Ардчиллын
шуурга дэгдсэн энэ, үед зарим маань өв соёлоо сэргээнэ, эзэн богдоо тахья, энэрэлт
шашнаа мандуулъя хэмээх боллоо. Гэтэл бас "Ил тод" гэдэг уриа
задгайрч эхээс төрсөн бие эрхтнээ ч нууж хаахгүй явахаас буцахгүй үзэгдэл газар
авах төлөвтэй байгаа нь зохисгүй санагдана. Үүнтэй уялдуулаад, учир ёс мэдэх
хүмүүстэй уулзах сан гэж би отон анаж явдаг билээ. Энэ удаа азтай учралаар, МУИС-ийн
Нийгмийн судалгааны төвийн угсаатны зүйн салбарын эрхлэгч доктор доцент Х.Нямбуутай
уулзсан завшаанд хэдэн зүйл лавлан ярилцав.
-Хэдхэн
жилийн өмнө Чингисийн нэрийг шивнэхийн төдий ч дуугарахаас эмээн болгоомжилж
байсан манайхан одоо уруул л нээвэл "Чингис" гэж уулга алддаг болж. Энэ
их хүнээ чухам яаж дээдэлбэл зохимжтой юм бэ дээ?
-Чингис хаан бол цагийг эзэлсэн богд хүн юм. Бид энэ
богдоо, богдын ёсоор эрхэмлэн хүндлэх ёстой. Мөн ийм хэмжээнд байлгах ёстой.
Гэтэл Чингисийг ойлгох явдал гурван янз байна. Юуны түрүүнд үзэл онолын түвэгтэй
бэрхшээлтэй байсан асуудлыг Ш.Нацагдорж гуай, Н.Ишжамц гуай мэтийн хүмүүс зохих
ёсоор нь сэргээх гэж хичээнгүйлж буй нь сайшаалтай. Үүнчлэн Чингисийг
бурханчлан шүтэх, дээдлэх үзэл энгийн олонд байгааг буруутгаж болохгүй. Харин
гурав дахь нь хэцүү байна. Нэрийг нь ашиглаж хонжоо олохыг л бодно. Ингэж ёс
төр алдаж буй нь доромжлол юм. Гутлын чимэг, пүүсийн нэр, архи, бялуу тэр ч байтугай
нохойд ийм хоч өгч цаашлаад бөгсөн дээрээ бичихээс наагуур болж байгаа нь
үнэхээр гутааж байна. Ингэхээ болиосой! Бүр гаараад сахилгагүй нэг нь Чингисийн
удам гэж хүн зодох, танхайрах гэмт хэргийг Чингисийн удмын нэрээр хийж буй нь
балмад нүгэлт явдал юм. Энэ бол их алдас.
-Шашин ч
харин ёстой нэг хорио нь тавигджээ. Айл бүгд хийдтэй болчих вий дээ!
-Шашин бол хүн төрөлхтний соёлын нэг үнэт зүйл юм. Энэ
эрдэм ухааныг хүн төрөлхтөн эртнээс нааш буй болгож шүтэн хөгжүүлсээр ирсэн. Шашин
бол хүний сэтгэлийн тэжээл болж, хүний дотор сэтгэлийг дүүргэж ирсэн баялаг юм.
Мандах буурахын ёсыг үзэж дэлгэрч буурч ирсэн түүхтэй. Монголын цагийн эрхээр
үгүй болсон нэг үе буй. Үүнийг цаг түүхийн ёс гэдэг. Бас сэргэдэг үе байна.
Өөрчлөлтийн өнөө цагт манайд сэргэж байна. Дээхэн үед эрс огцом устгасан учраас
олон түмний шашин шүтэх сэтгэлийн хэрэгцээ таслагдсан. Тиймээс өнөө үеийн шашин
дэлгэрэх төлөвийг олоход цангасан морь мэт муйхраар шохоорхох болжээ. Жинхэнэ номынхоо
ёсоор жаяг дэгээ баримталж зохистой дэлгэрвэл туйлын сайн. Харин шашныг ашиглаж
тоглоом тохуу мэт маягийн хэрэг болгож хэрэглэх нь сөрөг үзэгдэл юм. "Чанаргүй
олон сүм хийд байгуулснаас жинхэнэ хуврагийн ёсны эрдэмтэй лам нар байлгах нь
зүйтэй" гэж Далай ламтан айлдсан билээ. Зальт этгээдүүд шашны нэрийг барьж
хууран мэхэлж, нийгмийн гэмт хэрэг үйлдэж буй нь жигшилтэй юм. “Хагархай га”-гүй
хувилгаан хар багцааны маарамба, тарни мэдэхгүй дүвчин, тааж
"бууддаг" төлгөч олон болжээ.
