Sunday, 21 October 2012

Д.Өлзийсайхан: Сүүлийн 20 жилд манай нийгэмд эргэлзээ төрүүлэм сэхээтэн олширсон


Цэнд комиссар овогт Д.Өлзийсайхан нийгэм, хүний ажил, амьдралтай холбоотой бас сэхээтний сэдвээр хэд хэдэн өгүүлэл бичиж уншигчдадаа хүргэсэн билээ. Харин энэ удаад амьдралын дурсамж, бодол эргэцүүлэл, дүгнэлтээрээ “Амьдралын тайлан" ном бичжээ. Түүнтэй номын талаар хөөрөлдлөө.

-Таны “Амьдралын тайлан ном” бусдад сургамжтай ном болжээ. Иймд бидний яриа номын талаар эхлэх ёстой байх?
 
-Аливаа хүн ажил, амьдралынхаа тайланг тавьдаг нь жам. Тиймээс би өөрийнхөө хүүхэд ахуй, сурагч нас, оюутан цаг мөн ажиллаж ирсэн салбаруудынхаа тайланг тухайн нийгмийн байгуулал, цаг үетэй нь холбож дүгнэж бичсэн юм. Үүнийгээ “Амьдралын тайлан” хэмээн нэрлэж удам, хойч үедээ үлдээж байна. Ер нь өрхийн тэргүүн удамдаа ийм зүйл үлдээх нь илүүц биш байх.

-Сурлага сайтай хүүхэд байсан нь гадаадын том сургуульд суралцах алхам болсон биз?
 
- Би аймгийнхаа зургаан сургуулийг дамжин суралцаж, 1960 онд аравдугаар ангиа “Онц” дүнтэй төгссөн. Зуны амралтаараа үхэр тугал, хурга ишиг хариулах, алтан харганаар тогооны угаалтуур, дэрсээр шүүр хийх, мужаан аавдаа туслах, өөрийнхөө болон ээжийнхээ тоот даалгаврын зурам агнаж, арьс бэлтгэх, туйпуу цохих, хадланд гарах, сургуулийнхаа гуулин хөгжмийн дугуйланд явах, дуу дуулж, кавказ танц хийх, туршлагын талбайд залуу байгальчдын бүлэг удирдан ажиллуулах зэргээр сурагч насны он жилүүд хөдөлмөр бүтээл өрнүүн өнгөрсөн.

Үүний үр дүнд сахилга бат, ариун цэвэр, хөдөлмөр, урлаг уран сайхнаар сургуульдаа тэргүүний сурагчаар шалгарч аав минь надад “Победа” бугуйн цагаа бэлэглэж билээ. Аравдугаар ангиа төгсөөд ЗХУ- д өнгөтийн инженерийн мэргэжлээр суралцах хуваарь авлаа. Гэвч би мөрөөдөл болсон нийслэлдээ ирээд соёлыг гайхаж, алмайрч явахдаа аттестатаа “Дөлгөөн Дон” номтойгоо гээгээд балрах дөхөв. Гэтэл аз болж манай хөрш Должин ажаагийнд түүний хүү Банзрагч Мосвад суугаа ЭСЯ-нд ажилладаг хүнтэй байна гэж ээж хэлсэн. Баярласандаа нойр хүрэлгүй хоноод өглөө ордны гадаа очтол Намсрайдорж гуай намайг дагуулан шил, толь болсон, цэвэрхэн, дэгжин, үлгэрийн мэт, сүрлэг, сайхан ордны хоёр давхрын өрөөнд нөгөө миний уулзах хүслэн болоод байсан Жадамбаа гуайтай танилцуулав.

Хэрэг явдлаа хэлтэл баахан хувийн хэрэг гаргаж ширээн дээр тавьснаа минийхийг эргүүлэн үзсэнээ, сайн сурлагатай хүүхэд байна. Ямар сургуульд явах хүсэлтэй вэ гээд намайг Аж үйлдвэрийн яамны мэдэлд томилолт өгч билээ. Элсэлтийн шалгалтаа ч сайн өгсөн. Аав намайг ЗХУ-д дээд сургуульд явах болсонд баярлан миний хүү Зөвлөлтөд дээд сургуульд явах гэж байгаа гээд л нутгийн болон таньдаг хүмүүстээ сайрхан ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Бидний долоон залуус гадаадын олон орны оюутнуудтай танилцаж ах дүү шиг явж инженерүүд болцгоосон юм.

