Tuesday, 11 December 2012

Г.Отгонбаяр: Сэтгүүлзүй хүн чанарт суурилдаг



 “Би өөрөө аливаад шударга, асуудалд голтой хан дахыг л хичээдэг. Энэ зарчим маань намайг сэтгүүлчээр ажиллахад урам зориг, эрч хүч өгдөг.Сэтгүүлч бид хүний тархиар дамжиж, зүрхэнд хүрдэг хосгүй сайхан ажил мэргэжилтэй.Тийм учраас үг үнэлэгдэх нь сэтгүүлч бидэнд л тохиолддог баярт мөч байх гэж би хувьдаа боддог.Тэр тусмаа бүтэн жил үргэлжилсэн энэ нэр хүндтэй шалгаруулалтад сэтгүүлзүйн шилдгүүдтэй хамт явж, эцэст нь тунаж үлдсэндээ, сэтгүүлзүйн шилдгүүдээс бүрдсэн шүүгчдэд тоогдсондоо би туйлын баяртай байна.
Та бүхний энэ шагналтай хамт надад дайсан итгэлийг дааж явахаа амлахын хамт, үг маань үнэлэгдэж байгаа цагт үнэний төлөө цаашдаа үзгээ элэгдтэл бичнэ ээ”.
Гомбожавын Отгонбаяр энэ үгээ “Балдорж” шагналтан болсон тэр мөчид, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамаг мундгууд, нийгмийн зүтгэлтнүүдийг эгнүүлэн суул гаж байгаад, өмнө нь гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зэрэгцэж зогсч байгаад хэлсэн юм.
Сэтгүүлзүйн шилдгийн шилдэг бүтээлд “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Отгоогоор, түүний бүтээлээр, хэлсэн үгээр нь амьс галан, буцалж байх шиг сэтгэгдэл төрсөн.Ийм мөчийн дараа хэзээний танил мөнөөх Отгоотой ярилцлага хийнэ гэдэг амаргүй ажил байв.“За юу байна, хөгшөөн” гэж уулздагаа энэ удаа азная.


-“Эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй сэтгүүлзүй” нийтлэлээрээ “Балдорж” шагналын эзэн боллоо. Харин чи өөрөө өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаасаа чухам аль нийтлэлээ тоож байв?


-Тооно гэдэг ойлголт... Бичлэгийн ур чадвараараа сайн байх, гоё санаа хөндөж дэвш үүлж чадсан, эсвэл тухайн нийтлэл маань нийгэмд өгөөжтэй болсон байх гээд янз бүрийн шалтгаанаар нийтлэлээ тоож болох юм. Харин чиний асуусан “Эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй сэтгүүлзүй” нийтлэлийн дараа нийгэмд ямар нэг байдлаар резонанс үүссэн.Энэ сэдэв уг нь олон нийтэд, сэтгүүлчдийн хүрээнд ч нэг их цоо шинэ зүйл биш шүү дээ.Харин би бусдаасаа түрүүлж, хэнээс ч айж эмээлгүй гаргаж тавьсан.Энд мэдээж манай сонины эрх чөлөө том дэмжлэг болсон.Эзэнгүй байхын давуу талаа би ашигласан гэх үү дээ.Үүнээс гадна “Монголын нүүрсийг ороосон дорны луу” нийтлэлээ тоодог.“Балдорж” шалгаруулалтад овоо ч давхисан.Овооттолгойг худалдаж авах SGS-ийн наймааг зогсоох хугацаа Монгол Улсад тун бага үлдсэнийг, ер нь манай байгалийн баялаг наанаа өрнөдийнхнөөр дамжин цаанаа өмнөд хөршийн компаниудын хяналтад шилжиж буй тухай асуудлыг хөндсөн юм.Энэ нийтлэлдээ бичлэгийн төрөл зүйлээс гадна хэн ч хараад ойлгохуйц байдлаар схем, график ашиглан хэлэх гэсэн санаагаа үзүүлсэн нь сэтгүүлзүйд бас л нэг шинэ өнгө аяс авчирсан болов уу гэж боддог.
Бас хамгийн сүүлд бичсэн “Хүүхдийн мөнгийг аав, ээжид нь үлдээе” нийтлэлээ дэвшүүлсэн санааны хувьд гайгүй боллоо гэж өөртөө л тоогоод байгаа.Ажил хийдэг хүмүүсийн цалингаас авдаг орлогын татвар юм уу, нийгмийн даатгалын шимтгэлийг нь чөлөөлж, үлдээх замаар хүүхдийн мөнгийг аав ээжид нь үлдээе.Ажилгүй хүмүүсийн хүүхдийн мөнгийг банкинд хугацаатай хадгалуулах замаар шийдье.Ингэснээр зах зээл дээр бэлэн мөнгө гарахгүй, бас хүүхэд хадагламжтай болно гэсэн санаа.

