МҮАН-ын дарга, “Монголын төмөр зам”-ын захирал М.Энхсайханыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та Монголын төмөр зам компанийг удирдаж байгаагийн хувьд одоо хэрэгжүүлэх гэж буй төслөө “Геостратегийн чухал ач холбогдолтой” хэмээн тодорхойлсон. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан саяхан болж хамгийн их анхаарал татсан сэдвээрээ хэлэлцсэн. Таны хувьд “Тавантолгой ба төмөр зам” гэсэн сэдвээр оросууд ямар байр суурьтай байгаа, манай тал ямар хариу өгсөн тухайд арай илүү ойлголттой байгаа байх?
-Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хурал нэлээд сонирхолтой бас тэгээд шинэ асуудлуудыг хөндсөн хурал болсон гэсэн бодолтой байгаа. Нэгдүгээрт, Орос улс Монголын геологийн салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Би хувьдаа үүнийг чухал гэж бодож байна. Манай орны геологийн тогтоц байдлыг биднээс илүү сайн мэдэх хүмүүс нь оросууд юм. Хуучин цагт хийгдсэн нэлээдгүй материал Орост байдаг. Тиймдээ ч манай уул уурхайн салбарт орж ирж байгаа Канад, Австралийн компаниуд Москвагаас эхний мэдээллээ цуглуулж явдаг нь тийм ч нууц биш юм. Хоёрдугаарт, Манай стратегийн орд газруудын ашиглалтад Орос орон оролцох хүсэлтэйгээ ил тод илэрхийлдэг. Тухайлбал, Тавантолгойн орд. Хэрхэн шийдэх нь манай л асуудал. Би үүнийг цэвэр бизнес санал гэж бодож байна. Орос оронд манай орд газрууд хэрэггүй, өөрсдөд нь тийм ордууд их байгаа. Гуравдугаарт, Засгийн газар хоорондын комиссын хурлын баримт бичигт орсон нэг шинэлэг санаа нь УБТЗ-ын эзэмшилд байгаа төмөр замыг шинэчлэх иж бүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаа юм. Үнэндээ энэ асуудал Монголд, мөн хөрш орнуудад тулгамдсан асуудал болж байгаа. Монголын эдийн засаг тэлж байгаа нь үнэн. Байгаа төмөр зам маань хөгжлийн шаардлага хангаж чадахгүй гэдэг нь тодорхой. Тэгээд ч манай өнөөгийн төмөр зам галт тэрэг 37км.цаг хурдаар мөлхөж явдаг хамгийн доод зэрэглэлийн зам болчихоод байгаа юм. Жилээс жилд транзит тээвэр нь багасаж олон улсын ач холбогдол нь унаад байгаад үнэхээр санаа зовмоор. Хэн хэн нь үүнийг анхаарахгүй явж ирснийг засья гэж байгаа нь шинэлэг сонсогдоод байгаа юм.
Миний ойлгож байгаагаар Оросын тал нэг асуудлыг нөгөөтэй нь уяад байхгүй, харин бүх асуудал Монголын талаас шалтгаална гэж бодож байна. Хаана хаанаа “өсөлтийн зовлонг”-оо ардаа хийгээд илүү хурдтай хамтарч ажиллах тийм бололцоо нээгдэж байна.
-Таныг “МТЗ”-ын ерөнхий захирлаар томилсон. Харин УБТЗ-ын захирлыг томилох асуудал дээр оросуудын байр суурийг харахаас аргагүй болдог. Саяын хуралдааны үеэр ч гэсэн энэ талаар чих дэлсээд авсан. Тэр саналаа тавьсан болов уу?
-МТЗ монгол төрийн 100 хувийн өмч. Тиймээс хэнийгээ захирлаар тавих нь Монголын асуудал. УБТЗ бол 50 50 хувийн Монгол-Оросын хамтарсан компани. Хэнийгээ захирлаар тавих вэ гэдгийг бие биеэсээ асуух нь зүйн хэрэг. Урд нь ийм л байсан.
