Monday, 8 October 2012

ЗОХИОЛЧ Д.НОРОВ: БИ БАГШ НАРААСАА ХҮНИЙГ ГОЛД НЬ ОРТОЛ, ҮНДЭС ЁЗООРТ НЬ ХҮРТЭЛ СУДАЛЖ, ДОТООД СЭТГЭЛИЙГ НЬ НЭЭЖ ХАРАХЫГ Л СУРСАН


Энэ удаагийнхаа зочноор Төрийн шагналт, үргэлжилсэн болон жүжгийн зохиолч Далхаагийн Норовыг урьж оролцууллаа.
-Ард түмэн таны бүтээлүүдийг сайн мэднэ. Харин өөрийг тань тэр болгон мэдэхгүй байх. Тэгэхээр тэр битүү хүний намтар сонин байх болов уу?
-Би жирийн л малчин хүний хүүхэд. Багадаа бууцан дотор хурга ишигтэй тоглож, голын хөвөөгөөр мод унан уралдаж, дааганаас унаж, хурдан морь унан уралдаж л өссөн. Манай Бугат сум чинь Алтайн нурууны бараг орой дээр гэж хэлж болно доо. Цаад руугаа буухаар Алтайн өвөр говь цаашаагаа залгаад Тахийн шар нуруу гээд баруун хилийн уул залгадаг. Тэр говьд хаваржаад л наашаа нүүж хяр дээр гарч зусаад, намар уруудаад заримдаа Сүжийн энгэр, урагшаа Өвөр хад, Алаг нуур руугаа өвөлжөөд, заримдаа Өвөр хад руугаа орж өвөлждөг тийм л газар төрж өсч, бага насаа өнгөрөөсөн. Миний бага насны ганц сонин юм нь зургаан нас хүрээгүй бага сургуульд орж, арав хүрээгүй шахам насандаа дөрөв төгсөөд сургуулиас гарчихсан. Тэгээд хонь хариулж тэр үеийн ах эгч нарын дуулдаг дуу, ярьдаг яриа тэр бүхнээр номын оронд сургааль хийж, ухааны оронд ухаан болгож бага насаа өнгөрөөсөн. 14 наснаасаа аймгийн төв дээр ирж уурын зуухны галч хийж байхдаа аймгийн номын сангийн хэдэн номыг халтартуулж байлаа. Намайг бага сургуульд бичиг үсэг тайлагдчихаад байхад унших ном олдохгүй "Халзан бухандай", Аркадий Гайдарын "Халуун тогоо", Тарваа гуайн " Зүрх", Афанасьев гэж Зөвлөлтийн зохиолчийн "Алтан одны эзэд" гэдэг том роман, Сталины хорин хэдэн боть ийм л юм олдож байсан. Тийм болохоор би уран зохиолыг жижгээс нь аваад улс төрийнх нь хүртэл олон ботийг уншсан байгаа биз дээ. Уурын зуухны галч хийж байхдаа жинхэнэ уран зохиолын амтанд орж явсан даа. Дараа нь хүний эмч болж үзлээ. Хөдөө гадаа ажил хийж явлаа. Дахиад оюутан болж их сургуульд сурлаа. Дараа нь төдий жил багшилсан гэх мэтээр Зохиолчдын хороог дамжаад телевизэд орсон. Товчдоо бол ийм байна. Ингээд уран зохиолтой толгойгоо холбоод Гүндэгмаа гэж Ховд нутгийн бүсгүйтэй амьдралаа холбоод хоёр хүүхэдтэй болоод өдийг хүрч байх шив дээ.
-Жинхэнэ амьдрал дундаас бэрхшээлтэй замыг туулж сэхээтэн болсон хүн гэж би дуулсан. Энэ тухай яриа сонин байх болов уу?
