Thursday, 18 October 2012

Ш.Гүрбазар: Хошин өгүүлэхүйн урлагаар тоглолт хийх нь миний мөрөөдөл


Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар “Бодоход инээдтэй шүү” өвөрмөц нэртэй хошин өгүүлэхүйн тоглолтоо өнөөдөр УДЭТ-т тог­лох гэж байна. Яруу найрагч Ш.Гүрбазартай тоглолтынх нь талаар ярилцсанаа хүргэе. 

-Таны тоглолт хоёр өдөр болох нь ээ. “Бодоход инээдтэй шүү” нэрний хувьд их сонин санагдаад байна?
 
-Аравдугаар сарын 16-17-нд УДЭТ-т “Бодоход инээдтэй шүү” гэж хошин инээдмийн тоглолтоо хийх гэж байна. Бие даасан тоглолт гэдэг маань үндсэндээ би өөрөө тэр бүхнийг гүйцэтгэнэ гэсэн үг. Ингэхдээ би нэг зүйлийг рек­ламдаа ч , хэвлэл мэдээллээр ч байн байн тайлбарлаад байгаа юм. Энэ бол Михиал Задорнов, Иванийзский ч гэх юм уу бидний хамгийн сайн мэдэх, энэ урлагаар дагнасан, энэ урлаг нь хүнд хүрч алдаршсан, дэлхий нийтэд нэрээ гаргасан ийм хүмүүс байдаг. Тэдний загвараар хийх гэж байгаа юм аа гэж хэлэх гэсэн үүднээс тэр бүхнийг иш татаад байна. Яагаад иш татаад байна гэхээр манай үзэгчид өндөр боловсролтой, соёлтой, ялангуяа Оросын соёлыг сайн мэддэг учраас. Хэрвээ үзэгчид Михаил Задорнов хэмээх уран бүтээлчийн тоглолт, концертуудыг үзвэл миний тоглолтын тухай ойлголт олж авна. Тэгэхээр Задорновын лекцийг монгол хэл дээр унших ч юм уу, түүнийг нь махчлан дуурайна гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр өнөөдрийн хүн төрөлхтний бүх урлаг дотор бүхий л төрлийн урлаг тэр ч байтугай шинэ шинэ урлагийн хэлбэр, урсгалууд хөгжсөөр явна. Үүнээс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэлбэр бол энэ ганц хүний ярианы өгүүлэх урлагийн хэлбэрүүд байдаг. Энэ урлаг сүүлийн үед Хятадад маш их хөгжиж байна. Европын орнуудад бас хөгжиж байна. Тэгэхээр энэ бүхнийг харсны үндсэн дээр монгол хүн ч гэсэн хийж чадна шүү гэж бодсоны улмаас энэхүү тоглолтоо хийе гэж зорьсон юм. “Бодоход инээдтэй шүү” гэдэг нэрний хувьд амьдрал дээр инээдтэй юм байна бахархаж эгдүүцмээр ч юм бий. Бүр доог хиймээр ч юм байна. Энэ бүгдийг багтаана. Ийм хэлбэртэй юмыг хүргэхийг зорьж байгаа. Миний тоглолтыг “G Еntermaint” хамтарч зохион байгуулна.

-Тоглолтынхоо талаар тодорхой мэдээлэл өгөөч. Та ганцаараа хошин өгүүлэхүйн төрлөөр үзэгчдэд тоглолт үзүүлэх юм уу?
 
-Өөрийгөө магтуулж олон хүн цуглуулах гэсэнгүй. Сүүлийн хэдэн жил энэ урлагийн талаар сонирхож судалж, Задорновын тоглолтыг бичлэгийг үзэж хоёр гурван зохиолыг орчуулагчаар орчуулуулж байгаад л нэг өдөр хийе гэж зориг шулуудлаа. Та бүхэн Задорновыг мэднэ нийгмийн болж бүтэхгүй бүхнийг хошин хэлбэрээр егөөдөж ярьдаг хүн. Би хоёр цагийн турш хошин хэлбэрээр инээдмийн юм ярина. Би өөрөө зохиолч хүн нийгэмд болж бүтэхгүй байгаа юмыг харж, бодсоныгоо эргэцүүлж зохиол болгож өгүүлнэ. Энэ урлагийн онцлог нь өөрийнхөө зохиолыг хүнд хүргэж өгүүлэх явдал. Миний ярих гэж байгаа зүйл үндсэндээ 4-6 зохиол бэлтгэсэн. Хүргэх хэлбэрүүд нь жаахан өөр өөр өнгө аястай. Хөнгөхөн ч юм байна.

