-Өнгөрсөн хугацаанд юуны түрүүнд Нийслэлийн боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид шийдвэрлэвэл зохих асуудал нь юу байгааг судалсан. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилд юу хийх вэ гэдгээ тодорхойллоо. Нийт сургууль, цэцэрлэгүүд, салбарынхаа багш, удирдах ажилтнуудаас 30 орчим хувийн судалгаа авсан. Эдгээр судалгаа багш салбарын ажилтан, албан хаагчдаас гаргасан санал хүсэлтийг үндэслэн боловсролын талаар баримтлах, бодлого чиглэлийг гаргаж Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2013 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгууллаа.
-Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нэлээд яригддаг. Үүнээс өөр шийдвэрлэх шаардлагатай асуудлууд юу байна?
-Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хамгийн их хүндрэлтэй байна. Өнөөдөр сургуулийн барилгын хүчин чадлыг 1,5 дахин, цэцэрлэгийн барилгын хүчин чадлын ашиглалтын коэффициент 1,64 байна. Гэтэл цаана нь 27 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх нь нэн тэргүүний асуудал болж байна. Нөгөө талаасаа Шинэчлэлийн Засгийн газраас тавьж байгаа хүүхэд бүрийн авьяасыг нээх, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ээлжийн тоог цөөрүүлэх шаардлагатай байна. 17 сургууль гурван ээлжээр, бараг бусад бүх сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж байна. Хоёр ээлжээр хичээллэж байгаа тохиолдолд хичээлээс гадуурхи сургалт, хүмүүжлийн ажил явуулах боломж хомс байдаг.
Мөн сургалтын чанарт нөлөөлдөг хэрэглэгдэхүүнүүдийн асуудал ЕБС-иудад байхгүйтэй адил байна. Физик, химийн лаборатори, биеийн тамирын техник хэрэгслүүд, дуу хөгжмийн зэмсэг, технологийн хичээлийн багаж, зориулалтын ширээ, тоног төхөөрөмж зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй. Зарим нэг сургуульд байгаа ч хуучирч муудсан байна. Орчин үед нэн шаардлагатай байгаа компьютер, сүлжээ нэлээд хомс байгаа. Байгаа ихэнх компьютерүүд нь 5-10 жилийн өмнө авсан одоо сургалт явуулах боломжгүй болсон байна.
-Сурагчдын сурах бичгийн хүртээмж хэр байна?
-ЕБС-ийн сурагчдын сурах бичгийн асуудал өнөөдрийг хүртэл бүрэн жигдрээгүй байна. Сурах бичгийн хангамж хүрэлцээ, чанар, агуулга муу байна. Сурагчдынхаа сурах бичгээр багш нар нь сургалтаа явуулж байна. Зарим сурах бичгийн агуулга нь олон улсынхаас хэдэн арван жилээр хоцорсон гэсэн судалгаа байна.
-Жил бүр залуу боловсон хүчин шинээр нэмэгдэж байна. Багшлах боловсон хүчний асуудал хангалттай юу?
-Мэргэжлийн багшийн хангалт нийслэлд 99 гаран хувьтай байгаа бөгөөд 2014 гэхэд мэргэжилтэй багшаар бүрэн хангагдана. Гэхдээ багшлах боловсон хүчний чанарын хувьд сайн байж чадахгүй байна. Ялангуяа өнөөдөр их дээд сургууль төгсөөд ирж байгаа залуу багш нарын хувьд нэлээд учир дутагдалтай байна.
-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт сургууль, цэцэрлэг барина гэж тусгасан байсан. Ер нь хичнээн сургууль, цэцэрлэг барих шаардлагатай байна вэ?
- Нийслэлд 42 хороо цэцэрлэггүй, 19 хороо сургуульгүй байна. Бусад сургууль, цэцэрлэгтэй хороод нь шаардлага хангаж байгаа гэсэн үг биш. Зарим нь хуучирч муудсан, барилгын насжилт өндөртэй байгаа. Үүнийг үе шаттайгаар шийдэхээс өөр аргагүй. Улаанбаатар хотод шинээр болон шинэчилж 30800 ор бүхий нийт 283 цэцэрлэг, 73500 суудал бүхий 79 сургууль барих шаардлагатай байгаа. Нөгөө талаасаа цэцэрлэгийг заавал төрөөс 100 хувь шийдэх бус, төрийн бус цэцэрлэгүүдийг дэмжих байгууллагууд ажилчдынхаа ажиллах нөхцөл бололцоог бий болгох зорилгоор байгууллагынхаа дэргэд цэцэрлэгүүд барьмаар байна. Тухайлбал, ирэх жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ цэцэрлэг байгуулна.