-Бэрхшээлтэй замыг туулна гэдэг чинь үеийнхэнтэйгээ адилхан бага, дунд, дээд сургууль гэж яваад боловсрол мэдлэгтэй болсон биш, бага сургууль төгссөний дараа нэгдлийн хонь хариулж, уурын зуух галлах, дараа нь хөдөө суух зэргээр туулсан зам минь бэрхшээл байдаг байх даа. Тэр үеийн нам төр чинь сурч боловсор, хөдөлмөрлө, соёлтой боловсролтой шинэ үеийн хүмүүс бол гээд нам эвлэлийн дугуйлан гээд юм байгуулчихаад тэрэндээ шахаад нэг хурал болсон ч тэрнийхээ материалыг шалгана гээд биднийг хүмүүжүүлж байсан. Тэгэхээр миний туулсан амьдралын зам маань шулуухан явсан бусдыг бодвол жаахан ээдрээтэй л зам. Түүнээс биш нэг их сүрхий бэрхшээл туулаад зовлон зүдгүүр амсаад эрийн сайндаа гарч ирээд байсан юм байхгүй. Зохиолч болохын хувьд бол тэр үеийн л ёс жаягийг дагаж хар нялхаасаа уран зохиолын өвчин тусчихаад, яаж зохиолч болов вэ гэдэг чинь өдөр ч санаа амар унтуулдаггүй зүйл байлаа. Залуу халуун насны мөрөөдөл, гадаадын зохиолчдын болон өөрийн орны зохиолчдын номнуудыг уншаад тэдэнд атаархаж, болдог сон бол тэднээс өөрөөр өөрийнхөө зам мөрийг гаргаж явах юм сан гэж хүсч мөрөөдөж, чадах бүхнээ хийж явсаар зохиолч гэдэг нэрийг олж авсан даа. Хөдөө Шарга суманд эмч байхдаа анхны өгүүллэгүүдээ бичсэн. 75 он юм уу даа. Тэрнээс хойш өгүүллэгүүд маань хэвлэгдэж эхэлсэн. Бас тууж бичиж оролдож байлаа. Тэр үед бичээд хэвлүүлж чадаагүй дөрөв таван ч тууж байна. "Алтан шар зам", "Цэцэгээ" гээд туужууд байдаг. Тэд нар маань сүүлдээ уран зохиолд дөр суугаад ирэхээр гологддог юм билээ.
-Таны уран бүтээлийн ундарга юу вэ?
-Ундарга ерөөсөө л төрсөн нутгийнхан шүү дээ. Манай нутгийнхан бол ерөөсөө л тийм цэцэн билигтэй, их цөлх хар ухаантай, дуулж уярамтгай, хатуу юмандаа хатуу, зөөлөндөө жигтэйхэн зөөлхөн тийм улс. Биднийг бага байхад тавин хэдэн онд намайг мэдээ орсон хойно радио гэдэг юм гарч ирсэн. Нийтийн сонин ч гэсэн тавин хэдэн оны сүүлчээр л гарч ирсэн. Тэр бүгд дэлгэрээгүй байсан үед уран зохиолд сонирхолтой биднийг хүмүүжүүлдэг байсан зүйл чинь ахмадуудын болон тэр үеийн хүмүүсийн хонио хотлуулчихаад ярьдаг үлгэр, хөгшин аав, ахмад хүмүүсийн хоорондоо ярьж байгаа зүйр цэцэн үг, найр хуриман дээрээ дуулдаг