Tuesday, 9 October 2012

О.Чулуунбилэг: Засгийн газар бизнесменүүдийг гэнэдүүлэхгүй


АН-ын ОНХА-ны нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд Улс төрийн менежментийн чиглэлээр суралцсан. Тэрээр монголын намууд төлөвшөөгүй, бодлогыг хувь хүмүүс боловсруулж байгаад шүүмжлэлтэй ханддаг.
Улс төрийн шийдвэр хувь хүний үзэмжээр гарч байна
Монголын улс төрийг АНУ-ынхтай харьцуулах боломжтой юу?
- Бараг боломжгүй. АНУ-д намууд хэдэн зуун жилийн түүх, хөгжилтэй. Манайд 20 жилийн л түүх бий. Энэ утгаараа харьцуулахад төвөгтэй л дээ. Гэхдээ улс төрийн байгууллага гэдэг утгаараа тэднээс авах юм маш их байна.
 
Жишээлбэл?
- АНУ-ын намууд шийдвэр гаргахааас өмнө маш том судалгаа хийдэг. Түүнийг нь Тинк-Танк гэдэг бодлогын хүрээлэнгүүд хийнэ. Тэд асар их судалгаа, тооцоо хийнэ. Энэ хэрээрээ бодлого зөв гарч, хэрэгжих магадлал өндөр байдаг.
 
-Манайд шийдвэр яаж гаргадаг вэ?
-Одоохондоо манайд хувь улстөрчдийн идэвхи, санаачлага, төсөөлөл дээр тулгуурласан шийдвэр их гардаг. Энэ тал дээр Ерөнхий нарийн бичгийн дарга түлхүү анхаарал тавьж байгаа. Шинэчлэлийн стратеги боловсруулж байна. Энэ хүрээнд хүний нөөц, санхүүжилт, бүтцийг боловсронгуй болгоно. Бүтэц, зохион байгуулалтын хүрээнд Тинк-Танк байгуулна. Энэ нь нам судлаачид, мэргэжилтнүүдтэй илүү түлхүү хамтарч ажиллана гэсэн үг. Тэднийг цуглуулж хэлэлцүүлэг хийнэ. Гарсан үр дүнг улс төрийн намуудад танилцуулах замаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ. Орчин цагийн улс төрийн намууд ийм зарчмаар шийдвэр гаргаж байна.
 
-Одоо манайд энэ зарчмаар шийдвэр гаргаж байгаа нам байна уу?
-Байхгүй. Уг нь зөвхөн АН биш улс төрийн шийдвэр гаргадаг бүх себьектууд энэ зарчмаар шийдвэр гаргадаг болчихвол улс орны хөгжилд ч их үүрэг гүйцэтгэнэ.
МАН санал өгсөн сонгогчиддоо тайлан тавих ёстой
 
АН МАН-ыг хүчиндээд байгаа тухай гомдол тасрахгүй байна.
-Хууль зөрчөөд, хуралдаа суухгүй байгаа намыг сонгогчид нэг их таашаахгүй байх гэж бодож байна. Сонгогчидийн 40 хувийн саналыг авсан нам тэр хэмжээний хариуцлагатай байх ёстой. Намын бүлэг бүртгүүлэх хуулийн заалтыг яагаад зөрчсөнөө тэд сонгогчдынхоо өмнө тайлагнах ёстой. Тэд саналаа өгсөн сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээх ёстой. Сонгогчид тэднийг эрх барьж байсан үе шигээ дураараа аашлаад, төрийг гацаагаад байгаарай гэж сонгоогүй биз дээ.
 