Түүнчлэн улсын төсөв болон олон улсын зээл тусламжаар 43 цэцэрлэг барихаар төлөвлөчихөөд байж байна. Магадгүй энэ тоо цаашдаа нэмэгдэх байх. Сургуулийн хувьд энэ жил баригдаж байгаа сургууль он дамжсантай нийлээд нийтдээ 22 сургууль шинээр баригдаж байгаа бол есөн шинэ сургууль, зургаан сургуулийн өргөтгөл ашиглалтад орно. Бусад нь 2014 онд ашиглалтад орно. Дээрээс нь хоёр спорт заал, нэг дотуур байрны барилга баригдана. Ингэснээр нийтдээ цэцэрлэгийн орны тоо 4600-гаар нэмэгдэх, сургуулийн суудлын тоо 11700-аар нэмэгдэнэ гэсэн тооцоотой байна.
-Хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүйгээс олон залуус ажилгүй байна. Хүүхэд харах үйлчилгээг бий болгосноор энэ асуудал шийдэгдэнэ гэж үзээд байгаа шүү дээ?
-БШУЯ-наас "Хүүхэд харах үйлчилгээ"-г гаргахаар хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. "Хүүхэд харах үйлчилгээ" бий болсноор нэлээд олон хүүхдүүд заавал цэцэрлэгт хамрагдахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаад явах боломжтой юм. Ингэснээр цэцэрлэгийн ачаалал буурна. Мөн хоёр, магадгүй гурав хүртэлх ч насны хүүхдээ гэртээ хараад сууж байгаа эхчүүдийн тэтгэмжийн асуудлыг шийдээд өгчихвөл дээрх ачаалал эрс буурна л даа. Ингэвэл заавал ажил хийх гээд байх шаардлагагүй хүүхдээ хараад гэртээ байна биз дээ.
-Цэцэрлэгийн багш нар ачаалал ихтэй ажилладаг. Ер нь энэ талын боловсон хүчин нэлээд дутмаг бэлтгэгддэг юм шиг?
-Цэцэрлэгүүд хүүхдээ 07.30-аас авч 17.30 цаг гэхэд тарааж байгаа. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ цагтаа авахгүйгээс болоод цэцэрлэгийн багш нар зургаа, долоон цаг хүртэл ажилладаг. Хэдийгээр цэцэрлэгийн багш нарыг ажлын байранд нь хөгжүүлнэ, багш хөгжлийн төвийг байгуулъя гэж ярьдаг ч тийм боломж хараахан бүрдээгүй байна. Цэцэрлэгийн багшийн хөгжлийн асуудлыг шийдэх гарц нь шаардлагатай цэцэрлэгүүдэд ээлжийн багш ажиллуулах замаар шийдэж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн хуулийн дагуу найман цаг ажиллуулаад 16,00 цагаас хойш гэрээт багш буюу ээлжийн багш ажиллуулах, энэ арга хуучин ч байсан юм билээ. Тэгээд орой эцэг эхэд нь хүлээлгэж өгдөг байх чиглэлээр ээлжийн багшийг ажиллуулбал их үр дүнтэй.
-Ээлжийн багшийн асуудлаа дарга нарт тавив уу. Үүнийг хэрхэн хүлээн авч байна?
-Энэ саналаа нийслэл болон, яаманд тавьж байгаа. Нэлээд нааштайгаар хүлээж авч байна. Ер нь ээлжийн багшийг ажиллуулснаар гурван талын ач холбогдолтой. Нэгд, байнгын ажилд орж чадахгүй байгаа хүмүүсийг түр ажлын байраар хангах тэдний орлогыг нэмэгдүүлэх, хоёрт, цэцэрлэгийн багш нарын асуудлыг шийдэх өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн багш нар 16.00 цаг хүртэл ч юмуу ажиллах тул тэдэнд гэр бүл, үр хүүхдүүд болон өөртөө цаг зав гаргах боломжтой болно. Гуравт, ээлжийн багш ажиллуулснаар 17.00 цагаас хойш ажил нь тардаг бизнесийн байгууллагынхан зэрэг хүмүүс хүүхдэдээ санаа зовохгүй ажлаа хийх боломжтой. Ингэснээр олон мянган байгууллага болон хувь хүний ажлын бүтээмж дээшилнэ гэж харж байгаа.
-Багш нарын цалин бага байна гэдэг. Ирэх онд нэмэгдэх болов уу?
