-Та
өөрийнхөө тухай товч танилцуулна уу?
-Би 1932 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн хүн.
Тэнд бага сургууль төгсөөд, 16-тайдаа их сургуульд орсон. 1948-1950 онд Монгол
Улсын Их Сургуулийн бэлтгэл ангийг төгсөөд, 1950-1955 онд Хүн эмнэлгийн
факултетийг төгссөн. Түүнээс хойш нэг жил Архангай аймгийн Төвшрүүлэхийн САА-д
их эмчээр, дараа нь 5 жил Баянхонгор аймагт мэс заслын тэнхимд 1964-1971 оноос
хойш энэ Анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байна. Хүрээлэнд ажилласан 1979-1982
онд хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан. 1982-1995 онуудад
захирлын албыг хашиж байна. Одоо зүрхний мэс заслын төсөлд эрдэм шинжилгээний
ахлах ажилтнаар ажиллаж байна. 1957 онд мэс заслын эмчийн, 1967 онд Москва
хотод Зүрх судасны мэс заслын хүрээлэнд зүрх судасны мэс засалч мэргэжлээр
суралцан төгссөн. 1973 онд “Хэвлийн гялтангийн идээт түгээмэл үрэвсэл” сэдвээр ЗХУ-ын
Оренбург хотод анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Ажиллах хугацаандаа 80
гаруй эрдэм шинжилгээний бүтээл, эдгээрийн дотор “Зүрхний мэс засал”, “Мэс
заслын хичээлийн дадлагын гарын авлага”, “Мэс заслын яаралтай тусламж” зэрэг ном
хэвлүүлсэн юм. Бас Анагаах Ухааны Хүрээлэнгийн хүндэт профессор цол хүртсэн. Өөрийн
тухай товчхондоо ийм л байна.
-Та олон жил зүрхний мэс заслаар дагнасан хүн. Энэ
хугацаанд хэчнээн мэс засал хийв? Түүнээс таны сэтгэлд үлдсэн хамгийн хэцүү, хачирхалтай
мэс заслын тухай ярина уу?
-Ер нь зүрхний мэс заслын салбарыг манай хүрээлэнгийн
захирлаар олон жил ажилласан гарамгай мэс засалч, сурган хүмүүжүүлэгч,
академич, профессор Шагдарсүрэн санаачлан хөл дээр нь босгосон. 1967 онд 9
хүний бүрэлдэхүүнтэй бригад зүрхний мэс заслын чиглэлээр ЗХУ-д зүрх судасны мэс
заслын институт дээр 4 сар гаруй суралцсан. Үүний дараа багш хөөцөлдөж байж
тоног төхөөрөмж олж авсан. 1969 оны 4 сард III эмнэлэгт зүрх судасны мэс заслын
тасаг байгуулсан юм. Үүнээс хойш янз бүрийн арга барилаар 3000 гаруй хүнд
хагалгаа хийсэн байгаа.
Зүрхний гажиг олон янз. Төрөлхийн ба олдмол гэж байдаг.
Дотроо олон төрлийн гажиг байдаг. Манайханд олон тохиолддог ч бий, ховор
тохиолддог ч бий. Манайх хаа ч гэсэн 70-80 хувийг эзлээд байгаа гажгийг засч
чадаж байсан. Жирийн унтуулгатай хагалгаа бий. Мөн биеийн температурыг
бууруулж, цусны эргэлтийг 20-30 минут зогсоогоод, зүрхийг нээдэг хагалгаа
байдаг. Цусны зохиомол эргэлттэй хийдэг хагалгаа байна. Энэ бол хүний зүрх
уушигны ажиллагааг зогсоогоод тэр хооронд зүрх уушигны машин ажиллуулаад
хагалгаа хийсэн гэсэн үг. Ийм нөхцөл дэх хагалгааг бид амжилттай хийж байгаа.
