“Ерэн баатрын дууль”, “Багш” зэрэг найраглалаараа шинэ үеийн
уран зохиолд нэрээ мөнхөлсөн Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавтай хөөрөлдлөө.
-Юуны өмнө таны амар
амгаланг эрье.
-Баярлалаа.
-Намаржаа сайхан уу. Уран
бүтээлч хүний хувьд энэ намрын өнгийг дүгнэж хэлээч?
-Энэ намар урьд урьдынхаас илүү сайхан намар болж байна. Юу нь илүү
сайхан юм бэ? гэхээр улс “Атрын III” аяныг зарласнаар
өмнөхөөсөө илүү арвин ургац хураан авч, Монгол хүн өөрийн гараар ургуулсан
тариа будааныхаа дээжийг хүртэж байгаагаараа илүү сайхан намар болж байна. Хаа
нэг байгаль дэлхий догширдог нь хүмүүсийн араншин муудсаных гэлтэй. Хүн гэдэг
амьтан дэлхий, орон зай ертөнцтэй олон зүйлээр сүлбэлдэж холбогдсон байдаг. Бид
уур амьсгал дээшээ хөөрөөд үүл болоод бороо орлоо гэдэг шиг байгаль өөрөө ийм
шүтэлцээтэй байдаг. Тийм учраас зуны үер, саяын орсон цас, эд нар чинь
байгалийн сануулга байхгүй юу. Гэхдээ нэг үеэ бодвол улс орон маань овоо болсон
учраас юмаа авч гарлаа шүү дээ.
-Таныг Монголын ард түмэн
мэдэх учраас шууд уран бүтээлийн халуун яриа өрнүүлье гэж бодож байна. Ойрын
үед бүтээлийн хур ихтэй байна уу?
-Зохиолч хүнийг хэмжих хэмжүүр нь бүтээл юм л даа. “Хүн
өөртөө хэзээ ч нурж унашгүй хөшөө босгоё гэвэл хамаг сэтгэл зүрхээ сайн номонд
шингээ” гэж Францын мэргэн Фер Буашт гэдэг хүн хэлсэн байдаг. Миний хувьд бол
нэг их хөшөө босгох нь ч хаашаа юм. Ямар ч гэсэн амьд байсны дурсгал болж,
алхаж гишгэсэн мөрийг минь товойлгож үлдэх юм бол номууд маань юм. Одоо цагт
ном уншдаг хүн бидний үеийг бодвол дордсон хэдий ч басхүү уншигчид бий. Байгаа
учраас л бурхан намайг юм хий гэж үлдээсэн. Түүнээс би ноднин маш хүнд хагалгаа
хийлгээд үхэх дөхсөн шүү дээ. Тийм болохоор бурхны даалгавраар сая хоёр ном
бичлээ. Нэг нь бөхчүүдийн тухай. Би ер анх зохиолч болъё гэж бодож байхаасаа
өмнө бөх болъё гэж л бодож явсан хүн. Миний бөхийн түүх анхны болоод сүүлийн
удаа цагдаа тонгороод, тухайн үеийн 200 төгрөгөөр торгуулаад л дуусан.
