Tuesday, 18 December 2012

М.Давааням: Даатгуулах гэдэг нь эрсдэлээ шилжүүлнэ гэсэн үг

Д.Жаргалсайхан “de Facto” нэвтрүүлэгтээ “Мандал женерал даатгал” компанийн гүйцэтгэх захирал М.Даваанямыг урьж ярилцсан юм.
-Оройн мэнд хүргэе. Та даатгалын бизнест хэдэн жил ажиллаж байгаа билээ?
-15 жил ажиллаж байна. 

-Даатгалын бизнес яагаад хэрэгтэй юм?

-Би даатгалын бизнес хийе гэдэг хүсэл сонирхлоор энэ замд ороогүй л дээ. Даатгал гэдэг юмыг нарийн ойлгоогүй байхдаа санхүүгийн анги задрахад даатгалын ангид орж суралцаж төгссөн. МУИС-д даатгалын анги анх байгуулагдахад 11 оюутан төгсч байсан юм. Даатгал гэдэг бол эрсдэлийг шилжүүлж авдаг бизнес. Нийгэмд яагаад хэрэг болсон бэ гэдэг сонин байх болов уу. Даатгал нь 800 жилийн тэртээ Англид үүсч хөгжсөн. Эрсдэл гарах бүрт хохирол учраад байдаг юм байна. Санхүүгийн хохирол учирч, хүмүүсийн бизнес дампуурдаг. Усан онгоц эвдэрч гэмтлээ гэхэд тэднийг эргүүлэн босгоход мөнгө төгрөг хэрэгтэй болоод байж. Ачиж явсан бараа эвдрэх эрсдэл гарахад тэр эрсдэлийг өөртөө шилжүүлж авахдаа хохирсон хүнийг хохиролгүй болгох боломж байдаг юм байна гэдгийг олж харжээ. Үүнээс даатгал үүссэн түүхтэй. Далайчид санаачилсан. Гурав, дөрвөөрөө нийлж байгаад одоогийнхоор бол сан үүсгээд далайгаас эргэж ирээгүй, эсвэл дээрэмчдэд олзлогдсон, живсэн хүмүүст, ар гэрт нь нөгөө хуримтлуулсан мөнгөнөөсөө өгдөг байжээ. Эрсдэл гарсан ч гэсэн хохиролгүй болох боломж байдаг юм байна гэдэг ойлголтоос энэ харилцаа үүсчээ. 

-Ер нь бол бүх юм эрс­дэлтэй. Зарим нь хэлж ирнэ, хийсч ирнэ, хэлэхгүй ирнэ. Үүнийг байгалийнх гэдэг. Энэ бүх эрсдэлийг яаж ангилдаг юм бэ. Давагдашгүй гэж бас байдаг байх?
-Яг бизнесийнхээ даатгал талд бол хэрвээ давагдашгүй хүчин зүйл бол хэн ч хаацайлж чадахгүй. Тэгэхээр учирч байгаа бодит байдал талаас нь галын эрсдэл байна уу, байгалийнх уу, цахилгаанаас учрах уу гэдгээс үүдэн дотор нь ангилна. Хүнтэй холбоотой эрсдэлүүдийг ч хүртэл авч байх жишээтэй. Даатгалын эрсдэл гэдэг нь бизнесээр хохи­рол нь эргэж төлөгддөг юмыг хэлээд байгаа юм. Эрсдэл хязгаар­гүй. Учир­сан хохирлыг харахаар даат­­­гагдахгүй эрсдэл ч гэж бас байна. 

-Таны ярьсан ангиллуудаас аль эрсдэлийг нь даагаад, хариуцаад, даатгуулсан хүнд тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгдөг вэ гэдэг талаас ярих уу?
-Даатгалын салбар өөрөө алийг нь вэ гэдгээ салгаад авчихаж байгаа юм. Гэнэтийн чанартай, санамсар болгоомжгүйн үүднээс үүссэн шинж чанарыг агуулсан л бол даатгалын эрсдэл. Үүнийг даатгалын байгууллага шийдэх үү гэдэг талаас нь бодож үзээд эрсдэлийн бүлэглэл дотор хамааруулдаг. 

-Даатгалын салбар Монголд хэзээ үүссэн бэ?
-70, 80 жилийн түүхтэй гэж үздэг, улсын гэдэг талаасаа. Өмч хувьчлагдаж, хувийн бизнес, аж ахуйн нэгж үүсч, даатгалын бизнес гарч ирсэн 10-15 жилийн өмнөөс даатгал гэдэг зүйлийн мөн чанар илүү ойлгогдож ирсэн. 

-Эдийн засаг, зах зээлийн зарчмаар бол бид капиталист нийгэм рүү яваад эхлэхээр зарчмын хувьд хүмүүсийн ойл­­голт өөр болох юм уу. Зарч­мын ямархуу өөрчлөлт гарч байна?
-70, 60 жилийн түүхэнд яаж явж ирсэн байна гэхээр хүмүүс даатгал гэдэг юмны мөн чанарыг ойлгоогүй байна л даа. Хүмүүс цалингаас нь аваад байгаа мөнгө ямар учиртай юм гэдгийг мэдэхгүй. Энэ нь нөхөн төлбөр гэдэг үйлчилгээг хүргэдэггүй байсантай холбоотой. Хохирол гарсан байсан ч нөхөн төлбөрийг хэзээ хаанаас хөөцөлдөж авах юм гэдэг ойлголтыг сайн өгөөгүйгээс болоод, өөрөөр хэлбэл хүмүүс нөхөн төлбөрийн сервис авч байгаагүй учраас даатгал гэдэг нь татвар юм биш үү гэдэг ойлголттой яваад байж. Гэтэл 10 жилийн өмнөөс зах зээл гэдэг утгаар хувийн компаниуд гарч ирж өрсөлдөөд, бид ийм тохиолдолд нөхөн төлбөрийг нь өгдөг шүү гэж ярьж сурталчилж эхлэхэд хүмүүст даатгалын тухай ойлголт төрж эхэлсэн байгаа юм. Ойлгоод ирэхээр би эрсдэл дунд амьдарч байгаа юм байна, нэгэнт эрсдэлүүд дунд байгаагаас хойш тэр эрсдэлийг удирдах ёстой болох нь, хэрвээ надад эрсдэл учирвал би яах вэ гэдэг юмыг хүн болгон логикоор бодож эхэлсэн. Тэгтэл хүн үүнийг татвар гээд хүлээгээд авчихаар яах гэж төлдөг юм гэсэн сөрөг ойлголт яваад байжээ. Харин одоо бол өөр болж байна. Сүүлийн таван жилд даатгалын зах зээлд өсөлт гурав дахин харагдаж байгаа юм. 

-Эрүүл мэндийн даатгал үүнтэй холбоогүй юү?
-Нийгмийн даатгал гэдэг ойлголтыг салгаад авчих хэрэг­тэй. Энэ бол цэвэр арилжааны гэж үздэг, хуулиндаа бас арил­жааны даатгал гэж авч үздэг. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгал гэдэг төрөөс авдаг үйлчилгээ. Нийгмээ хамгаалах гэж байгаа биш, харин хүн өөрийгөө хамгаалах гэж сайн дураар үйлчлүүлэх шийдвэр гаргах нь эрсдэлийн даатгалд хамрагдана.

-Жишээлбэл саяхан нэг залуугийн дээрээс нь төмөр унаад нас барсан. Тэр хүн ямар даат­галтай байж болох байсан бэ?
-Оюутан хүүхэд байсан л даа. Чихэвчтэй гүйж яваад төмөрт цохиулаад нас барсан. Тэр хүүхэд “Оюутны гэнэтийн ослын даатгал” гэдгээр манайд даатгалд хамрагдсан байсан. Гэнэтийн ослын даатгалтай байна гэдэг нь гэнэтийн чанартай ослоос өөд болсон бол, эрүүл мэндэд нь хохирол учирсан бол, эмнэлэгт эмчилгээний зардал гарсан бол нөхөн төлбөр авна гэсэн үг. Талийгаач хүүхэд энэ төрлөөр даатгуулсан байсан. 

-Танай үйлчлүүлэгч байсан байх нь?
-Тийм. 

-Тэр хүүхдэд хир их хэм­жээний мөнгө олгосон бэ?
-Нөхөн төлбөрийг нь олгосон. Үнэлгээ гэдэг л дээ. Тэр хүүхдийн хувьд 100 мянган төгрөгийн үнэлгээтэй даатгал сонгоод, 1000 төгрөгийн хураамж төлж даатгуулсан байсан. Тэгэхээр энэ маань хүний амь настай дүйцүүлэхэд хангалттай хэмжээ мөн үү, биш үү гэвэл хангалтгүй. Даатгалын компани 100 мянга гэдэг үнэлгээг гаргаж ирж байгаа хэрэг биш, хүн төлөх хураамжиндаа тааруулаад би энэ үнэлгээг авахад 1000 төгрөг төлж, 100 мянган төгрөг авах үнэлгээг сонгож авч байна гэсэн үг.

-Жишээлбэл би өөрийгөө нэг сая ам.доллараар үнэлье гэж хэлээд хураамжаа төлбөл нөхөн төлбөр авах нь байна?
-Авна. Тэр хураамж гэдгийг бодит тооцооноос гаргаж ирдэг. 

-Амьдралын даатгал гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Даатгал хоёр янз. Амьдралын даатгал гэдэг нь хүний амь настай холбоотой. Тодорхой хугацаанд амьдраад би нас барвал, эсвэл тодорхой хугацааны дотор надад янз бүрийн юм болвол гэдэг тухайд авч үзэх эрүүл мэндтэй холбоотой даатгал юм. Нөгөөх нь энгийн даатгал. Жилийн хугацаанд ч юм уу, хөрөнгөтэй холбоотой ч байж болно. Салгаж даатгуулж ч болно. 

-Тэгэхээр life insurance буюу амьдралын даатгал гэдэгт урт хугацаанд хамрагдах нь байна. Тэдэн жилийн хугацаанд ингэ­вэл тэгвэл гэсэн байдлаар. Энэ төрөл манай улсад ямархуу хэмжээнд хөгжсөн байдаг юм бэ?
-Манай улсад амьдралын даатгал бол нэг л компанид байдаг. Ердийн даатгалын 17 компани байдаг. Яахав жил жилээр өсөлт харагдаж байна л даа. Гэхдээ амьдралын даатгал гэдэг утгаар хүнд хүрээд хөгжиж байна уу гэвэл учир дутагдалтай. 

-60 настай хүн амьдралын даатгал хийлгэж болох уу?
-Болно. Илүү өндөр хураамж­тай. Тэр хүн бүтээгдэхүүн сонгож авна гэсэн үг. 60 нас хүрээд хуримтлуулсан мөнгөнийхөө хэм­жээгээр авах уу, эсвэл авахгүй юу гэдэг их олон сонголт бий. Байгалийн эрсдэл байна. Газар хөдлөлт боллоо гэхэд даатгалтай бол нурсан байшингийнхаа төлөө мөнгө авна. 

-Монголд байгаа даатгалын компаниудын нийт хөрөнгө хэд вэ?
-97 тэрбум төгрөг, 100 гэж үзэх юм л даа. 

-Тэгэхээр энэ чинь 80 орчим сая долларын хөрөнгө байх нь. Монголчуудын улс орон дотроо даатгуулчихаад байгаа хөрөнгө ердөө 80 сая доллар л байгаа юм уу?

-Тийм. Ер нь үүнээс өөрийн хөрөнгө буюу нөөцийн сан гэдэг юм яригдана. Нөөцийн сан гэдэг маань хураамжаа нөхөн төлбөр олгогдоогүй бол жил бүр нэмэгдээд байдаг тоон дүн юм. Ер нь бол 80 сая доллар гэдэг их бага юм шиг харагдах гээд байна. Монголын хүн ам тутамд хуваавал 17 мянган төгрөг байх тооцоо байна. 

-Аливаа нэгэн улс орны даат­галынх нь хөрөнгө, нэг хүнд ноогдох хэмжээ өндөр бай­­вал хөгжсөн орон байх нь ээ дээ?
-Дотоодын нийт бүтээг­дэхүү­ний гурваас таван хувийг нь даатгал үйлдвэрлэдэг. Манай хувьд 0.4 хувь орчимд хэлбэлзэж байна. Энэ цаашаа нэлээд өргө­жих боломж байх ёстой. 

-Аль зэрэг хурдан өсөх бол, зах зээл. Юунаас хамаарах вэ?
-Монголын банкны зах зээл эрчтэй, хурдацтай хөгжсөн. Гэнэтийн өсөлт явагдсан. Яг үүн шиг даатгалын зах зээл дээр өсөлт харагдах хандлага байгаа. Улс орныхоо хөгжилтэй уялдаад хүмүүс эрсдэл байдаг юм байна, түүнээс яаж санхүүгийн хохиролгүй гарах вэ гэдэг тухай бодож эхэлж байна. Эрсдэлийг шилжүүлдэг газар бэлэн байж байхад би өөр дээрээ авч үүрээд юу ч болоо билээ гэж боддог болж байна. Хэрвээ надад ямар нэг юм тохиолдвол яах вэ гэх зэрэг олон харилцаан дээр даатгал үйлчлэх боломжтой. Энэ бол эдийн засгийн хөгжил, байгууллага, хүмүүсийн ухамсраас их хамаарах харилцаа. 

-Улс орон даяар жолоочийн хариуцлагын даатгал заавал байх ёстой даатгал гэж гарсан. Тэр ер нь юунд хэрэгтэй юм?
-Монгол Улсад анх удаа албан журмын даатгал буюу заавал даатгал гэдэг юмыг хуульчлаад Жолоочийн хариуц­лагын даатгалын хууль гаргасан юм. Энэ нь нийгмээ хамгаалах гэсэн арга хэрэгсэл, анхны алхам. Зам тээврийн ослоос болоод хохирогчид нь илүү их зардал гаргаж, хохирол амс­даг. Жолоочийн хохироосон хүн хохироод үлддэг байдал ажиг­лаг­даад байна. Үүнийг үгүй хийхийн тулд жолоочийг заавал даатгуулчих, тэгээд нөгөө хохирсон хүнд хохирлыг нь төлчих­дөг ийм л зохицуулалт байгаа юм. 

-Тэгэхээр одоо байгаа даат­галын хэмжээнээс үзвэл нас барсан хүнд 100 мянган төгрөг өгнө гэдэг бага биш үү?

-Ер нь бол нэг удаагийн тохиолдлоор таван сая гэсэн үнэлгээ байгаа. Тэр нь нэг удаа, хоёр удаа гэж хязгаарлагдаагүй. Энэ хуулийг даатгалын бизнесийг дэмжсэн гэж хараад байх шиг байгаа юм. Тийм шүүмжлэл хүмүүсийн дунд байна. Мөн чанарыг нь ойлгоогүйгээс болж байгаа юм болов уу гэж боддог юм. Хэрвээ хуулийг сайн судалбал хэн нэгэн даатгал хийлгэж амжаагүй ч нөхөн төлбөр авах боломжтойгоор нийгмийг бодсон заалт олон бий. 

-Тэгэхээр даатгал гэдэг үндсэндээ эрсдэлийг хамгаал­даг, хүн төрөлхтний бодож олсон ганц механизм юм биш үү. Надаас хамаарахгүй ямарваа нэгэн юм болчих юм бол тэр нь даатгалын компанид л хамаардаг. Гал түймэртэй хэн ч таарч болно. Гэтэл хүмүүс яагаад даатгуулдаггүй юм. Үүний цаадах нийгмийнх нь тормос, зогсоогоод байгаа хүчин зүйл нь юу гэж бодож байгаа вэ?
-Төр засаг ч гэдэг юм уу, тэр талаасаа биш байна л даа. Даатгалын компаниудад буруу байх шиг байна. Бид даат­гуулагчдад өөрт нь ямар хэрэгтэй вэ гэдэг үндсэн ойлголтуудыг өгөх хэрэгтэй юм шиг байна. Хоёрдугаарт үйлчилгээгээ маш сайн үзүүлэх хэрэгтэй. Ерөн­хийдөө даатгалын хандлага яаж явж ирсэн бэ гэхээр ийм хохирол гарвал танд тэдэн төгрөг өгнө шүү гэдэг юм л яриад байсан байгаа юм. Гэтэл энэ гол нь гол асуудал биш. Та даатгуулбал би таныг эрсдэлээс хамгаална, урьдчилан сэргийлэх хэрэгслүүдийн талаар танд зааж өгнө, зөвлөмж өгнө гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Сургалт талаас нь явах ёстой юм байна л даа. Даатгалын эрсдэл гарчихлаа гэхэд хувь хүнд ч ашиггүй, даатгалын ком­панид ч гэсэн зардалтай. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэвших нь хэн хэндээ ашигтай. 

-Нэг талаасаа мөнгө хурааж аваад, нөгөө талаасаа урьд­­чилан сэргийлэх арга хэм­жээн дээр даатгалын газар ажилладаг байх. Жишээ нь та гал бага гаргахын тулд яаж ажиллах вэ?
-Харилцагчдадаа байнгын хяналт тавьж байна. Манайд даатгуулсан компани байлаа гэхэд газар дээр нь очиж үзээд эксковатор чинь байна уу, кран чинь байна уу, техник үзүүлэлт чинь хаана байна, энэ техникийн чинь энэ нь их элэгдсэн байна гэж бодит байдал дээр нь дүгнэлт хийдэг. Манай эрсдэлийн менежер ажилладаг. Дүгнэлтийг бичгээр өгнө. Газар дээр нь үзэхэд ийм ийм тохиолдлууд гарсан байна. Үүнийгээ ингэж сайжруулаач ээ, галынхаа хорыг эндээ тавиач ээ гэх зэргээр зөвлөнө. Тэгэхээр байгууллага зөвлөмжийн дагуу арга хэмжээ авах ёстой. Бич­гийнхээ хариуг нэхнэ. Гал гарахад галын хорыг зохих газарт тавиагүйгээс маш их хэмжээний хохирол учирна. Түүний оронд галын хороо байранд нь тавибал зардал бага байх жишээтэй. Ингээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байвал эргээд даатгалын тохиолдол, эрсдэл учрах магадлалууд нь буурна. 

-Танай “Мандал даатгал” компани “Эрсдэл форум” гэж зохион байгуулсан. Тэр тухайгаа яриач. Яагаад тийм арга хэмжээ зохион байгуулсан юм бэ?
-Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Эрсдэлийн удирдлага гэдэг бас чухал тулгамдсан асуудал болсон. Бүх хүмүүс дээр эрсдэл гарч байна. Өмнө нь ач холбогдол нэг их өгдөггүй байж л дээ. Гэтэл олон улсын зах зээл яг тэр хандлага руу явж байна. Эрсдэлээ удирдъя аа. Түүнийгээ мэдье, хэмжиж үзье. Үнэхээр бууруулчих юм байвал өөрсдөө бууруулаад арга хэмжээ авъя. Чадахгүй бол цаашаа даатгалын компанид шилжүүлье. Энэ маань өөрөө урьдчилан сэргийлэлт болж байна. Заавал ч үгүй учирсны дараа яадаг билээ, гал гарчихлаа. Би чинь одоо хэдэн төгрөгөөр хохирлоо гэх биш. Форумд 300 гаруй хүн ирж оролцсон. Гаднаас ч олон улсын илтгэгч нар ирж эрсдэлийг ингэж удирддаг юм. Удирдах арга хэрэгслүүд байна гэдэг талаас туршлага солилцоод, нэлээн үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ болсон. 

-Давхар даатгал гэдэг ямар учиртай вэ?
-Тухайлбал манай “Мандал даатгал” компани өөрөө эрс­дэлээ тооцож үзэх нь л дээ. Таны хэлсэн 80 сая ам.доллар зах зээлийнхээ хувьд нийт хөрөнгө болж байгаа юм байна. Үүнээс давсан юмнуудыг би цаашаа өгдөг. Тэр механизм болоод хөгжчихсөн. Давхар даат­галын компаниуд гээд том том компаниуд байж байна. Тэр нь өөрөө эрсдэлийг шилжүүлж аваад өөрөө менежментийг нь хийж байдаг компаниуд аж. Монголд нэг ажиглагдаад байгаа зүйл нь Монголын компаниуд дааж чадахгүй юм чинь гэдэг асуудал байна. Гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монголд орж ирсэн бүтээн байгуулалтууд явагдаж байна. Энэ утгаараа үзэхэд танай компани юм уу, Монголын компаниуд даах боломжгүй эрсдэлүүд байна гэж хэмжээг хараад яриад байгаа юм. Тэгэхээр хэмжээг хараад ярихаараа шууд Монголын ком­панид даатгуулалгүйгээр гадагшаа даатгуулах процесс байна л даа. Уг нь бол хуулиараа хориотой. Гэхдээ энэ хөрөнгийг яадаг вэ гэхээр бид аваад өөрийнхөө даах хэмжээнд үлдээж даах. Даахгүйгээ цаашаа өгдөг. Ийм процессыг давхар даатгал гээд байгаа юм. Ийм процесс, ийм механизмууд тогтсон байна. Онгоцны даатгал байна. Том том хөрөнгүүд байна. Уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн хувьд ч тэр. Нийлээд ирэхээрээ маш их хэмжээний профайл үүсгэнэ. Тэр үүднээсээ үзэхэд цаашаа давхар даатгуулах процессууд Монголын даатгалын компаниудад хийгддэг. 2012 оны байдлаар нийтдээ 40 тэрбумын хураамжийн орлого орсон байна. Монголын компани, Монголын зах зээл дээр орж ирсэн байдал нь. Тэгээд бодохоор цаашаа нийт, одоо үйлдвэрлэлд оролцож байгаа тоног төхөөрөмж гэдэг байдлаасаа нийт хөрөнгийг үзвэл маш бага жижигхэн хэсэг болох гээд байна л даа. Тэгээд үзэхээр гадагшаа маш их хэмжээний урсгал явагдаж байгаа гэдгийг мэдэж байгаа. 

-Танай компанийн гол зорилго юу вэ?
-Манай компанийн хувьд бизнесээрээ дамжуулаад хүмүүст сайн сайхан зүйл хийх боломж байна гэдгийг мэдрүүлэх. Ийм зорилт тавьсан хүмүүс л дээ. 

-Тэгэхээр олон чиглэлийн санхүүч залуус нийлж биз­несээр түншилж юм байгаа байна?
-Тийм тийм. 

-Шинэ Монголын шинэ бизнес эхлээд нэлээд олон жил болж байна. Та эхнээс нь авахуулаад ажилласан байна. Даатгалын бизнес өссөний үр дүнд бид амар тайван амьдрахад, сэтгэл тайван бай­хад нэг том алхам болж байна гэсэн үг юм, тийм үү?

-Тийм. Орчноос хамаарах эрс­дэл надад учрахгүй гэж хэн ч амлахгүй. Учирвал би гарч ирсэн бэрхшээлийг даваад л гарчихна гэдэг энгийн логик яваад байгаа юм. 
-Үнэхээр тэгэх болтугай. Монголчууд амар тайван, эрс­дэлгүй орчинд амьдраасай гэж бодож байна. Танай компани, бизнес эрхлэг­чид, хамт олонд баяр хүргэе. 

-Баярлалаа.

No comments:

Post a Comment