Ер нь хагалгаа янз бүр байдаг. Нэлээд олон цагаар цусны
зохиомол эргэлттэй хагалгаа хийгээд сэргэхгүй тохиолдол ч бий. Хамгийн томд
орох хагалгаа бол зүрхэн дээр тавигдсан 2 хавхлаг юм. Өөрөөр хэлбэл нэг хүнд 2
янзаар суулгасан хавхлаг юм. Энэ манайд 10-аад хийгдсэнээс ихэнхи нь амжилттай
болсон. Нэг хавхлагийг 70-аад хүнд мөн амжилттай суулгасан. Амжилттай гэдгийг
юугаар хэлж байна вэ гэвэл энэ чиглэлээр нэлээд хөгжсөн орнуудын үзүүлэлттэй
жишсэн хэрэг. Тэгэхэд тэдний дундажтай бидний гаргасан үзүүлэлт ойролцоо
байдаг.
-Таны яриаг
сонсож байхад академич Шагдарсүрэн агсныг их дотноор дурсаж байдаг юм шиг
санагдлаа.
-Энэ хүн бол хамгийн хүндэлж явдаг багш минь юм даа.
Намтар түүхийг нь харж байхад манай багш 1942 онд Омскийн АУИС-ийг онц сайн
дүнтэй төгсч ирсэн юм байна лээ. Төгсч ирээд хөдөө, хотод ажиллаж, 1945-1948
онд Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд дараа нь хойшоо аспирантурт яваад,
1952 онд хамар хоолойн чиглэлээр дэд докторын зэрэг хамгаалж ирсэн. 1953 онд
бидэнд хичээл зааж эхэлсэн. Түүнээс хойш дандаа Шагдарсүрэн багшийн ивээлд явж
ирсэн хүн дээ би. Хөдөө байхдаа ч, энд хүрээлэнд ажиллахдаа ч дандаа хамтран
ажиллаж байсан. Зүрхний мэс заслын чиглэлээр бол үргэлж удирдлага дор
ажилласан. Манай багш бол ер нь хосгүй хүн байсан даа. Зүрхний мэс засалч нарыг
бүгдийг нь Шагдарсүрэн багшийн шавь гэхэд болохгүй юм байхгүй. Сурган
хүмүүжүүлэгчийн хажуугаар чадварлаг зохион байгуулагч байсан. II эмнэлгийн
дарга байсан, III клиникийн эмнэлгийн захирал байсан. 1961 оноос хойш Анагаахын
хүрээлэнгийн захирал хийж байсан. Үүний хажуугаар зүрхний мэс заслыг
хөгжүүлэхэд энэ хүний оролцоо их байсан. Амьдралынхаа сүүлийн 10 жилд бидэнтэй
цуг хийсэн хагалгааны голыг нь энэ хүн гардан хийдэг байсан. Ганцхан зүрх судас
биш, ходоод, гэдэс, элэг дэлүү, уушигны хагалгаа хийдэг. Хагалгааны техник
гарамгай эзэмшсэн хүн байсан. Хүрээлэнгийн захирал байхдаа сургаж зааварлан 80
гаруй хүнийг эрдэмтэн, доктор болгосон. Ер нь хосгүй хүн байсан даа.
-Манай оронд
зүрхний мэс засал дэлхийн жишигт хүрсэн гэж ойлгож болох нь. Өндөр хөгжилтэй
орнуудад зүрх шилжүүлэн суулгасан тухай сонин хэвлэлд гарсан. Харин манай оронд
үүнийг хэзээ хийх бол?
-Тийм мэс засал одоохондоо хийгээгүй. Бид цаашдаа улам
ахисаар байх болно. Саяхан зүрхний титэм судасны хагалгаа хийлээ. Энэ бол бас
урьд нь байгаагүй амжилт. Сая Австралийн эрдэмтэдтэй хамтран хийлээ. Одоо бид
бие даан хийх зорилт тавьж байна. Ингэхдээ эхлээд титэм судасны нарийслыг сайн
оношлох хэрэгтэй. Дараа нь хаана нь, ямар хэмжээний хагалгаа хийхийг гаргадаг
болох нь чухал байна. Үүнийг бид хийх боломжтой болсон. Түвшингийн хувьд,
дэлхийн түвшинд хүрсэн гэхэд арай эртдэх байх. Харин ийм хагалгаа хийдэг улсуудын
дундаж түвшинд байна гэж ойлгож болно гэж бодож байна.