Түүнийхээ дурсгалд “Гарьд магнай” гэж эрийн гурван наадмын тухай кино хийсэн
юм. Одоо ч гэсэн бөхийн хорхойтны хувьд үндэснийхээ бөхөд болон бөхийнхээ журам
дүрэмд шүүмжлэлтэй байдаг. Өнөө цагийн бөхчүүд нөгөө бухын ноололдоон гэдэг шиг
өөд өөдөөсөө хараад шахааны барьцаа хүлээгээд тулаад зогсчихдог болж. Цаг нь
болохоор нэг нь бууж өгч байгаа япон шиг хоёр гараа өргөөд л нөгөө нь ар
зоогоор нь тэвэрч байгаад хаячихдаг. Сүүлд А.Сүхбатаас хойш үзүүштэй сайхан
барилдаан гарсангүй. Тийм учраас би энэ талаар хувийн эсэргүүцэл болгож “Домогт
бөхчүүдийн омогт барилдаан” гэдэг ном бичсэн. Энэ номонд жинхэнэ ёсоороо
барилдаж байсан хууччуул, тэр дундаа Цоодол арслан, Батсуурь аварга, Цэвээнравдан
нарын амьд сэрүүндээ хуучилсан яриа орж байгаагаараа онцлог ном болсон. Түүнээс
гадна Хадаа аварга бид хоёр их ойр дотно байж. Тухайн үед Хадаагаа чөлөөлүүлэх гэж их
оролдсон. Одоогоор бол улс төржиж байсан юм байлгүй. Нөгөө хурал дээр нь “За Хадаагийн хэргийг хэрэг л
гэнэ. Нарийн дээрээ ямар хэрэг байхав дээ. Улс хэлэх нь маний багад хонины
бэлчээрт өдөр бүр хийж явсан ажил гэж байна” гэж хэлсэн. Түүнийг маань Увсын
депутат Баасанжав санаатайгаар улс төржүүлж байсан. Нөгөө айлын тусыг нүүсэн
хойно нь, хүний тусыг явсан хойно нь гэж сүүлд нь нэг их юм болцгоодог. Тэгээд
ч би сая “Хувь заяаны цадиг буюу мартагдсан бурхад” гэдэг сонирхолтой ном
бичлээ. Энэ номын нэг онцлогийг би номын өмнөх учралдаа хэлсэн. Үлгэр бол амар
сайхандаа жаргаад төгсдөг, номыг бол хавтсыг нь хаахаар дууслаа гэж боддог.
Харин миний ном тиймгүй. Хэдийгээр уншаад хавтсыг нь хаасан ч тухайн уншсан
хүний сэтгэл санаанд үргэлжлэх тийм л ном болсон гэж бодож байгаа, тэгүүлэхийн
тулд ч бичсэн. Энэ номыг маань Содномдаржаа агсны хүүхдүүд өөрсдийн байгуулсан
үйлдвэр болох “Сод пресс” хэвлэлийн газартаа ивээн тэтгэж хэвлэж байгаад хөгшин
ах нь талархаж байна. Сүүлд бичсэн “Хувь заяаны цадиг буюу мартагдсан бурхад”
ном маань эхний дэвтэр нь байгаа юм. Дараагийнхаа дэвтрийг бичиж байна.
Мартагдсан хирнээ хийсэн бүтээсэн зүйл нь мөнхөрч яваа хүмүүс олон байна. Жишээ
нь Цэрэндэндэв гуай л гэхэд Арслан тайжид ямар агуу тоглолоо. Гэтэл театрт
зураг нь ч байхгүй. Шарил нь хаа байсан Алтанбулаг сумын Хондны энгэрт ахынхаа
шарилын хажууд хэвтэж байна. “Сүхбаатар” кинонд шарга морьтой зугтаад эргэж
хараад буудаад байгааг хэн гэж бодож байна. Орос хүн тэгж тоглож чадахгүй шүү
дээ. Сүхбаатарын дүрд тоглосон Лев Свитлинийг орлон тоглосон адуучин
Цэрэндэндэв л давхиж яваа нь тэр шүү дээ. Ийм хүмүүсээ ингээд таг чиг
мартчихаад байж болох уу. Би гэхдээ улс төржүүлсэн үг хийгээгүй. Зүгээр ер нь
бодомж өгөх байх. Гэхдээ хагас бодлоо халаасандаа нууж үлдээд уншигчдад бодох
юм үлдээсэн. Түүнээс би мэддэг бүх зүйлээ бичээгүй. Ер нь ном туурвина гэдэг бол
бусдыг гэгээрүүлэх явдал юм. “Амьтанд туслахгүй юм бол мянган эрдэм сураад ч
ашиг юу юм, Амрагт тоогдохгүй юм бол мянган шүлэг бичээд ч алдар нэргүй” гэсэн
үг байдаг.
“Хүн ичихээ байхаараа л адгуус
Хувцас эзнээсээ салахаараа л навтас
Хавтас номноосоо салахаараа л цөвдөс
Хаан албатаасаа салахаараа л орхидос” гэж би хэлсэн.