дуу, хөдөө малаа маллаж байгаад аялдаг аялгуу, уул усны шуугиан тэрний үзэсгэлэн, тэр дунд өгсөж уруудаж амьдарсан хүний амьдралын зовлон жаргал, энэ бүхэн миний өчүүхэн авьяасыг тэжээж, шархлуулж, шарх олуулснаа эдгээж ингэж л надад утга зохиол гэх, өөрөөр хэлбэл хүний зүрх сэтгэлийг бичих, сэтгэлийн утсыг холбож өгч, хөндөж доргиож өгсөн. Тэрийг хөглөж өгсөн. Тэр хөгөөр л би дуугарч байна. Өнөөдөр би ямар л зохиол бичнэ, тууж байна уу, роман байна уу эцсийн дүндээ миний нутгийнхны, миний нутгийн уул усны, тэдний үлдээсэн түүх домог, тэдний дуулсан дуу, тэр манай нутаг, тэр гэрийн ханатай чацуурч нэвсийтэл дарж байсан тэр хатуу хөтүү цас зудтай өвөл, тэрийг давж гарсан манай нутгийнхны тэсвэр хатуужил, зовлон жаргал, тэр уулын орой дахь зуны цагт тоолж барамгүй олон өнгийн цэцгэн дунд морьтойгоо дагуулж явахдаа домог ярьж, тэр бууц тийм домогтой, тэнд тэр үхэж, ингэж хөдөөлүүлсэн юмаа гэж сургаж, номлож байсан тэр хууч яриа байдаг. Эсвэл,
Хошуу цагаан нутаг хоног хоногоор холдоно
Холдоно ч гээд яах вэ дээ
Хоёр нутгийн эрх
Энэ тэнгэрийн янз нь ингэсхийгээд хуршина
Хуршина ч гээд яах вэ дээ нэгэн цагийн хур шүү дээ
Энэхэн улсын янз нь ингэсхийгээд шоодно
Шоодно ч гээд яах вэ дээ хэтийн заяа нь мэднэ гэж хонины дэргэд ах эгч нарын дуулсан тэр дуу миний сэтгэлийг хөглөж, энэ бүхэн намайг зохиолч болгосон. Дамбийжаа гэдэг айхтар нөхөр манай нутгийнхныг түйвээж, Майжин сангийн ууланд заримыг нь дагуулж гарч манай хошуу ноёныг айлгаж, бага хатныг нь булааж авах гээд чадалгүй буцахдаа манай хошууны талыг нь авч явж байсан тэр түүх, Хасгийн хар толгой гэдэгт байдаг манай нутгийнхныг алж хядаж, мал хунарыг нь тууж авч явсан Шинжаан Уйгарын хасаг дээрэмчид, тэдний хядсан, одоо хүртэл цайрч харагддаг хүмүүсийн ясны үртэс энэ бүхэн зохиолч намайг тэр нутгийнхаа хүн амьтны зүрх сэтгэлийн нарийн нандин юмыг мэдрэх, нээх, тэрийг утга зохиолын дүр болгож амилуулах замд өдөөсөн юм даа. Тэгж л би боддог юм.
-Таныг Говь-Алтай аймагт ажиллаж байхдаа уран бутээлийн нэгдэлд байсан гэдэг. Тэнд ямар ямар хүмүүстэй хамт байв. Тэдэн дундаасаа уран бүтээлийн замыг тууштай хөөсөн нь таныг гэдэг. Энэ тухайгаа хуучлахгүй юу?