Монголын сэтгүүлзүйд Улс төрийн аналитик нийтлэлийн орон зайд өөрийн гэсэн баттай байр суурьтай болж, уншигчдын хэзээний танил болсон Г.Отгонбаяр Төмөр замын коллеж төгссөн, унаган мэргэжил нь төмөр замын инженер.Түүнтэй хамт ажиллаж байсан С.Сүхбатаас одоо бидний мэдэх нийтлэлч Отгоогийн төмөрзамчин байсан он жилүүдийн тухай сонслоо. “Отгоо аливаа үйл явдлыг ямраар сонссон, юу гэж уншсан тэр чигээр нь хүлээж авдаг гүй, үргэлж л өөрийн гэсэн өнцгөөс олоод харчихдаг, оюутны ширээнээс дөнгөж боссон гэхэд хэтэрхий хэрсүү залуу байлаа.
Ерээд оны төгсгөлөөр төмөр замд ажилладаг бидний хэдэн залуу анхаарал татсан ямар нэг асуудал ундрахад хэзээний л Отгоогоо тойрчихсон, цаадахын чинь юу хэлэхийг сонсох гээд цугладаг байж билээ.Нэг ёсондоо бидний сайхан нөхөрлөл тэгж Отгоог тойрч анх бий болж байлаа.Одоо бид уулзалдах нь хааяа ч энэ нөхөрлөлдөө үнэнч явдаг.Отгоо маш их уншдаг байсныг санаж байна.Сэтгэн бодох эрх чөлөө гэдэг зүйлийг миний хувьд анх Отгоогоос олж харсан” гэж надад нэмэлт мэдээлэл өглөө.


