-Таны шавь
нар Монте Карлогийн тэргүүн шагнал хүртлээ. Яриагаа энэхүү нэр хүнд бүхий
шагналын эзэн болж, дэлхийд гайхагдсан уран нугаралтаар эхэлбэл ямар вэ?
-Монгол хүний авьяас билиг, Монголын урлагийн түмэн
гайхамшиг дотор дэлхий дахинаа дахин давтагдашгүй өвөрмөц хэд хэдэн төрөл бий.
Үүний нэг нь биеэр угалз хээ мэтгэхийн гайхамшгийг илтгэдэг уран нугаралт.
Бусад оронд иймэрхүү маягийн урлаг байдаг ч уян хатан чанар, хөдөлгөөний
эвслээр манайхаас хол дутуу. Үүнээс үүдэн бодохул эвхрэн нугарах эвсэл,
хөдөлгөөний уян налархай чанар, түүнийг урлаг болгох мэдрэмж нь монгол хүний
бие цогцост илүүтэй удамшин заяасан юм болов уу. Миний хувьд нугаралтаар
хичээллэж, түүнтэй ажил мэргэжлээ холбоод 60 гаруй жил боллоо. Энэ хугацаанд
буюу эхний 22 жилд нь өөрөө нугардаг байсан. Түүнээс хойш нугаралтын залуу
халаагаа бэлтгэлээ. Өдгөө нугаралт циркийн үзүүлбэрүүд дотор нэлээд хөгжилтэй явагдаж
байгаа төрлүүдийн нэг. Дэлхийн аль ч орны циркийн тавцан дээр очоод тоглоход
гологддоггүй. Хэний ч өмнө нүүр бардам. Монголын уран нугаралт хэнээс ч
хуулбарладаггүйгээрээ бусдаас өвөрмөц.
-Өнгөрсөн
хугацаанд хийж бүтээсэн уран бүтээл, амжилт ололтынхоо талаар ярьж өгөхгүй юү?
-Олон
жил багшлахдаа нугаралтын болон акробатын 30 гаруй номер найруулан тавьсан
маань олон улсын нэр хүнд бүхий тэмцээнүүдээс чамгүй олон шагнал хүртлээ.
Тухайлбал, Кубад болсон олон улсын циркчдийн тэмцээний гран при болон дэд байр,
Францын тэмцээнээс хоёр мөнгө, Италийн тэмцээний гуравдугаар байр, Шведийн
залуу циркчдийн тэмцээний тэргүүн, гуравдугаар байр тус бүр хүртэж байсан. Мөн дэлхийн
циркийн хамгийн том шагнал болох Монте Карлогийн тэмцээний “Мөнгөн арслан”
цомыг анх 1986 онд эх орондоо авчирч байв. Нэр хүнд бүхий энэ шагналыг хүртсэн
миний шавь Э.Эрдэнэтуяа, Я.Оюунчимэг нар Монгол улсын Гавьяат жүжигчин гэсэн
эрхэм цолыг хүртэж билээ. Харин өнөө жил үе үеийн халаа болсон шавь нар маань
мөн Монте Карлогийн алтан медаль хүртсэнд маш баяртай байна. Тэмцээнд дэлхийн
15 орны 20 гаруй номер оролцсон. Энэ үеэр шилдгийн шилдгээр тодорсон Монгол,
Хятад, Оросын циркчид тэргүүн байрын шагналыг хүртсэн юм.
-Та хэдэн
настайдаа улсын цирктэй нөхөрлөсөн бэ?
-Есөн
настайдаа. Дараа нь гурван жил циркийн сургуульд сураад уран нугаралт, акробат,
гимнастикийн төрлүүдээр мэргэжил эзэмшээд 12 настайдаа жүжигчин болсон. Тэр
мөчөөс эхлэн уран нугаралтыг илүүтэй дагнах болсон юм.
-Ингэхэд
өөрийн тань цирктэй амьдралаа холбох болсон гол шалтгаан юу байв?
-Хүүхэд байхдаа анх удаагаа 1945 онд цирк үзсэн. Тэгсэн
хүмүүс нугараад, наашаа цаашаа гүйлдээд л сонирхолтой санагдаж байсныг би
мартдаггүй. Тоглолт тараад гэртээ ирээд нугарагч болно гээд дуурайгаад янз бүрээр
үзсэн. Дараа нь циркт очиж шалгуулсан. Шалгалтыг тэр үеийн циркийн уран сайхны
удирдагч байсан Вандан багш авч, би тэнцсэн. Ер нь нугаралт бол олон жилийн
уйгагүй хөдөлмөр шаарддаг урлаг. Тэр хэрээр багагүй хугацаанд хичээллэж байж
циркийн жүжигчин болно. Тэгээд ч циркийн ажил хүнд. Аливаа юмыг бүх биеэрээ
сураад, түүнийгээ тайзан дээр амьдруулж өөрийн болгоод, үзэгчдэд хүргэхийн тулд
асар их зам туулна. Таваас зургаан жил хичээллэж байж нэг жил тоглох юмтай
болдог. Тэр нь жүжигчин болтлоо бас цаашаагаа урт удаан хугацаа шаарддаг.