“Унахаа
мартаж мод ургадаг
Сэлбэхээ
мартаж ус урсдаг
Хагдрахаа
мартаж цэцэг ургадаг
Хагацахаа
мартаж хүн төрдөг” гэдэг үг байдаг. Тэгэхээр бид мартахгүй байх ёстой, юмаа
мартахгүй байх хэрэгтэй. Мэргэдийн санаа бол мянган жилийн настай байдаг.
-Унаж өссөн газар нутаг,
бага залуу насныхаа талаар хуучлаач?
-Би хөдөө, малчны хүүхэд болж малын шар бууцан дээр өссөн.
Энэ хувь эаяандаа нас ахих тусмаа баярлаж явдаг. Тэнд би хэлд, хөлд орсон. Тэгж
монгол ёс заншлаа мэддэг болсон. Тэгээд монгол гэр шиг тийм сайхан архитектур
ертөнц дээр байна уу. Нар бүтэн зөв тойрдог, салхи бүтэн эргэдэг тийм сайхан
гэрт төрөөд тооноороо цэнхэр тэнгэрийг харж өслөө. “Тэгэхээр монгол гэр, монгол
хүн, монгол мал гурав чинь газраасаа ургасан юм” гэж Шаравын хэлсэн санаанд
бууж байна. Тэгж л бид чинь монгол гэрээрээ нутгаа тамгалж байгаа юм. Тийм
учраас би бага залуудаа
Гүрний алтан тамга шиг таван ханатын бууриар
Гүйцэж тойршгүй сүргийнхээ бэлчээр нутгийг тамгалсан
Гүнжийн зөөлөн нүд шиг тойром бүрдийн сууриар
Гүцний мөнгөн таг шиг хужир шүүгээ дарайлгасан
гэж эх
орны дуулал бичиж байлаа. Хүний нас ахих тусам эх орон, төрсөн нутаг гэдэг улам
их бодогддог юм байна. Нэг зүйрлэл хэлэхэд олон улсын нислэгээс буусан нисгэгч
“Буянт-Ухаа”-гийн салхи намрын гүүний айраг шиг байдаг гэж хэлсэн байдаг. Хааяа
монгол хүн болсондоо эрдэж:
Дэлхий дээгүүр зөндөө л нэг явлаа
Дели, Нью-Иорк, Парисаар ч орлоо
Дэнж дээр л би ганцхан жаргалтайг ухаарлаа
Дэлхийд монгол хүн гэж би байна гэж орилмоор болдог.
-Гучаад онд С.Буяннэмэх
“Далд сэтгэл ойн гүнд” ч бил үү нэг шуугиан тарьж, жараад онд Д.Урианхай
“Дотоод шаталтын хөдөлгүүр”-ээ бичиж бас шүүмжлүүлж байсан санагдана. Тэгэхээр
уран зохиол, яруу найрагт гарч байгаа шинэчлэлийн талаар таны бодол?
-Сүүлийн үед монгол хэлийг гажуудалд их оруулж байна. Яруу
найрагчид нь шүлгэн тунхаг, лекц л бичдэг боллоо шүү дээ. Дууны үг бол бүр
завхарсан. Монгол хэл, сэтгэхүй хоёр нь холбоотой байдаг байтал энэ хэлээ
эвдсэн. Би хөдөө очоод дуу, шүлгэнд гарч байгаатай адил яривал нөгөө Сүрэнжав
чинь солиорчихож гэхээр л болж. Жишээ нь: “Салхины эгшиг өвсөнд шургаад л”, “Нялх
унаганы зүүдийг манаж, Нарны солонго өдөржин татаад л”, “Танай энэ урд горхи
нар хэмхчээд л сайхан байна аа” гэж бичиж байна. Хэзээ ч монгол хэлний хэлзүйд
ийм үг байдаггүй, тэгж ярьдаг ч үгүй. Гэтэл монгол хэл чинь ямар их баялаг
билээ. Нөгөө хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг чинь одоо цагт байрлал нь өөрчлөгдөөд
мал хэлээрээ, хүн хөлөөрөө болчихсон.