-Зүрхний
төрөлхийн гажигт мэс засал хийснээр цоо эрүүл хүн ямар байх ёстой вэ?
-Энэ бол төгс хагалгаа. Гэвч гажигтай байсан тул
эрхтнүүдэд нь нилээн өөрчлөлт орсон байдаг. Энэ өөрчлөлтүүд засагдаж, хэвийн
байдалд ортол зохих хугацаа шаардагдана. 3-4 жил болж байж хэвийн байдалд
ордог. Төрөлхийн гажиг удсан бол эргээд хэвийн байдалд орохгүй тохиолдол бий.
Гажигнаасаа хамаарч уушиг зэрэг эрхтэн өөрчлөлтөнд ордог. Үүнээс сэргийлэхийн
үүднээс бид аль болохоор эрт хагалгаа хийхийг боддог.
-Бид
ихэвчлэн зүрх өвдөхөөс нааш зүрхээ муудаж байна гэж боддоггүй. Иймээс та
зүрхний өвчний шинж тэмдгүүдийг хэлж өгвөл хүмүүст тустай болов уу?
-Олдмол гажгийн тухайд гэвэл дэлхий нийтэд ч тэр, манайд
ч тэр үе мөчний хэрлэг өвчнөөс үүдэлтэй. Энэ нь голдуу даарч хөрснөөс, ангина,
хоолой өвдөх, шүд хорхойтох зэрэг ямар нэгэн халдварт голомтоос үүсч, цаашдаа
зүрхийг эмчлэх, биед гарсан янз бүрийн идээт буглааг дор нь эмчлэх хэрэгтэй.
Ингээд байвал тэр үе мөчний хэрлэг өвчин багасна шүү дээ. Нэгэнт бий болсон бол
зүрхээр өвдөнө, амьсгаадна, аахилна. Сүүлд хүндэрвэл нь халуурна, үе мөч
өвдөнө, хавагнана, цустай цэр гарна. Ингээд л цаашаа явчихдаг өвчин байгаа юм.
-Та ямар
бүтээлээрээ төрийн шагнал хүртэв? Энэ тухайгаа ярьж өгнө үү?
-1981 онд зүрх судасны мэс заслыг Монгол улсад амжилттай
хөгжүүлсэн гэж манай хамт олноос академич Шагдарсүрэн, мэс засалч агсан Загдаа,
Бундан, эмч Моондой, зүрхний зохиомол эрхтний тасгаас намайг, рентген
оношлогооны эмч Пүрэвээ нарын 6 хүнийг шагнасан. Эндээс одоо 3 нь амьд сэрүүн
байх шив дээ хөөрхий.
-Нэг зүйл
сонирхоё. Гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах нь их тохиромжтой гэсэн яриа
байдаг. Энэ үнэн үү?
-Яг гахайн зүрхийг хүнд суулгасан тухай би уншаагүй.
Бүтэц, зохион байгуулалт, тохирох чанараараа хүнийхтэй их ойролцоо.
Хавхлагуудыг суулгахад гахайныхыг авсан тийм тохиолдол бий. Зүрх суулгасан
тухай уншиж л байдаг юм. Гэвч хүнийхийг л шилжүүлэн суулгасан байдаг.
-Сүүлийн үед
залуус харьцангуй зүрхний өвчлөлд өртөгдөж байна гэж ярьдаг. Энэ ямар
шалтгаантай вэ?
-Энэ бол гол нь хөдөлгөөн багассантай холбоотой. Ер нь
багадаа аль болох гүйж харайж, биеийн хүчний ажил хийж байвал зүрх төдий чинээ
чадалтай болдог. Хэрэв тийм дасгал байхгүй л бол улам умбайгаад байдаг. Өөрөөр
хэлбэл, халдвар авахдаа амар, тэсвэр муутай болдог. Зүрх муудах нь ерөөсөө
хөдөлгөөн багассаны хар гай юм даа. Архи тамхинаас хол яваад л, үргэлжийн
хөдөлгөөнтэй байвал зүрх муудахгүй.
Танд
баярлалаа. Цаашдын тань ажилд амжилт хүсье.
(“Эрдэм” сонин,
Уб., 1997.06 сар, №3)
No comments:
Post a Comment