-Ер нь УБТЗ, МТЗ-ын “уулзвар”, бие биедээ үзүүлэх нөлөө хийгээд хамтран ажиллах харилцааг яаж цэгнэвэл зохих вэ?
-МТЗ болон УБТЗ хоёулаа төмөр замын байгууллага. Урд нь жаахан өрсөлдөх сөргөлдөх хандлагаар явж ирсэн шиг байгаа юм. Би үүнийг буруу гэж үзсэн учраас УБТЗ-тай илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах чиг барьж байгаа. Бид дундаа хамтарсан ажлын хэсгийг байгуулж мэдээлэл солилцож, бидний дунд байгаа зарим асуудлыг хамтран шийдэж эхэлсэн. Өрсөлдөх биш хамтрах бодлого явуулж байна. УБТЗ-ийн орос дарга Домбровский гэдэг хүнтэй би хэд, хэдэн удаа уулзлаа. Өндөр мэргэжлийн хүн шиг санагдсан. Одоо хамтарч зовлон жаргалаа хуваалцан байж олон асуудал шийдье гэсэн бодолтой байгаа. Энэ бол манай түүхэн уламжлалд нийцэх нь гарцаагүй.
-Төмөр замд Оросын талын эзэмшил 49 хувь болох нь гэх яриа ч газар авч байна. Ийм байх боломжтой юу?
-Миний бодоход Оросуудад энэ асуудал тийм ч том асуудал биш байх. Тэр тусмаа нэг хувьд ногдох ашиг гэж үнэндээ юу ч байхгүй. Элчин сайд Самойленко энэ талаар тов тодорхой хэлсэн байна лээ. Нэг хувийг Монголын тал авч 51 хувьтай болохын цаад утга нь юу юм бол гэдгийг л Манай талаас сонсчихмоор байна гэсэн. Авья гэж хэлэх амархан. Авсан хойноо энэ түүхэн төмөр замаа шинэчлэх юм болов уу гэсэн санаа л хэлээд байгаа. Үнэндээ төмөр замаа шинэчлэх өргөн хөтөлбөр дэвшүүлээд түүнийхээ төлөө хоёр тал хөрөнгө мөнгө зарвал хувь хэмжээний асуудал аль аль талдаа нээлттэй биз ээ.
-Та Монголын төрд өндөр албан тушаал хашсаар ирсэн. Гэхдээ Оросын талын удирдлагуудтай “зузаан харилцаатай” гэх фракцид багтдаггүй. Та гэлтгүй АН-ын-хан тийм шүү дээ. Харин одоо ОХУ, Монголын Засгийн газрын “шинэков”-ууд хэрхэн хэл амаа ололцох, хэр удаан нөхөрлөх тухайд ямар таамаглалтай байна вэ?
-Хөршийг сонгодоггүй. Хөрш орон бидэнд бурханаас л заяасан. Иймээс хөрш орнуудтайгаа ялангуяа Орос оронтой бүх талаар харилцаагаа бэхжүүлэх нь манай эрх ашигт нийцэх нь гарцаагүй шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газар Орос оронтой харилцаагаа шинэ түвшинд гаргаж чадна гэж бодож байна.
