-Таны нэрийн хуудас (бага
нас, сурагч, оюутан ахуй үе).
-Миний бие Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төрсөн, эмэг
эхийн гар дээр өсч сургуульд орсноосоо хойш дотуур байрыг л эрхэмлэж ирсэн дээ. Оюутан ахуй үе ч бас дотуур
байр, өсөж хүмүүжсэн орчин минь тэр юм даа. Хүний хувийн зан чанар бол сайтай,
муутай л байх, гэхдээ байранд өсч хүмүүжсэн улсын ихэнхи нь шударга, нийтэч
байдаг юм. Намайг бага байхад манайх Цээлийн голын тэргүүн баян айл байлаа.
Хоёр азарга адуутай, хоёр мянга гарсан бог малтай... Би бол ээжийгээ гэртээ
байхад нь гарсан галын зээ л дээ. Манайд хоёр хөгшний хонь малыг хардаг нэг
"зарц хүүхэд" гэж байсан юм. Тэр ахтай би тоглоно, тэр үед чинь
сургууль гэж манай суманд байгаагүй, багш гэж үг мэдэхгүй. Тэр хүүхэд намайг "Энэ юу ч мэдэхгүй байж, дандаа бошго
болж тоглох гээд байх юм" гэж ховлодог байж билээ. Тэр бошго гэдэг
нь чухал хүн байж л дээ, ээж хувь заяа нь юм байлгүй дээ л гэдэг байж билээ.
Удалгүй өвөө нас бараад, нэгдэл байгуулагдаад, сургуульд миний дотуур байрны
мах төлөх гээд л ганц чавганц тэр хол, тэгээд ч малаа хүчрэхээ байж, хүн
амьтанд өгөөд, гэрээ хасч жижиг болгоод тэгээд л ядуурсан даа...
-Мартагдашгүй ач
тусын тухай таны бодол?
-Надад ач тус болсон хүмүүс олон, хамгийн эхлээд хөгшин ээжийгээ дахин дурсчихвал
уйтгартай биш байх. Миний эрхэм олон багш нар
бүгдээрээ л ач тустай, Цээл сумын бага ангийн багш С.Сэдбайдар багш надад бичиг үсэг, дэлхий
ертөнцийг таниулж, Говь-Алтайн 10 жилийн физикийн багш Б.Баатар
надад анх физикийг үзүүлж, эрч хүчийг өгсөн, МУИС-ийн ЭХФ-ийн багш Х.Сүхбаатар шинжлэх
ухаанд хүчин зүтгэх арга замыг зааж өгсөн ачтай хүмүүс билээ. Бас нэг
мартагдашгүй ач тус бол амьдралын минь замналыг өөрчлөхөд хүргэсэн манай нагац
Д.Сэр-Од гэж хүн байсан.
-Орчлонд хүн болж
төрсний хувьд өөрийнхөө бас бусдын тухай юу өгүүлэх бол?
-Би Түлш, эрчим хүчний яамны харьяа одоогийн нэрээр бол
Эрчим хүчний хүрээлэнд олон жил болсон хүн. Манайд П.Очирбат, С.Батхуяг,
Т.Цэвэгмид, Д.Буриад, Ц.Цэдэндамба, Б.Нүүрэй, Б.Очиржав, М.Бум-Аюуш, З.Шагдар,
З.Цэнджав гэдэг олон хүн, тэр үеийн бол нам, төрийн ажилтан, эрдэмтэн
докторуудаас "яг зэрэгцэн сууж" их юм суралцсан. Бас надтай нэг баг
болон ажиллаж байсан ШУТИС-ийн эрдэмтэн багш Х.Цагаан, Д.Содномдорж нараас
харилцан суралцаж, шинжлэх ухаан, зураг төсөл, техник, эдийн засгийн олон арга
барил, аргачлал эзэмшсэн. Одоо эрдэм номонд хамтран ажиллаж, асууж, лавлаж
байгаа залуу багш нар ч олон бий. За би ер нь бусдын тухай сайнаар өгүүлэх гэж,
оюунлаг хүмүүсийг сурган хүмүүжүүлэх гэж "Эрчим хүч & Engineering"
гэдэг сэтгүүл 1990 оноос эрхэлж, одоо 70 дахь дугаараа гаргах гэж байна.
