Бид доктор, профессор Х.Цагаан гуайтай
түүний мэргэжил, судалдаг шинжлэх ухааны нь сонин сайхнаас хөөрөлдлөө. Тэрээр “дотоодын”
эхэн үеийн инженерүүдийн нэг. Хуруу дарам инженер Төрийн шагналтнуудын ч нэг.
-Хүн
бүхэн мэддэг юм шиг ч тэгтлээ сайн ухаардаггүй энэ цахилгаан гээчийг хэрхэн үйлдвэрлэдгийг
энгийн, цөөхөн үгээр тайлбарлахгүй юу?
-Арван жилд сурч байсан хүн бүгд онолын нарийн үндэслэлийг
нь мэднэ дээ. Нэмэх хасах цэнэгүүдийн урсгал, электроны урсгал гэдгийг. Харин шууд
цахилгаан гаргаж авдаг уу гэвэл үгүй. Манай гариг дээр эрчим хүч үйлдвэрлэж гаргаж
авдаг арав гаруй эх үүсвэр байдаг. Үүнээс хамгийн элбэг буюу бидний сайн мэдэх нэг
хэлбэр бол дулааны цахилгаан станц. Нүүрсээ шатаагаад, уур гаргаад, тэр нь турбиныг
эргүүлнэ. Турбин эргэхээр түүнд суусан генератор цахилгаан үйлдвэрлэдэг. Үүнээс
гадна усан цахилгаан станц, нарны, салхины, далайн таталт түлхэлт ашигласан тэр
ч бүү хэл галт уулын дулааныг ашигласан цахилгаан үйлдвэрлэх технологи байдаг юм.
-Та
түүхээс нь сөхөөч. Сонин байх болов уу?
-XIX зууны үеийн бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй. Би цахилгаан
дамжуулах шугам сүлжээний хүн болохоор үүнтэй холбоотой түүхээс ярья. 120 гаруй
жилийн тэртээгээс эхэлсэн буюу 1873 оноос гэж тооцдог. Түүнээс өмнө хүмүүс цахилгаан
гаргаад түүнийгээ “зөөвөрлөж” чаддаггүй байж л дээ. Өөрөөр хэлбэл чи гэртээ цахилгаан
үүсгэгчтэй бол түүнийхээ хажууд л гэрлээ асаана. Түүнээс өөр тийш утас татаад ашиглаж
мэддэггүй байж. Гэтэл 1873 онд Парис хотод дэвшилтэт технологийн үзэсгэлэн гарчээ.
Одоогийнхоор бол ЭКСПО шиг. Тэнд Францын эрдэмтэн Фонтен үзэсгэлэнгийн том танхимын
нэг захад цахилгаан үүсгүүрээ тавиад нөгөө захад нь утас татаад гэрэл асаахгүй юу.
Тэгсэн чинь бөөн сенсааци болж Европын сонин хэвлэлүүд шуугисан гэдэг. Одоо тэгвэл
цахилгааныг 5000 км түүнээс ч дээш зайд дамжуулж байна.
-Цахилгааныг
хамгийн дээд тал нь хэдий хэмжээнд гаргаж чадаж байна вэ?
-Хамгийн дээд тал нь 1500 киловольтын эрчим хүчийг үйлдвэрлэж
байна.
-Атомын
цахилгаан станц ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг үү?
-Хамгийн их эрчим хүчийг атомын цахилгаан станц гаргадаггүй.
Атомын станц өөрөө дулааны станцад ордог. Харин нүүрсээр ажилладаг дулааны станц
хамгийн их эрчим хүч гаргадаг юм. Атомын станцын давуу тал хариугүй жаахан “түлш”
хэрэглэдэгт л байгаа юм. Манай IҮ цахилгаан станц жилд 500 сая тонн нүүрс хэрэглэдэг
бол иймэрхүү атомын станц жилд 50-60 кг ураны баяжмал хэрэглэнэ. Гэхдээ уран, түүнийг
боловсруулах технологи нүүрснээс хэдэн зуу дахин үнэтэй шүү дээ.
-Бас
л хамгийн гэж асуух гээд байна. Манай гариг дээр хамгийн чадалтай нь хэдий хэмжээний
энерги үйлдвэрлэдэг генератор байдаг вэ?
-Өөрийнхөөрөө жишээлж үзье. Манай IҮ цахилгаан станц 600 мегаваттыг
үйлдвэрлэдэг бол одоо 1200 мегаватт буюу манай станцыг хоёр нийлүүлсэнтэй тэнцэх
эрчим хүчийг ганцхан генератор үйлдвэрлэчихэж байна. Ийм хэмжээний хүчин чадалд
хүрсэн орон миний мэдэхийн ердөө хоёр л байдаг. Нэгд Орос байдаг. Хоёрт нь Америк.
1200 мегаватт гэдэг тоо бол мэргэжлийн хүний нүдээр ч аймшигтай өндөр чадал. Үүнд
эхлээд Орос хүрсэн юм.
-Тэгвэл
манай станц ер нь хэр хэмжээний станц вэ?
-Ер нь бага шигт л орно. Дэлхийн хэмжээтэй харьцуулахад тэр
шүү. IҮ цахилгаан станцад 8 турбо-генератор ажиллаж байж 600 мегаватт гаргахад,
түүнийг ердөө ганцхан л агрегат гаргана гэсэн үг.