-Засгийн газрын баталгаатай 1,5 тэрбум ам,долларын бондын эхний хэсгийг төмөр замд, тэр тусмаа танай компанийн хэрэгжүүлэх төсөлд зарахаар төлөвлөсөн. Гэтэл энэ мөнгө том төслийг хэрэгжүүлэхэд аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг нь тодорхой. Тэгсэн атлаа өндөр хүүтэй мөнгө авчихаад М.Энхсайханы компани руу “хийчихлээ” гэх яриаг та бодвол сонссон л байх. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Бондын мөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдэг Засгийн газрын шийдвэр хараахан гараагүй байна. Ер нь энэ асуудлыг УИХ дээр эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Бонд гэдэг бол ирээдүйгээсээ авч байгаа өр төлбөр учир УИХ шийдэх нь Үндсэн хуулийн зарчим мөн байхаа. Миний хувьд хэрвээ мөнгө хуваарилбал талаар нэг тарааж хоосон шороо бужигнуулах бодолгүй байна. Төмөр замын төсөлд энэ мөнгө багадаж магадгүй. Төмөр зам ярвигтай төсөл тул долоо хэмжиж нэг хайчил гэдэг зарчмаар сайд, дарга нартай ширүүхэн маргаан хийж байгаа. Хөндлөнгийн хүний үс босохоор муудалцах явдал байгаа. Гэвч бондын мөнгийг буруу зарцуулбал бид бүгдээрээ толгойгоо тасдаад ч нэмэргүй. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун сүрхий анхааруулсан. Бондыг эргүүлж төлөхгүй бол Монгол хэн нэгний хараат орон болно гэсэн анхааруулга надад хүнд тусч байгаа. Бусад хүмүүст мөн энэ мэдрэмж байгаасай.
-Ер нь шулуухан хэлбэл төмөр замын төслөө хэрэгжүүлэхэд тань ямар хэмжээний мөнгө хэрэгтэй байна вэ. Үүнийг бондоос өөр арга хэлбэрээр босгох боломж үнэхээр алга уу?
-Төсөлд таван тэрбум доллар шаардагдана гээд хүний бичиж өгсөн шпи байна. Говь хээрийн бүсэд төмөр зам тавихад хангайн бүсэд тавьснаас илүү өртөг зардалтай байж магадгүй. Учир нь далангийн хайргыг алс холоос тээвэрлэх шаардлагатай болно. Элсний нүүдлээс хамгаалах далан барих шаардлага үүснэ. Ус байхгүй, цахилгаан байхгүй. Бүх юмыг шинээр хийнэ. Тооцоолж байснаас өртөг нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй байгаа. Дээр нь хөрш орнуудтайгаа Транзит тээврийн гэрээ хэлэлцээ хийх хэрэгтэй байна. Манайханд нэг том дутагдал байна. Мөрөөдөл ихтэй. Ийш тийш зам тавина гэж ярихдаа хүний замаар дамжиж, далайн боомтод хүрнэ гэдгээ мартчихдаг. Нөгөөдөх нь бидний дураар өөрийнхөө зам дээр явуулахгүй гэдэг нь уул нь ойлгомжтой баймаар. Ажил хэргийн халуун маргаан дунд зөв шийдвэр төрөх боловуу гэж бодож байна.
-Эдийн засагчийн хувьд та энэ их хэмжээний бондоос айж байна уу. Эсвэл одоо л зөв замдаа орлоо гэж боддог уу?
-Бондыг хүссэнээрээ босгоно гэж байхгүй гэдгийг анхааруулмаар байна. Ялангуяа АНУ-ын Төв Банкнаас “Quantitve easing 3” хөтөлбөрийн хүрээнд том банкуудын муу зээлийг худалдан авах ажлыг 2012 оны есдүгээр сараас хэрэгжүүлж байгаа. Сард 40 тэрбум долларыг банкуудад цутгаж байгаа. Банкуудад бэлэн төслүүд дутагдалтай байгаа учир улс орнуудын бондыг худалдан авч байгаа юм. Аз уу, эз үү ёстой бүү мэд. Зөв ашиглавал аз, буруу бол эз болно.
-Таныг Н.Алтанхуягийн Засгийн газрын гол төслийг хэрэгжүүлнэ гэж, тэр тусмаа Х.Баттулгын хүмүүстэй гар нийлж ажиллана гэж төсөөлж байгаагүй гэж ярих хүн олонтаа таардаг. Одоогийн байдлаар нийлэмж ямар байна вэ. Энэ нөхөрлөл тань хэдий хүртэл үргэлжлэх бол?
-МҮАН МАХН-ын хамт АН-тай засаг байгуулахад оролцож байгааг мартаж болохгүй. Бидний харилцааг нам хоорондын гэдгээр илүүтэй харах хэрэгтэй. Хувь хүний хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягт ховорхон боломж олдсон бөгөөд бусдыг сонсож чаддаг түүний чадвар энэ Засгийн газрын суурь дэвсгэр болж байгаа байхаа. Х.Баттулга сайдын хувьд түүн шиг сэтгэлээсээ ажилладаг хүмүүс их л байгаасай гэж бодох юм. Бидний хооронд санал зөрж болно. Тэр бол юу ч биш. Харин шал дэмий зүйлээс Монголын том эрх ашиг хохирох ёсгүй дээ. Хэзээ нь хатуурч, хэзээ нь зөөлөрч явах ёстойг тэнгэр хэлж өгөх байлгүй дээ.
-Таны хувьд Н.Энхбаярын талаар хэдийнэ хэлдгээ хэлчихсэн. Харин МАХН-ынхан Засгийн газраас гарна хэмээн яаран мэдэгдэл хийсэн тэр “үлгэр”-ийн тухайд эвслийн асуудал хөндөгдсөн. Тухайлбал та эвслийн Удирдах зөвлөлийг хуралдуулахгүй зугтаад байсан. Эвслийн Удирдах зөвлөл хэзээ хуралдав. Уур амьсгал ямархуу болсон тухайд “нууц”-аасааа дэлгэж болох уу?
-МАХН манай намд хандаж эвслийн Удирдах Зөвлөлийг хуралдуулах санал тавьсан. Тэр үед нь би гадаадад томилолттой явж байсан. Засгийн газраас гарах шийдвэрээ МАХН эргэн харж үзсэн учраас эвсэл хуралдах шаардлагагүй болсон. МАХН алдаж болно. Алдаагаа засаж байгаад баярлаж байна.
-Таныг манай сониноор дамжуулан Н.Энхбаярын хэрэг шүүхийн шийдвэрийн дагуу явсан. Би хэлмэгдүүлсэн гэж хэлж чадахгүй гэхчлэн “мэдэгдсэн”-ий дараа Н.Энх-баяр, түүний гэр бүлийнхний зүгээс ямар нэг дайралт ирсэн үү?
-Огт үгүй.
-Одоо хэр нь Н.Энхбаярын гэргий О.Цолмон нөхрийг минь хордуулсан гэж яриад байгаа. Та ядаж Н.Энхбаяртай ойр байсны хувьд тэгсэн байж болох юм гэх сэжиг төрсөн үе бий юү. Эсвэл О.Цолмон нөхрийнхөө төлөө тэгж худлаа ярьж мэдэхээр хүн үү?
-Хэн ийм яриа гаргасныг би хувьдаа хэлж мэдэхгүй. Элдэв цуу ярианы нэг байх л гэж бодож явдаг.
-Тухайн үед та “Эвсэл Засгийн газраас гардаг юмаа ч гэсэн нэг хүний асуудлаас болж бус нэлээн том эрх ашгийн төлөө гарна” хэмээж байсан. Ямар тохиолдолд эвсэл Засгийн газраас гарах вэ. Та бүхний хийсэн гэрээ нууц учраас асууж байна л даа?
-МҮАН үндэсний эрх ашгийг дээдлэнэ гэж нэг бус удаа хэлж байгаа. Манай нам “Үндэсний эрх ашгаар засаглах” гэсэн бүхэл бүтэн үзэл сурталтай. Энэ талаар хэдэн цаг ярьж чадахаар байна. Үндэсний эрх ашгийг хохироох үйлдэл хэнбугайч гаргавал бидний зүгээс нөхөрлөл байхгүй. Үүнд итгэлтэй байж болно. Үзэл бодол, итгэл үнэмшлээ сандал ширээгээр сольдог нь манай намынхан биш.
У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
No comments:
Post a Comment