-Сайхны
дээдийг бэлгэдэн цайныхаа дээжийг өргөн хүлээдэг ээж, аавынхаа ачлал хайрыг
дээдлэхийн учир?
-Би ч хөгшин ээжийгээ л их хүндэтгэж ирсэн дээ. Тэр хүний
надад өгсөн эрдэм их арвин юм аа. Манай хөгшин ээж чинь Харнууд дацангийн олон
лам нарын дүү л дээ, тэд нар нь бүгд одоогийн "дээд монгол" гараад
явчихсан, ганцаараа үлдсэн хүн байсан юм. Хөгшин ээж бид хоёр шөнө орой болсон
хойно хамтдаа гарч хотоо эргэдэг байлаа л даа. Тэр үед л "одон орны
хичээл" орно шүү дээ. Марал тэр байна, мичид голлочихсон байна, шөнө
оройтжээ гэдэг юм уу, голдуу л од сарны тохиож байгаа, бороо орох, салхи шуурах
талаар мэдээлэл өгнө. Тохиох гэдэг нь таяг тойргоороо хөдөлж байгаа эрхэс
давхцахыг хэлж байгаа юм. Шинийн тооллоор бол сар бүрийн 20 өнгөрөөд ирэхлээр
чинь салхи шуурга тавина шүү дээ. Ер нь 22-нд бол агаарын хямрал явагдаж
байгаа, хаанаасаа ямар цаг уур давамгайлж байгааг зааж өгдөг байлаа. Бас хоол
ундтай зөв харьцах, ер нь бол үнэндээ хэрхэн бага идэхийг л заана. Одоо тэгээд
хөгшин ээжийн хэлснийг ягштал баримтлаагүй өөртөө гомдож, хааяа бие лагшин
чилээрхэх, дагалдах зовуурь бий болж байна даа гэж боддог. Ер нь амьдралд бол
зөв хооллох, зөв уух явдал маш чухал үүрэгтэй гэж боддог. Тэрээр хүний төлөө
хүн байдаг гэдгийг надад анх ойлгуулсан гэж боддог. "Хүний төлөө хүн
болсон юм шиг" гэдэг базаахгүй үг ч бий л дээ. Хаана л хүн амьтан өвдөнө,
ажил төрөл нь бүтэхгүй байна намайг л яв гэдэг байсан, би "жаахан
залхуурсхийгээд" л ээжийнхээ үгэнд орно шүү дээ. Хүний ажлыг нь бүтээж
ирчихээд цай, хоол идэж, бас ялигүй магтаалын үг сонсоод сууж байх бас л нэгэн
насны жаргал байсан юм даа. Хүний дээр гарч сууж болохгүй, чамд зохихгүй гэдэг
байсан, учир нь чи "өнчин шахуу" өслөө, хүнд өөрийн хувь тавилан гэж
байдаг, тэрийг зөрчиж үл болно гэж хатуу сануулдаг байсан. Би үүнийг хэр сахиж
амьдарснаа одоо ч ойлгоогүй байгаа, зөв үү, буруу юу гэдгийг тунгаасангүй. Намайг
эрдэм номд дуртай болгосон цорын ганц хүн шүү дээ. Чухамхүү энэ гавьяаг нь одоо
хүртэл залбиран мөргөж, ийм хөгшин ээж заяасан нь юутай ач гавьяа вэ гэж бодох
үе байна.
-Бие биедээ
уусан ижилдсэн хань, энэ насны нар болсон үр хүүхэд, ач зээ нарынхаа талаар ?
-Хүүхдүүд гадаад, дотоодод суралцаж, сайн сайхан ажил
төрөл эрхэлж байна. Миний амьдралын хоёр дахь гол үүргийг, ажил, амьдралын
замыг хамт бүтээлцсэн хүн бол манай гэр бүлийн хүн Дунийн Дашпүрэв багш байлаа.
