Wednesday, 12 December 2012

Ч.Чойсамба: Салбарын эрдэмтэд нь нэгдэж чадахгүй байхад алдаатай бичихээс яахав дээ

МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор, профессор Ч.Чойсамбыг урьж ярилцлаа.
-Хоёулаа яриагаа бичиж буй номны чинь талаар эхлэх үү? 
-Монголын сэтгүүлзүйн 100 жилийн ойг тохиолдуулаад "Хамгийн хамгийн хамгийн" гэдэг ном гаргаж байгаа. Энэ номондоо Монголын сэтгүүлзүйн 100 жилийн түүхтэй холбоотой бүхий л сонирхолтой, хамгийн анхдагчид, сэтгүүлзүйн онол, түүх, сэтгүүчдийн өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой бүхнийг багтаах юм.

-Номоо бичээд дуусчихсан уу? 
-Дуусаагүй, бичиж л байгаа. Ний нуугүй хэлэхэд бидний мэдэхгүй зүйл цаана их байгаад байна. Тэр утгаараа ил зүйлийн хүрээнд номоо бичиж байгаа. Хамгийн анхны сонин хэзээ гарав, анхны сонины эрхлэгч нь хэн байв, анхны телевизийн үйл ажиллагаа хэдийд эхлэв гэхчлэн энэ хүрээндээ бол бид бичээд л байгаа. Гэхдээ яг энэ номтой холбоотой мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн байгууллага мөн сэтгүүлчид маань өөрсдөө өгмөөр байгаа юм. Сэтгүүлчид маань хамгийн хамгийн гэхээр нэг их айхтар том шалгуур тавиад байна гэж ойлгож болохгүй шүү.

Зүгээр л хамгийн анх ярилцлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлсэн хүн байж болж байна. Хамгийн анхны тодорхой нэг сэдвээр дагнасан хэвлэл байж болж байна. Тухайлбал, хамгийн анх сонин хэвлэлийн захиалгыг шагнал урамшуулалтай болгосон, хамгийн том шагналыг захиалагчдадаа амласан сонин ч байж болно шүү дээ. Иймэрхүү маягаар сэдэв хязгааргүй. Ямар ч байсан бид 2012 оны гуравдугаар сарын зургааныг тохиолдуулаад эхнийхээ хэвлэлтийг гаргачихна. Тэрнээс хойш энэ номыг байнга шинэчилж, баяжуулж байх юм.

-Сэтгүүлзүйн чиглэлээр суралцаад төгсөж байгаа боловсон хүчний 80 шахам хувь нь телевизээс ажлын анхны гараагаа эхэлдэг болж. Зүй нь сонинд хоёроос гурван ажиллаж байгаад дараа нь сонголтоо хийх хэрэгтэй гэдэг шүү дээ. Та багшилж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? 
-Сүүлийн зургаа долоон жилийн байдлаас ажихад өөрийн чинь яриад байгаа байдал яах аргагүй давамгайлчихаад байгаа. Хүмүүс телевиз рүү хошуурдаг болчихсон. Ер нь телевизийн ажил их хүнд ажил гэдгийг харамсалтай нь оюутнууд маань ойлгохгүй, өнгөцхөн хараад, их хурдан эфирээр гардаг юм байна. Царай зүс, эфирийн төрхтэй л бол олны танил болж болдог юм байна. Богинохон хугацаанд өөрийн гэсэн имижийг бүрдүүлээд, нэвтрүүлэгтэй болоодохвол болчихно гэж ойлгоод байгаа юм л даа. Гэтэл цаана нь маш олон шалгуур байдаг. Яг үнэндээ оюутан дадлага хийж байх үедээ ч юм уу эсвэл сургуулиа төгсөөд шууд телевизэд орж ажиллаж байна гэдэг тэр хүний мэргэжлийн ур чадварын өсөлтөнд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байна гэж сэтгүүлзүйн багш нар бид үздэг.

Тухайн хүн маань хамаа намаагүй ярьдаг, бичлэгийн чадвар нь тодорхой хэмжээнд царцчихсан байдалтай болдог. Тэр ч утгаараа манай МУИС-ийн Сэтгүүлзүйн багш нар, сүүлийн үед ийм байдалд , дүгнэлт хийгээд хоёрдугаар курсийн оюутнуудыг телевизэд дадлага хийлгэхгүй, шууд эхний удаад өдөр тутмын сонинд дадлага хийлгэхээр болсон. Өдөр тутмын сонины өдөр тутмын ажилд оролцож байж тухайн оюутан тодорхой хэмжээгээр төлөвших юм байна гэдэг дээр санал нийлсэн. Тиймдээ ч энэ жилээс манай сургуулийн оюутнууд эхнийхээ
дадлагыг сонинд хийж байгаа.