-Төмөр замын хүн сэтгүүлзүйн салбар руу ямар тохиолоор “гулссан” хэрэг вэ? 
-Тэр үед Монголд Анагаахаас бусад бүх сургууль дөрвөн жилээр төгсгөж, дээд мэргэ жил олгодог байсан. Гэтэл бид Монголдоо бэлтгэсэн анхны инженерүүд учраас таван жил сурсан.Одоо бол дөрөв болсон байна лээ.Би сургуулиа төгсөөд төмөр замд гурван жил ажилласан.Тэгээд Вагон депод ажиллаж байхдаа л сэтгүүлзүй рүү орчихсон.Нэг өдөр “Ардын эрх” сонины дэргэдэх Шавь сургалтад бүртгэх зар тавьсныг үзлээ.Тэгээд очоод бүртгүүлчихсэн.Гэтэл хичээлийн хуваарь нь миний ажлын цагтай яг давхцаж таардаг юм.Төмөр зам өндөр сахилга баттай газар.Манай төмөр замынхан “Төмөр зам бол хэмжээ нь мм-ээр, хугацаа нь секундээр хэмжигддэг газар” гэж ярьдаг.Үнэхээр ч тийм.Сэтгүүлчийн сур галтад ажлаа таслахгүй сууна гэвэл шууд л “Баяртай” гэх байсан.Гэхдээ найзууд маань “зохион байгуулалттайгаар” аргалсан л даа.Депогийн залуус намайг Шавь сургалтад суусан дөрвөн сарын турш миний ажлыг огт хийдүүлэлгүйгээр зохицуулсан.УИХ-ын гишүүн байсан О.Сүрэн тэгэхэд депогийн дарга байлаа.Ямар ч гэсэн манайхан намайг де погийн даргад битгий хэл, ерөнхий инженерт ч мэдэгдэлгүйгээр аргалсан.Би өрөөндөө нэг орос мэргэжилтэнтэй ажилладаг байлаа.Тэр оросыгоо би өөрөө аргална.Мань эр компьютер тоглоомонд “нугасгүй”.Тэр үед компьютерийн тоглоом бүү хэл, компьютер нь ч ховор байсан юм чинь.Би ахынхаа нотбүүкт баахан шинэ сонин тоглоом суулгааад оростоо тоглуулна.Тэгээд л хичээл рүүгээ гараад шидчихнэ.Тэгээд би дөрвөн сарын турш нэг ч өдөр ажлаа ч таслаагүй, хичээлээ ч таслаагүй.Тэгж би сонины хүн болсон.Сэтгүүлчийн ажлын овоо дөртэй болсон хойноо Боловсролын их сургуульд сэтгүүлзүйн мастер хамгаалсан даа.
Хамгийн анх сонины редакцад хөл тавихад ямар бишрэм мэдрэмж төрснийг би одоо ч тод санаж байна.“Ардын эрх” сониныг татан буугдахаас нь зургаан сарын өмнө сурвалжлагчаар орлоо.Өөрөө энэ гал тогооны босгоор алхаад орсон хэр нь сэтгүүлчид гэхээр л надад маш хариуцлагатай ажил хийдэг, ер бусын сэтгэлгээтэй, сонин содон хүмүүс санагдана.Надаас хэдэн жилийн өмнө ажиллаж эхэлсэн, нас чацуу сурвалжлагч бүсгүйг хүртэл “Та” гэж хүндэтгэн харилцдаг байлаа шүү дээ.