Дөрвөн сайхан хүүхэд гаргаж, өөрөө бас борви бохисхийсэнгүй ажиллаж, амьдралыг
хамтдаа туулж, урагшилсаар байна. Илүү дутуу зан гаргасангүй, даруухан, тэгэхдээ
л бас өөрийнхөөрөө л зүтгэж явна. Бид чинь бага залуудаа, хамтдаа үр хүүхдээ
сайн хүн болгож өсгөх, болбол эрдэмтэн болох, намд орох, орон сууц олж авах
гэсэн цөөхөн зорилго тавьж байсан санагдана. Бүгд л биеллээ оллоо. Бас номонд
нэртэй байхын тулд бид хоёр хамтран "Инженерийн нэвтэрхий толь
бичиг", "Шинжлэх ухаан, техникийн тайлбартай толь" гэдэг хоёр
сайхан ном бичлээ, одоо бид аялал, жуулчлалд гол анхаарлаа төвлөрүүлж,
"үүргэвч"-ээ бэлтгээд байна.
-Хийж
бүтээхийн жаргал гэдгийг хэрхэн ойлгодог вэ ?
-Ямарваа ажлыг хийж байх үеийн, хийж дуусах үеийн жаргал
гэж байна. Таны асуулт чухамхүү хийж бүтээхийн жаргал гэдгийг л хэлж байгаа
учир ямар нэгэн бүтээл хийж дуусах үеийн сэтгэлээ та бүхэнтэй хуваалцаж байна.
Миний багш нарт хэлдэг нэг үг байдаг, "ажлыг эхлэх амархан, дуусгах
хэцүү" гэж. Үнэхээр дуусгах үе хэцүү, дуусч өгнө гэж байхгүй. Гэхдээ эргэн
бодоход тэр л хийж бүтээхийн жаргал байх шүү. Маргааш өглөө нь бүтээсэн ажил
чинь, хэвлүүлсэн ном чинь дахин эргүүлж харахад "хуучирчих шиг"
болдог, тэрийг засдаг байж, энийг нь ингэдэг байж гээд л мөнхийн цикл эхэлнэ
шүү дээ. Ялангуяа техникийн шинжлэх ухаанд төгс төгөлдөр юм ховорхон, шинжлэх
ухаан техникийн хөгжил нь өөрөө нийгмийг, хүмүүнийг "хурдасгаж"
байдаг тул цаана нь гарна гэхэд "геометрийн прогресс шүү дээ"...
-Сайхан
хүний тухай таны бодол эргэцүүллийг сонирхвол?
-Сайхан хүмүүс зөндөө, дэлхий ертөнц гэдэг энэ сайхан
хүмүүсийн эерэг бодол санаа, оюун ухаан дээр тогтож байна. "Амьдрал хайр
дээр тогтдог" гэдэг хамгийн үнэн. Хайр гэдгийг харин хэн яаж ойлгож байна
гэдэг нь сонин байгаа юм. Дурлал ч ялгаа байхгүй, гоё юманд дурлаж байж, сайхан
юманд шунаж байж, ертөнц, эх нутгаа хайрлаж байж хүн нийгмийн дунд бодтойгоор
орших ухагдахуун юм.
-Шагналын талаар
таны бодол? Таны шагнал таны оюун санаа, бие сэтгэлд нөлөөлснийг хуваалцвал?
Ойрын жилүүдэд хийж бүтээхээр сэтгэл шулуудан төлөвлөсөн зүйл ?
-Шагнал бол урамшуулал, бүтээхийн хөшүүрэг, харин хүний
амьдрал биш. Хэрэв чи бүр чухал гэсэн хүнээ шагнамаар байвал мөнгөөр шагна.
Мөнгө хэрэггүй гэж цаад хүн чинь үзвэл аль нэг буяны санд шилжүүлэх юмуу, хүнд
хэрэгтэй зүйлд зориулах болно. Социализмын сэтгэлгээнээс салж чадаагүй, тэгээд
нөгөө талаас хүнийг баярлуулах юм олоогүй хүмүүс шагналын шуурганд автаж,
"тэргүүний ажилтан" гэдэг тэмдгээр дүүрч, байгууллагууд
"өргөмжлөлөө" хадах газар олдохоо байлаа. "Олон нийтийн
байгууллага" гэж нэг нөхөд хэн нэгний ивээлээр багахан мөнгө авчихаад юу
хийж байна гэхлээр нь "өргүй байгууллага", "тэргүүний
байгууллага" шалгаруулж, замбараагүй шагнасаар байгаад аль нэг
байгууллагын даргын өрөө "гэрчилгээ, өргөмжлөлийн архив" болж байна.
Манай эрчим хүчнийхэнд бол бүр дүүрэн, дарга нарын албан тушаалдаа байж байх
нэг хэлбэр ч байж мэдэх юм. Хийж бүтээхээр шулуудсан ажлын тухайд төлөвлөж,
дотроо бодож явдаг зүйл их ээ, "хэлчихлээр биедэггүй" л гээд байдаг
юм даа...
-"Монгол
жудаг"-ийн талаар таны сэтгэлийн үг?
-"Монгол жудаг" гэнэ ээ, ерөөсөө хүний жудаг
гэж байх ёстой байх. Хүмүүн төрөлхтний төлөв байдал, зан чанар шүү дээ. Монгол
хүнд оюунлаг сайн чанарууд их бий, түүнийг өчнөөн мундаг хүмүүсийн хэлсэн
оновчтой үгс батална. Гэхдээ бид нүүдэлчид бол хувиа бодсон, нийгэмд хамтран
амьдрах чадваргүй, хөдөлмөрлөх чин сэтгэлгүй, нийтийн хэрүүлч, гудамжинд
шээдэг, юмыг дүрэм, журмын дагуу хийдэггүй, ажлыг дуртай нь аргагүй эхлээд
хаядаг, ямаан омогтой, бохир заваан, худалч, хулгайч, архичин, садар байдаг. Та
намайг нүүдэлчний соёлыг муу хэллээ гэж битгий сандар. Та хамгийн ойроор нь
өглөө босоод хотын гудамжаар алхаарай, нил хог. Өдөр яваад хараарай, цул
хэрүүл, орой явахад тас харанхуй, зодоон цохион, хулгай, дээрэм..., ерөөсөө л
хөдөлмөрлөх дургүй улс. Хөгшрөхөөрөө хүн хийдэггүй, шүүмжилдэг болдог гэсэн, за
больё.
-Дэлхийн
соёл иргэншилд монгол хүний оруулсан хувь нэмрийн тухай таны ойлголтыг
сонирхвол?
-Соёл иргэншил гэдэг бол байгалийн бус хүмүүн төрөлхтний
бүтээл, тэгэхлээр дэлхийн соёл иргэншилд бидний өвөг дээдэс гүн ухааны тодорхой
мэдлэг оруулсан, эдийн засаг, өмчлөлийн асуудлыг хөндөж байсан, ардчиллын
элементүүд байсан... За энд миний мэдлэг дутах юм байна, одоо нэг ийм үг байдаг
"Удирдагч хүнд мэдлэгээс гадна мэдрэмж хэрэгтэй" гэж. Мэдлэг гэдэг
бол үлэмж өргөн утгатай бөгөөд баялгийг бүтээхэд шаардлагатай бүхий л ур
чадвар, соёлын хуримтлал юм. Мэдрэмж нь бол "Итгэлт баян хэдэн адуу, хэдэн
лан мөнгөө Вандановт барих гэж яваад Хасбаатар жанжиндаа барихыг хэлж байгаа юм
болов уу"...
-Улс орноо
хөгжүүлэх талаар юм үзэж, нүд тайлсан хүний хувьд таны бодол?
-Бусдын аливаа хэрэгцээг соргог мэдэрч, түүнийг хангах замаар
ашиг олох ухаан сэдэж, билиг авьяасаа дайчлан хөдөлмөрлөгч хүн бол эдийн засагч
хүн, эдийн засгийн хувьд хөгжингүй улс орон байж чадах юм аа. Адам Смитийн
хэлсэнтэй адилхан болчихлоо, тийм болохоор хоёр хөрш, цааших улс орны хэрэгцээг
цаг хугацаа, орон зайтай нь мэдэрч чадвал дэлхийн зах зээлийн өргөн харилцаанд
шурган орох "өчүүхэн цоорхой" олдоно байх гэж найдна.
