Sunday, 9 December 2012

Э.Сонинтогос: Cоёлын онцгой үнэт зүйлүүд манайд бий


ССАЖЯ,  Соёл урлагийн их сургууль,  ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар,  ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БШУЯ, Олон Улсын Монгол судлалын холбоо, МУЗ хамтран  “Соёл ба хөгжил” чуулганыг арванхоёрдугаар сарын 12-14-нд Улаанбаатар хотноо зохиох гэж буй. Энэхүү үйл ажиллагааг санаачлан, хэрэгжүүлэгч СУИС-ийн захирал, доктор  Э.Сонинтогостой чуулганы талаар ярилцсан юм.  
-Удахгүй зохиогдох “Соёл ба хөгжил” чуулганы талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Соёл бол зөвхөн нэг салбарын асуудал биш. Соёл бол хүний хөгжлийн амин чухал хэсэг, хувь хүн болон нийгмийн бүтээлч байдлын эх сурвалж, цаашилбал улс орны  тусгаар тогтнол, тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2010 оны хуралдаанаас Соёл ба хөгжил тогтоол гаргасан бөгөөд түүний үзэл санааны дагуу улс, бүс нутгууд дор бүрнээ хуралдаж байна.  2013 онд дэлхий дахины Соёлын чуулган болно. Бид өнгөрсөн жилээс энэхүү чуулганыг хийх хүсэлтээ ЮНЕСКО-д илэрхийлж байсан. Үүнийг маань ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс дэмжсэн. Бас энэ жил манай улс Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай болсон нь “Соёл ба хөгжил” чуулганыг зохион байгуулахад ихээхэн нэмэр тус болж, саяхан  дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдлаа.  Соёлын чуулган маань олон улсын хурал, соёлын ажилтны сургалт семинар, үзэсгэлэн, сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдээс бүрдсэн цогц ажил бөгөөд олон улсын хурлаа ирэх сарын 12-14-нд хийх гэж байна. Манай бага  хуралд ЮНЕСКО-гийн нэр хүндтэй шинжээчид оролцоно. Түүнчлэн энэ үеэр соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим  байгууллагын үзэсгэлэн гарах юм. Өнгөрсөн долоо хоногт Соёлын өв судлалаар эрдэм шинжилгээний хурал болоход олон хүн ирж санал бодлоо илэрхийлсэн.

-Соёл гэдэг бол асар өргөн хүрээг хамардаг зүйл. Гэтэл яагаад заавал эхний хэлэлцүүлгээ соёлын өв судлалын асуудлаар хийсэн юм бэ?

-Соёлын өв судлалын чиглэлээр хийж байгаа ажил манайд маш бага. Гэтэл манайх    соёлын өвөөр маш баян. Түүнийгээ судалж, шинжилж,  таниулан сурталчлах, эргээд бүтээгдэхүүн болгоход шинжлэх ухааны байр сууринаас хандах нь чухал юм. Тиймээс соёлын өвийн асуудалд эрдэмтэд хүчээ нэгтгэж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, судалгааны арга зүйгээ шинэчлэх, эрдэмтэн судлаачдаа дэмжих, үүнд  төр засаг, бизнесийнхний анхаарлыг хандуулах цаг болсон байна.  Соёлын өвөө хадгалж хамгаалах, түүний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гээд хийх ажил их бий. Энд тэнд нүүрсний орд олдлоо л гэдэг. Бас түүнээс илүү юу гэхээс дутахгүй үнэ цэнтэй булш бунхан, түүхийн үнэт дурсгал маш ихээр олдож байна. Тэр бүхнийг агуулах сав, дэлгэн үзүүлэх музей, галерей байна уу. Бүгдийг гадагшаа алдаад дуусахгүй нь лавтай. Манайд өнөөдөр олон сайхан музей хэрэгтэй байна. Эндээс л монголын түүх соёл харагдана, энд л монгол бахархал  харагдах учиртай. Бас соёлын өвийг хадгалж хамгаалахад иргэдийн оролцоо, эр зориг, эх оронч сэтгэл чухал. Энэ тухай бас хүмүүс ярьсан.  Хүн төрөлхтний өөрийнх нь түүхийг таниулахад ач холбогдол бүхий гойд  чухал соёлын үнэт зүйлүүд манайд байдаг атал зориулалтын ганц музей алга.

-Энэ бүхэн Соёлын чуулганыг зохиох болсон хамгийн том шалтгаан байв уу? 
-Монголчуудын эртнээс бий болгосон соёл бол хүн төрөлхтний нийтлэг соёлд онцгой байр суурь эзэлдэг. Нүүдэлчин монголчуудын байгаль, эх дэлхийтэйгээ харьцаж ирсэн уламжлалт соёл, сэтгэлгээ, хуримтлуулсан мэдлэг туршлага  орчин үед асар үнэ цэнтэй  юм. Үүнийгээ бид дэлхий нийтэд таниулж сурталчлах тал дээр санаачлагатай ажиллах шаардлагатай.  Бидний хуучин хоцрогдсон  гэж үздэг зүйлүүд үнэд орж байна. Ер нь энэ цаг үе монголчуудын хувьд аль ч талаасаа  дахин сэргэлтийн гэж хэлж болохоор. Хэрхэх нь монголчууд  өөрсдөөс минь шалтгаалах учраас 50, 100 жилийн дараа олон улсад сайны жишиг  улс бий болгоход соёлын гүйцэтгэх үүрэг асар их. Монгол орны эрчимтэй хөгжлийг зөвхөн нүүрс, уул уурхайгаар бус энэ бүхний суурийн суурь нь бидний соёл юм гэдгийг хүмүүс ойлгож байгаа болов уу.

-Монгол бол асар өвөрмөц соёл урлагтай орон. Энэ өвөрмөц байдлаа хадгалах хамгаалахад хөрөнгө мөнгө чухал шүү дээ. 
-Яах аргагүй энэ бол бидний давуу болоод сул тал маань. Бидэнд соёл урлагтаа зориулаад байх хөрөнгө мөнгө, хуримтлал байсангүй. Бас үндэсний соёл урлагтаа гараа сунгах үндэсний хөрөнгөтнүүд одооноос л төрж байна. Одоо манай хөрөнгөтнүүд шүрэн хөөрөг, хурдан морь төдийхөнд хөрөнгө мөнгөө үрэх биш бүр томоор үндэсний соёлын хөгжлөө хардаг болж байна. Түрүүчээсээ дэлхийн стандартад нийцэх концертын танхим, театрыг өөрсдийн хөрөнгөөрөө барьж эхэлж байна. Энэ бол маш сайхан эхлэл. Үндэсний хөрөнгөтнүүд маань монголынхоо өв соёлыг үр хойчдоо үлдээхийн төлөө анхаарал хандуулж эхэлсэн нь сайшаалтай. Энэ бол хөгжлийн  шинэ түвшин.   Өнөөдөр манай хүмүүс  дэлхийн урлаг , азийн урлагийг хэр сайн мэдэх билээ. Монголд  Азийн орчин үеийн урлаг, дэлхийн урлагийн үзмэрүүдээс дэлгэн үзүүлсэн хувийн музей, галерей бий болооосой гэж бид хүсдэг. Үүнд заавал төрийг барьж байгуулахыг хүлээх биш өөр ямар боломж гарц байна вэ гэдгийг хайж олох ёстой. Хүний мэдэх, бүтээх шунал хязгааргүй байвал энэ нь эргээд хөгжилд түлхэнэ. Тиймээс Соёлын чуулганд зөвхөн урлаг соёлын салбарынхан биш эдийн засаг, банк санхүү, инженер, боловсролынхон, төрийн бус байгууллагынхан  илүү түлхүү оролцоосой гэж бид хүлээж байгаа.

-Энэ олон салбарын төлөөлөл оролцож, асуудлаа хэлэлцэх учраас уг чуулганаас ямар үр дүн хүлээж байгаа вэ? 
-Чуулганаас мэдээж “Улаанбаатарын тунхаг”-ийг гаргана. Монголын чуулганы үр дүн юу байх бол. Бид хамтдаа ямар төсөл хөтөлбөрийг дэвшүүлэх, хэрэгжүүлж,  төр засгаас алийг нь дэмжүүлэх, бизнесийн болоод олон улсын байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж, шийдэлд хүрнэ гэж найдаж байгаа. Тийм учраас бид ухаан санаагаа уралдуулах биз. Энэ зорилгоор веб хуудас ажиллуулж олны санаа бодлыг сонсож байна.

-Ингэхэд хэзээнээс бид соёл гэдэг үнэт зүйлээ гээж, мартаж эхэлсэн юм бол?
-Харин л дээ. 20  жилийн өмнө Чингис гэж хэлсэн хүн ажлаасаа халагдаж,  уртын дууг төрийн концерт  дээр л дуулдаг,  монгол дээл өмссөн хүнийг хоцрогдсон бүдүүлэг гэдэг байсан. Гэтэл одоо монгол дээлээ бид хэтэрхий гэмээр маяглуулж, энэ юу вэ гэмээр бүр олон янзаар өмсөж байна. Хэдхэн хоногийн өмнө Чингис хааныхаа мэндэлсэн  өдрийг тэмдэглэв. Үнэхээр эзэн хааныгаа монголчууд, голомт улсынх нь төрийн тэргүүн л магтан дуурсгах ёстой үгийг Ерөнхийлөгч хэлсэн. Тэр үгийг сонсоод монгол хүн болж төрсөн заяандаа хүн бүхэн бахархсан болов уу. Цаг ингэж л өөрчлөгджээ. Монгол гэдэг ахуй байгаа цагт хэл, соёл мартагдана гэж байхгүй. Гэхдээ сүүлийн үед энэ ахуй, орчин маань асар хурдтай өөрчлөгдөж байгаа нь эмзэглүүлж байна. Мартахгүй гээд хэдэн үеэрээ малчин байна гэсэн үг биш л дээ. Бид тийм нэг саармаг сэтгэхүйтэй, саармаг соёлтой, саармаг улс болчихвий гэх эмзэглэл байнаа. Соёлын чуулганыг хийж буй шалтгааны нэг нь энэ юм. Дэлхий юугаараа гоё вэ гэхээр олон төрөл зүйлийн соёл иргэншилтэй улс үндэстэн амьдардгаараа. Тиймээс л НҮБ энэ олон талт соёлыг хэвээр хадгалах нь дэлхий дахин энх тайвнаар зэрэгцэн оршихын үндэс гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Саяхан би хэсэг залуустай уулзлаа л даа. Гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн тэр залуус монголоороо өвчилж, эх орноороо гоёхыг үнэхээр хүсч байна. Гэтэл тэд монголоо, монгол соёлыг бага мэдэж байна гэнэ. Залуус маань дургүйдээ биш, мэдэхгүйдээ эх хэл, соёлоо эзэмшиж,  түүгээрээ гангарч чадахгүй байна гэнэ.  Тэдний энэ хүсэл зоригийг бид мэдрэхгүй байгаа нь  алдаа юм. Тиймээс залуусаа энэ чуулганд нэгдэж,  санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсч  байна.
Бидний мах цусанд монгол аялгуу, монгол сэтгэлгээ өвлөгдөж ирсэн учраас мартсан зарим зүйлээ хурдан сэргээж чадсан юм шүү дээ. 
Л.ГАНЧИМЭГ
www.news.mn




Bottom of Form

No comments:

Post a Comment