-Дуртай ажлаа хийх нь амжилтад хүргэдэг жамтай. Та ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв?
-Би Налайхын уурхайн ашиглалтын IV хэсгийн мастераар хоригдлуудтай ажиллаж ажлынхаа анхны гарааг эхэлж байлаа. Дараа нь диспансерийн байнгын хяналтанд орж яамныхаа ЭШ-ний институтэд лабораторийн дарга, уул уурхайн секторын эрхлэгч болж, 1976 оны социалист уралдаанд ЭШ-ний ажилтнуудын дотроос улирал, хагас жил, жилийн дүнгээр дараалан тэргүүн байр эзэлсэн нь миний хувьд томоохон бахархал байлаа.
Удалгүй намайг Ю.Цэдэнбал дарга удирдсан ТХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр оруулж СнЗ-ийн Хөдөлмөр Цалин Хөлсний Улсын Хорооны гадаад харилцааны хэлтсийн даргаар томилсноор ТХ-ны мэдлийн ажилтан болсон юм. Энэ үедээ Цаг үеэсээ хоцрохгүйн тулд өөрийгөө ч хөгжүүлдэг байсан. Удалгүй Уул уурхай төвтэй Эрдэнэт хотын МАХН-ын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга болов.

Хожим “Монголд сэхээтэн төлөвшсөн социолог, философийн асуудал’’ сэдвээр философийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг 1995 онд хамгаалсан. Миний бүтээлд ОХУ-ын философийн шинжлэх ухааны доктор, профессор, олон улсын академийн гишүүн И.И.Осинский, академич, философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Норовсамбуу, философийн ухааны доктор, доцент, МАХН- ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон, академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, философийн ухааны доктор, профессор С.Төмөр-Очир, Социологийн шинжлэх ухааны доктор, Х.Гүндсамбуу, ОХУ-ын философийн ухааны доктор, доцент Ю.А.Серебрякова, философийн ухааны доктор, дипломатч Ч.Даваадаш, ОХУ- ын философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.А.Кислов, ОХУ-ын философийн шинжлэх ухааны доктор, профессор Ю.Б.Рандалов, ОХУ-ын философийн ухааны доктор, доцент В.С.Ханташкеев нарын арван эрдэмтэн санал үнэлгээ өгсөн юм. Тэдний тав нь миний ном, бүтээлийг шүүн тунгаасанд баяртай явдаг юм.

-Таны аав, ээж ямар ажил эрхэлдэг хүмүүс байв?
 
-Миний аав Луузан овогтой Цэнд ардын хувьсгалын партизан, Цэнд комиссар хэмээн алдаршсан түмтийн дарга, цэргийн ахмад сэхээтэн хүн. Анх ардын Хатанбаатар Магсаржавын цэрэгт орж баруун хязгаарыг тохинуулах хэрэгт 28 дугаар морьт хороогоо удирдан явсан. Мөн Хөвсгөл, Архангай, Өмнөговь зэрэгт гарсан цаг үеийн самуун үймээнийг дарахад оролцож, Халх голын дайнд жанжин Ж.Лхагвасүрэнгийн орлогчоор явсан.
Миний аав комиссар Цэндийн ах Луузангийн Раднаабазар комиссар Сүхбаатар жанжны цэрэгт алба хааж, монголын үндэсний ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан цэргийн эрхтэн байлаа. Намайг дөрвөн настай байхад аав минь хүнд өвчний улмаас нас барсан. Хожим 1924 онд ардын багшийн анхны сургуулийг төгсөөд Увсын Төгсбуянтын хошууны анхны сургууль байгуулагдахад 1932 оноос Бөхмөрөн сумын бага сургуулийн анхны захирлаар Даржаа гэж ахмад багш ажиллаж байсан юм.