-Улс эх
орныхоо ирээдүйн тухай таны төсөөлөл, түүнд оруулах бидний хувь нэмэр гэвэл?
-Хүн бол хүүхдүүдээ сайн хүн болгох ёстой, дараа нь шавь
нараа сайн хүн болгоход зүтгэх ёстой. Чиний, миний гэхгүйгээр залуу үед маш их
анхаарал тавьж, орон зайг нь цаг хугацаанд нь өөрөөр нь өөрсдийг нь бий болгох
юм бол улс эх орны ирээдүй тодорхой болох биз дээ. "Инженерүүд бол
нийгмийн хөдлөгч хүчин, ирээдүйг гардан байгуулагчид болно" гэж манайхан
хэлдэг юм. Тун удахгүй инженерүүдийн хөдөлмөр гайхамшигтай үнэлэгдэж, тэдний
сэдсэн, санаачилсан бүхэн үйлдвэрлэлд нэвтрэх үед манай нутаг дэвсгэр дээр
дэлхийд хосгүй, гайхамшигтай инженерийн бүтээлүүд бий болж, аялал жуулчлал,
даатгалын орлого нэмэгдэх юм. Та төсөөл, жинхэнээрээ нэг сая морины хүчтэй
"Шивээ-Овоогийн их энергийн төв", Шаргын говиос эхлээд монголын дорнод
тал хүртэлх "Их говийн ногоон хэрэм", Булганаас Ямаат уул хүрэх Өмнөговийн
"Хаалттай усан сан", Жанжин Чойрын орчимд сүндэрлэх "Дэлхийн
зугаацлын ордон", Алтай Таван богд, Очирваанийн оргилд босгох "Цаг уурын
зохицуулах төв", Матад-Тамсагийн сансрын "Нислэгийн хаалттай
бүс", Дорнодын гурван загал, мардайн "Цөмийн энергийн төв",
Баянхонгор, Говь-Алтайн дархан цаазат эх газрын адал явдлын "Төгс баян
бүрд" гэсэн инженерийн шийдэл, олон мэргэжлийн инженерийн багийн хамтарсан
бүтээлүүд, соёлын өв байх юм. Манайд инженерийн хөдөлмөр, аялал жуулчлал,
даатгалын салбар хүчээ авах 2050 оны түвшинд эрдэс баялаг, нүүрс, энерги,
хүнсний цэвэр бүтээгдэхүүн дэлхийд алдарших болно. Бас монгол хүний гений
бүтцийг их сонирхох болно, ирээдүй маргаашаас эхэлнэ.
-Таны хобби.
Таны, танай гэр бүлийн бахархал ?
-Ер нь хобби бол аялалд явах, хөдөө хээр явж, байгаль
орчин, тэнгэр бурханы тухай бясалгах асуудал юм байх. Бүр бага байхдаа хонинд
явахдаа л их юм бодож төлөвлөдөг байж дээ. Сумынхаа төвийг хөгжүүлэх, их том
зохиол бичих, үйлдвэр уурхай байгуулах, баян хүн болж хүнд тус болох, нэг их
гоё "мерседес"-тэй болох... гээд л, харин амьдралд аль нь ч миний
гараар тэр гайхамшгууд нь нүдний өмнө боссонгүй. "Уриа, урагшаа, эрүүл
мэнд, эрх чөлөө, энерги, амжилт бүтээл" бол миний болон манай гэр бүлийн бахархал.
-Ажил,
мэргэжил, хамт олныхоо талаар таны ирээдүйн төсөөллийг сонирхвол?
-Манай сургууль улам бүр өсч хөгжих нь гарцаагүй, ирээдүй
харагдаж байна. Тэгэхдээ лабораторийн баазыг хэрхэн бий болгох, салбарын
байдалтай байх юм уу, шинжлэх ухааны ангиллыг барих юм уу, шинжлэх ухааны
үндсэн чиглэл, тэргүүлэх салбаруудыг хэзээ байгуулах, магистр, докторыг хэрхэн
бэлтгэх вэ гэх мэт бодох асуудал байлгүй яах вэ.
