-“Мод тарих үндэсний өдөр”-ийг энэ жил хэзээ тэмдэглэх вэ?
-Ерөнхийлөгчий зарлигаар “Мод тарих үндэсний өдөр”-тэй болоод гурван жил болжээ. Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт энэ өдрийг тэмдэглэдэг. Энэ жил энэ сарын 13-ны өдөр таарч байгаа.
-Үр дүнгийн талаар яривал.
-Зарлиг гарахаас өмнө Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй мянган мод, бут, сөөг тарьдаг байсан юм билээ. Одоо бол жилд хоёр сая орчим мод тарьж байгаа гэсэн мэдээллийг Ойн газрынхан өгч байна. Гэхдээ энэ бол улсын төсвийн хөрөнгөөр тарьж байгаа модны л тоо юм. Үүнээс гадна иргэн, компани, албан байгууллагууд санаачилгаараа мод их тарьж байгаа. Албан бус тоогоор бол Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш дөрвөн сая орчим мод тарьсан гэсэн мэдээлэл бий.
-Манайхаас өөр оронд энэ өдрийг тэмдэглэдэг үү?
-Дэлхий дээр 32 улс “Мод тарих өдөр”-ийг тэмдэглэж байна. 1900-аад оны үед АНУ энэ өдрийг Ерөнхийлөгчийнхөө зарилгаар тэмдэглэж эхэлсэн юм билээ.
-Улаанбаатар хотод мод тарьж цэцэрлэгжүүлэх асуудал дээр хэр анхаарч байна вэ. Жишээ нь, энэ жил нийслэлд хэчнээн мод тарив?
-Өмнө нь бол мод тарина гэдэг хаврын субботник маягын ажил байсан гэдэг. Одоо энэ Улаанбаатар хотын төвд ургасан байгаа модыг тэгж л тарьсан. Үнэндээ одоо Улаанбаатар хотод нэмж мод тарина гэдэг хэцүү болсон. Энэ их барилгажилтаас болоод мод тарих ч газар үндсэндээ үлдсэнгүй дээ. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” гэсэн хоёр газар л мод тарьж байна.-Мод тарих кампанит ажил өрнүүлж байна гээд замбараагүй мод тариад байх нь бас хэр зөв зүйтэй юм бол оо?
-Одоо тэгж дураараа мод тарьдаг асуудал цэгцэрсэн шүү. Жишээ нь, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д л гэхэд дуртай хүн очоод мод тарихгүй. Захиргаанаас нь зөвшөөрөл авч, мэргэжилтнүүдээс нь зааварчилгаа авч байж тарьж байгаа.
-Яг ингэж кампанит ажил болгож мод тариад амжилтад хүрсэн орныг нэрлэе гэвэл.
-Япон улс 1900-аад оны үед бараг бүх модоо огтлоод хэрэглэчихсэн юм билээ. Харин одоо очоод үзэхэд тэнд мод тарих газар үлдээгүй. Тэгж л сүйдсэн ойгоо сэргээсэн байгаа юм. Солонгосууд ч гэсэн нийт тайлбайнхаа 90 гаруй хувьд мод тариад байгаа юм билээ.
-Манайд бол мод тарих газар их биз?
-Монголд бол талбай хязгааргүй байгаа гэж хэлж болно.
-“Гэхдээ тэгж их мод тарих ямар хэрэгтэй юм бэ” гэж бодож байгаа хүн байж мэдэх юм.
-Хүмүүс модыг орчноо чимэх чимэглэл төдий зүйл гэж ойлгох гээд байдаг юм. Үнэдээ бол мод бол усны эх үүсвэр шүү дээ. Бод л доо. Манай гол мөрнүүд Алтай таван богд, Хангайн нуруу, Хэнтийн нуруунаас л эх авдаг. Өөрөөр хэлбэл, энэ гурваас өөр томоохон усны эх үүсвэр байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр мод тарина гэдэг усны асуудлаа, цөлжилтийн бэрхшээлээ шийдэж байгаа хэрэг.