-Танай намын удирдлагуудыг хууль зөрчиж ах, дүү нараа ажилд авсан гэж байна.
-Ийм яриа сонгууль бүрийн дараа гардаг. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байх шиг байгаа юм. Сөрөг хүчин сонгуулийн сурталчилгааг ингэж хийдэггүй юм билээ. Бодлогын чанартай асуудал дэвшүүлдэг юм. Гэтэл МАН сөрөг хүчин гэдгээ мэдрэхгүй. Аар саар, жижиг асуудал хөндөж олны дургүй хүргээд байгаа юм. Хэн нэгэн албан тушаалтны ах дүү алба хашиж болохгүй гэсэн хууль одоохондоо монголд байхгүй. МАН эрх барьж байхдаа ийм хууль гаргасан бол бид мөрдөх л байсан. Гэхдээ тэд ийм хууль гаргаагүй. Ардчилсан улсад ийм хууль гарах боломжгүй. Тэрнийг МАН шиг сайн мэдэж байгаа нам байхгүй. Одоогийн төрийн албан хаагчдын 90 хувь нь энэ намын гишүүн байсан хүн байгаа гэсэн судалгаа бий. 2000 онд энэ нам АН-ын 15 мянган гишүүнийг төрийн албанаас зайлуулж байсан түүхтэй. Тухайн үед бид МАН-ыг АНУ-д төгссөн боловсон хүчнээ дэд сайд болгоход дэмжиж байсан.
 
-Хэн бэ?
-Ц.Мөнх-Оргил Харвард төгсөж ирээд Гадаад харилцааны дэд сайд болж байсан. Манай намыхан баяр хүргэж байсан. Залуу хүн. Баруунд өндөр боловсрол эзэмшсэн учраас Монголд ашигтай гэж үзэж байсан. Гэтэл өнөөдөр Харвардад сурч байсан биш. Багшилж байсан хүнийг дэд сайдаар тавьсан чинь МАН-ынхан боож үхэх гээд байх юм.
 
-Тэр мундаг хүн хэн бэ?
-Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаа. Токиогийн их сургууль төгссөн. Харвардад багшилж байгаад ирсэн. Манай нам орчин цагийн боловсролтой залуучуудыг илүү дэмжиж байна. Ер нь орчин цагийн боловсролтой залуус нам харгалзалгүй бие биенээ дэмжих хэрэгтэй. Энэ нь монголын хөгжилд хэрэгтэй шүү дээ. Ах дүүгээ ажлаар хангасан гэж шүүмжлээд байгаа юм. Тэрний оронд тэр хүн тийм шалгуураар тэнцэхгүй байна гээд баримт гаргаад ирвэл, тэд нарын гомдолгүйгээр бид өөрчлөнө. Энэ бол манай намын хатуу байр суурь. Хэн нэг нь ажлаа хийж чадахгүй бол хэний ах дүү, аль намынх байсан бидэнд хамаагүй. Ажлаас нь чөлөөлнө. Манай нам залуучууд ихтэй. Энэ хүмүүс төрд хоноцын сэтгэлгээгээр хандаж албан тушаалд байхдаа идэж уухыг урьтал болгоод байвал дараагийн олон сонгуульд орхгүй биз дээ. Тиймээс төрд алба хашиж байгаа манай намын гишүүд мөрийн хөтөлбөр, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээнэ. Өр хэний ч, юуны ч өмнө хариуцлага хүлээхгүй. Намын удирдлага өөрийн намын гишүүд болон төрийн нийт албан хаагчдад ийм шалгуур тавьж байгаа. Ажлаа сайн хийгээд явж байгаа төрийн албан хаагч элдэв холбоо байгуулж, мэдэгдэл гаргах шаардлагагүй.
Шинэчлэлд хугацаа хэрэгтэй
 
-Нийслэлчүүд АН-аас багагүй зүйл хүртэж эхэллээ. Нийт орон даяараа хэзээ хүртэж эхлэх бол?
-Нийгэм шинэчлэлийг хүлээж байна. Шинэчлэл гэдэг бол байнга хийгдэж байх ёстой. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил зогсонги байдалд орсон. Нийгэм даяар шинэчлэл хийхэд цаг хугацаа орно. Сүүлийн үед манай намд хандаж байгаа иргэдийн ихэнх нь хэвлэлийн хуулийн хувь заяа ямар шатанд байна гэсэн асуулт байна. АН бол хэвлэлийн эрх чөлөөний хуулийн эцэг гэж болно. Энэ хууль батлагдахгүй олон жил болж байгаа. Одоо ардчилсан Засгийн газар энэ хуулийг батална. Хуулиас өмнө ч Засгийн газар олон арга хэмжээ авч байна. Иргэддээ төрийн ордныг нээж өгсөн. Засгийн газар өдөр шөнөгүй ажиллаж байна. Төрийн албан хаагчид ажлын өдрүүдэд дотоод ажил нэрээр хоёр хоног амардаг байсан. Үүнийг зогсоосон. Төсвийн эрхийг дарга нараас салгаж иргэд оролцох боломж олгосон гээд олон ажил хийж байна. Энэ бүхний үр шимийг иргэд хүртэнэ. Төр ил тод байх, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг АН нийгмийн харилцааны хамгийн чухал асуудал гэж үздэг. Өмнө байнга хоёр, гуравдугаар зэрэглэлд явж ирсэн.
 
