Thursday, 18 October 2012

А.Ганчимэг: ''Гамлет'' жүжгийн ганц золиос нь Офелия




УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэгийн тайзны олон дүрүүдийнх нь нэг "Тэнгэрийн хүү" жүжгийн Шива хатны дүр. Драмын театрын алтан тайзан дээр морилоод нэг их удаагүй энэ жүжигчинд найруулагч Модун Шаньюй хааны хатны дүр оноосон нь чадварт нь итгэснийх гэлтэй. Залуу бүсгүй ч энэ итгэлийг хөсөрдүүлээгүйгээр үл барам олон зуун хүний халуун алга ташилтаар онгодоо хурцалсан нь саяхан. Харин өдгөө энэ бүсгүй дараагийн жүжгийнхээ бэлтгэлд ороод байгаа юм. Тодруулбал УДЭТ өвөл цагийнхаа нээлтийг У.Шексперийн "Гамлет" жүжгээр нээхээр төлөвлөөд байгаа бөгөөд жүжигчин А.Ганчимэг энэ жүжгийн эмэгтэй гол дүр Офелияд тоглох эрхээ өвөртлөөд буй. Ингээд залуу Офелиягийн ярианд уншигч таныг хөтөлье.

-Юуны түрүүнд "Гамлет" жүжгийн Офелияд тоглохоор сонгогдсонд баяр хүргэе. Олон олон эмэгтэй жүжигчдийн мөрөөдлийн дүр нь Офелия байдаг гэх. Ганчимэг энэ дүрд тоглох юмсан гэж мөрөөдөж байв уу.
 
-Баярлалаа. "Гамлет" жүжгийг манай театрын хамт олон тавих болсон нь надад маш аз завшаантай хэрэг болж байна. Офелия бол зөвхөн миний гэлтгүй манай театрын бүх залуу эмэгтэй жүжигчдийн хүсч байсан дүр. Угаасаа "Гамлет" жүжиг дэлхийн сонгодог жүжгийн ноён оргилын нэг. Энэ том жүжгийн багт орж ямар нэгэн дүр дээр ажиллана гэдэг жүжигчин хүнд нэр хүндийн хэрэг. Тийм учраас Н.Наранбаатар найруулагч маань Офелиягийн дүрд тоглох жүжигчинг би өөрөө сонгохгүй. Энэ дүрийг сонгон шалгаруулалтаар гаргаж ирнэ гэж хэлсэн л дээ. Энэ шалгаруулалтанд 10 эмэгтэй жүжигчин оролцсон. Харин тэднээс би азаар ч юм уу юугаар ч юм энэ дүрд тоглохоор шалгараад байна. Харин дублёроор Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг эгч ажиллахаар болсон.

-Хэдийнээс эхлэн өөрийгөө Офелия болгож харав?
 
-Би наймдугаар сарын 10-наас эхлэн энэ дүрд бэлтгэсэн. Шалгаруулалт болтол cap хагасын хугацаанд өөрийгөө Офелия болгож харсан даа.

-Ганчимэг Офелиягийн сонгон шалгаруулалтанд их өвөрмөц тоглолт бэлдсэн байсан. Өөрөөр хэлбэл Ганчимэгийн тоглож байгаа хэсэгт Офелия галзуурч байна билээ. Яагаад энэ хэсгийг сонгож бэлдсэн юм бэ?
 
