Хүн төрөлхтөн
хугарч гэмтсэн ясыг яавал түргэн хугацаанд бороолуулах вэ? гэж элдэв шидийн
арга ухаан зарсаар өдий хүрэхдээ чиг барихаас эхлээд шохойдох, татлага хийх
зэрэг олон янзаар оролдсоор ирсэн билээ. Өдгөө өмнөхөөсөө богино хугацаанд
бороолуулах дэвшилттэй аргыг оросын эмч Гаврийл Илизаров сэдэж гаргасан нь
бидний нэрлэснээр "Илизаровын аппарат" юм. Энэ аппаратаар арав гаруй
мянган хүнийг амжилттай эмчилсэн Монгол улсын Төрийн шагналт эмч Х.Баттөмөртэй
хийсэн ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.
-Та яагаад
гэмтэл согогийн эмнэлэгтээ ажиллахаа байчихаад энэ "Авицина" эмнэлэгт
ажиллах болов. Таныг мэдэх болоод мэдэхгүй олон хүн үгүйлж яваа байх даа
-Одоо нас дээр гарч олон хүнд үйлчлэх тэнхээ бага болж
дээ. Тэгээд ч насны тэтгэвэртээ суулаа. Гэсэн хэдий ч нас чөлөөлөгдөхөөс биш
сурсан эрдэм чөлөөлөгдөхгүй болохоор шавь нартайгаа "Авицина"
эмнэлэгт ажиллаж байна. Цөөхөн ортой, цөөхөн цагаар ажиллаад над шиг хүнд бие
амар юм аа.
-"Илизаровын
аппарат" хэрхэн бий болж манай оронд хэдий үеэс хэрэглэгдэж эхлэв ээ? Энэ
аппаратыг манайд олон эмнэлэгт хэрэглэж байна уу?
-Ийм аргыг олох гэж олон эмч эрдэмтэд тархиа гашилгаж
байсан гэдэг. Зөвхөн Орос улсад л гэхэд гурван зуу гаруй аппарат зохиогдоод
байсан юм билээ. Гэсэн хэдий ч тэр аппаратууд төдий л сайнгүй байсан бололтой.
1965 онд Оросын Алтайн хязгаарын нэгэн жижиг хот Курганы эмч Гаврийл Илизаров
эмнэлэг рүү гүйхээсээ илүү сав л хийвэл токарьчид руу ирж, авсан цалингийнхаа
ихэнхийг токарьчидад өгөн эрэг шураг, цагираг энэ тэрийг зориулсаар энэ
аппаратыг бүтээж дээ. Тэгсэн ч тэр үеийн хөдөөгийн жижиг хотын эмчийг хэн ч
тоосонгүй. Гэтэл дэлхийн өндрийн харайлтын аварга Брумел дунд чөмгөө
хугалчихаад Курганы эмнэлэгт хэвтсэн нь Илизаровт төдийгүй хүн төрөлхтөнд
завшаантай явдал болсон юм. Аз болоход Брумелийн эхнэр нь сэтгүүлч хүн байсан
нь бүр ч таатай хэрэг. Одоогийнхоор бол нэг ёсны рекламны менежер шахуу юм
болоо биз. Эцэст нь Гаврийл Илизаровын эмнэлэг дэлхийн сонорт хүрч дээ. Тэр
үеэр Францын нэг хүн хэн ч билээ нэрийг нь мартчихаж, тэр нөхөр Илизаровт
зориулж тусгай эмнэлэг бариулж өгөх санал ирүүлж, тэгэхдээ мэдээж өөрийнхөө хөрөнгөөр
шүү дээ. Тэр үед чинь Орос орон социалист улс байсан болохоор капиталист
орнуудаас нэрэлхсэн ч юмуу Курганы эмнэлгийн дэргэд институт байгуулсан юм гэнэ
билээ. Сүүлд 1979 онд манай улсаас гурван эмч, нэг сувилагчийг Курганы
Институтад зургаан сарын сургалтанд явуулсан. Тэр хүмүүс нь их эмч Дагва, Даваасамбуу
бид гурав. Сувилагч нь Алтанцэцэг байв. Ингэж л 1979 оны 11-р сараас Монголд
"Илизаровын аппарат" нэвтэрч эхэлсэн дээ.