Ер нь монголчууд туйлшруулах дуртай. Эрт цагт бөөгийн
мөргөлтэй байсан. Түүнийгээ харгис гэж үзээд ХҮII зуунд хэц хэнгэргий нь шатаагаад
бөөгөө дуусгасан. Тэгээд бурхны шашинд орсон. Шинэ цагт буддизмаас марксизмд
орох гэж хийдээ нурааж, номоо шатааж, лам нараа алаад дууссан. Одоо
марксизмаасаа хагацаж, хөрөнгөтөн ёсонд орох гэж хөлөө олохгүй явна. Маркс,
Лениний зохиолын хавтсыг сөхөж үзээгүй мөртлөө тэдний онолыг шүүмжлэх
хийрхэлтэй хүн олон болов. Хөрөнгөтнөөсөө хөндийрвөл одоо яадаг юм байгаа юм.
Бодвол хүй нэгдэл рүүгээ эргээд хуйлардаг юм уу эсвэл бүр сөнөдөг бол уу, яадаг
бол!
-Урлаг соёл
маань уланд орох тал руугаа хазайж байх шив дээ.
-Тийм л байдалд орчихгүй юмсан. Соёлын хувьд монголчууд
дэлхийн соёлоос суралцаж өөрийн уугуул соёлыг хөгжүүлсээр ирсэн боловсон төрт
улс түмний нэг юм. Өөрөөр хэлбэл эртний төртэй, соёлтой ард түмэн. Эртнээс нааш
өндөр төрөө дээдлэх, ном эрдмийг хүндлэх, гоо сайхныг эрхэмлэх ёс журмыг сахих
талаар нэртэй билээ. Гэтэл өнөөгийн байдлаар төрөө төр гэхгүй, хий л ам мэдэн
цуурахаас цаашгүй, хууль дүрмийг сахихгүй, сав л хийвэл удирдах удирдуулах ёсыг
захиргаадлага гэж сөргөдөг болсноос ниигмийн замбараагүй байдал бий болов. Эцэг
эх, ахмад үеэ залуус нь төдийлөн үл ойшоох нийгэм, улсаа огтхон ч бодохгүй, нэгэн
биеийн жаргалыг түрүүнд нь тавьж, хувьдаа болж байвал юу ч хийхээс буцахгүй
болжээ. Тийм ч учраас олон үеийн турш Монгол оронд буй болсон эд баялгийг хайр
найргүй устгаж байна. Барьсан байшингаа нурааж байсан техникээ эвдэж дуусгав. Гууль
зэсээ барав. Гуалин дүнзээ үрлээ. Бүтээн байгуулахаас бүрэлгэн устгах нь их болжээ.
Бэлхүүсэндээ овгор хар бүслүүр зүүсэн, цээжээ түхэлзүүлж, ярвалзсан ганган
дүртэй, баярхаж хаахалзсан зандалчин олон болжээ. Боловсролыг хүн олноороо тоохоо
болив. Хүүхдээ багаас нь наймаачин болгоё гэж боддог болжээ. Наймаачныг "панзчин
бол өмнөө цэцэг барьсан, ардаа хутга атгасан алуурчин" гэдэг билээ.
"Худалдааны капитал бол сорон мөлжигч капитал, үйлдвэрийн капитал бол бүтээлч"
гэж дэлхийн мэргэд томъёолсон.
