Saturday, 29 December 2012

М.Энхболд: Би Улаанбаатар хотын нэг ч га газрыг зараагүй

enkhboldУИХ-ын гишүүн М.Энхболдыг УИХ-ын дэд дарга болоод байхад нь дараахь асуултад хариулт авлаа.
-Хэдхэн хоногийн өмнө МАН бүлэгтэй болж, өнөөдөр УИХ-ын дэд даргынхаа томилгоог хийлгэлээ. Цаашид яаж ажиллахаар төлөвлөж байгаа бол?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН сонгогчдын 40 орчим хувийн саналыг авсан. Бид өнөөдөр 25 суудалтай байна. Үндсэн хуульд заагдсаны дагуу МАН УИХ-д бүлэг байгуулж, УИХ, Засгийн газрыг бүрдүүлэгч хүчнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавин дэмжихийг нь дэмжиж, шүүмжлэхийг нь шүүмжилж ажиллах ёстой. Энэ дөрвөн жил манай намын хувьд хийсэн бүтээсэн ажлыг тодорхой түвшинд нь байлгах, улс орны эдийн засгийн өсөлтийг бууруулахгүй байх үүднээс Засгийн газрыг шахаж шаардах үүрэгтэй. Харамсалтай нь манай бүлгийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. УИХ-ын байнгын хороо, бүлгийн хуралдааны түвшинд санал гаргах, хураалгах эрхгүй байсаар ирсэн.  Ингээд саяхан Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж асуудлыг нэг тийш болголоо. Манай намын Удирдах зөвлөл ч шийдвэрээ гаргасны дагуу намайг УИХ-ын дэд даргад санал болгосны дагуу шийдвэрлэгдэж байна.
-Таны хувьд УИХ-ын дэд дарга болоод юу хийх вэ?
-Цаашид УИХ-ын удирдлагын хүрээнд ямар үүрэг хүлээж, яаж ажиллах ёстой вэ, хууль тогтоох байгууллагын түвшинд эвтэй ажиллах, үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгах хянах чиглэлийг хангаж ажиллах ёстой гэж ойлгож байгаа.
-Өнгөрсөн хугацаанд олон чухал асуудлыг сөрөг хүчингүй баталлаа гэх шүүмжлэл бий. Үүний шалтгаан нь МАН ялагдсандаа итгэхгүй явсных. Бас хуулиа дагаж бүлэг байгуулах тогтоолоо танилцуулаагүйгээс болсон гэж байгаа?
-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж төрийн захиргааны бүтцийн өөрчлөлтийг хийх комиссын даргаар би ажилласан. Тэгэхэд 65 агентлаг Засгийн газрын дэргэд байдаг байлаа. Түүнээс хасч танах саналыг оруулж Ерөнхий сайд, УИХ-д танилцуулан батлуулсан. Ингээд өнгөрсөн хугацаанд 45 агентлагтайгаар үйл ажиллагаа явуулж болоод л байсан юм. 13 яамтай болгож бүтцийн  өөрчлөлтийг хийснийг ч та бүхэн мартаагүй байх. Харин өнөөдөр яамны тоо нэлээд нэмэгдчихлээ. Харин агентлагийн тоог өсгөөгүй ч ажил хариуцаж байгаа нэгжийн тоог өсгөн, зардлыг тэр хэмжээгээр нь баталсан. Тухайн үед нь бид байр сууриа илэрхийлж, нэлээд шүүмжилсэн шүү дээ. Энэ бол алдаатай шийдвэр. Улсын төсөв ч мөн адил. Өмнөх жилийг бодвол нэг их наяд орчим төгрөгийн зардал өсч батлагдсан. Энэ өссөн зардлын 300 орчим тэрбум нь бүтээн байгуулалтын ажил гэж байгаа. Харин 700-800 орчим тэрбум төгрөг нь бусад гэсэн хүрээнд нэмэгдсэн. Энэ хэмжээгээр төрийн аппарат төрийн байгууллагуудын зардал нэмэгдсэн байгаа юм. Ийм л төсөв батлагдсан. Энэ байдлаас харахад төрийн аппарат, төрийн машин нэлээд их данхайж байгаа.
-Өнөөгийн сөрөг хүчин бол МАН. Гэхдээ эрх баригч хүчний байр сууринаас асуудалд хандаж байна гэх шүүмжлэл бий. Энэ энерциэсээ гарч чадалгүй асуудал бүрт хаалт болох вий гэсэн болгоомжлол ч бас байна?
-Бид зөв зүйтэй асуудлыг дэмжих байр суурьтай. Өнөөдрийг хүртэл олон асуудлыг дэмжсээр ирсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бид үзлээ, харлаа. Тэгээд дэмжсэн. Тиймдээ ч бид эрх баригчдын байр сууринаас ажиллаагүй гэж ойлгож байгаа. Сөрөг хүчин ямар байх ёстой вэ тэгж л ажиллана. Одоо бүлэгтэй боллоо. Олон улсын жишиг, жаягт байдаг тодорхой хэлбэрүүдийг сонгон авч, зохион байгуулалтад орж ажиллана.
-УИХ-ын гишүүн хүн намын харьяаллаа соливол дагаж мөрдөх хуулийн төсөл санаачилсан гэл үү. Танай намын гишүуд өөр намд элсэж байгаа учраас асуудлыг босгосон гэж ойлгож болох уу?
-Манай намын гишүүд өөр нам руу орж байна. Нөгөөтэйгүүр намын эгнээ ч өргөжиж байгаа. Иргэн хүн улс төрийн намыг сонгох, өөрчлөх нь чөлөөтэй. Харамсалтай нь манай намын нэр дээр хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон зарим нэгэн хүн улс төрийн байр сууриа өөрчлөх явдал гарч байна. Энэ зөвхөн манай намд ч биш улс төрийн бүх хүчинд байдаг асуудал.
Цаашдаа аль нэг намын өмнөөс нэр дэвшиж сонгогдчихоод урваж, өөр байр сууринаас санал өгөхийг буруу гэж үзэж байгаа. Энэ нь сонгогчдын саналыг хүндэтгэхгүй байгаа, саналыг нь хөсөрдүүлсэн үйлдэл юм. Төр захиргааны байгууллага сонгогчдын саналын дагуу байгуулагдах ёстой. Гэтэл МАН ялсан газар гишүүдийг нь урвуулан авч иргэдийн саналыг үгүй хийж байгаа нь намын гишүүдийн хариуцлагатай салшгүй холбоотой юм. Тиймээс бид хуулийн төсөл санаачилж цэгцлэх хэрэгтэй юм байна гэж үзсэн.
-МАН-аас гарсан гишүүдийн хувьд удирдлагуудын хавчилт, дарамтад орсон учраас ийм сонголт хийсэн гэж байгаа?
-Манай нам гишүүдээ хавчин гадуурхаж, ялгаж салгаж ханддаггүй. Гарсан хүн ямар шалтгаан тоочих нь өөрийнх нь дур.
-МАН-ыг албан ёсоор бүлэгтэй болоход намын чинь Удирдах зөвлөлөөс анхааруулга өгсөн гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Намын Удирдах зөвлөл бүлэгтээ чиглэл өгч болно гэсэн журамтай. Гэхдээ бидэнд одоохондоо чиглэл өгөөгүй байна. Харин хамтран ажиллах талаараа ярилцсан зүйлүүд бий.
-Нийслэлийн хэмжээнд газрын асуудал ихээр хөндөгддөг. Тэр болгонд таны нэр холбогдох юм. Сая таныг УИХ-ын дэд дарга болоход ч мөн л хөндөгдлөө?
-Улс төрийн акц ирэхэд нийслэлийн газартай намайг нэр холбож ярьдаг тал бий. Би Улаанбаатар хотын захирагчаар долоон жил ажилласан. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад газар олгох, эзэмт шүүлэх ажлыг хуулийн дагуу шийдвэрлэж байсан. Энэ шийдвэрүүдийг гаргахдаа бүтээн байгуулалт, иргэдийг орон сууцжуулах, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах, ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж газар олголтыг хийсэн. Улаанбаатар хотод миний зарсан нэг га газар байхгүй гэдгийг баттайгаар хэлье. Намайг хотын захирагчаар ажиллаж эхэлж байхад жилдээ зуу хүрэхгүй айлын орон сууц ашиглалтад ордог байлаа. Харин 2005 онд 500 болж өсөөд, 2011 онд бараг арван мянган айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Тухайн үед миний олгосон газар дээр олон орон сууц ашиглалтад орж хэдэн зуун айл өрх амьдрал ахуйгаа сайжруулж байна. Асуудлыг сайн, муу аль аль талаас нь харж баймаар юм. 2001 оноос хойш яг энэ асуудалтай холбогдуулж миний нэр төрийг гутаасан мэдээллийг тараасаар байгаа. Нэр төрөө сэргээлгэсэн 30 гаруй шүүхийн шийдвэр надад байна.
-Өндөр барилгууд ихэссэн ч замбараагүй газар олголтоос үүдэн хотын дахин төлөвлөлтийг хийхэд хүрлээ шүү дээ?
-2002 онд би Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар батлуулсан. Ерөнхий төлөвлөгөөг хийхэд багагүй хэмжээний хөрөнгө, хүч зарсан. Үүний онцлог бол Монголын хот зохион байгуулагчид өөрсдөө оролцсон явдал юм. Хотын дарга шууд газар олголтыг хийдэггүй. Миний хувьд ч тийм зүйлд орооцолдоогүй. Мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт дүгнэлтэд тулгуурлаж хийж байсан газар олголтууд л байгаа. Тухайн үеийн мэргэжлийн байгууллагууд бол хотын доторх газар олголтоо нягтруулах ёстой гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.
Л.Мөнхтөр
www.medee.mn

No comments:

Post a Comment