-Түүнээс гадна танай сургуулийг болон бусад хувийн болон хувьсгалын их, дээд сургуулийг сэтгүүлзүйн мэргэжлээр төгсөж буй оюутнууд ажил дээр гарахдаа алдаатай бичдэг байдал даамжирсан. Сэтгүүлзүйн ангийг зөв бичиж чадахгүй хүн төгсөж байна гэдэг эмгэнэл биз дээ? 
-Энд хэд хэдэн шалтгаан байх шиг байгаа юм. Тухайлбал одоо төгсөөд ажил дээр гарч байгаа оюутнууд ерөнхий боловсролын системийн шинэчлэлийн туршилтын туулай болчихсон. Хэд хэдэн удаа анги алгасаад үсэрчихсэн. Зарим газар хэд хэдэн сурах бичгээр хичээлээ заадаг байд&ч нь тухайн сурагчийн монгол хэлний мэдлэгийн суурийг нь ганхуулчихсан. Дээр нь нэг зовлонтой юм бас бий.

-Юу тэр вэ? 
-Сэтгүүлчдийг л монгол хэлийг эвдэж байна гэж яриад байдаг. Яг үнэндээ хамгийн зовлонтой юм нь юу гэвэл тухайн үгийг яаж бичих нь тодорхойгүй. Ний нуугүй хэлэхэд зарим үгийг яг яаж бичихийг би ч мэдэхээ больчихсон. Яагаад гэвэл монгол хэлний эрдэмтэд маань, энэ үгийг ингэж бичих ёстой, ингэдэг уламжлал бий гэж тогтоосон зүйл байхгүй. Харин өөр хоорондоо зөрчилдөж бие биенээ үгүйсгэдэг. Нөгөөтэйгүүр бидний хувьд сэтгүүлч л бэлдэж байгаа болохоос, монгол хэлний тал руугаа түлхүү анхаарч, орж чадахгүй байгаа, юуг нь нуухав. Мэдээж оюутан ямарваа нэг нийтлэл бичиж байна гэдэг ямар нэг байдлаар хэлтэй холбогдож л таарна. Бичсэн нийтлэлийнхээ хүрээнд бидний зүгээс заавар зөвлөгөөгөө өгч байдлыг таниулж байгаа. Гэвч нааштай үр дүн харагдахгүй байгаа. Үнэхээр харагдахгүй байгаа юм... Энэ байдал үнэхээр сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй зүйл мөн л дөө.

Түүнээс гадна манай МСЭ-ээс санаачлаад монгол хэлний найруулгаар дагнаж судалгаа хийдэг эрдэмтдийн бүтээлүүдийг онлайнаар цуврал хэлбэрээр сэтгүүлчдэдээ дамжуулах, хүргэх ажлыг ойрын үед хийхээр төлөвлөчихөөд байж байна. Монгол хэлний найруулга зүйн нэрт эрдэмтэн, доктор профессор Сүхбаатар, доктор профессор Шагдарсүрэн мөн миний бие оролцон найруулгатай зүйн хичээлүүдийн хөтөлбөрүүдийг боловсруулсан.

-Олон жилийн яригдаж, дуншиж буй Хэвлэлийн эрх чөлөөний хууль одоо л нэг гэх найдварыг төрүүлээд байгаа. Та бүхэн ч гэсэн энэ асуудалд тодорхой хэмжээгээр анхаарал хандуулж байгаа байх гэж найдаж байна? 
-Монголын сэтгүүлчдийн эвлэл саналаа өгсөн байгаа. Эвлэлийн Гүйцэтгэх хороо хуралдаад, тодорхой асуудлууд дээр санаа оноо өгье, арай өөрөөр тодорхойлъё гэдэг ч юм уу ямар ч байсан саналаа өгчихсөн.

-Ингэхэд та Монголын сэтгүүлзүйн хөгжлийн түвшинг 100 гэж үзэхэд бид чухам аль түвшинд явж байна гэж тодорхойлох вэ? 
-Энэ асуултанд би хариулж чадахааргүй байна л даа.

-Яагаад? 
-Яг юуг 100 гэж авах вэ гэдэг дээр... Ер нь өнөөгийн Монголын сэтгүүлзүйн байдал... Тодруулбал, хууль эрхзүйн орчин, эздийн ноёрхол, техник технологийн бололцоо зэргийг аваад үзэхэд манай сэтгүүлчид яг байгаа нөөц бололцооныхоо хүрээнд онц үнэлгээтэй л ажиллаж байна гэж боддог.

З.Урансүх
 

No comments:

Post a Comment