Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазартай ярилцлаа.
-"Бодоход инээдтэй шүү" тоглолтоороота зүгээр нэг хошигнох гээгүй байх.Бодож бясалгасан сэдэл санаагааилэрхийлэх ухаанаа та олов уу?
-Энэ бол зохиолч хүний хийх ёстой ажлын нэг юм л даа. Ганц хүний ярианы энэ төрлийн тоглолтыг гадны орнуудад зохиолчид нь хийдэг юм. Ямар нэг юмны тухай өөрийн юу бодож, юунд эмзэглэж, хэнд баярлаж яваагаа зохиолч илэн далангүй хүүрнэдэг ийм л урлаг шүү дээ. Тоглолт уянгын ч бай, инээдмийн ч бай бүх санаа, өгүүлэмжээ тоглогч өөрөө зохиож, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. Энэ утгаараа миний "Бодоход инээдтэй шүү" хошигнолын тоглолтод ямар ч мэргэжлийн жүжигчин оролцоогүй. Ер нь би нэг ийм ганцаарчилсан тоглолт хийж үзье гэж олон жил бодсон. Энэ удаа хошигнолын өнгө аясыг барьж аваад нэлээн судалж, өөрөө архив цуглуулж, энэ төрлийн урлагаар дагнан уран бүтээл хийдэг ОХУ-ын жүжигчин, нэрт элэглэгч Михайл Задарновыг судалсан. Мөн түүний бүх концертуудыг үзэж, авах гээхийн ухаанаар энэ сэдэвт маань тохирох арга хэлбэрийг нь өөртөө наагаад л тоглолтоо эхэлж байна. Анх удаа хийж байгаа болохоор үзэгчээ татах үүднээс хошигнолын сэдвийг сонгосон юм. Зохиолч хүний ухаан бодлоос гарч байгаа хошигнол гэдэг бол бас нэг юмыг чимхсэн, егөөдсөн, нээрээ юу билээ гэж хүнд бодогдохоор тийм зүйлийг үзэгчдэдээ сонсгоё гэж бодсон юм. Гэхдээ бүтэн хоёр цаг ганцаараа элдэв юм ярьж хошигноно гэдэг бол их төвөгтэй юм л даа. Тиймээс зарим үед хөнгөхөн инээд хүргэсэн зүйл ярих, бас жаахан уянгын өнгө аяс оруулах шаардлага гарч байна билээ.
-Та хошигнолуудаа хэд хэдэн бүлэг сэдэв болгон хуваасан байсан. Тэр сэдвүүдийг хэрхэн сонгож авсанюм бэ. Тухайлбал, нууц амрагийн тухай, эсвэл гар утастай холбоотой хошигнолууд гэх мэт?
-Тоглолтын дотоодод олон нарийн юм байна л даа. Тухайлбал, чиний хэлсэн нууц амрагийн сэдэв гэхэд тоо томшгүй олон паянтай шүү дээ. Тэндээс зөвхөн нууц амрагийг хүмүүс юу гэж боддогийг асуусан тухай өгүүлэхэд л олон янзын баялаг санаа гарна. Нэг жишээ хэлье. Нэг сэтгүүлч гудамжинд явсан хүнээс "Уучлаарай... та нууц амрагийн тухай юу гэж боддог вэ" гэж асууж л дээ. Гэтэл цаадах нь "Шал дэмий юм хүнд санагдуулчих юм. Өнөөдөр дахиад л харихгүй байхаас" гээд буцаад явчихжээ. Энэ мэт олон ургальч үзэл санаануудыг нэгтгэн багцлаад хошигнож, цаад утгаараа хүнд ямар нэг сэдэл санаа шидэж болно. Тоглолтын төгсгөлд миний хамгийн их уншин судалж хийсэн сэдэв болох "Монголчууд бид дэлхийн түүхийг эхлүүлсэн юм биш үү" гэсэн хошигнол байгаа. Үзсэн хүмүүс мэдэх байх. Түүнийг би Монголын түүхээ уншаад өөрт төрсөн үзэл бодол, сэтгэгдлээ задлан хошигносон. Бас нэг жишээ хэлье. Геометрийн конус дүрсний огтлолыг олдог томъёо, монгол гэрийн дээврийг эсгэх томъёо хоёр адилхан байдаг. Гэтэл монголчууд аль дээр үеэсээ дээврийн эсгийгээ өөрсдөө урлаж ирсэн. Тиймээс дэлхий дээр байгаа бүх огтлогдсон конус бүхий зүйлсийн патентийг монголчууд авах ёстой гэж хошигнох мэт. Энэ сэдэвт маань 30 гаруй баримт түшсэн хошигнол байгаа. Тэднийгээ би хамгийн сайн болсон гэж бодож байгаа.
-Тоглолтыг Н.Наранбаатар найруулагч найруулсан. Найруулагчийн шийдэл, таны хошигнолын тавилтхоёр хэр нийцэж байв?
-Михайл Задарновын тоглолтын стилийг би хошигнолдоо барьж ажиллахыг хичээсэн. Хүмүүсийн хэлж байгаагаар "Монголчууд бид дэлхийн түүхийг эхлүүлсэн юм биш үү" сэдэвт хошигнолын хэсэг Задарновын үндэсний үзэл санааг агуулсан хошигнолуудад дөхөж очсон гэсэн. Зарим найз маань "Гүрээ чи зүгээр өөрт тохиолдсон чин сэтгэлийн хошигнолуудаа яриад бай" гэж байна билээ. Би ч гэсэн хөнгөхөн, цагаахан, гэнэхэн хөгтэй явдлуудыг ярья гэж бодсон. Заавал хүмүүсийг ухааруулна, гэгээрүүлнэ гэж туйлширч болохгүй. Ер нь найруулагч бид хоёр ярьж байгаад тоглолтдоо хоёр чиг шугамыг баримталсан. Нэгдүгээрт хүний сэтгэхүйд юу билээ гэж бодогдохоор мэргэжлийн хошигнолын өнгө аясыг барих. Хоёрдугаарт, чин сэтгэлийн надад болон бусад хүмүүст тохиолдсон явдлыг хошигнож ярих. "Бодоход л инээдтэй шүү" хошигнолыг маань тавгийн идээ гэж үзвэл, чихэр, жимс, ааруул, өрөм алагласан цагаан сарын өнгөлөг идээ лүгээ байгаасай гэж би хүссэн. Бид жижигхэн юмыг тоодоггүй. Шал хэрэггүй юм байсан ч тэрэн дотор инээд, ухаарал, харуусал халаглал, хүний мөн чанар, орчлонгийн жам ёс юу ч байж болдог л байхгүй юу. Тиймээс энгийн тэр нэг хоёр хүний үерхэл дунд болсон юмыг л хошигнох жишээтэй. Надад нэг ийм юм тохиолдсон гээд яриад байгаа чинь яг үнэндээ надад тохиолдоогүй. Эргэн тойрны амьдралаасаа харж, сэдэж бичсэн зохиолууд. Надад гэж яривал хүмүүст илүү хүрдэг юм байна. Түүнээс биш тэр тэгжээ, нэг хүнд тийм юм болжээ гэхээр хов ярьж байгаа юм шиг болчихдог юм байна.
-Бодоход инээдтэй зүйл амьдралд олон. Таны хэлснээр хүмүүс энгийн жижиг гэж үзээд анзаарахгүйөнгөрдөг зүйлүүд дотор олон хөгтэй явдал нуугдаж байгаа даа?
-Тэгэлгүй яахав. Нэг жишээ хэлье. Дуучин Сэрчмаа дөнгөж олны танил болж байх үедээ Бөхийн өргөөнд дуулах болж л дээ. Тоглолтоосоо хоцрох гээд мань хүн такси бариад Бөхийн өргөө рүү явсан байгаа юм. Тэгтэл таксины жолооч "за дүү охин Бөхийн өргөө орж тоглолт үзэх нь үү" гэхэд Сэрчмаа тоглолтод дуулах гэж байгаагаа хэлжээ. Гэтэл цаадах нь Сэрчмаа гэдэг дуучин мэдэхгүй юм байна гэжээ. Хариуд нь Сэрчмаа "Удахгүй мэддэг болно оо" гээд хаалгыг нь тас хаагаад буусан гэдэг. Төд удалгүй манай хүн олны танил болоод эхэлсэн байдаг. Энэ мэт юмыг өнгөц дүгнэх нь хэрэггүй юм л даа.
-Таны хошигнолыг хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ. Тоглолт таны төсөөлөн бодсоноос өөр байв уу?
-Би ер нь их баярласан шүү. Эхнээс нь аваад дуустал нь сайн хүлээж авсан. Ер манай үзэгчид оюунлаг болж байна. Би яагаад энэ төрлийн уран бүтээлийг оролдох болов гэвэл оюунлаг уран бүтээлчдээ энэ нэг хэсэг орон зайд өөрийн хүчийг үзээсэй гэж уриалаад байна шүү дээ. Надаас сайн, илүү чадварлаг хошигнож чадах хүмүүс олон бий. Хошигнолын үдэш гэдэг чинь оюунлаг уран бүтээлчийг сонсох л үдэш юм шүү дээ. Орост бол Задарновын тоглолтуудыг концерт гэж нэрлэдэг. Гэтэл би "Бодоход инээдтэй шүү" концерт гэчихвэл хүмүүс дуу хөгжим бодно. Тэгэхээр манайд энэ төрлийн урлагийн орон зай хоосон байгаа нь харагдаж байгаа биз. Тэгэхээр би энэ төрлийн урлагаар олон хүн юм хийгээсэй гэж боддог. Би бол цаашид хошигнолоо төрөлжүүлээд чиглэл чиглэлээр нь тоглоно гэж бодож байгаа. Тухайлбал, Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар гэхэд л "Эхийнхээ нүдэнд үр нь өтөлдөггүй" нэрийн дор дан эх хүний тухай уянгын тоглолт хийж болж байна. Цэргийн баяраар бол эхнэрээсээ айдаг эрчүүдийн тухай ч юм уу төрөл төрлөөр нь хийж болох юм. Энэ бол манайд хөгжөөгүй биш хөгжиж байсан урлаг.
-Өмнө нь ямар хүмүүс энэ урлагийг хөгжүүлж байсан юм бэ?
-Бүх эх суурийг нь тавьсан хүмүүс бол алдарт жүжигчин Латиф, Цэвээнравдан нар байна. Мөн манай Г.Равдан, Д.Сосорбарам нар тоглож байсан. Тэдний хийж байснаас миний тоглолт өөр болж байгаа нь би гагцхүү өөрийнхөө юмыг л ярьж байгаад оршино. Манай Д.Сосорбарам Р.Чойномын уран бүтээлүүдийг сайн уншдаг шүү дээ. Тэгвэл миний тоглолтоос хүмүүс Ш.Гүрбазарыг л сонсоно. Би инээдтэй ч юм ярьж болно. Гунигтай ч юм ярьж болно. Бас хатуу ч юм хэлж болно шүү. Яагаад гэвэл энэ нь зохиолчийн үзэл бодлыг сонсох үдэш юм чинь.
-Та бас жүжгийн зохиол бичиж байсан. Жүжгийн зохиол, уран бүтээлийн үдэшлэг хийж байснаасөөрийнхөө үзэл бодлыг хошин эсвэл уянгын өнгө аясаар хүмүүст хүргэвэл илүү өргөн агуулгатай болохюм шиг?
-Өөрийгөө илэрхийлэхэд энэ төрлийн уран бүтээл нь илүү чөлөөтэй. "Надаар тоглосон хайр" гэдэг жүжгийн зохиолыг бичлээ гэхэд миний үзэл бодол зөвхөн тэр жүжгийн агуулгаар л хэмжигдэнэ. Харин өөрийнхөө юу бодож санаж явдгаа хоёр цаг ярихад хамаагүй өргөн хүрээний юм ярина шүү дээ.
-Тэгэхээр та энэ боломжийг олж хараад ганцаарчилсан уран бүтээлийн төрөлд хүч үзэхээр шийджээ.Тийм үү?
-Яахав энэ бол нэгдүгээрт миний олон жил бодсон ажлын нэг юм. Хоёрдугаарт надад байж болох нөхцөл юм даа. Би өөрөө зохиолч, сэтгүүлч хүн. Би чинь 16 настайгаасаа хойш хөтлөгч хийлээ. Энэ нь л надад байж болох боломж юм шиг харагдаад, би чадах юм шиг санагдаад л оролдож үзэж байгаа юм. Би өөрийгөө энэ урлагаар оролдож байна л гэж хэлье. Надаас сайн хийх хүмүүс олон бий.
-"Бодоход инээдтэй шүү" тоглолтоороо та үзэгчдэд ямар мессэж хүргэе гэж зорьсон бэ. Хүмүүс танытоглолтоос юу ойлгоод гараасай гэж бодож байна?
-Жижиг жижиг санаанууд байгаа. Хүний их бага гэж ялгахгүй байх тухай, эх оронч сэтгэлтэй байх тухай. Хэл соёлоо хадгалан хамгаалж үлдэх тухай гэх мэт. Бүгдийг нь нийлүүлээд үзэгчид юу ойлгохыг би таашгүй. Хүн юу ч ойлгож болно. Ойлгохгүй ч байж болно. Таалагдахгүй байж ч мэдэх юм. Ямар ч байсан би чин сэтгэлээсээ өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадлаа. Хүмүүсийг яг тийм юм ойлгосон байх ёстой шүү гэж би тулгаж чадахгүй шүү дээ.
-Тоглолтод дэлгэцийн бичлэг буюу өөрөө өөртэйгөө ярьдаг хэсэг гарч байна. Энэ санааг та тоглолтдооашигласан нь ямар нэгэн агуулгатай юу?
-Өөрөө өөртэйгөө ярина гэдэг ганц хүний урлагт нийцэж байгаа юм. Гэхдээ бас их төвөгтэй ам барих, дэлгэцэнд гарч байгаа дүрстэйгээ харилцан тоглолт хийх, ам барих гээд жүжигчин хүний мэргэжил рүү дөхсөн зүйл их бий. Гэхдээ би энэ тоглолтдоо жүжиглэе гэж ерөөсөө бодоогүй..
-Яагаад. Та хэд хэдэн кинонд тоглож байсан шүү дээ. Тиймээс жүжигчний ур чадвар хангалттай байгаагэж бодож байна?
-Би жүжиглэхгүйг их хичээсэн шүү. Тэртэй тэргүй олон жүжигчин жүжиг тоглож байхад би тэдний дундуур орж жүжиглээд яах юм бэ. Жүжиглэлт, хэтрүүлэг хэрэглээд жаахан хүчтэй тоглолт хийчихмээр үе гарч байсан ч би биеэ бариад байсан юм. Жүжиглэх л юм бол нөгөө чин сэтгэлийн гоё юм чинь алга болчих гээд байсан юм. Чин сэтгэлээсээ олон түмэнтэйгээ харилцаж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь надад илүү таатай байсан.
-Та багадаа орос цэргийн ангиас мод хулгай хийж баригдаад хүүхдийн баяраар зарлалын самбар дээргарч байсан тухай ярьсан. Үнэхээр тийм болсон юм уу?
-Үгүй. Энэ манай найзад тохиолдсон явдал. Би өөрийнхөө өнгөрсөн дээр энэ бүхнийг ярихаар хүн хүлээж авах нь илүү байгаа болохоор би гэж яриад байгаа юм. Надад тохиолдсон байна уу, найзад маань тохиолдсон байна уу гэдэг нь хамаагүй. Хамгийн гол нь хүүхдийг бяцхан алдаа гаргасных нь төлөө хүүхдийн баяраар олон нийтийн өмнө хулгайч хэмээн зарлаж, залхаан цээрлүүлэх хэрэг байсан юм уу гэсэн санааг олон нийтэд шидэж байгаа нь чухал.
-Хүний сайн сайхан чанар бага наснаас өвлөгдөж, насан туршийн амьдралын зарчим болдог гэдэг. Таныбага нас амьдралд тан үлэмж нөлөө үзүүлсэн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Би 1972 онд драмын театрынхаа энэ тайзнаас алдарт жүжигчин Латифыг анх харж байлаа. Тэр цагаас энэ хүн шиг олон хүний өмнө ингээд үгээ хэлж зогсоно доо гэж мөрөөдсөн юм. Түүнээс хойш олон үдэшлэг цэнгүүн хөтөлж, драмын тайзан дээр олон удаа гарч байсан хэдий ч яг өөрийн үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа юм. Дөчин жилийн дараа мөрөөдлөө биелүүллээ шүү дээ. Хэрвээ би дөчин жилийн өмнө тэгж мөрөөдөөгүй бол өдийд ямар ч явах билээ, тийм биз дээ.
Г.ЛХАГВАДОРЖ
Өдрийн сонин
No comments:
Post a Comment