-Та УИХ-ын гишүүний хүндтэй үүрэг хариуцлагатай ажлыг хүлээн авлаа. Ирэх дөрвөн жилд хийх ажлын талаар бодож амжсан уу?
-Одоо танхимдаа дасах, хамт олонтойгоо ижилсэх цаг үе явж байна гэж хэлж болно. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэхэд сэтгүүлч мэргэжлээр олон жил ажилласан, гал тогоогоо мэдэх хүний хувьд санаа оноогоо хэлэх бодол бий. Харамсалтай нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр боломж хязгаарлагдаж мэдэх бололтой юм билээ.
Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд асуудалд эрүүл саруул хандаж байгаа нь салбарын хувьд хохиролтой хууль батлагдахгүй байх бололцоотой юм байна гэсэн итгэл төрүүлсэн. Нийгмийн тулгамдсан асуудал, тэр дундаа эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр ажиллах бодол бий.
-Та бол сэтгүүлч. Харин одоо УИХ-ын гишүүн болсны хувьд энэ хоёр ажлын ялгааг сайн мэдэрч байгаа байх. Мэдээж хоёулаа л хариуцлага нэхсэн ажил шүү дээ?
-Ер нь сэтгүүл зүй улстөртэй ойрхон. Шинэхэн улстөрчөөс парламентыг олон жил сурвалжилсан сэтгүүлч ч илүү байхыг үгүйсгэхгүй. Сэтгүүл зүй харьцангуй чөлөөтэй байх боломжийг өгдөг бол улстөр тодорхой хүрээнд ажиллахыг шаарддаг гэсэн ойлголттой байдаг. Хэсэг цаг хугацааны дараа энэ талын дүгнэлт маань илүү тодорхой болох буй заа.
-Эмэгтэй гишүүн, нөгөө талаар сэтгүүлч хүний хувьд улстөрийг арай өөр өнцгөөс харах болов уу?
-Сая хэлээд байгаа асуудалд сэтгүүлчид илүү ил далангүй, илүү нээлттэй ханддаг тэр өнцөг давуу байж мэднэ. Ер нь гишүүдийн дунд ороод ирэхээр ойлголцож, харилцан хүндэтгэлтэй хандаж асуудлын ард гарч байх ёстой юм байна гэсэн эхний сэтгэгдэл төрсөөн, надад. Нэг хүнээс бус нийтээс хамаарах учраас би гэж тодрох оролдлого их хуралд илүүц бололтой юм билээ.
-Ер нь Таны УИХ-ын гишүүн болох асуудал гэнэтийн байлаа. Та ийм зүйл болно гэж огт бодож байгаагүй байх?
-Тийм ээ, юу юугүй гишүүн болчихно гэж бодож байгаагүй. Манайхан ирэх жил гэхэд, Та ороод ирнэ дээ гэж л байсан. Харьцангуй хурдан боллоо.
-УИХ дахь эмэгтэй гишүүд нэгээр нэмэгдлээ. Тэдэнтэй уулзаж санал солилцов уу. Ямар асуудлаар хамтарч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Эмэгтэй гишүүд маань эхний өдрөөс сайхан хандсан. Хүний өөрийн гэлтгүй тангараг өргөхөд танхимд сагстай амьд цэцэг барьж баяр хүргээд, З.Баянсэлэнгэ гишүүний тэргүүлдэг байнгын хорооны өрөөнд хуушуур, зууш, бялуугаар цайлаад хүндэтгэлтэй хандсанд талархаж байгаа. Би хүн наашаа гэхгүй бол тэгэсхийгээд холхон явах гээд байдаг.
Ярьж хөөрөөд хандаад ирэхээр тэрнээс нь илүү байхсан гэж хичээдэг зантай гэх үү дээ. Энэ талаас нь аваад үзвэл эмэгтэй гишүүд маань намайг тэдэнтэйгээ нээлттэй байх үүд хаалгыг нээж өгснийг би бага зүйл гэж бодохгүй байгаа. Ажил төрлийн хувьд бодож байгаагаа би дээр хэлсэн. Гишүүдтэйгээ энэ талаар ярилцана аа.
-Та МАН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Харин Таны оронд хэн энэ албанд томилогдох нь сонин байна. Энэ талаар яригдаад эхэлчихсэн байна лээ шүү дээ?
-Өө тийм үү, хэн болно гэнэ тэгээд. Би мэдээгүй л байна. Удирдах зөвлөл, Бага хурлын төвшинд ярьж шийдэгдэнэ гэж л бодож байгаа. Энэ ажлыг сайн хийгээд явчих хүн л авах байх. Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байгаа хариуцлагатай үе ирж байна.
-Та УИХ ид үймж байх үеэр орж ирлээ. Энэ талаар Та УИХ- ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байх?