-Далаад онд Говь-Алтайд утга зохиолын нэгдэл бий болсон. Урьд 60-аад оны дундуур утга зохиолын дугуйлан байсан юм. Энэ дугуйлангийн анхны гишүүд Зулай цагааны З.Гүнсэн, Ч.Онгоодой, Ч.Бямбажав, Магван багш, Дүнтээ багш тийм улсууд л утга зохиолын дугуйланг анх байгуулж байсан юм. Тэгээд цөмөөрөө л өөр өөрийнхөө болох хэрээр уран бүтээлээ туурвиж уншигчдадаа хэр хэмжээгээрээ хүртээж явсан улс. Тэр дундаас томоохон уран бүтээлч нь манай З.Гүнсэн дээ. Бид хоёр нэг нутгийн нэг голын улсууд. Даанч эмч гэдэг мэргэжлийг сонгоод бүхий л сургуулийг нь төгсөөд, албыг нь ч залгуулаад түүгээрээ явчихсанаас биш яг одоо утга зохиолын чиглэлээр суралцаад бүх хүч хөдөлмөрөө зарцуулаад явсан бол их том юм бүтээж туурвих чадавхи, авьяас билэгтэй тийм хүн байсан юм. Тэгэхдээ чамлахын аргагүй зүйлүүд хийсэн. Говь-Алтайн утга зохиолын нэгдлийг 70, 80, 90-ээд он тэгээд 2000 он хүртэл 40-өөд жил авч явсан хүн бол З.Гүнсэн байгаа юм. Миний хувьд тэр нэгдэлд явж байхдаа Д.Гомбожав, Сэсээр, Лувсандорж, Чингэсбаатар, Л.Норовсүрэн, Г.Даваасүрэн зэрэг хүмүүстэй хамтран уран бүтээлээ ярилцаж нэг нэгэндээ бодлоо хэлж, бие биенээ хурцалж явсан. Тэндээс зохиолчдын тоонд багтсан нь З.Гүнсэн, Гомбожав бид хэд байна. Говь-Алтайн утга зохиолын дугуйлангийнхан гэвэл нэг тиймэрхүү. Харин сүүлд нь бидний араас олон залуучууд гарч ирсэн дээ. Одоо энэ яруу найрагч Билэгсайхан, Эмүжин, Чилаажав эд нар чинь цөмөөрөө л Говь-Алтайн дугуйланд 10 жилд байхдаа л цүнхээ үүрч очоод шүлгээ уншиж байсан хүүхдүүд шүү дээ. Ийм юм даа.
-Таныг өгүүллэг, тууж, жүжгийн зохиолч гэдгээр чинь уншигчид андахгүй. Тэгвэл анх утга зохиол гэдэг зүйлд хөл тавьж байхдаа ямар төрлөөр өөрийгөө сорьж эхэлсэн бэ?
-Би анх ерөөсөө л өгүүллэг бичиж эхэлсэн. 1975 онд "Наранбулаг" гэж өгүүллэг бичээд тэрнээс хойш тууж оролдож эхэлсэн. Хоёр дахь номоо туужаар хэвлүүлж байсан даа.
-Таны утга зохиолын багш хэн бэ?  
-Монголчуудын багш шавийн ойлголтоор бол бас сонин л доо. Зохиолчдийн хувьд багш шавь гэдэг ойлголт бол харьцангуй юм. Үргэлж номлоод, сургаад, дагуулаад утга зохиолд хөтөлж оруулаад, багшийнхаа гараас хөтөлсөөр байгаад том уран бүтээлчийн зиндаанд хүрсэн тийм зохиолч шавь ер нь л цөөхөн байдаг болов уу. Тэгэхдээ утга зохиол гэдэг юмыг зохиолчийн тэр бодол санаа, хүсэл эрмэлзэл, тэр юмыг толгой дотор нь асааж өгсөн тэр хүнийг л багш гэх болов уу. Тэр нь нэг үг ч байж магадгүй. Эсвэл нэг хэсэг үйл явдал ч байж магадгүй. Миний хувьд хоёр гурван хүнийг нэрлэж болно. Анх утга зохиол гэдэг юманд бүр тодорхой хэлбэл өгүүллэг гэж нэг иймэрхүү юм байдаг, тууж, роман гэж ийм юм байдаг гэдэг анхны цагаан толгойг надад заасан хүн бол Дэгээхүүгийн Сүръяа гуай юм. Анх Михайл Шолоховын "Дөлгөөн Дон " роман дахь Аксиня, Григорий хоёрын дурлалын тухай ярьж байлаа. Тэр хоёрын насан туршийн хайр сэтгэл, тэгсэн мөртлөө тэр хайр сэтгэлийн золгүй хийгээд гайхамшигтай шантаршгүй, буцашгүй сэтгэл хийгээд, тэр нь нийгэм, амьдралын эргүүлэгт ороод ирэхээр хэрхэн яаж хэрчигдэж, үрэн таран болж, ямархуу эмгэнэлт хувь заяагаар төгсөж байгааг үзүүлдэг. Энэ бол утга зохиолоор л үзүүлэх ганц арга юм. Өөр хэн ч, юу ч, ямар ч юм үүнийг үзүүлж чадахгүй. Үүнийг зохиолч хүн л үзүүлдэг юм гээд л Сүръяа багш маань надад тайлбарлан ярьж байлаа даа. Энэ нь утга зохиолын тухай юу ч мэдэхгүй надад асар том сургууль байж. За тэгээд дараа нь Т.