-Угаасаа хамгийн чухал хэсэг нь тэр хэсэг л дээ. Офелияг галзуурсан охин гэж яриад байгаа юм. Гэхдээ галзуу гэдэг энэ үг мэргэжлийн хэллэгт орохоороо солио өвчин гэгддэг юм билээ л дээ. Миний бодлоор Офелия өөрийн хамаг үнэтэй бүхнээ алдсан эмэгтэй. Тэгэхээр галзуу гэхээсээ илүүтэйгээр өөрийн эрүүл ухааныг алдчихсан тэрнээсээ болоод солио тусчихаад байгаа эмэгтэй юм байна гэж би бодсон. Тиймээс би энэ хэсгийг нь онцолж сонгож шалгаруулалтанд оролцсон юм. Магадгүй солиорлын байдалтай байгаа үедээ хийж байгаа үйлдлийн хэсгийг сонгосон нь хүмүүст сонин санагдсан байх. Өөрөөр хэлбэл Офелия хүүхэд /хүүхэлдэй/ төрүүлж, түүнтэйгээ харьцан бас тэрийгээ мөчилж алж байгаа тийм хэсгийг харуулсан шүү дээ. Би тухайн үед тэр хүүхэлдэйг өөрийн дүртэйгээ, Офелиятай тэнцүүлж бодсон. Офелия бол сайн сайхны, цагаахны, гоо үзэсгэлэнгийн туйл. Яг л тэр хүүхэлдэй шиг цагаахан охин төрсөн хэрнээ сэтгэл зүрх хайр сэтгэл гээд л өөр юу байдаг юм тэр бүгдийгээ яг тэр хүүхэлдэйг мөчилж алж байгаа юм шиг ураад хаячихаж байгаа мэтээр төсөөлж ажилласан. Энэ маань бусдаас арай өөр байсан юм болов уу даа.
-Офелия бол хүн бүрийн мөрөөдлийн дүр гэлээ. Өөрөө хэзээнээс эхлэн энэ дүрийг мөрөөдөж, энэ дүрээр "өвчилж" эхэлсэн бэ? 
-Хүн ямар нэгэн юманд шунаж амьдрах ёстой гэдэг. Ялангуяа уран бүтээлч хүн шунаж амьдрах ёстой юм байна л даа. Яг энэ шунал хүсэл дотор минь Офелия байсан. Гэхдээ энэ зохиолыг уншчихаад "ямар гоё дүр вэ, гэхдээ энэ дүрийг гаргахад хэцүү байх аа" гэж боддог байсан. Харин манай театр энэ жүжгийг тоглоно гэсэн мэдээлэл аваад ямар гоё юм бэ нөгөө гоё жүжгийг чинь тавих нь байна ш дээ. Офелияд тоглочих юмсан гэж мөрөөдөж эхэлсэн. Тэгээд л шалгаруулалтанд нь сонин юм хийх хэрэгтэй гэж бодоод бэлдэж эхэлсэн. Ганцэцэг эгч бид хоёр хэдийгээр нэг дүр дээр өрсөлдөж байгаа ч энийгээ яасан юм гээд л хоорондоо ярилцаж хамтарч бэлдсэн. Бас Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч маань бидэнд их тусалсан. Ер нь бид хоёрыг энэ дүрд шалгарахад маш том дэм болсон хүн бол Урнаа эгч. Тиймээс танай сониноор дамжуулан Урнаа эгчдээ баярлалаа гэж хэлье.

-Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, жүжигчин Н.Сувд өмнө нь Офелиягийн дүрд тоглож байсан гэх юм билээ. Түүнтэй уулзав уу. Ер нь дүрийн судалгаа хэр хийв?
 
-Тиймээ. 33 жилийн өмнө Сувдаа багш энэ дүрд тоглож байсан юм билээ. Энэ мундаг хүний тоглож байсан дүрд тоглоно гэдэг нэг талаар аз завшаантай хэрэг ч нөгөө талаар жаахан айж байна. Өмнө нь шалгаруулалтанд сонирхолтой юм хийх хэрэгтэй гэж бодож байсан бол шалгаруулалтанд тэнцчихээд уншлага хийгээд сургуулилт хийгээд ирэхээр бүр их сандарч байна. Үнэндээ их хэцүү байгаа. Заримдаа бүр яах учраа олохгүй болчихно гээч. Мэдээж Сувдаа багшаасаа их зүйл асууж байна. Хүмүүсээс ч их юм асууж байгаа. Ер нь дүрийн судалгаа чамгүй хийж байна. Наад зах нь Офелияг галзуурсан гэж яриад байгаа ш дээ. Тэгэхээр галзуу гэж ер нь юу юм бэ, хүн яахаараа галзуурдаг юм гээд л судалж байна. Галзуу гэж өвчин байдаггүй солио гэж өвчин байдаг юм байна, тэр солио өвчин нь их олон учир шалтгаанаас үүддэг юм байна, миний дүр гэхэд үүнээс болж солиорсон юм чинь иймэрхүү үйлдлүүд хийх хэрэгтэй юм байна гээд л их олон юм судалж байна. Мэдээж одоогоор бүрэн төгс судалчихаагүй л дээ. Ямартай ч ийм өвчтэй хүмүүсийн хэвтдэг эмнэлгээр нэлээд явсан. Ер нь маш сайн судалгаа хийж байж тоглохгүй бол нэгд, энэ жүжиг сонгодог жүжиг, хоёрт надад маш их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа. Олон уран бүтээлчдээс сонгогдож гарч ирсэн болохоор надад муу хийх эрх байхгүй.