Саваагүй хүнд үг хэлснээс
Хазааргүй морь унасан нь дээр
Яваагүй өвчтөнд эм уулгаснаас
Увайгүй тэнэгт ном заасан нь дээр
Шижээгүй эрд юм өгснөөс
Шингэхгүй жингэрт угаадас долоолгосон нь хялбар
Шинжгүй хүнд тус хийснээс
Шийжүү болоод ус нэмсэн нь дээр гэж ийм сургаалын мөрт байна.
Ийм л баян тансаг хэл шүү дээ. Тэгэхээр би элдэв балай урсгал чиглэлийг нэг их
дэмждэгггүй.
-Таны уран бүтээлд нөлөөлсөн
хүчин зүйл. Хүмүүсийн тухай дурсана уу?
-Жараад оныхон бид чинь Явуухулангийн ширээг тохойлдож анхны
шүлгээ уншиж байсан азтай улс. Анхны номын уралдаан гэдгийг Явуу сэдэн гаргаж,
тэрэнд нь П.Пүрэвсүрэн, Жамцын Шагдар бид гурав байр эзэлж байлаа. Шөнө
хэвлэлийн комбинатын манаачид хөөгдөн барин байж сонины тасархайнаас нэрээ олж
үзээд, тэр шөнө нойр хүрэхгүй хонож байлаа. Ном маш их уншдаг байсан. Ер нь
сумын хоршооны гүйгдэхгүй шороонд даруулчихсан байдаг хэдэн номыг номонд дуртай
бид л ноос, ноолуурхныхаа мөнгөөр авч уншдаг байлаа. Ц.Дамдинсүрэн гуай номын
тухай их сайхан хэлсэн байдаг. “Ганга мөрний хөндийгөөс гарч цаст Гималайг давж
Монголын тал нутаг руу орсон соёлын алтан шижим” гэж. Нөлөөлсөн хүмүүсийн
тухайд гэвэл Б.Явуухулан, Ц.Гайтав, Ч.Чимэд, С.Эрдэнэ гэсэн хүмүүс байна. Эд
нартаа маш их баярлаж явдаг. Тэр улсын алив сайхан гэгээн чанар бүхнийг харж
явсан. Би анх Дашзэвэгийн Сэнгээ гэдэг хүнийг амьд биеэр нь харсан. Дараа нь их
сургуулийн оюутан болсон хойноо шарилыг нь нэг тойрсон. Хүний зүрх сэтгэлийн
далд бодлыг сэргээн дуудаж хэлдэг хүнийг л яруу найрагч гэдэг юм байна гэдгийг
би ойлгосон. Тэр Сэнгээ гэдэг хүн танхимд орж ирээд л ердөө:
Зөөлөн цагаан гарыг чинь барихын тулд
Зөнч сайхан нүдийг чинь харахын тулд
Зөвхөн чамдаа хайрлагдахын тулд
Нэг олдох амьдралаа хоёр болгох сон
Нэр төрөө бодож аятай амьдрах сан
Нээрээ овоо доо гэж чамдаа үнэлэгдэх сэн гэж хүнгэнэсэн
сайхан дуугаар уншихад, Сэнгээ биш миний хэн нэгэн хүнд хэлэх гээд чадаагүй
үгийг хэлчих шиг л болсон. Тийм болохоор өчигдөргүйгээр өнөөдөр байхгүй.
Өнөөдөргүйгээр маргааш гэж байхгүй. Тэгэхээр яаж ирээдүй өнөөдрөөс эхлэх юм.
Яаж бид дуулах юм.
Нар сар хоёр нь бол халуун хүйтэн хоёр юм
Эцэг эх хоёр нь бол арга билэг хоёр юм
Үхэх төрөх хоёр нь бол бүтэх эвдрэх хоёр
юм гэж Равжаа хэлсэн байдаг.
-Яруу
найрагч, ерөөсөө уран бүтээлч болоход хувь хүний ямар чанар хэрэгтэй байдаг вэ?