Манайхаар орж, гардаг байсан энэ хүнийг нэг өдөр ээж маань үүнээс хойш энэ хүнийг аав гэж дуудаж байгаарай гэснээр бид аавтай болж билээ. Аав 1937 онд улс төрийн хэлмэгдлээр арван жил шоронд сууж 1992 онд цагаатгагдсан юм. Миний ээж М.Хашсүрэн БНМАУ-ын Бага хурлын нэрэмжит “Эмэгтэйчүүдийг дэвшүүлэх сургууль”-ийг нэгдүгээр зэрэгтэй төгсгөж 1929 оноос Ховд аймгийн банкны орлогч дарга, Бөхмөрөн сумын МХЗЭ-ийн 166-р үүрийн дарга, Увс аймгийн шүүхийн нарийн бичгийн дарга, мөн аймгийн МАХН-ын хорооны ухуулан боловсруулах хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж Хөвсгөл, Архангайд болсон самууныг дарах хэрэгт комиссар Сүгжинтэйн морьт хороонд ухуулан сурталчлах ажлыг хариуцаж, Халх голын дайнд Матадын наймдугаар дивизэд Валенцов эмчийн сувилагчаар ажиллаж явсан.
Миний аав, ээж улс орныхоо тусгаар тогтнол, тухайн нийгмийнхээ сайн сайхны төлөө өөрийгөө зориулж, цаг үеийн хүнд, хэцүү, нарийн төвөгтэй оюуны хөдөлмөрийг давамгайлан эрхэлж явсан монголын ахмад сэхээтнүүд байсан учраас би өөдрөг үзэлтнүүдийн удам.

-Сэхээтнийг сонирхох болсны учир юу вэ?
 
-Нийгмийг оюун ухаан удирддаг хэмээн шинжлэх ухаан номлодог. Тэр оюун ухаан хэмээх нь нийгмийн бүтцэд онцгой, чухал байр суурийг эзэлдэг сэхээтний давхарга юм. Тиймээс сэхээтэн хүн нийгмийн оюун ухаан, соёл, ёс суртахууныг тээгч нь. Энэ ч утгаараа тэд ард түмнийхээ өмнө маш өндөр үүрэг, хариуцлага хүлээдэг төдийгүй нийгэм, хамт олондоо бүх талаараа үлгэр загвар нь болж байх ёстой.

Монголын үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа нийгэм, түүний олон салбарыг практик сэхээтэн удирдаж байв. Харин 1940 оноос өнөөг хүртэл нийгмийг дээд мэргэжлийн өндөр боловсролтой сэхээтэн удирдаж байгаа юм. Нийгэм, хүнтэй холбогдсон аливаа ажил, асуудлын хувь заяа сэхээтэн, тэр дундаа удирдлагын сэхээтнээс шууд шалтгаалдаг учраас сэхээтний нийгмийн үүрэг хариуцлага улам өсөн нэмэгдэж байх учиртай.
Энэ нь манайд асуултын тэмдэгтэй л байдаг. Сүүлийн 20 жилд манай нийгмийн амьдралд эргэлзээ төрүүлэм “сэхээтэн” олширсон нь нууц биш. Ёс зүйгүй тэд нийгэм түүний олон салбарыг хувийн явцуу эрх ашигт тохируулан буухиагаар удирдаж, хээл, хахуулийн нүсэр сүлжээг бий болгон нийгмийн хөгжлийг урагшлуулах биш, харин дэвшил, хөгжлийн хормойноос чангааж, түүнд ихээхэн саад учруулж байна.

Тэд энд тэнд ард түмний эрх ашиг, эрх чөлөө гэх олон зүйлийг сэтгэл зовнисон байдлаар дүр эсгэн чанга ярьдаг боловч хэлсэн зүйл нь амьдралаас хол хөндий, цаад бодол нь өөрийн эрх ашгийн төлөө санаархал болж хувирдгийг олон түмэн шүүмжилж байна. Дундуур мэдлэгтэй, ёс суртахуунгүй, худалч, хууль, дүрмийг уландаа гишгэсэн, ичих булчирхайгүй болсон ийм хүмүүсийг сэхээтэн судлалд “Хагас сэхээтэн”, “Сэхээтэнцэр”, “Багтай хүн”, "Гал тогооны сэхээтэнцэр", “Дугуйлангийн сэхээтэнцэр” гэдэг. Тэд санаатайгаар төр засгийг хяналтгүй болгов.