Юмсүрэн зохиолч байна. Манай Т.Юмсүрэн багш бол маш олон зүйлийг хэлж өгсөн. Хаанахын ямар ч зохиолчийн уран бүтээлийнх нь шигтгээ, зангилааг утга зохиол шүүмжлэгчид, хүн төрөлхтөн үнэлдэг юм, юунаас нь болоод тэрийг шүтдэг юм гэдэг юмыг захидлаар ч хүртэл бичиж надад хэлж өгч байсан. Тэгээд утга зохиолын замаар явсан нь дээр гэдгийг шулуухан хэлж ятгаж ойлгуулж, ухааруулж өгсөн хүн бол Т.Юмсүрэн багш. Гуравдахь хүн нь манай Мягмар багш. Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Дэмбээгийн Мягмар гэж жүжгийн их том зохиолч байлаа. Энэ бол намайг гараас минь хөтөлж утга зохиолд оруулсан хүн. Түүнээс гадна Михайл Шолоховын хүнийг ерөөсөө дотор гадна, эд эс ширхэг бүрээр нь нэвтэрхий тэгж гаргасан тэр гайхамшигт туульсын дүр бүтээх, "Тунгалаг тамир"-ын Итгэлт, Цахиур Төмөр хоёрын давтагдашгүй, гайхамшигтай дүрүүд, эд нар чинь бүгд л миний багш шүү дээ.
-Тэдгээр хүмүүсээс та юуг нь өвлөж үлдэв. Утга зохиолын талаар зөвлөж байсан, санаанаас чинь гардаггүй зөвлөгөө юу байна?
-Энэ хүмүүсийн миний тархинд шингээж өгсөн нэг л юм бий. Гурвуулаа л шингээж өгсөн. Хүнийг судал, голд нь ортол үндэс ёзоорт нь хүртэл тэр хүний амьдрал хувь заяа, шийдсэн шийдвэр, тэр хүмүүсийн хоорондын хэлхээс, амьдралын утга учир хүмүүсийн сэтгэл бодолд байдаг уянга, тэр хүний уур хилэн, өшөө хорсол, хүний баяр жаргал, алдаа оноо бүхнийг судал гэж надад сургасан.
-Сайн зохиолч болоход мэргэжил хэрэгтэй юу. Тухайлбал таны монгол хэл уран зохиолын багшийн мэргэжил зохиолч болоход түлхэц өгсөн үү?
-Хэрэгтэй. Дээр нь авьяас хэрэгтэй. Авьяас байвал боловсролтой ч боловсролгүй ч бичнэ гэдэг. Тэр үнэн үү? Үнэн. Одоо бидний боловсрол гэж ойлгоод байгаа энэ зүйл чинь 13-р зууны үед "Нууц товчоо"-г бичихэд хэнд нь байсан юм. Хэнд ч байгаагүй. Гэтэл тэр үеийн хүмүүсийн мэддэгээс одооны 10 дугаар анги төгсөж байгаа нэг хүүхэд илүү ихийг сурч мэдсэн. Шинжлэх ухааны асар өндөр түвшин гарчихсан байна аа даа. Гэтэл "Нууц товчоо"-г бичсэн хүн тэр үедээ бичгийн соёлын уран зохиолын тухайн үедээ тохирсон асар их боловсролтой хүн байжээ. Тийм учраас тэр хүн "Нууц товчоо-г бичсэн байгаа юм. Тэгвэл өнөөдөр ганцхан орой гэртээ сууж байгаад ертөнцийг бүхэлд нь харж, сонсож чаддаг ийм бололцоотой болчихсон уншигчдад зориулж зохиол бичиж байгаа хүн мэргэжил ч үгүй, боловсрол ч үгүй, бүдүүлэг амьтан байгаад, би хар авьяас билгээрээ тэднийг байлдан дагуулна гэвэл инээдэмтэй явдал болно оо доо. Тийм учраас боловсрол, мэдлэг гэдэг гарцаа байхгүй хэрэгтэй. Дээр нь тодруулаад хэлэхэд утга зохиолын замд сэтгэл зүрхээ өгөөд нэгэн насыг энэ замаар явж элээе гэж нэгэнт шийдэх юм бол тэрэндээ боловсрох хэрэгтэй. Тэрэнд боловсорч, тэрэнд мэргэшихэд ямар л бололцоо нөхцөл байна түүнд шамд, тэгж байж энэ утга зохиол гэдгийн жинхэнэ судсыг таньж мэдэрч сурна.