-Тэгвэл Ганчимэгийн бүтээх гэж буй Офелия бусад Офелиягаас юугаараа ялгаатай байх вэ?
 
-Америк, Солонгос, Япон гээд л их олон улсад "Гамлет" тавигдсан юм билээ. Гэхдээ би ерөнхийд нь судалгааны маягаар л судална уу гэхээс ингэх юм байна тэгэх юм байна гэж харахгүй байгаа. Яагаад гэхээр харах тусам өөрийн эрхгүй түүнийг дуурайх хандлага хүнд төрдөг. Тэгэхээр олон юм үзчихвэл тэдний хайрцагт баригдаад өөрийн гаргах гэсэн юмаа гаргаж чадахгүй болчихож магадгүй. Ямар ч дүр жүжиг эхлэхэд хэн байж байгаад хэн болж өөрчлөгдөв гэдэг их чухал байдаг. Би бодохдоо Офелияг анх гэр бүлийн хүмүүжил сайтай, ордны хүмүүжлээр хүмүүжсэн, маш боловсролтой, боловсон сайхан охин байж байгаад жүжгийн төгсгөлд бүх сайхан юмаа алдаж хүмүүсийн хэл амны бай болж байгаа тийм л эмэгтэй болгож гаргахыг хүсч байгаа. Ер нь энэ жүжгийн ганц золиос нь Офелия. Маш гоё эмэгтэй байсан ч сүүлдээ эрүүл ухаанаа алдаж юу ч хийхээс буцахгүй болж байгаа шүү дээ. Би энэ хувирлыг л үзүүлэх гэж зорьж байна.

-Сүүлийн үед Ганчимэг найруулагчдын нүдэнд нэлээд өртөөд байх шиг ээ. Зуны турш л айл бүрийн гэрийн хойморт "Наран мандах нутаг" кинонд тоглож мориллоо?
 
-Найруулагчийн хараанд өртөх нь жүжигчин хүнд тохиох бас нэг том аз юм л даа. Би өөрийгөө азтай хүн гэж боддог юм. Яагаад гэхээр би сургуулиа төгсөөгүй байхдаа театрын найруулагчдын анхаарлыг татсан. Тодруулбал найзынхаа мэргэжлийн шалгалт өгөх ажилд нь тусалж байх явцдаа театрт орох үүд хаалгаа нээсэн. Бас хэд хэдэн кинонуудад тоглосон. Театрт орж ирээд басчхүү чамлахааргүй олон гоё дүрүүдэд тоглосон. Тэгэхээр би азтай хүн.

-"Тэнгэрийн хүү" жүжгийн Шива хатны дүрийг чинь ам уралдуулан маггах олон хүнтэй таарч байлаа?
 
-Мэдэхгүй ээ. Би тэр дүр маань гэж ярихаасаа эмээдэг. Яагаад гэхээр би залуу уран бүтээлч. Би дөнгөж л суралцаж явна. Тиймээс би энэ дүрийг сайн бүтээсэн гэж хэлэхээсээ үнэхээр эмээдэг. Театр бол үе үеийн уран бүтээлчдийн нэгдэл. Бидний үлгэр жишээ авдаг тэр олон сайхан уран бүтээлчдийн дунд би дөнгөж соёолж байгаа залуу уран бүтээлч. “Тэнгэрийн хүү” гэж энэ жүжгийн тухайд Хүннү гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж тавигдсан жүжиг шүү дээ. Ер нь ямар ч жүжгийн эрэгтэй дүр нь олон эмэгтэй нь цөөхөн байдаг талтай. Энэ сайхан жүжгийн Модун Шаньюйгийн хатан болно гэдэг бол бас хувь тавилан юм. Наранбаатар найруулагч надад энэ дүрээ өгсөнд нь би их баяртай байдаг. Энэ дүрдээ би хайртай. Найзууд маань чи хоёр гуравхан л гардаг юм байна ш дээ гэж чамладаг л юм. Гэхдээ олон цөөн гарахдаа биш. Хамгийн гол нь энэ жүжгийн нэг эд эс нь болж хамтдаа энэ жүжгийг бүтээсэн нь чухал. Би театрт ороод хоёр жил гаран болж байна. Энэ бол тийм урт хугацаа биш ч бас тийм богино хугацаа биш юм. Гэсэн ч түүхэн жүжгийн нэг дүрд тоглоно гэдэг маш аз завшаантай хэрэг.

Х.Алтанцэцэг
 
Улаанбаатар таймс

No comments:

Post a Comment