-Ингэхэд Бал эрхлэгчтэй танил байсан уу? 
-Тэр үеийн сэтгүүлч бүхэнд Ц.Балдорж эрхлэгчтэй танилцах, эсвэл түүнд өөрийнхөө тухай мэдүүлэх хүсэл байсан гэж боддог юм. Би “Зууны мэдээ” сонинд ажиллаж байхдаа Бал эрхлэгчтэй анх уулзсан.2001 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг нарын сууж явсан Ми-8 нисдэг тэрэг осолдоход улс төржсөн шуугиан дэгдсэнийг хүмүүс санаж байгаа байх.Энэ осол болсон өдрийн маргааш би Увс аймаг руу томилолтоор явсан.Газар дээрээс нь сурвалжлага бэлтгэж, мэдээ явуулах зэргээр тэнд хэд хонолоо.Тухайн үед МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр захиалга өгч, Ерөнхийлөгчийн анд Ш.Отгонбилэг амь үрэгдсэн юм биш биз гэсэн хар сэр олны дунд гарч эхэлж байсан юм.Гэтэл манай эрхлэгч Б.Ганболд “Нийгэмд зөв мэдээлэл хэрэгтэй, чи Балаас ярилцлага аваад ир” гээд явуулдаг юм.Бал эрхлэгчийн өрөөнд ороод эхлээд өөрийгөө танилцууллаа.Тэгсэн “Аан би чамайг мэднэ ээ, чи сайн ажиллаж байгаа” гэхэд нь би дотроо баярлаад зогсч байлаа.Тэгсэн “Гэхдээ чи сүүлийн үед томоохон юм юу ч бичихгүй байгаа шүү” гэхэд нь энэ одоо өөр сонины эрхлэгч байж хүн загнаад гэх ухааны юм бодоод л... Тэгж би анх уулзсан.
Тэгээд Бал эрхлэгч “Хоёр хүн өөрсдөө саналаараа муудалцдаггүй. Муудалцахад хөндлөнгийн хүмүүсийн хов жив хамгийн их нөлөөлдөг юм.Одоо бол тэр хов жив нь л явж байна.Хар муур л гүйх гээд байна” гэсэн ярилцлага өгч байсан.Тэр ярилцлага нь одоо ч надад бий.Ингэж танилцсанаас хойш хоёр, гурван жилийн дараа юм байна.Засгийн газар УИХ-ын гишүүдэд тойргийн мөнгө өгөх шийдвэр гаргасан.Үүнийг өдөр тутмын сонинууд эсэргүүцэж байлаа.Яг тэр үед Өдөр тутмын сонины холбоог дөнгөж байгуулаад Бал эрхлэгч Ерөнхийлөгчөөр нь, манай Ганболд эрхлэгч дэд Ерөнхийлөгчөөр нь сонгогдоод байсан юм.Тэгээд би “Өдөр тутмын сонины холбоо улс төрийн авлигыг эсэргүүцэж байна” гэсэн ганцхан өгүүлбэрийг хоёрдугаар нүүртээ тавьж, үлдсэн зайг нь цагаанаар нь гаргая” гэдэг санаагаа Ганболд эрхлэгчид хэлсэн.Эрхлэгч ч дэмжсэн.Тэгээд чи энэ санаагаа Балд хэлээдэх гэлээ. Тэгээд ярьсан. Тэгэхэд “Отгоо, энэ үнэхээр сайн санаа байна. Бас Монголын сэтгүүлзүйд анхны тохиолдол болно, үгийг нь чи би чээдэх, би зохицуулъя” гэж харилцуурын цаа наас урамшуулж байсныг нь мартдаггүй юм.