-Говь-Алтай аймаг олон алдартай зохиолчидтой. Лодойдамба, Түдэв, Цэрэндорж, Очирхүү гээд нэрлэвэл урт жагсаалт гарах байх. Энэ нь бие биедээ нөлөөлдөг юм болов уу, эсвэл тэр нутгийн өвөрмөц онцлог, газар шороо, уул устай холбоотой байдаг юм болов уу. Та юу гэж боддог вэ?   
-Бие биедээ шууд нөлөөлсөн гэвэл тийм юм байхгүй. Би тэдний амьдралыг бүгдийг сайн мэддэг биш ч гэсэн гадарлаж байна. Шууд нөлөөлөөд нэгийгээ зохиолч болгосон тийм зүйл байхгүй. Харин дам нөлөөлсөн зүйл бий байх. Нутаг нугаа гэсэн зүрх сэтгэл нь холбож байдаг. Угаасаа нутгийнхаа тэр Алтайн уулын хааш нь ч арилгаж, баллаж болохгүй холбоосоор холбогдчихсон улсууд чинь бие биедээ дэм болох ч юм уу, нөлөөлөх, тийм юм байсан л байж таарна. Нэлээн тодорхой дэмжиж тусалж, түшиж явсан улс гэх юм бол Түдэв гуай, Мишигийн Цэдэндорж хоёрыг нэрлэж болох шүү дээ. Манай зохиолчид зарим нь хааяа ярьж л байдаг юм. Түдэв гуай Цэдэндоржийг нэлээн харж үзэж байсан гэж. Харин Алтайгаас энэ олон зохиолчид төрсний учир нь уул усных. Тэр Алтайн уул усны савдаг гэж байдаг бол савдаг нь, эсвэл тэр усанд нь байдаг эрдэс бодос ч юм уу, ууланд нь байдаг цэцэгсийн үнэр ч байдаг юм уу, тэр бүгд нөлөөлсөн. Энэ бүгдийг бүхэлд нь нийлүүлээд Алтайн өгөөж, Алтайн ид шид, Алтайн өвөрмөц чанар л бий болгосон. Үүнийг өөрөөр юугаар ч тайлбарлах бололцоо байхгүй. Бодит үнэн гэж үүнийг л хэлнэ.
-Тантай ярилцаж байгаа энэ завшааныг ашиглаад уран бүтээлийн тань нэгэн андыг дурсах гэсэн юм. Энэ хүн бол саяхан бурхан болсон "Зулай цагаан Алтай" дуугаараа олонд танигдсан З.Гүнсэн гуай юм. Нутаг нэгтний хувьд, уран бүтээлийн андын хувьд тэр хүнийг юу гэж боддог вэ? 