-Амьдралын
тухай, анд нөхдийн тухай сэтгэлийн үгийг тань сонсвол...
-Анд нөхөд маань сайн нь сайхан, муу нь муухан л амьдарч
байна. Амьдралын асуудал босч ирэх бүрд ихэнхи хүмүүс Засгийн газар, удирдагчид
юу хийж чадах вэ гэсэн асуулт тавьж байна. Найз нар минь үнэндээ та
удирдагчдаас тусламж эрэх эрхтэй боловч өөрийнхөө төлөө тэднийг бусдын эсрэг
турхирах гэсэн далд санааныхаа оронд өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн төлөв
байдлыг судлахад гарц олдоно. Амьдралаа алдвал ирээдүйгээ алдана гэсэн үг, эрх
чөлөөгөө алдвал одоогоо алдана гэсэн үг, одоо хүртэл хийсэн бүхнээ үгүйсгэвэл
өнгөрснөө алдаж байна гэсэн үг. Бас хүнд өөрийн амьдрал, эрх чөлөө, зүй ёсоор
бий болгосон өмч хөрөнгөө хамгаалах эрх бий. Хонхны дуу болгон хүнийг
сэрээдэггүй, тэр нь залуучууд, хүмүүсийг дэг журамтай, амар тайванд хүрэхийг
уриалан дуудаж байгаа нийгмийн дуудлага, харин сүм хийдийн хонх бол хүн
төрөлхтний амьдралын мөнхийн дуудлага юм.
-Олон мянган
шавь нар, төгсөгчдийнхөө тухай эргэн дурсвал?
-Одоо бас л олон шавьтай болж байна. Гэхдээ зөвлөх
багшаар ажиллаж бүрэн төгсгөсөн нь 2007 оны Цахилгаан системийн Доржгэрэл
даргатай анги юм. Боловсролыг зөвхөн ангид олгодог мэт дүрийг
"удирдлага" боддог байх, хүнээс суралцах, орчноос суралцахаас гадна
нас биенд хүрсэн хүний сурах эрмэлзлийг хааж байдаг нь хуулийн муу тал байх л
даа. Манай ЦС-ийн анги, эрчим хүчний мэргэжилтэн болж байгаа олон шавь нар чинь
ихэнхи нь салбартаа ажилд ороод гурав, дөрвөн жил болоод л удирдах ажилтан,
тасгийн дарга, ахлах инженер гээд л "чухал ажилтан" болчихно шүү дээ.
-Шинжлэх
ухаанд зорьсон таны өгсүүр замын дурсамж, амжилт, бахархал?
-Яах
вэ, эрчим хүчний шинжлэх ухаанд их л зүтгэлээ. 1986-1990 онуудад Монгол улсын
эрчим хүчний хангамжийн схем хийж явахдаа Ленинград хотын ПТДС-д В.А.Окороков
гэдэг профессортой танилцсан юм. Тэгээд л шинжлэх ухааны докторын зэрэг
хамгаалах зориг шулуудаж "БНМАУ-ын эрчим хүчний хөгжлийн шийдэл гаргах
техник, эдийн засгийн зарим онцлог асуудлууд" сэдвээр диссертаци бичлээ.
Украйны Хмельницкийд сурч байсан охиноо дуудлаа, урьдчилсан хамгаалалт
амжилттай хийлээ. Буцаад иртэл Эрчим хүчний хүрээлэн мөнгө, санхүүжилтээс болж
хөдөлгөөн орлоо. Наймаа хийж "баяжих шунал" хөдөллөө, тэгээд л гараад
явчихсан, шинжлэх ухаанаа мартаад хэдэн жил хувиараа явсан. Энэ бол амжилт,
бахархлын тухай дурсамж биш ч гэсэн шинжлэх ухааны нарийн жимээр өгсөж хүрсэн
газар минь юм даа.
Эх сурвалж: "Төгсөгчдөөс төрсөн алдартнууд" номоос
No comments:
Post a Comment