13 дугаар зуунд Чингис хаан тал нутгийн Монголчуудыг дахин нэгтгэж, Их Монгол улсыг байгуулан, Монголын бүх овог аймгууд их хааны сүр хүчин дор нэгдэж байсан тэр цагт Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү, Жаха Хамбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийн хүслээр хаанд ирж, бага хүү Тулуйтай нь гэрлэж байгаагаар энэ роман эхэлнэ. Гоо үзэсгэлэн төгс Хэрэйд охин Сорхугтаний эгч Ибагаг мөн Чингис хаан өөрийн хатнаа болгон авах боловч, удалгүй аав нь хаан эзэнтэй дахин тангараг тасарна. Хоёр охиных нь нэрээр олон удаагийн урвалтыг нь уучилсан Чингис хаан Сорхугтанийн аав Жаха Хамбуг хөнөөж, эцгийг нь алсан хүнд эгчийг нь өгч явуулан, Сорхугтанийг өөрийн бэр хэвээр үлдээж байгаагаар зохиол үргэлжилэх бөгөөд хааны бэр хэвээр үлдсэн ч Сорхугтанийн амьдралд урт удаан аз жаргал үргэлжилсэнгүй. Эзэнт гүрний баян тансаг амьдрал, эрх мэдлийн зах хязгааргүй дунд ч хүний л амьдрал өрнөж байх тул, хүний зовлон ч өөрийн байраа эзэлсэн хэвээр байдаг ажээ. Ар араасаа ирэх өнчрөл хагацал түүнээс эцэг эх, хайртай эгч, халамжит хань, дотно бүхнийг нь нэг нэгээр авч явдаг.
Эцсийн мөчид эмэгтэй хүнээс л гарч болох ухаан, тэвчээр, хатуужил энэ хатныг тал нутгийн элгэн дээр хөл дээрээ чанга гишгэн зогсох их хүчийг хайрлаж, атаа хорсол албин хорлолын дундуур ч өөрт заяасан ухаан авьяасаараа гэтэлж, эх хүний үүргээ нэр төртэй биелүүлж, эм хүн энэ орчлонд ирээд буцахдаа юуг хийж болохыг өөрийн биеэр харуулдаг. Энэ романд их эзэн Чингис хааны үеэс хойш, Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жил, Монголын нууц товоо бичигдэж дууссанаас хойшхи түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Сорхугтани хатнаар дамжуулан Монголын түүхэнд төдийлөн дурсагдаагүй үлдсэн олон хатад, тэдний эмгэнэлт хувь заяаг өгүүлжээ.
Эзэнт гүрний нийслэл Хархорум тухайн үед хэрхэн дэлхийн хөгжил цэцэглэлтийн өлгий болж байсан хийгээд, өнөө хир тэрсэлдэн байгаа олон шашин Монголын тэнгэр дор хэрхэн эв нэгдэлтэй оршиж байсан үнэн түүхийг өгүүлдэг. Сорхугтани хатны төрүүлсэн дөрвөн хүү цагийг эзэлсэн их хаад болж, алтан ургийн гинжин хэлхээг 400 жил залгуулан, Лигдэн хаан хүртэл үргэлжлүүлж, хожим түүний үр хүүхдүүдийн дундаас 4-р далай лам, анхдугаар богд Занабазар нар төрсөн юм. Газрын явдлыг таньж барсан түүний хөвгүүд тэнгэрийн явдлыг тольдон харахаар дэлхийн анхны одон орон судлалын төвийг өнөөгийн Ираны нутагт байгуулсан бол одоогоос ердөө гурван зуун жилийн өмнө төрөөс ард түмний хүүхдийг сургуульд сургаж болох юм байна гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Сорхугтани хатан найман зуун жилийн өмнө Бухард дэлхийн анхны сургуулийг бариулж, Хатны сургууль хэмээн нэрлэж байсан нь өнөө ч сүндэрлэсэн хэвээр байдаг. Сорхугтани романд энэ бүх гайхамшигт түүхийг өгүүлэх болно. Тус романыг “New mind” компанийн захирал, НИХТ, хатагтай Г. Идэрмаа ивээн тэтгэн хэвлүүлжээ.
Сорхугтани романы зохиогч Бямбаагийн Сарантуяа. УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг 1995 онд зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн. Сорхугтани роман нь түүний үргэлжилсэн үгийн чиглэлээр бичиж буй анхны роман юм. Зохиолчтой уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
Сорхугтани романы зохиогч Бямбаагийн Сарантуяа. УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг 1995 онд зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн. Сорхугтани роман нь түүний үргэлжилсэн үгийн чиглэлээр бичиж буй анхны роман юм. Зохиолчтой уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Романаа бичих санаагаа хэзээ олсон бэ. Чухам яагаад хатны тухай сэдвийг сонгосон юм бол?
- Би 21-р зуунд амьдарч байгаа шинэ зууны иргэн. Өөрөөр хэлэх юм бол миний хамгийн сайн мэдэх зүйл бол одоо цаг. Өнөөдөр Монгол хүн сайхан амьдрахыг хүсч байна. Улс орон минь амгалан байж, айх аюулгүй, дутах зүйлгүй тайван амьдрахсан гэж хүн бүр хүсдэг. Ингэж хүсэх бүрдээ эх зах нь олдохгүй байгаа энэ улс оронд ид шид амилах мэт Чингис хаанаа дахин гарч ирээсэй гэж хүмүүс үгүйлдэг. Тэр дахин төрөөсэй. Үгүйдээ түүн шиг нэг хүн гарч ирээд энэ улс орныг залаасай. Болохоо болиод байгаа энэ нийгмийн амьдралыг өөрчлөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тэгвэл Чингис хаан гэж хэн байсан бэ. Түүний тухай өгүүлэх гадна дотны олон эх сурвалжууд, ном зохиолууд бий. Тэдний дундаас шүүрдэн их хааны оюун санааг хэрхэн өнөөгийн хүмүүсийн өмнө ил гаргах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Түүний оюун санааг ил гаргаснаар их түүхээсээ суралцаж болно гэж бодсон. Би эмэгтэй хүн. Тиймээс эр хүний өмнөөс бодох, сэтгэхэд амаргүй. Мөн хүний эцэг болж үзээгүй учир энэ жаргал хийгээд зовлонг мэдэхгүй. Харин тэр цагт зэвсэг барин дайтаагүй ч, их хаадын амсхийх чөлөөнд засгийг удирдаж байсан, тухайн үеийн дэлхий ертөнцөд оюун санааны дайныг явуулж байсан ухаант хатдыг сонирхон судалсан. Монголын нууц товчоо зохиолын үндсэн суурь болсон эвлэн нэгдэхийн тухай өгүүлэх таван сумны сургаалыг хайрласан Алун гуа эхээс эхлээд Өэлүн эх, Бөртэ хатан, Хулан хатнаар үргэлжлэх олон сайхан эмэгтэйчүүдийн түүхийг сөхсөн. Харин энэ олон хатдын дундаас надад Сорхугтани хатны түүх хамгийн ихээр таалагдсан тул цааш судалж эхэлсэн. Судлах тусам сонирхолтой санагдаж, бүдэг бадаг мэдээллүүдийг цааш хөвөрдөх, ургуулан бодох, хоорондоо зөрөөтэй эх сурвалжуудыг тайлах гэж тэмүүлэх хүсэл минь улам бадарсан. Эндээс л энэ роман төрөх эхлэл тавигдсан гэж ойлгож болно.
-Романаа хэдий хэр хугацаанд судалж бичив дээ?
- Судлахад нэг их удаан хугацаа зарцуулаагүй ээ. Гэхдээ бага хугацаанд асар их ном уншсан. Нимгэн зузаан хорь гаруй ном уншсан. Заримыг нь бүтнээр нь уншиж, заримыг нь өөрт хэрэгтэй гэсэн хэсгээ түүвэрлэсэн дээ. Эндээс Сорхугтани хатны тухай ерөнхий ойлголтыг гаргаж аваад түүхэн цаг хугацаануудад тулгуурлан үйл явдлыг зохиомжилсон. Цаг хугацааны хувьд Сорхугтани хатан Чингис хааны бэр болон ирж байгаагаас түүний насан эцэс болж байгаа хүртэлх тавь гаруй жилийн хугацаа багтаж байсан тул эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын хагас зуун жилийг өгүүлэх хэрэгтэй болсон. Романд шинэ шинэ баатрууд нэмэгдэн гарч ирэх бүрийд тухайн хүний түүхийг дахин судлах гээд их ажил өрнөдөг юм билээ. Бичихэд дөрвөн сар, засахад хоёр сар зарцуулсан даа. Мөн холын хүнээс үг сонс гэдгийг санаж Тасам буюу Тархан суурьшсан Монголчууд ТББ-ын тэргүүн Санчирыг зөвлөхөөр авсан.
- Таны роман бусад романуудаас юугаараа онцлог болсон гэж хэлэх вэ?
- Өнөөдөр бид цаг хугацаа хэмээх хэнийг ч хүлээхгүй асар их хурдтай уралдаж яваа. Хүмүүс ном унших дуртай байгаа хэдий ч хэт урт, нуршсан, үйл явдал нь хэрхэх нь тодорхойгүй, сунжирсан зохиол уншихаас цааргалах болж. Уншигчдийн шаардлага зохиолчдоос товч, тодорхой, ойлгомжтой, үйл явдал нь сонирхол татахуйц, цаашлаад дараа нь яах бол гэсэн хүлээлтийг үүсгэх, уншихад амар хялбар байх гэх зэрэг шаардлагуудыг хүсдэг. Би энэ зохиолыг уншигчдад л зориулж байгаа учраас тэдний шаардлагыг харгалзан үзэх учиртай. Тиймээс энэ бүхнийг бодолцсон. Миний номыг нэг барьсан хүн хэрхвэл дараа уншина гэж хойш тавихгүйгээр үргэлжлүүлэн уншиж дуусгах вэ. Хэрхвэл тэднийг эцсийн мөч хүтэл дагуулж чадах вэ, хэрхэн нуршихгүй хэр нь дөрвөн зуу гаруй хуудас роман бичих вэ гэдгийг бодож бичсэн. Мэдээж утга зохиолын онолоос гажихгүйгээр шүү дээ. Харин ном гарсны дараа миний эргэн тойрны хүмүүс дээд тал нь хоёр өдрийн дотор уншаад дуусгачихлаа гэж хэлж байгааг сонссон. Ямартаа ч тэдний шаардлагад нийцсэн бололтой санагдсан шүү. Харин бусад онцлогийн хувьд гэвэл бид ирээдүйгээ бүтээе гэвэл өнгөрснөөсөө сурах учиртай. Өнөөдөр уншигчдын дунд түүхийн судалгааны ном уншдаг хүн цөөхөн. Харин болж өнгөрсөн түүхийг уран зохиолын аргаар уншигчдад хүргэхэд олон хүн сонирхон уншдаг. Өвөг дээдсийнхээ бахархам түүхийг бид эндээс мэдэж болно. Тэдний оюун санаа, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго юу байсныг харж болно. Өнөөдөр хүмүүс сайхан байшин, гоё машин, ганган хувцас, эд хөрөнгө эрх мэдэлд шунадаг. Найман зууны өмнө ч хүмүүс амьдарч байсан. Сайхан байшингийн оронд орд өргөө, ганган машины оронд хүлэг морь, эд баялаг, эрх мэдэл гээд тэдний хүсэл ч өнөөгийн бидэнтэй л адил байж. Гэвч Чингис хаан хийгээд түүний үр хүүхдүүд энэ олон сонирхол, зөрчлийг зангидаж, зөвхөн Монгол туургатныг бус бүх дэлхийг хэрхэн нэгэн тугийн дор нэгтгэн захирч, улс орноо дэлхийн энгээр тэлж чадсан агуу ухаан хүч нь чухам юунд оршиж байсан юм бэ гэдгийг харуулахыг хүссэн. Зэвсэг барин дайтахаас өөрийг мэддэггүй гэж хэлэгдэх өвөг дээдэс минь оюун санааны хувьд ямар түвшинд хүрсэн хүмүүс байсан бэ гэдгийг харуулахыг зорьсон.
-Таны роман түүхэн эх сурвалжуудаас зөрүүтэй юм биш биз дээ. Жишээ нь Сорхугтанийн нөхөр Тулуй өөрийн ах Өгөөдэй хааны өмнөөс золио болон нас эцэслэсэн тухай бодит түүх бий. Харин таны номонд Тулуйг хаан ахынхаа өмнөөс золио болохоос өмнө өөрийгөө хаанд өргөмжлүүлж байгаад тэнгэрт хальж байгаа тухай гарч байна?
- Хааны оронд хаан хүн л золио болох учиртай биз дээ. Жишээ нь өнөөгийн ерөнхийлөгчийн өмнөөс түүний төрсөн дүү гарын үсэг зурж болохгүй. Бас үхэж болохгүй. Яг түүнтэй ижил Хядан улсын газар усны эзэд лус савдаг хилэгнэж хааныг авна хэмээн хэлүүлсэн үгийг бөө зайрангууд дамжуулсны дараа Тулуй өөрийн шийдвэрээ гаргаж хаан ахынхаа өмнөөс золио болсон түүхтэй. Хааныг авна гэж хэлүүлж байхад дүүг нь золио болгохыг лус савдагууд хүлээж авах уу? Хэдийгээр бодит түүх ч ургуулан бодох хэрэгтэй болсон. Эцэст нь хааны оронд хааны дүү биш хаан хүн л тэнгэрт халих ёстой хэмээн сэтгэж, Тулуйг хаан ширээнд залах ёсыг үйлдүүлж, дараа нь бөөгийн шившлэгтэй усыг уулгаж тэнгэрт халиаж байгаагаар зохиомжилсон. Тулуй бол Чингис хааны отгон хүү. Гал голомт сахих албан ёсны хүн. Гэвч отгон хүүгийн хувиар хаан болох заяатай төрсөн ч хаан ширээнд заларч, ахынхаа өмнөөс тэнгэрт халих тавлинтай байжээ гэдгийг өгүүлсэн нь миний өөрийн зохиомж л доо.
-Мөнх хаан, хаан ширээнд суугаад их цэвэрлэгээ явуулж, төрд тэрсэлсэн хүмүүсийг хатуу цээрлүүлсэн тухай гашуун түүхүүд байдаг. Таны номонд энэ тухай арай бага орсон санагдлаа. Ер нь хаадын алдааны талаар бага дурдсан байх шиг?
- Энгийн жишээ. Танай аав ээжийг хажуу айлын чинь хүмүүс муу хэлээд байвал чи дуртай байх уу. Яг түүн шиг бидний түүхийг ихэнхдээ гадныхан бичиж байна. Өөрөөр хэлбэл аав ээжийн минь тухай хажуу айлынхан дур зоргоороо ярьж болохгүй. Зарим үед их түүхээ өмгөөлмөөр, их хаадынхаа төлөө заргалдмаар зүйл их бичигддэг. Бид өөрийн түүхийг тодорхой хэмжээгээр өмөөрөх ёстой. Учир нь бид өвөг дээдсийн үр хүүхэд учраас. Зуун жилийн өмнө юу болж байсан түүхийг бүдэг бадаг мэддэг бидний монголчууд найман зууны өмнөхийг тодорхой мэдэх аргагүй шүү дээ. Энэ түүхийг Монголын нууц товчоо болон тухайн үед манайд ирж байсан гадна дотны элч төлөөлөгчдийн өөрсдийнхөөрөө бичсэн тэмдэглэлүүдээс бэлхнээ харж болно. Нууц товчооноос хойших түүх маш бүдэг байдаг. Хожим 17-р зуунд бичсэн Алтан товч, шар тууж, асрагч нэртийн түүх зэрэг зохиолууд ч мөн шашны үзэл баримтлал хэт шингэсэн байх нь анзаарагддаг учир бодит түүхээс хол санаггддаг. Тэд ч мөн дөрвөн зууны дараа бичигдсэн зохиолууд шүү дээ. Одоо бид найман зууны дараа бичиж байна.
- Таны хувьд телевизийн сэтгүүлч хүн. Роман бичнэ гэдэг цаг зав барсан ажил биш үү. Ажлаа зохицуулах гээд асуудал үүссэн байх даа?
- Телевиз бол цаг нартай уралддаг ажил. Миний хувьд энэ урлагт олон жил зүтгэж явна. Харин үндсэн мэргэжил минь зохиолч, утга зохиол судлаач. Өнөөдөр телевизүүд борооны дараах мөөг шиг олноор бий болж үзэгчдэд олон талтай мэдээллийг хүргэж, энэ урлагт олон хүн хүчин зүтгэж байгаа. Харин цөөн хэдэн хүний нуруун дээр яваа утга зохиолын ертөнц, уншигч олон сайн зохиол, сайн зохиолчийг хүлээж байна. Унших хүмүүс дэндүү их байна. Харин унших ном ховор. Цөөн хэдэн зохиолчид нь хүрэлцэхгүй болсон юм шиг санагддаг. Тиймээс өөрийн үүргийг ухамсарлаж үндсэн мэргэжлийн ажлаа хийхээр шийдсэн хэрэг. Хөтөлгөө морьтой явах нь буруу юу байх билээ. Телевиз бол залуу насны ажил гэж би боддог. Зүс царай минь гундаж, залуу нас минь барагдаж эфирийн шаардлага хангахгүй болох хүртлээ энэ ажлаа хийх болно. Харин зохиолчийн мэргэжил хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Толгой сэтгэж, гар хөдөлж байсан цагт хийсээр л байх болно. Энэ бол бахархалтай хөдөлмөр гэж би ойлгодог.Д.Догсмаа
No comments:
Post a Comment