УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Парламент хоёр эмэгтэй гишүүнээр бүл нэмлээ. Эмэгтэй гишүүд юунд илүү анхаарал хандуулж ажиллах вэ?
-УИХ-д хоёр эмэгтэй гишүүн шинээр орж ирсэнд мэдээж баяртай байгаа. Гэхдээ 11-үүлээ болсон маань том амжилт хэдий ч бас л чамлалттай байна. УИХ-ын гишүүдийн 20 хүрэхгүй хувь гэдэг хүн ам, сонгогчдын тоотой харьцуулахад бага тоо. Цаашид бид энэ амжилтаа ахиулахын төлөө ажиллах ёстой. Гэхдээ тоо нэмэх нь чухал биш. УИХ-ын гишүүнийхээ хувьд тухайн хүн юу хийх вэ, улс төрд юу авчрах вэ гэдэг чухал. Эмэгтэй гишүүдийн зүгээс нийгэмд хүлээлттэй байгаа хүүхэд, эрүүл мэнд, гэр бүлийн асуудалд анхаарал хандуулна. Нөгөөтэйгүүр тулгамдаад байгаа асуудлын нэг засаглалыг сайжруулах, авлигатай тэмцэх чиглэлээр ажиллах, дуу хоолойгоо хүргэх ёстой гэж үзэж байгаа. Мөн хүн амын 50-иас дээш хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлнэ гэсэн гурван чиглэлийг барьж ажиллана. Энд нэг зүйл хэлэхэд эмэгтэйчүүдийн тоог нэмэхийн тулд нэмэх биш, иргэд сонгогчдын жинхэнэ төлөөлөл болж чадах, өөрсдийн дуу хоолойг хүргэх, тодорхой сэдвийн дагуу асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж чадах эмэгтэйчүүд л парламентад орж ирэх ёстой гэж би үздэг.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг дээр гишүүд улс төрийн санхүүжилтийг хандиваар бүрдүүлэх асуудлаар олон талын байр суурь илэрхийлж байлаа. Аж ахуйн нэгж, иргэний хандивын хэмжээг тогтоосон байсан?
-Улс төрийн санхүүжилт гэдэг угаасаа нам, улстөрчдийг хариуцлагатай болгох, авлигаас ангид байлгах гол хөшүүрэг нь байх ёстой. Ингэхийн тулд улс төрийн санхүүжилтийн зарчим нь зөв байх ёстой. Энэ соёлыг манайх түлхэх биш хэвшүүлэх ёстой. Ер нь өөрийн болон найз нөхөд, ах дүүгийнхээ мөнгөөр сонгуульд оролцож улс төр хийсэн хүн буцааж төлөх тухай л боддог. Өнөөх мөнгөө олохын төлөө толгой нь ажилладаг. Гэтэл ардчилсан орнуудад олон түмний дунд нээлттэй хандив зарлаж, хуулийн хүрээнд босгосон мөнгөө ил тод зарцуулдаг жишиг хэдийнэ тогтсон. Ингэж улс төрд орж байгаа хүн хандив өгсөн олон түмний бодол санааг хэрэгжүүлэхийн төлөө төлөөлөл болж ажилладаг. Тэгэхээр хандиваар улс төр хийх, өөрийнхөө мөнгөөр улс төр хийх хоёр зарчмын хувьд тэс өөр зүйл. Тиймээс манайх цаашид улс төрийн сонгуулийн санхүүжилтийг олон нийтийн хандиваар хийдэг зарчим руу шилжих ёстой. Үүний тулд хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох ёстой. Нэг иргэн, байгууллагаас авах хандивыг хүртэл тодорхой зааг, хязгаартай тогтоож өгөх ёстой. Тэгэхгүйгээр 10-хан компаниас зардлаа босгочихвол буцаад түүнээсээ хараат байдалд орж, тэдэнд үйлчлэх хэрэгтэй болно. Нөгөөтэйгүүр 1000 ААН-ээс авахаас өөр аргагүй жижиглэсэн тоо тавьчихвал өнөөх нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй болно. 1000 ААН нь олдохгүй болоод ирэхээр өнөөх хууль бус санхүүжилтийн аргаа хайхаас өөр аргагүй болох талтай. Тэгэхээр тэнцвэртэй, зөв зохицуулж өгөх хэрэгтэй болж байгаа юм. Хэтэрхий хараат болчихгүйн тулд хэдэн иргэн, ААН-ээс ямар хэмжээний хандивыг яаж авахаа маш зөв тооцоолох хэрэгтэй.
-Улс төрийн санхүүжилтийн хандив, сонгууль зохион байгуулах төсөв хоёрын заагийг ард түмэн сайн ялгахгүй байх нь бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сонгууль зохион байгуулахтай холбоотой төсөв улсын төсвөөс гарна. Үүнд сонгуулийн санал авах байруудыг зохион байгуулах, ажилласан хүмүүсийн цалин хөлс, сонгуулийн хуулийг олон нийтэд сурталчлахтай холбоотой зардал орж байгаа. Харин нэр дэвшигч, тухайн хүний нэрийг дэвшүүлж байгаа нам, улс төрийн хүчин өөрийн бодлого үйл ажиллагааг таниулахтай холбогдож гарч байгаа зардлыг хандиваар бүрдүүлж болно гэсэн үг.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энхийг сахиулагчдын саналыг авах талаар заалт орсон. Үүнийг боломжгүй гэж үзэх хүн ч байлаа?
-Энэ саналыг би Байнгын хорооны хуралдаан дээр гаргасан юм. Нэгдсэн чуулган дээр зарим гишүүн хөндөж байна. Гэхдээ О.Баасанхүү гишүүн “Гадаадад байгаа иргэдийн саналыг авна гэдэг шоу” гэж хэлж байна. Би хувьдаа хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д ийм үзэл бодолтой гишүүн, улстөрч байж болохгүй гэж үзэж байгаа. Төр иргэнийхээ эрхийг хэрэгжүүлэхийн төлөө тэр тусмаа иргэнийхээ сонгох эрхээ эдлэх боломжийг нээж өгөхийн төлөө ажиллах ёстой. Өнөөдөр сонгогч санал өгөх эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал, сонгуульд оролцох өгөх боломжоор хангах нь төрийн үүрэг. Тиймээс төрийн бодлого, тушаалаар гадаадад энхийг сахиулах алба хааж байгаа иргэдийн сонгох эрхийг нээж өгөх ёстой. Гадаадад байгаа сонгогчдын санал авах боломжийг бүрдүүллээ гэж байгаа ч түүний цаана 10 гаруй мянган энхийг сахиулагч үлдэж байгаа юм. Энэ тоо цаашид нэмэгдэнэ.
-Зохион байгуулахад бэрхшээлтэй тал байж болох юм. Судалж үзсэн байлгүй?
-Төр үүнийг сайн судалж хэрэгжүүлэх л ёстой. Манайхаас Афганистанд 400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Тус улсын хувьд Элчин сайдын яамтай, саяхан Элчин сайдыг нь томилсон. Тиймээс зохион байгуулахад дөхөмтэй байх. Харин Суданд үүрэг гүйцэтгэж буй 800 гаруй алба хаагчийн хувьд Элчин сайдын яамгүй ч НҮБ-аар дамжуулаад ч болов сонгох эрхээр нь хангах ёстой. Тухайн улс өөрөө хүсэлт тавьж амгалан тайван байдлаа хамгаалуулж байгаа учраас иргэдийн маань эрх ашгийг тодорхой хэмжээгээр хангаж өгөх л ёстой. Сонгох эрхийн гадна үлдэж байгааг өөрчлөх хүсэлтийг албан ёсоор алба хаагчид, зэвсэгт хүчний зүгээс бидэнд тавьдаг.
-Хүний хөгжил сангийн мөнгийг бондоос нөхөж өгнө гэж байгаа. Ингэж ойр ойрхон бонд гаргах нь эрсдэлгүй юу?
-Засгийн газар дуртайдаа бонд гаргасан гэж бодохгүй байна. Хүний хөгжил сан гэж өртэй, данс нь улайчихсан сан бид хүлээж авсан. Төв банкнаас авсан зээлийг хуулиараа хүүтэй нь буцааж өгөх ёстой. Иймээс нэмэлт санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болсон. Энэ нь төсөвт тусаагүй учир бонд гаргаж энэ мөнгийг төвлөрүүлнэ гэж байгаа. Ер нь бонд арилжаалж зардлыг санхүүжүүлэх нь олон улсын жишигт байдаг л зүйл. Аймаар юм биш шүү дээ. Хамгийн гол нь үүний цаана санхүүгийн тогтвортой байдлаа хангаж байгаа эсэх нь чухал. Бондын борлуулалт, зарцуулалтад тавих хяналт нь байх байрандаа байна уу, үгүй юу гэдгийг бид эргэж харах ёстой. Үүнийг бид Засгийн газар, Сангийн яамнаас сайн асуух хэрэгтэй. Түүнээс биш бондыг байж болохгүй, муу зүйл гэж бодохгүй байна.
-Бондыг бүтээн байгуулалтад зориулна гэж байсан. Гэтэл халамжид өгөх гэж байна гэсэн шүүмжлэл гарч байна?
-Ер нь гадаад зах зээл дээр борлуулж байгаа бондод тийм зарчим барьж байсан. Гаднаас мөнгө татахдаа төсвийн алдагдал нөхөх, өр зээл төлөхгүй гэдэг зарчим барьсан. Гадаадаас авч байгаа мөнгө нь эргээд өөрийгөө өсгөж, баялаг болгоод, өрөө өөрөө төлдөг байя гэж байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан чухал үзэл санаа. Улс орон эдийн засгийн хувьд аюулгүй байх, санхүүгийн хувьд бие даасан байх гэсэн зарчим. Дотооддоо гаргах бонд дээр ийм хатуу хязгаарлалт байхгүй байгаа.
-Саяхан монголчууд Ардчилсан хувьсгалынхаа ойг тэмдэглэлээ. Энэ баярыг АН-ын баяр мэт харах хүн байгаа нь ажиглагдаж байлаа. Гэтэл энэ бол ард түмэн, Монгол Улсын л баяр байх ёстой санагдах юм?
-Хүмүүс ийм зүйлийг их хэлж байна. Үүнийг би намууд иргэд, нийгмээс тасарсны илэрхийлэл гэж бодож байгаа. Улс төрийн нам гэдэг үнэндээ нийгмийг төртэй холбож байх гол гүүр нь байх ёстой. Тэгэхээс биш гишүүддээ үйлчилдэг байгууллага биш. Улс төрийн нам гэдэг нийгэмд үнэт зүйлийг төлөвшүүлэх, нийгмийн санаа бодлыг төрд дамжуулах, түүнийг бодлого болгож хэлбэршүүлэх ёстой. Улс төрийн нам гэдэг олон түмний санаа бодол дээр тулгуурлан бодлогоо боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө сонгуульд өрсөлдөх үүрэгтэй байгууллага шүү дээ. Нэг ёсондоо төр, ард түмний гүүр болж байх ёстой байгууллага. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд илүү дотоод руугаа, гишүүддээ чиглэсэн хуйвалдааны шинжтэй байгууллага болж хувирснаас хүмүүс ийм хандлагатай болж. Ардчиллын баярыг хэн ч өмчилж болохгүй. Энэ жил арай дэвшилттэй тэмдэглэлээ гэж үзэж байгаа. Зөвхөн гишүүдтэйгээ тэмдэглээд өнгөрөх биш нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулахад анхаарал тавилаа гэж би харсан.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар та олон ч ярилаа. Гэхдээ асуухгүй өнгөрч болохгүй байх. Уг хуулийн хамгийн гол дэвшлийг базаад хэлбэл?
-Хамгийн гол нь хэвлэлийн эрх чөлөө гэдэг үгийг лоозон болгож үлдээхгүйн төлөө, хэвлэл мэдээллийн байгууллагаас сэтгүүлчийн хараат бус байх байдлыг бэхжүүлэхийн төлөө тодорхой механизмуудыг тусгаж өгсөн. Сэтгүүлч эх сурвалжаа илчлэхгүй байх, үзэл бодлоо илэрхийлж, мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө баригдаж, хоригддог буруу жишгийг халахыг зорьсон нь энэ хуулийн нэг том дэвшил. Нөгөөтэйгүүр хараат бус байдал, эрх чөлөөг нь дагаж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид тавих хариуцлага шаардлагыг өндөржүүлж байгаагаараа дэвшил гарлаа гэж үзэж байгаа.
Ч.БАТМАА
Өдрийн шуудан
No comments:
Post a Comment