Бүрэлгэх бус бүтээх нь чухал байна. Ярьдаг утасны кабель
мэтийг хулгайлах нь наад захын хэрэг болжээ. Ийм хэрэг үйлдэж буй хүмүүсийг
төрийн эсрэг тагнуул, хорлон сүйтгэгч гэмт хэрэгтэн гэж үзэх ёсгой. Яагаад
гавэл цаана нь ард түмэн байгаа гэдгийг ойлгохгүй байна. Урьд хонь муулах хүн
олдохгүй байсан атал одоо хүнийг төхөөрөх нь олон болжээ. Ийм хэрэгтнийг олны
өмнө хатуу цаазлах хэрэгтэй. Боловсролгүй, сургуулиас гарах нь одоохондоо
сайхан юм шиг байна. Хэдэн жилийн дараа тэр хүн буруу харсан нүх, бурангуй
зандалчин болно доо. Гадаадынхныг нүдэн балай дуурайхын оронд үндэснийхээ соёл
урлагийг ёсоор нь бадруулах харэгтэй байна.
-Ард түмний
маань дэлхийд алдартай найрсаг зочломтгой ёс ч эвдэрч эргээд эвлэхэд хэцүүхэн л
болох төлөвтэй. Юм бүгдэд мөнгө цагаан, нүд улаан байж таарахгүй дээ.
-Тийм ээ! Уламжлалт ёс маань алдарч зожиг шунаг нь
олширлоо. Айлд ороход цай аягалж өгөхийн оронд уусны төлөөсөнд мөнгө нэхэх
маягтай болж байна. Жишээлэхэд Сайншандад замын хажууд аяга цай 80 төгрөгөөр
худалдана гээд нэг хүү зогсч байх юм. "Ямар их үнэтэй юм бэ?" гэсэн
чинь харин өөдөөс “Хулгайч аа ална шүү!" хэмээн заналхийлж байна. Ийм
явдал зөндөө.
Бие биетэйгээ мэндэлж чадахгүй. Хоёр дээрэмчин уулзаж буй
юм шиг. Хэлдэг нь "хулгайч" ярьдаг нь л "ногоон". Хэдэн
мөнгө хараад аархсан. Амнаас нь эрдэм соёлын үнэр гарахгүй. Ханилж яваад нөхрөө
ална. Энэ бол мөнгө хатгаж, ёс эвдэрч буй явдал юм. Ер нь их л эвгүй юм үзэгдэж
сонсогдох боллоо.
Нүүдэлчин дээд үе маань бие биедээ нөхөр болж найрсаг
явсны ачаар сөнөөгүй юм. Миний гэр танай гэр, танай гэр манайх гэдэг үзэл л
эцэг өвгөдийн маань сэтгэл зүрхэнд бат шингэж уламжлагдан ирсэн юм. Таних
танихгүй аянчин эрэлчин хүнийг аль болохоор найрсаг өнгөрөөхийг хичээдэг.
Морийг нь амраагаад, өлсч цангасан биеийн нь алжаалыг тайлахыг эрхэмлэдэг.
Эзгүй байхад хүн ирээсэй хэмээн үүдээ задгай орхидог заншилтай байлаа. Одоо огт
өөр айлчин нь ч тохигүй, айл нь ч хохь ёхь. Энэ нь ч аргагүй юмыг нь аваад
явчихна. Тэр ч байтугай дээрэмдэнэ. Ална, хядна, түйвээнэ. Үүнээс гарах замыг
бодох хэрэгтэй байна.
-Найр хурим,
элдэв төрлийн ёслол ч монголын уламжлалт зан үйлээс гажуу буруу. Энд тэндхийн
ёс хутгалдсан холион бантан хутгадаг болжээ.
-Үнэхээр тийм. Дайллага цайллага ёслол төгөлдөр бус.
Зөвхөн идэж уухыг урьдал болгох нь мэр сэр үзэгдсээр байна. Бусад ёслол нь ч
гэсэн дээ. Зөвхөн хурим л гэхэд хос залуус тэргэн дээрээ хүүхэлдэй өлгөж явах
нь заншилд таарахгүй. Хүний дүрс санжигнуулаад явахыг "сатга" гэж
нэрлэдэг. Энэ нь жишээлэхэд тугал үхэхэд арьсанд нь юм чихээд эхэд нь үнэрлүүлж
тайтгаруулдагтай адилавтар юм даа. Түүний оронд “бундхорло” хэмээх зурхайн
зураг юм уу, хийморийн дарцаг хийсгэж явбал зохимжтой мэт.