-Одоогоор Засгийн газраас цалин нэмэгдэх асуудал яригдаагүй байна. Боловсролын шинэ хууль 2013 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжихтэй холбоотойгоор өмнө нь багш нар тэтгэвэртээ гарахад олгодог байсан тэтгэмжийн хэмжээ зургаан сараар нэмэгдсэн байгаа. Энэ онд тэтгэвэрт гарахаар өргөдлөө өгсөн багш нарын хувьд 2013 онд гаргах чиглэлийг сургууль, цэцэрлэгүүддээ өгч байгаа, нэгэнт 20-30 жил ажилласан багш нараа 1-2 сарын өмнө гаргаад яахав гэж.
-ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжсэнээр бага ангийн багш нарын ачаалал ихэссэн гэж хэлж болох байх. Учир нь тэд зургаан настнуудтай ажилладаг. Энэ ачааллыг багасгах арга хэмжээ юу байна?
-Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд бага ангийн багш нарын цалингийн асуудлыг судал гэсэн үүрэг өгсөн. Энэ дагуу судалгаагаа гаргаад яаманд хүргүүлсэн байгаа. Өнөөдөр бага ангийн багш нар бусад багш нартайгаа адилхан цалин авч байна. Гэтэл зарцуулж байгаа хөдөлмөр, хөлс хүч хамаагүй их байдаг. Тэд сурах арга барилаа олоогүй, бага насны хүүхдүүдтэй харьцаж, тэднийг сургана гэдэг бол маш их хөдөлмөр. Нөгөө талаасаа бага ангийн хүүхдийн анги дүүргэлт олон байдаг. Мөн нэг багш 5-7 төрлийн хичээл зааж байна. Тэгээд ч бага ангидаа сурах арга барилаа олсон, эхлэлээ зөв тавьсан бол дунд ахлах ангидаа сайн суралцах бүрэн боломжтой. Энэ үүднээс 5-р ангийн төгсөх хавар нийт ангиудаас математик, монгол хэлний массын олимпиадыг зохион байгуулж ангийн багшийг нь өндөр урамшуулалтай болгох, анги хамт олноор нь зусланд амраах гэх мэт урамшуулал олгодог байх талаар ч бодож, төлөвлөж байна.
-Боловсролын салбарын гадаад харилцаа хэр байдаг бол. Багш нар гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжтой юу?
-Ер нь хүүхдүүдийн боловсрол гэдэг Монголын ирээдүй шүү дээ. Өнөөдрийн сургуулиудын сургалтын чанар хэр байна, хүүхдүүд хэр бэлтгэгдэж байна, сурах арга барилаа хэрхэн олж, авьяас чадвараа нээж байна гэдгээс шалтгаалж Монгол Улсын хөгжлийн асуудал яригдана. Энэ талаасаа аль болох гадаадад олон чиглэл, мэргэжлээр сургах хэрэгтэй. Боловсролын газраас одоогоор тийм боломж хомс байна. Япон, Солонгос улстай цөөн тооны багш нарыг гадагш нь сургах, туршлага солилцох ажлууд хийгдэж байна. Хоёр cap болон богино хугацааны багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа. Цаашдаа гадаад харилцаан дээр анхаарч илүү олон багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулна.
-Багш нарыг авлига их авдаг хэмээн шүүмжилдэг?
-Боловсролын байгууллага нийтээрээ авилга авдаг гэдэг зүйл яригдаад байдаг. Мэдээж авч, өгдөг зүйл байхыг үгүйсгэхгүй байгаа. Сургуулийн урсгал засварын ажил жил бүр хийгддэг. Гэтэл нэг сургуулийн урсгал засвар хийгдэх мөнгө нь хоёроос гурван сая төгрөг л байдаг. Тэгэхээр тэр мөнгөөр нийтийн эзэмшлийн коридор, заалаа л засдаг. Үнэхээр анги засах мөнгө хүрэлцдэггүй учраас анги даасан багш нар сурагчдаасаа мөнгө хураагаад намар ангиа засчихдаг. Өнөөдрийг хүртэл ингээд анги танхимаа намар шинэ юм шиг болгоод ирсэн багш нартаа талархах ёстой юм. Энэ асуудлыг шийдэх үүднээс бүх сургуулиудын урсгал засварыг хийхэд хичнээн төгрөг шаардлагатай байгааг судлаж үзсэн. Ингээд харахаар дүүрэг, дүүргээрээ ялгаатай ч нэг хүүхдэд дээд тал нь 8-10 мянган төгрөг ногдож байгаа юм.