-Ой мод усны эх үүсвэр гэж та хэллээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Уулын ард хөвдтэй, мөнх цэвдэгтэй хөрс байдаг. Энэ нь борооны усыг хадгалах байгалийн “сав”-ны үүрэг гүйцэтгэнэ. Энгийнээр тайлбарлавал, ой мод бол ус нөөцлөх сав гэсэн үг. Эндээс л гол горхи эх авч урсаж байгаа юм. Нийслэлийнхаа иргэдэд сайн мэдээ дуулгахад “Их уст Туул” гэдэг хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр бидний ундны усын эхийг хамгаалж, нөөцийг нь нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Баярламаар нь бизнесийн байгууллагууд үүнзд идэвхитэй оролцож байна. “МАК”, “Монполимет”, “Женко” групп гэсэн үндэсний компаниуд маань газар авч мод тарихаар болж байгааг талархалтайгаар хүлээж авч байгаа.
-Ерөнхийөгч зарлиг гаргаснаар энэ ажлыг бүх нийтийн ажил болгож чаджээ. Одоо юу хийх дутуу байна вэ?
-Гол нь мод тарина гэдэг кампанит ажил, нэг өдөр гэсэн хязгаарлалтад баригдах биш бүх цаг үед үргэлжлэх ажил гэдгийг л гүн гүнзгий ойлгох хэрэгтэй.
-Ерөнхийлөгч энэ жилийн мод тарих өдөрт биечлэн оролцох уу?
-Ерөнхийлөгч яг одоо гадаад айлчлалтай байгаа болохоор оролцох үгүйг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ер нь бол оролцох байх. Модны тоо ширхэгийн тухайд ч төд гээд тоо хэлэхэд хэцүү. Учир нь, иргэд маш их мод тарьж байгаа шүү дээ. Дараа нь нэгтгэсэн дүнгээр нь гаргах болно.
-Та бүхэн ойн холбогдолтой хуулийн төслүүд ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа товч дурдахгүй юу?
-Нөхөн сэргээлтийн тухай хуульд “дүйцүүлэх нөхөн сэргээлт” гэсэн зүйл заалт нэмж оруулахаар төлөвлөж байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл, говьд олборлолт хийж байгаа компани Хангай газар тодорхой хэсэг газар аваад мод тарина гэсэн үг. Мөн 30-40 жил уурхай ашиглах тохиолдолд заавал олборлолтоо дуустал хүлээх биш өөр газар дүйцүүлэх хэлбэрээр нөхөн сэргээлт хийлгэдэг болох юм.
-Хүмүүс мод тарьж байгаа нь сайшаалтай. Тэднийг төрөөс хэрхэн урамшуулж байгаа вэ?
-Мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш 20 гаруй хүн төрийн дээд шагнал, одон медаль хүртсэн. Жишээ нь, маш олон мод тарьж, олон хүнд модны үр үнэгүй бэлэглэсэн Өмнөговь аймгийн иргэн н.Барадус энэ салбарынхаа гавьяат цолыг хүртсэн. Хэвлэл мэдээллийн салбараас ч гэсэн цөөнгүй хүнийг төрийн одон, медалиар шагнасан байгаа.
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Хувь хүний бодол л юм даа. Сүүлийн үед манайхан суврага их босгодог болж. Суваргыг доод тал нь 5-10 сая төгрөгөөр босгодог юм билээ. Хүний шашин шүтлэгийг буруу гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ байгалиа бодвол, үнэхээр эцэг, эхийнхээ дурсгалыг мөнхжүүлье гэвэл тодорхой хэсэг газрыг хашиж байгаад мод таривал зүгээр л санагдана. Суварга бол байнга засвар үйлчилгээ шаардана. Хэдэн жилийн дараа элэгдэж, эвдэрнэ. Харин эцэг, эхийнхээ дурсгалд зориулж хэсэг газар мод таривал жинхэнэ утгаараа дурсгалыг нь мөнхжүүлж байгаа хэрэг болно шүү дээ.
Х.Түвшинтөгс
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
No comments:
Post a Comment