна аа “Оч” гэж байгаа бололтой. Цэдэнбал даргын урд нь яваад очтол нөгөө цоолсон руу чинь баатрын соёмбо, Сүхбаатарын одон зүүсэн. Цэдэнбал даргын царай руу харсан чинь их тийм цоохор хүн байна. Бас тэрийг нь хараад байгаа юм аа (инээв). Өмнө нь надад ер дуулгаагүй, ямар нэгэн шагнал авна л гэсэн болохоос юун Хөдөлмөрийн баатар. Хүнд их осолтой тусдаг юм байна лээ. Барилгын цэргийн Аварзэд гуай, Ховдын Цэен-Ойдов гуай хоёр гавьяат цол, “Алтангадас” одон авч байна. Тэгээд л би хамт баатар цолоор шагнуулж байсан юм даа.
-Тухайн үеийн Хөдөлмөрийн баатар гэдэг цолны үнэлэмж, одоогийнхтой харьцуулбал таны бодлоор ямар байх шиг байна?
-Тэр үеийн баатар цолыг ёстой жинхэнэ шалгуураар авч байсан даа. Доод шатнаасаа байгууллагынхаа намын байгууллагаас эхлээд, дүүрэг, хотын намын хороо, Улс төрийн товчоо гээд л бүр ар гэртэй нь шалгаж байсан байна лээ. Цэцэрлэгийн багш байсан манай хүнийг, сургуульд сурч байсан хүүхдүүдийг маань бүгдийг нь очиж шалгасан байгаа юм. Хүүхдүүд нь сурлага, сахилгаар ямар, эхнэр нь ямар гаралтай, ажилдаа хэр юм гээд л. Одоо хөгшин ярьдаг юм “Нэг хүн манай цэцэрлэгийн зааланд суугаад л байдаг байсан. Хоёр хоног суусан шүү” гэж. Намайг ч бол бүр удам судраар нь судалсан биз. Тэгж л өгдөг байсан. Тэр үед нэг одон авна гэдэг чинь л ховор байсан юм. Мөн ч хэцүү дээ.
-Оюутан байсан үеэсээ дурсаач, зургаан жил гэдэг урт шүү дээ. Олон дурсамж байдаг байх?
-Би ТМС төгсөж ирээд ажиллаж байгаад Барилгын техникумд оройгоор ороод 4 жил сурсан. Манай техникум чинь жигтэйхэн сургалт сайтай байсан. Онц төгссөн хүнийг их сургуульд шалгалтгүй оруулдаг болохоор би онц төгсөж их сургуульд ороод 6 жил оройгоор сурж байж л их сургуулиа төгсөж, барилгын инженер болов. Тэгэх шаардлага надад байна л даа. Яагаад гэвэл надад бас мэдлэг дутаж байсан шүү дээ. Тэр их тооцоог хийнэ, график гаргана, ажилчдын цалин мөнгө бодно, хувааж хуваарилна гээд л. Яахав, манай ангийнхан бол дандаа ажилчин улс байсан юм. Би бас л нөгөө ангийн дарга (инээв). Тэр үеийн сурч байсан улсууд чинь яг барилга дээр ажилладаг хүн байдаггүй, зарим нь зургийнх, зарим нь шал өөр салбарын улсууд ч байдаг. Тэгээд технологи гэж ёстой мэдэхгүй хөөрхий минь. Нэг мэргэжлийн багш байсан юм. Шалгалт авахаар тэр хэлнэ “За чи талыг нь ав, би талыг нь авъя” гэж. Тэгээд яахав муу гэсэн нь над дээр шалгалтаа өгнө. Арай нэг дөнгүүр нь тэр багш дээр очдог. Тиймэрхүү хөгийн явдлууд байдаг л байлаа. Аа дээд тоонд би бол үнэн муу. Тийм болохоор би дүн тавиулах болохоороо зүгээр л багшийн өмнө очоод сурлагын дэвтрээ тавьчихна. “Та өөрөө мэдээд л дүн тавьчих” гээд. Би нэг ч томъёо бичиж мэдэхгүй юм чинь яах юм? (инээв). Хөөрхий багш нар минь намайг харин их дэмждэг байсан даа. Харин залуу багш нар бол шал өөр шүү. Унагана шүү дээ. Унагахгүй яах юм, би чинь хэлж л мэдэхээс тооцож чадахгүй шүү дээ. Тэгээд л унагана. Анх лав барилгын салбараас 4 хүн их сургуульд орсноос 3 нь гараад би үлдэж төгссөн юм даг.
-Сургалт хэр байсан бэ?
-Хачин сайн. Үнэхээр сайн шүү. Одоо бол тийм биш юм шиг байгаа юм. Оюутан нь нэг багш сонгосон болоод л сурсан болоод л төгсдөг юм уу даа. Тэр үед юун сонгох, шууд дааж аваад яс хийлгээд л дуусдаг байсан. Би бол харин ангийн нөхдөө “дайчилдаг” байлаа шүү дээ (инээв). Гэхдээ өөрийн гэсэн жаахан ч юм бий шүү. Цагаа тулахаар хүн чинь өөртөө жаахан ч гэсэн юм авч үлдэхийг бодолгүй л яахав. Нөгөө шаварчин, будагчнаараа төгсье гэж бодохгүй шүү дээ.
-Та өдий олон жил ажиллахдаа барилгачнаас өөр ажил хийж үзээгүй гэж байна. Одоо эргээд бодоход энэ амьдрал тань ямар санагдах юм бэ? Тэр дунд Их сургууль танд юу өгсөн бэ?
-Барилгачнаас өөр ажил хийж үзсэнгүй ээ. Сайхан л байна. Одоо би ямар тэр доктор энээ тэрээг нь авч чадах биш. Санаа зовох зүйл алга. Хүүхдүүд бүгд том болж. Хөвгүүд маань надтай адил барилгын салбарыг сонгосон. Их сургууль гэдэг хүнд их юм өгдөг юм шүү. Адгийн наад зах нь л би мужаан гэж байснаас барилгын инженер гэвэл хамаагүй дээр байгаа биз дээ. Ганцхан надад ч биш, тэр чинь хүүхдүүдэд маань ч үлдэж дурсагдах нэр шүү дээ. Ерөнхийдөө ёс суртахуун, байгаа байдал гээд ямар ч байсан арай л өөр болгодог юм. Тиймээс би Монгол улсын Их Сургууль төгссөнөөрөө бахархаж явдаг. Сургууль маань ч биднийг дандаа эргэж харж, дурсаж явдаг юм байна.
-Цаг гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.
Сэтгүүлч Б.Наранзул
Эх сурвалж: "Төгсөгчдөөс төрсөн алдартнууд"   номоос

No comments:

Post a Comment