-Яагаад заавал УДЭТ-т тоглолтоо хийхээр болсон юм бэ. Таны тоглолтыг үзэгчид дуу хуур, дуучидтайгаар төсөөлнө?
 
-Драмын театрыг сонгосон гол зорилго нь үүнийг урлаг болгож хүнд үзүүлэх гэсэн юм. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулж, тайз чимэглэлийг Ж.Ганхуяг хийнэ. Драмын урлаг учраас үзэгчдэд илүү ойрхон ойлголт өгөхийн тулд УДЭТ-ыг сонгосон. Тоглолт дундуураа хөгжмийн завсарлагатай. Гүрбазар гэхээр дуучдын тоглолт гэж ойлгоод байх шиг. Харин энэ удаад дуучид тоглолтод оролцохгүй.
 

-Хошин урлагийн мэдрэмжтэй хүн энэ урлагийг цаашид хөгжүүлэх байх. Манайд ер нь хэр хөгжсөн урлаг вэ?
 
-Хөгжиж байсан. Жүжигчин Д.Бямбацогт Г.Равдан Д.Сосорбарам нар том шоуны чиг үүргийг нь гаргасан. Намайг одоо энэ урлагаар тоглолт хийхэд цаашид өлгөөд аваад явах, хөгжүүлэх залуус байгаа. Би яах вэ цагийн эрхээр элэгдэнэ. Түүнээс өмнө эхлэлийг нь тавиад өгье гэж бодож байна. Шинээр гарч ирж байгаа төрөл удахгүй үзэгчид ихтэй болно гэдэгт итгэдэг.
 

-Та өөрөө хошин шогийн мэдрэмж хэр вэ?
 
-Хошин зохиол бичдэг маш олон зохиолч их сонирхож байна. Өөрсдийнхөө сэтгэлийг бас надтай хуваалцаж байгаа. Хошин урлагийн жүжигчид маань их сонирхож байгаа. “Гүрээ ах зөв шүү, хэрэгтэй шүү гэж байгаа ч юм бий” гэдэг.
 
Би 1979 онд шилдэг хошин уран бүтээлчдийн тоглолтод шилдэг байр эзэлж байсан. Миний уран бүтээлийн төрөлд хошин зүйлүүд байдаг. Хүмүүс ер нь сүүлийн хэдэн жилээр барагцаалаад бодоод байх юм. Намайг бол уянгын яруу найраг уншиж ярьдаг гэж бодоод байгаа юм. Би хошин урлаг хийдэг байсан. Д.Намдаг гуай 1976 онд “Хонгорзул” гэдэг Монголын анхны хошин театр байгуулж байсан юм. Тэнд би алдартай жүжигчидтэй хошин шог уншиж байлаа. Оюутан байхдаа би дандаа хошин өгүүллүүд уншиж Инээдмийн баярт оролцдог байсан. Сургуульд байхдаа хошин шог, зохиолоор бүх ард түмний алтан медаль авч байлаа. Эстрадын улсын уралдаанд элэглэлээр оролцож явсан. Тэр бүгдээс бас үлдсэн юм байгаа ч болов уу гэж бодоод л. Гэхдээ энэ тоглолтод айхтар жүжиглээд байх юм байхгүй л дээ. Надаас сэтгэл хөдлөл гарч, юм ярьж л таарна. Тоглолтоо хийнэ гэсэн чинь “танаас инээд гарах уу” гээд зарим хүмүүс намайг “Чи Задорновыг дийлэхгүй” гэх юм. Манайхан ухаантай инээдмийг сонсоно гэдэгт итгэж байгаа шүү. Би чинь телевизэд 33 жил ажилласан. Хоёр удаа хурлаар орохдоо дарга нараа шоолсон хэргээр орж байсан. Тэгэхээр шооч байх нь. Ерөөсөө бидний амьдрал халуун дулаан инээд дунд явж байдаг. 14 наснаасаа жүжгийн зохиол, өгүүлэх урлагийг сонирхож эхэлсэн.
 