-Эхлээд сэтгэл зүрхээ ариусгах хэрэгтэй. Тэгж байж урьдаар
хүн болно. Усны эх нь булингаргүй бол адаг нь тунгалаг байдаг шиг өөрөө ариусах
хэрэгтэй. Түүнээс гадна авъяас хэрэгтэй. Авъяасгүйгээр юу ч хийж чадахгүй. Дээр
нь яруу найргийн боловсролтой байх явдал. Хөдөлмөр бол гуравдугаар зэргийн
зүйл. Тэр тухай Р.Гамзатов хэлэхдээ “Өдөржин модны оройд донгодож байсан ч
тэргэнд орсон илжигний дуунаас хөхөөний дуу ямагт эгшиглэнтэй байдаг” гэж
хэлсэн. Энэ чинь тухайн хүнд байгаль эхээс заяасан авъяас зайлшгүй хэрэгтэй
гэдгийг л хэлсэн байхгүй юу.
-Ерээд онд Монголын яруу
найрагт Б.Лхагвасүрэнгийн арга барилыг дуурайсан нэг урсгал гарсан гэлцдэг. Энд
чухам ямар өөрчлөлт болсон юм бэ?
-Урсгал нь ч юу юм. Б.Лхагвасүрэн өөрөө нэг хувь тийм хүн
байж болно. Б.Лхагвасүрэнгийн жанраар бичдэг. “Боржигны бор тал” шиг ч юм уу? “Тэнгэрийн
хэвтэш болсон буурал тал минь” гэдэг шиг ч юм уу нэлээн сонин зүйрлэлтэй усыг
нь тас базчихсан даавуу шиг ширүүн мөрүүдээр зүлгүүрдсэн шүлгүүд байж болно.
Гэхдээ хүн болгон Лхагвасүрэн болж болохгүй шүү дээ. Арьсыг олон гишгээд л
байвал үс нь халцраад адсага болоод гэрийн хаяанд хаягддаг, үгүй бол нохойны
дэвсгэр болгож өгдөгтэй л адил шүү дээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр
нэг нь аятайхан юм гаргачихаар бусад нь дуурайгаад чадахгүй болохоороо юу ч биш
болгодог. Сүүлдээ Б.Лхагвасүрэн ч өөрийгөө давтсан байж магадгүй. Тэр нь тэгээд
зарим тал дээр монгол хэлээ гажуудуулсан ч байж магадгүй. Үг хэлийг мэдэрдэг
шүлэгчид хэлээ эвдээд байвал хэн ч биш болно шүү гэдгийг бидэнд сэрэмжлүүлж
хэлээд л байсан шүү дээ. Монгол хүн ямар ахуйн тусгалтайг Дамдинсүрэн гуай
хэлсэн байдаг. “Монгол хэл бол ахуйгаа тусгасан монгол сэтгэлгээ байдаг юм”
гэж. Хэл, сэтгэлгээ хоёр холбоотой байдаг. Тийм учраас Ц.Дамдинсүрэн гуай
үүлийг бичихдээ:
Ачаатай цагаан тэмээ хэвтэж байгаа юм шиг
Араг үүрсэн эхнэр бүжиглэж байгаа юм шиг
Арслан бар хоёр ноцолдож байгаа юм шиг
Ажигла тэр үүлийг гэж хэлсэн. Монгол хүн нээрээ тэр үүлийг
ачаатай цагаан тэмээ хэвтэж байгаагаар шиг ч юм уу, араг үүрсэн эхнэр бүжиглэж
байгаагаар харна. Тийм монгол сэтгэлгээгүй хүн нөгөө үүлийг чинь нүцгэн бүсгүй
багана тэврээд бүжиглэж байгаагаар ч харах юм бил үү. Ингээд л нөгөө монгол
хэлээ эвддэг байхгүй юу. Хэл бол өөрийн нарийн тохирол хуультай. Хэдийгээр
утгын харилцааг нээж байгаа гэж ярих боловч нэгийн зэрэг давхацсан байж болох
юм. Түүнээс биш олон хувь байж болохгүй. Тухайн үед Б.Лхагвасүрэнг дуурайсан
баахан дуураймал улс гарсан шүү дээ. Тэгж болохгүй. Зүгээр хувь хүний нь хувьд
Б.Лхагвасүрэнг би хүндэлдэг. Яруу найрагт шинэчлэл хийсэн. Гэхдээ Б.Явуухулан
шиг нь ч юу юм бэ. Б.Явуухулан л шинэчлэл хийсэн шүү дээ. Б.Явуухулангийн
“Мөнгөн хазаарын чимээ” л Монголын яруу найргийг сэрээсэн шүү дээ. Тэрний өмнө
Д.Нацагдорж гуай байсан. Ц.Дамдинсүрэн гуайг хэлж болно. Зарим хүмүүс
Ц.Дамдинсүрэн гуайг зохиолч биш гэдэг. Тэгж хэлсэн хүн бол тэнэг хүн байх.