Тэгэхээр өнөөдрийн улсын төсвөөс урсгал засварт өгдөг мөнгөө хоёроос гурав дахин нэмэгдүүлчих юм бол хүүхдүүдээс мөнгө гарахгүй байх боломжтой. Нөгөө талаасаа элсэлттэй холбоотой асуудал яригддаг. БШУ-ны сайдын тушаал гарсан. Ер нь бүртгэл, элсэлттэй холбоотой хандив мөнгө авахыг таслан зогсоосон.. Цаашдаа тушаал хэрэгжүүлэх асуудлаа анхаарч ажиллана.
-Ирэх оны нийслэлийн төсөвт багш нарыг урамшуулах мөнгө тавигдсан гэсэн?
-Ирэх жилийн нийслэлийн төсөв дээр багш нарыг урамшуулах тэрбум төгрөг тусгагдсан байгаа. Багш нарын ажлыг дүгнэдэг нэгдсэн индекстэй болно. Хамгийн өндөр индекстэй байгаа багшийг нэг жилийнх нь цалинтай тэнцэх хүртэл хэмжээний урамшуулал олгоно. Багш нар дунджаар 450-550 мянган төгрөгийн үндсэн цалинтай гээд бодохоор 5-6 сая төгрөгийн урамшуулал авна гэсэн үг. Нийслэлийн Боловсролын газар журам, индексээ боловсруулж байна. Удахгүй асуудлаа батлуулаад ирэх жилээс мөрдөөд ажиллана.
-Сурагчдын амралт анги, сургууль бүрт өөр байх тухай яригдаад байгаа. Хүүхдүүд хэзээнээс эхэлж амрах вэ?
-Бага дунд боловсролын тухай хуулийн 15.3-д заасны дагуу хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг зохицуулдаг. Харин 12 жилийн сургалттай нэг, хоёрдугаар ангийн хичээлийн жилийн бүтцийг БСШУ-ны сайдын 2008 оны 303 дугаар тушаалаар баталсан. Тухайн хичээлийн бүтэц Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн сургуулиудад мөрдөгддөг. Нэг ёсондоо төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын сургуулийн аль алинд мөрдөгдөх учиртай юм. Энэ дагуу сурагчдын зуны амралтын хуваарь батлагдсан байгаа. Хуваариар бол 11 жилийн сургалттай бага ангиуд энэ сарын 25-наас амарна. Дунд болон ахлах ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 31-нээс эхэлнэ. 12 жилийн сургалттай сургуулиудын хувьд мөн адил. Дээрх хуваарийн дагуу сурагчдын зуны амралтыг эхлүүлэхээр тогтсон байгаа.
-Шинээр сургуулийн босго алхах хүүхдүүдийн бүртгэл явагдаж байгаа гэсэн. Зургаан настай хичнээн хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэхээр болоод байгаа вэ?
-Одоогоор ирэх хичээлийн жилд хэдэн хүүхэд сургуульд элсүүлэх, хичнээн бүлэг ажиллах зэрэг бүртгэл орон даяар сургуулиудад явагдаж байна. Бидний тооцоолж байгаагаар 46622 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Хүн амын тоогоор бол 44273 хүүхэд зургаан настай юм билээ. Энэ тоонд өнгөрсөн жил сургуульд ороогүй гэсэн шалтгаантай хүүхдүүдийг нэмээд нийтдээ 46622 болсон.
-11 жилийн сургуулийн сургалтын бүтэц, төлөвлөгөө 12 жилийнхээс ямар ялгаатай болохыг тодруулахгүй юу?
-12 жилийн сургалттай сургуульд сурдаг нэгдүгээр ангийн хувьд 32 долоо хоног хичээллэдэг. Харин 11 жилийн сургалттай сургуулийн бага ангийнхан 34 долоо хоног хичээллэдэг юм. 12 жилийн сургалттай нэг, хоёрдугаар ангийнхны улирлын амралт 14 хоног байдаг. Үзэх хичээлийн тоон ч цөөхөн. Нэгдүгээр ангийн хүүхдүүд хуучин хавар бэлтгэл хийдэг байсан шүү дээ. Одоо бол сургуультай танилцах үйл ажиллагаа явуулаад намар есдүгээр сард бүтэн 80 цагийн бэлтгэл хичээлийн хөтөлбөрт хамруулдаг болгосноороо өөр юм.
Х.БАЯР-УГТАХ
Х.БАЯР-УГТАХ
Нийслэл таймс
No comments:
Post a Comment