-Тэгвэл
дамжуулах чадал хэдий хэрд хүрсэн бэ?
-Манайх 220 киловольт бол олон орон 750 киловольтийг дамжуулаад
зогсохгүй 1500-г туршиж байна. Өөрөөр хэлбэл 220 киловольтийн шугамаар 120 мегаваттыг
дамжуулж байна. Тэгвэл 1500-ийнхаар 7000 мегаваттыг дамжуулна гэсэн үг. Аймаар байгаа
биз. Улаанбаатарын бүх станцыг нийлүүлснээс арав дахин илүү гэж ойлго.
-Урд
хойд хөршийг холбосон хий, нефтийн хоолойноос гадна өндөр хүчдэлийн шугам барих
ч төсөл яригдаж байгаа. Тэр нь хэдэн киловольтийн цахилгаан дамжуулах вэ? Бид түүнээс
татаж авахад хялбархан уу?
-Хялбархан, завсрын под станц барихад авчихдаг. Хүч чадлын
хувьд 750 киловольтоос доош байх учиргүй.
-Цахилгаан
дамжуулалтын сүүлийн үеийн технологи гэж юу байна вэ?
-Нэн шинэ үеийн цахилгаан дамжуулах технологи гэвэл гүн хөргөөсөн
буюу гүн хөргөлттэй кабелаар дамжуулж байна даа. Одоо бид ил шугамаар дамжуулдаг
шүү дээ. Удахгүй энэ дамжуулалт моодноос гарна. Хэрхэх вэ гэвэл труба хоолой байна
түүгээр кабелиа оруулаад труба кабель хоёрын хоорон дахь зайд өндөр даралтын инертийн
хий өндөр даралтад орсон зэрэг хийн температур буурдаг. Сургуулийн хүүхэд ч мэднэ
дээ. 270-400 цельсийн хасах температурт манай утас гүйнэ. Ингэснээр цахилгааны алдагдлыг
багасгана. Агаарт утас тавьж байгаагаас болоод бид нийт үйлдвэрлэсэн цахилгааныхаа
15-18 хувийг алдчихдаг улс шүү дээ.
-Утас
хайлаад шатчихдаг чинь хар үгээр бол утсаар гүйх цахилгаан нь багтаж ядаад тэр биз
дээ.
-Бараг л тийм дээ. Тэгээд халаад шатчихдаг юм.
-Ирээдүйд
цахилгааныг хэрхэн дамжуулах вэ?
-Утасгүй дамжуулах технологи яригдаж, олон эрдэмтэн инженерүүдийн
толгойг гашилгаж байна. Радио телевизийн долгион хүлээж авахтай төстэй. Харин хэрхэн
яаж гэдэг нь тун маргаантай, ээдрээтэй байгаа юм. Лазер шиг нэг дор маш ихээр цуглуулж
байгаад нэг зүгт өндрөөс цацах уу яах вэ гээд л.
-Дахиад
хамгийн гэдэгтэй асуулт асуучихъя. Хамгийн алс хол ямар орон цахилгаан дамжуулдаг
вэ?
-Мөн л Орос гүрэн. Дорнодоос Москва цаашлаад Украйн. Хол байгаа
биз. Энэ нь Алс Дорнодоос нүүрс зөөж байхаар тэнд нь цахилгаан станц байгуулчихаад
шугам татчихвал илүү хямд байж л дээ. Ингээд ийм амжилт үзүүлсэн хэрэг.
-Цахилгааны
гол хүндрэл ер нь юу байдаг юм бэ?
-Үйлдвэрлэсэн цахилгаанаа алдагдалгүй хүргэх асуудал. Ер нь
дэлхий нийтийн асуудал. Бруней улс дөчин хувиа замд нь алдчихдаг юм гэсэн. Баян
орон болохоор тэгдэг юм болов уу даа.
-Таны
үзсэн гадны цахилгаан станцуудаас аль нь их “таалагдсан” бэ?
-Япон, Сингапур хоёрынх. Японы дэд станцууд л гэхэд манайх
шиг бөөн арзайсан юм байхгүй. Бин битүү хайрцаг шиг л юм байна. Сингапурт манай
IҮ цахилгаан станц шиг нэг станцид очлоо. Тэнд ердөө 40-хөн хүн ажилладаг. 20 нь
буюу тэн хагас нь засварын ажилчид. Ажлын байр гэж тэдэнд байхгүй. Гадаа машинд
бүх тоног төхөөрөмжтэйгөө сууж байна. Дуудлага хүлээгээд. Үлдсэн хорь нь ердөө компьютерийн
ард сууж байна. Гэтэл IҮ цахилгаан станцад 1200 хүн ажилладаг шүү дээ. Маш их ялгаа
байгаа биз.
-Гэнэн
ч гэмээр нэг асуулт асууя. Хэрвээ цахилгааныг ашиглаж сураагүй бол хүн төрөлхтөн
ямархуу байх байсан бол гэж та бодож байв уу?
-Бид ярьдаг л юм. Ер нь хөгжлийн энэ их хурд цахилгаанаас
л эхтэй. Тэгэхээр яах вэ дээ. Урьд дундад зууны үеийнх шигээ л байх байсан биз.
Нэг бодлын амар ч юм шиг (инээв).
Сэтгүүлч Ц.Цахиур
Эх сурвалж: "Төгсөгчдөөс төрсөн алдартнууд" номоос
No comments:
Post a Comment