Ч.Лхамсүрэн гуай “А, Б холбож үсэг бичиж сурдаггүйтэй адил Д.Нацагдорж,
Ц.Дамдинсүрэнг уншилгүйгээр зохиолч болсон хүн Монголд нэг ч байхгүй” гэж хэлсэн.
Тэгээд тэр Д.Нацагдоржийн “Миний нутаг”-ийг үргэлжлүүлж Б.Явуухулан “Би хаана
төрөө вэ”-г бичсэн. Одооны залуусын бичээд байгаа нөгөө “би үхэж байж ээждээ
очно” гээд байгааг чинь Явуу хэлэхдээ
“Үүрийн цагаан гэгээ урьтан тусах энгэрт
Үлдэж хоцорсон ээжийгээ байн байн санах юм” гэж бичсэн шүү
дээ. Нээрээ л тийм шүү дээ. Энгэр газар оршуулчихсан ээжийгээ амьд юм шиг санаж
байгаа хэрэг. Нээрээ л үүрийн гэгээ бидний унтаагаар тэнд л тусч
байгаа. Монгол хэл, сэтгэхүй гэдэг чинь ийм л нарийн юм. Тийм учраас
“Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөдийн минь өв их эрдэнэ” гэж Б.Ренчин гуай
дээдлээд:
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалтай
Хөгжим мэт яруу тунгалаг Монгол хэл мину” гэж хэлсэн.
Тэгээд л Д.Нацагдорж хэн ч хэлээгүй бадгийг хэлэхдээ:
“Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” гэж хэлсэн
шүү дээ.
-Яруу найраг
нь шинжлэх ухаан, техникийн дэвшил болон хүний хөгжлийг дагаж өөрчлөгддөг үү,
эсвэл тэр бүхнийг хөтөлж хөгждөг юм болов уу?
-Наад асуултад чинь би хариулж мэдэхгүй юм байна. Нөгөө
УИХ-ын гишүүд нь хариулна биз. Минийхээр бол байгальтайгаа зохицсон хөгжлийг л
хөгжил гэж хэлж байгаа. Бадамсамбуугийн хэлдгийг л би хэлээд байгаа. Тэгээд ч
монгол хүн бол төрөлх байгальтайгаа холбоотой. Технократ гэдэг чинь нэг их сайн
ч юм бас биш. Эх байгалийг бусниулдаг юм энэ. Ер нь улс эх орон техник, гэрэл
гэгээний хүчээр хөгжих үү гэвэл хөгжинө. Тэрнийг хэл соёлтой нэг их
хутгамааргүй байгаа юм. Сүүлийн үед даяарчлал гэж их ярих болсон. Түүнийг хэл,
соёлтой хутгаж ерөөсөө болохгүй. Бид гал голомтоо хүнээр самчуулдаггүй биз дээ.
Бидэнд хадгалж үлдэх тэр дундаа монгол хэл, соёлоо хадгалж үлдэх нь юу юунаас
чухал зүйл шүү.
-Сүүлийн үед
яруу найрагт олон чиглэл, үзэл бодол орж ирж байх шиг байна. Энэ зүй ёсны зүйл
үү? Таны бодол...
-Тал зассан улс зүй ёсных л гэдэг юм. Зүй ёсныхсоод байх
ч юу байх вэ? Ер нь бол модернизмыг гайхамшигтай зүйл гэж тунхаглаад байх
явдалгүй. “Юу ч чаддаггүй хүн модернист болдог” гэдэг үг бий шүү дээ.
-Уламжлалаа
хадгалсан жинхэнэ монгол яруу найраг гэж байна уу. Ганц нэг шадыг жишээлж хэлэх
үү?
-Байна. Жишээ нь Д.Цоодолынх байна. За тэгээд хөгшчүүдээ
магтаад яах вэ, залуу хүмүүс бас байна шүү дээ. Жишээ нь Ц.Хулан байна.
“Цэцгийн толгой тасддаггүй үртэй болохыг хүснэ би
Цэцдийн толгой тасддагүй төртэй байхыг хүснэ би” гэж хэлсэн.
Үүний уламжлал нь хаанаа байна гэхээр зургадугаар далай лам Цаянжамц:
“Эмнэг морийг уургатай нь алдахад эргүүлж барих уурга
байдаг
Эхнэр хүний минь сэтгэл хулжихад эргүүлж барих уурга
байдаггүй” гэж уургыг хоёр хэлсэн байдаг. Тэрэн шиг хоёр толгойг Хулан хэлсэн.
“Эмзэг гоё сарнайг бүгдээрээ мэддэг ч
Эвэнд орсон
цэцгийг хүн мэддэггүй” гэж хоёрхон мөрөнд хэлсэн шүү дээ. “Зүлгэн дээр гэрээ
бариад
Зүгээр л нэг амьдрах сан” гэж.
Нээрээ өнөөдөр зүгээр л нэг амьдармаар байна шүү дээ. Тэгэхээр энэ
уламжлалаас авсан авъяас хүнд байна уу гэвэл байна. Тэрний жишээ Ичинхорлоод ч
гэсэн байдаг шүү дээ.
“Төгөлдөр сайхан эр хүн уртын дуу аялахад
Толгой минь эргэх шиг болоод
Төдхөнөө миний тохойд хүрч сугадахад нь би
Хатан хаан шиг бардмаар сугадуулдаг” гэх жишээтэй.
-Та бол яруу
найрагчаас гадна уран илтгэгч хүн. Аливаа зүйлийн тухай хүмүүсийн сэтгэлд
хүртэл уран цэцнээр ярихад бас авъяас хэрэгтэй юу. Эсвэл их юм унших явцдаа
цээжилчихсэн байдаг юм уу?
-Олон юм уншсантай холбоотой. Дээр нь монгол хүний яс
маханд байдаг төгөлдөр чанартай холбоотой. Бидний үеийнхэнд шүлэг их
цээжлүүлдэг байсан. Нэг сонсоод хоёр дахь дээрээ л цээжилчихсэн байдаг. Ой
тогтоомж хөгжүүлэх ажлыг их хийдэг байсантай холбоотой. Тэгээд яахав хувь хүний
онцлоггой холбоотой л доо. Би бол ном их уншдаг байсан. Гэхдээ уншсан зүйлээсээ
сорыг нь авч цээжлэх хэрэгтэй. Түүнээс уншсан болгоноо цээжилнэ гэвэл тэр
бүтэхгүй.
“Дуслыг хураавал далай болно
Дуулсныг хураавал эрдэм болно” гэж цэцлэн хэлсэн байдаг.
Манай ард түмэн бол эрт үеэсээ яруу найргийн сэтгэлгээтэй байсан.
“Суут эзэн богд Чингис өөрөө яруу найрагч байжээ
Сувд мэт үгсийг уруулаасаа унагадаг байжээ
Сул бичээч түүнийг нэгд нэгэнгүй түүвэрлэж аваад
Сургаал билиг болгон эрдэнэсийн хайрцагт хураан бидэнд
хүргүүлжээ” гэж би хэлсэн. Тэгэхээр энэ монгол яруу найргийн сэтгэлгээ гэдэг
хамгаас чухал юм.
-Яруу
найрагчид их олширлоо. Чанар, шалгуурын тухай болон “Болор цом”, бусад найргийн
наадмуудын талаар таны бодол. “Болор цом”-д түрүүлсэн найрагчид дахиж орж
болдоггүй хэрэг үү?
-Чанар, шалгуур байлгүй яах вэ. Тэр “Болор цом”-ын
шүүгчид гэж бас нэг бохирын савыг нь тарьдаг нөхөд байна. Сүүлийн үед жонх
бантанг нь хутгасан шүү дээ. Урьдчилаад тохирчихдог болсон. Хэн түрүүлэх нь
тодорхой болчихсон юманд ороод ч яах билээ. Уул нь эхлээд их сайхан байсан.
Ёстой л найргийн хур буудаг байлаа. Шалгуурын тухайд бол уншигчид л шүүнэ.
Уншигчдаа л алдах юм бол шүншгээ алдсан бурхантай адил болно.
-Хоёр
товхимол гаргасан хүнд яруу найрагч гэсэн сэтэр өгдөг болчихжээ. Энэ хэр зөв юм
бол?
-Тэр бол
одоо цагийн араншин. Тэгэхээр цаг үеэ шүүмжлэхээр нэг хэцүү, шүүмжлэхгүй байхаар
нэг хэцүү болчихож. Дээхнэ үед Ишданзанваанжил “Гүнгийн зуугийн гэгээний алтан
сургааль”-даа лам нараа шүүмжилсэн байдаг шүү дээ.
“Ширээн дээр суух нь хувилгаан багшийн дүртэй
Шилдэг морь унах нь наймаа панзын янзтай
Шилбэлзэн загнах нь зусар зулхайн байдалтай
Шинэ цагийн бурхан гэгч ийм агсан ажгуу” гэж 1905 онд
бичиж байсан. Түүн шиг л шинэ цагийн оддын хийж байгаа ажил нь тэр. Од одондоо
гэрлээ нэмэлцдэг болохоос биш од ододтойгоо шахцалддаггүй. Одтой торгон хөнжлөө
нөмөрсөн орчлонд бид л харин шахцалдаад байна шүү дээ. Учиргүй олон яруу
найрагчид төрж байгаагийн буруу нь юу байх вэ. Тэрний шүүгч нь уншигчид байна.
Монголын яруу найргийн нэг хэмжүүр бол бүтээлээрээ хэмжигдсэн явдал байсан шүү
дээ. “Хүрэн морь” гэхээр Ч.Лхамсүрэн, “Тагтаа” гэхээр Д.Сэнгээ, “Би монгол хүн”
гэхээр Ч.Чимэд л гэдэг ийм хэмжүүр байсан байхгүй юу? Энэ бүтээлээрээ
үнэлэгдэнэ гэдэг бол хамгийн том бодитой үнэлгээ юм.
-Залуу яруу
найрагчдад хандаж таны хэлэх зөвлөгөө?
-Хамгийн гол нь би болчихлоо л гэж бодож болохгүй. Тэгээд
ямагт өөрийнхөө авъяасыг хурцалж, мэдлэгээ цэнэглэж байх хэрэгтэй.
-Эцэст нь та
Монголын нэртэй, ахмад яруу найрагч, соёлын зүтгэлтний хувьд сэтгэл эмзэглэж
явдаг зүйлээ хэлж, сургаалаа хайрлана уу?
-Сүмбэр
уулын ерөнхий суурь нь доргих учиргүй. Ерөөлт гэгээн нар сарны тохиол, эргэлт
солигдох учиргүй гэж сургаал байдаг. Хэн дуртай болгон нь нарыг солиод
байдаггүй. Шөнийн харанхуй нарыг мянга дахин залгисан ч нар зүүн хойноосоо
ургахдаа л ургадаг. Тэгээд би энэ харанхуйг биш гэгээн сайхныг ялгах байх, энэ
нийгмийн булингар буртаг арилах байх, нүднээс хүртэл нулимс гарч хог тортогоо
угаан цэвэрлэдэг, нуур хүртэл долгисоороо муу муухай бүхнээ гадагшлуулдаг шүү
дээ. Нийгэм хүртэл өөрт хуралдсан муу муухай бүхнээ угаан цэвэрлэх цаг нь
болжээ л гэж хэлмээр байна даа.
Сэтгүүлч Н.Ариунбаатар
Эх сурвалж: "Төгсөгчдөөс төрсөн алдартнууд" номоос
No comments:
Post a Comment