-АН АНУ-ын намуудтай ямар харьцаатай байдаг вэ?
-АНУ-ын БНН /Бүгд найрамдах нам/-тай илүү харилцаатай. Туршлага, мэдээлэл солилцоно. Болвсон хүчин солилцоно. Ялангуяа боловсон хүчин бэлтгэх асуудал дээр их анхаарч байгаа. Зөвхөн манай нам явцууралгүй. Монгол залуусыг АНУ-ын нэр хүндтэй сургуульд суралцуулах талаар томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа.
 
-Залуус гадаадад бүү хэл дотоодод суралцахад хүн байгаа шүү дээ?
-Намуудын ялгаа энд харагдаад байна л даа. Бид залуусыг чанартай ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлж байна. Боломжийн цалинтай залуус байраа авах, гадаадад сурах нь тэдний сонголт. Бүгдийг нь оюутан болгох, эсвэл байраар ханган гэдэг нь төрийн бодлого байх ёсгүй. Тэдэнд өөрийн хүсэл, чадлаар сонголт хийх боломж өгнө. Тэр нь ажлын байр. Залууст 20 мянган төгрөг өгөх шаардлага МАН тавьж байна. Хөл, гар нь эрүүл залуус сарын 20 мянган төгрөгөөр амьдрахгүй биз дээ. Тэрний оронд өндөр цалинтай залуу хос ганц хоёр жил ажиллаад гадаадад сурах, эсвэл орон авах мөнгөө хийчихдэг болбол хэн 20 мянган төгрөг нэхээд явах вэ дээ.
Засгийн газар нам тэжээдэг байсан
 
-Залуус нам, компани дагахгүй бол дээшээ гарахгүй гэдэг болчихож.
-Төр нь ард түмэндээ биш эрх баригч намдаа үйлчилдэг болчихоор тэгээд байгаа юм. Тийм учраас АН ард түмэндээ илүү эрх, илүү чанартай ажлын байр бий болгох гэж Хөдөлмөрийн яам байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ард түмнийхээ төлөө гэхээс илүү намдаа илүү үйлчилсэн. Түүнийхээ хариуд эрх баригч байхаа больсон. Өнөөдөр тийм байдал давтагдахгүй. Залуучууд хөдөлмөрлөх, компани байгуулах эрх эдэлнэ. Эрх чөлөөтэй бол манай залуучуудын хийх бүтээх чадал боловсрол хангалттай. Гадаадад гарсан монгол бүр мөнгө хийгээд байдаг. Дотооддоо л хүн биш болчихдог. Гэтэл манай нэг хүнд ноогдох баялаг хангалттай их. Бизнесийн эрх чөлөө нийтэд биш, нэг хэсэгт үйлчлээд ирэхээр л эрх баригч намыг дагахаас өөр аргагүй болчихож байгаа юм. Удахгүй өөр болно. Залуус улс төргүйгээр сайхан амьдрах боломжтой болно.
 
-Намыг төрөөс зайлуулна гэсэн үг үү?
-Эрх баригч нам сонгогчдын саналыг авсан мөрийн хөтөлбөрөө л хэрэгжүүлнэ. Намаа, намын гишүүдээ төрийн нэрээр тордоод байж болохгүй. МАН дэндүү нүсэр бүтэцтэй нам. Энэ нам оршин тогнохын тулд төрөөс дутуугүй зардал гарна. Энэ мөнгөө босгохын тулд гишүүдээ төрд байршуулна. Төрийн зардал нэмэгдэх тусам намынх нь зардал өсөөд байна. Сайн анзаарсан бол байсхийгээд л МАН-ын гишүүд өмч хөрөнгөний асуудалтай холбогддог. МАН дандаа муу хүн ордоггүй. Тогтолцоо, бүтэц нь гишүүнээ эвдээд байгаа юм.
 