Хяналт, шалгалтгүй амьдралыг ямар амьдрал гэх вэ дээ хэмээх их сэтгэгч, мэргэдийн үг байдгийг хоёронтоо хэлмээр байна. Элдвийн сайхан үгээр сонгогчийн толгойг эргүүлж, мэхлэж гарч ирсэн тэдний амлалт хий хоосон үзэгдэл мэт болж, ард түмнийг 20 жил бухимдууллаа. Нэг голын усанд хоёр орж болдоггүй билээ. Боловсролын дипломтой ч ёс суртахуунгүй бол сэхээтэн биш.
Монголын үндэсний сэхээтэн сэхээтэн шиг сэхээтэн байгаасай гэж би шүтдэг, залбирдаг. Ийм учраас л би юуг ч үл хайрлан, юугаа ч үл харамлан сэхээтний тухай чадах ядахаараа бичээд сурталчлаад байгаа минь энэ. Миний хүслийн философи энэ буюу. “Сэхээтэн бид хоёр" 30 жил хамтдаа явна.

-Хүн бодож санаснаа чөлөөтэй илэрхийлж явах ёстой юм шиг. Тиймдээ ч та их нээлттэй байхыг хүсдэг байх?
 
-Залуу цагаасаа хэнтэй ч ямар ч асуудлаар ам, бичгээр санал бодлоо солилцож, хуваалцаж ирсэн минь миний гэм биш зан. Би ном бичих явцад гарсан санал бодлуудаа 2004 оноос үе үеийн ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, УИХ- д суудалтай нам, тухайн сэдэвтэй холбогдсон салбарын яам, газруудад бичгээр номуудтайгаа хамт хүргүүлж байлаа. Бусадтай санал бодлоо солилцож санаа амардаг. Хөндлөнг сонсох сайхан. Би нийтдээ 588 хэвлэлийн хуудас ном, товхимол бичсэн.

-Насныхаа тэтгэвэртээ суугаад ч ном зохиолоо туурвисаар байна. Ном бүр таны хобби болчихсон юм аа даа?
 
-Насандаа суугаад зүгээрийг хийхийг бодохгүй, бүр ч ихийг хиймээр санагдах юм. Тиймээс хойч үедээ сэхээтний тухай цэгцтэй ойлголт үлдээхийг эрмэлзэж, “Монголын үндэсний сэхээтний үүсэл, төлөвшил, хөгжлийн зүй тогтол, хувь тавилан”, “Ардчилал: Сэхээтний нийгмийн төлөв", “Багш” “Эрүүл мэндийн”, “Удирдлагын”, Инженер- техникийн", “Хөдөө аж ахуйн”, “Уран бүтээлийн", “Дипломат’’, “Цэргийн”, “Шинжлэх ухааны сэхээтэн” зэрэг 15 цувралыг анх удаа монголдоо гаргаж сэхээтэн судлалд бага боловч тус болохыг хичээлээ.
Мөн өөрийн хүмүүжилд зориулан “Удирдах ажилтны хувийн үлгэр дуурайлал ямар байх тухай зөвлөмж, “Өөртөө хяналт тавих систем”, “Өөрийгөө дүгнэхийн учир" хэдэн товхимол, уул уурхай, зарим улс орны харилцаа, хамтын ажиллагаа, гэр бүл, хүмүүжил зэрэг бусад сэдвээр ном бичсэн. Тэтгэвэртээ гарсан арван жил завгүй л өнгөрлөө шүү. Сэхээтний асуудлаар гадаад, дотоодын 12 удаагийн онол-практикийн бага хуралд илтгэлтэйгээ оролцлоо.

-Та номоо ямар нэг байгууллага, газрын захиалгаар бичээд байна уу даа?
 
-Үгүй дээ, үгүй, тийм юм байхгүй. Хойч ирээдүйн сэхээтнүүддээ өөрсдийгөө танин мэдэхэд нь зориулж шинжлэх ухааныг түшин, эмх цэгцтэй гарын авлага үлдээх гэж өөрөө өөртөө өгсөн захиалга. Өөрөөр хэлбэл хойч үеийн нийгэмд сэхээтний цагаан зам татуулах гэсэн хэрэг. Нэр хүнд ашиг бодсон ч хэрэг биш. Ном бичсэнээр хүн баяждаггүй.

Д.Гэрэлт
 
Улаанбаатар таймс сонин

No comments:

Post a Comment