-Энэ
аппаратыг зөвхөн мөчнүүдэд л тавьдаг юм уу? Ихэнхдээ хөл гартаа л тавьсан
харагдах юм. Эмчилгээний бусад аргуудаасаа ямар давуу талтай юм бэ? Эмчилгээний
дараа ямар нэгэн муу нөлөө үлддэг болов уу?
-Хугаралттай
мөчүүдэд шохой тавих, татлага хийх эсвэл хадах гэх мэтийн аргууд байсан. Одоо
хэрэглэгдэхээ больж эхэллээ. Аппаратгүй эмнэлгүүдэд л аргагүй энэ хуучин аргуудыг
хэрэглэж байна. Өөр яах ч юм билээ дээ. "Илизаровын аппарат"-ыг бүх
мөчүүдээс гадна хөл гарын хуруунуудад, нуруу, эгэм, хавирганд ч тавьж болно.
Арай толгойн ясанд тавьж болохгүй. Манай оронд ихэвчлэн мөчүүдийн гэмтэл, гоо
сайхны хагалгаанд л хэрэглэж байна. Харин хөл гарын хуруу, хавирганд
хэрэглээгүй байна. Яагаад гэвэл хуруу, хавирга хугарвал дэргэдэх юм уу, хоёр
талын хуруу, хавирганууд нь чиг болоод өгчихдөг.Аппаратаар эмчлэх арга нь нэгд
ясыг хөдөлгөөнгүй байлгадаг. Хоёрт бороожилтыг эртэсгэдэг. Шохой юм уу татлага
нь тав, зургаан сар болдог байхад аппарат эмчилгээ 3-4 сар л болно. Цэвэр
орчинд байж чадвал сүүлийн 45 хоногт аппараттайгаа ажлаа хийсэн ч болно. Ер нь
аппаратаар эмчилнэ гэдэг хугарсан голомтноос зайтай аргаар ясыг эвлүүлж хөдөлгөөнгүй
байлгаж чадах л арга шүү дээ. Эмчилгээний дараа ямар нэг урхаг үлдсэн тухай
мэдээлэл одоогоор огт алга байна. Ер нь ихэнхи тохиолдолд эрүүл байгаа яснаасаа
илүү бөх бат болсон байдаг шиг санагддаг юм.Учир нь бороолоод эдгэсэн тэр хэсэг
нь гэмтээгүй хэсгээсээ илүү хатуу бөх болсон байх юм билээ. Голомтноос зайтай
аргаар эмчилдэг болохоор идээлсэн ясыг ч эмчилэхэд тохиромжтой байдаг.
-Тэгвэл
хугарлаас гадна остомиелит (ясны идээт үрэвсэл) ч эмчлэгдэх нь ээ. Майга хөлөө
тэгшлүүлж өндөр гоолиг болсон хүүхнүүд байдаг гэж дуулдсан. Энэ үнэн юм болов
уу?
-Бүх төрлийн хугарлууд, гэмтлийн дараах үлдцүүд,
хугаралтай хавсарсан гэмтлүүдийг эмчлэхээс гадна гоо сайхны заслууд байдаг.