-Танай нам юугаараа ялгаатай юм?
-Төрийг цомхон чадварлаг байлгана.
 
-Яамд, сайдын тоог нэмж үү?
-Тийм ойлголт нийгэмд тараагаад байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын хуулиар төрийн зардал нэмэх эрх хэн ч байхгүй. Өмнөхөөс төрийн зардал нэмэгдээгүй. Төрийн алба үйлчилгээ муутай гэдэг. Үнэн хэрэгтээ манай төрийн жирийн албан хаагчийн ачаалал маш өндөр. Хийхгүй юм гэж байхгүй. Цалин бага, цаг урт, байнга өндөр нервтэй. Хүний чадал хязгаартай байдаг байхгүй. Ямар ч өндөр чадвартай хүнд хязгаар байдаг. Ийм нөхцөлд чанартай сайн үйлчилгээ нэхэх нь утгагүй. Түүний оронд ТББ, хувь хүн хийчих ажлыг заавал төр хийгээд байх шаардлага байхгүй. Манай нам энэ чиглэл рүү явж байгаа. Төрийн албан хаагчийн ачаалал хөнгөрөхөөс гадна, мэргэжлийн байгууллагууд үйлчилгээ үзүүлнэ.
 
-Сүүлийн үед залуус намд ихээр элсэж байгаа мэдээ гарч байна.
-Нам уг нь бодлоготой л байх ёстой. Олон гишүүнтэй гэдэг нь коммунист үзэл суртал. Одоо бол хошин шог. Манай сонгогчдын 25 хүрэхгүй хувь нь намын харьяалалтай. 75 хувь нь нам сонирхохгүй байхад олон гишүүн элссэн тухай МАН суртал хийж байгаа юм. Иргэдэд аль нэг намын бодлого чухал болохоос хэдэн гишүүнтэй байх нь сонин биш. Нам олон гишүүнтэй байх тусмаа идэх уух нь нэмэгдэж төрийг бузарладаг гэдэг. Би бол нам гишүүнчлэлгүй байх нь зөв гэж боддог. Мэргэжил боловсролдоо сайн бол төр чамайг хөлсөлнө.
 
-Өндөр мэрэгжилтнүүд нам, засагт шургахгүйгээр мэргэжлийн ажлаа хийж болно гэсэн үг үү?
-Тийм. Төр ийм ажил байна гэж зарлана. Та очоод ингэж хийнэ гээд төсөл өгөөд л ажилтай болж болно гэсэн үг. Ганцхан шалгуур мэргэжил боловсрол. Өмнө нь мэргэжлийн ажлаа хийхийн тулд заавал нам дагаж, яаманд шургалах шаардлагатай байсан. Одоо мэргэжлээрээ компани, бусадтай нийлээд ТББ байгуулаад төрөөс захиалга авч болно.
 
-Бизнесменүүд Засгийн газар гэнэт шийдвэр гаргадаг гэж гомдоллодог.
-Намаа тэжээх сонирхолд хөтлөгдөөд тийм шийдвэр гаргадаг байсан. Засагт ойр бизнесменүүддээ мэдээллээ өгнө. Шийдвэрийн үр шимийг эрх баригч нам дагасан хэдхэн бизнесмен хүртэнэ. Олонх нь хохироод үлдэнэ. Нам Е нам гэдэг хөтөлбөр хэрэгжүүлнэ. Цахим хэлбэрт орно. Эндээс иргэд аль намаас үл хамааран Засгийн газрын бодлогыг урьдчилан харж болно. Шинэ Засгийн газар гэнэт мэргэн жараахай царайлсан шийдвэр гаргахгүй. Шийдвэрт хамрагдах хүрээнийхэнтэй санал солилцох, хэлэлцүүлэг явуулах журмаар эцсийн шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл Засгийн газар бизнесменүүдийг гэнэтийн шийдвэр гаргаж хохироохгүй.
 
Х.Баттөгс

No comments:

Post a Comment