-Манай намын удирдлага санаачлагатай ажиллаж яриа хэлэлцээ байнга хийж байгаа. Үр дүнд нь ч Д.Арвин бид хоёр тангаргаа нэг их удалгүй өргөсөн. Цаашид улстөрийн гол хоёр хүчин ойлголцоод шаардлагатай асуудлуудаар шийдлээ гаргаад явчихна гэж итгэдэг.
-МАН өнгөрсөн хоёр сонгуульд ялагдал хүлээлээ. Үүний алдаа оноог хэрхэн дүгнэж байна вэ?
-Улстөрийн хүнд нөхцөл байдалд орон нутгийн сонгууль болсон ч бид харьцангуй амжилттай оролцсон гэж дүгнэдэг. Том нам болохоор сонгуульд хэр оролцсоныг тэгэсхийгээд ганц хоёр зүйлээр дүгнэчихэж болохгүй. Намын дарга маань ер нь засч залруулах ёстой хорь гаруй асуудал байна гэж үздэг. Гишүүд, дэмжигчдийн дүгнэлт ч бас ойролцоо байдаг.
Эдгээр нь бидний дотооддоо ярих асуудал л даа. Ер нь бид УИХ-ын сонгуулиар гаргасан алдаагаа орон нутгийн сонгуулиар засч залруулаад явсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар бас орон нутгийн сонгуулийн сургамжаасаа суралцаад явна. Тэр нь бидэнд амжилт авчирна гэж товчхондоо Таны асуултад хариулъя даа.
-Шинэчлэл бол МАН-ын байнга ярьдаг сэдэв. Чухамдаа шинэчлэл олон нийтэд хэр хүрч байгаа бол?
-Тийм ээ. УИХ-ын сонгуулиас хойш удирдлагын болон үйл ажиллагааны шинэчлэл хийгээд явж байгаа. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг намын анхан шатны нэгжүүд өөрсдөө тодруулж дээд удирдлагын оролцоог хязгаарласан нь намын үйл ажиллагааны шинэчлэл байлаа.
Ялсан аймаг, орон нутагт Засаг даргыг сонгохдоо иргэдийн санаа бодлыг сонссон нь шинэчлэлийн үргэлжлэл юм. Орон нутгийн сонгуульд удирдлагын шинэчлэл хийсэн дийлэнх газарт иргэд МАН-д итгэл өгсөн. Энэ нь иргэд шинэ хүн, шинэ удирдлага, шинэ арга барил, шинэ хандлага үгүйлж байгаагийн илрэл юм. Харамсалтай нь зарим газар төлөвлөсөн шинэчлэлээ хийж чадалгүй орон нутгийн сонгуульд орсон. Чадсан бол үр дүн бүр ч сайн байх байсан даа.
-Парламент Ерөнхийлөгчөөс санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Та энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд ямар санаа оноотой байгаа вэ?
-Би таны эхний асуултад хариулахдаа энэ хуулийн төслийн талаар хэдэн үг хэлсэн. Нэмээд зарим нэг зүйл хэлэхэд уг хуулийн төслийг сайн ярилцаж хэлэлцүүлэгт оруулахгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн хооронд үл ойлголцол, таагүй уур амьсгал үүсгэх уршигтай байж мэднэ. Нийгмийг хөдөлгөгч хүчний халуун гал тогоо шүү.
Тиймээс удирдлага, уран бүтээлчдийн аль алинтай нь уулзаж үг яриаг нь сонсож, мөн Монголын хөрс сууриа бодож асуудалд хандах учиртай. Хэвлэлийн зөвлөлийг УИХ хуулиар зохицуулах нь зөв үү гэдэг асуудал ч байна. Түүнээс гадна Хэвлэлийн зөвлөл зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байхдаа гаргасан алдаанд хариуцлага тооцохоор хуульд заасан байгаа.
Үүнтэй зэрэгцүүлээд байгууллага, иргэд, тэр дундаа улстөрчдийн зүгээс хэвлэл,мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг албан үүргээ гүйцэтгэх явцад дарамтлах, гүтгэх, доромжлох зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд хэвлэлийн зөвлөл мөн дүгнэлт гаргах ёстой. Гадаадын орны ийм туршлага ч бий.
Ингэж чадвал энэ нь шударга хэрэг бөгөөд сэтгүүл зүй, улстөр, нийгэм бүхэлдээ цэвэрших, ёс зүйтэй болоход ихээхэн ач холбогдолтой. Гишүүдийн байдлыг харахад Хэвлэлийн эрх чөлөөний хуульд ултай суурьтай хандах төлөвтэй юм билээ. Тиймээс 1998 оны наймдугаар сарын 28-нд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөнийг хуулийг амьдралд нийцсэн илүү боловсронгуй болгоно гэж бодож байна.
Эс чадвал хуучин хуульд нь огт хүрээд хэрэггүй л дээ. Тунхаглалын чанартай гэж зарим хүн тодорхойлох гээд байдаг хамгийн анхны хууль хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр засгийн мэдлээс гаргаж, чөлөөт хэвлэлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
No comments:
Post a Comment