Нэгэн үе манайхан европын ёсыг мухар сохроор боловсон ёс
гэж нүдэн балай дуурайж, үндэсний соёлыг феодалын хоцрогдсон суртал хэмээн
үгүйсгэж ирэв. Жишээлэхэд л өөд бологсдыг нутаглуулахад улаан хар өнгө
хэрэглэдэг заншлыг ийнхүү хариас хуулбарлан сармагчилсаар ирлээ. Гэтэл тэр нь
уттаа христосын заншил байлаа. Библь сударт зааснаар улаан өнгө нь христосын
цус, хар нь түүнд тохиолдсон гамшиг гэсэн утга юм. Харин Монголд гашуудлын өнгө
нь хөх, цагаан хоёр байдаг. Хөх нь үүрд мөнхрөх утга, цагаан нь ариуны бэлгэдэл.
Нийлээд талийгаач ариунаар мөнхөрлөө гэсэн утгатай. Тийм ч учраас авсыг хөхөөр
бүрж, цагаан шараар чимэх буюу бэлбэсрэлийн тэмдгийг хөх дээр цагаанаар
хослуулан хэрэглэх нь зүйтэй юм аа. Дашрамд өгүүлэхэд энгэр юм уу ханцуйд хадах
бэлбэсрэлийн тэмдгийг "урамгүй" гэж нэрлэдэг билээ. Бэлбэсрэл
тайлахад архи дарс, махны зүйл хэрэглэхгүй, элдэв үнэт эд юмсыг хүмүүст бэлэг
мэтээр өгөхгүй цагаалаад өнгөрдөг. Харин буян үйлд гэж зүү утас барьдаг.
-Ингэж л ёс
журам алдагдаад, зарим маань харийн заншил, өөрийн уламжлал хоёрын ялгааг
олохгүй мунгинаад байх шиг санагддаг юм. Тэгэхээр одоо ийм гацаанаас гарах ямар
боломж байна вэ?
-Залуусын маань зарим нь ахмад үеийнхээ сургаалыг
захиргаадалт гэж үгүйсгээд тэднээс юм сурч чадахгүй байна. Ахмадууд маань ч ёс
алдарсан үед залуу цагаа өнгөрөөсөн болохоор өнөөгийн залууст тоймтой юм хэлж
чадахгүй байна. Энэ байдлаас гаргахын тулд гэр болон сургууль, олон нийтийн
газар зөв ёсыг дэлгэрүүлэх талаар их анхаарах. Айлаараа хүн ёсыг дагаж, биеэ
засаж, гэрээ тэгшилж явах нөхцөл бүрдүүлэх нь чухал байна.
Юуны өмнө боловсрол эзэмшин, эх түүхээ судалж үндэсний ёс
заншлаа мэдэж авах хэрэгтэй. Монгол ардын хүн хүмүүжүүлж ирсэн ёс суртахууны өв
уламжлалыг өнөөгийн хүмүүсийн үзэл санааны үндсэн хүмүүжлийн хэрэгсэл болгох
явдал чухлаар шаардагдаж байна.
Ялангуяа боловролын хуульд заасан "Ардын ариун ёс
журам" гэдэг хичээлийг өсвөр үеийнхэнд бодитойгоор эзэмшүүлэх явдал бүр ч
чухал. Тиймийн тулд тэр хичээлийн гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүнийг
боловсруулахын зэрэгцээ тэр хичээл заадаг багш нарыг тусгайлан бэлтгэх хэрэгтэй
болж байна. Үүнтэй уялдуулаад "Монгол ардын эрхэмлэдэг цээр, цээрлэдэг
хараал муу үг, дээдэлдэг ерөөлийн тухай цуврал бичиг" нэн даруй гаргамаар
байна. Түүнчлэн монгол заншил заадаг зан үйлийн сургууль байгуулж хичээлүүлэх
нь зүйтэй.
Сэтгүүлч Дуг.Дорж
(“Цаг цагийн аяс”, Ред.
С.Цэрэндорж, Уб., 1996)
No comments:
Post a Comment