-Зохиолч хүнийг анх амьдаар нь үзсэн, анх амьдаар нь харсан хүн гэвэл З.Гүнсэн болж таарна. Намайг 4 дүгээр анги төгсөөд сургуулиас гарчихаад мал маллаад байж байхад Зүмпэрэлийн том хүү ирлээ. Энэ хүү их эрдэмтэй, ном зохиол бичдэг хүн юм гэнэ лээ гэж манай ээж, аав ярьж байсан юм. Тэгээд нэг сонин зүйл нь манай ээж орж ирээд энэ Зүмпэрэлийн том хүү ганцаараа шатар тоглож байх юм, болдог л юм байх даа гэж ярьж байсан. Тэгж Гүүеэг анх харсан юм. Түүнээс хойно Д.Жамъян бид хоёр зохиолч болохын дон хөдөлж байх үед зохиолч хүн өндөр уулын орой дээр хойшоо харж сууж байгаад шүлгээ бичдэг гэж хаанаас, хэнээс нь ч сонссон юм бүү мэд хоршооны Хадан толгойн орой дээр гарч хоёулаа дэвтрээ урдаа тавьж байгаад шүлэг бичдэг байлаа. Нэг ёсондоо дээд сургуулиа төгсөөд эмч болоод оччихсан байхад нь хамт явсан. Гүүеэ өгүүллэг, жүжгийн зохиол бичдэг байсан. Сургууль соёл төгсөөд бас ч үгүй нэлээд өгүүллэг, жүжиг биччихсэн тийм хүн чинь бидэндээ бол гэгээрүүлэгч байлаа шүү дээ. Саяхан Гүүеэгийн "Уйдахын аргагүй орчлон" номных нь редактор над руу утастаад "Энэ Гүнсэн чинь агуу хүн байсан юм байна. Яагаад та нар ийм хүнээ ярьдаггүй, хэлдэггүй байсан юм бэ?" гэж байсан. Тэгэхэд нь би урдаас нь "Наад хүн чинь монгол Чехов байгаа юм. Чехов тосгондоо эмчээ хийгээд, өгүүллэгээ бичээд байж байсан шиг тийм л хүн байгаа юм" гэж байсан. З.Гүнсэн эмчийн ажил гэдэг өөр замаар ороод явчихсан хүн юм. Хөтөлгөө морь гэдэг бол хэзээ ч хөтөлгөө морь байдаг. Үнэндээ хориод жил сурч, тангараг өргөсөн эмчийнхээ ажилд гол анхаарлаа хандуулалгүй яах вэ. Утга зохиол гэдэг тэр хүний хувьд хөтөлгөө морь нь байж. Би зүгээр боддог юм. Унасан морь нь утга зохиол байсан бол их хол явах байсан байх гэж. З.Гүнсэнгийн олон сайхан дуу байна. Тэр дундаас "Зулай цагаан Алтай"-г мэдэхгүй хүн гэж үгүй байхаа. Ингээд тэр хүний уран бүтээл нь мөнхрөөд л үлдчихэж байгаа юм даа.
-Та Монголын утга уран зохиолын нэртэй төлөөлөгчийн хувьд залуучуудад хандаж сургамж хайрлахгүй юу?
-Манайд өөрсдийгөө 90-ээд оныхон, 2000 оныхон гэж нэрлээд зохиол бүтээлээ туурвиж яваа залуучууд олон байна. Би энэ залуучуудын бадарч дэрвэж явааг нь хараад сайшаадаг. Бадарч явна гэдэг бол зүгээр цээжээ дэлдэхийн нэр биш, бадрах гэдэг бол Бавуугийн Лхагвасүрэн шиг 40 хүртлээ бадралгүй байж байгаад шууд гараад ирэхийн нэр ч байж магадгүй. Эсвэл хорь шүргэх насандаа хүмүүсийн сонирхол, атаархал төрүүлсэн сайхан шүлэг "Болор цом" дээр уншаад гараад ирэхийн нэр ч байж болно. Бадрахын чинээ л бадарч яв гэж хэлье дээ.

Сэтгүүлч Н.Ариунбаатар
Эх сурвалж: МУИСургууль "Төгсөгчдөөс төрсөн алдартнууд" номоос

No comments:

Post a Comment