“Үндэсний шуудан” сонинд яагаад ч юм, дандаа зөрүүд сэтгүүлчид ажилладаг гэнэ.Нэгэн удаа тэд хэн нэг нь л бусдаасаа илүү зөрүүд байх ёстой гэж ярилцаад, тэрхүү хамгийн зөрүүд этгээдийг шалгаруулжээ.Хэн тэргүүлсэн гээч?Отгоо тодорсон гэнэ шүү.Энэ онигоог надад тус сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд ярьж өгсөн юм.“Тэгээд Отгоод хамгийн зөрүү дээр тодорсныг нь хэлтэл юу болсон гэж санана” гэж надаас асуулаа.
“Уурлачихсан уу” гэтэл “Гөжүүдэлсэн” хэмээв. “Отгоог ууртай байх үед би редакцаас гараад явчихдаг” гэж “Зууны мэдээ”-гээс эхлээд “Үндэсний шуудан” хүртэл хамт ажиллаж буй Б.Ганболд эрхлэгч орлогчийнхоо тухай хошигнов. Г.Отгонбаярыг хувь хүнийх нь хувьд цөөн үгээр илэрхийлж чадах тэрбээр “Ухаантай, чамбай, зөөлөн” хэмээн орлогч эрхэлэгчээ тодорхойлж байна.Гэхдээ бид ний үеийн сэтгүүлчдийн тодорхойлолтооор бол Отгоо зөөлөн талдаа хүн.Үүнийг ерөнхий эрхлэгч нь ч зөвшөөрөв.
Зөөлөн... Тэрбээр эхнэр, гурван охины хамт амьдардаг.Хааяа ээж нь ирнэ. Эхнэр, охидоо цэцэгстэй зүйрлэн,“цэцэгсийн дунд амьдарч, хааяа ээжийгээ ирсэн үед даруулган дор нь байдаг надад зөөлөн байхаас өөр сонголт байдаггүй. Өөр байх шаардлага ч гардаггүй” гэж ярихдаа угийн зөөлөн дуутай Отгоогийн хоолой бүр зөөлрөхийг анзаарав.Гэргий Т.Сайханцэцэгтэйгээ сониныхоо редакцад анх танилцжээ. Отгоогийн гэрийг гийгүүлж, гурван хөөрхөн охиныг нь төрүүлж өгсөн эхнэрийнхээ тухай “Манай хүн өдөр тутмын сонинд ажиллаж байсан болохоор миний зав багатайг ойлгож, ар гэрийн ажилд намайг гар хүргэдэггүй. Би хүрээд ч шалгуурт нь тэнцэхгүй.Би угийн гэрийн ажилд маруухан” гэлээ.Сонирхолтой нь Г.Отгонбаяр төмөр замаас хэвлэлийн салбарт ирсэн бол, эхнэр нь хэвлэлийн салбараас төмөр зам руу явсан нь энэ гэр бүлийн хоёрт тохиолдсон сонин явдал.Сайханаа одоо Төмөр замын эмнэлэгт нягтлан бодогчоор ажилладаг аж.
Зөрүүд... Отгоо өөрийгөө зөрүүд гэж боддоггүй. “Зөв гэж бодсон зүйлдээ буулт хийдэггүй л “гэмтэй” хэмээн өөрийгөө “өмөөрнө”. Тэрбээр хэр баргийн зүйлд тэвчээртэй ханддаг атлаа Улаанбаатарын автозамын түгжээнд тэсгэл алдан бухимдах болжээ.Заримдаа эрт босч амжвал машинаа эхнэр, охидынхоо мэдэлд үлдээгээд ажил руугаа бараг дөрвөн километр алхчихдаг гэж байгаа.Тасганы овоогоор уруудан алхаж явахдаа бичих сэдвийнхээ тухай, нөхөрлөлийн тухай, долоо хоногт тохиох амралтын ганц өдрөө хэрхэн өнгөрүүлэх тухай бодож, боловсруулж амждаг байх. Бичих завын тухай асуухад “зав гардаггүй гэвэл худлаа. Бас завгүй гэхэд ч хэцүү.“Завгүй хүн гэж байдаггүй, харин зав гаргаж чаддаггүй хүн л бий” гэдэг дээ.Би хүмүүстээ сэдэв хуваарилна, гүйцэтгэл дээр нь ажиллана.Бид багаар тоглодог.Эцсийн бүлэгт сонин сайн гарах ёстой.Сонин сайн гарахад миний оролцоо, үүрэг хариуцлага ердийн сэтгүүлчийнхээс илүү байх ёстойг би ухамсарладаг.Үнэндээ энэ орлогч эрхлэгчийн алба маань намайг завгүй болгодог “ял” болдог.Өөрөө бичих цаг зав миний санааг зовоодоггүй.Сэтгүүлчдийнхээ өмнүүр ороод сэдвийг нь булаагаад биччих вий л гэж санаа зовдог” гэж товчхон, бас нэрэлхэнгүй хариуллаа.Үнэндээ бол өдөр тутмын сонинд ажилладаг бидэнд зав байдаггүйг өөрийнхөө жишээн дээр, тэр тусмаа Отгоо шиг өдөр тутмын сонины нийтлэлийн бодлого барьдаг орлогч эрхлэгч бүр завгүйг өөрийнхөө сонины орлогч эрхлэгчийн ажлаас би бэлхнээ мэдэх билээ.


-Бага нас чинь хаана өнгөрсөн бэ. Хөдөөнийх үү, хотынх уу?
-Хөдөө төрж, хотод өссөн. Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн.Миний аав ээж хоёр Монголд ховорхон мөртлөө хамгийн хэцүү ажил хийдэг байсан. Туувар тууна. 1000 гаруй кмийн хол Алтайгаас хавар хэдэн зуун мал тууж замдаа таргалуулаад бүрэн бүтнээр нь на мар Улаанбаатарт авчирч тушаана.Олон жил туу вар хийсэн болохоор Алтайгаас хот хүртэлх хөндлөн гулд нутагт аавыг минь таньдаггүй хүн гэж байхгүйг би хамт ганц хоёр жил явахдаа мэдэрч бахархаж байлаа.Надаас хэнээр бахархдаг вэ гэж асуувал, би аав, ээжээ л хэлнэ дээ.Намайг багад аав минь бурхан болж, манайх гэр бүлээрээ хот руу шилжиж, төрсөн нутгаараа овоглосон “Алтайн” гудамжинд нүүж ирсэн.Одоогоор бол Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн хажууханд, Ногоон нуурын хавьд хүүхэд насаа өнгөрүүлсэн дээ.Сая “Балдорж” шагналтан болсныг маань зарлахад, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Р.Чулуун ах надад баяр хүргэхдээ “Дүү минь чи Алтай нутгаас төрсөн мундаг хүний нэрэмжит шагналыг авсан алтайн анхны сэтгүүлч боллоо” гэж хэлсэн.Сайхан үг байгаа биз.

-Нийтлэлчдийг захиалгаар бичдэг гэсэн хар ёс мэт дагадаг. Хэнийг нь ч ялгаагүй.Бас интернэтийн сөрөг сэтгэгдэл гэж нэг дарамт байдаг.Үүнд хэрхэн ханддаг вэ?
-Би лав сөрөг сэтгэгдлийг тоодоггүй, уншдагггүй. Би айхтар бурхан шүтдэггүй ч буддын сургаальд итгэдэг. “Бодь мөрийн зэрэг”-т “Үйл үйлээ дагана, үйлийн үр эзнээ дагана” гэж үг байдаг шүү дээ.Үүнд би итгэдэг.Өөрт нь гэм хийгээгүй хүний эсрэг нуугдаж байгаад муу үгс урсгахын үйлийн үр, сөрөг энерги тэр хүндээ л ирэх учраас би тоодоггүй.Тэгээд ч чаддаг чаддагаа хийх нь ардчилсан зарчим.Сэтгүүлч нь сэтгүүлчээ, сэтгэгдэлчин нь сэтгэгдэлчнээ л хийнэ биз.Тэгээд ч манай  baabar.mn-ийнхэн бол хэн хаанаас хэний тухай юу гэж бичдэгийг бараг мэднэ. Техник, компьютэрийн шинэ шинэ программ, хай текийн хэрэглээ ингэж хөгжиж байхад хэн юу бичдэгийг нь мэдээд  бүр ч тоохоо байсан.  Харин ажил хэрэгч сайхан санааг бол талархан хүлээж авдаг.Ер нь аль нэг тал өрсөлдөгчөө унагах гэж захиалгатай нийтлэл бичүүлсний үр дүнд хэн нэг гэмгүй улстөрчийн карьер сүйдэх, аль нэг бизнесийн байгууллагын нэр төрд арилшгүй сэв суух зэрэг хохирол учирч болно.Тийм учраас олон нийтийн үнэн бодитой мэдээлэл хүлээн авах эрх чөлөөг нулимж болохгүй гэдэг зарчмыг хатуу баримталдаг.Гүтгэсэн, гуйвуулсан, хэн нэгний гэр бүл, үр хүүхдийг доромжилсон зүйл захиалгаар бичнэ гэдэгтэй би хэзээ ч санал нийлэхгүй.Яах вэ, хардлагууд ирдэг л юм.Тухайлбал, “Женко, MCS хоёр” гэж нийтлэл маань нэлээд олон хүнд хүрсэн.Гэтэл энэ хоёр компани хоёулаа намайг бие биеийнхээ эсрэг хардаж л байсан.Гэтэл би энэ нийтлэлээ Солонгосын “Самсунг”, “Хёндэ” гэж хоёр компанийн жишээн дээрээс санаа авч бичсэн.Пак Ерөнхийлөгчийн үед энэ хоёр компани бизнесээ булаацалдаад, асуудал Ерөнхийлөгчийнхөө хэмжээнд хүрч эвлэрч байсан юм билээ.Үүнээс санаа авч, нэг нь улс төрд нөлөөтэй компани, нөгөө нь улс төрд хүчтэй лидерүүд муудалцаж болохгүй л гэсэн санаа байсан.Ер нь би ихэнх нийтлэлээ санаа өгөх гэж, аль болох эвлэрүүлэх талд бичихийг оролддог, чаддаг үгүйг уншигчид шүүх байх.Энэ зарчмыг би нийгмийн захиалга гэж боддог.Ер нь манай сонинд ч, манай сэтгүүлчдэд ч үүнээс өөр захиалагч байдаггүй.Сэтгүүлзүй хүн чанарт суурилдаг юм шүү дээ.Бидний үзэгний үзүүрт нэг хүний амьдрал байдаг. Бидний бичиж байгаа хэчнээн муу нэг хүний цаана ч нэг хэсэг хүний амьдрал эрх байдгийг мартаж болохгүй.

-Сайн сэтгүүлчид номоо гаргадаг. Чи хэзээ нэгэн цагт гаргана биз дээ?

-Гаргана аа. Сэтгүүлчдэд гарын авлага болох сайн ном гаргахыг хүсэж байна.

-Иргэнийхээ хувьд чи өөрийнхөө амьдарч байгаа цаг үеэр бахархах, эсвэл гомдоллох сэтгэл төрдөг үү?
-Бид бүгдээрээ их сонин үед амьдарч байна гэж хардаг шүү. Миний хувьд Баабар, Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн, Н.Түвшинбаяр гээд агуу хүмүүстэй нэгэн цагт аж төрж байгаагаараа бахархдаг.Басхүү эмзэглэж явдаг зүйл байдаг.Жишээ нь, Н.Жанцанноров гуай нэг намын сурталчилгаанд тоглоход, Баабар аль нэг компанийн пиар хийхэд, Б.Лхагвасүрэн гуайг ток шоу хөтлөхөд би төрд гутардаг.Тэднийг амьдарч буй нийгмээ илүү сайн сайхан руу залуурдан чиглүүлэх ажлаа хийх боломжоор нь төр яагаад хангаж чаддаггүй юм бол.Сайхан ном, сайн хөгжим, яруу найргаа бүтээж байх ёстой биз дээ.Олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, оюуны өндөр чадвартай сэтгэгчдээ харж үзмээр л санагддаг.

-Жишээ нь яаж?
-Оюун санааны хөтөч болсон эдгээр хүмүүстээ төрөөс үнэгүй хаус барьж өгч болно шүү дээ. Та эндээ насан туршдаа тайван амьдар, хариуд нь ажлаа хий гээд.Тэгээд дараа нь тэр хаусыг нь тэр агуу хүнийхээ гэр музей болгочихно.Гаднын орны ийм жишээ зөндөө байна ш дээ.Угаасаа хэзээ нэгэн цагт энэ агуу хүмүүсээр Монголын нийгэм бахархана.Гэтэл бид эдгээр хүмүүстэй хамт амьдарч байснаараа, олимпийн хошой медаль яаж ирсэн үнэ цэнийг нүдээрээ харсан цаг үеэрээ бахархана.

-Монголын улс төр, эдийн засаг системийн шилжилтийг гэтэлмэгцээ уул уурхайн үе рүү шилжин орж байх шиг. Өнөөгийн сэтгүүлзүйг “уул уурхайн үеийн” гэж тодорхойлбол санал нийлэх үү?

-Огт нийлэхгүй. Уул уурхайд асар их мөнгө эргэлддэг ч гэсэн эдийн засгийн нэг л сал бар.Яахаараа бүхэл бүтэн улс орон дан ганц уул уурхайгаас хамаарах гэж.Бид нэг хэсэг намуудаасаа хараат байсан.Нөгөө намууд нь сонгуулийн бэлэн мөнгөний амлалтынхаа хараат болсон.Тэгээд сонгогчид, нам, бэлэн мөнгөний амлалт гээд улсаараа уул уурхайнхаа боол болчих гээд байгааг би буруу л гэж боддог.Тэр тусмаа миний дотор нь байдаг сэтгүүлзүй “уул уурхайн үеийн” гэх оноштой болчихвол энэ нийгэм маань хаашаа харах болж байна.Огт санал нийлэхгүй.Бид улс төр, эдийн засаг гээд л нэг их том юм яриад л байдаг.Гэтэл дэлхийн сэтгүүлзүйн чиг хандлага огт өөр.Хоёр чиглэлд илүү анхаардаг болж байна шүү дээ.Юу гэвэл, нэгдүгээрт мэдээллийн, хоёрдугаарт хэрэглээний сэтгүүлзүй хөгжиж байна.Мэдээллийн сэтгүүлзүй Монголд байна аа.Эндээ харин технологийн дэвшлийг ашиглах нь жаахан дутагдалтай байна.Хэрэглээний сэтгүүлзүй нь манайд компаниудын Маркетингийн албанаас өг сөн сурталчилгаа маягтай яваад байдаг.Эрүүл, соёлтой хэрэглээ нь юу юм гэдгийг хэвлэл мэдээлэл эрэн сурвалжилдаг цаг үе ирсэн юм байна л даа.

-Нууц биш бол “Балдорж” шагналтныг урамшуулдаг 5000 ам.доллараа юунд зарцуулах вэ?
-Би өчигдөр (“Балдорж” шагнал авсан үдэш) гэртээ оройтож хариад энэ талаар ярилцаж амжсангүй. Манай дөрөв байдгаараа гоёчихоод, “Балдорж” шагналт аавыгаа их хүлээсэн байна лээ.Эхнэр бид хоёр охиддоо төгөлдөр хуур авч өгөхийг хүсдэг.Шагналын мөнгөө үүнд зарцуулна.Охид маань цахилгаан хөгжим дээр хөөрхөн аяз тоглодог.Ядраад харихад намайг сэргээнэ шүү дээ.Заримдаа өглөө эрт аавыгаа ажилд гарахаас өмнө тоглож өгнө.Ер нь хүүхэд урлагт ойр тусмаа гоо сайхны мэдрэмжтэй болж төлөвшдөг юм билээ.

-Бидний мэдэхийн спортын хообийтой Отгоо маань нэг харсан чинь төгөлдөр хуур тоглоод, найгаад сууж байх нь ээ?
-Үгүй ээ, би урлагт ёстой нойл. Бараг хасах зэрэгтэй тоо гарах байх.

-За, ингээд ярилцлагаа өндөрлөе. Үнэний төлөө үзгээ элэгдтэл бичээрэй.

-Баярлалаа. Мэдээж үнэний төлөө л бичнэ.Сэтгүүлчид бүгд л үнэний төлөө, нийгмийн төлөө бичдэг.Гэтэл олон хүний дунд сайтай, муутай гэдэг шиг бидэн дунд ганц нэг нь санаатай, санаандгүй алдаа гарахад түүнд нь армиараа өртөх нь жаахан гомдолтой санагддаг.Нийгэмд саараасаа сайн нь хавьгүй олон шүү дээ.Сэтгүүлчид ч тийм шүү.Манай сэтгүүлчид чинь өрхийн орлогоо төлөвлөж чадахгүй хэрнээ, улсын төсвийн том тоогоор амьдардаг, аав ээж, ах дүү, хамаатан садандаа гаргаагүй цаг заваа нийтийн төлөө зориулдаг, ёстой нөгөө төрийн төлөө боож үхэж яваа “огтонууд” шүү дээ.

 Б.ЭНХЦЭЦЭГ
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment