Wednesday, 19 December 2012

Э.Уянга: Америкийн ЭСЯ-нд ажиллая гэсэн зорилго байгаагүй. Авъя гэсэн ганц газар нь энэ байсан

Э.Уянга: Америкийн ЭСЯ-нд ажиллая гэсэн зорилго байгаагүй. Авъя гэсэн ганц газар нь энэ байсанХараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг халамжийн мөнгө аваад гэртээ зүгээр суудгаар бидний зарим нь төсөөлдөг. Тэгвэл хараагүй боловч хэнээс ч дутахгүй боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхлэж яваа нэгэн бүсгүйг уншигчидтайгаа уулзуулъя. 

Энгийн хэрнээ цаанаа л нэг ухаалаг түүний яриа уншигч танд нэгийг бодуулна биз ээ.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Э.Уянга гэдэг. Би Дархан-Уул аймагт төрж өссөн. Найман нас хүртлээ тэнд амьдарч байгаад хотод ирж, сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр дунд сургуульд суралцсан. Төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний орчуулагчийн ангид элссэн. Их сургуулиа дүүргэсний дараагаар Фулбрайтийн тэтгэлэгт тэнцэж, АНУ-ын Луизана мужийн их сургуульд номын сан, мэдээллийн шинжлэх ухаан чиглэлээр магистр хамгаалсан. Одоо АНУ-аас Монголд суугаа Элчин сайдын яаманд орчуулагчаар ажиллаж байна.

-Ингэхэд та хараагаа хэзээ алдсан юм бэ?

-Эрүүл төрөөд аажимдаа хараагаа алддаг нүдний нэг төрлийн өвчин юм л даа. Гэхдээ ийм өвчтэй хүмүүс 20-40 жилийн дараагаар хараагүй болдог. Миний хувьд хараагаа алдах үйл явц маш хурдацтай явсан. Би найман настай байхдаа ном уншиж чаддаггүй, телевиз маш ойроос үздэг байлаа.

-Хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дийлэнх нь гэрээсээ гардаггүй, нийгмээс тусгаарлагдсан юм шиг санагддаг. Таны хувьд нийгийн амьдралд оролцоод, сурч боловсорч, хөдөлмөр эрхлээд явахад юу хамгийн их нөлөөлөв?

-Нэгдүгээрт, хувь хүний зан чанар. Зарим хүн залхуу байхад, зарим нь маш хөдөлмөрч байдаг шүү дээ. Хоёрдугаарт, гэр бүлийн хүмүүжил. Миний аав, ээж хоёр намайг багаас минь “Чи чадахгүй, харахгүй” гэхийн оронд “Чи үүнийг харахгүй байгаа, гэхдээ хийж чадна. Хийх арга замыг чи өөрөө олох хэрэгтэй” гэдэг байсан. Ингэж эерэг талаас нь хандаж, заагаад өгөхөөр хүн өөртөө шалтаг хайхаасаа илүү гарц хайж сурдаг юм билээ. Өөрийгөө өрөвдөхгүй, шалтгаасаа илүү гарц хайдаг чадварыг хүнд өгдөг гэр бүлийн хүмүүжил их чухал санагдсан.

-Та англиар мундаг ярих юм аа. Англи хэлийг яаж сурсан бэ?
-Тусгай сургуульд сурч байх үеэсээ англи хэлийг бие даан оролдож эхэлсэн. Тухайн үед бэрхшээлтэй зүйл олон байсан. Ядаж л брайль үсэг дээр англи хэлний талаар сурах бичиг байхгүй. Тиймээс би ихэвчлэн сонсоно. А, Б ч үгүй хүн чинь сонсоод юу ч ойлгохгүй. Гэхдээ л шантралгүй сонсоод л байсан. Америкаас хэдэн хүмүүс манай сургуульд ирсэн юм. Би тэднээр англи брайль үсэг заалгаж сурсан. Энэ нь надад их нэмэр болсон юм. Ядаж л цээжилсэн ганц үгээ тэмдэглээд авдаг болсон. Англи хэл сурахад амархан байсан гэж хэлэхгүй. Гэхдээ боломжгүй зүйл бол биш.

-Жирийн оюутнуудтай мөр зэрэгцэн их сургуульд сурахад танд ямар бэрхшээл учирч байв?

-Их сургуульд сурахад брайль цаас ховор, хичээлдээ явахад дандаа хүнээр хөтлүүлнэ гээд бэрхшээл олон. Гэхдээ хамгийн хэцүү нь хүмүүсийн хандлага байсан. Тэр үед харахгүй оюутан сургуульд сурна гэхэд хүмүүс бэлэн биш байсан. “Ийм хүүхэд сургуульд сурч, гэр бүлийнхнийгээ зовоож яадаг юм бол” гэж хэлж байсан нь ч бий. Оюутнууд л гэхэд харахгүй хүүхэд ороод ирэхээр найзалж нөхөрлөхгүй, цэрвэх ч юм уу, эсвэл хэтэрхий өрөвдөж харилцах зэргээр ханддаг байсан. Энэ хамгийн хэцүү. Эхний өдөр, дараагийн өдөр очоод гурав дахь өдрөөс хүн халширдаг юм билээ. Энэ хүүхдийг чинь яаж сургах юм, яаж шалгах юм гээд багш нар суучихна. Хэцүү л дээ. Хүлээж авахгүй байх хандлага хамгийн хэцүү. Одоо энэ хандлага өөрчлөгдөж байгаа байх.

-Энэ хандлагаас шантраад орхиж байгаа хүн цөөнгүй бий байх. Таны хувьд энэ бүгдийг давж гарахад юу нөлөөлсөн бэ?

-Өөртөө тавьсан зорилго, түүндээ хүрэх гэсэн тэмүүлэл, тууштай зан маань нөлөөлсөн. Хэрэв үүнийг л давж чадахгүй, сургуулиа хаячих юм бол цаашдаа амьдралд би яах вэ гэдэг асуудал үүссэн. Энэ бол анхны даваа. Үүнийг л давж чадахгүй бол миний амьдрал тэр чигтээ ялагдал болон хувирах байсан. Хоёрдугаар дамжаанд байхад нэг хичээл дээр шалгалт авах болсон юм. Би маш их бэлдсэн. Манай ах тэр үед анагаахын оюутан байсан. Хичээлээ тараад эмнэлэгт дадлага хийгээд 22.00 цаг гэж ирнэ. Тэр болтол би хүлээнэ. Яагаад гэвэл би номоо уншиж чадахгүй. Тэгээд ирэхээр нь бид хоёр шөнөжингөө сууна. Би ахаараа номоо уншуулаад өөрөө тэмдэглэнэ. 

Брайль цаас ховор учраас би хүссэн болгоноо тэмдэглэж чадахгүй. Тиймээс гол зүйлүүдээ тэмдэглээд аль болох цээжлэхийг хичээнэ. Ингээд шөнө дөрвөн цагт унтана. Тэмдэглэсэн зүйлээ маргааш, нөгөөдөр нь уншаад шалгалтдаа бэлдэнэ. Ингээд бэлдэж бэлдэж шалгалтаа өгөх гээд ирсэн чинь багш “Чамаас би яаж шалгалт авахаа мэдэхгүй байна. Энэ шалгалтын материал. Чи гэртээ хариад хийгээд ир” гэсэн. Тэгэхэд миний урам маш их хугарсан. Би бусад оюутны адил чадвараа шударгаар үнэлүүлмээр байдаг. Тэгэхэд би гомдсондоо шалгалтаа өгөхгүй хаяад явчихсан. Гэртээ ирээд “Би ерөөсөө сургуульд явахгүй. Намайг бусдын адил хүлээж авахгүй, ерөөсөө үнэлэхгүй байна. Зүгээр л цаг нөхцөөж байгаа юм шиг ойлгоод байна” гээд уйлж билээ. Тэгэхэд манай ах “Чи одоо ингээд л хаячих юм бол чиний өмнө хийсэн бүх хичээл зүтгэл талаар болно. Чи харин бууж өгөхгүй, буцаж очоод шалгалтаа өгөх хэрэгтэй” гэсэн. Тэгээд би эргэж очоод шалгалтаа өгсөн. Иймэрхүү байдлаар урам хугалах нь хамгийн их бэрхшээл болдог. Бидэн шиг хүмүүс бэрхшээлийг даваад сурчихсан, аль болох бусадтай адилхан хүлээн зөвшөөрөгдөж, чадна гэдгээ харуулахыг хүсдэг.

-Ажиглаад байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэд жирийн хүмүүсээс илүү идэвхтэй амьдардаг шиг санагддаг?

-Яахав дээ, гайхамшигтайдаа биш л дээ. Зүгээр бидэн шиг хүмүүс амьдралын үнэ цэнийг илүү мэдэрдэг байхгүй юу. Жирийн хүмүүс өөрт нь байгаа чадвар, боломжийг хэзээ ч бүрэн үнэлдэггүй. Харахгүй, сонсохгүй, суумгай болоод ирэхээрээ би явдаг байхад, хардаг байхад надад ямар их боломж байсан бэ гэдгээ бүрэн ухаардаг.

-АНУ-д суралцах үед танд ямар бэрхшээл тохиолдож байсан бэ?

-Шинэ соёлд ороод төрөлх хэлээрээ биш, гадаад хэлээр харилцаад явахад эхний семестр хамгийн хүнд байсан. Тэгэхдээ тэнд туслах нөхцөл маш ихтэй, бидэн шиг хүмүүсийг сургаад сурчихсан байсан л даа. Манайхан шиг гайхахгүй. Хэзээ ч тусгай үзэхгүй. Чи харахгүй юм чинь наад даалгавраа хоёр хоногт хийчих гэсэн юм байхгүй. Харин номыг брайль дээр, PDF дээр болгоод өгөөч гэхэд бүгдийг нь хийгээд өгдөг. Сурахад ер нь бэрхшээл гараагүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тэмцэх шаардлага тэнд байхгүй.

-АНУ-ын ЭСЯ-нд ажиллах болсон талаар яриач. Монголынхоо аль нэг байгууллагад ажиллая гэсэн бодол байсан байлгүй?

-АНУ-аас ирээд ажил багагүй хайсан. Байгууллага, сургуулиудаар их явсан. Даанч ажилд авах газар ерөөсөө олдоогүй. Нэгдүгээрт, хөтөч нохой оруулахгүй, хоёрдугаарт, амжилтад хүрсэн байна, баяр хүргэе гэдэг ч таныг ажиллуулж чадахгүй нь л гэдэг. Яагаад ажилд авахгүй байгаагаа ерөөсөө тайлбарладаггүй. Магадгүй хараагүй хүн ажиллуулахаасаа айсан байх. Би АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тэнд сурсан. Биднийг төгсөөд ирэхэд ЭСЯ-ныхан хүлээж авч уулзсан. Тэгээд надад “Манайд ажлын байр гарч байгаа, чи сонирхвол материалаа өгөөрэй” гэсэн. Тэгээд л би материалаа өгөөд, сонгон шалгаруулалтад нь ороод тэнцсэн дээ. Америкийн ЭСЯ-нд ажиллая гэсэн зорилго ерөөсөө байгаагүй. Авъя гэсэн ганц газар нь энэ л байсан.

 Д.Дайрийжав 
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment