-Монгол Улсын дээд боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан их сургуулийн ойн босгон дээр захирал Тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Одоогоос 70 жилийн өмнө улсын ууган их сургууль анхны оюутнуудаа элсүүлж байсан тэрхүү дурсамжтай мөчөөс яриагаа эхэлье?
-Манай улсын анхны төрийн сургууль МУИС 1942 онд буюу эх орны дайн ид өрнөж байх үед ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан. Ойн баярын өдрүүдэд их сургуулийн ололт амжилтыг дурдахын зэрэгцээ ОХУ-ын эрдэмтдийн тусламж дэмжлэг, сайхан сэтгэлийг дурсахгүй өнгөрөх аргагүй. Манай сургуулийн анхны хичээлийг Москвагийн их сургуулийн багш нар зааж байлаа. Иймд МУИС-ийн үүсэл, хөгжил ОХУ-ын их сургуультай салшгүй холбоотой. Улсын хэмжээнд дээд боловсролын систем бүрэлдэн тогтоход тулгын чулуу нь болсон гал голомт гэж МУИС-ийг нэрлэж болно. Анх хүн эмнэлэг, багш, мал эмнэлэг гэсэн гурван факультеттай байсан. Хөгжлийн явцад УБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, одоо хувийн сургууль болсон ХУИС манай сургуулиас төрж гарсан. Эдгээр их сургууль одоогийн дээд боловсролын өнгийг тодорхойлж, тэргүүлж байна.
-Байгууллага бүхэн түүхт ойгоо угтаж өндөр бүтээлийн аян, үйл ажиллагаа зохион байгуулдаг. Танай сургуулийн хувьд ойдоо ямар бэлэг барив?
-Сургуулийнхаа 70 жилийн ойг угтаж бид хоёр жилийн төлөвлөгөөтэй ажиллалаа. Үүний нэг нь 2010 онд баталсан МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө юм.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнийг эх орныхоо бүтээн байгуулалтад бэлтгэж гаргасан байна вэ?
-Байгуулагдсан үеэсээ мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд илүү анхаарч ирсэн. Энэ хугацаанд 60 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн байна. Улсдаа төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй улс оронд МУИС-ийн нүүр царайг илэрхийлж буй чанартай боловсон хүчин олон төржээ.
-МУИС-ийн үйл ажиллагааны нэг чиглэл нь эрдэм шинжилгээний ажил байдаг. Үр дүн нь ямар байна вэ. Сургуулийн цаашдын зорилго юу вэ?
-Их сургууль байгуулагдсан үеэс мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд түлхүү анхаарч ирсэн. МУИС анхны оюутнаа элсүүлсний дараах зун биологийн багийг Алтайн цаадах говьд ажиллуулж эрдэм шинжилгээний ажлаа эхлүүлсэн түүхтэй. Энэ ажлынхаа үр дүнгээр анхны эрдэм шинжилгээний хурлаа хийсэн. 1946 онд МУИС анхны "Эрдэм шинжилгээний бичиг" сэтгүүлээ эрхлэн гаргасан. Гэхдээ манай сургууль мэргэжилтэн бэлтгэх ажилдаа илүү анхаарч ирсэн байна. 2010-2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөний гол зорилго нь өнгөрсөн 70 гаруй жилийн түүхэн хөгжлийн ололт амжилтаа дүгнэж, алдаа оноогоо олж. харсан явдал юм. Өнөөгийн дэлхийн их сургуулиудын ихэнх нь судалгааны их сургууль болон өргөжсөн. Өөрөөр хэлбэл, судалгаандаа илүү анхаарах болсон байна. Судалгааны ажлын үр дүнгээр сургалт явуулж, энэхүү үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж инноваци бий болгож байна. Иймд манай сургууль ирэх 10 жилд дэлхийн их сургуулийн төвшинд ойртсон судалгааны их сургууль болон хөгжихийг үйл ажиллагааныхаа гол зорилгоо болгож байна.
-Зорилгодоо хүрэхэд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага хамгийн чухал. Дутагдаж буй зүйл нь юу бол?
-Нэр хүндтэй судалгааны их сургууль гэж нэрлэгдэхэд олон зүйл шаардагдана. Жишээлбэл, олон улсын хамтын ажиллагаа, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, ШУА, бусад сургууль, хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллах ёстой. Одоогоор их сургууль гадаадын өндөр хөгжилтэй 200 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй. Эрдэм шинжилгээний ажил бол мөнгө зарцуулж шинэ мэдлэг, технологи бүтээдэг. Сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад судалгааны ажлын үр дүн харьцангуй сайн. Харин нөгөө шинэ мэдлэг, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил зогсонги байдалтай байна. Уг нь мөнгө зарцуулж мэдлэг бий болгоод мэдлэгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж эргээд мөнгө болгох шаардлагатай байгаа юм. Манай эрдэмтэд эрдэм шинжилгээний тайлан бичээд нэг шинжлэх ухаан технологийн санд тушаадаг, эсвэл ширээндээ хийгээд хадгалчихдаг ийм л төвшинд байна.
-Их сургуулийн урилгаар Нобелийн шагналтнууд оюутнуудад зориулан лекц уншиж байгаа. Оюутнуудын оюуны мэлмийг мялааж буй эл арга хэмжээг ууган сургуулийн зорилгодоо хүрэх нэг алхам гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Энэ нь их сургууль судалгааны их сургууль болохын анхны алхам гэж үзэж байгаа. Саяхан Нобелийн дөрөв дэх шагналтан ирж лекц уншаад буцлаа. Энэ шагнал бол дэлхийн оюун ухааны хамгийн дээд шагнал. Агуу эрдэмтдийн лекц манай оюутнуудын сурч боловсрох үйлсэд нөлөөлөх нь дамжиггүй. Нобелийн шагналтан Монголоос удахгүй төрнө гэсэн өөдрөг бодолтой явдаг хүний нэг нь би л дээ. Лекц уншсан Нобелийн шагналтнуудыг МУИС-ийн хүндэт доктороор өргөмжилж байна. Ингэснээр нэр хүндтэй эрдэмтэд манай сургуулийн гишүүнээр элсэж байна гэсэн үг. Цаашид судалгааны их сургууль болсноор магистр, докторт сурч байгаа оюутны тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Одоогоор их сургууль 23 мянган оюутантай. Үүний 20 мянга нь бакалавр, 3000 нь магистрын төвшинд сурч байна. Иймд БШУ-ы сайд Л.Гантөмөр магистр, докторын сургалтыг дэмжиж, тодорхой цалинтай болгох тухай асуудлыг шийднэ гэж амласан. Ингэснээр их сургуулийн судалгааны ажлын үр дүн хөгжиж, амьдралд нэвтрүүлэх боломжтой болно.
-Та МУИС-ийн захирал гэсэн эрхэм хүндтэй алба хашаад чамгүй хугацаа өнгөрлөө. Таны ажил амьдралын нэлээд хугацаа боловсролын салбартай салшгүй холбоотой. Анх ажил авахад хийхээр төлөвлөж байсан ажлынхаа ард гарч чадсан уу?
-Захирлын ажил аваад хоёр жил гаруй болж байна. Миний хувьд өмнө нь их сургуульд ажиллаж байсан. Гэхдээ 18 жилийн дараа захирлаар ирсэн. Энэ хугацаанд их сургуулийн ажил амьдралыг нэлээн сайн мэддэг болсон байна. Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, салбарын сайд, дэд сайд хийж байлаа. УИХ-ын гишүүн байхдаа ч их сургуулийн амьдралтай салшгүй холбоотой ажиллаж байсан. Хамгийн эхлээд хийх ёстой ажил бол МУИС-ийн үйл ажиллагаа ямар төвшинд байгаа, профессор багш нар ямар санал бодолтой байна, оюутнуудын идэвх оролцоо, амьдрал ахуй ямар байгаатай нарийн танилцахад чиглэгдэж байсан. Мөн их сургуулийн цаашдын бодлогыг тодорхойлох нь зайлшгүй асуудал байлаа. Энэ бүх асуудлаа тодорхойлсны дүнд ректорийн 2015 он хүртэлх ажлын мөрийн хөтөлбөр баталсан. Үр дүн ч гарч байгаа.
-Жилд их, дээд сургуулийг хэдэн мянган боловсон хүчин төгсдөг ч ажлын байр асуудал дагуулсаар байна. Танай сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдаж байна вэ. Ер нь зах зээлийн шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэж чадаж байна уу?
-Ер нь МУИС-д анхаарах ажлууд их бий. Хамгийн түрүүнд анхаарах асуудал сургалтын агуулга юм. Их сургуулийн агуулгыг тодорхойлдог зүйл нь төгсөж буй мэргэжилтэн хаана ажиллаж, юу хийж байгаагаас харагддаг. Бусад улс орны жишгээс үзэхэд сургалтын агуулгыг мэргэжилтэн бэлтгүүлж буй тухайн улсын захиалга байх ёстой гэсэн зарчимд тулгуурладаг. Жишээлбэл, ерөнхий боловсролын сургуулийн багш бэлтгэж байгаа бол тэр нь юу мэдэж, чаддаг багш байх ёстой талаар ажил олгогч байгууллагууд захиалга өгөх хэрэгтэй. Ажлын байрны захиалга ирсэн үед их сургуулийн бакалаврын төвшний сургалтын агуулга тодорхой болно. Харин манай сургуульд ажлын байрны захиалга гэж бараг ирдэггүй. Одоогоор их сургуулийн багш бэлтгэхэд зориулж сургалтын арга зохиож ирсэн дутагдал бий. Сургуулиа төгсөөд амьдралд хөл тавьж ажил хийх гэхээр ажлын байр хүрэлцээгүй. Энэ нь дээд мэргэжилтэй ажилгүйчүүд бэлтгэхэд их сургууль хувь нэмрээ оруулж эхэлж байна гэсэн үг. Бас нэг анхаарах зүйл нь мэргэжилтэн бэлтгэж буй тоонд анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд улс ардын аж ахуй, улсад хэрэгтэй мэргэжилтний тооноос хэд дахин их боловсон хүчин бэлтгэгдэж байна. Жишээлбэл, улсын хэмжээнд жилдээ 2000 гаруй хуульч бэлтгэгдэж байхад ердөө 200 хүрэхгүй нь л ажлын байртай болж байна.
-Дээхнэ үед МУИС-ийн төгсөгчид хаана ч нүүр бардам байдаг байлаа шүү дээ. Гэтэл сүүлийн үед боловсон хүчний чанар чансаа нь буураад байна уу гэсэн яриа хөөрөө гарах болж. Шалтгаан нь юу байж болох вэ?
-Сүүлийн үед МУИС-ийн төгсөгчдийн чанар буурсан гэх яриа гарах болсон. Их сургуулийн сургалтын чанартай холбоотойгоор иргэдийн дунд ийм яриа гараад байна уу гэдгийг судалж үзсэн. Анх элсэлт авахдаа нэг ангид 30-40 оюутан авдаг байсан. Одоо бол нэг ангид 100 хүүхэд элсүүлж байна. Элсүүлэх оюутны тоо их
байх нь их сургуульд сурахад бэлтгэгдээгүй, харьцангуй чанар муутай оюутан орж ирэх нөхцөл бүрдэж байна. Үүнээс болж төгсөж байгаа мэргэжилтнүүдэд сайн муугийн ялгаа гарч ирдэг. Би их сургуулийн математикийн анги төгссөн. Манай анги 25 оюутантай байлаа. Үүний 20 гаруй нь аймаг, хотын математикийн аварга болсон тухайн үедээ мундаг хүүхдүүд байлаа шүү дээ. Харин сургуулиа төгсөх үед бүгд жигд дээд төвшинд бэлтгэгдэж төгссөн. Өөрөөр хэлбэл, олонхи нь сурлага сайтай учраас цөөн тооны тааруу оюутан нь татагдаж дээд төвшинд бэлтгэгддэг байлаа. Харин одоо 100 хүүхэд элсэхэд 25 сурлага сайтай хүүхэд элсдэг болж. Энэ үзүүлэлтээс болж боловсон хүчний чанарын асуудал яригдаж байгаа байх.
-Санхүүгийн чадвар муу учраас багш, ажилчдаа цалинжуулахын тулд сургалтын төлбөрийг нэмэхээс өөр гарц байхгүй гэсэн шалтгааныг хичээлийн шинэ жил эхлэх бүрт их, дээд сургуулиудын удирдлагууд тоочдог. Тийм сургуулиудын нэг нь ч танайх. Сургуулийн санхүүгийн байдал ямар төвшинд байна?
-Их, дээд сургуулийн хувьд санхүүгийн асуудал бэрхшээлтэй байдаг. МУИС төрийн сургууль. Гэвч жилийн орлогын 6.8 хувийг улсын төсвөөс авдаг. Бусад санхүүг сургуугь өөрөө олж байгаа. Гол нь оюутны төлбөр дээр тогтож байна. Эрдэм шинжилгээний ажил, аж ахуйн гэрээт ажлаар жаахан мөнгө олдог. Оюутны төлбөрөөр орлого олж байгаа тохиолдолд нэг бэрхшээлтэй зүйл бий. Багш, ажилчдын цалин нэмэх материаллаг бааз бэхжүүлэх чиглэлээр тооцож үзвэл сургалтын төлбөр нэмэхээс өөр замгүй. Манайх харьцангуй бага төлбөртэй улсад хамрагддаг. Их сургуулийн хамгийн өндөр төлбөр нь нэг сая 20 мянган төгрөг. Гэтэл Америк, Туркийн ерөнхий боловсролын сургуулийн төлбөр 2-6 мянган ам.доллар. Цаашид оюутны төлбөр нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Оюутны төлбөр нэмснээр иргэдийн нурууг дээрх ачаа ихэснэ гэж үзвэл төр тодорхой хэмжээгээр санхүүжилт хийх шаардлагатай. Хэрэв энэ байдлаар үргэлжилбэл дэлхийг их сургуулийн төвшинд хүрэх байтугай уналтад орох эрсдэлтэй байна.
-Танай сургуулийн багш нар хэдэн төгрөгийн цалинтай вэ. Багш нар цалингийн нэмэгдлээ авч байгаа юу?
-Авч байгаа. Зөвхөн багш нарын цалинг нэмээд зогсоогүй ажилчин мэргэжилтнүүдийн цалинг 15 хувиар нэмсэн. Учир нь багш нарын цалинг нэмснээр багш ажилчдын цалингийн хэмжээ их зөрүүтэй болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард багшийн цалинг 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 20 хувиар нэмсэн. Ер нь төрийн албан хаагчийн цалинг 50 хувь нэм гэсэн шаардлагыг бараг биелүүлсэн. Цаашид их сургуулийн багшийн цалинг тусгайлан нэмж байхгүй бол багшлах хүн олдохгүй болох гээд байна. Дээр үед их сургууль онц төгссөн оюутныг сургуульдаа үлдэж багшлахыг хүсэхэд дуртай хүлээж авдаг байсан. Одоо бол тийм ч хувийн компани 2000 ам.долларын цалин өгнө гэх амласан гээд явчих жишээтэй.
-Төлбөрөө төлсөн л бол төгсөх ёстой гэсэн буруу ойлголт оюутнуудын дунд хавтгайрч байх шиг санагддаг. МУИС-д ч гэсэн ийм байдал ажиглагддаг юм билээ?
-Намайг захирлаар ирж байх үед оюутны асуудлыг шийдэхэд үнэхээр хүнд болсон байсан. Төлбөр авсан л бол оюутан хичээлдээ суух үгүй нь хамаагүй болсон байлаа. Нэг сонин жишээ хэлье. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт хийхээр бэлтгэж байтал нээлтийн хөтөлбөр дагаад овоо мөнгө хүссэн өргөдөл орж ирдэг юм байна. Энэ юун өргөдөл болохыг лавлавал "Нээлт хөтлөх хүн байхгүй. Гадны жүжигчин урьсан. Мөн гаднаас морин хуурч, дуучин бүжигчинд хөлс төлж авч ирэхээр болсон" гэв. Би тэр үед гайхаж МУИС-д ийм олон залуучууд суралцаж байхад хичээлийн нээлт зарлах хүнгүй, дуулчих оюутангүй байна гэдэг гутамшиг гэж хэлж байсан. Харин энэ байдал сүүлийн жилүүдэд байхгүй болсон шүү. Өнгөрөгч баасан гаригт сургуулийн ойд зориулсан оюутнуудын хүндэтгэлийн концертын анхны хувилбарыг үзлээ. Манай сургуульд олон авьяастай хүүхдүүд сурч байна. Балетийн сургууль төгссөн гурван оюутан суралцдаг юм байна. Нийт 70 оюутан морин хуур тоглохоор бэлтгэж байна. "Жалам хар" бүжгийг мэргэжлийн бүжигчдээс дутахааргүй биелж байна шүү дээ. Энэ нь хичээлээс гадуур дугуйлан хичээллэж эхэлсэнтэй холбоотой.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
No comments:
Post a Comment