УИХ-ын
гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-Бондын
тухай улс төрийн намууд өөр өөр байр суурь илэрхийлж, Засгийн газар дааж
давшгүй их өр тавьчихлаа гэж танай намынхан шүүмжлээд байгаа. Энэ шүүмжлэл
бодит юм уу эсвэл зүгээр л улстөржөөд байгаа юм уу?
-Бид
улстөржөөгүй ээ. Харин ч сөрөг хүчний үүднээс хяналт тавих үүргээ л биелүүлж
байна. Ингэх бүрэн эрхтэй. Энэ парламент, Засгийн газарт хүчтэй сөрөг хүчний
хяналт хэрэгтэй байна. Тийм учраас бондыг үр ашигтай зарцуулах тал дээр бид
дуугарах ёстой. Алдаа гаргасан зүйл дээр нь үг хэлэх эрхтэй гэж бодож байна.
Энэ бондын өрийн эхний хэсгийг манай улс таван жилийн дараа төлнө. Арван жилийн
дараа үлдсэн хэсгийг нь төлж дуусна. Үндсэн өрөөс гадна хүү бодож байгаа шүү
дээ. Энэ 1.5 тэрбум ам.долларын бонд ашиглах нийт хугацаанд зөвхөн өрийн бичгийн
хүүд 615,6 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 861,9 тэрбум төгрөгийн
зээлийн хүү төлөх болж байна. Ийм их мөнгөн хөрөнгө манай улсын эдийн засгаас
гадагшилна гэсэн үг. Үүн дээр Хөгжлийн банкны 580,0 сая ам.долларын өрийн
бичгийн нэг жилийнх нь хүү 33 сая 350 мянган ам.долларыг нэмбэл ирэх таван жилд
жил тутам 105 сая 225 мянган ам.доллар буюу өнөөгийн ханшаар ирэх онд 147
тэрбум 315 сая төгрөгийг төлөх болно. Цөөнхийн бүлгийн гишүүний хувьд энэ
асуудалд нэлээд анхаарал тавьж байгаа. Манай бүлгээс бондын асуудал дээр
ажлын хэсэг гарсан. Мөн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад асуулга тавьсан
байгаа. Монгол Улсын өрийн хэмжээ хэд болов, өмнөх жилүүдэд гаргасан бондын үр
дүнгийн талаар тодруулсан. Үнэндээ бидний тооцоогоор Монгол Улсын өрийн
хэмжээ ДНБ-д эзлэх зохимжтой харьцаанаас хэтэрчих нөхцөл бүрдээд байна.
-Та
УИХ-ын гишүүн болоод хагас жилийн нүүрийг үзлээ. Төрийн түшээ байхын жаргал
зовлонг мэдэрсэн л байх?
-Шинээр
сонгогдсон гишүүний хувьд суралцах зүйл их байна. Шийдвэр бүрийн цаана улс орны
эрх ашиг байгаа болохоор хэлэлцэж байгаа хууль болгоныг судлахад их цаг
хугацаа шаарддаг юм байна. УИХ-ын Тамгын газар, байнгын хороогоо чадварлаг
багаар бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна. Гишүүдийн зөвлөх багийг чадварлаг
хүмүүсээр бүрдүүлэх, санхүүгийн боломжийг нь давхар шийдвэрлэх шаардлагатай.
Байнгын хорооны гишүүдийн тоог хуучнаар нь болгож сая хууль баталлаа. Энэ нь
сайшаалтай. Үүнээс өмнө үнэнийг хэлэхэд нэг байнгын хороонд таван
гишүүн ирц бүрдүүлээд тэднээс гурав нь хуралдаад л улс орны хувь заяаг
шийдэх чухал асуудлуудыг шийдээд хэсэг явлаа шүү дээ. Дээрээс нь
УИХ-аас ихэнх сайд нар томилогдчихсон болохоор байнгын хорооны хурал болон
чуулгандаа суух гишүүд бараг олдохгүй. Зарим үед ирц нь хүрэхгүй тарж
байсан. Заримдаа чуулганы хурал үдээс хойш эхэлж байлаа. Ийм цалгар байдал
газар авч байсанд тухайн үедээ шүүмжилмээр санагддаг байсан. Ер нь байнгын
хорооны хуралдааныг хэвлэл мэдээллийн төлөөлөлгүй хийдэг болбол илүү ажил
хэрэгч орчин бүрдэж, сайн хууль гарах бололцоо байна гэж харж байгаа.
-Танай
намынхан тэртэй тэргүй бүлэггүй юм чинь хуралд суугаад нэмэргүй гэдэг юм уу барагтаа
хуралд ирж харагддаггүй байсан. Уг нь ард түмний төлөө ажиллана гээд
эрхээ авчихсан хүмүүсийн хувьд үүргээ биелүүлэх л хэрэгтэй юм шиг санагддаг...
-УИХ-ын
гишүүнээр сонгогдсон гишүүн бүхэнд бүрэн эрх нь бий. Тиймээс аль ч байнгын
хорооны хуралд суух эрхтэй. Дуртай ажлын хэсэгтээ орж ажиллах эрх нь нээлттэй
байгаа. Нэгэнт ард түмний эрх ашгийн төлөө ажиллах мандат авчихсан учраас
ямар нэгэн шалтаг тоочоод хойш суух эрх бидэнд байхгүй. Миний хувьд байнгын хороодын
хуралд идэвхтэй оролцдог. Одоогоор Хадгаламжийн даатгалын тухай хууль, Иргэний
эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиудыг
хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орж ажиллаж байна. Шинэ гишүүний хувиар туршлагатай
парламентчдаас суралцах хэрэгтэй юм байна гэж боддог учраас бүлэггүй байхад нь
ч бүх хуралд суухыг хичээдэг байв.
-Та
УИХ-ын гишүүн болсноосоо хойш энд тэнд нэг их ярилцлага өгөөгүй санагдана. Ер
нь яагаад нэр дэвших болсон юм бэ?
-"Товчхондоо
гэвэл улс орныхоо хегжилд хувь нэмрээ оруулах, тодорхой ажлуудыг гардан хийж
Хөвсгөл аймгаа хөгжлийн арай өөр түвшинд хүргэхийн төлөө зүтгээд үзэх хүсэл
тэмүүлэл намайг хөтөлсөн гэж болно л доо. Бас Хөвсгөл аймгийн нутгийн
зөвлөлийн даргаар 2009 оноос хойш ажиллаж нутаг орондоо хэрэгтэй олон ажлуудыг
санаачилж эхлүүлсэн нь олны сэтгэлд хүрсэн болохоор маш том итгэл хүлээлгэсэн
болов уу. Зөвхөн Хөвсгөл гэлтгүй, улс орныхоо эрх ашгийн төлөө улс төрд оръё
гэсэн бодол байсан. Монгол Улс эдийн засгийн хувьд нэлээд эрчимтэй хөгжих
замдаа орчихлоо. Тийм учраас улс төрд улс орныхоо баялгийн ихэнх хувийг
бүтээдэг хувийн хэвшлийн төлөөлөл түлхүү ороосой гэж боддог. УИХ-ын гишүүн
болоод хэд хэдэн хууль батлуулах ажлын хэсэгт орж ажиллаж байна. Одоо
ажиллаж байгаа хуулийн төслүүдийн талаар тухай бүрдээ ярилцлага өгөөд байр
сууриа илэрхийлээд явж байгаа. Харин танай сонинд ярилцлага өгөөгүй юм байна.
Ер нь ярихаас илүү хийх нь дээр биз дээ.
-Өөрсдөдөө
эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн тул бизнесийнхэн улс төрд орж байна гэдэг
шүүмжлэл байдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?
-Бусад
улс орны жишгийг харахад бизнесмэнүүд улс төрд их ордог. Өнгөрсөн 20-30
жилийн турш эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа Азийн барууд гэгдэх болсон
Сингапур, Өмнөд Солонгос, Тайванийн парламентын гишүүдийн олонх нь бизнесменүүд
байдаг юм билээ. Ер нь бид улстөрч хүн гэж хэнийг, ямар хүнийг хэлэх вэ гэдэг
ойлголтоо өөрчлөх цаг нь болсон гэж боддог. Бидний сонгож авсан нийгмийн
тогтолцоо нь зах зээлийн нийгэм учраас улс орондоо баялаг бүтээдэг хүмүүсээ
сонсдог, тэднийгээ илүү их дэмждэг байж л сая улс орон хөгжинө. Ийм учраас
хувийн хэвшлийн тогоонд чанагдсан, унаж, босохын жаргал зовлонг мэддэг,
бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс улс төрд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.
Бизнесийнхэн улс төрд орж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах хууль эрх
зүйн орчин бий болгоно гэсэн хардалт байдаг гэж та хэллээ. Би бол арай өөр
ойлголттой байдаг.
-Одоо
ч парламентад олон бизнесмен орж иржээ...
-"Бодь"
группын Болд, Зоригоо, Ажнай Бат-Эрдэнэ, Женко Баттулга, Шунхлай Батхүү, Фортуна
Батбаяр, Бридж Ганхуяг гээд компаниараа овоглуулсан бизнесменүүд улс төрд
олон жил явж байна. Тэд нийлж хуйвалдаад компаниудынхаа, бизнесийнхээ эрх
ашгийг хамгаалах хууль батлуулаад байдаг гэдэгт би лав хувьдаа итгэхгүй.
Харин ч улс төрд орж ирсэн бизнесменүүд улам илүү эх оронч болдог юм байна
гэж надад анзаарагдаж байгаа.
-УИХ-ын
сонгуулиар Хөвсгөл аймагт цэнхэр өнгө давамгайлдаг байсан гэж болно. Таны бодлоор
энэ жил Хөвсгөлийнхөн яагаад МАН-ыг сонгосон юм бол?
-Манай
хөвсгөлчүүд ардчиллын анхдагчдаараа бахархаж, ардчиллын төлөө зүтгэж ирсэн
хүмүүс. Ардчилал гэдэг чинь зөвхөн нэг намын өмчлөлд байдаг үг биш шүү дээ. Маш
өргөн хүрээг хамарна. Шударга, хүмүүнлэг ардчилсан нийгмийг зөв утгаар нь
хөгжүүлэхийн төлөө үгээ хэлдэг олон мянган хөвсгөлчүүд байдаг. Шулуухан
хэлэхэд манайхан ер нь хурц талдаа "эсэргүүчүүд" ихтэй. Шударга хүмүүсийг
нутаг нуга, тал тохой татахгүйгээр дэмждэг хүмүүс шүү дээ. Ц.Элбэгдорж
Ерөнхийлөгч, Улсын баатар Э.Бат-Үүл, М.Энхсайхан гээд олон хүмүүсийг УИХ-д сонгож
байсан ард түмэн. Яахав манайхныг цэнхэр улаан гэж өнгөөр ялгаад хэрэггүй ээ
гэж би хэлдэг л дээ. Нутгийнхан маань өнгөөр бүхнийг шийддэггүй гэдгийг л сая
харуулсан гэж бодож байгаа. Нутгийнхан маань намайг "Нэр дэвшээд ир, бид
дэмжинээ" гэж хэлж байсан, дэмжих дэмжихдээ маш өндөр хувиар дэмжиж
саналаа өгч их итгэл хүлээлгэсэн. Одоо итгэлийг нь л сайхан дааж их зүйл хийж
нутгийнхаа хөгжлийг хурдасгана л гэж бодож байгаа. Ер нь би нам намаараа
талцахыг нэг их таашаадаггүй. Хөвсгөл аймгийнхныг төлөөлж УИХ-д сууж байгаагийн
хувьд УИХ-ын гишүүн ийм л байх ёстой гэсэн жишиг тогтооё гэж бодож
байгаа.
-Та
ямар жишиг тогтоож байгаа юм?
-Ямар
ч байсан УИХ-ын гишүүн болсноосоо хойш тойрогтоо таван удаа ажиллалаа. Аймгийнхаа
бүх сумаар явсан. Сум орон нутгаа хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг сум сумаар
нь гаргаж байна. Тойргийнхондоо улирал болгон сонин гаргаж ажлаа тайлагнаж
эхэлсэн. Юнителийн нэвтрүүлж байгаа телемаркетингийн үйлчилгээг
ашиглаж, тойргийнхоо бүх сонгогчидтойгоо үргэлж мессежээр харьцаж, төсөв
хөрөнгө оруулалт болон ажиллаж байгаа хуулийн төсөл дээрээ саналыг нь авдаг
боллоо. Ер нь миний хувьд усанд хаясан чулуу шиг тэгж ажил хийхгүй ээ. Олон жил
бизнесийн салбарт ажилласан болоод тэр үү ажлыг хугацаанд нь чанартай хийхийг
л эрмэлздэг. Мөн УИХ-ын гишүүнийхээ цалинг авдаггүй.
-Тийм
үү. Яагаад?
-Цалингаараа
сан байгуулж, оюутны тэтгэлэг олгож байна. Жил болгон 100 оюутанд 40 гаруй
сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Өнөө жил тэтгэлэг олгох 100 оюутнаа шалгаруулчихсан.
Оюутнуудтай гэрээ хийж тухайн баг, суманд дутагдалтай байгаа мэргэжлээр сурч
байгаа оюутнуудыг эхлээд түлхүү анхаарна. Тэтгэлэг авсан оюутнууд бас
тодорхой хариуцлага хүлээж төгсөөд нутагтаа очиж тогтвор суурьшилтай ажиллах
юм. Хэн хэндээ л ашигтай. Ер нь УИХ-ын гишүүн болбол заавал хийх шаардлагатай
хэд хэдэн асуудал дээр хувь нэмрээ оруулах юм сан гэж бодож явдаг хэдэн сэдэв
бий.
-Тодруулбал?
-Үндэсний
зөвшилцлийн хууль гэж олон улс орнууд гаргаж байна. Бидэнд улстөржихгүй байх
ёстой амин чухал цөөн хэдэн эрх ашиг байх ёстой. Үүнийгээ гол улс
төрийн намууд хуульчилж авах ёстой.
Монголчууд
намаар талцан хуваагдаж, намын эрх ашгийг бүхнээс дээгүүр тавих үзэгдэл их
болжээ. Тиймээс намын хатуу гишүүнчлэлгүй болох нь яваандаа зөв юм байна,
үүний төлөө явна гэж боддог. Дараа нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын
тогтолцоогоо заавал өөрчлөх ёстой гэж харж байгаа. Мөн үндэсний хөрөнгө
оруулагчдаа дэмжих цаг нь болжээ. Манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих
хуультай мөртлөө өнөөдрийг хүртэл үндэсний хөрөнгө оруулагчдаа хамгаалах хууль
алга. ДНБ-ий дийлэнх хувийг бүрдүүлж байгаа дотоодын хөрөнгө оруулагчдаа
дэмжих, эрх зүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй байна. Түүнчлэн үнэт
цаасны зах зээлийг өөрчлөх ёстой юм байна. Дэлхийн хөгжсөн улс орнуудад
хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж байж хүчирхэг эдийн засагтай болж чадаж байгаа.
Мөнгөө өсгөх сонирхолтой иргэд үндэсний компаниудынхаа хувьцаанд хөрөнгө оруулдаг
ийм эрх зүйн орчинтой болгож өөрчилмөөр санагддаг. Жишээ нь, өнөөдөр
монголчуудын арилжааны банкинд хадгалуулж байгаа мөнгөн хадгаламжийн хэмжээ
манай улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа нийт хувьцааны
үнэлгээнээс хоёр дахин их байна. Уг нь энэ мөнгөний ихэнх хэсэг нь хөрөнгийн
зах зээл рүүгээ орох ёстой. Азийн бар гэгдээд байгаа орнууд ийм л замаар хөл
дээрээ боссон шүү дээ.
-Ингэхэд
та сэтгүүлч мэргэжилтэй байх аа?
-Ленинградын
их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн шүү дээ. 1992-1994 онд
"Ил товчоо" сонинд ажиллаж байлаа.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
www.medee.mn
No comments:
Post a Comment