Үүнд мөчний ясны бүх согогууд, төрөлхийн болоод олдмол майга муруй мөчүүд, урт
богино мөчүүдийг тэгшилж сунгах буюу шахах, өндөр хүнийг намсгах эсвэл хэт
намхан хүнийг өндөрсгөх зэрэг эмчилгээ үйлчилгээ явуулж байна. Майгаа
тэгшлүүлэх заслыг эрэгтэй, эмэгтэй залуус хийлгэдэг. Харин өндөр болох мэс
засал өнгөрсөн таван жилд хоёр л хүн хийлгэсэн. Хамгийн дээд тал нь 12 см
өндөрсгөсөн. Залуу хүн майга хөлтэй явах нь байнга сэтгэлийн дарамт болдог юм
билээ. Нэг бүсгүй эмчлүүлж "Эмч ээ! Би хөлөө тэгшлүүлчихээд богино (мини)
юбка өмсөөд таны өмнүүр заавал өнгөрнө өө" гэж байсан. Эндээс харахад
нэгнийгээ майжгий, жайжгийгаар нь хэлж дуудах нь буруу юм л даа. Урт богино
хөлтэй хүн түүнийгээ нууж, хазгараа багасгах гэж цээжээ тэгшилж явсаар нуруу нь
муруй болчихсон байдаг. Тэгэхлээр ийм л зовлонгуудаас ангижрах л хэрэгтэй л
дээ. Биднийг Курганы институтад сурч байхад ПАЗ автобусны дээгүүр харагддаг
тийм өндөр хүн намхан болох мэс засал хийлгэж байсан. Манайд одоогоор тийм хүн ирээгүй.
-Илизаровын аппаратаар
эмчлүүлж байгаа хүн ямар эм тариа хийлгэдэг вэ? Хүмүүс чилийсэн ч бил үү, палийсан
ч гэнэ үү элдэв бусын эм тан, архи дарсаар даруулж уугаад ч гэх шиг...
-За даа. Хэрэгтэй хэрэггүй юм ууснаас хөдөлгөөн сайтай
байх нь дээр дээ. Хөдөлгөөнөөс цусан хангамж сайжирна гэдэг чинь ясанд тэжээл
болж бороожилт идэвхтэй явагдана гэсэн үг шүү дээ. Илжиг модон хударгандаа
орохоор жаргалтай гэгчээр яс гэдэг ачаатай байх тусмаа л "инээд" нь
хүрч байдаг эд дээ. Заавал эм уумаар байвал кальци, фосфорын нэгдэлтэй л эм
уувал дээр. Тийм эм хаа сайгүй л байна. Зарим хүн энд хаа сайгүй байгаа 600
төгрөгний эмийг хүнд захиж хаа байгаа Германаас 60 доллароор авлаа гэж байх
юм...
-Одоо
аппаратаар эмчилдэг эмч нар олширч байна уу? Аппарат хэр үнэтэй байна. Манайд
эмчлүүлэхэд ямар төлбөр төлдөг вэ?
-Улсын гэмтэл согогийн эмнэлэгт Бадамгарав, Эрдэнэбилэг,
Татаар гэх мэтчилэн нэлээн хэдэн эмч нар бий. Энэ "Авицина" эмнэлэгт
миний гарын шавь Амгаланбаатар байна. Их авьяаслаг хөдөлмөрч хүн. Нэг ширхэг
аппаратыг 250-300 доллароор авдаг. Өвчтөнүүд манайд эмчлүүлэхдээ хоногт 5000
төгрөг төлдөг. Нэг аппаратаар эмчлүүлэхэд 300000 орчим төгрөг төлдөг.
-Та 1979
оноос хойш хэчнээн хүнийг аппарат эмчилгээгээр эмчлэв?
-Энэ ажлыг ганц хүн хийдэггүй болохоор бид гэж хэлэх
хэрэгтэй л дээ. Барагцаагаар 10000 гаруй хүнийг эмчилсэн байх юм. Арван мянган
хүнийг нэг цуваанд жагсаавал хагас километр хэртэй юм болох байх шүү (инээв).
-Манай
сонинд зориулж цаг зав гаргасан танд баярлалаа.
Сэтгүүлч Б.Батзаяа
Эх сурвалж: "Төгсөгчдөөс төрсөн алдартнууд" номоос
No comments:
Post a Comment