-Шоу, тоглолтын улирал эхлэнгүүт Ш.Гүрбазар тоглолтоо хийх гэж байна гэх яриа ч гарч байгаа?
 
-Шоуны улирал эхэллээ гэж бодоод хийж байгаа юм биш ээ. Би драмын урлаг гэж дээр хэлсэн. Үзэгчдийн тоо хөөцөлдөж болдоггүй урлаг. Цөөн хүрээнд олз ашгийн төлөө биш. Мөрөөдсөн юмаа хүнд хүргэх гэж байна. Сүүлийн гурван жил энд тэнд уригдаж лекц уншиж, тоглолт хөтлөхдөө энэ урлагийг турших маягаар судалсан. Тэгээд ямар болохыг үзэгчид үзээд дүгнэнэ биз дээ. Би айж эмээж байна. Бүтэн хоёр цаг үзэгчдийг барина гэдэг амаргүй. Тэгэхээр бүх юм надаас шалтгаална. Муу ч бай сайн ч бай алдсан ч оносон ч өгүүлэхүйн урлаг гэж юу байдгийг үзэгчдэд харуулах нь миний эрхэм зорилго. Яах вэ. Ярианы урлаг ийм байдаггүй юмаа гэж шүүмжлэх хүн байж болно. Агуулгын хувьд миний үзэл бодолд шүүмжлэлтэй хандана. Ямар нэг юм болвол хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ. Яадаг юм болж бүтэхгүй байгаа дарга нарыг ч шүүмжлэнэ. Хошин урлагт алдартай жүжигчид ямар дүр бүтээхийг үзэх гэж очдог бол өгүүлэхүйн урлагаар Гүрбазар юу хэлэх гэж байгааг үзэгчид сонсохоор ирнэ. Хэрвээ үзэгчид энэ урлагийг хүлээн зөвшөөрвөл цааш нь хөгжүүлнэ. Гүрбазар сайхан юм хийлээ гэж хүмүүс шуугихгүй ч үүнийг дөрөөлөөд цааш нь хийх чадварлаг залуус байна. Хүчтэй жүжиглэх нь жүжигчдийн ажил бол хүссэн хүсээгүй үгээр өгүүлэх нь зохиолчдын хийх ажил.

-2007 онд та ганц хүний театр байгуулж байсан. Энэ юу болсон бэ?
 
-Би 2007 онд “Нотлох албагүй үнэн” гэдэг жүжиг хийгээд ганц хүний ч юу байх вэ зохиогчийн театр байгуулаад ДБЭТ-т туршилтын маягаар хоёр орой тоглосон. Гол дүрд нь өөрөө тоглоод. Жүжигчин Р.Анхням, гавьяат жүжигчин Ё.Цог гуай зэрэг жүжигчид тоглосон. Яах вэ дээ би зохиолч яагаад жүжгэндээ орж болдоггүй юм л гэж бодсон байхгүй юу. Хүмүүс бол хүлээж авч байна билээ. Би тэрнийгээ цааш хөгжүүлэх юм сан гэж боддог. Янз янзаар л үзэж байгаад энэ өгүүлэхүйн урлаг нь надад арай дөхөм юм даа гэж бодсон. Би өөрийгөө хөгжүүлж байна гэж бодоод байгаа. Тоглолтынхоо хувийн бэлтгэлийг хангасан. Ер нь бол үг цээжлээд байж чаддаггүй. Зүрх сэтгэлдээ буусан, ойлгосон зүйлээ л ярьдаг. Цэвэр зохиолоороо номоороо ярих ч, уншаад суучихгүй.
 

О.Сайханцэцэг

Өдрийн шуудан сонин

No comments:

Post a Comment