-Та хэдэн
нас хүртлээ нугарсан бэ?
-Гучин хоёр, гурав хүртлээ нугарсан. Ер нь хүн нугараад
байвал нугараад байдаг юм билээ. Гэхдээ циркчин хүнд насны хязгаар байдаг шүү
дээ. Саяхан хүртэл нугаралтаас гадна бусад төрлөөр хичээллэж циркийн үзүүлбэр сонирхуулж
явлаа. Үзүүлбэрүүд дотор акробатын төрөл бусдаасаа хүнд. Уран бүтээлчээс нарийн
ухаан, ур чадвар шаардана. Одоо зөвхөн нугаралт бус бусад үзүүлбэрийн
төрлүүдээр шавь сургаж, шинэ номерууд тавьж байна. Өнгөрсөн аравдугаар сард
даавуун дээр гимнастикийн номерийг тавьсан.
-Таныг
Монголын уран нугаралтыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг гэж ярьдаг...
-Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш гуай 1941 онд цирк
байгуулагдахад нугарч байсан. Харин миний хувьд 1945 оноос нугарсан. Нэлээд
дээхнэ баруун аймгуудад, бригадаар явж байхад Норовсамбуу циркт шалгуулахаар над
дээр ирж байсан. Ийнхүү миний дараа Норовсамбуу залгамж халааг маань авч нугаралтын
номерийг үргэлжлүүлсэн. Бидний үед нугараачид их цөөхөн байж. Харин өдгөө
хичээллэгсдийн тоо ихэссэн юм билээ.
-Танайхыг
циркийн гэр бүл гэж сонссон. Ингэхэд та гэр бүлийн хүнтэйгээ хамгийн анх яаж
танилцсан бэ?
-Ер нь циркийн амьдрал гэр бүлийнх байдаг. Манай хүнийг
Н.Намхай гэдэг. Циркийн жүжигчин хүн. Одоо циркт ажиллаж байгаа. Анх 1954 онд
Москвагийн циркийн сургууль төгсөж ирээд улсын циркэд
ажилласан. Залуудаа бид акробатын үсрэлт, агаарын гимнастикийн номерийг хамтдаа
хийдэг байсан. Нэг л мэдэхэд дотносож гэр бүл болцгоосон. Эргэн дурсахад бид
хоёр циркчдийн дундаас гарсан хамгийн анхны гэр бүл юм билээ. Гэр бүлээрээ
жүжигчин байх нь гадаадын орнуудад их байдаг. Харин бид санаандгүй нийлсэн.
Одоо манай ач Б.Түмэндэлгэр, Б.Түмэн-Өлзий мөн циркт ажиллаж байгаа. Энд нэмж
хэлэхэд, гэр бүлээрээ тэнд ажиллахад олон сайхан давуу чанарууд байдаг.
Ялангуяа бүтээл хийхэд бие биендээ тусалж дэмжинэ. Зарим нэг тоглолтын
номеруудыг ярьж зөвлөнө. Нэгнийхээ гаргасан санааг нөгөө нь дэмжих гэх мэт.
-Манайхан
эмэгтэй нугаралтыг сайн мэддэг. Эрэгтэй нугаралт Монголд ямар түвшинд байгаа
бол?
-Манайд эрэгтэй нугаралт бий. Эмэгтэй нугаралтаас дутах
юм тэдэнд байхгүй. Гол онцлог нь гэвэл эмэгтэй нугаралт шиг удаан
үргэлжилдэггүй. Эрэгтэй нугарагч байж болно гэдгийг манай циркийн жүжигчин,
миний ач Б.Түмэнжаргал, шавь Б.Амарсанаа нар харуулсан. Миний хувьд багаасаа
ижил дасал болсон болохоор циркээ хоёр дахь гэрээ гэж боддог. Циркийн уур
амьсгалаар 60 жил амьдарлаа. Өдгөө Монголын цирк дэлхийн циркийн хэмжээнд хүрч
чадлаа. Тоглосон улс гүрэн бүрт эх орныхоо нэрийг дуудуулж өндөр үнэлэгддэг.
Акробат, агаарын гимнастик зэрэг уран тоглолтууд хэл яриагүйгээр биеэрээ
үзүүлдэг тул хэн ч харсан ойлгодог. Тэр хэрээр үзэгчид баярлаж, бахархдаг
болохоор хүмүүсийн таашаалд бүрэн нийцдэг юм.
Циркийн урлагийн онцгой хэлбэр болох уран нугаралт манай
оронд томоохон амжилт олсон бөгөөд энэ нь Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн,
Б.Норовсамбуу нарын нэртэй холбоотой болохыг хүмүүс сайн мэдэх бизээ. Тэд уран
нугаралтыг хэлбэрийн хувьд ганцаар, хос, олноор тоглодог болгосон төдийгүй
агаарт, олсон дээр нугарах зэрэг агуулгын өөрчлөлт хийсэн гавьяатнууд. Өдгөө
энэ бүхэн нь Монгол циркийн бүтээлийн санг баяжуулж түүх намтрыг зузаатгасаар
байна.
(“Өдрийн сонин”, Уб., 2012.03.03. //www.daliynews.mn)
No comments:
Post a Comment